Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг 15 саяар торголоо

Засгийн газар Авлигатай тэмцэнэ хэмээн ажлын хэсэг байгуулснаас хойш АТГ-ын баривчилгаа эрчимжсэн гэж хэлж болно. Тухайлбал, ХӨСҮТ-ээс л гэхэд хоёр албан тушаалтныг баривчилж, шалгаж эхэлсэн.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 25-нд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь саатуулж, баривчилсан байдаг. Улмаар 30 хоног цагдан хориод батлан даалтад гаргасан. Тэрбээр ХӨСҮТ-д ажилд орох хүсэлт гаргасан олон хүнээс нэг саяас дээш төгрөг авч, ажилд томилдог байсан хэрэгт холбогдсон юм.

Тэгвэл И.Орхон авлига авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг ёсоор болгожээ. Өөрөөр хэлбэл түүнийг торгоод, хэргийг нь хаажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр түүний хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй шүүх хурал 2021 оны 11-р сарын 16-нд буюу өчигдөр болсон байна. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хаднаас унаж гэмтсэн гадаад иргэнийг аварчээ

Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжид байрлах нэгэн амралтын газрын ойролцоох хаднаас гадаад иргэн унаж гэмтжээ.

Тус иргэнийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлэг аюулгүй бүсэд хүргэн, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Өндрөөс унаж гэмтсэн иргэн Америк улсын элчин сайдын яамны ажилтан байсан талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрөх эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийг ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг болон төрөх эмнэлгүүдийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.

Тэрээр “Есөн дүүргийн есөн эмнэлэг, хуучнаар нэг, хоёр, гуравдугаар төрөх буюу “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрыг Эрүүл мэндийн яамны харьяалалд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Эдгээр эмнэлгүүд нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяалалд байсан юм. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх хүүхдийн тусламж үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. Тиймээс бодлогоо барьж байгаа Эрүүл мэндийн яам харьяалалдаа байлгаж хөрөнгө оруулалт, анагаах ухааны шинэ техник технологийг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эхийн эндэгдлийн түвшин өмнөх оноос 3 дахин өсчээ

Улсын хэмжээнд эхийн эндэгдлийн түвшин өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тодруулбал, 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 92 болсон нь өмнө оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт болоод байна.

График. Нийт нас баралт болон эхийн эндэгдлийн харьцаа (100,000 амьд төрөлтөд ногдох) жил бүрийн эхний 10 сарын байдлаар

Мөн энэ оны эхний арван сарын байдлаар 16.2 мянган хүн нас баржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 мянга буюу 20.6 хувиар өссөн дүн юм.

Түүнчлэн энэ оны эхний арван сард халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо 492.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17.5 дахин нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 97.6 хувь буюу 480.4 мянга нь КОВИД-19 туссан иргэд аж.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх илтгэлийн уралдааны дүн гарлаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд “Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Ур чадварын уралдаанд нийслэлийн есөн дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлжээ.

Ур чадварын уралдааны тэргүүн байранд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, дэд байранд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны хамтарсан баг шалгарсан бол Баянгол, Багахангай дүүргийн багууд тусгай байрын эзэд болжээ. “2021 оны шилдэг нийгмийн ажилтан”-аар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Наран-Эрдэнэ шалгарсан байна.

Харин Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Н.Билгүүний бэлтгэсэн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэл тэргүүн байранд шалгарсан бол Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны нийгмийн ажилтан Ц.Энхсаруул “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, Багануур дүүргийн хоёрдугаар хорооны нийгмийн ажилтан Ш.Шүрэнцэцэгийн “Залуу гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудал” илтгэлүүд удаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны барилгын өртөг 3.8 хувиар өсчээ

Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны гуравдугаар улиралд 179.8 болж, барилгын өртөг өмнөх улирлаас 3.5 хувь, өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Харин орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) 2021 оны гуравдугаар улиралд 203.1 болж, барилгын өртөг нь өмнөх улирлаас 3.8 хувь, өмнөх оны мөн үеэс 35.4 хувиар өсжээ.

Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 3.8 хувиар өсөхөд

  • Машин механизмын түрээсийн зардал 8.9 хувь,
  • Материалын өртөг 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байгаа юм.

Мөн орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) 176.3 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 36.3 хувь, өмнөх улирлаас 3.6 хувиар өссөн байна.

Орон сууцны бус барилгын өртөг өмнөх улирлаас 3.6 хувиар өсөхөд эмнэлэг, сувиллын барилгын өртөг 5.5 хувь, конторын барилгын өртөг 2.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индексийн тухайд (2015=100) 142.8 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 19.2 хувь, өмнөх улирлаас 0.5 хувиар өссөнийг мөн мэдээлэв. Ингэхдээ мнөх улирлаас 0.5 хувиар өсөхөд авто замын байгууламжийн өртөг 0.6 хувь, эрчим хүчний ба

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Шинэ жилийг цомхон хүрээнд тэмдэглэж болно

Өнөөдөр /2021.11.17/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дельта хувилбарын гурав дахь давлагаа буурч буйн илрэл. Дэлгэсэн ор долоо хоног бүр 5000-аар буурч байна. Нийт тохиолдлын тоо 640 мянга байна. Өвчлөлийн тоо буурч буй нь вакцинжуулалтын үр дүнтэй холбоотой. Зорилтот бүлгийн 26 хувийг гурав дахь тунд хамруулаад байна. Дэлхийн улс орнууд ч гурав дахь тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлж байна.

Бид арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг, спортын үзвэр үйлчилгээг нээсэн. Ингэхдээ вакцины гуравдугаар тунгаа хийлгэсэн байх. Хийлгээгүй бол түргэвчилсэн төлбөртэй шинжилгээнд хамрагдах шаардлагыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл вакциндаа идэвхтэй хамрагдах нь өвчлөлийг бууруулахад чухал нөлөөтэй. Шинэ жилийг цомхон хүрээнд тэмдэглэж болох ч, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдсан байх ёстой гэдгийг санах хэрэгтэй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Баатархүү: Хохирогч хүүхдийн биеийн байдал хэвийн байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр “Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны гадаа , 2021 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч 16 настай эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10 дугаар ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч утсаараа бичлэг хийн цахим орчинд тавьсан. Одоогоор зодоонд оролцсон хүүхдүүдээс байцаалт авч байгаа. Хохирогчийн биеийн байдал хэвийн байна” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ

Жунайн Өлзийхутаг /1950-2021/

Бидний хайрт хань, үлгэр жишээ аав, халамжит өвөө Жунайн Өлзийхутаг 2021 оны 11 сарын 14 өдөр Улаанбаатар хотноо 71 насандаа гэр бүлийнхээ дунд амар тайван нойрслоо.

Тэрээр 1950 оны 4 сарын 12 нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Баянгол хэмээх газар мэндэлж 1970 онд Улаанбаатар төмөр замын холбооны техникумыг радио техникч мэргэжлээр төгсөж Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд холбооны техникчээр ажлын гараагаа эхэлж байв. Түүний хүүхэд залуу насны аз жаргалтай мөчүүд Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэнцогт, Эрдэнэцагаан сумуудад өнгөрч, Түмэнцогт суманд насан туршийн хань, үнэнч сайн найз Ядамын Цагаанхүүхэнтэй учирч, 7 хүүхдийн эцэг болжээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар хүүхдүүдэдээ чанартай боловсрол олгохоор Дорнод аймгийн Чойбалсан хотод нүүн суурьшиж, Дорнод аймгийн холбоо, хивсний үйлдвэр, гаалийн газарт холбооны техникчээр ажиллаж байсан нь улс орны олон чухал мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулж, шуудан холбоо, шугам, сүлжээний аюулгүй байдлыг найдвартай хамгаалах төдийгүй олон мянган хүнийг ар гэртэй нь холбон жаргал, зовлонгоо хуваалцах боломжоор хангаж байв.

Ж.Өлзийхутаг нь 1996 оноос 2006 оныг хүртэл Дорнод аймгийн Хавиргын боомтод сахиул, холбооны техникчээр ажиллахдаа Монгол улсын хил зөрчигчийг илрүүлж, Онц хилчин тэмдгээр шагнагдаж байсан.

Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Холбооны яамны хүндэт жуух бичиг, V, VI 5-н жилийн гавшгайч цол тэмдгээр шагнаж байлаа.

1990 оны сүүлээс Христийн цуглаанд явж эхэлснээр ёс суртахуун, итгэл үнэмшлийн талаар шинэ үзэл баримтлалттай болж үр хүүхдүүдэдээ үлгэр жишээ амьдралаар амьдарсан юм.Тэрээр сүмээрээ дамжуулан олон хүнд тусалдаг өгөөмөр сэтгэлтэй нэгэн байв.

Хэдийгээр бидний дунд байхгүй байгаа ч түүний нийгэмдээ үлдээсэн гайхамшигтай өв болох үр хүүхдүүд нь худалдаа үйлчилгээ, геодиз усны барилга байгууламж, банк санхүү, уул уурхай, зэвсэгт хүчин, төмөр зам, авто зам зэрэг салбарт амжилттай ажиллаж байгаа нь түүний бахархал билээ

“Таныгаа үргэлж санан дурсах болно” Гэр бүл, үр хүүхэд, ач зээ нараас нь….


Categories
мэдээ нийгэм

Вакцины цэгийг томоохон зах, худалдааны төвүүдэд нээнэ

Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор вакцины цэгийг томоохон зах, худалдааны төвүүдэд нээхээр төлөвлөөд байна.

Өнөөдрийн байдлаар “Хархорин”, “Мишээл экспо”, “Бүрд” худалдааны төв болон ТЭДИ төвд дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм.

Цаашид нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны 30 гаруй төвд дархлаажуулалтын байнгын цэгийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа аж.