Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы энэ сард хэлэлцэх асуудлын дараалал

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.

Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг билээ.

Арван нэгдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 44 хууль, тогтоолын төсөл багтсан байна.

Тэдгээрийн дотор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай, Зөвшөөрлийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Жолоочийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын багц хуулиуд, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг хууль тогтоомжууд байгаа юм.

Хэлэлцэх асуудлын жагсаалт (цагаан толгойн дарааллаар)

1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

2.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

4.Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

6.Далай ашиглах тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)

7.Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

8.Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

9.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

10.Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

11.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

12.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

13.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд

14.Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

15.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

16.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

17.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;

18.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

19.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

20.Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

21.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

22.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

23.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

24.Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

25.Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

26.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 

27.Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

28.Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)

29.Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

30.Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

31.Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

32.Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

33.Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

34.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

35.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

36.Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

37.Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

38.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

39.Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

40.Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

41.Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

42.Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

43.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

44.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Categories
гадаад мэдээ

​Хятадын алслагдсан газруудад өвлийн спорт хөгжиж байна

“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй болох гэж буйтай холбоотойгоор Хятад улсын хөдөө орон нутаг, алслагдсан газруудад цас, мөсний спортын төрлүүд эрчимтэй хөгжиж байгаа тухай тус улсын “Синьхуа” мэдээллийн агентлаг мэдээллээ.

Мөн хөдөөгийн оршин суугчдад цас, мөсний спорт болон өвлийн олимпын талаар илүү их мэдлэг мэдээлэл, ойлголт өгөхийн тулд янз бүрийн арга хэмжээнүүдийг тус улс даяар зохион байгуулсаар байгаа аж.

Хятадын Хэбэй мужийн Пинсян хошууны тосгодын оршин суугчид ширээний кёрлинг, газрын кёрлинг, дугуйт тэшүүр гэх мэт спортын төрлөөр хичээллэж, өвлийн спортоор хичээллэхийн аз жаргалыг мэдэрч байна.

Өвлийн олимпын XXIV наадам ирэх оны 2 дугаар сарын 4-20-нд болох юм.

Categories
мэдээ нийгэм

Дарханы авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-наас түр нээнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны бусад хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө.

Одоогийн байдлаар

I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 62.48 хувьтай байна.

II багц буюу хар модот давааны араас урьхан хүртэл 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй, III багц буюу урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.

IV багц буюу Сүмбэрийн уулзвараас цайдмын хөндий хүртэлх 45.08км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.

2021 оны 11 дүгээр сарын 15-наас ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд автозамын зорчих хэсгийг түр нээнэ. Тиймээс гүйцэтгэгч компаниудад бэлтгэл ажлаа сайн хангах, ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболдод хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд хурдны хязгаар тогтоох, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг бэлтгэл ажлуудыг хийхэд Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах, хяналт тавих чиг үүргийг өгөв. Мөн гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зөвлөх С.Очирбат:

Энэ жилийн төлөвлөгөөт ажил 80-90 хувийн биелэлттэй

“ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй Улаанбаатар Дархан чиглэлийн 204 км автозамд нийт 9 гүүр бий. I багцын гүүрийн ажил дууссан, II, III багцад байх 5 гүүр барих ажил 50 хувьтай, IV багцын 2 гүүрийн нэг нь 90, нөгөөх нь 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Багц бүрд 32-64 орчим хоолой суурилуулахаас I багцынх бүрэн дууссан, II,III багцынх 50-60, IV багцынх 80 хувь, V багцынх бүрэн дууссан. Нийт ажлын тоо хэмжээгээр 40 гаруй хувийг гүйцэтгэсэн байгаа.

Энэ жилийн гол зорилт нийт замынхаа далан, хиймэл байгууламжийг 60-80% орчим хийхээр төлөвлөснөөс 80-90 хувийн биелэлттэй байна. Өвлийн улиралд газар шорооны ажил явагдах боломжгүй ч хайрга чулуугаа бутлах, үйлдвэрийн баазад цагариг, хоолой бэлтгэх зэрэг материал бэлтгэлийн ажлаа хийнэ. Ирэх жилийн гуравдугаар сарын 15-20-ны хооронд замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн ЕСБХБ-ны санхүүжилтээр баригдаж буй 1 дүгээр хэсгийн автозамын төслийн захирал С.Баярбилэг “1 дүгээр багцын далангийн болон хиймэл байгууламжийн ажил 100 хувь дууссан.

Суурийн ажил 30 км явсан. Суурь асфальт хучилт 22,6 км хийсэн. 2021-2022 оны өвлийн улиралд хөдөлгөөн нээнэ гэж яамнаас хэлсэн учир хөдөлгөөн нээхтэй холбоотой тэмдэг тэмдэглэгээ бетон хашлага болон бусад ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

БНХАУ-ын “Чайна Гежөүба” групп компанийн төслийн менежерийн орлогч Ө.Содбилэг:

2022 оны 11 дүгээр сард бүрэн дуусган хүлээлгэж өгнө

Манайх энэ жилийн хувьд ажлын 25 хувийн гүйцэтгэлээр ажлаа дуусгана гэж төлөвлөснөөс тус хувьд хүрсэн. Өнөөдрийн байдлаар далангийн болон хоолойны ажил дуусах шатандаа орж, дүүргэлтээ хийж байгаа.

Ирэх жилийн 11 дүгээр сард 100 хувь дуусгаж хүлээлгэж өгнө” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагт ой хээрийн түймэр гарчээ

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Халхгол, Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Сэлэнгэ аймгийн Баянгол, Хушаат сумдад ой, хээрийн түймрийн таван тохиолдолд бүртгэгдээд байна.

Иймд,

Иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,

– халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,

– гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

– автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,

– насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

– гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар түвшин рүү шилжинэ

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна.


Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар 23 хувь нь гурав дахь тун буюу нэмэлт тундаа хамрагджээ. Эхний тундаа хамрагдаагүй 116 мянган хүн, хоёрдугаар тундаа хамрагдаагүй 103 мянган хүн, нийт 220 мянган хүн дархлаагүй буюу вакциндаа хамрагдаагүй байгаа нь цаашид халдвар нэмэгдэх эрсдэл байгаа гэж үзэж байна” гэв .

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн хоёр жилд Монгол Улс хатуу хөл хориог зургаан удаа тавьсан. Түүхдээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах хувь руугаа унасан үзүүлэлттэй байна. Өнөөдрөөс /11.01-ний өдрийн/ эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээж байна.

Бид өнөөдрийн байдлаар 2,8 сая вакцины нөөцтэй байна. Гурав дахь тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөг хүртэл хатуу хөл хориотой улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтаа цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж хичээлээ танхимаар эхлүүлсэн.

Өнөөдрөөс эхлэн баяр ёслолын, үзвэрийн үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа хүн түргэвчилсэн шинжилгээг хийх шаардлага тавьж байгаа. Хэдийгээр үзвэр үйлчилгээг үзэх боломжтой ч иргэд заавал нэмэлт тунд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлж зааланд орох боломжтой. Эсвэл 20 мянган төгрөгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч байж үзвэр, үйлчилгээ үзэх боломжтой. Соёл, урлагийн салбар, спортын үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллаж, нэмэлт тунг идэвхтэй хийлгэхийг иргэдээс шаардахыг хүсч байна. Хэрэв вакцинжуулалт 50 хувьд /одоо 23 хувьтай байгаа/ хүрсэн тохиолдолд улбар шар нь шар түвшин рүү шилжинэ.” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Австрали улс өнөөдрөөс эхлэн хилээ нээлээ

Цар тахлын улмаас гадаад ертөнцөөс таслагдаад байсан Австрали улс өнөөдөр буюу Даваа гарагаас эхлэн хилээ нээж байна.

Сүүлийн бараг 20 сарын хугацаанд тус улсын хил хаалттай байсан юм. Ингэснээр Австралийн иргэд гадаадад чөлөөтэй аялах боломжтой болж, хамгийн том хоёр хот болох Сидней, Мельбурн вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ гадаадаас ирэхэд нь тусгаарлалгүйгээр хүлээж авч эхэлжээ.

2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Австрали улс тодорхойгүй хугацаагаар хилээ хаасан нь дэлхийн улс орнуудын дотроос цар тахлын эсрэг авсан хамгийн хатуу хариу арга хэмжээнүүдийн нэг байв.

Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирэхийн тулд их хэмжээний мөнгө төлөх, ирмэгцээ 14 хоног зочид буудалд тусгаарлагдах журам үйлчилж байсны улмаас олон арван мянган Австраличууд гадаадад гацаад байжээ.

Гэхдээ өнөөдөр вакцинжуулалтын явц удаан байгаа Австралийн хоёр муж болох Баруун Австрали, Күинслэнд мужууд хөл хорионы хатуу дэглэмээ үргэлжлүүлж, гаднаас ирсэн хүн бүрийг өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлах журамтай хэвээр үлдэж байна.

Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон “Өнөөдөр бол Австралийн хувьд маш чухал өдөр” гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Тус улсын томоохон нисэх буудлууд өнөөдөр олон сарын дараа ах дүүс, үр хүүхдүүдтэйгээ уулзалдаж, баярын нулимс унагасан иргэдээр дүүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бизнес эрхэлдэг 10 өрх тутмын долоогийнх нь орлого буурчээ

Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран 2020 оны тавдугаар сараас “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд тав дахь шатны судалгааг 2021 оны зургаадугаар сарын 14-23-ны хооронд зохион байгуулан үр дүнг нь өмнөх шатны үр дүнгүүдтэй харьцуулан мэдээллээ.

Хөдөлмөр эрхлэлтийг авч үзвэл, судалгааны 4-5 дахь шатны хооронд өрхийн бизнесийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сэргэлт гарчээ.

Сануулахад, дөрөв дэх шатны судалгааг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-30-ны хооронд зохион байгуулан явуулж байсан юм.

Судалгааны 4-5 дахь шатны хооронд үйл ажиллагаа нь хэвийн ажиллаж байгаа бизнес эрхэлдэг өрхүүдийн эзлэх хувь 18-65 хувь болж нэмэгджээ. Тээвэр болон барилгын салбарын сэргэлт хамгийн өндөр байна.

Тавдугаар шатны судалгааны дүнгээр бизнесийн үйл ажиллагаагаа түр хаасан өрхийн хувь 69-өөс 22 хувь болж буурчээ. Судалгаа зохион байгуулж байх хугацаанд бүрмөсөн үйл ажиллагаагаа зогсоосон өрх байхгүй байна.

Хагас цагаар ажиллаж байгаа болон түр үйл ажиллагаагаа зогсоосон бизнес эрхлэгчдийн 75 хувь нь цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа гэж хариулжээ.

Судалгааны 4-5 дахь шатны хооронд бизнесийн үйл ажиллагааны сэргэлт хотод хөдөөгөөс илүү байна. Дөрөв дэх шаттай харьцуулахад тав дахь шатанд хотод бараг дөрөв дахин их бизнес нээгджээ. Тодруулбал, дөрөв дэх шатанд 17 хувь байсан бол тав дахь шатны судалгаагаар 67 хувь болж өсчээ. Тав дахь шатанд, хот суурины бизнесүүдийн 2/3 орчим нь, харин хөдөөгийн бизнесүүдийн тэн хагас орчим нь хэвийн ажиллаж байсан байна.

Бизнесүүд нээгдсэнээр орлого нэмэгдэж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч ихэнх бизнесүүдийн хувьд орлогын алдагдал өндөр хэвээр байна.

Тав дахь шатны үед бизнесийн орлого шатнаас хойш хамгийн сайн сэргэлттэй үе болсон байна.

Үйлдвэрлэл болон тээврийн салбар дахь бизнесүүд цар тахлын өмнөх үеэс орлого нь нэмэгдсэн болон хэвэндээ байгаа гэж хариулах нь илүү байна.

Цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнес эрхэлдэг 10 өрх тутмын 7-гийн орлого буурсан ч бууралтын хэмжээ гурав дахь шатны судалгаанаас хойш багасаж байгаа нь ажиглагдаж байна.



Бизнесийн цаашдын төсөөллийг авч үзвэл цар тахлын нөлөөнд өртөөгүй болон үйл ажиллагаа нь сэргэсэн бизнес эрхлэгчид илүү эерэг хүлээлттэй байна.

Шинэ судалгааны дүнгээр цар тахлын өмнөх үетэй харьцуулахад орлого нь өссөн болон хэвэндээ байгаа бизнес эрхлэгчид ирэх гурван сард борлуулалтын орлогоо нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Тодотгоход, уг судалгааг Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгаанд хамрагдсан өрхүүдээс 2000 өрхийг дэд түүвэрлэлт хийн сонгож, улсын хэмжээнд төлөөлөх чадвартай байх нөхцөлийг ханган нэг ижил өрхүүдээс хэд хэдэн үе шаттайгаар мэдээлэл цуглуулан ажиллаж буй юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Даатгалын компаниудыг төрд авахыг эсэргүүцэв

Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлэв. Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Тодруулбал, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан.

Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар “УИХ-ын даргад өргөн барьсан Албан журмын даатгалын тухай хуулийг олж уншаад цочирдлоо. Есөн жилийн хугацаанд амжилттай ажиллаж буй 5 мянган хүнтэй энэ салбарын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл тарааж, даатгалыг улсад авна гэдгийг хуульдаа тусгажээ. Энэ нь даатгалын салбарыг хөгжүүлэх биш булшлах хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрстлийг хаадгаараа онцлог. Албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний арван хувийг төрөөс жил бүр авч ирсэн. Ингэснээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлжээ. Гэхдээ сангийн мөнгө хаана хадгалагдаад хэрхэн зарцуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй” гэв.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд нийт 230.5 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлснээс 231.201 хүнд 121.9 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын төлсөн хураамжийн орлогоос олгосон байна. Өөрөөр хэлбэл даатгалын компаниуд төвлөрүүлсэн орлогынхоо тал хувийг нөхөн төлбөрт зориулжээ.

Манай улсад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих автотээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900.000 орчим байгаагаас 650.000 нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

​Гудамж, зам, талбай, явган хүний зам хаасан байршлуудад газар чөлөөлөлт хийхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө.

Тухайлбал:

  • Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг харьяа байгууллагуудад үүрэг болгон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хариуцууллаа.
  • Дүүрэг бүр барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэн, шаардлага тавин ажиллахыг санууллаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөлт хийхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгав.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгын түр хашааны стандартыг хангуулан, норм дүрэмд нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудаа эрчимжүүлэхийг НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгосон юм.
Categories
мэдээ эдийн-засаг

МХБ: Гуравдугаар улиралд 466.4 тэрбумын үнэт металл худалдан авчээ

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 39, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 235, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн 125, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн 65 байна хэмээн гуравдугаар улиралд бүртгүүлжээ.

Мөн тус улиралд 264.2 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 466.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан хэмээн Монголын Хөрөнгийн Биржээс мэдээллээ