Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүхч Д.Анхбаяр: Дэлхийн хамгийн том номын санд манай түүхэн бичвэрийг “Хятадынх” гэж тодотгосон байна

Соёлын сайд асан С.Чулууныг Өндөр Гэгээн Занбазарын түүхэнд хамрагдах эх сурвалжийг Хятадын талд үнэгүй шилжүүлсэн гэх хэргээр Цагдаагийн байгууллагаас шалгаад эхэлсэн. Бид энэ асуудлын хүрээнд МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцсан юм. Түүний тухайд хоёр жилийн өмнөөс дээрх хэргийн талаар “шүгэл үлээж” мэдээллийг задлаад байгаа юм.


-Соёлын сайд С.Чулууныг Өндөр Гэгээн Занбазарын намтар түүхтэй холбоотой эх сургалжийг БНХАУ-ын талд шилжүүлсэн байж болзшгүй гэх үндэслэлээр шалгаад эхэлжээ. Энэ эх сурвалжийг ном болгон худалдаалж байна гэх мэдээллийг та хэлж байсан. Та өөрөөр тухайн номыг яг үзэж танилцсан уу?

-Урд хөршид худалдаанд гарсан Өндөр Гэгээн Занабазарын номд Монгол Улс гэсэн нэг ч үг алга байна лээ. Номыг эрхлэн хэвлүүлсэн байгууллага нь Өмнөд Монголын Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Хэвлэлийн хороо гэж тэмдэглэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, ном, хэвлэл оюуны өмчийн хувьд энэ байгууллагынх гэсэн утгыг шууд илэрхийлж байгаа юм. Ингэхээр олон улсад Хятадын оюуны өмч, Хятадын бүтээл гэж л үзнэ. Үүнээс гадна номын арын хуудсанд “Дундад их улсын Ардын их сургуулийг 2019 онд дэлхийн жишигтэй их сургууль болгож хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж хэвлэв” гэж бичсэн байгаа юм. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндэсний номын санд байгаа, зохих хууль ёсны дагуу Монголын төрийн өмч болсон түүхийн ховор, онцгой сурвалжийг Хятадын сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд л ашиглаж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, энэ ном монгол хэлээр бичигдсэн шүү дээ. Гэтэл хаалтанд “Дундад улсын цөөн тоот үндэстний хэл” гэж тодотгосон байсан. Монгол Улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Гэтэл монгол хэл, соёлыг дэлхийд түгээх ёстой хүн энэ номд монгол хэлийг цөөн тоот үндэстний хэл гээд хүлээн зөвшөөрчихсөн байна. Энэ үйлдлийг ямар ч нөхцөлд зөвтгөх үндэслэлгүй үйлдэл. Тус номд С.Чулуун болон Б.Оюунбилэг гэх хүмүүсийн нэр л бичигдсэн байна лээ. Монгол гэх нэг өгүүлбэр, нэг үг ч байхгүй.

-Сайд асан С.Чулууны зүгээс “Би бүтээлээ Хятадад хэвлүүлсэн” гэх тайлбарыг хэлдэг шүү дээ?

-Бүтээлийг ингэж туурвихгүй л дээ. Хэрэв С.Чулуун Үндэсний архивын санд байгаа 640 мянган хуудас түүхэн бичвэрийг шууд скайнердаж, хэвлүүлчихээд түүнийгээ бүтээл гэж байгаа бол хэн дуртай нь архивын газраас мянга, мянган хуудсаар нь хэвлэж, гаргаад өөрийгөө ном бичсэн гэж хэлээд сууж байж чадна. Ямар ч судалгаа, эрдэм шинжилгээний боловсруулалт байхгүй, зөвхөн өөрийнхөө нэрийг тавьчихсан байгаа юм. Өөрийнх нь судалгаа гээд байгаа зүйл нь Занабазар гэж ийм хүн байсан гэсэн агуулгатай арван ч хуудас хүрэхгүй юм байна лээ. Үүнийгээ Хятадад өөрийнхөө бүтээлээ хэвлүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь түүхчдийг доромжилж байгаа үйлдэл.

-Архиваас материал шүүгээд ном болгож хэвлүүлэх нь нээлттэй байдаггүй юм уу. Эх хувь нь архивдаа хадгалагдаж л байгаа шүү дээ.

-Архивын тухай хуулиар энэ бол төрийн өмч. Үүнийг хамтран судалж болно. Гэхдээ хамтран судлахаар бол Монголын Үндэсний номын сангийн нэрийг дурдах хэрэгтэй. Таван судрыг скайнардаад зарж байгаа үнэ нь 1200 юань буюу 550 орчим мянган төгрөг. Тэрбум хүнтэй зах зээлд борлуулагдаж үүнээс орж ирэх ашгаас Монгол Улс, Үндэсний номын сан ямар хувь хүртэх зэрэг асуудлыг огт тодруулалгүйгээр нэг хүн албан тушаалаараа далайлгаж авч яваад Хятадад аваачаад өөрийн нэрээ тавьж хэвлүүлнэ гэдэг байж болохгүй асуудал. Хэвлүүлэхээр бол хувилах журам, үүнд холбогдох зөвшөөрөл гэж бий. Үүний дараа ашиг хуваах хувь зэрэг нь ил цагаан байх ёстой. Зөвхөн С.Чулуун гэж нэрээ тавиад хэвлүүлнэ гэдэг өөрөө хууль бус үйлдэл. Чулуун гэдэг нь өөрөө Хятадын эрдэмтэн гэж ойлголтыг төрүүлж байгаа юм. Үүн дээр гэрээ огт харуулахгүй байгаа. Зөвхөн албан ёсны зөвшөөрөл гэх бичиг харуулдаг. Тэр бичигт Соёлын яамнаас үүнийг Түүхийн хүрээлэнд хэвлүүлэхийг зөвшөөрөв гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл үүнийг нь Хятадад авч очоод нийтэлсэн байгаа юм. Хууль зүйн талаас нь харахад энэ мэт олон зөрчил ил цагаан харагдаж байгаа.

-Соёлын сайд асан С.Чулууны тухайд “Хүрээ сайдын хөмрөг”-ийн архивын материалыг урд хөрш рүү шилжүүлсэн талаар та хэлдэг. Үүнийг Хятадын талаас ном болгон худалдаалж байгаа гэх юм. Хамгийн ноцтой нь АНУ-ын Конгрессын номын санд тус “Хятадын түүх” гэсэн тайлбартайгаар байршсан тухай мэдээллийг та нийтэлж байсан шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Хүрээ сайдын хөмрөг”-ийн 640 мянган хуудас бүхий номын эхний 10 мянган хуудсыг 20 боть болгож Хятадад хэвлүүлсэн. Энэ номыг АНУ-ын Конгрессын номын сангийн каталогт “Хятадын Хүрээ гэдэг нэртэй хошууны орон нутгийн түүх” гэсэн тайлбартай оруулсан байх юм. АНУ-ын Конгрессын ном сан бол 38 сая гаруй номтой, дэлхийн хамгийн том номын сан. Энд манай түүхийн бичвэрийг “Хятадынх” гээд тодотгочихсон байна шүү дээ. Үүний ард зөөлөн хүчний бодлого явагдаад байна. Үүнээс цааш бид 50, 100 жилийн дараа ямар үр дагаварт хүрэхийг тооцоолох аргагүй. Үүнийг нэн даруй таслан зогсоох ёстой” гэв.

Дээрх асуудалтай холбоотойгоор Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “Өндөр гэгээн Занабазарын таван дэвтрийг хэвлүүлэх талаар Үндэсний төв номын сан, Түүх археологийн хүрээлэн гэрээ байгуулсан. Соёлын яам нь соёлын биет өвийн өмчлөгч байгууллага. Үндэсний номын сан бол хадгалах үүрэгтэй байгууллага. Салбар яамны зөвшөөрөлгүйгээр номын сан ямар ч гэрээ хэлцэл хийдэггүй. Бидний зүгээс яамны зөвшөөрлийн дагуу Өндөр гэгээн Занабазарын намтар эх түүхүүдийг эрдэм шинжилгээний зориулалтаар хэвлэн нийтлэхэд татгалзах зүйлгүй болно гэх зөвшөөрлийг үндэслэн төрийн байгууллагынхаа үүргийг биелүүлсэн. Түүх археологийн хүрээлэнтэй гэрээ хийсэн учраас энэ хэрэгт холбогдоод байх шиг байна. С.Чулууны өмгөөлөгчийн хэлж байгаагаар “Хоёр жилийн өмнө энэ асуудлыг ярьж байсан. Бид бүх холбогдох баримтуудаа гаргаж өгсөн ч прокурорын зүгээс ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн” гэх тайлбарыг хэлж байна лээ” гэсэн юм.

Categories
ардын-цолтон булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жадамбаа: Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг

Ардын багш цол хүртсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч, гавьяат багш, академич Б.Жадамбаатай ярилцлаа.


-Та 1977 оноос багшилж эхэлсэн юм билээ. Социализмын үед ч та багш нарыг сургаж байсан хүн. Нийгэм солигдсон ч багшийн багш байсан. Хоёр нийгмийн ялгаа их гарсан уу, өөрийгөө эвдэх шаардлага тулгарав уу?

-Гаралгүй яах вэ. 1977 онд би МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгсөөд, ШУА-д жил гаруй ажиллаад, их сургуульд багшилж эхэлсэн.

Өөрчлөлт, шилжилтийн бүх хугацаанд багшилсан юм. Хүн ажлаа хийж байхдаа тасралтгүй хөгжиж байдаг. Одоо харахад бүгдийг нэгмөсөн тэр дор нь өөрчилчихдөггүй юм байна. Нэг нийгмээс нөгөөд шилжихэд дөрөв, таван үе дамжсан байна. Эхлээд зах зээлийн нийгэмд шилжлээ гэхэд бид хуучин маягаараа, энерциэрээ явсан. АХБ-ны дэмжлэгтэйгээр Монголын боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах том ажил байсан юм. Тэр төлөвлөгөөг хийхэд ерөнхий боловсролын хэсгийг би хариуцаж судалгаа хийж байсан юм. Түүндээ үндэслэж мастер төлөвлөгөөгөө боловсруулсан. Тэр дагуу багшаа бэлтгэж эхэлсэн. Эхний хэдэн жил баахан гадны зөвлөхүүд авчраад, тэд зааж сургаад, түүнийг нь бид багш нартаа зааж байв. Энэ маягаар дөрөв, таван жил явсны дараа “Ер нь шууд гадныхыг хуулж болохгүй юм байна. Уламжлал, соёлоо үрэн таран хийчихгүй, түүндээ суурилах ёстой юм байна” гээд стратегиэ бас нэг жаахан өөрчлөх жишээтэй. Educa­tion гэдэг үгийг боловсрол гэж орчуулаад, өмнө нь хүмүүжилд анхаардаг байснаа хүмүүжил, хүн болгоно гэдгийг социалист ойлголт гээд хаясан. Хамгийн гол нь ёс суртахуунаа орхигдуулсан. Түүний үр дагавар одоо ч манай нийгэмд явж л байгаа. Хүмүүжил гэдэг үг боловсролынхоо дотор байдаг юм билээ. Сургана заана гэдэг үгнүүдийг нь аваад, сурган хүмүүжүүлэх гэдэг юм аа хаячихсан. Түүнийгээ залруулж, Монголын уламжлалд түшиглэх болсон. Монгол уламжлалд сурах гэдэг хүний эрх, хүмүүжих гэдэг хүний үүрэг гэж үздэг. Үүргийг нь мартаад, эрхийг нь аваад явсан чинь жаахан алдаа гарсан. Сүүлдээ ёс суртахуунтай хүний тухай ярьж байна. Ёс суртахуун гэдгийн цаана хүмүүжил байх юм байна гэж ойлгоод, Монголынхоо уламжлал, соёл хүнээр хүн хийх ухаандаа түшиглээд боловсролоо өөрчилье гэж байгаа юм. Барууныхан хүмүүжил гэж нэг их ярьдаггүй. Харин монголчууд хүн болно гэдгийг нэгт тавьдаг. Хүн болсон хойно нь саванд нь, онцлогт нь тохируулаад хөгжүүлнэ гэж байгаа юм. Орчин үед суралцахад ач холбогдол өгч байна. Багш, суралцагч хоёр хамтдаа мэдлэг бүтээдэг уламжлал чухал юм байна гэж үзээд байна. Барууныхан зөөлөн чадвар гэж ярьдаг. Зөөлөн чадвар гэдэг өнөөдрийн Боловсролын хуулинд яваа хүмүүнлэг боловсрол, хүн бусадтай харьцахдаа энэрэнгүй байх ёстой гэсэн утга санаа. Юм гэдэг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна.

-Та хүүхэд төдийгүй томчууд ч бас өөрийгөө хөгжүүлэх, сурах арга барилыг өөртөө суулгах гэж хичээж яваа гэж хэлсэн байна лээ. Эцэг эхчүүд “Хүүхэд маань сууж чадахгүй байна, сурах дургүй байна гэцгээдэг шүү дээ. Сурах арга барилыг яаж суулгах вэ?

-Уламжлал,шинэчлэлийг зөв хослуулах хэрэгтэй юм билээ. Дээр үед монголчууд хүнд ийм мэдлэг чадвар эзэмшүүлнэ, ийм хандлага төлөвшүүлнэ гэхээсээ эрдэм сургах аргад сургана гэдэг байсан. Сурах арга барил эзэмшүүлнэ гэдэг маш энгийн. Боловсрол гэдгийг маш энгийнээр ойлговол хүний хийж байгаа аливаа үйл, түүний үр дүн. Хөдөлмөр хийж хүн болдог гэдэг. Гурван О-гийн зарчим гэж би яриад байгаа. Эхлээд оролцох ёстой, дараа нь оролдлого хийх ёстой. Оролдоод эхэлвэл ололт бий болно. Сурах арга барилд сургана гэхээр хүн хүн янз янзаар сурдаг. Гэхдээ хүн хамгийн эхлээд аливаа юмыг ажиглаж байж үйлээ баримжаална, хийж үзээд, буруу болсон бол хаана алдав гээд тасралтгүй суралцаж байдаг.

-Зах зээлд шилжиж олон хүн ганзагын наймаа хийж байсан үед та анхны Фулбрайтын тэтгэлэгт хамрагдаж, АНУ-д Петсбургийн их сургуульд нэг жил ажилласан гэсэн. Орос, Америкийн боловсрол эрс ялгаатай байв уу?

-1990 онд Багшийн дээд сургуулийг Боловсролын их сургууль болгоод, намайг эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал бөгөөд Багш нарын мэргэжил дээшлүүлэх инситутын захирлаар томилж байсан юм. Би их сургууль төгсөөд, сургуульдаа багшилсан. Цэцэрлэг, сургууль, бага ангийн багш нартай газар дээр нь очоод хичээл заадаг. Эндээс асар ихийг сурсан.

Ерээд онд зах зээлд шилжихэд хуучнаа хэрэггүй гээд орхисон. Хөдөө сургуульд сурах бичиг байхгүй. Данидагийн төсөл орж ирээд, тэрийг удирдаад одоо хүртэл явж байна л даа. Бүх сурах бичгийг хэвлэж, сургуулиудаар үнэгүй тарааж, багш нарыг шинэ арга зүйгээр сургасан. Багш төвтэй байснаа шавь төвтэй болсон. Сурах бичигтэй болоод, багш нарыг мэргэжил дээшлүүлээд цэгцрээд ирсэн. Анх хил нээгдэхэд Фулбрайтын тэтгэлэг хоёр ирсэн. Сайд дуудаад “Чи энд явна” гэсэн юм. Орост төгссөн хүн огт өөр ертөнцөд бууж байлаа. Монголоос анх Фулбрайтын тэтгэлэгт явж байгаа гээд АНУ-ын Элчин сайд эхнэртэйгээ Бээжингийн онгоцны буудал дээр тосоод, маргааш өглөө нь Америкийн онгоцонд суулгаж өгч байсан юм. Тэгэхэд би орос хэлтэй. Хойно Москвагийн их сургуульд сурч байхдаа англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл уншдаг байсан. Сүүлд би яаж ярьж байсан юм бол гэж бодсон. Гэхдээ намайг тосч авсан профессортой яриад, боломжийн үнэтэй байр түрээслэж аваад ойлголцоод л явсан. Нэг жил болоход маш их юм өөрчлөгдсөн. Багш нар маань англи хэл сурахын тулд чихний бөглөө гарах ёстой. Зурагтныхаа дууг чангалаад, мэдээ сонс гэсэн. Эхлээд үгийг нь шүүрч авч чадахгүй хоёр сарын дараа дасч ирсэн. Чой. Лувсанжав гуайн хар номоо бариад очиж байсан. “Зөв, буруу нь хамаагүй бидэнтэй яриад бай” л гэсэн. Кофе ууж суухдаа ч яриад л байсан. Юугаа ч ярьж байсан юм.

Оросууд академик, шинжлэх ухааны үүднээс юмыг углуургаар нь заадаг. Би Петсбургийн их сургуульд Боловсрол судлалын сургууль дээр нь очоод, дэд захиралтай нь яриад “Би физикч хүн, МГУ-д онолын физикээр хамгаалсан хүн. Танай физикийнхэнтэй уулзья” гэсэн юм. Нэг өдөр намайг уулзуулсан. “Та юу хийдэг хүн бэ” гэхээр нь би баахан томъёо бодоод. Нөгөөдүүл чинь шүтээд. “Та нар юу хийдэг вэ” гэсэн чинь “Бид жаахан өөр” л гэж байна. Их сургуульд багш байхдаа дугуй заалны том самбарт баахан томъёо бичээд, хамгийн сүүлийнхээ томъёог бичээд хөлс чийхрээд гардаг байлаа. Оросууд бол тэр рүүгээ анхаардаг. Нөгөөдүүл нь хэрэглээг анхаардаг. Өөрөөр хэлбэл нэг нь академик, нөгөө нь прагматик. Явж явж аль аль нь чухал юм билээ.

-Урд цагт монголчуудын хувьд багш гэдэг төрүүлсэн эхтэй адил ачтан гэж хүндлэгдэж байсан. Орчин үед багшийн байр суурь, багшид хандах хандлага өөрчлөгдөж байна л даа. Яаж шавь нартаа хүндлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх талаас нь зөвлөдөг үү?

-Зөвлөнө өө. Монголчууд багшийг эрхэмлэн дээдлэдэг уламжлалтай. Би ч бас багшийн гэр бүлд өссөн, ах маань багшилдаг байв. Социализмын үед багш нар үнэлэмж өндөртэй, нийгмийн баталгаа сайтай, хангалттай цалинтай. Идэж уух өмсөх зүүхэд хүрэлцээтэй байв. Багш өдрийн бүх л цагаа шавь нартаа зориулдаг, сургууль дээр өнгөрүүлдэг байсан. Одоо бол шавь нар маань “Багш та гоё юм ярих юм. Амьдрал болохгүй байна. Цалин хүрэхгүй байна” гэдэг. Ингээд багшийн хичээлээс гадуур хүүхэдтэй ажиллах цаг нь багасаад ирнэ. Багш, хүүхдийн холбоо нь алгуур сулраад, багшийн үнэлэмж буурсан. “Манай муу багш” гэх юм гэж шавь маань ярьдаг. Сайн багш нар байна л даа. Би хэлдэг юм. “Та нар хэрэглээгээ жаахан хязгаарлаж үз. Нэг өдөр та нар өндөр цалинтай болчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ сайн ажилла. Хичээлийн бус цагаар цаг гаргаж чадахгүй бол хичээлийн цагаа хүүхдэд бүрэн зориул” гэдэг. Дандаа нийгмийн асуудал ярих биш өөрсдөө бас хичээх ёстой. Ингэж чадвал хүүхдүүд чинь хүндэлнэ, “Манай багш” гэж ярьдаг юм аа гэдэг. Боловсролын хуулинд миний нэг яриад байгаа юм, цалин мөнгөнөөс гадна багшийг дэмжих, газар олгодог ч юм уу, багш нарт хандсан тусгай бодлого гаргах хэрэгтэй байна. Цалин нэм гэвэл багш нарынхыг нэмвэл эмч нарынхыг нэмэх болно. Өнөөдөр Монголд бүх л хүний цалинг нэмэх шаардлагатай байгаа шүү дээ. Үнэлэмж дээшлүүлэхэд нийгмээс гадна багшаас бас олон юм хамаарна. Багш нарын холбооны тэргүүний хувьд багш нарт юу захидаг гэхээр “Өдөр тутам хөгж” гэдэг. Нэг хэсэг багш хүн менежер байх ёстой, технологи мэддэг байх ёстой гээд олон шаардлага тавьж, баахан бужигнуулсан. Одоо бол багш хичээлээ чанартай заадаг, хүүхдүүдтэйгээ хамт хөгждөг, хүүхдийнхээ ялгаатай өвөрмөц байдлыг тооцдог байх ёстой гэж зөвлөдөг. Хүүхэд багшдаа багшилдаг байхгүй юу.

-Манайхан ингэж ярьдаг л даа. Өмнө нь багш хүн түмний хүүхдийн төлөө үнэхээр зүтгэдэг байсан. Одоо бол хүүхэдтэй сэтгэлээсээ ажилладаг хүн цөөн болсон” гэцгээдэг. Мэдээж энэ бүхэн багшийн цалин хөлстэй холбоотой байх. Гэхдээ үнэхээр багш болъё. Хүний хүүхдэд юм заагаад өгчихье гэсэн сэтгэлтэй хүн багш болж чадаж байна уу?

-Багшийн нийгмийн асуудал ийм байгаа учраас хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Судлаад үзэхээр зөвхөн Монголд ийм биш байна. Дэлхий нийтэд ийм хандлага байна. Багш болъё гэсэн хүсэлтэй хүн хаана байна гэхээр Солонгост багш өндөр цалинтай учраас сайчуул нь багш болно гэдэг юм билээ. Хятадад бас тиймэрхүү шинжтэй. Гэхдээ багш нар маань хүний хүүхдийн төлөө ажиллаж л байгаа юм. Урд нь хүүхэдтэйгээ хичээлийн дараа ч өдөржингөө сургууль дээрээ хамт байх бололцоотой байсан юм. Би Архангайн Тариатын арван жилийн сургууль төгссөн хүн. Багш маань үдээс өмнө хичээлээ заачихаад, үдээс хойш давтлага өгөөд, хүүхдүүдтэйгээ бодлого бодоод, шатар тоглоод, спортын арга хэмжээ зохиогоод сургууль дээр багш, хүүхдүүд хамтдаа байдаг байсан. Одоо бол тэр хугацаа багассан. Хичээл заалаа, хүүхэд гэртээ харина.

-Таны одоо эрхэлж байгаа ажил Боловсролын суурь судалгааны төвийн эрхлэгч шүү дээ. Суурь судалгаа гэхээр юуг онцолдог вэ?

-Манай Боловсролын хүрээлэн гээд боловсролын чиглэлээр судалгаа хийдэг газар байна. Сурах бичиг, хүүхдийн нас сэтгэцийн онцлогт тохирч байна уу, агуулга ямар байна гээд манайхан голдуу хавсарга судалгаа хийгээд байгаа юм. Суурь судалгааны гол үндэс боловсролын хөтөч үзэл юу байх вэ. Юунд сургах юм гэдэг. Голдуу Монголын уламжлалыг судлана. Бас орчин үед гарч байгаа бусад шинжлэх ухааны ололтыг боловсролын салбарт хэрэглэж, боловсролын өнөөгийн судалгааны арга зүй, үр дүнг сайжруулах юм.

-Та Ардын багш болтлоо 40 гаруй жил ажилласан байна. Эргээд харахад юу бодогдож байх юм бэ. Өнгөрүүлсэн он жилүүддээ сэтгэл хангалуун байгаа юу?

-Сэтгэл хангалуун байна. Хоёргүй сэтгэлээр гэдэг шиг л би шохой, самбар, цаас, сүүлийн үед компьютертэй зууралдаж байна. Үүндээ бахархаж явдаг. Багш байсан ахыгаа дагаж, харж их юм сурсан. Өдөр бүр шавиа сургах гэж оролдохдоо өөрөө сурч байдаг. Шавь нараасаа сурч, шавь нараа сургаж хамтдаа хөгжиж ирсэн. Тасралтгүй хөгжиж байгаадаа бахархаж явдаг. Би бас физикч болсондоо баярладаг. Физик, математикийн хүмүүс нийгмээ арай өөр өнцгөөс хардаг. Яг цээжилдэг бус, хөдөлгөөнтэй, үйл судалдаг ухаан. Үйл явцыг дагаад өөрсдөө хөгждөг. Унаган мэргэжил маань боловсролын салбарт өдий хүртлээ явж ирэхэд их тус боллоо.

-Орчин үеийн хүүхдүүд өөр болсон гэдэг шүү дээ. Та ач, зээ нараа сургахдаа үүнийг мэдэрч байдаг уу?

-Өнөө өглөө хүртэл ач маань “Өвөө та чинь Х gen­eration билүү” гэхээр нь би тоглоод “Чи бол дельта gener­ation шүү дээ, вирусийн үеийн хүүхэд” гэсэн юм. Одоогийн хүүхдүүдийг яг ийм арга зүйгээр сургана гэж болохгүй байгаа юм. Өөрсөдтэй нь ярьж байж, өөрт нь тохируулахгүй бол болохгүй. Манайхан нийтлэгийг олох гээд байдаг. Хүний хувьд нийтлэгийг олно гэж байхгүй. Уг нь би эднээр уран зохиол уншуулах гэж оролддог юм. Намайг гараад явах хооронд гар утсаараа оролдож суудаг. Энэ хүүхдүүдийн нэг сайн тал нь мэдээлэл сайн авсан учраас эрэгцүүлэхдээ сайн. Хүүхдүүд хурдтай хөгжиж байна. Хүүхэдтэйгээ ойр дотно харьцаж, жаргал зовлонг нь сонсож, дэмжиж явах учиртай. Агаарт хамт явах, тоглож наадах хэрэгтэй. Маргаашийн хүүхдүүд ч өөрчлөгдөнө. Үе үеэрээ өөр байдаг. Ажил хийж хүн болдог. Ажлыг нь орхигдуулчихаар баахан хиймэл оюун ухаантай хүмүүс болчих вий. Өөрөө хийж үзээгүй юм толгойд нь орчихоор бас хиймэл болно биз дээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Морин хуурын чуулга Марийнский театрт тоглолтоо хийлээ

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Эрмитаж музейн “Капелла” болон Марийнский театрт тоглолоо.

Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм.

хөгжим тоглож буй болон дотор гэх мэтийн зураг байж болно

Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн “Капелла” концертын танхимд хоёр дахь удаагаа, Марийнский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан юм.
Categories
мэдээ нийгэм спорт үндэсний-бөx

Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн 2 дахь барилдаан энэ сарын 28-нд болно

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 28-нд Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн хоёр дахь барилдаан болно.

Эхний лигийн барилдаанд улсын харцага-2, улсын начин-14, Аймаг, цэргийн арслан-27, аймгийн заан-7, аймгийн харцага-6, аймаг, цэргийн начин-16, сумын заан-7 гэсэн нийт 79 бөх зодоглосон юм.

Лигийн хоёр дахь барилдаанд дараах бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ. Гэхдээ үүнийг анхдугаар барилдааны чансаагаар эрэмбэлсэн байна.

  1. У.х Т.Баасанхүү УВ 1500
  2. У.н Н.Мустафа БӨ 900
  3. У.н Б.Бат-Эрдэнэ БУ 500
  4. А.а Э.Сумъяабат БУ 500
  5. У.ө.н Ч.Батчулуун ХӨ 250
  6. У.н Б.Серик БӨ 250
  7. А.а Б.Батсайхан АР 250
  8. Ц.н Г.Эрдэнэтогтох УВ 250
  9. У.х Д.Анар ДО 150
  10. У.н Д.Амаржаргал БУ 150
  11. У.н Ц.Бямба-Очир ГА 150
  12. У.н Ц.Мөнхбаяр УВ 150
  13. А.х.а Б.Батмөнх ХО 150
  14. А.а М.Бямбадорж ДГ 150
  15. А.а С.Ерөөлт ДА 150
  16. А.а Б.Чинбат АР 150
  17. У.н Б.Цэдэнсодном ӨВ 70
  18. А.а Д.Аззаяа ХЭ 70
  19. А.а Я.Бумбаяр ГА 70
  20. А.а Ц.Лувсан-Адъяа ӨМ 70
  21. А.а Д.Ням-Очир АР 70
  22. А.а Б.Отгонбаатар ГА 70
  23. А.а П.Өсөхбаатар ЗА 70
  24. А.з Э.Мөнхжаргал АР 70
  25. А.з Б.Түвшинтөгс БУ 70
  26. А.х Б.Сосорбарам ХО 70
  27. А.н Б.Баатарболд СЭ 70
  28. А.н Г.Цоггэрэл УВ 70
  29. А.н Б.Улаалзгана СЭ 70

Анх удаагаа оролцож байгаа бөхчүүд:

/Цол, үсгийн дарааллаар/

  1. У.ө.н Б.Орхонбаяр СЭ
  2. У.н Д.Амарсайхан БУ
  3. У.н Б.Даваа-Очир ХӨ
  4. У.н О.Мөнх-Эрдэнэ АР
  5. У.н Б.Хишигбаатар ГА
  6. У.н Х.Цогтгэрэл БУ
  7. А.х.а М.Адъяахүү ӨМ
  8. А.х.а У.Береке БӨ
  9. А.а Ц.Адъяа ХО
  10. А.а Ч.Алтангэрэл БХ
  11. А.а Ж.Алтаншагай ГА
  12. А.а Д.Батбаатар ЗА
  13. А.а Б.Батзориг ДГ
  14. А.а Б.Лхагвадорж ӨВ
  15. Ц.а Л.Отгонбаатар АР
  16. А.а С.Очирбат ДА
  17. А.а Х.Очирхуяг АР
  18. А.а Ц.Сандагдорж ХӨ
  19. А.а Г.Төрмөнх ДО
  20. А.а Б.Түмэндэмбэрэл БУ
  21. А.а Ч.Энхмөнх СҮ
  22. А.з Л.Батсайхан ӨВ
  23. А.з Х.Бямба-Отгон ӨВ
  24. А.з Г.Дармаажанцан ХО
  25. А.з Ц.Заяатүшиг ХО
  26. А.з О.Түмэн УВ
  27. А.х Б.Бадамдорж СҮ
  28. А.х Б.Бадрал ДГ
  29. А.х Х.Наранбаяр СЭ
  30. А.х Б.Нямсамбуу УВ
  31. А.х Б.Өлзийсайхан ӨВ
  32. А.н Б.Батзориг ДГ
  33. А.н Э.Бат-Эрдэнэ АР
  34. А.н О.Баярбаасан АР
  35. А.н М.Баяржавхлан ХО
  36. А.н М.Гантулга ӨВ
  37. А.н Е.Көптилек БӨ
  38. А.н Б.Мөнхтүшиг ӨМ
  39. А.н Б.Өсөхбаяр АР
  40. А.н С.Пүрэвжанцан АР
  41. А.н П.Сандагдорж БУ
  42. А.н С.Цогтбаатар АР
  43. А.н Л.Энхсаруул УВ
  44. С.з А.Амархүү СЭ
  45. С.з А.Дашлхагва БУ
  46. С.з С.Занданхүү ДГ
  47. С.з С.Сүхбат АР
  48. С.з Д.Төмөрхүлэг ӨВ
  49. С.з Т.Түвшин ТӨ
  50. С.з Х.Шинэбилэг ТӨ
  51. А.з Л.Батсайхан ӨВ
  52. А.з Х.Бямба-Отгон ӨВ
  53. А.з Г.Дармаажанцан ХО
  54. А.з Ц.Заяатүшиг ХО
  55. А.з О.Түмэн УВ
  56. А.х Б.Бадамдорж СҮ
  57. А.х Б.Бадрал ДГ
  58. А.х Х.Наранбаяр СЭ
  59. А.х Б.Нямсамбуу УВ
  60. А.х Б.Өлзийсайхан ӨВ
  61. А.н Б.Батзориг ДГ
  62. А.н Э.Бат-Эрдэнэ АР
  63. А.н О.Баярбаасан АР
  64. А.н М.Баяржавхлан ХО
  65. А.н М.Гантулга ӨВ
  66. А.н Е.Көптилек БӨ
  67. А.н Б.Мөнхтүшиг ӨМ
  68. А.н Б.Өсөхбаяр АР
  69. А.н С.Пүрэвжанцан АР
  70. А.н П.Сандагдорж БУ
  71. А.н С.Цогтбаатар АР
  72. А.н Л.Энхсаруул УВ
  73. С.з А.Амархүү СЭ
  74. С.з А.Дашлхагва БУ
  75. С.з С.Занданхүү ДГ
  76. С.з С.Сүхбат АР
  77. С.з Д.Төмөрхүлэг ӨВ
  78. С.з Т.Түвшин ТӨ
  79. С.з Х.Шинэбилэг ТӨ
Categories
мэдээ нийгэм

Б.ГАНЧУЛУУН: Цахимд мөрийтэй тоглохоор мөнгө шилжүүлсэн бол танд эргэж олдохгүй. Харин ч Зөрчлийн хуулиар та хариуцлага хүлээнэ

ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуунтай ярилцлаа.


-Цахим орчинд онлайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулах тохиолдол их гарч, иргэд тэр хэмжээгээр херөнгөө алдаад байна. Үүний ард залилангийн шинжтэй үйлдэл байна уу. Цаагуураа хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох ч тохиолдол байдаг уу?

-Дэлхий нийтийн даяарчлалын өнөө цагт техник, технологи хурдацтай хөгжиж үүний зэрэгцээгээр нийгэмд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох тал дээр тусгай ажиллагаануудыг шат дараатай хийж байна. Тухайлбал, 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 326 цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Үүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19” халдварын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм, хурдацтай нэмэгдэж буй цахим хэрэглээ зэргээс шууд шалтгаант холбоотой юм. ЭЦА-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар програмчилсан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгаа юм. Мөн цахим мөрийтэй тоглоомонд донтсон иргэд нь бусад төрлийн гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эд зүйлийг хулгайлах хэрэгт холбогдож эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдал нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Иймд иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожно гэсэн ойлголт байхгүй гэдгийг санаж харин бүрэн бүтэн босгосон амьдралаа үгүй хийх аюул хүлээж байдаг.

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглоход хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг юм бэ. Тоглоом зохион байгуулсан болон тоглосон этгээд ижилхэн хуулийн хариуцлага хүлээх үү?

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль, аль нь хууль бус үйлдэл гэдгийг хэлье. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцалага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд (Мөрийтэй тоглоом тоглох)-д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймээс иргэд, олон нийт мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглосон үйлдлүүд нь хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгох нь чухал.

-Иргэд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг өгөхдөө хаана хандах вэ. Үл хөдлөх хөрөнгөөрөө ч хохирсон тохиолдол олон байдаг юм билээ …

-Иргэдийн зүгээс мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой аливаа мэдээллийг харьяа дүүргийнхээ Цагдаагийн газарт мэдэгдэж болно.

Мөн 51261749 тусгай дугаарт мэдээллээ ирүүлж болно.

Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно. Ер нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл учраас уг хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдлаас сэргийлэх нь иргэдээс өөрсдөөс ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдииг олж илрүүлэх, урьдчилан сэргиилэх чиглэлээр ямар ажиллагаа зохион байгуулж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнчлэн сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж тухайн мөнгө олгогдохгүй гэсэн үг.

Харин ч зөрчлийн хуулиар нэмэлт хариуцлага хүлээх заалттай гэдгийг дахин сануулъя. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй хяналт тавьж ажиллана. Мөн бид хуулиар харъяалуулсан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс улс дамнан зохион байгуулалттайгаар үйлддэгддэг мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, таслан зогсооход онцгой ач холбогдол өгч сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран бодлогын арга хэмжээ, мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тухайлбал, олон улсын байгууллагууд, гадаад улсуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгасан ажлын үр дүн 2020 оны аравдугаар сард манай улсыг Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын “Саарал жагсаалт”-аас гарахад томоохон дэмжлэг болсон.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр гарч болзошгүй 2527 зөрчлийг илрүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны айл өрхүүдэд ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сүхбаатар дүүргийн 15,17 дугаар хороодын хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Сүхбаатар дүүрэг дэх хэрэлэгчдэд үйлчлэх төв”-ийн нийт 450 ажилтан оролцлоо.

Хяналт шалгалтад 3787 өрхийг хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 2527 зөрчлийг илрүүлэн 264 зөрчил буюу 10.4 хувийг газар дээр нь арилгууллаа.

Мөн 3708 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүд хуралдана.

ДАВАА ГАРИГ /2021.11.15/

ЦАГ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

12.30

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

14.00

Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Томилгооны сонсгол /Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Даваа гаригт ажиллах PCR шинжилгээний цэгүүд

2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны даваа гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2021 оны 11 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 16, 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Монгол-Алтай уулархаг нутаг болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод явуулын 43, суурин 39 цэгт 91 багийн 352 эмч, ажилтан ажиллаж, 5728 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.