Categories
мэдээ нийгэм

“Монгол нутгийн зураг” номын нээлт боллоо

Монгол улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг илэрхийлэх газрын зураг бол түүхийн шинжлэх ухааны үнэт өв. Тэрхүү үнэт өвийг судлаж, дэлхий нийтийн жишигт нийцүүлэн анх удаагаа “Монгол нутгийн зураг” хэмээх зургийн тайлбар, галигийн хөрвүүлэлт бүхий гурван боть ном гарлаа. Номын нээлт өнөөдөр Үндэсний номын санд болж, нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, эрдэмтэн судлаачид, номын сангийн төлөөллүүд оролцлоо.

Номын нээлтийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол нутгийн зураг” ном нь ирээдүй хойч үедээ түүхээ үнэн зөвөөр таниулах, өвлүүлэн үлдээх, түүхийн чухал үнэт өв сан болохыг тодотгож, Үндэсний номын сан болон эрдэмтэн судлаач нарт номын дээжээс гардуулан өгсөн юм.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, нооргууд болон Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүд хадгалагдаж байсан.

Эдгээр зургийн судалгаа, мэдээллийг нэгтгэж, Монголд анх удаа эх хувийг хэвлүүллээ. “Монгол нутгийн зураг” номын эхний боть номонд Сэцэн Хан аймаг, хоёрдугаар боть номонд Түшээт хан аймаг, гуравдугаар боть номонд Халхын сайн ноён аймаг зэрэг Монгол нутгийн нийт 183 газрын зургийг багтаажээ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

2020-2021 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 25 хувиар өсчээ

Ховд аймагт 2020-2021 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 25 хувиар өссөн байна.

Ховд аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 15/10/6/0.4 кВ-ын 282 дэд станц, 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ) 242 км урттай 17 дэд станц бий. Мөн 10 кВ-ын ЦДАШ 221 км урттай 85 дэд станц, 6 кВ-ын ЦДАШ 130 км урттай 177 дэд станцтай бөгөөд Ховд аймгийн төв, хөдөөгийн 16 сумыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Судалгаагаар Ховд аймагт цахилгаан эрчим хүч хэрэглэгч нийт 15600 байна. Үүний 41 хувь буюу 6370 нь хөдөөгийн сумдад, 59 хувь буюу 9200 нь аймгийн төв, Жаргалант суманд байгаа аж. 2020-2021 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 25 хувиар өссөн дүн мэдээтэй байгаа бөгөөд одоогоор Ховд аймгийн гэр хороололд амьдарч байгаа 2000 гаруй айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн судалгаа гарчээ.

Сүүлийн үeд цахилгааны үнийг төрөөс хариуцаж байгаа, ухаалаг тоолуураар шөнө хэрэглэсэн цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаатай холбогдуулан хэрэглээ тогтмол өсөж байгаа тул хэрэглэгчид ачаалал хамгийн их, 17:00-21:00 цагийн үeд эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, нэн шаардлагагүй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

16 айлын сууцанд нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны зургаадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө нь зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй. Дээрх этгээд нь хэргийг үйлдэхдээ камергүй, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгож нэвтрэн ордог байна. Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцандаа хяналтын камерын систем суурилуулах, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ААН байгууллагын тооллого 70 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогын талаар мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тооллого өндөрлөхөд цөөн хоног үлдээд байна. Нийт 172 мянган байгууллага, аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 103 мянга нь хамрагдаж, тооллого 70 хувьтай байна.

Аж ахуйн нэгжээс гадна хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогыг татвартай холбон ташаа ойлгосноос хойрго хандаж байгааг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. Тиймээс үлдсэн цөөн хоногт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тооллогод идэвхтэй хамруулах юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг байршлыг өөрчилж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юу?

Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна. Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. Тиймээс хороо, автобусны буудлыг нэмэх ажлыг хийхээс аргагүй.

Төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг хэдий ч иргэдээ нэгт тавина. Дээрээс нь камержуулалт нэн чухал байна. Хүн зоны суурьшил дагаж бий болдог бүхнийг шинэ суурьшлын бүсэд байгуулах шаардлага тулгардаг. Найман нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сан гэхчлэн бүгдийг бий болгох учиртай. Энэ бүхэн зардал дагуулдаг. Гэтэл манайхан ямар өндөр зардал вэ гээд шүүмжлээд эхэлдэг.

– Гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог маш ихээр хураагддаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх, цавууг үхрийн шир боловсруулан гаргах боломж байдаг шүү дээ?

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: – “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гол нь дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: – Нийслэлд зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр асуудал ч мөн нэмэгддэг. Хөдөөгөөс ирсэн айлууд зөвшөөрөлгүй газарт ирж суурьшдаг. Мэдээж тэнд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байдаггүй. Суурьшсаныхаа дараа цахилгаан нэхдэг. Олон жил ийм байдлаар явж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үүсээд буй асуудал ч мөн ийм. Өнгөрсөн хугацаанд бид 1.7 тэрбум төгрөгийг цахилгааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Дахин 1.2 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Зам харгуй, холбоо мэдээллийн үйлчилгээ ч ялгаагүй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд: – Зарим дүүргийн захын хороодод хог хаягдалтай холбоотой хүндрэл бий. Гэхдээ нийгэм шилжиж байсан үеийнх шиг хур хогонд дарагдсан газар байхгүй. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд бодож төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэх ажил бас бий. Хог яг аль дүүрэг, хэддүгээр хороонд байгааг бодитоор нь хэлээрэй. Нийтэд нь хавтгайруулж яримааргүй байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
гадаад мэдээ нийгэм

Перуд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Баруун өмнөд Америкт орших Перу улсын хойд хэсэгт 7,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэддээ тусламж үзүүлнэ гэдгээ тус улсын ерөнхийлөгч Педро Кастилло илэрхийлсэн байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 5 цаг 52 минутын үед болжээ. Газар хөдлөлтийн голомт нь 99 км-ийн гүнтэй бөгөөд далайн эргийн Барранка хотоос баруун хойд зүгт 40 км, нийслэл Лима хотоос зүүн хойд зүгт 550 км-ийн зайд байсан аж.

Перугийн ерөнхийлөгч Педро Кастилло Терронес, “Ахан дүүс ээ, та бүхэн ганцаараа биш. Газар хөдлөлтөд өртсөн Амазонасын ард түмэндээ бүх чадлаа дайчлан туслах болно. Холбогдох яамд болон гүйцэтгэх засаглалын гишүүдэд нэн даруй арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн” гэж өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.

Мөн тэрээр Амазонас мужийн бүс нутагт удахгүй очно гэдгээ нэмж хэлэв. Засгийн газрын албанаас хүний амь нас хохирсон талаар мэдээлэл ирүүлээгүй, харин хэд хэдэн барилга байгууламж, зам талбай эвдэрсэн гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн ням гарагийн үүрээр тус улсын нийслэл Лима-д мөн 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Хойд Америкт “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрлээ

Хойд Америкт “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “омикрон”-оор халдварласан анхны тохиолдлууд Канадад илэрчээ. Тус улсад Нигериэс ирсэн хоёр иргэн уг хувилбараар халдварласан болохыг нь тогтоосон байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусний шинэ хувилбар Их Британи, Итали, Герман тэргүүтэй Европын хэд хэдэн оронд, мөн Израил, Хонконг, Австралид илрээд байна.

Ням гаргийн орой Францын Эрүүл мэндийн яам “омикрон” хувилбараар халдварласан байж болзошгүй найман тохиолдол илрүүлснээ мэдэгдсэн бөгөөд одоо оношийг батлах шинжилгээг хийж байгаа аж.

Ботсвана улсын Эрүүл мэндийн сайд Эдвин Диколоти “омикрон” хувилбарын 15 тохиолдол нэмж бүртгэгдсэнийг ням гарагт мэдээлжээ. Ингэснээр тус улсад илэрсэн ийм тохиолдлын тоо 19 болжээ.

Австралийн мэргэжилтнүүд Африк тивийн өмнөд хэсгээс ирсэн жуулчдаас хоёр хүн шинэ хувилбараар халдварласан болохыг тогтоосноо мөн ням гарагт мэдээлсэн байна. Энэ нь тус тивд бүртгэгдсэн анхны тохиолдлууд болжээ.

Мөн Нидерландад Африкаас ирсэн 13 зорчигчоос халдвар илэрснийг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн мэдээлсэн байна.

“Омикрон” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улс орон Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоод байна.

Тухайлбал, Австрали шинэ хувилбараар халдварласан тохиолдол илрэхээс нэг хоногийн өмнө Африкийн орнуудаас ирэх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Үүнд Австралийн иргэд, байнгын оршин суугчид хамааралгүй байна.

Түүнчлэн Нидерландын эрх баригчид Африкийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх, очих зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноос гадна оройн цагаар хөл хорио тогтоох гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсныг “New York Times” сонинд мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Японы Засгийн газар “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Израил, Мароккогийн эрх баригчдын нэгэн адил гадаадын жуулчдыг хилээрээ түр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргаснаа өнөөдөр мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаадаас ирж буй иргэдийн анхааралд

“SARS-CoV-2” вирусын Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан УОК-ын 29 дүгээр хуралдааны дагуу дараах улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглож байна.

Үүнд, ӨАБНУ, Ботсвана, Ангол, Эсватини, Лесото, Намиби, Замби, Малави, Мозамбик ба Зимбабве Улс орно. Эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон ба дамжин өнгөрсөн гадаад иргэдэд тус шийдвэр мөн хамаарна.

Энэхүү шийдвэр нь Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэдэд хамаарахгүй ба дээр дурдсан улсаас ирж байгаа Монгол Улсын иргэд ба Монгол Улсад байнга оршин суугч гадаад улсын иргэд дараах шаардлагыг биелүүлнэ.

– Сүүлийн 72 цагт өгсөн бх-ПГУ сөрөг тесттэй байх,

– УОК-оос бэлдсэн байранд 10 хоног тусгаарлагдах,

– Тусгаарлах байранд байх хугацаандаа 2 удаа бх-ПГУ тест өгөх.

(Тодруулга: 4 наснаас дооших хүүхэд тест өгөхгүй боловч заавал тусгаарлагдана)

Бусад улсаас ирж буй Монгол Улсын иргэн ба гадаад улсын иргэдэд тавигдах шаардлага хэвийн үргэлжилж байна. Үүнд:

– Сүүлийн 72 цагт өгсөн бх-ПГУ сөрөг тесттэй байх, вакцины бүрэн тунгийн сертификаттай байх,

– Вакцингүй иргэд улсын хилээр нэвтрэхийг зөвшөөрөх ба сүүлийн 72 цагт өгсөн бх-ПГУ сөрөг тесттэй байх,

– Онгоцны буудал дээр ирмэгцээ тест өгөх.

(Тодруулга: 4 наснаас дооших хүүхэд тест өгөхгүй)

Categories
мэдээ нийгэм

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэг боллоо

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлал” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Оюуны өмчийг үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, тайлагнал, ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төсөл, үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулан санал авлаа. “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач Д.Лхамжав нар оролцож, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг чиглүүлэн явууллаа.

Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой тухай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлж байв.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн тогтолцоо дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад ялгаатай бөгөөд бид байгалийн баялгаас гол төлөв улсын төсвөө бүрдүүлдэг. Уул уурхай, байгалийн баялаг нь ойрын ирээдүйд үр ашгаа өгөх хэдий ч урт хугацаанд дангаараа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжгүй юм. Тийм ч учраас бид эдийн засгийн салбаруудаа солонгоруулах буюу Соёлын бүтээлч салбар, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудаа хууль эрх зүйн орчноор дэмжиж хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Соёлын бүтээлч салбарын хөгжил дэлхий дахинаа хурдацтай явагдаж, улс орнуудын эдийн засагт оруулах хувь нэмэр маш өндрөөр үнэлэгдэж байгаа энэ цаг үед бид төрөөс зөвхөн бодлогоор дэмжинэ гээд зогсохгүй “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг боловсруулж соёлын үйлдвэрлэлийн салбарыг хууль эрх зүйн орчноор дэмжих хэрэгтэй юм. Ингэж байж Монгол улс дэлхий даяар явагдаж байгаа өөрчлөлтийн нэг хэсэг болох бөгөөд Соёлын бүтээлч салбараа сайн хөгжүүлбэл ирээдүйд уул уурхайн салбарыг ч давсан орлогыг улс эх орондоо төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Мөн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд дараах таван төрлийн дэмжлэг буюу үүнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дэмжлэг, судалгаа хөгжлийн дэмжлэг, кластераар хөгжүүлэх дэмжлэг, хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн дэмжлэгийн талаар тусгагдсан байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар өөрийнхөө хөгжлийн жамаар хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Хувийн хөрөнгө оруулалтыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт татдаг эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь урт хугацаанд салбар бие даан хөгжих боломжтой юм. Иймд Улсын Их Хурлаас нийгэмд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батлан гаргах хэрэгцээ шаардлага бий болоод байгаа бөгөөд Соёлын бүтээлч салбарын хөгжлийг тодорхойлох хуулийн төсөлд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах болно” гэдгээ Г.Амартүвшин гишүүн хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийн тооллого ирэх сарын 14-нд дуусна

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байна. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа дүүргийн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ирэх сарын 14-ний дотор бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай, ан агнах, спорт-сургалтын, үзмэрийн, цуглуулгын зориулалттай бүх төрлийн хэрэгсэл багтах юм.