Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр” ирэх сарын 4, 5-нд болно

“Бүргэдийн баяр 2021” аялал жуулчлалын үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээ нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчин үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг уламжлалтай. Мөн тэмцээнд оролцогчид казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг билээ.

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой өдөрлөгийн нэг болох “Бүргэдийн баяр” арга хэмжээг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ буурав

Газрын тосны үнэ буураад байна. АНУ эрчим хүчний үнийг бууруулах арга хэмжээ авч магадгүй болсон нь үүнд голлон нөлөөлжээ.

Газрын тосны үнэ өссөнөөр АНУ стратегийн нөөцөө ашиглах аль эсвэл экспортдоо хориг тавих зэргийг судалж байгаа аж. Улс орнууд COVID-19-ийн халдварын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулснаар газрын тосны эрэлт нэмэгдсэн байна.

Ингэснээр үнэ нь өсөөд байгаа юм. Брент төрлийн газрын тосны үнэ 0.5хувиар буурч, баррель нь 82.3 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 81.5 ам.доллар байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх даваа гаригт эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтыг Аймаг, Нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

Аймаг орон нутагт 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал, Улаанбаатарт 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна.

Шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэхийг зөвлөлөө.

Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авна.

Мөн бусдын эрүүл мэнд, таны хариуцлагаас шалтгаалахыг анхаарч, халдвар, аюулгүйн дэглэмээ чанд сахин шалгалтдаа оролцохыг Төрийн албаны зөвлөлөөс уриаллаа.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн (2021.11.12) баталлаа.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжих төсөв байв. Монгол Улсын хөгжлийг хурдасгах, эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд чиглэсэн шинэчлэлүүд ирэх 2022 оны төсөвт дараах байдлаар туссан.

ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛЖ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ЗАМААР ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭНЭ

Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.Түүнчлэн, Зам тээврийн салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга хот байгуулалтын салбарт хийх шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин нэмэгдүүллээ. Тухайлбал: Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн Замын-Үүд, Гашуунсухайтад Сүхбаатар, Алтанбулаг, Боршоо, Бичигт хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ҮР АШИГ, ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА, ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “ЗАСАГЛАЛ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ, НОГДОЛ АШГИЙН БОДЛОГО”-ын шинэчлэл хийнэ. Төрийн өмчийн компаниудыг үйл ажиллагаа, санхүү, ашигт ажиллагааны үр дүнгээр нь үнэлж дүгнэх, хариуцлага тооцох бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно. Түүнчлэн, ногдол ашгийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлснээр төрийн өмчит хуулийн этгээд зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэх, оновчтой хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хөшүүрэг бий болно .

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЖ, БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД АЖИЛЛАНА.

Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулахаар тооцож холбогдох зардлыг бууруулна. Гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг хэмнэнэ. Мөн бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулна.

ХУВИЙН ХЭВШИЛ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙДЛААС ТАТГАЛЗАЖ СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-Д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨР ХУДАЛДАН АВДАГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ.

Төр өөрөө гүйцэтгэх шаардлагагүй, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгоно.

НИЙГМИЙН СУУРЬ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТӨСВИЙН ХУВЬД ХАГАС БИЕ ДААСАН ТОГТОЛЦООНД ШИЛЖҮҮЛЭХ БАГЦ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ.

Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт шинэчлэл хийж гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. Ирэх 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, гүйцэтгэлд нь үндэслэн санхүүжүүлнэ.

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн бодит өртөгт суурилсан хувьсах зардлын санхүүжилт, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус тогтолцоо, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын чанартай уялдуулж үнэлэх, үр дүн бүтээмжид суурилсан цалин хөлсний бодлого зэргийг багцаар нь шийдвэрлэнэ. Дээрх шинэчлэлийг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч олон мянган эмч, сувилагч, багш болон төрд үйлчилгээ үзүүлэх бусад ажилтан хийсэн ажилдаа тохирсон цалин хөлс авдаг болно.

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, САНХҮҮГИЙН БАТАЛГААТАЙ “ХУРИМТЛАЛТАЙ ХҮҮХЭД” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох болно.

Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байна. Тухайлбал, 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАРТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИХ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно.

УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД ШААРДАГДАХ САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ

2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгалаа.

2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод реформ хийх, Ковид-19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах мөн ковидын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна.

Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын тухай НҮБ-ын чуулган юу болж өнгөрөв

Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид элсэн орсон улсууд буюу талуудын 26 дугаар чуулган /COP26/-нд олон нийт бага найдлага тавьж байсан болохоор дэлхийн нүүрсхүчлийн хийг бууруулах тухай зоригтой мэдэгдлүүд ажиглагчдыг гайхшруулж орхив.

“Бага хурлын уур амьсгал таатай болсон. Учир нь нүүрсхүчлийн ялгарлыг тэглэх чиглэлд дорвитой алхмууд хэрэгжүүлэхээр болов. Харин энэхүү зорилтдоо хэзээ хүрэх, тэр үед уур амьсгал ямар болох вэ гэсэн асуудал урган гарч ирж байна” гэж Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэлэлцээний ахлагч асан Пит Бэттс хэллээ. Түүний ийнхүү сэтгэл хангалуун байгааг дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн дараах мэдэгдлүүдээр тайлбарлаж болох юм.

Английн банкны дарга асан Марк Карни “цэвэр” технологийг дэмжихэд 130 их наяд ам.доллар буюу дэлхийн хувийн хөрөнгийн 40 хувийг хянан зохицуулдаг 450 байгууллагыг нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байгууллагууд сэргээгдэх эрчим хүч тэргүүтэй “ногоон” үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Харин шүүмжлэгчид эдгээр санхүүгийн байгууллагууд бас газрын доорх түлшинд хөрөнгө оруулах байх хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ бол буурьтай, шинэлэг санал юм.

Дэлхийн 100 гаруй улс ойн хомсдолыг бууруулах амлалт өгч, үүнд 19.2 тэрбум ам.долларыг улсын болон хувийн сангаас зориулахаар болов. Хэдийгээр төстэй санаачилга урьд нь дэвшүүлж байсан ч энэ удаа санхүүжилт өндөртэй байна.

Дэлхийн дулааралд үзүүлэх нөлөөллөөр хоёрт ордог метан хийн ялгарлыг 2030 он гэхэд 30 хувиар бууруулахаар тохиролцлоо. Хэдийгээр ийм хийг хамгийн ихээр ялгаруулдаг Хятад, Орос, Энэтхэгийн хувьд энэхүү үүрэг амлалтад нэгдээгүй ч удахгүй үүнийгээ эргэн харна гэдэгт найдаж байна.

Их Британиар ахлуулсан, Хятад, Энэтхэг, АНУ бүрэлдэхүүнд нь багтсан 40 орон шинэ технологийн зах зээлийг бий болгох стандарт, урамшуулал, дүрэм журмыг шинээр гаргахаар тохиролцов. Жишээлбэл, эдгээр улсууд гангийн тодорхой хувийг нүүрс хэрэглэхгүйгээр үйлдвэрлэх хугацааг товлох болно. Ингэснээр хөрөнгө оруулагчдад шинэлэг технологийн зах зээл бий болох найдварыг төрүүлж, дэлхийн хэмжээнд “цэвэр” технологийн үнийг бууруулах боломжтой.

Өмнөд Африкийг нүүрсний хэрэглээнээсээ татгалзахад Франц, Герман, Их Британи, АНУ, Европын холбоо 8.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсноос харахад цэвэр эрчим хүч рүү шилжихэд тусламж үзүүлэх шинэ жишиг болж магадгүй байна.

Ерөнхий сайд Нарендра Моди 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт дэвшүүллээ. Зарим ажиглагчийн хувьд түүнийг 2070 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлаа тэглэхгүй байхаар төлөвлөж байгаад санаа зовниж байгаа ч дэлхий хэмжээнд нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Энэтхэг эдийн засгийн хувьд ийм алхмыг хийхээс өөр аргагүйд хүрэх хандлагатай байна.

Их Британий томоохон компани, санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод хэрхэн хүрэхээр төлөвлөж буйгаа танилцуулахаар болж, төлөвлөгөөнүүдийг нь мэргэжилтнүүдийн ажлын хэсэг шалгаж байхаар болжээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажил өрнүүлдэг “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгч Кат Крамер олон мэдэгдлээс нааштай хандлага ажиглагдаж байгааг онцлоод, “COP” бол зөвшилцлийн үйл явц учраас хэрэгжих санаачилгууд маш чухал гэдгийг онцлов.

Гэхдээ олон нийтийн сэтгэл дундуур байгаа зүйлсийг ч мөн дурдах нь зүйтэй. Энэхүү уулзалтын үеэр Хятад улсыг 2030 он гэхэд хийн ялгарлаа бууруулах зорилтоо ахиулна гэж найдаж байсан ч ийм мэдэгдэл гарсангүй. Гэхдээ тус улс нь бусад орнуудтай харьцуулахад ихэнх тохиолдолд өгсөн амлалтаа давуулан биелүүлдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Дональд Трамп нарын хэн хэн нь улс орноо Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргаж байсан. Харин саяхан Виржини муж улсын захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигч сонгогдсон нь Д.Трамп улс төрд эргэн ирж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнүүдийг дахин орвонгоор нь эргүүлж болзошгүй гэх таамаглал гарахад хүргээд байна.

Цаашид хэлэлцээнд оролцогч талууд дүрэм журмыг цэгцлэх ярвигтай даалгавартай нүүр тулах бөгөөд үүнийг хийж гүйцэтгэснээр улсууд харилцан нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах бие биеийнхээ төлөвлөгөөнд итгэх нөхцөл бүрдэх юм. Мөн ядуу буурай орнуудад санхүүжилт дутмаг байгаа талаар хийгээд дэлхийн дулааралд дасан зохицоход шаардлагатай хөрөнгө мөнгөний талаар цаашид хэлэлцэх ёстой. Гэхдээ өмнөх бага хурлуудтай жишиж харахад үнэхээр сайн эхлэл тавигдлаа гэж үзэж болохоор байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гавьяат багш цолыг 49 хүнд гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагнуулсан багш нарт Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шагналыг нь гардуулав.

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Сүхбаатарын одон, Монгол Улсын гавьяат багш цолоор шагнасан юм.

СҮХБААТАРЫН ОДОНГООР

1. Боловсролын хүрээлэнгийн зөвлөх, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Цанжид

2. Боловсрол, шинжлэх ухааны сайд асан, Монгол Улсын гавьяат багш С.Төмөр-Очир нарыг

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

1. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Багшийн сургуулийн ахмад багш С.Норов

2. Ю.Цэдэнбал академийн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн

3. “Бага боловсролын шинэчлэлийг дэмжих төв” ТББ-ын захирал Г.Батболд

4. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын зөвлөх Н.Норжхорлоо

5. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахмад мэргэжилтэн Ц.Мягмар

6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Эрдэнэсүрэн

7. Төв аймгийн Баян сумын дунд сургуулийн захирал асан, ахмад багш Л.Рэнцэнханд

8. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал асан В.Алзахгүй

9. Нийслэлийн боловсролын газрын Физик, мэдээлэл зүйн арга зүйч, ахмад багш С.Жагдал

10. СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургууль, Хөгжмийн багш Я.Алтансувд

11. Нийслэлийн “Ганзам” 20 дугаар сургуулийн биеийн тамирын ахмад багш Д.Солонго

12. Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн захирал Ч.Хишигмаа

13. Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирал С.Эрдэнэбаатар

14. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн бага ангийн ахмад багш Н.Сэхээхүү

15. Нийслэлийн Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн ахмад багш Ц.Пэрэнлэймаа

16. Орхон их сургуулийн Хүмүүнлэгийн салбар сургуулийн захирал, Доктор, дэд профессор Я.Сэндэрмаа

17. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн орос хэлний ахмад багш Д.Лхагвасүрэн

18. Архангай аймгийн БСУГ-ын дарга асан, ахмад багш С.Лхамжав

19. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Р.Атимхан

20. Баянхонгор аймгийн БСУГ-ын ахмад ажилтан, Аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Ж.Энхбаяр

21. Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга асан, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Эгиймаа

22. Говь-Алтай аймгийн 3 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Н.Цэрэндулам

23. Говь-Алтай аймгийн Дарив сумын дунд сургуулийн ахмад багш А.Должмаа

24. Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Б.Бүүдэд

25. Дархан-Уул аймгийн Боловсролын газрын байцаагч, Анагаах ухааны дунд сургуулийн дэд захирал асан Д.Алтанхүү

26. Дорнод аймгийн Хэрлэн сумын 14 дүгээр цэцэрлэгийн ахмад багш Б.Цэцэг

27. Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал асан Ц.Чойбаатар

28. Дундговь аймгийн Хулд сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, ахмад багш С.Цэгмэд

29. “Шихихутуг” их сургуулийн захирал Д.Оюунцэцэг

30. Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын лаборатори “Чандмань-Эрдэнэ” сургуулийн захирал асан Д.Одгэрэл

31. Орхон аймгийн “Эрдмийн сан” сургуулийн математикийн багш С.Бээжинсан

32. Өмнөговь аймгийн Баяндалай сумын ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш Г.Сугир

33. Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ж.Нямсан

34. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр сургуулийн математикийн ахмад багш Б.Уунай

35. Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын “Хүмүүн” цогцолбор сургуулийн ахмад багш Д.Давдай

36. Увс аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын ахлах менежер З.Алтансүх

37. Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн ангийн багш, сургалтын менежер, ахмад багш Х.Цэрмаа

38. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба

39. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн технологийн багш Л.Эрийнтовч

40. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг

41. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв ТББ-ын гүйцэтгэх захирал А.Нармандах

42. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Хүүхдийн урлан бүтээлийн албаны дарга С.Батболд

43. Боловсролын хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөр, хэрэгжилт, судалгааны орон тооны бус зөвлөх Н.Оюунцэцэг

44. Дундговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга асан Ц.Сэрээнов

45. “Дэм авъяастан” хүүхдийн хөгжмийн төвийн захирал, төгөлдөр хуурын багш Д.Алтанцацрал

46. Нийслэлийн боловсролын газрын зөвлөх П.Алтанцэцэг

47. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Д.Амарсанаа

48. Өвөрхангай аймгийн 2 дугаар 10 жилийн захирал асан “Ачтан-Ирээдүй” ХХК-ийн захирал Д.Банзрагч

49. Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн ХХК-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах

2 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон костюм гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс, костюм болон дотор гэх мэтийн зураг байж болно4 хүн, зогсож буй хүмүүс, костюм болон дотор гэх мэтийн зураг байж болно2 хүн, зогсож буй хүмүүс, костюм болон дотор гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

“ЮНЕСКО-гийн Д.Бадарч” Монгол Улсын Ардын багш цолоор шагнагдлаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, боловсролын салбарт олон жил ажиллаж, үнэмлэхүй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Д.Бадарчийг Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнажээ.

ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор түүнийг “ШУТИС-ийн Бадарч”, “ЮНЕСКО-гийн Бадарч”, “Системийн сэтгэлгээний Бадарч” хэмээдэг.

Д.Бадарч нь дээд боловсролын салбарт 25 жил ажил ажиллахдаа багшаас эхлэн ШУТИС-ийн ректор хүртэл ажиллан тус сургуулийн хөгжлийн орчин үеийн чиг хандлага, бодлого, стратегийг боловсруулан хөгжүүлж, кредит системд шилжүүлэн, сургалтын агуулга, технологи, менежментийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Ийнхүү Монголын дээд боловсролыг дэлхийн стандарт, жишигт хүргэх анхны шан татсан үйлийг эхлүүлсэн гавьяатай.

2004 онд гаргасан “Системийн сэтгэлгээ” ном нь ч эрдэмтэн судлаач, эдийн засагч нарын голлох гарын авлага болсоор ирсэн юм.

Түүнчлэн НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн нь Д.Бадарч доктор юм. ЮНЕСКО-д 15 жил удирдах албан тушаалд ажиллахдаа Монгол төдийгүй Армен, Молдав, Азербайжан зэрэг улсад боловсрол, соёлын шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсэн билээ.

Д.Бадарч дэлхийн 30 гаруй улс орны сургалтын туршлагыг нэгтгэн судалж, мэдээллийн технологийг боловсролын салбарт нэвтрүүлэх асуудлаар төсөл удирдаж, Massive online open course буюу Нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан нь АНУ-ын Ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.

Д.Бадарч нь Монгол Улсын ШУТИС, ОХУ-ын Уралын Техникийн их сургуулийн хүндэт доктор, АНУ-ын Юта мужийн их сургуулийн хүндэт профессор бөгөөд Японы Тохокугийн их сургууль, АНУ-ын Өмнөд Дакотын уул уурхайн их сургууль, Германы Дармштадтын их сургуулиудад зочин профессороор уригдан ажиллаж байсан билээ.

Өдгөө ЮНЕСКО-гийн “Соёл хоорондын харилцаа” хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд “Евро-Арабын харилцаа”, “Бакугийн соёл хоорондын харилцааны форум”, Саудын Арабын төслийн ерөнхий зохицуулагч, “Торгоны замын зураглалын төсөл”-ийн зохицуулагч зэрэг үүрэгт ажлыг гүйцэтгэж буй.

Categories
мэдээ спорт

Монгол залуус “Mongol Fighting Championship”-д тулалдана

Холимог тулааны “Mongol Fighting Championship” буюу MFC холбоо анх удаа хилийн чанадад олон улсын тулааны тэмцээнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 13-нд оройны 18.00 цагаас ( Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний өглөөний 10:00 цагаас) АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотноо болно.

Сан Франциско хотын Kezar Pavilion ордонд энэ үдэш манай дөрвөн тулаанч октагонд гарна.
АНУ-д сурч, амьдардаг залуу тулаанч Ө.Тэмүүжин АНУ-ын тулаанч Этан Аматай, Чөлөөт бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт , Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат АНУ- ын Дэннис Агуилартай, “Ододтой бүжиглэе” Монгол шоуны ялагч “Ангууч” хочит Б.Баттөр АНУ-ын тулаанч Нэтан Монтанотой тус тус тулалдах бол энэ үдшийн гол тулаан нь MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалж Монгол улсын шилдэг тулаанч М.Нандин-Эрдэнэ АНУ-ын тулаанч Осмар Делиматай тулалдана.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: Хувийн тэшүүртэйгээ ирвэл цагийн хязгаарлалтгүй гулгаж болно

Монголын анхны өвлийн спортын ордон болох “Мөсөн өргөө” маргааш үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор тус ордны Харилцаа, үйлчилгээний ажилтан Э.Золзаяагаас тодрууллаа.


-“Мөсөн өргөө” ордон маргаашнаас үйл ажиллагаагаа эхэлнэ.Үнэ болон хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манайх өдөр бүр 12:00-12:30 цагийн хооронд бяцхан хэмжээний урлагийн тоглолт үзүүлдэг. Тодруулбал, Учрал, Цацралын үзүүлбэр, Аварга робот болон үлгэрийн баатруудын тоглолт болно. Мөн дуучин Энжи ирж дуулна. Харин үнийн хувьд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 15 мянган төгрөг гэж байна. 6 наснаас дээш хүүхэд гулгах боломжтой.

-Багц байгаа юу?

-Одоогоор багц гараагүй байгаа. Харин гэр бүлийн өдөр, албан байгууллага гэх мэтээр амралтын өдрүүдэд зориулсан үйлчилгээнүүд гарсан.

5 хүн болон

-Хэдээс хэдэн цагийн хооронд ажиллах вэ?

-Өглөөний 8:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл ажиллана. Түүнчлэн хувийн тэшүүртэйгээ ирвэл том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 15 мянган төгрөгөө төлөөд цагийн хязгаарлалтгүй гулгаж болно.

Урьдчилж цаг авах уу?

-Одоогоор захиалга болон цаг авахгүй байгаа. Шууд хүрээд ирэхэд болно.

-Дасгалжуулагч багш байгаа юу ?

Мөсөн талбайд 2 багш өдөр бүр байна.

-Үйлчлүүлэгчид хувийн зүгээс юу анхаарах шаардлагатай бэ?

-Урт ороолт, юбка өмсөхгүй. Аль болох биед эвтэйхэн дулаан хувцаслаж ирэхэд болно.

-Өөр ямар ямар үйлчилгээнүүд байгаа вэ ?

-“Мөсөн өргөө” спортын ордонд хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд, соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Түүнчлэн үлгэрийн баатруудын тоглолт, Арена лаунж, кофе шопууд ажиллаж байна.

Д.Баттогтох

Categories
гадаад мэдээ

Орос улс Беларусь руу бөмбөгдөгч онгоц илгээжээ

Пүрэв гарnгт ОХУ-ын хоёр стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц Беларусийн нутаг дэвсгэрт сургуулилалтын нислэг үйлджээ. ОХУ-ын тал хоёр дахь өдрөө дараалан ийм арга хэмжээ авсан байна.

Ту-160 онгоцнууд Ружанскийн буудлагын талбайд бөмбөг хаях сургуулилалт хийсэн тухай Беларусийн батлан хамгаалахын яам мэдээлжээ. Уг талбай нь Польшийн хилээс зүүн зүгт 60 км зайтай оршдог.

ОХУ-ын нисэх онгоцнуудтай хамт Беларусийн сөнөөгч онгоцнууд мөн сургуулилалтад оролцжээ.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр ярихдаа тус улсын Польштой залгаа хил дээр үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад Оросын бөмбөгдөгч онгоцнууд шаардлагатай болсныг хэлсэн байна.

“Тэд орилж хашхирч л байг. Тиймээ, эд бол цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай онгоцнууд. Бидэнд өөр сонголт байсангүй” гэж Лукашенко ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд Ойрх Дорнодоос ирсэн Иракийн Курд голдуу дүрвэгчид Беларусиас Польшийн нутагт нэвтрэхийг оролдож байгаа. Хилийн Беларусийн талд хэдэн мянган дүрвэгч бөөгнөрөөд байгаа бол Польшийн талд 15 мянган цэрэг хамгаалалтад дайчлагдаад байна.

Польшийн цэргүүд хил дагуу тор татах, хашаа босгох зэрэг ажил гүйцэтгэж байгаа юм. Мөн хил давах гэсэн дүрвэгчдийн оролдлогыг таслан зогсоож байна.

Европын Холбоонд багтдаг Польш, Литва. Латви улсуудын удирдагчид дүрвэгчдийн урсгалыг ОХУ-ын заавраар Беларусийн эрх баригчид зориуд зохион байгуулж байна хэмээн буруутгаж байгаа.

Европын Холбоо ирэх долоо хоногт Беларусийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэх юм. Лукашенко хэрвээ шинэ хориг зарлавал ОХУ-аас Европ руу байгалийн хий нийлүүлдэг хоолойг хаана гэж сүрдүүлээд байгаа.

Өчигдөр Германы канцлер Ангела Меркель ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр дахь удаагаа утсаар ярихдаа Беларусийн хил дээр үүссэн хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Харин Путин уг саналыг хүлээж авахаас татгалзаж, Европын Холбоо Беларусийн засгийн газартай шууд хэлэлцээ хийхийг хариу санал болгожээ. Европын Холбооны удирдлагууд өнөөдрийг хүртэл Александр Лукашенкотой шууд харилцахаас зайлсхийсээр байгаа юм.