Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын эсрэг вакцины III тунд 501.132 иргэн хамрагджээ

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 3,888 иргэн хийлгэжээ.

Ингэснээр бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 501.132-д хүрлээ. Энэ нь нийт хүн амын 15 хувийг эзэлж байгаа.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,257,541 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгээд байгаа бол 65.9 хувь нь буюу 2,144,535 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

May be an image of map and text

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө, орлогын мэдүүлэг нь зөрчилтэй таван албан тушаалтанд хариуцлага тооцно

Авлигатай тэмцэх газар энэ сарын 1-4-ний өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 12 албан тушаалтны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлээд байна. Шалгалтаар зөрчилтэй 5, зөрчилгүй 5 байсан бол 2 зөрчилд тооцохгүй анхааруулах арга хэмжээ авчээ.

Зөрчилтэй албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар “Монголын цахилгаан холбоо” ХК, “Миат” ХК-д албан бичиг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 18-наас ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны арваннэгдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

Энэ сарын 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эр, Үүр, Туул, тэрэлж гаолын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Энэ сарын 16-нд нутгийн баруун хойд, 17-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн тоглоомыг 2 хувийн содын уусмалаар угааж, цэвэрлэхийг зөвлөж байна

Өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай зөвлөгөө мэдээлэл хүргэе.

• Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах

• Хүүхдийн тоглоомыг 2 хувийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)

• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх

• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх

• Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх

• Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх

• Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгэх

• Ахуйн бээлий хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа

Хакеруудын www.raidforums.com сайтад байршсан Монгол Улсын 2,3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдах зарын талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархаад байна. Үүнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргажээ.

Сэрэмжлүүлэгт, “Монгол Улсын 2,3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар www.raidforums.com вэбсайтад 2021.10.06-ны өдөр байршсан ба энэ үеэс Тагнуулын байгууллага анхааран судлаж байна.

Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.

Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг болно. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна.” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2022 ОНЫ УЛСЫН ТӨСӨВ: Авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ

2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт тусгалаа.

2022 оны төсөв нь Монгол Улсын төсөв мөнгөний бодлогод реформ хийх, Ковид-19 цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах мөн ковидын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх оноос хүүхдийн мөнгөний 50 хувийг бэлнээр авна

УИХ-аас ирэх оны төсвийг өнгөрөгч Баасан гаригт /2021.11.12/ баталлаа. Ингэснээр 2022 оноос хүүхдийн мөнгөний тодорхой хувийг бэлнээр авах боломжтойг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн юм.

Тухайлбал, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох болно. Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байгаа аж. Ингэхдээ, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, долдугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байхаар тусгажээ.


ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАРТАЙ, ОРЛОГО БАГАТАЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИЖ ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ ШИЛЖИХ ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ

Хүн амын өсөлтийг дэмжсэн, эрүүл мэндийн байдлыг харгалзан олгодог тусламж, дэмжлэгийг халамжаас тусгаарлаж, цаашид халамжаас зөвхөн нийгмийн даатгалаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэр бүлийн гишүүд, түүнчлэн нэн ядуу болон нийгэмд бие даан амьдрах чадваргүй хүнийг халамжийн тогтолцоогоор хамруулдаг болно. Хөдөлмөрийн насны орлого багатай өрх, иргэдэд олгох халамжийг ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй болгоно.

Categories
мэдээ эдийн-засаг

2022 ОНЫ УЛСЫН ТӨСӨВ: Төрийн бүх шатны байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана

Ирэх 2022 оны төсөвт Бүх шатны төрийн байгууллагын сургалт, семинарыг цахимаар зохион байгуулахаар тооцож холбогдох зардлыг бууруулах зорилт тавьжээ.

Тодруулбал, Гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг хэмнэнэ. Мөн бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулна.

ХУВИЙН ХЭВШИЛ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖТОЙ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨР ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙДЛААС ТАТГАЛЗАЖ СТАНДАРТ-ЧАНАР-ӨРСӨЛДӨӨН-Д СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨР ХУДАЛДАН АВДАГ ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ.

Төр өөрөө гүйцэтгэх шаардлагагүй, хувийн хэвшил хэрэгжүүлэх боломжтой төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ. Ингэхдээ үйлчилгээний тарифыг өрсөлдөөн бий болохуйц хэмжээнд үндэслэлтэй тогтоож, санхүүжилтийг үр дүнтэй хуваарилах механизмыг бий болгоно.

Categories
мэдээ спорт цаг-үе

О.Баярхүү, С.Өлзийбаяр нар Мастерсын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

АНУ-ын ЛасВегас хотноо болж буй IBJJF холбооны Мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөх бүсийн М2 +94кг жинд барилдсан Сүхбаатар аймгийн харьяат Одсүрэнгийн Баярхүү хүрэл медалийн эзэн боллоо.

Харин ягаан бүсний М2 -94кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Сэлэмжавын Өлзийбаяр хүрэл медальтан боллоо.

May be an image of 1 person, standing, stripes, indoor and text that says 'IBJJ INTERNATIONAL BRAZILIAN JIU-JITSU FEDEF'

May be an image of 4 people, people standing, stripes, indoor and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ноос эхэлнэ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тонн мах бэлтгэх санхүүжилтийг бүрэн шийдсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5500 тонн мах бэлтгэж, нөөцлөөд байна. Энэ сарын 20-ноос ирэх сарын 20-нд махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн зургаан дүүргийн 31 байршилд ажиллана.

Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.