Categories
гадаад мэдээ

Израйль улсад 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна

Израйлийн Эрүүл мэндийн яамны тэргүүн Нахман Аш Цар тахалтай тэмцэх төв болон коронавирусний эсрэг вакцинжуулалтын зөвлөх багийн саналыг хүлээн авч, 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар болжээ.

Pfizer компанийн вакцины 5-11 насны хүүхдүүдэд үзүүлэх үр нөлөө эмнэлгийн туршилтын явцад 91 хувь орчим байсанд үндэслэн тус улсад хүүхдүүдэд Pfizer вакциныг хийхээр болсон байна.

5-11 насны хүүхдүүдэд ойрын хугацаанд вакцин хийж эхлэх аж.

Өмнө нь Израилийн Эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдэд COVID-19-ийн халдвар хүнд хэлбэрээр илрэх эрсдэлтэй зэрэг онцгой тохиолдолд л вакцин хийх шийдвэр гаргасан байсан юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

МАН: Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр (2021.11.15) мэдээлэл өглөө. Тэрбээр “Ирэх оны улсын төсөв үнэхээр чухал ач холбогдолтой. Хэдий цар тахалтай байгаа ч эдийн засгаа тэлэх хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Тиймээс 2022 оны төсвийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийсэн. Тухайлбал, гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.

Нэгдүгээрт, эдийн засгаа сэргээх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд УИХ, Засгийн газар тодорхой зүйлийг анхаарах, гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэйг ярилцсан. Тодорхой шийдэл гаргаагүй. Эдийн засгаа сэргээх асуудлаар ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүдийн төсөл өргөн барина.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцүүлэх асуудлаар гишүүд талцсаныг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ асуудлыг бүлгийн хурлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авсан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөл хоёр чиглэлээс бүрдэж буй. Нэг нь жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал, хоёрдугаарт, жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн.

Улмаар гишүүдийн олонх хэлэлцэх эсэхийг дэмжихгүй хэмээн шийдвэр гаргасан. Тиймээс тус хуулийг УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Дэмжихгүй шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд арав орчим жил болж байна. Нийгэмд хэрэгжээд үр дүнгээ өгч буй.

Хувийн хэвшлийн явуулж буй ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй юм. Хуулийн төслөө эгүүлэн татахгүй, энэ долоо хоногийн чуулганд хэлэлцэх эсэхийг дэмжихгүй. Хэлэлцэгдэхгүй учраас цаашаагаа зогсчхож байгаа юм. Нийгмээс, даатгалын компаниудаас энэ хуультай холбоотой реакц их ирж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Энэтхэгт агаарын бохирдлын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогслоо

Шинэ Дели хотод агаарын чанарын үзүүлэлтүүд эрс муудаж эхэллээ. Агаарт өтгөн утаа тунаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаатай холбогдуулан тус улсын засгийн газраас сургууль цэцэрлэг болон барилгын ажлуудыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Шинэ Дели хотын дунд сургуулиуд ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл түр хугацаагаар хаагдлаа. Мөн лхагва гараг хүртэл барилгын ажлуудыг зогсоогоод байна. Агаарын чанарын үзүүлэлтүүд улам муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа энэ үед, тус улсын засгийн газраас хувийн компаниудын ажилтнуудыг гэрээсээ цахимаар ажиллах горимд шилжих үүрэг өгөөд байгаа аж.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр шинэ Дели хотын захирагч Арвинд Кежривал, хотын агаарын бохирдлыг арилгах зорилгоор яаралтай хуралдсаны дараа дээрх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Шинэ Дели хотын агаарын чанар “аюултай” ангилал руу ороод байгаа бөгөөд хоёроос гурван өдрийн дараа үүнээс ч доошилно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дели хотын захирагч Кежривал хэлэхдээ, тус хотод сүүлийн хэдэн өдөр утаа ихэсч, агаарын чанарын үзүүлэлт муудаж байгаа нь хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний ургац шатсантай холбоотой гэжээ. Өнөөдрийн байдлаар Шинэ Дели хотын агаарын чанарын дундаж индекс 401-500 буюу “аюулын” зэрэглэл өндөр хэвээр байна.

Энэтхэгийн олон хотуудын дундаа агаарын бохирдлоор Шинэ Дели хот тэргүүлдэг. Гэвч одоо үүсээд байгаа утааны асуудал зөвхөн Дели хотод ч биш Энэтхэгийн хойд хэсгийн ихэнх хотуудад тулгараад байна. Энгийн үед ч Энэтхэг улс агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Харин тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2070 он гэхэд хүлэмжийн хийг ялгарлыг тэглэх зорилт тавиад байгаа билээ.

Энэ нь АНУ-аас хорин жилийн дараа, БНХАУ-аас 10 жилийн дараа агаар мандалд хүлэмжийн хийг тэглэх, агаарын бохирдолгүй орон болно гэсэн үг юм.

Categories
гадаад мэдээ

Америкийн амьтны хүрээлэнд 3 ирвэс коронавирусийн улмаас үхжээ

АНУ-ын Небраска муж улсын “Линкольн” хүүхдийн амьтны хүрээлэнд цасны ирвэс коронавирусээр халдварласны улмаас үхсэн тохиолдол бүртгэгджээ.

“Линкольн амьтны хүрээлэнд гурван цасны ирвэс коронавирусээр үүсгэгдсэн өвчин хүндэрсний улмаас үхсэн” гэж тус амьтны хүрээлэн “Facebook” хуудсандаа мэдээлсэн байна.

Түүнчлэн амьтны хүрээлэнд хоёр Суматрын бар халдвар авсан боловч эдгэрч байгаа аж.

“Линкольн” амьтны хүрээлэн нээлттэй хэвээр байгаа бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг ханган үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 722 иргэнийг дархлаажуулжээ

2021.11.14-нд нийслэлийн хэмжээнд I тунд 16, II тунд 28, нэмэлт сэргээх тунд 678, нийт 722 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.705 (76.2 хувь), 16-17 насны 26.650 (78.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

“Музей миний нүдээр” гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй “Музей миний нүдээр” гэр бүлийн гар зургийн уралдааны ялагчид тодорлоо. Үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Музей миний нүдээр” гэр бүлийн гар зургийн уралдааныг Чойжин ламын сүм музей хариуцан, Монголын уран зургийн галерей дэмжин хамтран зохион байгуулсан юм. Уралдаанд ирсэн нийт бүтээлээс шалгарсан 98 бүтээлийг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэглэсэн бөгөөд уралдааны ялагчдад энэ үеэр шагнал гардууллаа.

Тус уралдааны шилдгийн шилдэг бүтээлийн эзнээр Э.Хонгорзул, тэргүүн байрын эзнээр О.Мөнхтэмүүлэн, дэд байрын эзнээр Ж.Намуун, гутгаар байрын эзнээр Ө.Уранжигүүр, тусгай байрын эзнээр Б.Бишрэл, Б.Жаргалан, Б.Энхжин нар шалгарч батламж, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнууллаа. “Музей миний нүдээр” гэр бүлийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр, маргааш Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаар олгох дуудлага худалдаа болно

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

1. Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс 2021 оны 12 дүгээр сарын 24-ны өдрийн хооронд

2. Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn

3. Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг

4. Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23 цаг 00 минутад бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

5. Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

6. Бусад мэдээлэл: Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

7. Холбогдох утасны дугаар: Лавлах утас 70070030, 1900-1234

Categories
мэдээ нийгэм

“Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд нээлтээ хийлээ

Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих, орон нутгийн цахим шилжилтийг хурдасгах “Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Даланзадгадад нээлтээ хийлээ.

Технологийн өдрүүд нь Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд тав хоногийн турш болох юм.

Төрийн үйлчилгээний цахим системийг сайжруулах, цахим дэд бүтцийг бэхжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжлийн ур чадвар сайтай мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, салбарын хөгжилд орон нутгийн тогтвортой, оновчтой оролцоо бүхий бодлого тодорхойлж хэрэгжүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг дэмжихэд чиглэсэн олон ажил “Цахим Өмнөговь” хөтөлбөрийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан.

“Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүдийн үеэр “Цахим шилжилтийг хүн бүрт” өдөрлөг, “Цахим ажилтан” сургалт, “Бизнесээ дараагийн төвшинд гаргах нь” уулзалт, мэдээлэл технологид сонирхолтой хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарт зориулсан “Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд” өдөрлөг, Өмнөговь аймгийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Active Directory & Information Security” сертификат олгох сургалт, багш нарт зориулсан “Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь” сургалт, засаг захиргааны нэгж, хэлтэс, байгууллагуудтай хийх уулзалтууд зэрэг цогц үйл ажиллагаа болж байна.

Үндэсний хэмжээнд өрнөж буй цахим шилжилтийн давлагаанд нэгдэж, орон нутгийн нийгэм, эдийн засгийн бүх салбарын өрсөлдөх чадварыг мэдээлэл, технологийн тусламжтайгаар өсгөх зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн Хишиг” хөтөлбөрт цахим шилжилтийг түргэтгэх талаар дараах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

  • Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих “Цахим Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Бүх сум суурин, айл өрхийг өндөр хурд /4G/-ны интернэтэд холбоно.
  • Даланзадгад суманд мэдээллийн технологийн “ДАТА” төв байгуулна.
  • Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад зах зээлд холбох цахим сүлжээ, цахим худалдааг бодлогоор дэмжинэ.
  • Мэдээлэл харилцаа холбооны шинэ техник, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, Инновацын 2.0 эрин үеийн технологийн дэвшлийг бүх шатанд ашиглана.
  • Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилд тулгуурласан цахим засаглалыг төрийн үйлчилгээнд бий болгоно.
  • Цахим орчинд хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалж, байгууллага, хувийн мэдээлэл, нууц, өгөгдлийн аюулгүй байдлыг хангана.
  • Мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг байгууллагуудтай хамтран ажиллаж, кибер аюулгүй байдлыг хангах хяналтыг тогтмолжуулж, төрийн албан хаагч, иргэдийн технологийн мэдлэгийг дээшлүүлэн, мэдээллийн технологийн аудит хийлгэнэ.

“Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Inspire 2021 – Цахим Өмнөговь” технологийн өдрүүд үйл ажиллагааг зохион байгуулагчаар “Эмфасофт” ХХК, хамтран ажиллагчаар Мобиком Корпораци, Мобинет ХХК, ICT групп, Ablesoft ХХК, Монголын Маркетингийн холбоо ажиллаж байна. Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх бүх агентлагууд, төсөвт байгууллагуудын удирдлагууд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Монголын цахилгаан холбоо, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Өмнөговь Аймгийн ЗДТГ

Categories
мэдээ нийгэм

Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн коридорт харуулын алба гүйцэтгэлээ

Японы Фүкүока хотод өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн эхэллээ.

Энэ өдрийн онцлог нэгэн зан үйл харагдсан нь 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал байлаа.

Тэрбээр сүмогийн холбоонд анхны ажлаа хийсэн бөгөөд холбооны ажилтны хар хөх цамц өмсөж баруун жигүүрийн коридорт харуулын алба гүйцэтгэлээ.

Түүний хийх ажил тэмцээний үеэр үүдэнд зогсоно, билет таслана, бөхчүүдийг орж гарахад харж зогсоно, үзэгчдэд туслана.

Энэ мэт ажилласаар жинхэнэ ояаката болох юм.

Categories
гадаад мэдээ

Хятад улс төрийн түүхэн шийдвэр гаргав

Хятадын улс төрийн хамгийн чухал үйл явдлын нэг болох Зургадугаар бүгд хурал энэ сарын 8-11-ний хооронд Бээжин хотноо болж өндөрлөв. Уг хурал Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяртай давхацаж түүхэн шийдвэр гаргасан гэдгээр онцлог болов. Түүхэн шийдвэр гэдэг нь Хятадын Коммунист намын цаашдын бодлогод чухал нөлөө үзүүлэх шийдвэрийг хэлж буй хэрэг. Бага хурлаар намын 100 жилд хийж гүйцэтгэсэн томоохон ололт амжилтыг хэлэлцээд зогсохгүй түүхэн шийдвэр батласнаар Си Жиньпиний байр суурь улам батжиж буйг илтгэв. Ийм түүхэн шийдвэрийг өмнө нь 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопин нар тус тус батлуулж байжээ. Тиймээс Си Жиньпин түүхэн шийдвэр гаргасан Хятадын гурав дахь удирдагч болж намыг үүсгэн байгуулагч Мао болон түүний залгалжлагч Дэн нартай эн зэрэгцэх удирдагч болж байна гэсэн үг.

Түүхэн шийдвэр болох анхны тогтоолыг Мао 1945 онд эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор намын их хурлаар батлуулан 1949 онд БНХАУ-ыг байгуулах үед түүнд Засгийн бүх эрх мэдэл төвлөрч байв. Харин Хятадын эдийн засгийн шинэчлэлийн суурийг тавьсан Дэн 1981 онд хоёр дахь тогтоолыг гаргуулжээ. Энэхүү хоёр дахь тогтоол 1966-1976 оны хооронд өрнөсөн “Соёлын хувьсгал”-ыг буруутгасан юм. Ийнхүү Мао, Дэн нарын баталсан өмнөх тогтоолууд өнгөрсөн үеэсээ ангижрах зорилготой байсан бол Си Жиньпиний тогтоол илүү залгамж шинж чанартай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Хятад улс хэдэн арван жилийн өмнө төсөөлж ч боломгүй өндөрлөгт хүрч, дэлхийн гүрэн болсон нь тогтоолын мөн чанарт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Учир нь тус улсын өмнө 2049 он гэхэд “Бүрэн хөгжсөн, чинээлэг, хүчирхэг улс” болох томоохон зорилт тулгараад байгаа юм. Ийнхүү ирэх оны Үндэсний их хурлаас өмнөх намын удирдагчдын сүүлчийн чухал чуулган болж өнгөрөв. Ирэх их хурлаар Си Жиньпин Хятад улсын даргаар гурав дахь удаагаа сонгогдох төлөвтэй байгаа бөгөөд Хятад улс 2018 онд намын удирдагч хоёроос илүүгүй удаа сонгогддог байсан уламжлалыг халсан билээ.

Г.АМАРСАНАА