Categories
мэдээ нийгэм

Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ цахимаар бүртгэв

Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ “e-Mongolia” -р дамжуулан цахимаар бүртгэлээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэл болон Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг тус, тус “e-Mongolia”-р бүртгэлээ. Энэ талаар бид эцэг эхчүүдтэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь авлаа.

Ю.Энх-Эрдэнэ: “e-Mongolia” -д төрсний бүртгэл үйлчилгээг сонгож, анкет бөглөсний дараа Монгол Шуудангаас холбогдож, бичиг баримтыг ирж авсан. Ингээд улсын бүртгэлд хүүхдийг маань бүртгэсний дараагаар шуудангийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг маань e-Mongolia-д бүртгүүлсэн хаягаар хүргэж өгсөн. Шинэ хүнтэй болсон, цаг завгүй хүмүүст их хэрэгцээтэй үйлчилгээ санагдсан.

Т.Хонгорзул: 3 дахь хүүхдээ “e-Mongolia” системээр бүртгүүлсэн. “e-Mongolia” өмнө нь мэддэг, олон үйлчилгээ авдаг байсан. Нэг өдөр www.e-Mongolia.mn сайт руу ороод үйлчилгээнүүдийг нь сонирхоод харж байхад “Төрсний бүртгэл” гэсэн үйлчилгээ нэмэгдсэн байхыг хараад шинэ хүнээ цахимаар бүртгүүлсэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх гэж дүүрэг дээрээ очно. Гэрлэлтээ батлуулаагүй байвал эцэг эх хоёулаа биеэр очно гээд явдал чирэгдэл ихтэй шүү дээ. Харин “e-Mongolia” -р бүртгүүлэх нь маш амар санагдлаа. “e-Mongolia”-д баярлалаа.

Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ авах бол:

  1. Та e-mongolia.mn сайтад нэвтрэн орно
  2. Үйлчилгээнүүд цэсийг сонгоно
  3. Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэсийг сонгоно
  4. Бүртгэл
  5. Төрсний бүртгэл гэсэн цэсийг сонгож, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.

Энэ үед Монгол Шуудангийн ажилчид тантай холбогдож, таны бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийгдсэний дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг таны хаягаар хүргэж өгнө.

Одоогийн байдлаар нийт 14 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх хүсэлт цахимаар буюу “e-Mongolia”-р гаргаад байна гэж ХХМТГ-аас мэдээллээ.

Үйлчилгээ шууд авах линк: https://e-mongolia.mn/service/shineer-tursun-khuukhdiig-tursnii-burtgeld-burtguulekh-khuselt

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсад гадаадын 74 улсын 5.8 мянган иргэн ажиллаж байна

Манай улсад энэ оны 3 дугаар улирлын эцсийн байдлаар, гадаадын 74 улсын 5.8 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор, мөн сайн дурын ажил хийж байна.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлынхаас 495 (9.4 хувь) хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 5.2 (89.4 хувь) мянга нь эрэгтэй, 0.6 (10.6 хувь) мянга нь эмэгтэй.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 65.3 хувь нь БНХАУ, 4.2 хувь нь Вьетнам, 3.7 хувь нь ОХУ, 3.2 хувь нь БНСУ, 3 хувь нь БНЭУ, 2.5 хувь нь АНУ, 2 хувь нь Филиппин, 1.1 хувь нь Их Британи, 1.1 хувь нь Австрали, 13.9 хувь нь бусад улсын харьяат аж. Тэдний 16.7 хувь нь 50-54 насны, 15.9 хувь нь 45-49 насны, 14.3 хувь нь 35-39 насны, 2.5 хувь нь 24 хүртэлх насныхан байна. Ажил эрхэлж байгаа гадаад иргэдийн 2.7 (47 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.1 (35.9 хувь) мянга нь төвийн бүсэд, 0.4 (7 хувь) мянга нь зүүн бүсэд, 0.3 (5.3 хувь) мянга нь хангайн бүсэд, 0.3 (4.8 хувь) мянга нь баруун бүсэд ажиллаж байна.

Манай улсад ажиллаж байгаа гадаад иргэдийн 2.3 (39.4 хувь) мянга нь диплом, бакалаврын дээд, 1.9 (34.3 хувь) мянга нь техникийн болон мэргэжлийн, 1.1 (18.9 хувь) мянга нь бүрэн дунд, 0.3 (5.8 хувь) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.1 (1.6 хувь) мянга нь суурь боловсролтой. Энэ иргэдийн хамгийн олон буюу 2.7 (47.5 хувь) мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 3 (0.1 хувь) иргэн хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнаар ажиллаж байна.

Энэ оны 3 дугаар улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1.7 (29.6 хувь) мянга нь барилгын, 1.6 (28 хувь) мянга нь уул уурхай, олборлолтын, 597 (10.4 хувь) нь боловсролын, 526 (9.1 хувь) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 443 (7.7хувь) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 351 (6.1 хувь) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 91 (1.6 хувь) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 434 (7.5 хувь) нь бусад салбарт ажиллаж байна.

Өмнөх улиралтай харьцуулахад, тухайлбал барилгын салбарт ажил эрхэлж буй гадаад иргэд 721 (73.5 хувь), тээвэр, агуулахын салбарт 237 (2.2 дахин) хүнээр нэмэгджээ.

Categories
мэдээ улс-төр

“Ажилчны гүүрийн төслийг хэрэгжүүлснээр авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой” гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол дахь төлөөлөгчдийн газрын дарга Тамура Ерико болон бусад албаныхантай уулзлаа. Уулзалтад ЖАЙКА-гаас зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааг танилцуулан, хамтын ажиллагаа, замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төслүүдийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2022 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохионо. Бид Япон Улстай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, илүү нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, ойр дотно хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлд УИХ, Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, Түгжрэл бууруулах үндэсний хороог байгуулсан. Тус үндэсний хороо авто замын түгжрэлийг богино болон дунд хугацаанд үе шаттайгаар 30 орчим хувь бууруулахаар төлөвлөснийг онцолсон юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил маш хурдацтай өсөн нэмэгдэж буй Яармагийн авто замын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Ажилчны гүүрийн төслийг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн юм. Төслийг хэрэгжүүлснээр Яармагийн авто замын ачаалал 30-40 хувь хүртэл буурах боломжтой гэлээ. Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр байгальд ээлтэй буюу цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай болон авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бусад төслүүдийн талаар санал солилцов.

ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Ерико өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлсэн сургууль барих, агаарын бохирдол бууруулахад чиглэсэн болон бусад төслийг дурдаад, цаашид хэрэгжүүлэх зам тээврийн түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтын төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй зам тээврийн төслүүдийн талаар ЖАЙКА-гийн Дэд бүтэц, хувийн хэвшил хариуцсан төлөөлөгч Койзума Тайга танилцуулж, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь судалгааны хүрээнд боловсруулсан 30 орчим төслөөс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх ач холбогдолтой таван төслийг онцлон танилцуулна гэдгээ мэдэгдлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

“Талын түмэн адуу”-ны баяр энэ сарын 19-21-нд болно

Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.

Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм.

Энэ удаа 7 дахь болох үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр оронгүй иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарсан.

Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж, гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ.

Тэднээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Бурхан Халдун ууланд виртуал аялал хийх боломжтой

“Соёлын бүтээлч сар” аянд Дэлхийн өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нэгдэж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой уг аяны хүрээнд

Үзэсгэлэнд “Бурхан Халдун аппликейшн” танилцуулга, “Бурхан Халдун VR” аялал, “Гэрэл зургийн үзэсгэлэн” багтсан гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Европт коронавирусийн улмаас нас баралт нэмэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага арваннэгдүгээр сарын 1-ээс 7-ныг хүртэлх хугацаанд Европын бүс нутагт коронавирусийн нас баралтын тоо арван хувиар нэмэгдсэн гэж мэдээллээ.

Энэ хугацаанд Европт 26726 хүн халдварын улмаас нас баржээ. Түүнчлэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд дэлхийн зургаан бүсээс нас баралт нэмэгдэж байгаа цорын ганц бүс нь Европ гэдгийг тэмдэглэжээ.

Европоос гадна Африкт л өвчлөл нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад явах иргэдийн анхааралд


Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаа ажээ. Тус төвөөс гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

  • Гадаадад зорчих иргэн та коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лаброторийн шинэ байранд өгнө.
  • Шинжилгээ өгөх иргэн ГАДААД ПАСПОРТ-ын хуулбарыг авч ирнэ.
  • Эрүүл мэндийн сайд, сангийн сайдын хамтарсан 2021 оны 6-р сарын 21-ний А/337/99 тоот тушаал, ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын 2021 оны 8-р сарын 2-ны А/151 тоот тушаалын дагуу шинжилгээний төлбөр 50.00 төгрөгийг кассанд картаар төлбөрөө төлнө үү.
  • Шинжилгээний хариу тухайн өдрийн 22:00-24:00 цагийн хооронд англи хэл дээр гарна.
  • Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу!

Arslan.mn

.

Categories
гадаад мэдээ

Шведийн Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгчээ

Шведийн Ерөнхий сайд Стефан Левен огцрох өргөдлөө өгчээ. Энэ нь ирэх жилийн сонгуулиас өмнө өөрийн залгамжлагч Магделена Андерссоны замыг засаж өгч буй төлөвлөгөөтэй алхам аж. Шведийн Сангийн сайд Магделена Андерссон ирээдүйд вант улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болж магадгүй байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр тус улсын эрх баригч Социал демократ хөдөлмөрийн намын даргаар сонгогдсон. Стефан Левений тухайд энэ оны долоодугаар сарын 7-нд улиран сонгогдсон.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын хязгаарлалтын бүсэд газар олгохгүй

Тусгай хамгаалалттай газар нутагт суурьших иргэдийн тоо сүүлийн жилүүдэд 2-3 дахин өсжээ. Энэ хэрээр тухайн газар нутагт хилийн цэсийн маргаан, төрийн үйлчилгээг хүргэх, хог хаягдал үүсэх, байгаль орчин бохирдох зэрэг олон зүйлтэй тулгарах болсон байна. Мөн газрыг ямар ч төлөвлөлтгүй олгож байна. Тодруулбал, Богд уулын хязгаарлалтын бүсэд харъяалагдах Зайсангийн ам, Яармагийн дэнжид орон сууцны хороолол, албан байгууллага, компани, ААН-үүд барилгыг төлөвлөлтгүй барьж байгаагаас нягтрал, замбраагүй байдал үүсч, тэнд оршин суугч иргэдийн амьдрах орчин муудаж, хохирч байна. Иргэд, оршин суугч нарт төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй болж байна.

Энэ талаар өчигдөр болсон “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн эрхзүйн байдал ба суурьшлын бүс” уулзалтаар хэлэлцлээ. БОАЖЯ-ны мэргэжилтэн Ч.Гал уулзалт дээр хэлэхдээ, “Тусгай хамгаалалтын газрын суурьшлийг эрхзүйн хүрээнд хуультай болгож, Богд уулын хязгаарлалтын бүсэд нэмж газар олгохгүй, газар ашиглах эрхийг зөвшөөрөхгүй. Энэ бүсэд дахин олон давхар байшин барилга болон орон сууц, орон сууцны хороолол төлөвлөж, бариулахгүй” гэдгийг мэдэгдлээ. Нэгэнтээ барьсан барилгуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авч, газрын төлбөрийг нэмэгдүүлнэ. Тусгай хамгаалалтын газрын суурьшлийн эрхзүйн хүрээнд хуулийн төсөлд ингэж тусгаж буйг дуулгалаа.

Тусгай хамгаалалтын газар нутагт орон сууц, барилга барьсан иргэн, ААН-ээс үл хөдлөх хөрөнгийн татвар авч, газрын төлбөрийг нэмэгдүүлнэ. Тусгай хамгаалалтын газрын суурьшлийн эрхзүйн хүрээнд хуулийн төсөлд ингэж тусгажээ.

Богд хаан уул нь дэлхийн анхны дархан цаазат газар нутгийн нэг. Уулын нийт 41.700 га талбайг Тусгай хамгаалалттай газар нутаг хэмээн үзэн хилийн заагыг тогтоож байсан юм. Гэвч 2000-2012 оны хооронд Богд уулын эргэн тойрын газрыг тухайн тухайн үеийн сайд дарга нар иргэд, ААН-үүдэд олгож эхэлсэн. Сүүлийн 10 жилд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, ААН, байгууллагад газар ашиглах эрх олгож иржээ. Харин энэ тоо өнөөдөр 2000-д хүрээд байна. Богд уулын энгэр, уулын орчим газар нутагт үүсээд буй дээрх нөхцөл байдал нийслэлд гэхэд Нүхтийн ам, Бага тэнгэр, Залаат болон бусад 30 гаруй Тусгай хамгаалалтын газар нутагт үүсээд байгаа учир ийм газруудын эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг хэлэлцүүлэг уулзалтаар хөндөж байв.

2020 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгож буй байдлыг шалгаж мөрдөхөд 280 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг цуцалж байв. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг хууль бусаар олгож байсны нэг тод жишээ болж байв. Богдхан уул нийт 33 амтай. Үүний 24-26 ам нь суурьшлын бүс болох дээрээ тулжээ. Сүүлийн үед 33 амнаас гадна зурвас газрыг зориудаар ухан шинэ ам гаргаж Богд уул руугаа дайрч байгаа хууль бус үйлдэл гарсаар байна.