Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хуралдаан хойшлов

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товлосон байв.

Гэвч шүүгдэгч Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгаланд нарын өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн шүүхэд явагдаж буй 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Билгүүн, мөн өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ж.Оюунболд нарын шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлсэн байна.

Үүнийг харгалзан шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сүүлийн 600 жилд тохиогоогүй хамгийн урт сарны хиртэлт болно

АНУ даяар сүүлийн 600 жил тохиогоогүй хамгийн урт сарны хагас хиртэлт пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө болно гэж НАСА мэдээлэв.

Тодруулбал, уг сарны хиртэлт 3 цаг 28 минут үргэлжлэх бөгөөд сүүлийн 580 жилийн хугацаанд тохиох хамгийн урт хиртэлт болох аж.

Зүүн эргийн ажиглагчид хагас хиртэлтийг Баасан гаригийн үүрийн 02:00-04:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа бол баруун эргийн ажиглагчдын хувьд Пүрэв гаригийн 23:00 цагаас Баасан гаригийн 01:00 цаг хүртэл үргэлжлэх таамаг дэвшүүлжээ.

Мөн нар хиртэх үеийнхээс ялгаатай нь сарны хиртэлтийг үзэж сонирхох хүмүүс тусгай нүдний шил зүүх шаардлагагүй байдаг аж. Гагцхүү арваннэгдүгээр сарын жихүүн шөнө байхыг тооцоолон дулаахан хувцаслаад гарахыг одон орончид зөвлөжээ.

Сарны хиртэлт нь нар, сар, дэлхий гурав огторгуйд нэг шугамд байрлах үед тохиодог байгалийн онцгой үзэгдэл юм. Харин сарны хагас хиртэлт нь сар дэлхийн сүүдэрт бүрэн орох үеийн бүтэн хиртэлтээс үзэмжийн хувьд ялгаатай, давтамжийн хувьд олон байдгыг НАСА онцлов. Мөн энэ удаагийн сарны хиртэлт энэ жилийн хамгийн сүүлийнх болж байгаа бөгөөд 2022 онд сарны бүтэн хиртэлт тав, арваннэгдүгээр саруудад тохиох төлөвтэй байгааг НАСА-гаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Өнөөдөр болон маргааш нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хагаст хүчтэй салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 градус, бусад хэсгээр 8-10 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Ирэх Бямба гарагт баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, Ням гарагт нутгийн зүүн хагаст, Даваа зүүн аймгуудын нутгийн зарим газраар, Мягмар баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Энэ сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Байр, автомашинаа зарж, цахим мөрийтэй тоглоом тоглосон залуу 1.2 тэрбум төгрөгийн өрөнд оржээ

Сүүлийн жилүүдэд иргэд цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний хөрөнгөө алдсан тохиолдлууд ихээр гарсаар байна. Тэдний зарим нь амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тогложээ.

Цахим мөрийтэй тоглоомонд бүрэн донтож, гурван жилийн дотор 1 тэрбум 200 сая гаруй төгрөг болон гэр бүлээ алдсан байна.


Иргэн Ц нь одоогоос 3 жилийн өмнө цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлжээ. Энэ хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг алдаж, 500 сая төгрөгийн өр төлбөрт орж, гэр бүл найз нөхөд, өмч хөрөнгөө алдсан байна.

Иргэн Ц: “Би сүүлийн гурван жилийн хугацаанд тоглож байна. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирлын хэмжээ нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг байгаа. Өөрийн мөнгө хүнээс зээлж авсан гээд л нийт хэмжээ.

Хамгийн анх манай ойрын найз онлайнаар покер тоглодог байсан. Би мэддэг байсан ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад л болох юм байна гэж бодоод тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчхаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод алдах хэмжээ нь ч улам их болчихсон. Ний нуугүй ярихад би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд хадгаламж руу гаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Дараа нь бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж, түүнийгээ алдсан. Өрөө авах хүмүүс эхнэр рүү минь ярьж эхэлсэн. Ингээд л хэрүүл үүсэж, эхнэр салсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.

Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод л өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед л тоглогч нарын хөзрийг бүгдийг цаанаас нь хянаад хараад байж байдаг юм байна гэдгийг мэдсэн. Онлайн покерийн Монгол сайт ч байгаа, гадаад ч байгаа. Тэд бүгд л луйвар” гэжээ.

Иргэн Ц мөрийтэй тоглоом тоглохын тулд 500 сая төгрөг хүнээс зээлжээ. Үүнийгээ төлж барагдуулж чадаагүй тул одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Categories
гадаад мэдээ

Жо Байден цахилгаан хөдөлгүүртэй “Hummer”-ийг жолооджээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Америкийн автомашин үйлдвэрлэлийн нийслэл гэгддэг Детройт хот дахь General Motors компанийн үйлдвэрт зочилжээ.

Энэ үеэрээ тэр тус компанийн шинэ бүтээгдэхүүн болох цахилгаан хөдөлгүүрт Hummer SUV загварыг өөрөө жолоодож, туршсан байна. Шатахуун зарцуулалт өндөртэйгөөрөө алдаршсан Hummer брэндийг General Motors бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болгон шинэчилж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Байден улс орныхоо дэд бүтцийг шинэчлэх $1 их наядын хөтөлбөрийг баталсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ даяар цахилгаан автомашины цэнэглэх станцын сүлжээ байгуулахад $7.5 тэрбумыг төсөвлөжээ.

2020 онд АНУ-ын зах зээлд борлуулагдсан бүх шинэ автомашины ердөө 1.8 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байсан юм. Шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр энэ хувь хэмжээ өснө гэж Байдены засаг захиргаа үзэж байгаа.

“Одоогоор энэ салбарт Хятад улс тэргүүлж байгааг та бүхэн мэднэ. Миний баталсан дэд бүтцийн хөтөлбөр үүнийг өөрчлөх болно” гэж Байден сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: Сугалаа, азтан шалгаруулж буй Аж ахуйн нэгжүүдийг шалгана

Сугалаа, урамшуулалт хонжвор нэрээр халхавчлан “мөнгө угаах” үйлдэл байж болзошгүй учраас сугалаа, азтан шалгаруулж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

No description available.

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод оролцох тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлана

Үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани Токиогийн олимпийн наадамд оролцсон Монголын багийн хувцсыг урласан. Тэгвэл МҮОХ тус компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ.

Тодруулбал, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka урлан бүтээхээр болсон байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд энэ компанитай хамтран ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн Токио, Бээжингийн олимпоор хязгаарлагдахгүй. Манай тамирчдыг цаашид олон олон наадмууд хүлээж байгаа. Энэ бүхэнд бид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Харин Michel & Amazonka компанийн захирал Ч.Мөнхжаргал “Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж байгаа танай байгууллагад талархлаа илэрхийлье. Тамирчид маань бидний урласан хувцсыг өмсөн олимпийн наадамд оролцоод амжилт гаргасанд маш их урам орсон. Бид энэ удаад ч хичээн ажиллах болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үр тариа өмнөх оны мөн үеэс 174.8 мянган тонн буюу 44.4 хувиар өсчээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 568.7 мянган тонн үр тариа, 178.8 мянган тонн төмс, 114.4 мянган тонн хүнсний ногоо хурааж, 1.1 сая тонн хадлан, 29.3 мянган тонн гар тэжээл, 2.8 мянган тонн дарш бэлтгэсэн байна.

Өмнөх оны мөн үеэс хураасан үр тариа 174.8 (44.4 хувь) мянган тонноор, хүнсний ногоо 4.5 (4.1 хувь) мянган тонноор, бэлтгэсэн хадлан 152.8 (15.8 хувь) мянган тонноор тус тус өсөж, харин хураасан төмс 62.5 (25.9 хувь) мянган тонноор, бэлтгэсэн гар тэжээл 1.3 (4.1 хувь) мянган тонноор, дарш 0.4 (13.5 хувь) мянган тонноор тус тус буурсан байна. Хураасан үр тарианы 5.0-30.8 хувь Хөвсгөл, Дорнод, Увс, Булган, Төв, Сэлэнгэ аймагт, хураасан төмсний 2.3-58.0 хувь Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт, хураасан хүнсний ногооны 2.4-28.0 хувь Өвөрхангай, Орхон, Ховд, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймагт ногдож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжтой боллоо

Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмжийн талаар хэлэлцэж байна.

Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд “Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нээлттэй болсон. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо холбогдох дүрэм, журмыг боловсруулаад ирэх оноос хэрэгжүүлнэ” гэв.

Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 болгон бууруулж 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах талаар тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг хэллээ.

Тодруулбал, Зээлийн батлан даалтын сан дээр хуулийн өөрчлөлт оруулж, ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болжээ.

Богино хугацаанд 30 хувийн урьдчилгааг

20 хувь хүний хуримтлал

10 хувь Зээлийн батлан даалтын сангаас гаргах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд энэ сарын байдлаар 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэжээ

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, Төсвийн хороо өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Монгол Улсын Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор төсвийн шинэ харилцааны талаар болон нийслэлийн халамжийн салбарын зохион байгуулалт, санхүүгийн нөхцөл байдлын мэдээлэл сонссон юм.

Мөн нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлахаар батлагдсан эд хөрөнгийн өнөөгийн ажлын явц болон нийслэлийн өмчөөс хасагдсан, шилжүүлсэн, нийслэлийн өмчид бүртгэсэн эд хөрөнгө, барилга байгууламжийн тайлантай танилцаж, хэлэлцлээ.

Нийслэл хот энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 205.3 тэрбум төгрөгийн өмч бүртгэн авчээ. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 60 нэр төрлийн барилга байгууламж, 140 ширхэг тээврийн хэрэгсэл бүртгэн авсан байна.

Харин 22.5 тэрбум төгрөгийн барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, бусад эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчөөс хасаж, 8.29 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлжээ.

Хурлын төгсгөлд Хурлын Эдийн засаг, Төсвийн хорооны дарга, Тэргүүлэгч М.Халиунбат “Эдийн засаг, Төсвийн хорооны 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд хийгдэж дуусаж байна. Хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөнд нийслэлийн өмчийн харилцаа, өмчийн ашиглалттай холбоотой ажлуудыг тусгах саналтай байна” гэв. Мөн хорооны гишүүдэд 2022 онд хийгдэх төлөвлөгөөт ажлуудад саналаа өгөхийг сануулав.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ