Categories
мэдээ спорт

“Бээжин-2022” олимпийн наадамд оролцогчдын анхааралд

Ковидын халдварын улмаас Токиогийн олимпийн наадам хатуу дүрэм журам, хязгаарлалтын хүрээнд явагдсан. Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 4-20-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо болох өвлийн олимп мөн л халдвар, хамгааллын нарийн дэглэмийн дор болно. Бээжингийн олимпын зохион байгуулах хорооноос наадмын үеэр дагаж мөрдөх журмыг Үндэсний олимпийн хороодод хүргүүлээд байна. Эдгээр журмаас танилцуулья.

Вакцинжуулалт

-Бүх тамирчид болон олимпийн наадамд оролцогчид вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан бол БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа хаалттай менежментийн системд орно. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй бол Бээжин хотод ирсний дараа 21 хоногийн хатуу тусгаарлалтад орно.

-Хэрэв тухайн тамирчин эмчилгээний зорилгоор вакцинаас чөлөөлөгдөх, түүнийг нотлох бичиг баримт байгаа бол асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, бусад олон улсын байгууллага, тухайн улс болон бүсийн байгууллагаас зөвшөөрөгдсөн бүх төрлийн вакциныг хүлээн зөвшөөрнө.

Хаалттай менежментийн систем

Олимпын наадмыг эрүүл, аюулгүй орчинд явуулахын тулд 2022 оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн паралимпийн наадмыг дуусах хүртэлх хугацаанд буюу гуравдугаар сарын 16-ныг дуустал хаалттай менежментийн систем хэрэгжүүлнэ. Энэхүү систем нь олимпын наадмын бүх холбогдох газрууд буюу нисэх онгоцны буудал, тээвэр, олимпын тосгон, хоолны газар, тэмцээн уралдааны талбай, нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа зэрэг бүхий л газарт үйлчилнэ. Хаалттай системийн дагуу оролцогчид нь зөвхөн олимпын наадмын зөвшөөрөгдсөн газрууд буюу бэлтгэл, тэмцээний талбай болон ажлын хэсгүүдэд зөвшөөрөгдсөн албан ёсны унаагаар зорчих боломжтой. Энэхүү хаалттай системийн гадна байгаа хүн болон олон нийттэй ямар нэгэн харилцаанд орохгүй байна.

Үзэгч, хөгжөөн дэмжигчид, тасалбар

-Ковид 19 цар тахлын эсрэг тавигдаж буй бүх шаардлагуудыг хангасан, зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэрт оршин сууж буй үзэгчдэд тасалбар борлуулна.

-Үзэгчдэд тавигдах цар тахлын эсрэг шаардлагууд болон тасалбар борлуулах үйл ажиллагааны талаарх асуудлууд эцэслэн шийдэгдээгүй байгаа бөгөөд жич мэдэгдэх болно.

Оролцох эрхийн мандат

-ОУОХ болон “Бээжин-2022” Зохион байгуулах хорооноос олимпын наадмыг амжилттай явуулахын тулд бүхий л үйл ажиллагааг үнэлж, оновчтой болгохыг тодотгож байна. Оролцогч талууд энэхүү зарчмыг төлөвлөгөө болон төлөөлөгчдлийн бүрэлдэхүүндээ хэрэгжүүлэх болно.

-Энэхүү зарчмын хүрээнд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс олимпын наадамд оролцогч эрх бүхий хүмүүсийг дагалдах зочингүй оролцох шийдвэр гаргав.

Байрны тухайд

-Багийн бүрэлдэхүүнд албан ёсоор орсон тамирчид, дасгалжуулагчид, албаны хүн нь тамирчдын тосгонд байрлах ба тосгонд байрлаагүй тохиолдолд тодорхой шаардлагын дагуу Ковид 19 цар тахлын эсрэг арга хэмжээг авсан гэрээт зочид буудалд байрлах ба зааварчилгааг удахгүй ирүүлнэ.

Шинжилгээ

-Хаалттай менежментийн системд хамрагдаж буй бүх оролцогч, баг тамирчид, ажлын албаныхан өдөр бүр ПСР шинжилгээнд хамрагдана.

-БНХАУ руу нисэхийн өмнө 72 цагийн хугацаанд хүчинтэй хоёр удаа ПСР шинжилгээ өгөх ба хоорондох зай нь 24 цагийн хугацаатай байна. Мөн нисэх онгоцны буудал дээр шинжилгээ өгнө.

-Ковид 19 цар тахлын халдвар авсан нь батлагдсан хүнтэй нэг метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд маскгүй хамт байсан хүнийг ойрын хавьтал гэж үзэн шинжилгээнд хамруулна. Батлагдсан тохиолдолд тусгаарлалтад оруулна.

-Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсан боловч Ковид 19 халдвар авч байсан бол эдгэрсэн тухай бичгийг ЗБХ-нд хүргүүлж, БНХАУ руу зорчих боломжтой эсэх тухай хариуг албан ёсоор авна.

-Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, өмнө нь Ковид 19 халдвар аваагүй бол нислэг эхлэхээс өмнө хоёр удаа шинжилгээ өгөх, 72 цагийн хугацаанд хүчинтэй IgM эсрэг биетийн шинжилгээ өгнө. Хэрэв вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, өмнө нь халдвар авсан бол эдгэрсэн тухай сертификатыг ЗБХ-нд хүргүүлж, БНХАУ руу аялах боломжтой эсэх тухай албан ёсны хариуг авна. Ирээд 21 хоногийн карантинд орно.

-Хэрэв шинжилгээгээр Ковид 19 халдвар илэрсэн тохиолдолд дотоод журмын дагуу өөрийгөө тусгаарлаж, БНХАУ руу аялахгүй байна.

-Хэрэв нислэгээс өмнө өгсөн хоёр шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/: вэбсайтад шинжилгээний хариу, мандатны зураг, эсрэг биетийн сертификат, ЭСЯ-наас олгосон Green Health Code-г тус тус оруулна.

-Green Health Code авсны дараа БНХАУ-д ирэхээс 24 цагийн өмнө Эрүүл мэндийн деклараци бөглөнө.

Хувийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ

-Олимпын наадамд оролцогч нь бусдын биед хүрэхээс зайлсхийх, тамирчдаас хоёр метр зай барих, хүн хооронд хамгийн багадаа нэг метр зай барих шаардлагатай.

-Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, идэх, уух, унтахаас бусад бүх үед амны хаалт зүүх.

-Гараа тогтмол угаах, ариутгах, ханиаж найтаахдаа амаа дарах, битүү агааргүй орчинд байхаас зайлсхийх, агааржуулах гэх мэт эрүүл ахуйн шаардлагуудыг чанд дагаж мөрдөх.

-БНХАУ руу зорчихоос 14 хоногийн өмнөөс эрүүл мэндийн байдлаа хянах зорилгоор “My 2022” аппликейшнийг гар утсандаа суулгаж, идэвхижүүлсэн байна. “Бээжин-2022” эрүүл мэндийг хянах системд вакцины сертификатаа оруулсан байна.

-Гэртээ, аялж байх явцад, тэмцээн уралдаанд оролцох үед болон бусад газарт хүмүүстэй биечлэн харилцах харилцаагаа хязгаарлах, бэлтгэл хангагч, гэр бүлийн гишүүд болон багийн бусад гишүүдтэй дотоод орчинд зай барих.

-Битүү, хүн ихтэй орчинд байхаас зайлсхийх.

-БНХАУ-д байх хугацаандаа хамт байх хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах.

-Тамирчдыг дэмжихдээ зөвхөн алга ташна. Орилох, дуулахыг хориглоно. Бусадтай эд зүйлс хувааж хэрэглэхгүй байх, ариутгах. Өрөөгөө тогтмол агааржуулах.

-БНХАУ-д ирэхээс өмнө эдгээр дүрэм журамтай сайтар танилцах.

-Амны хаалтыг тогтмол зүүх, бохирдсон үед тухай бүрт солих.

-Олимпын наадмын үеэр буюу нэгдүгээр сарын 23-наас гуравдугаар сарын 16-ны хооронд зөвхөн БНХАУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд даатгалыг ЗБХ-ноос хариуцна.

-БНХАУ-д зорчихоос өмнө албан ёсны бүртгэлд хамрагдаж, ЗБХ-ноос олгосон урьдчилсан мандатыг биедээ авч явах.

БНХАУ-д нэвтрэх үед

-БНХАУ-ын олон улсын нисэх онгоцны буудал дээр холбогдох байгууллагуудын тавьж буй шаардлагыг биелүүлж, журмын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж үйлчлүүлэх.

-Гаалийн ажилтнууд онгоцонд нэвтэрч ариутгал хийнэ.

-Эрүүл мэндийн деклараци /QR code/ , паспортыг шалгуулах ба биеийн халуун 37,3 хэмээс их болон ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлалтын байранд очих эсвэл эмнэлэгт хүргэгдэнэ.

-Ямар нэг асуудалгүй бол ПСР шинжилгээнд хамрагдана. Эмнэлгийн ажилтан хоолойны арчдас болон хамраас шинжилгээний дээж авна. Шинжилгээний хариу гарч байх явцад оролцох эрхийн мандатаа идэвхжүүлэх ба шинжилгээний хариу гарсны дараа /хамгийн ихдээ 6 цаг/ Тамирчдын тосгон руу тусгай унаагаар хүргэнэ. Хэрэв шинжилгээний хариу эргэлзээтэй тохиолдолд тусгаарлалтын өрөөнд оруулж, хоёр дахь ПСР шинжилгээ авна.

-Хэрэв ПСР шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд илэрч буй шинж тэмдгээс хамааран тусгаарлалтын газар эсвэл эмнэлэгт хүргэнэ. Ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээнд оруулах болон бусад арга хэмжээг авна.

Олимпын наадмын үеэр

-БНХАУ-ын ард иргэд болон олимпын наадамд оролцож буй бүх оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хүн хоорондын зай барих болон эрүүл ахуйн арга хэмжээг тогтмол авна.

-Ковид 19 хариуцсан ажилтан өдөр бүрийн эрүүл мэндийн мэдээллийг системд оруулах ба шинжилгээ өгөх, хариу авах асуудлыг хариуцна.

-Хүн хоорондын зайг харгалзан нийт оролцогчдод олгох мандатын тоог багасгах, тэмцээн уралдааны үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг өөрчлөх болон спорт тус бүрт дагаж мөрдөх журмуудыг арванхоёрдугаар сард нарийвчлан батална.

-Оролцогчид зөвхөн ЗБХ-ны зориулалтын унаагаар зорчих бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж болохгүй.

-Зочид буудалд байрлаж байгаа тохиолдолд зөвхөн зөвшөөрөгдсөн газрууд руу олимпын наадамтай холбоотой үйл ажиллагаагаар буудлаас гарч болно.

Мөн ирэх арванхоёрдугаар сард энэхүү журманд нэмэлт, өөрчлөлт хийгдэх аж

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Өлзийхүү: Амьдралын олон бэрхшээл дунд “Хиртээгүй сарнай” киногоо хийсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.


-Ажил ихтэй л гүйгээд байна уу, бүтэн өдөржингөө хичээлтэй гээд байсан?

-Тийм. Хажуугаар нь сургуульд багшилсан чинь ажил ихтэй юм байна аа.

-Таны тоглосон “Хиртээгүй сарнай” шинэ уран бүтээл удахгүй кино театруудаар гарч эхлэх нь. Шинэ киноныхоо тухай ярьж өгөөч?

-“Хиртээгүй сарнай” маань ”Хас фильм”-ийн бие дааж хийсэн 13 дахь кино байгаа юм. Амьдралын олон бэрхшээл дунд хийсэн кино гэж болно. Яагаад гэвэл зураг авалтын үеэр хоёр удаагийн хөл хорио дайрлаа. Өөрсдөө ч корона тусч барьж явж киногоо дуусгасан. Кино маань сайхан уран бүтээл болсон. Одоо үзэгчдэд хүргэх л үлдээд байна.

-Оросууд “Нагиев хөл хорионд” гээд кино хийсэн байсан. Манайхан харин кино хийх явцдаа хөл хорио, ковид гээд бүх асуудлыг туулаад өнгөрчээ.

-Тэгсэн. Манай “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”-ээс хойш хийж байгаа шинэ уран бүтээл маань юм.

-Шинэ уран бүтээлээрээ хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ. Таны хань найруулагч Ц.Хүсэлбаатар зохиолыг нь бичиж, найруулсан кино байх аа?

-Тийм. Хүслээгийн кино. Үзэгчид маань өөр өөрийнхөөрөө ойлгож хүлээж авах болов уу. Асуудал дэвшүүлсэн, хайрын тухай кино л доо.

-Трейлерийг нь харахад бас зодоонтой, хүнд хэсгүүд ч харагдана лээ?

-Тийм. Кино үзэх, ном уншихад уншигч, үзэгчид өөр өөрийнхөөрөө дүгнэлт өгдөг, тийм ээ.

-Зохиолоо хэр удаан бичсэн бэ. Ц.Хүсэлбаатар найруулагч зарим зохиолоо таван жил бичсэн гэдэг?

-Бараг жил гаруй бодож бичсэн. Кино зохиол маш олон зөрчил, гогцоо үйл явдлын хэлхээс байдаг болохоор багагүй хугацаа зарцуулсан л даа.

-Энэ кинонд таны охин бас тоглосон байна лээ. Охинтойгоо ээж, охины дүрд тоглоод, нөхөр нь найруулах сонирхолтой байх аа. Найруулагчид жүжигчнийхээ хувьд захирагддаг уу, эхнэр, охиноо “харж үзэх” үү?

-Бид нэг мэргэжлийнх болохоор уран бүтээлдээ орох нь ороод, гадуурх ажилд нь туслах нь туслаад явдаг. Жүжигчнийхээ хувьд захирагдаад л явна. Түүнээс биш охин, нөхөр гэх юмуу өөр тийм ийм гэх юм байхгүй. Уран бүтээлч бол уран бүтээлч. Олон уран бүтээлч гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтардаг шүү дээ. Уран бүтээл дээр бол багийн гишүүн, хамтрагч л гэж үздэг.

-“Хиртээгүй сарнай” та бүхний өмнөх кинонуудаас юугаараа онцлогтой вэ?

-Жүжигчдийн багт урьд нь хамтарч байгаагүй уран бүтээлчид орж ирсэн. Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, дуучин Б.Баяржавхлан буюу Jason, дуучин Б.Болдбаатар буюу Tempo нар тоглосон. Зохиол маань шинэ сонин сэдэв хөндсөн.

-Ковидын үед хийгдсэн болохоор санхүүгийн асуудал тулгарсан уу, юу нь илүү бэрхшээлтэй байсан бэ?

– Улс даяар ковид тархаад, киноны зураг аваад явж байтал хөл хорио тавигдаад, дахиад зураг авалтаа эхэлтэл багийн хүмүүс маань ковид тусаад, багаараа ковидод өртсөн боловч манайхан уран бүтээлчийн халуун оргилуун сэтгэлтэй, багийн ажиллагаа сайтай хүмүүс байсан. Уран бүтээлч ямар ч бэрхшээлд сөхөрдөггүй.

Санхүүжилт олоход амар биш. Уран бүтээлийг дэмждэг найз нөхөд, танилууд байна. Өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Энэ цаг үед киноны хөрөнгө оруулалт олно гэдэг хэцүү л дээ. Уран бүтээлийг дэмждэг сайхан найзуудтай учраас киногоо хийж дуусгалаа.

-Ковидын үед хүмүүст амаргүй байгаа. Харин урлагийн гэр бүлийн хувьд энэ өдрүүдийг яаж даван туулж байгаа нь сонирхолтой болов уу?

– Бид киногоо хийгээд явж байна. Ковидын үе амаргүй хэцүү шүү дээ. Улс орон даяараа амаргүй нөхцөлд байна. Уран бүтээлдээ хайртай учраас даван туулаад явж байна.

-Олон жүжигчид нэг гэр бүлд амьдрах ямар байдаг вэ?

-Гэр бүлээрээ уран бүтээлчид. Тус бүртээ уран бүтээл хийгээд заримдаа бие биетэйгээ тааралдахгүй явах үе ч гарна. Жишээбэл, хадам аав маань (жүжигчин Ё.Цог) Эбигийн (жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг) “Тэгри чину” кинонд явсан. Хүү маань “Хаадын хаан” жүжигт ажиллахаар явсан. Нөхөр маань киногоо хийхийн зэрэгцээ зарим хүний кинонд оролцож байна. Саяхан Өмнөговь руу “Хавтаст хэрэг” киноны зурганд оролцохоор явсан. Охин маань “Гэм зэм” жүжигт, би болохоор өнөөдөр жүжигчин Г.Эзэнмөнхийн хийж байгаа контентын зураг авалтанд оролцох жишээтэй. Бүгд тал талд ажлаа хийгээд явж байгаа. Бид өөр юм хийж чадахгүй уран бүтээлч хүмүүс болохоор уран бүтээлээ л хийнэ. Өөр ямар бизнес энэ тэр хийх биш. Чаддаг юмаараа л амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

-Та охиноо жүжигчин болоход нандин жор хэлж өгсөн үү?

-Хамгийн гол нь жүжигчин хүн хувийн зохион байгуулалттай байх, баг дотор ажиллаж чаддаг, тэвчээртэй байх, хөдөлмөрч, ажлаа нухаж хийдэг байх чанаруудаа л хэлж байгаа юм. Түүнээс биш Соёлын гавьяат зүтгэлтэн С.Сугар багш суурийг нь тавьж өгсөн. Бид бол ёс суртахуун талаас нь охиндоо хэлж ярьдаг. Хөдөлмөрч бай, ахмад жүжигчдийг хүндэлж бай, багийн тоглолттой байх чухал, бусдын цагийг алдуулж болохгүй гэх мэтээр л хэлдэг. Жүжигчин хүн чанартай хүн байх ёстой гэж захидаг. Түүнээс уран бүтээлийн тал дээр СУИС-д мундаг авьяастай багш нар нь заасан болохоор мань мэт хэлэх нь илүүц.

-Таныг бэр болж очиход Цогоо гуай яаж хүлээж авч байсан бэ?

-Сайхан хүлээж авсан. Хадам аав маань урлагийн хүн, сэтгэл сайтай хүн болохоор гоё хүлээж авсан. Аав маань бидний амьдралд нэг их айхавтар оролцоод тэг ингэ гэдэггүй. Төрсөн аав шиг минь хайртай аав минь.

-Цогоо гуай хагалгаанд орсон гэсэн, гайгүй юу?

-Аав гайгүй. Хагалгаа нь амжилттай болоод удахгүй гараад ирсэн. Одоо уран бүтээлээ хийгээд, зурганд ороод явж байгаа. Аав маань байнга уран бүтээл хийж явдаг. Саяхан Хөвсгөлд олон сараар зурганд оролцсон.

-Цогоо гуай, Хүрлээ хоёрын рекламыг хүмүүс мэддэг шүү дээ. Саяхан та бас хадам аавтайгаа сурталчилгаанд тоглож харагдсан?

-Тэгсэн. Аав маань Орост кино зурганд сонгогдож явсан юм. Орос хэл дээр кинонд тоглосон. Ааваараа бахархаж л байлаа. Аав маань хэлний авьяастай хүн. Намайг анх сургуулиа төгсөөд “Угсраа мэх” жүжигт тоглоход маань аав өмнөд монголоор яаж хэлж ярихыг заасан юм. Аавын зааснаар тоглосон чинь хүмүүс намайг өмнөд монгол юм байна гэж андуурч байлаа.

-Танай нөхөр та хоёр багын танил гэсэн үү?

-Бид хоёр дунд сургуульд байхдаа нэг сургуулийн дээд доод ангид байсан.

-Та сүүлийн үед хадам ээжийн дүрд тоглоод байна аа?

-Одоо чинь миний хувьд ээж, хадам ээжид тоглодог нас. Бид дүрээ сонгодоггүй шүү дээ. Найруулагчид дүрээ сонгож санал тавина.

-Та эмээ болчихсон уу?

-Тэгсэн. Хүү маань хүүхэдтэй болсон.

-Эмээгийн үүргээ хэр гүйцэтгэж байна?

-Гэртээ байх үедээ бол янзын эмээ шүү дээ. Зарим үед бол гэртээ орох завгүй л явдаг.

-Таны нэг өдөр яаж өнгөрч байна вэ?

-Би өглөө эрт босдог. Зургаа өнгөрөөж босоод, өглөө гэрийнхэндээ зориулж, будаа агшааж, өглөөний цай, хоол бэлтгэж тавина. Нөхрийнхөө ажил дээрээ идэх өдрийн хоолыг бас бэлтгэдэг. Чадвал фитнессдээ очихыг боддог. Хөдөлгөөнтэй байсан болохоор хөдөлгөөн хязгаарлагдахаар ядраад, нэг л сүр сүлдгүй болоод байдаг. Гүйж харайгаад, дасгал хөдөлгөөн хийхээр сэргэчихдэг. “Сити” сургуульд багшилж байгаа болохоор сургууль руугаа явж, хүүхдүүддээ хичээл заана. Студи дээрээ очно. Тэгээд орж ирээд, ачтайгаа тоглоно шүү дээ. Заримдаа юм ярих ч тэнхэлгүй болоод орж ирээд хэвтээд өгнө.

-Сувилагч мэргэжил чинь ашиг тусаа өгч байна уу. Жүжигчин Б.Баатархүү таныг “Кино группийн эмч” гэсэн байна лээ?

-Ийш тийшээ явж байхад баг хамт олноос хоолой нь өвдвөл тариа хийнэ, даралтыг нь үзнэ. Цүнхэндээ байнга долоогоны хандтай явна. Ойр зуур хэрэг болох эмнүүд авч явдаг. Хэрэг болж магадгүй гээд байнга тариурын нэг ширхэг зүүтэй явна.

-Ковидоос сэргийлэх өөрийн гэсэн арга хэмжээ авч байгаа юу?

-Өөрөө жижигхэн хөөрхөн тусаад авсан. Норов 7, Мана 4 буцалгаж ууна. Буцалсан ус сайн ууна. Аарц, чацаргана буцалгаж уух гэх мэтээр аль болох өөрийгөө арчлаад явчихна даа.

-Танд тоглохыг хүсч байгаа дүр байдаг уу?

-Байлгүй яах вэ. Маш сайн зохиолтой үед жүжигчин хүн том амжилт гаргах боломжтой.

-Та “Цахилж яваа гөрөөс” киноны Дэжидийн дүрээрээ сэтгэлд хоногшиж үлдсэн шүү.

-Миний анхны дэлгэцийн кино шүү дээ. И.Нямгаваа найруулагч тэр сайхан киног хийхдээ намайг сонгосонд маш их баярлаж явдаг. Сая би өөрийн уран бүтээлийн 20 жилийн ойн тайлан тоглолт дээрээ дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтарч “Цахилж яваа гөрөөс” киноныхоо дууг дуулсан.

-Та нас ахих тусмаа л хөөрхөн болоод байгаа юм шиг санагддаг. Дэжидийн дүрд тоглож байхдаа будаггүй байсан болоод ч тэр юмуу одоогийнхоос жижигхэн нүдтэй харагдаад байдаг. Сүүлд та давхраа хийлгэсэн юм уу?

-Би жин нэмэхээр царай алдаад, жингээ хасахаар царай ороод байдаг юм. Манай дунд сургуулийн ангийнхан маань ч холбоотой явдаг. Тэр улсуудыг байхад худлаа яриад яах вэ дээ.

-Саяхан таны нүүр номдоо оруулсан зургийг харсан. “Цахилж яваа гөрөөс” кинонд ангийн охинтойгоо хамт тоглосон юм билээ?

-Тийм. Манай ангиас олон гавьяат төрсөн. Д.Хүрэлхүү, талийгч Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь байна. Бас Д.Бямбацогт маань ч гавьяат болох болов уу гэж горьдоод хүлээж байдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Буяндэлгэр: Дээд шүүхээс Ардчилсан намын асуудалд шийдвэр гаргахгүй хойш тавих нөхцөл байхгүй

– УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ШИЙДВЭРЛЭХГҮЙ ХОЙШОО ТАВИАД БАЙХ ЮМ БОЛ ШҮҮХЭД ЯМАР НЭГ НӨЛӨӨЛӨЛ БАЙНА ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО –

Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэртэй ярилцлаа.


-Хоёр хуваагдаад байгаа Ардчилсан намынхан Эвлэрлийн их хурлаа хийхээр тохиролцоонд хүрсэн байсан. Гэтэл яг ямар шалтгаанаар энэ шийдвэрээсээ буцчихсан юм бол. Ардчилсан намын дотор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та юу хэлэх вэ?

-Эхлээд хоёулаа асуудлаа хүмүүсийн хайрцаглачихсан, жаазлачихсан, хуваачихсан тэр зургаар биш ерөнхий том зургаар нь харъя.Энэ үүднээс харах юм бол Ардчилсан намд дотоод маргаан байгаагаас нам хуваагдсан зүйл байхгүй. Мөн шийдвэрээсээ буцаад байгаа зүйл ч байхгүй. Их хурлаа хуралдуулсан уу хуралдуулсан, асуудлаа шийдвэрлэсэн үү шийдвэрлэсэн. Асуудлыг бүр сууриар нь авч үзэх юм бол, манай улсын бүх иргэд буюу хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй боловсролтой, боловсролгүй гээд л бүхий л иргэдийн дундын гэрээ, үндсэн бичиг баримт Монгол Улсын Үндсэн хууль мөн биз.

Тэгвэл, Монгол Улсын иргэний Улс төрийн эрхийг Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлггийн, 16.10 дахь хэсэг дээр “Нийгмийн болон өөрийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний үзэл бодол нь баруун төвийн буюу Ардчилсан намын үзэл баримтлалтай давхцаж байгаа бол манай намын гишүүнээр элсээд намын нэрийн өмнөөс дотоод болоод төрийн сонгуульд оролцон сонгох, сонгогдох эрхээ эдлэх бүрэн боломжтой. Хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хуулийн Гуравдугаар бүлэг, 13 дугаар зүйлд “намын байгууллага” гэсэн зүйл заалт бий. Уг зүйлийн нэг дэх хэсэгт, намын удирдах дээд байгууллага нь намын их хурал байхыг зааж өгсөн. Мөн 13.2-т Намын их хурал дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй гээд маш тодорхой заагаад өгчихсөн. Энэ нь, намын нэрийг өөрчлөх, бүр намын үйл ажиллагааг ч зогсоох хүртэл эрхтэй талаар заасан заалт л даа. Үүнээс нэг логик харагдана. Монгол Улсад амьдарч байгаа иргэд өөрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулсан бол тухайн намын хамгийн дээд эрх барих байгууллага нь намын их хурал байх юм байна. Хэн нэгэн хувь хүн, дарга биш юм байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө дарга гэж нэрлэж, цоллож байгаа хүмүүс биш, намын их хурал нь эрх барих дээд байгууллага гэдэг нь хуулиараа харагдаж байна аа даа.

Ингэхээр намын Их хурлыг уриалсан хүмүүс хойшоо сууна уу, оролцоно уу гэдгээс үл хамаараад хуралдаад шийдвэрээ гаргачихсан бол тэр шийдвэр эцсийнх юм.

-Ардчилсан намын их хурлаар шийдвэрлэсэн асуудлууд та бүхний маргаанд цэг тавих хэмжээний чадамжтай юу?

-Намын Их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулснаар Их хурлын үйл ажиллагаа хүчин төгөлдөр болж эхэлдэг. Хаана ч ийм л дэгтэй байдаг. Яг энэ мөчөөс намын Их хурал ямар ч том даргыг авч хаях эсвэл гаргаж ирэх эрхтэй болчихдог.Үндсэн хуульд, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, сонгуулиар саналаа өгч төрөө байгуулж байгаа тэр үйл явц чинь төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байгааг харуулж байгаа үйл явц. Үүнтэй агаар нэг буюу асуудлын мөн чанар нь намын гишүүд, анхан дунд шат нь хаана байна, тэнд асуудлаа шийдвэрлэх эрх хэмжээ нь байна гэсэн үг. Намын Их хурал бүрэн эрхтэйгээр хуралдаад эхэлсэн бол асуудлаа шийдвэрлэх эрхтэй байх нь байна. Тухайлбал, хувь хүн Ардчилсан намын гишүүн Буяндэлгэр өөрийгөө дарга гэж зарлаад, хэрүүл, маргаан өдүүлээд яваад байж болно. Энэ бол яг үнэндээ 1000 дахь асуудал буюу хэн юу ярьснаар, зарласнаар асуудал шийдэгдэхгүй. Албан ёсны байгууллага ямар шийдвэр гаргаснаар асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр хууль, дүрэмд заасан зүйл, заалт ийм байхад ямар нэг цаасны болон тамганы булан олж авчихаад нам хуваагдлаа гээд яриад байх нь зохимжтой бус. Монгол Улсын 330 сум 172 хороо, 21 аймаг, есөн дүүргээс сонгогдох болон томилогдох замаар Их хурлын албан ёсны төлөөлөгч болсон тэр төлөөлөгчид Ардчилсан намын онц их хуралдаа хүрэлцэн ирж, Монгол Улсын газрын зураг дээр 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын Ардчилсан намын тамгыг дарлаа. Энэ бол Монголын нийт ард түмэнд “Ардчилсан намын гишүүд, дэмжигчид чинь энд байна шүү” гэдгээ баталгаажуулж, зарлан тунхаглаж, эрх хэмжээгээ харуулж байгаа нэг хэлбэр. Их хурлаар гаргасан шийдвэртэй маргах хүн үгүй байх.

-Ардчилсан намын дотоод маргаан юунаас болж, хэзээнээс эхлэлтэй гэж та харж байна. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараа ялагдал хүлээснээс эхлэлтэй юм уу. Эсвэл түүнээс ч өмнө ужгирчихсан байсан асуудал уу?

-Намын хагаралтай холбоотой асуудал дээр хэн нэгэн хүний нэрийг цоллон буруутгахаас илүү ямар асуудал бидэнд тулгарсныг харъя л даа. Та санаж байгаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр Дээд шүүхийн шүүгч нарыг томилох эрх мэдлийг шууд авчрах асуудал яригдаж байсан. Энэ үйл явц манай намаас сонгогдсон хүн Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед болсон асуудал. Тухайн үед манай намын залуучууд “Энэ манай намын үзэл баримтлалд нийцэхгүй. Засаглал хуваах онолоороо ч тэр, засаглалын тэнцвэр талаасаа ч тэр Шүүх эрх мэдлийг шууд ҮАБЗдээр авчирч болохгүй” хэмээн эсэргүүцэл илэрхийлэн Төрийн ордны гадаа жагсаж байсан. Энэ үед одоо хуваагдчихсан, хагарчихсан гээд байгаа залуучууд бид нартай нэг үзэл санаатай байсан. Үүнээс харах юм бол Ардчилсан намд үүсээд байгаа асуудлыг Үзэл баримтлалын хуваагдал гэж лав үзэх боломжгүй. Аливаа асуудлыг нэг өдөр өрнөсөн үйл явцаар юм уу, нэг долоо хоногийн хугацаагаар тасалбар болгож харах нь төөрөгдөлд оруулах нь элбэг. Асуудлыг ямар хугацаанд, ямар зарчмаар, ямар шалгуураар харахаас их зүйл шалтгаалдаг. Тэгэхээр хэн нэгнийг шууд нэр заан буруутгахаас илүү асуудлыг аль хүрээнд авч үзээд, яаж шийдэх ёстой юм бэ гэдгээ л харах нь зүйтэй болов уу. Улс төрийн орчин гэдэг өөрөө улстөрчдөөс л бүрддэг. Улс төр мөнгөнөөс хараат болчихлоо, улс төр хэвлэл мэдээллээс л бүрэн хараат юм байна гэх зэргээр ярьдаг хүмүүсийг асуудлыг арай өнгөцхөн хараад байна уу даа гэж боддог. Улстөрч хүн болгонд замнал байдаг. Тухайн замналаа яаж эхлүүлээд, яаж өрнүүлээд, яаж төгсгөх нь тухайн улстөрчийн өөрийнх нь эрдэм, мэдлэг, чадвар, туршлага, боловсролын асуудал. Бас төрөлхийн өгөгдлийн асуудал байдаг. Улс төрийг улстөрчид л шийддэг. Үеийн үед ийм байсаар л ирсэн, цаашдаа ч ийм байна. Хүн бүрийг нэг хэвэнд цутгачихаагүй учраас зөрчил үүсч болно. Хамгийн гол нь зөрчил ямар хүрээнд хаа хүрч шийдэгдэх ёстой гэдэг нь л зарчмын асуудал. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын дүрмийг аваад үзэхээр яалт ч үгүй их хурлаараа гишүүд нь юу гэж шийднэ, төлөөлөгчид юу гэж шийднэ, түүгээр л болно гээд заачихсан байна. Түүнээс хэн нэгэн дарга гарч ирээд, би өөрийнхөө хойд дүрийг тодруулна гээд, түүхийн тавцанд аль хэдэн зууны өмнө ялагдчихсан хаант засаглал шиг зүйл яриад байж болохгүй шүү дээ.Тэгэхээр одоо асуудлын шийдэл нь тодорхой болчихсон гэж ойлгож болно.

-Улсын дээд шүүхэд Ардчилсан намын албан ёсны бүртгэл, тамга тэмдэгний асуудлаар хүсэлт хүргүүллээ. Улсын дээд шүүхийн гаргах шийдвэрээс олон зүйл хамаарах байх?

-Дээд шүүх дээр “Улсын бүртгэлд өөрчлөлт оруулах”-тай холбоотой бичиг баримт, хүсэлт хүргүүлсэн. Дээд шүүх дээрх асуудал бол намын бүртгэлийн асуудал. Ардчилсан нам үйл ажиллагаагаа явуулдагаараа л явуулна. Явуулах ч ёстой. Учир нь дээр дурдсанчилан Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 172 хорооноос төлөөлөгчид ирсэн. Төлөөлөгчид үүрээсээ сонгогдохын тулд хамгийн багадаа 100-200 иргэнээс сонгогддог. Тэгэхээр ардчилсан намын үйл ажиллагаа аль нэг байгууллага, хувь хүнээс үл хамаарч явдгаараа явна.

-Ардчилсан нам их хурлаас гаргасан шийдвэрийг Улсын дээд шүүх үгүйсгэх боломж бий юү?

-Таны асуугаад байгаа асуултанд нэг ийм санаа яваад байна аа даа. Яагаад өмнө нь Ардчилсан намын асуудал Дээд шүүх дээр батлагдахгүй, бүртгэл хийгдэхгүй байсан бэ гэдэг санаагаар асууж байна гэж ойлголоо. Юу гэхээр ковидын нөхцөл байдлын улмаас бид хөл хорионд орж, гэр орноосоо ч цухуйх эрхгүй үе байлаа шүү дээ. Ийм үед Их хурлаа хийж, эрх барих дээд байгууллагаараа асуудлаа хэлэлцэх гэхээр олон хүндрэл гарч байсан. Энэ сарын 5-ны өдөр шиг яг албан ёсны төлөөлөгчид, бүх бичиг баримтаа жин тан болгоод, хүрч ирээд шийдвэр гаргах асуудал хүнд байсан. Үүнтэй холбоотойгоор би дарга гэдэг юм уу, үгүй бол чи дарга гэдэг иймэрхүү асуудал үүссэн байж болно. Ардчилсан нам сая зохион байгуулсан намынхаа Их хурлаар О.Цогтгэрэлийг намын гишүүд биечлэн очиж, намын дотоод сонгуулийн албан ёсны саналын хуудсан дээр дугуйлан саналаа өгч сонгосон учраас албан ёсны дарга хэмээн хүлээн зөвшөөрч, даргаараа батламжилж байна гэдэг шийдвэр гаргасан. Монтескю-гийн “Засаглал хуваах онол”-оор буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тухайн улсад бие даасан, харилцан хяналттай тэнцвэртэйгээр оршин байгаа нь Үндсэн Хуулиараа баталгаажсан л бол улс төрийн нам гэдэг төр байгуулдаг институт гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам гэдэг маань ардчилсан сонгуулийн зарчмаар хууль тогтоох байгууллага буюу УИХ-аа бүрдүүлдэг. УИХ-д олон суудал авч сонгогчдын олонхын итгэлийг хүлээсэн нам Засгийн газраа байгуулдаг шүү дээ. Энэ утгаар нь харах юм бол төр байгуулдаг институтийн асуудлыг Улсын дээд шүүх үнэн зөвөөр шийдвэрлэхгүй бол үүний цаана хэдэн зуун мянган хүний итгэл үнэмшил, улс төрийн эрхийн асуудал, цаандаж хүний эрхийн асуудал, Монголын улс төрийн орчны асуудал гээд суурь асуудлууд хөндөгдөх болно. Ардчилсан намын асуудлыг Улсын дээд шүүх шийдвэрлэхгүй хойшоо тавиад байх юм бол шүүхэд ямар нэг нөлөөлөл байна гэж үзэх үндэслэл болно. Өмнө нь манай намын дотоод нөхцөл байдлаас хамаараад янз бүрийн асуудал байсныг үгүйсгэхгүй. Одоо тасалбар болох ёстой. Ардчилсан намын Их хурлын төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдож, томилогдож ирээд асуудлаа шийдчихлээ шүү. Тиймээс дээд шүүх дээр шийдвэр гаргахгүй хойшоо тавих нөхцөл байхгүй.

-Шүүхээс танай талын шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан тохиолдолд та бүхэн бодлогоо явуулж эхлэх үү?

-Одоо танай тал, манай тал гэж юм байхгүй ээ. Тал болж харагдуулах шаардлагатай, хүсэл сонирхолтой, хэрэгцээтэй хүмүүс байж болно. Ардчилсан намын нэрийг бариад, намтай холбоотой асуудал хэлэлцэж байгаа бол хэн ярьж, бичиж илэрхийлж байгаас үл хамааран энэ бол манай намын дотоод асуудал. Сая энэ асуудал дээр бид цэг тавьсан.Ардчилсан нам үйл ажиллагаа, бодлогоо хэрэгжүүлээд л явж байгаа.

-Цаашид С.Эрдэнэ, М.Тулгат нартай ойлголцолд хүрч хамтарч ажиллах сонирхол үнэхээр байгаа юм уу?

-Энэ талаар намын дарга Их хурал зохион байгуулагдахаас өмнө ч хэлж л байсан. Их хурлын индэр дээрээс ч хэлсэн. “Одоо энэ хаалгаар ороод ирвэл та бүхэнтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна шүү” гэж. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цаашаа түлхсэн хандлага бидэнд байхгүй. Бид өөрсөддөө бардаад нэг хэсэг нөхдөө түлхэх шаардлагагүй. Монгол Улсынхаа бүхий л асуудлыг судлаад, задлан шинжлээд, боловсруулаад, мөрийн хөтөлбөр болгоод, ирээдүйд эрх барьж Хууль тогтоох байгууллага болон Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх чадамжтай том намын хувьд бидэнд “Чи, би” гээд хөлөө жийлцээд байх шаардлага алга.

-Та бүхний ойлголцлын зөрүү нь тамга тэмдэгэндээ байгааюм уу. Эсвэл үзэл бодол, үнэт зүйл, зарчмын томоохон ялгаа бий болчихсон юм уу?

-С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байсан уу байсан.Сонгуульд удирдаж орсон уу. Орсон.Манай намын дүрэм дээр цагаан дээр хараар“…сонгуулийн үр дүнгээр намын удирдлага хариуцлага хүлээнэ…” гээд биччихсэн байдаг. Тэр дүрэм үйлчилж байгаа. Миний хэлж чадах зүйл юу вэ гэвэл С.Эрдэнэ гэдэг хүн Ардчилсан намын дарга байхдаа, Дээд шүүхийн шүүгчдийн асуудал дээр, хүний эрхийн тодорхой асуудлууд дээр, Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгт Монгол Улс элсэх, элсэхгүй асуудал дээр Ардчилсан намын үзэл баримтлалын дагуу гишүүдийн өмнөөс, албан ёсоор сонгогдсон лидерийнхээ үүргийг гүйцэтгээд зөв талд нь дуугарч байсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр намыг сонгуульд толгойлж орсон албан ёсны лидерийн хувьд хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлагаа хүлээгээд л явж байгаа. Сүүлийн үед зарим нэг судлаачид, хэвлэл мэдээллийнхэн санаатай, санамсаргүйгээр Ардчилсан нам таван намын нэгдэл учраас үзэл баримтлалын хувьд ялгаа зааг гараад тэр нь илэрч байна гэх мэтээр ярьж, бичиж байгаа харагдана лээ. Ардчилсан нам хувь хүний заяагдмал эрхийг ямагт хамгаалсаар, бататгах алхамуудыг тасралтгүй хийсээр, парламентат ёсыг төгөлдөржүүлэх үйлсэд үргэлжид оролцсоор, чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлд байнга дуугарсаар, ажилласаар л байх болно. Тэгэх ч ёстой.

-Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчингүй мэт байсан гэх шүүмжлэлийг иргэд хэлж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Сүүлийн хоёр ч сонгуулийн үр дүнгийн ар дээр ажиглагдаж байгаа зүйл нь Ардчилсан нам үхчихлээ, бараг устчихлаа гэх мэт яриа нэлээд гарна билээ. Аливаа бодит шүүмжлэлийг хүлээж авалгүй л яахав. Үүн дээр би хэдэн бодитой баримт хэлье. Монголын улстөрийн орчинд бодит чадамжтай нам гэвэл АН, МАН гэж хоёр л нам байгаа. Бусад намууд бодитойгоор,урт болон дунд хугацааны төрийн бодлого боловсруулаад, олонх болж сонгогдоод түүнийгээшийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлэх хүний нөөцийн чадамж болоод бүтцийн чадамжгүй. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрчихмөөр байгаа юм. Дахиад ийм намууд гарч ирэх ч боломжгүй. Зарим нэгэн улс төр судлаачид гуравдагч хүчин гарч ирээд Ардчилсан намын орон зайг эзлэх боломжтой мэтээр ярьдаг. Ийм үлгэр хаана ч байхгүй. Ямар ч боломжгүй. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Нэг нийслэл, есөн дүүрэг, 172 хороо, 21 аймаг, 330 суманд хуваагддаг засаг захиргааны нэгжтэй. Тэр бүрд хүрч ажиллах, үйл ажиллагаа явуулах чадамжтай, сонгогч нэг бүрд хүрч мөрийн хөтөлбөр, намын бодлогоо танилцуулах, саналыг нь авах, тусгах, эргээд шийдвэр гаргах түвшинд хүргэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чадамж хоёрхон намд л бий.

-ХҮН нам бид хоёрдогч томоохон нам боллоо гэж удаа дараа мэдэгдсэн. Ардчилсан намын байр суурь ганхчихсан юм биш үү?

-ХҮН сүүлийн хоёр сонгуулийн ард манайх хоёрдогч хүчин боллоо гэж дуугарсан. Би ойлгохдоо, ХҮН Ардчилсан намаас илүү гарчихлаа гэж хэлэх гээд оролдоод байгаа юм болов уу гэж санасан. Тийм ямар ч бололцоо байхгүй, ядаж нэг удаа Засгийн эрхийг барьж үзчихээд тийм юм ярих хэрэгтэй байна. Үгүй ядаж нэг аймагт засаглаж үзчихээд тийм зүйл ярих хэрэгтэй л дээ. Яг одоо Ардчилсан нам Монгол Улсын 21 аймгаас найман аймагт нь засаглаж байна. 330 сумаас 145-д нь засаглаж байна. Ардчилсан намаас сонгогдсон засаг дарга төрийн үйл хэргийг тэр 145 суманд удирдаж байна гэсэн үг. Ардчилсан нам улс төрийн хоёр дахь хүчин ч биш хоёр том хүчний нэг. Бодит байдал ийм л байна.

-Ардчилсан намыг шинэ залуу боловсон хүчин, шилдэг лидерийн дутагдалд орсон гэж харах ч иргэд бий.Боловсон хүчний бодлого дээрээ хэрхэн анхаарах вэ?

– Ардчилсан нам залуу шинэ лидерүүд, манлайлагчдаа нуучихсан байгаа. /инээв/ Намынхаа дотоод үйл ажиллагаа, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзах үйл ажиллагаанд олон жил оролцсон, бэлтгэгдчихсэн чадалтай залуучууд хангалттай байгаа. Тухайлбал, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд гэхэд “MarsV” гээд олон улсын хэмжээний төсөл санаачлаад хэрэгжүүлээд явж байна. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Шижир ямар чадалтай залуу вэгэдгийг бүгд л харлаа. Дотоодын болоод гадаадын шилдэг их дээд сургуулиудыг төгссөн, Монголдоо олон салбарт хангалттай хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан шилдэг залуучууд бидэнд бий. Энэ залуучуудаа гаргаад ирэхэд Монголын нийгэм Ардчилсан намд алга ташина гэдэгтби итгэлтэй байдаг. Тэр шинэ үеийн лидерүүдээ хэзээ яаж гаргаж ирж танилцуулах нь шинэ Генсекийн мэдэх асуудал болов уу.

-МАН Ардчилсан намаас амжилтаараа хол тасарчихлаа. Тэдний амжилтыг гүйцэхийн тулд ямар төлөвлөгөө боловсруулах вэ?

Сүүлийн хоёр УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН үнэмлэхүй олон суудал авсан. Гэхдээ үүн дээр Ардчилсан нам сандраад, санаа зовсон зүйл байхгүй. Учир нь бид нар бодитой тоог харж байгаа. МАН УИХ-ын 76 суудлын 62 суудлыг нийт сонгогчдын 90 гаруй хувийн саналаар авсан бол Ардчилсан намынхан сандрах ёстой. Гэтэл бодит тоог нь хараад би хувьдаа огт сандрахгүй байна. Учир нь МАН нийт сонгогчдын 40 орчим хувийн саналаар 90 орчим хувийн суудал авч ялаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгуульд өрсөлдөх арга зүйн асуудал гэсэн үг. Тиймээс манай нам сонгогчдын дэмжлэгийг авахаа байчихлаа гээд сандраад байгаа юм бол алга. Нөгөө талаас нь харах юм бол сүүлийн УИХ, Ерөнхийлөгчийн гээд хоёр ч сонгуулиудад МАН яллаа. Тэгэхээр Ардчилсан нам алдаа дутагдалдаа, ялагдалдаа дүгнэлт хийх ёстой. Цаашид сонгогчдын хүсэн хүлээж байгаа, хүлээн зөвшөөрөх нэр дэвшигчдийг, бодлогыг нь судлах ёстой, гаргаж ирж дэвшүүлэх ёстой, боловсруулах ёстой. Сонгуульд өрсөлдөх арга зүйдээ шинэчлэл хийх ёстой.

Асуудлыг бүр өргөн хүрээнд харах юм бол, сүүлийн 30 жилд Монголын улс төрийн орчинд Ардчилсан нам ямагт дэвшилтэт үзэл, шинэ санал санаачилга, сайн хандлагыг авчирч байсан. Хамгийн сүүлийн үеийн жишээ болгож хэлэхэд Ц.Мөнхцэцэг нарын гишүүд УИХ-д өргөн бариад явж байгаа Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал тэр чигээрээ шахуу 2016 онд Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хүрээнд яригдаж байсан үзэл, зарчмууд байна билээ. Энэ мэтчилэн үзэл баримтлалын түвшинд, бодлогын түвшинд, бодит хийж бүтээсэн ажлын түвшинд Ардчилсан нам үргэлж урагшаа давшсан, нийгмээ урагш чирсэн, Монголынхоо улс төрийн орчныг илүү сайн сайхан болгох гэсэн алхмуудыг хийж байдаг. Цаашид ч хийсээр байх болно. Тухайлбал, Ардчилсан нам Монголын улс төрийн тавцанд “бодлогын өрсөлдөөний соёл”-ыг оруулж ирэхээр ажиллаж байна. Энэ бол Монголын улс төрийг урагш огцом түлхэх хүч байх болно. Нийгмийн, иргэд сонгогчдын хүсээд байгаа хөгжлийн бодлого энэ соёлыг нэвтрүүлснээр бодитой болох юм.

-Шинээр томилогдсон удирдлагын багтаа хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?

-Сая хурлаар батламжлагдсан, томилогдсон дарга нарыг ийм тийм гэж дүгнэх нь хувь хүний дүгнэлт л болж хувирна.Үүнээс илүүтэйгээр Ардчислан намд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу, гишүүд биечлэн саналын хуудсан дээр дугуйлаад санал өгөөд мөн хурлаараа шийдвэрлээд гаргаад ирсэн удирдлагууд. Эдгээр удирдлагууд бодлогоо дөнгөж хэрэгжүүлж эхлэх гэж байна. Бодлого нь хэр оновчтой эсвэл алдаа дутагдалтай байхыг одоо хэлж мэдэхгүй. Би энэ багийн гишүүний хувьд дэвшүүлэх алсын хараа, баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажилд нь оюун бодлоо нэмэрлэж, гар бие оролцох болно. Ардчислан намын рейтингийг бодит тоон утгаар нэмэгдүүлээд явбал эсвэл нэмэгдүүлж чадахгүй бол тэр үед үр дүнг яриад шүүмжлэх нь илүү бодитой. Тиймээс гишүүд дэмжигчид, иргэд, сонгогчид дүнгээ тавьж, цаг хугацаа түүнийг нь харуулах болов уу гэж хариулах байна.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин үхэр өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 13, Санчир гариг. Билгийн тооллын 9, Чөдөр одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 7:55 цагт мандан, 17:18 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 3-5 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 12-14 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 25-30 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Актлах 532 автобусны хугацааг нэг жилээр сунгажээ

Нийслэлийн нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн нийслэлийн хөрөнгө оруулалттай хоёр компани, хувийн хэвшлийн 17 компанийн 960 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрийн тал хувийг ирэх сард актад гаргахаар болсон ч ашиглалтын хугацааг нэг жилээр сунгажээ. Учир нь нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулах төсөв тодорхой батлагдаагүй байна.

Үйлчилгээнд явж буй 532 автобусны ашиглалтын хугацаа хэдхэн хоногийн дараа дуусах талаар албаныхан мэдээлсэн. Гэсэн ч эдийн засгийн боломжгүйн улмаас шинээр авч чадахгүй тул засварлаж, тоног төхөөрөмжийг нь сольж байгаа аж. Ийнхүү засварлаж, ашиглах хугацааг сунгаж байгаа ч хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч, олон цагаар түгжрэл үүсгэх асуудал гарсаар байгааг Тээврийн цагдаагийн алба болон зорчигч тээврийн нэгдлүүдийн төлөөлөл хэлж байна.

Актад гарах хугацаа нь болсон эдгээр автобусыг хэзээ шинэчлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас асуухад “Парк шинэчлэлтийн төсөв батлагдвал асуудалгүй” гэлээ. Автобусыг хамгийн дээд тал нь 12 жил ашиглах хугацаатай байдаг ч Монголд заасан стандарт хугацааг хэтрүүлж ашигладаг нь нэг талаар эрсдэл дагуулж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны төсөв 81.0 тэрбум төгрөгөөр батлагдлаа

Монгол Улсын Их хурлын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

/тэрбум төгрөгөөр/

Эргэн сануулахад 2020 – 2021 онуудад шүүхийн төсвийг 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулснаар шүүх эрх мэдлийн салбарт дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нийт 115 автомашинаас 84.3 хувь буюу 97 автомашины ашиглалтын хугацаа 2020 онд дуусаж байсан асуудлыг шийдвэрлэж бүх шүүхийн тамгын газруудад автомашины парк шинэчлэл хийгдсэн.

Ширээний компьютер 860, шүүх хуралдааны заалны тоног төхөөрөмж 30, принтер 140, хувилагч машин 20, өндөр хурдны 9 ширхэг сканер, архивын зориулалттай 96 ширхэг нягтруулсан шүүгээ тус тус худалдан авч нэн шаардлагатай байсан техник, тоног төхөөрөмжийн 61.1 хувийг бүрэн шинэчлэн, хүрэлцээ хангамжийг сайжруулсан.

Давхардсан тоогоор 50 шүүхийн тамгын газрын барилга байгууламжид их болон урсгал засвар, зай талбайг нэмэгдүүлж өргөтгөх ажлуудыг хийж шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын байрны нөхцөлийг сайжруулсан зэрэг болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн багц нийт 81.0 тэрбум төгрөг үүнээс

– Урсгал зардал 77.0 тэрбум төгрөг

– Хөрөнгө оруулалтын зардал 4.0 тэрбум төгрөгөөр;

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны төсвийн багц 2,7 тэрбум төгрөг үүнээс

– Урсгал зардалд 1,7 тэрбум төгрөг

– Хөрөнгө оруулалтын зардал 1,0 тэрбум төгрөгөөр тус тус батлагдлаа.

Ийнхүү шүүхийн 2022 оны төсөв 81.0 тэрбум төгрөгөөр батлагдсанаар шүүх эрх мэдлийн салбарт тулгамдаж байгаа шүүхийн барилгуудын их засварыг хийх, тавилга, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хангамж, баталгааг дээшлүүлэх олон ажлуудыг хийж хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын “Шат” кино Чикагогийн хүүхдийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ

Найруулагч П.Золжаргалын найруулсан “Шат” богино хэмжээний кино 38 дахь удаагийн Чикагогийн хүүхдийн кино наадмын тэргүүн шагналыг хүртжээ.

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын урлагийн зөвлөл “Бид чадна – Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн.

Ташрамд дуулгахад, “Шат” богино хэмжээний киног найруулагч П.Золжаргал найруулсан бөгөөд тэрбээр продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтран зохиолоо бичсэн юм байна. Түүнчлэн “Шат” бүтээлийн гол дүрд Б.Эгшиглэн, Б.Даваасүрэн нар тогложээ.

Categories
мэдээ спорт

МҮОХ-ны ээлжит чуулган энэ сарын 30-нд болно

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган энэ сарын 30-нд болно. Уг чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүн болох ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүд сонгогдоно.

Дээрх албан тушаалуудад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын зэрэг эрхэм өрсөлдөх магадлалтай байна гэж салбарынхан нь таамаглаж байна.

Мөн Х.Баттулгыг ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан Э.Мөнх-Очир, Монголд жюү жицүгийн спортыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн “Гаруда” акамемийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ, воллейболын холбооны генсекээр 22 жил ажиллаж, үүгээрээ ном гаргасан Ц.Бат-Энх нарын нэр ч сонсогдож байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

ХЭҮК: Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байна

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн хэрэгжилт Өмнөговь, Дундговь аймагт ямар байгаад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг хяналт, шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийн холбогдох заалтуудын хүрээнд явуулж байгаа бөгөөд, эрх бүхий албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, холбогдох баримт материалыг гаргуулах, хуулбарлан авах зэрэг хэд хэдэн аргачлалаар зохион байгуулж байгаа юм.

Комиссын гишүүн холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор шаардлага, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлнэ.

Эх сурвалж: ХЭҮК