Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяны хүрээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 15,17 дугаар хороодын Засаг дарга, түүний ажлын алба, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтанууд хамтран зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Сүхбаатар дүүргийн орлогч дарга н.Шижир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгч, иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг таниулж, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, зөвлөмж өгч ажиллана.

Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороонд нийт 4125 айл өрхийн 12000 гаруй иргэн амьдардаг байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихэсч, иргэд гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: НОБГ


Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрэн дээр гарсан ослын улмаас 1 хүн гэмтжээ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, Энхтайван гүүрэн дээр өчигдөр орой зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Нийтийн тээврийн автобус суудлын машинтай мөргөлдсөн ослын улмаас автобус гүүрний далан руу унасан. Тус ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.

Нийтийн тээврийн автобус нь зорчигчгүй хөдөлгөөнд оролцож байсан аж. Одоо тус осол хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Б.Ичинхорлоо Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн даргаар томилогджээ

Өчигдөр Монголын зохиолчдын эвлэлийн 17 дугаар их чуулган болж өндөрлөжээ. Тус чуулганаар Яруу найрагч Б.Ичинхорлоо удирдах зөвлөлийн даргаар томилогдсон байна.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, “Сайхан өдрийн мэнд хүргэе. Өчигдөр болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн 17 дугаар их чуулганд монголын зохиолчдын эвлэлийн гишүүд, орон нутгийн салбар хорооны гишүүд мандатын эрхтэй 268 төлөөлөгч чуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо. Удирдах зөвлөлийн даргын сунгаанд миний бие мөрийн хөтөлбөрөө танилцуулан, үнэмлэхүй олонхийн саналаар ирэх дөрвөн жилд их айлыг удирдах үүрэг хүлээлээ. Их хуралдаа зорин ирж, их утгазохиолын ирээдүйн төлөө сэтгэл тавьж, бодлоо чилээж, саналаа хэлж, дэмжиж, шүүмжилж, шинэ санаачлага, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан Эрхэм нөхөддөө баярлалаа. Та бүхний онгод билиг дүүрэн, уран бүтээл арвин, амьдрал нь аз жаргалтай, дэлгэр сайхан байх болтугай. Хичээж ажиллана аа” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“WhatsApp” дээр хувийн мэдээллээ нуух боломжтой боллоо

Алдарт “WhatsApp” мессенжерийн хөгжүүлэгчид тодорхой харилцагчдаас хувийн мэдээллээ нуух боломжийг хэрэглэгчдэд олгох функцийг нэмжээ. Өөрөөр хэлбэл, тус платформ хэрэглэгчдэд хувийн мэдээллээ тодорхой харилцагчдаас нуух боломжийг олгож эхэлсэн гэсэн үг.

Энэ функц нь Android болон iOS үйлдлийн систем дээр ажиллах боломжтой аж. Гэвч хэрэглэгч өөрөө хувийн мэдээллээ нуухын хүсвэл мэдээллээ “унтраагаад” профайл зураг, ерөнхий мэдээлэл зэргээ бусдад харагдуулахгүй нууж хязгаарлах боломжтой юм байна.

(Эх сурвалж: Mignews)

Categories
мэдээ нийгэм

“100 өдөр 100 уран бүтээлч” фото арт үзэсгэлэн дэлгэгдэнэ

Үе үеийн урчуудын дүр төрх, тэдгээрийн орон зайг сонин содноор буулгасан уран бүтээлч Ж.Мөнхжаргалын “100 ӨДӨР, 100 УРАН БҮТЭЭЛЧ” фото зургийн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна.

Үзэсгэлэнгийн нээлт арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 17.00 цагаас “B CONTEMPORARY ART GALLERY”-д болно. Ингээд энэ сарын 24-ний өдрийг хүртэл тус танхимд өдөр бүр дэлгэгдэх юм.

Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-18:00

Байршил: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэдэх “B CONTEMPORARY ART GALLERY”, 8800-7074

Categories
мэдээ нийгэм

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫГ “ХАНГАРДИ” ОДОНГООР ШАГНАЛАА

Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг өчигдөр /2021.11.12/ нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.

Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийг дуу, хөгжимтэйгээр найруулан тавьж, тайзны нээлтээ хийж байсан аж.

Түүхэн хөгжлийн 90 жилийн хугацаанд тус театр дэлхийн сонгодог бүтээлүүд болон өөрийн орны зохиолчдын 500 гаруй сор бүтээлийг урлагийн их тайзнаа амилуулж, үе үеийн алдар цуутай олон уран бүтээлчийг төрүүлэн, нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх, тэднийг соён гэгээрүүлэх их үйлсэд болон урлагийн салбарт онцгой их хувь нэмэр оруулсан юм

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирж буй иргэн вакцины бүрэн тун хийлгээгүй бол гэртээ тусгаарлагдана

Гадаад улс орноос Монгол Улсад ирж байгаа иргэдийг хил нэвтрэхээсээ өмнө 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой гэдгийг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Коронавирусээр халдварлаад эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ. Түүнчлэн КОВИД-19 вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.

Харин КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй, бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй бол 7 хоног гэрийн тусгаарлалтад байна. Мөн тухайн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног өнгөрсөн ч вакцин хийлгээгүй 18 хүртэлх насны хүүхэдтэй хамт ирсэн бол 7 хоног гэрийн тусгаарлалтад байх журам үйлчилж байгаа юм.

Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг халдвар, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, КОВИД-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж, шинжилгээнд хамрагдахыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Улсын тооллогын талаар цахим хурал боллоо

Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллогын талаар аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа нар сумдын ажлын хэсэгтэй цахим хурал хийлээ.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3-р улирлын байдлаар Хэнтий аймгийн хувьд 2500 орчим аж ахуй нэгж байгууллага, 2600 хувиараа хөдөлмөр эрхлэгч тооллогод хамрагдахаас өнөөдрийн байдлаар 20 хувьтай үргэлжилж байна.
Засаг даргын орлогч Л.Батсайхан хурлаар ААНБ тооллогын үйл явц, хамрагдалтыг эрчимжүүлэх талаар, Статистикийн хэлтсийн дарга Т.Сэдэдмаа хамрагдвал зохих ААНБ болон татан буугдсан байгууллагуудад авах арга хэмжээ цаашид хэрхэн ажиллах талаар сумдын ажлын хэсэгт зөвлөгөө өглөө.
Тооллогод хамрагдах нь тухайн аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд статистикийн хуульд заасан үүрэг бөгөөд харгалзах салбарын болон засаг захиргааны нэгжийн түвшинд нэгтгэсэн мэдээлэлтэй болж, түүнийгээ шийдвэр гаргалт, бодлого төлөвлөгөөнд ашиглах боломж бүрдүүлэх чухал ач холбогдолтой. Мөн тухайн аж ахуйн нэгж байгууллагын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг тодорхойлж, баримт судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулахад ашиглах боломжтой юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Улаанбаатарт 680, орон нутагт 308 тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 988 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын нь Улаанбаатар хотод 680, нь орон нутаг 308 тохиолдол батлагдсан байна.

Мөн сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас 10 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1786 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана

Энэ сарын 12-ны Баасан гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 98, II тунд 220, нэмэлт сэргээх тунд 4336, нийт 4654 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67689 (76.2 хувь), 16-17 насны 26639 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.13/ Улаанбаатар хотод явуулын 11, суурин 21 цэгт 41 багийн 163 эмч, ажилтан ажиллаж, 4518 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.