Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийдээс “Богд зонхоба” цогцолборыг бүтээхэд оролцож буй хүмүүст талархал илэрхийлжээ

Монголын бурхан шашны төв, Гандантэгчинлэн хийдээс Богд Зонхаба ламын их дүйчэн өдөртэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийсэн.

Энэ үеэр олон нийтийн шүүмжлэл дагуулаад буй “Богд зонхоба” цогцолборын талаар байр сууриа илэрхийллээ. Монголын бурхан шашны төвийн зүгээс “Богд Зонхоба цогцолбор байгуулах асуудлыг хэт их харлуулах, Богд Зонхобын сургаал номлолыг даган баясдаг хүмүүсийн сүсэглэх эрх чөлөөнд халдах зэрэг үйлдлүүд гарч байна. Тасганы овоонд баригдаж байгаа Богд Зонхоба цогцолборыг барина, барихгүй гэсэн олон шүүмжлэл нийгэмд байна. Үүнийг бид ажиглаж байгаа. Юуны түрүүнд энэ цогцолборыг бүтээхэд санаачилга, хичээл зүтгэл гаргаж буй эрхмүүдэд Гандантэгчинлэн хийдийнхээ нийт лам хуваргуудын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. 1924-1937 онд монголчууд дэлхийд үнэлэхийн аргагүй өв соёлоо устгасан ийм ард түмэн. Үүнд гадны харгис түрэмгий бодлого нөлөөлсөн ч энэ алдаагаа бид засч залруулах ёстой. Цогцолборыг барих зардал өндөр байж болох ч ирээдүйд, монголчуудын оюуны соёлд том хөрөнгө оруулалт болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ нийгэм

Хятадад коронавируст халдварын 21 тохиолдол бүртгэгджээ

Хятадын эх газарт ням гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 21 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 20 нь Өвөр Монголд, нэг нь Юньнань мужид бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд мужийн түвшний засаг захиргааны зургаан бүс нутагт халдварын 20 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Харин халдварын сэжигтэй юм уу халдвараар нас барсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Хятадын эх газарт ням гаргийн байдлаар халдварын 98672 тохиолдол илэрснээс 93249 хүн эдгэрч, 4636 өвчтөн нас баржээ. Одоогоор нийт 787 хүн эмчлүүлж байгаагаас найман хүний биеийн байдал хүнд байна.

Мөн сүүлийн 24 цагт халдварын шинж тэмдэггүй 22 тохиолдол илэрсний 18 нь эх газрын гаднаас зөөвөрлөгдөн иржээ. Ингэснээр ням гаргийн байдлаар эмнэлгийн хяналтад байгаа ийм тохиолдлын нийт тоо 456-д хүрснээс 385 нь зөөвөрлөгдөн ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн агаар орчны бохирдлын төслүүдийн удирдагч Д.Ихбаяр нар өнөөдөр “Таван толгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэр дээр ажиллалаа.

БНСУ-ын инженерүүд Таван Толгой Түлш компанийн зүүн бүсийн үйлдвэрийн технологийн горимыг хийж байна

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс барьж ашиглалтад оруулсан зүүн бүсийн үйлдвэр үйлдвэрлэлийн горимд ажиллаж эхэлсэн бөгөөд өдөртөө 1000 гаруй тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэхүү үйлдвэрийн давуу тал нь түлшээ газан бойлуур ашиглаж, усыг уур болгох байдлаар боловсруулах технологитой. БНСУ-ын уг технологийг нийт зургаан шугаманд суурилуулсан бөгөөд, шахмал түлш богино хугацаанд чийгээ хаяж, шууд савлагаанд шилжүүлдгээрээ давуу талтай. Мөн орчны тоосжилт, агаарын бохирдлыг багасгах үүднээс бутлуурын хэсгийн байгууламжийг газрын дор 9 метрийн гүнд байгуулсан байна.

Зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-ын Jeil machinery ХХК нийлүүлсэн бөгөөд тус компанийн удирдлагууд эдгээр өдөрт тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн технологийн горимын тохиргоотой танилцан, зааварчилгаа өгч байгаа юм. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өнгөрсөн хугацаанд тус компанийн инженер технологийн ажилтнууд манай улсад ирж чадаагүй байсан юм. Улмаар арванхоёрдугаар сарын эхээр БНСУ-аас Jeil machinery ХХК-ийн инженер, технологичид ирж, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, технологийн горимыг үйлдвэрлэлийн жигд ажиллагаанд шилжүүлэх талаар монгол инженерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа аж. Зүүн бүсийн үйлдвэр ирэх сардаа багтан үйлдвэрлэлийн жигд горимд бүрэн шилжиж өдөрт 3500 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр зорьж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зүүн бүсийн үйлдвэрийн давуу тал нь технологийн хувьд сайжирсан. Мөн үйлдвэрлэсэн түлшийг хатаах, савлах үйл явцыг богино хугацаанд шийдэж буйгаас гадна бүтээгдэхүүний бат бөх байдал сайжирна. Ингэснээр түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх асуудал ч давхар шийдэгдэнэ” гэлээ.

Мөн тэрбээр Таван Толгой Түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэхтэй холбоотой асуудалд “Цаашид зүүн бүсийн үйлдвэр дээр гурван шугам нэмж байгуулбал баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэснээс бага зардлаар Улаанбаатар хотыг түлшээр хангах боломж бий болно” хэмээн онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар : Хүн амын 50 хувь нь нэмэлт тунд хамрагдвал шар түвшинд шилжинэ

Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.

-2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Нийслэлийнхэн маань III тундаа хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Ирэх хаврын бүтээн байгуулалт өрнөх үеийн бэлтгэл суурь нь эрүүл монгол хүн байх учиртай. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм. Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын асуудал анхаарал татаж байна. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүргийг хотын удирдлагын баг хамт олон хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.

Удаах нэг эргэлзээ төрүүлсэн мэдээлэл бол иргэдэд үйлчилдэг төрийн анхан шатны нэгж болох хороог хуваах, шинээр үүсгэн байгуулах асуудал. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 171 хороотой. Хуульд нэг хороонд 10 мянга орчим иргэдтэй байхаар заасан. Гэтэл зарим хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна. Хэт ачаалалтай дүүргээ хуваах гэхээр УИХ-ын хэмжээнд шийдэх асуудал болдог. Жил тутамд 35 мянган гаруй иргэн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Нэг аймгийн төвийн хүн ам тэр чигээрээ нүүдэллэн суурьшиж буй энэ үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Жил тутамд орж ирж буй 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирдэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлж болохгүй гэдэг нь амьдралаас харагдаад байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн бага ангийн сургалтын агуулга хүнд байна

Эрдэмтэн, судлаачдын нийлсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш 174 сурах бичигт дүн шинжилгээ хийжээ. Тэд тайлангаа өнөөдөр БШУЯ-нд хүлээлгэн өглөө.

Тус баг сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан байна. Ингээд сурах бичгийг сайжруулахаас гадна хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарах шаардлагатайг салбарын яаманд зөвлөлөө.

Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.

Тиймээс боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.

Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Categories
мэдээ нийгэм

3 хоногийн дараа БНХАУ-аас авто замаар бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко саяхан манай улсад айлчилсан. Энэхүү айлчлалын үеэр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Тус хуралдааны үр дүнгийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр “ОХУ-ын талтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн арванхоёрдугаар сард тус улсад хийх айлчлалын бэлтгэлийг хангах, ирээдүйд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар ярилцсан. Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг ОХУ-тай хамтран хийхээр ажиллаж байгаа. Энэ ажлын бүтээн байгуулалт ирэх жил эхэлнэ. Мөн 2025 он хүртэл төмөр замын тарифыг шинэчлэх ажил хийхээр тохиролцсон. Түүнчлэн ОХУ-аас онгоцны түлш нийлүүлэх, байгаль орчин экологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар ярилцсан” гэсэн юм.

Мөн Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг хэзээнээс хэвийн горимд шилжүүлэх боломжтой талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ “БНХАУ-ын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа эхлүүлэхээр болсон. Гурав хоногийн дараагаас эхлээд авто замаар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх ажил хэвийн болно. Хоёр улсын хийлийн 0 цэг дээр ачаа бараагаа чингэлэг тээврээр солилцоно. Хүний оролцоо багатайгаар, чингэлэг тээврээр бараа бүтээгдэхүүнээ авч эхэлснээр эргэлт нь нэмэгдэнэ гэж тооцож байгаа. Өмнө нь жолооч нараа хил нэвтрүүлээд дараа нь тусгаарладаг байсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчилжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замчид Замын Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх төмөр замыг шинэчлэх ажлыг хийж дуусгажээ. Тус замд 1991 оноос хойш 30 жил их засвар хийгдээгүй байсан юм.

Замын-Үүд өртөөнөөс улсын хил хүртэлх 1800 метр төмөр замыг шинэчлэх ажлын хүрээнд суурийн даланг өндөрсгөж, буталмал чулуун суурьтай бетон дэр бүхий Р65 маркийн өндөр даацын зам төмрөөр шинэчилсэн байна.

Транзит болон экспорт, импортын тээврийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа үед энэхүү замыг шинэчилснээр галт тэрэгний хурд нэмэгдэж, хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

УОК: Иргэдийг өдрийн 100 мянган төгрөгөөр тусгаарлана

Өнгөрсөн бямба гаригт УОК-ын хуралдаж, коронавирусийн шинэ мутаци “омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргасан.

Тусгаарлах байрны үнийн мэдээллийг УОК-ийн шуурхай штабаас тодруулахад, “0-3 насны хүүхдийг тусгаарлахад төлбөр авахгүй. Том хүн нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлана. Мөн том хүмүүс өөрсдөө буудлаа сонгож илүү үнэтэй буудал сонгож болно” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 200 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1357, хулгайтай холбоотой 16, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 143, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 58 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 92, хүний биед халдсан 77, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 116, эрүүлжүүлэх байранд хоносон 200, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 54 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын 9-10 насны аварга тодорлоо

Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын 9-10 насны аварга тодорлоо. Тус тэмцээний 9-10 насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин Ч.Ундрам тэргүүлж, “Гэгээн арвай” клубын тамирчин А.Ану-Үжин, “Мөнгөн морь” клубын тамирчин И.Мөнхжаргал нар удаалсан байна. Тэмцээний эхний есөн байрт шалгарсан шатарчид өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.