Саяхан Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Ардын багш, академич, Ч.Авдайтай ярилцлаа.
-Та “1943 оны хавар хонь хургалах цагаар төрсөн” гэж ярьсан байна лээ. Дэлхийн хоёрдугаар дайны нөлөөгөөр Монголд ч тарчиг байсан үе. Таныг мэндлэх үеийн талаар аав, ээж тань хууч хөөрч байв уу?
-Би долоон хүүхэдтэй айлын дороосоо гурав дахь нь. Одоо миний эгч байна. 85-тай, найм, есөн хүүхэдтэй хүн байдаг. Дараагийн ах, эгч маань байна. Миний дээд талын эгч маань 80-тай. Манайхан гайгүй өндөр насалдаг улсууд. Аавын ах 88 хүрсэн. Би бол 88 хүрэх төлөвлөгөөтэй зүтгээд байгаа. Яах вэ, 1943 онд манайх амины хэдэн малтай байсан. Тэр үед өөр юу байх вэ. Цаг агаар ч хэцүү байж. 1944 оны зуд гэж Монголд том зуд болсон шүү дээ. Намайг уяж орхичихоод цас малтаад явдаг байсан гэдэг. Тиймэрхүү маягтай л байж. Эцэг, эхээс өгсөн жинхэнэ нэр маань Равдандаш. Дүү нар маань “Авдай” гэж дууддаг. Сургуульд ороход “Чамайг хэн гэдэг вэ” гэхээр нь “Авдай” гээд тэр нэрээрээ явчихсан юм.
-Таны ах, эгч нар дөрөвдүгээр анги төгссөн гэсэн. Харин аав тань таныг сургах гэж хөөцөлдсөн гэсэн үү?
-Эгч, ах хоёр дөрөвдүгээр анги төгссөн. Миний дөнгөж дээд талын хоёр бол сургуульд сууж үзээгүй. 1951 онд Увс аймгийн Зүүнхангай сумын бага сургуульд ороод, дөрөвдүгээр ангиа төгсөхөд манай суманд ямар долоон жилийн сургууль байсан биш. Цагаанхайрхан суманд тав, зургадугаар ангидаа сурсан. Би бага сургуульд байхдаа бүх улирлаар онц гардаг. Аравдугаар ангиа ч онц төгссөн шүү дээ. Хичээл номдоо сайн юм гээд аав маань намайг мориор Цагаанхайрхан суманд, дараа нь Баруунтуруунд хүргэж өгч байлаа. Их сургуульд ч онц сурч байсан л даа. Хоёрдугаар курсийнхээ хавар л уушги муудаад, нэг хичээлдээ дунд авч, Сүхбаатарын цалин авч чадаагүй юм.
Жараад оны үед аж үйлдвэрийн салбарууд байгуулагдаж инженер техникийн мэргэжилтний хэрэгцээ өссөн тул 1959 онд МУИС инженерийн салбар нээж барилга, цахилгаан, дулааны салбарыг шат дараатай нээж, оюутан элсүүлж эхэлсэн. 1961 онд Механикч инженерийн ангийг нээхэд би элсэж, 1966 онд дотооддоо бэлтгэсэн анхны 18 хөнгөн аж үйлдвэрийн механикч инженерийн нэг болсон юм. Олон орос багштай. Манай ангийнхан төгсөхдөө дипломоо орос хэл дээр хамгаалж байлаа шүү дээ. МУИС-ийн ректор, академич Н.Содном багш санаачлан, Засгийн газарт тавьж хөөцөлдсөнөөр НҮБ-ын соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага (ЮНЕСКО) хариуцан Монгол Улсад Политехникийн дээд сургууль байгуулахад туслах болж, 40 багшийг тав, зургаан сарын хугацаагаар ЗХУ-д явуулж мэргэжил дээшлүүлэх болов. Би Киевийн Политехникийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн юм.
Нэртэй мундаг багш нарын гараар орж байлаа.
-Та механикч инженер хүн. Монголчууд хонь, ямааны арьсаа боловсруулах үйлдвэртэй байсан мөртлөө өнөөг хүртэл яагаад арьсаа олигтой боловсруулж чаддаггүй юм бэ. Гутал хийдэг хүмүүс гаднаас түүхий эдээ авдаг гэдэг шүү дээ?
-Аж үйлдвэрийн комбинатыг Улаанбаатарт 1934 онд байгуулсан юм. Энд ноос угаадаг, эсгий бүтээгдэхүүн хийдэг, арьс ширээ боловсруулдаг, арьс ширээрээ гутлын түрий энэ тэрийг хийдэг байсан. 1960-аад онд Чехийн тусламжаар хонь, ямааны арьс боловсруулах үйлдвэр байгуулагдаж, энд боловсруулсан арьсаар чемодан, савхин өмд, цамц, түрийвч, бээлий янз бүрийн юм хийдэг байсан л даа. Энэ хоёр үйлдвэрээс гадна жилд 5 сая гутал хийдэг Гутлын үйлдвэр байгуулж өгсөн юм. Нэг их гоё, мундаг гутал хийхгүй ээ. Оросууд энд “бахиал” хийлгэж, цэргүүддээ өмсүүлдэг байсан. Одоо бол шинэ технологиуд гараад ирж. Арьсыг хромын идээлэгч бодис ашиглаж боловсруулдаг байхгүй юу. Хромын идээлэгч их хортой. Сүүлд манайхны мэргэжлийн улсуудтай хөөцөлдөж байгаад, Голландын нэхий идээлдэг тусгай бодис оруулж ирж, Толгойтод байдаг “Арилдий” үйлдвэрт дөрөв, таван жил туршаад, маш сайхан арьс боловсруулж байна. Дарханд баригдаж байгаа арьс ширний цогцолбор, одоо байгаа арьс ширний үйлдвэрүүд энэ технологийг авч, арьсаа идээлэх байх л даа. Хромын идээлэгч бодис ашигласан арьс ширэн бүтээгдэхүүнийг 2015 оноос худалдаанд гаргахыг хориглосон шүү дээ. Тэгээд л арьс хог дээр хэвтээд байгаа юм. Одоо энэ шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрээд ирэхээр арьс үнэтэй болно. Дотооддоо арьсаа сайхан боловсруулдаг болно. Энэ технологийг эзэмшсэн улсууд бий болж байна. Ийм технологийг Голланд, германчууд гаргасан. Хятадууд энэ бодисыг нь хоёр жил аваад, дараа нь өөрсдөө адилхан бодис хийсэн юм билээ. Армяны археологичид хүннүгийн булшнаас дөрвөн ширхэг нэхий бойтог олсон гэдэг. Бойтог огт муудаагүй байж. Ямар учиртай вэ гээд германчуудад хүсэлт тавиад, голландчуудтай хамтарсан эрдэм шинжилгээний төвд уг бойтгийг судлаад идээлгийн бодис гаргаж авсан юм билээ. Хромын идээгээр идээлснээс хоёр дахин бага хугацаанд идээлнэ. 10 000 ширхэг үхрийн арьс боловсруулахад арав гаруй сая төгрөгөөр хямд тусч байгаа.
-Монголоос угшилтай технологи юм биш үү?
-Угшилтай. Ер нь монголчууд арьс шир идээлэхдээ дээр үед шар ус, тараг, хужир ашиглаад дээр нь шар будаа нэмээд идээлдэг байж. Идээлэх үйл явц удаан л даа. Дээр үеийн хурган дотортой дээл үнэртэй байдаг шүү дээ. Манайхан үнэрийг нь арилгаж чаддаггүй байсан юм билээ.
-Та социализмын үед ч чацаргана боловсруулах талаар судалж, эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Чацаргана судлах болсон нь Увсад төрж өссөнтэй чинь холбоотой юу?
-Увсынхдаа биш л дээ. Би 1972 онд Узбек улсын Ташкентын аспирантурт сурахаар очсон чинь манай удирдагч багш ”Монголдоо хэрэгтэй чиглэлээр ажилла” гэсэн юм. Тэгээд чацаргана хураах боловсруулах чиглэлийг сонгож авч, түүгээрээ ажиллаж дэд докторын зэрэг хамгаалсан. Түүнээс өмнө чацаргана мэддэггүй л байсан. Манай суманд чацаргана байхгүй л дээ. 1964 онд манайхан Барнаулаас чацарганы зургаан сорт авчирч, Б.Лааган гуай ургуулж тарималжуулж байсан юм. Би бол 1990 онд, Ленинградын Ойн техникийн академид чацаргана хураах, боловсруулах техник, технологийн асуудлаар техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Бид хөдөө орон нутагт Завхан, Сэлэнгэ, Увс, Шарын гол, Улаанбаатарт чацаргана боловсруулдаг 16 үйлдвэр байгуулсан шүү дээ.
-Та чацарганатай холбоотой 16 патент авсан гэсэн. Энэ дунд чинь чацаргана хураах техник байдаг уу?
-Доргиож хураадаг, соруулж хураадаг хоёр төрлийн машин хийгээд туршсан. Тухайн үед нь манайхан олшруулаад авах ёстой байсан. Тэгж чадаагүй. Одоо бол бутан дээр нь доргиодог юмнууд Хятадад зөндөө гарсан. Тэрийг манайхан авчирч туршсан. Бид ч бас бутан дээр нь доргиодог юмнууд хийсэн л дээ. Тодорхой хугацаанд доргиох учиртай. Наймдугаар сарын 20-доос есдүгээр сарын 10-дын хооронд доргиож хурааж болно. Есдүгээр сарын 15-наас хойш чацаргана зөөлрөөд, доргиохоор хагарчихдаг байхгүй юу. Тийм үед өвлийг хүлээхээс өөр аргагүй. Бид өвөл хураадаг комбайн маягийн юм хийж, Улаангомд туршиж байлаа. Сүүлд миний удирдлагад дөрвөн хүн чацарганаар эрдмийн зэрэг хамгаалж, бид тэр юмнуудаа илүү нарийн боловсруулж гаргасан л даа. Жишээлбэл, доргиоход хоёр тийш хэчнээн хэмжээтэй савлуулах, минутанд хэдэн удаа савлах энэ тэрийг ч нарийн тогтоосон. Соруулж хураахад соруулах агаарын урсгалын хурдыг тогтоосон. Түүгээрээ юм хийгээд туршаад яваа. Улсаас дэмжээд хөрөнгө мөнгийг нь гаргавал бидний бүтээл Хятадынхаас хамаагүй илүү болсон шүү дээ.
-Хятадад бас чацаргана ургадаг уу?
-Дэлхийд 1,6 сая га-д чацаргана ургадаг. Түүний 1,4 сая нь Хятадад ургадаг. Манайд бол байгалийн чацаргана хуучин 27 мянга га гэж байсан. Одоо бол арав гаруй мянган га болсон. “Чацаргана” хөтөлбөр боловсруулж, 2010 онд Засгийн газраар батлуулаад, чацарганын суулгац хүмүүст үнэгүй өгч, сургалт хийсэн. Одоо 8000 га-д чацаргана тарьж байна шүү дээ. 20-иод үйлдвэрт гуч шахам нэрийн бүтээгдэхүүн гаргаж байна. 5000 гаруй хүн чацаргана тойроод амьдарч байна даа. Манай чацарганы цэвэр тос Солонгост болсон 50 гаруй орон оролцсон олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль авч байсан шүү дээ. Бидний гаргасан технологиор л энэ тосыг гаргаж авч байгаа. Чацарганын сок, шүүс байна. Өөр жимснүүдтэй холих арга бидний патент дотор байгаа л даа. 16 патент дотор чацаргана хураахтай холбоотой патент, чацарганы суулгац бий. Чацарганы суулгацыг газарт суулгаад, хүлэмжин дотор зунжин битүү манан үүсгэдэг юм, намар дороо үндэслээд, 20-30 см болно. Түүнийгээ ухаж аваад, задгай талбайд нэг жил суулгаад, 40-70 см хүрнэ. Түүнийг нь улсууд зарж худалддаг байхгүй юу. Орост 40-өөд сорт байна. Манайд бол арваадыг тарьж байна. Б.Лааган гуай чацарганы гурван сорт гаргаж аваад, түүнийг нь цаашид үргэлжлүүлж тарьж чадаагүй юм. Тийм л байгаа юм. Жимс, жимсгэний холбоотой хамтарч жил бүр чацарганын сургалт явуулж, номоо бичих ажилтай. Энэ холбоог олон жил даргалсан. Энэ жил ч бүх аймагт цахимаар сургалт явуулсан шүү дээ. Чацаргана тарих, боловсруулж бүтээгдэхүүн хийх талаар заадаг.
-Монголоос чацарганы бүтээгдэхүүн авах сонирхолтой улсууд хэр олон байдаг вэ?
-Япончууд, тайваньчууд, германчууд авч байна. Цаашдаа их хэмжээгээр авъя гэхээр манайхан тийм хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Чацарганы тосны онцлог нь хортой туяанаас хамгаалдаг. Атомын цахилгаан станц дэлбэрэхэд манайхан чацарганы тосоо л илгээж байлаа. Чацарганы тос анагаах чадалтайгаас гадна өөр юмнуудтай холиод, янз бүрийн бүтээгдэхүүн гаргаж болдог. Чацарганыг оросууд сайн судалсан. Барнаулд чацарганын олон сорт тариалдаг. Хятадад талбай их ч нэг их нарийн судалгаа хийгээгүй юм билээ. Чацарганы олон улсын холбоо гэж бий. Хоёр жил тутамд их хурал хийдэг. Манайхан өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог.
-“Чацаргана” гэж таны ном байдаг. Өөр олон ном бичсэн байх аа?
-Гэр барихаас авахуулаад, хувцас хунар, эмээл хазаар, тэрэг чаргаа хийх тухай бичсэн. “Монголын нүүдэлчдийн үндэсний уламжлалт технологи” номыг С.Төмөржав; Ч.Сонгино нартай хамтарч бичсэн юм. Ч.Сонгино маш олон үзмэртэй “Монголын үндэсний уламжлалт технологийн музей” байгуулсан. Хөдөө, гадааныхан ч сонирхож үздэг, оюутан сурагчдын сургалтад ч ашигладаг музей байгаа юм. “Монгол Улсын орчин үеийн үйлдвэрлэлийн салбаруудын технологи” гээд номыг багш нартайгаа хамтраад бичсэн л дээ. Их дээд сургуулиудад хэрэглэгдээд явж байгаа. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” сурах бичиг гаргасан. Тав дахь удаагаа хэвлэгдээд байна. “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван боть номд маань маш сайхан материалууд бий. Л.Түдэв гуайн удирдлагаар наяад онд гаргасан. Түүнийгээ бид бас өөрчилж сайжруулсан.
-Та бас Ю.Цэдэнбалын Академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон гэсэн. Ингэхэд та Ю.Цэдэнбал даргатай уулзаж байв уу?
-1976 онд Политехникийн дээд сургуулийн захирал болохоор Улс төрийн товчооны хурлаар орсон юм. Тэгэхэд манай сургууль 200 гаруй багштай. Гэхдээ дөрөв, таван хүн л эрдмийн зэрэгтэй байв. Техникийн чиглэлийн эрдэмтэн ховор байсан юм. Тэр хуралд ороход Төв хорооны боловсон хүчин намайг “Политехникийн дээд сургуулийн захирал болгох гэж байгаа хүн” гэж танилцуулсан. Ю.Цэдэнбал дарга “Чи техникийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн үү, ямар чиглэлээр ажиллаж байна” гэж асууж байсан. “Маш хэрэгтэй чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Үүнийгээ сайн хийгээрэй, за батлах уу” гэсэн. Тэгж л уулзсан. Үүнээс өөр биечилж уулзаж үзээгүй. Филатова гуайтай бол зөндөө уулзаж байлаа. Хүмүүс ширүүн л гэдэг байсан. Бидэнд ширүүлэх юм юу байх вэ. Ажил төрөл ярьдаг байсан. Хүүхдийн цэцэрлэг барихад барилгачдаас гадна оюутнууд ажилладаг байв. Оюутан гаргах асуудлаар уулзаж байв.
Ю.Цэдэнбал даргыг хүндэлж явдаг. УИХ-ын гишүүн байхдаа Ц.Нямдорж бид хоёр хөөцөлдөж 60 сая төгрөг төсөвт тусгуулаад, Увс аймгийн Орон нутаг судлах музейн дэргэд Ю.Цэдэнбал даргын музей байгуулсан юм.