Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Оны эхний есөн сарын хугацаанд 10500 өрхөд 787 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний есөн сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 787.2 тэрбум төгрөгийн зээлийг 10.5 мянган өрхөд олголоо.

Өөрөөр хэлбэл, 2021 онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна.

График. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум төгрөг) болон зээлдэгчийн тоо, сараар

Монголбанкнаас 2021 оны арав болон арваннэгдүгээр сард тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 26.7 тэрбум төгрөгийг нэмснээр тухайн хоёр сард нийт 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор байна.

Түүнчлэн, тус хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзахын зэрэгцээ холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас тус хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах болно хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үед ажиллах 3 нисдэг тэрэгний ангар барьж, ашиглалтад оруулжээ

Гамшгийн үеийн эрэн хайх, аврах болон эмнэлгийн яаралтай тусламжинд зориулан тоноглогдсон гурван нисдэг тэргийг Монгол Улс Францын засгийн газрын гэрээгээр авч, УОК-т хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү нисдэг тэргийг агаарын ажиллагаанд гаргахаар тохиргоо хийн бэлтгэл хангаж байна.

Гал, усны гамшиг ослын үед тусгай үүрэг гүйцэтгэх зориулалтын 6-8 хүний багтаамжтай энэ нисдэг тэргийг хадгалах гарааш буюу ангарыг барьж, ашиглалтад оруулснаа өчигдөр Шадар сайд С.Амарсайханд танилцуулжээ.

Энэхүү нисдэг тэрэг нь нэг удаагийн цэнэглэлтээр 500 км орчим нисэх ба манай нисгэгчид Франц улсад сурч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: Энэ сард багтаж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй

Хоёр болон гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр” 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх эрсдлийн үнэлгээг байнга хийж байгаа. Есдүгээр сараас хойш эрсдэл буурахгүй байна. Хоёрдугаарт, гуравдугаар тунгийн вакцинжуулалт хангалтгүй байгаа. Түүнчлэн 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах ЭМЯ-ны шийдвэрийг бид хүлээж байна. Ингэснээр халдварын тархалт буурна. Тиймээс эдгээр нөхцөл байдлын улмаас энэ сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газарт танилцуулна. Боловсролын байгууллагад хүүхдийн халдвар цөөнгүй бий” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин Венийн дуурийн театрын тайзнаа анх удаа дууллаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн хамгийн алдартай театруудын нэг Венийн дуурийн театр (Wiener Staatsoper)-ын тайзнаа анх удаа дууллаа.

Тэрбээр энэ талаараа “Энэ удаад хүн төрөлхтний агуу их театруудын нэг болох “WIENER STAATSOPER”-т анх удаагаа дууллаа. Гайхалтай мэдрэмж байлаа” хэмээсэн юм. Түүний хувьд “Набукко” дуурьд дуулсан бөгөөд энэ сарын 6, 9-нд дахин дуулна. Э.Амартүвшин гавьяат саяхан дуурийн урлагийн Оскар буюу “Opera star” наадмаас “Шилдэг баритон дуучин” шагнал хүртсэн. Тэгвэл энэхүү наадам нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл буюу ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн дуурийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд чиглэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Загасчилж яваад Туул голд осолдсон хоёр иргэнийг хайж байна

Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т Заамар сумын Доргонот гэдэг газар нэр бүхий компанийн таван ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад автомашин нь голын усанд суужээ. Улмаар хоёр хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт онцгой байдлын албаныханд өгчээ.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Дүүжин гүүр” гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, 2 дугаар бүлэг /Үндэсний аврах бригад/ “Орхонтуул” гэдэг газраас “Орхонтуул”-ын бэлчир гэдэг газар хүртэл 40 км-т завиар, голын эрэг дагуу 60 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт ОБЕГ-ын даргын шийдвэрээр зогсоожээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад анхны ардын сургууль байгуулагдсан өдөр тохиож байна

1921 оны наймдугаар сарын 14-ний өдөр ардын засгийн газрын хуралдаанаар сургуулийн танхим байгуулах шийдвэр гарч, тухайн 1921 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр анхны сургуулийн танхим байгуулж байсан түүхтэй.

Анх Улаанбаатар хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогийн гуравдугаар сургуулийг нээж байсан нь Монгол Улсын хэмжээнд анхлан баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн юм.
Боловсролын салбарын анхдагч байсны хувьд олон бүтээлч ажлын эхлэл үндэс суурийг энэ сургуулийн төгсөгчид, багш нар тавьж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Бага сургуулийн багшаар ажиллаж байсан Дондогийн Цэвэгмид Монгол Улсыг НҮБ-д гишүүн болгоход төлөөлөгчдийг ахлан, НҮБ-ийн хүндэт индэр дээрээс анхны Монгол хүний дуу хоолойг ертөнц дахинаа цуурайтуулан, улсаа бүрэн эрхт гишүүн болгосон юм.
Бага сургуулийн багш, сурагч асан Дэнзэнгийн Ишцэрэн Гэгээрлийн яамны сайдаар 1965-1978 ондуудад ажиллахдаа 1970 онд ЮНЕСКО-д Монгол Улсаа бичиг үсэгтэй ард түмэн болгон бүртгүүлсэн мөнхийн гавьяатай.
Энэ сургуулийн анхны захирал Сангажавын Жамьян Ардын гэгээрлийн яамны анхны сайд болж Монголын Шинжлэх ухаан, Боловсролын суурийг тавилцсан бол, хичээлийн эрхлэгч Шадавын Лувсанвандан Шинэ үсгийг зохиолцон, монгол хэл, соёлыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан гэх мэтээр бахархал, түүхээр баялаг юм.
Энэ сургуулиас 300 гаруй алдартан төрөн гарсан байдаг. Тухайлбал:
Хөдөлмөрийн баатар – 6
Ардын цолтон – 15
Төрийн Соёрхолт – 16
Гавьяат цолтон – 56
Ардын Их хурлын депутат, УИХ-ын гишүүн, сайд – 12
Доктор профессор – 60
Спортын мастер – 103
Хурандаа болон түүнээс дээш цолтон – 28 төрөн гарсан байдаг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Монгол Улс Зэвсэгт хүчний хөнгөн болон хуягт техникийг дотооддоо угсарч эхэлжээ

Монгол Улс Зэвсэгт хүчний хөнгөн болон хуягт техникийг дотооддоо угсарч эхэлсэн бөгөөд ирэх онд бага бууны сумны үйлдвэр байгуулахаар төлөвлөж буйг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа танилцуулав.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн өндөр чадамжтай зэвсэгт хүчинтэй болох зорилт тавьсан байна. Энэ хүрээнд 10 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

-Бага бууны сумны үйлдвэр байгуулах

-Улсын агаарын хилийн хяналтын системын чадавхыг нэмэх

-Зэвсэгт хүчний удирдлагын барилгыг шинээр барих

-Кибер аюулгүй байдлын зэвсэгт хүчний дата төв байгуулах

-Агаарын цэргийг дунд оврын нисдэг тэргээр хангах, Налайхын аеродроммын үндсэн зурвасыг сэргээн засварлах, газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх

-Зэвсэгт хүчний анги байгууллагуудын мэдлийн газарт орон сууцны барилга барих

-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нэгдсэн лабораторийн барилга барих

-Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг дотоодын тусгай зориулалтын хөнгөн болон хуягласан техникээр хангах

-Барилга, инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, хоёрдугаар шатны эмнэлэг байгуулах

-Галт хэрэгслийн нөөцийг шилжүүлэн байршуулах

Өнөөдрийн байдлаар дээрх ажлуудаас тав нь эхэлсэн байна. Тухайлбал, Барилга, инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг тусгай зориулалтын хөнгөн болон хуягласан техникээр хангах хүрээнд өнгөрсөн оноос цэргийн инженер техникийн ажилтнууд тагнуул болон байлдааны хөнгөн болон дунд оврын гурван төрлийн 25 техник угсарсан байна. Уг техникийн Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан ёслолын жагсаалын үеэр танилцуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас цуцалсан гэдгийг Батлан хамгаалахын сайд онцлов. Мөн 3-30 км-т зураг авах, мэдээ дамжуулах дрон, 1000 км-т холбоо барих боломжтой радио станц зэргийг үйлдвэрлэж байгаа аж.

Агаарын цэргийг шинэчлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Налайхын аеродромын үндсэн зурвасыг сэргээн засварлах ажил эхэлжээ. Бага бууны сумны үйлдвэр байгуулах санхүүжилтийг ирэх жилийн улсын төсөвт тусгасан байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “Монгол Улсын батлан хамгаалахын салбарын төсөв ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэж байгаа бөгөөд цаашид 1.5 хувьд хүргэхээр төлөвлөж байна. Дэлхийн дунджаар энэ үзүүлэлт 2.5 хувь байдаг” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ 4 удаагийн шууд нислэгээр Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна

Эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсаны улмаас асуудлууд үүсэх эрсдэл бий.
Тус уулзалтаар ойрын хугацаанд хомстолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ.
ЭМЯ 4 удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэв.
Ийнхүү тээврийн зардлыг төрөөс дааж байгаа учраас эм ханган нийлүүлэх байгууллагуудад цаашид аливаа нэг үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг үүрэг болгов.
Categories
мэдээ нийгэм

436 метр урт хайсыг ашиглах боломжгүй болтол нь дайрчээ

Зарим иргэний хариуцлагагүй байдал болоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа авто замын хайс, хашлагыг эвдэж, нураах явдал олон гардаг. Хариуцлагагүй иргэний энэ үйлдлийг хэрхэн илрүүлж, хохирлыг барагдуулж чадаж байгаа эсэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунбилэгээс тодрууллаа.

-Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 94 мянган метр урт хайс байдаг. Үүнээс 500-600 метр хайсыг жил тутамд машинаар дайрч, гэмтээдэг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 82 гэмт хэргийн улмаас 536 метр урт хайсыг дайрснаас 436 метрийг нь огт ашиглах боломжгүй болтол дайрсан байх жишээтэй. Үлдсэн хайсыг сэргээгээд буцааж тавьсан. Авто замын хайс, хашлагыг жолооч нар хариуцлагагүй байдлаасаа болж мөргөж, шүргэж эвддэг. Шөнө оройн цагаар согтуугаар машин барьснаас хашлага эвддэг бол өдрийн цагаар нэг нь нөгөөгөө шахсан болон тоормосны гишгүүр доогуураа гар утас, ус, ундааны сав унагасан зэргээс болж хайс дайрах тохиолдол сүүлийн үед их гарч байна.
Тиймээс бид Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтран ажиллаж, хайс, хашлага эвдсэн жолооч нарыг олж тогтоон, төлбөр төлүүлж байгаа. Хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн камержуулалт сайжирснаар нөхөн төлөлт нэмэгдэж байна. Тээврийн цагдаагийн албаныхан маань эзэн холбогдогч тогтооход тусалж байгаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Т.Саруул: Бүтэн цаг симфони сонссон азтай моддыг Гүнжийн нүдэн нуурын эрэгт тарьсан


Эко соёл сангийн тэргүүн, хуульч Т.Саруултай ярилцлаа. Саяхан тус сан “Модны хайр” тоглолт зохион байгуулсан агаад “Нэг хашаа нэг мод” төслийнхөө хүрээнд Гүнжийн нүдэн нуурын орчимд эко бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.


-Та бүхэн “Модны хайр” сонгодог хөгжмийн тоглолт зохион байгуулсан. Үзэгчдийн суудалд мод заларсан нь содон байлаа. Яагаад модонд хайр зарлах болов?

– Сайхан хөгжим, ерөөл сонсоход бидэнд ямар гоё байдаг билээ. Үүнтэй адил нэг удаа ч болов хүн модонд сайхныг харуулж, сайныг мэдрүүлэхийг эрмэлзсэн санаа юм. Мод амьдралынхаа туршид хүмүүст хайр түгээдэг. Хайраа чимээгүй түгээдэг. Түүнийг нь олж хардаг хүн байна. Хардаггүй нь ч бий. Мод гоо үзэмжээрээ биднийг баясгаж, цэвэр агаар өгч, үр жимсээ харамгүй хайрладаг. Хүмүүс өгсөн бүхнийг нь авдаг мөртлөө буцаагаад модонд хүндэтгэл үзүүлдэг билүү. Ялангуяа хотын мод, ургамал өгөөд байдаг, хариуд нь юм авдаггүй өрөвдөлтэй амь, чимээгүй хайрын эзэд юм. Тийм учраас нэг удаа ч болов модыг өөртэйгээ адилхан гэдгийг мэдрээч гэсэн санааг хүмүүст хүргэх гэсэн юм. Байгаль эх бүгдэд өөр өөрийн амьдрах орчин, чадвар заяасан. Харилцан хүндэтгэлтэй хандах учиртай. Сонгодог урлагийг хүн яаж хүлээж авдаг билээ. Мод амьд учраас яг л тэгж хүлээж авна. “Модны хайр” концертын гол зорилго ийм.


-Энэ санааг филармонийхон яаж хүлээж авав?

-Монгол Улсын Филармони гайхалтай хүлээж авсан. Эхлээд удирдаач Б.Батбаатарт санал тавьсан юм. Сонирхож сонсоод “Юутай ч удирдлагууддаа хэлье” гэсэн. Удалгүй тэд “Хүрээд ирээч, уулзъя” гэлээ. “Нэг хашаа, нэг мод” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил. “Олсон орлогынхоо тал хувийг Филармонид өгье. Энэ тоглолтыг ойлгож, мөнгө хандивлах хүн хэд байхыг мэдэхгүй байна. Магадгүй арван хүн, мянган хүн ч байж мэднэ гэсэн. Тэд дараа нь хариугаа хэлсэн л дээ. “Филармони та нараас нэг ч төгрөг авахгүй. Хамтарч ажиллая, сайхан концерт тоглох бүх арга хэмжээг бид авья. Та нар модоо концертын танхимд авчирах, бусад ажлаа амжуул” гэсэн юм. Улсын филармонийн дарга С.Баттулга “Цаашид хамтарч ажиллая, Соёлын яам та бүхний санааг сонирхож байна” гэсэн. Маш их баярласан л даа.

-Хэдэн мод үзэгч болсон бэ?

– Филармони 250 хүний суудалтай. 200-гаад мод үзэгч болсон.

-Төдий тооны хүн хандив өргөсөн гэсэн үг үү?

-Энэ сарын 25-нд хандивын аян зогсч байгаа. Концерт маань 16-нд болсон л доо. Хандивын аян маань чамгүй амжилттай болсон. Бүх хандивлагч хүмүүс, байгууллагад маш их баярлалаа.

-Хандивыг юунд зориулах вэ?

-Энэ хандив Гүнжийн нүдэн нуурын эко бүтээн байгуулалтад хувь нэмэр болох юм. Мод үзэгчтэй өвөрмөц концерт цаг орчим үргэлжилсэн. Бүтэн цаг симфони хөгжим сонссон азтай моднуудаа Гүнжийн нүдэн нуурын эрэгт тарихад та өөрийн биеэр оролцож болно гэсэн саналыг хандивлагчдад тавьсан юм. Жил бүр Монгол Улсын Филармонитой хамтраад Гүнжийн нүдэн нуурын эрэгт сонгодог хөгжмийн тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Нуурынхаа эко бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд зохих хэмжээний төлбөртэй тоглоно. Гэхдээ анхны хандивлагч нараа үнэгүй урина гэсэн юм. Концертын бүтэн бичлэгийг хандивлагчид маань хүлээж авна. Хандивлагчдын нэр, байгууллагын логог тавина. Манай билетийг авсан анхны хандивлагчид маань сэтгэл хангалуун үлдэх болов уу гэж найдаж байна.

-Анхны хандивлагч нь ямар хүн байв?

– Хандивлагчид маань бүгд анхных гэж тооцогдоно. Гэхдээ фэйсбүүкт зар тавихад нэг цагийн дотор Д.Ариунаа гээд найз маань анхны хандив хийсэн. Хүүхдэд зориулж үлгэр уншдаг, Буддын соёлоор дамжуулж хүмүүст ухаарлын мессеж өгдөг гайхалтай сайхан сэтгэлтэй эмэгтэй манай хандивын салхийг хагалсанд их бэлгэшээсэн шүү.

-Ерөнхийлөгч тэрбум мод тарья гээд байгаа. Харин бүр өмнө нь та “5000 мод тарина гэж амласан санагдаж байна. Ийм тооны мод тарьж чадсан уу?

-Бид “Нэг хашаа нэг мод” төслийнхөө хүрээнд 5000-10000 мод тарина гэсэн төсөөлөлтэй байсан л даа. Гурван удаагийн тарилтаар аль хэдийнэ 5000 модоо тарьсан. Энэ нэг удаагийн богино хугацааны төсөл биш. Гэр хорооллын нөхцөл байдал, эко орчин үүсгэнэ гээд бодоход дор хаяж арван жилийн ажил бий. Эхний ээлжинд 5000 мод тарих амлалтдаа аль хэдийнэ хүрсэн.

Тарьсан модод чинь ургаж байгаа юу?

– “Нэг хашаа нэг мод” төсөл Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн дэмжлэгтэйгээр 1,5 жилийн хугацаанд хэрэгжих юм. Бид энэ төслөө чадлынхаа хэрээр хэрэгжүүлсэн, модоо ургуулахаар зүтгэсэн. Бас ч гайгүй шүү. ШХА-аас энэ төслийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Төслийн нээлт хийж, хамгийн олон мод тарьсан газар маань Самъяа хийд. Энд мянган хайлаас, 50 улиас тарьсан юм. Мод тарьсан хэсэгт ухахад л хог гарч байсан, үржил шимгүй, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдол нэвчсэн газар байв. Тэнд мянган хайлаас тарихад 60 хувьтай ургасан. Мод авсан газар маань ургаагүй модны оронд нөхөж тарих хайлаас өгнө гэсэн. 50 улиаснаас тав, зургаагаас бусад нь ургасан. Тамтаггүй хүнд нөхцөлтэй, шороо бужигнаж байдаг газар. Ямар ч байсан тэр хавийг ногооруулах хэмжээнд хөөрхөн ургасан. Гэр хороололд байдаг цэцэрлэг, сургууль, албан газрууд, айлын хашаа, гудамжинд тарьсан модод маань дажгүй сайхан ургасан. Баянхошууны хөтөл дээр бага сургууль, цэцэрлэгийн комплекс дээр мод тарьсан. Багш, ажилчид нь үнэхээр сэтгэлтэй хүмүүс. Гэр хорооллын хэсэг газрыг чөлөөлж байгуулсан сургууль болохоор мод тарих талбайгүй мөртлөө боломжтой бүх газрыг ашиглаж тарьсан юм. Чадлаараа ургуулахаар чармайж байхыг харахад урамтай байсан.


-Ингэхэд тарих модоо хаанаас авдаг вэ. Зарим судлаачид хотын орчинд үрслүүлсэн мод сайн ургах чадвартай гэдэг?

-Моднуудынхаа 80 хувийг “Төгөл” цэцэрлэгжүүлэлтийн компаниас авсан. Дамбадаржаад байдаг, социализмын үеэс модны аж ахуй, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийж ирсэн Сугарсүрэн гэж эгч бий. Тэндээс авсан. Бид анх модны төслөө эхлүүлэх гэж байхдаа туршлага судлахаар нэг сая мод тарих зорилго тавьсан “Миний Клуб”-ын үүсгэн байгуулагч ТИС-ийн профессор Д.Сэрдарамтай уулзсан юм. Тэд бас “Төгөл” үржүүлгээс мод авдаг байсан тул модны чанарт эргэлзээгүй. Үрсэлгээ, суулгацын том талбайтай, олон төрлийн модтой юм билээ.

-Гэр хороололд мод тарьж байгаа хүний хувьд тэрбум мод тарина гэсэн Ерөнхийлөгчийн амлалтыг яаж хүлээж авсан бэ, хэр бодитой санагдав?

-Яг үнэндээ баяртайгаар хүлээж авсан. Мод тарих ажлыг төр бодлогын хэмжээнд авч үзнэ гэдэг маш том алхам. Өмнө нь иргэд, иргэний нийгмийнхэн энд тэнд жижиг төсөл хэрэгжүүлж, янз бүрээр үздэг байсан. Том зорилго тавиад нийтээрээ оролцоно гэдэг маш том алхам. Тэрбумаар биш ч талыг нь тариад ургуулсан ч том амжилт. Гэр хороололд олон мод тариасай.

-Та бүхэн гэр хороололд мод тарихаар зорьсон шүү дээ. Энэ бүхний дараа гэр хорооллын орчин ногоорох боломжтой гэж үзэж байна уу?

-Гэр хороолол ногоорох ёстой гэж үздэг. Ингэж чадахгүй бол Улаанбаатарын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй. Нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлчүүд маань агаар, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах эсэхийг тэр хүмүүс тодорхойлдог. Хөрсний бохирдлоо шийдэхгүй бол болохгүй юм байна шүү гэсэн сэтгэлгээтэй хүмүүс нэмэгдсээр байна. Аливаа зүйл соёлын хэмжээнд хүний оюунд суусан байхад хэнээр ч хэлүүлэлтгүй, бусдын шахалтгүйгээр аяндаа хуулийн хэм хэмжээний адил хэрэгжүүлдэг. “Эко соёл сан” байгаль орчинд ээлтэй байх соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой. Ер нь монголчууд бид экологийн өндөр соёлтой ард түмэн байсан. Одоо энэ соёлоо сэргээхэд хүн бүрийн хүчин чармайлт чухал байна.

-Цагаан давааны хогийн цэгийн орчимд амьдардаг хүмүүс мод тарихаар болсон гэсэн. Тэд өөрчлөгдсөн болов уу?

– Хог түүдэг хүмүүсийн хүүхдүүдийг сургадаг “Хөгжлийн хэлхээ” төрийн бус байгууллагын хүүхдийн төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд, гэрийнхэн нь мод тарьсан. Модоо сайн ургуулсан айлууд ч бий. “Үнэхээр ургуулж чадаагүй, усалж чадаагүй үхүүлсэн” гэсэн хүн ч таарсан. Ундны усаа авч дийлэхгүй байгаа зарим өрхийн хувьд модонд ус илүүчлэх хэцүү л дээ. Бас ковид, хөл хорионоос болоод хүмүүсийн боломж нөхцөл тааруу, бидний төлөвлөсөн ажил хэрэгжихэд бас амаргүй л байна. Жишээ нь байгууллагууд, эко хөршүүд болж байгаа айлуудад газар дээр нь хийх сургалтуудаа ихэнхдээ онлайнаар хийхэд хүрсэн.

-Эко хөршүүд гэдэг сонирхолтой санагдлаа. Орон сууцанд оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоонд нэгддэг бол гэр хорооллынхон бас эко хөршүүд байх боломжтой гээд та хуульчийн хувьд сонирхолтой санаа дэвшүүлсэн шүү дээ. Гэр хорооллынхон энэ санааг чинь дэмжиж байгаа болов уу?

– Энэ санааг иргэдтэй ярьж үзсэн. Гурван ч хорооны Засаг даргатай ярилцсан. “Сайхан санаа байна. Эрх зүйн зохицуулалт үнэхээр шаардлагатай юм байна” гэж тэд хэлсэн. Тэгш хөгжих боломжийг төр иргэддээ олгож, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг тэгш хангах нь төрийн үүрэг. Гэтэл орон сууцны хорооллын ба гэр хорооллын нөхцөл асар ялгаатай байгаа. Энэ байдлыг арилгахын тулд эрх зүйн шийдэл, гаргалгааг олох хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоо эрх зүйн зохицуулалттай. Гэр хороололд “Хашаа өмчлөгчдийн холбоо” гэдэг ч юмуу ямар ч байсан гэр хорооллын оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалсан холбоотой, тусгайлсан хуультай байх маш чухал. Гэр хорооллын иргэдийн эрх ашиг тал бүрээр зөрчигддөг шүү дээ. Дахин төлөвлөлт хийхэд “Хашааныхаа газрыг үнэлээд нүүцгээ” гэдэг. Гэтэл яг үнэндээ хашаа хоорондын гудамжны газар үнэлгээнд ордоггүй. Тэр хэсэг барилгын компани, төсөл хэрэгжүүлэгчдийн ашигт тооцогддог. Холбоонд нэгдэх нь гэр хорооллын оршин суугчдад маш ач холбогдолтой. Хөршүүд гудамжаараа хамтарч орчноо тохижуулж байж, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нь нэмэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ өснө. Дахин төлөвлөлтөд орсон ч “Манай хашаа өмчлөгчдийн холбооны газар ийм тохижилттой. Бид ийм ийм хөрөнгө оруулсан. Үүнийгээ үнэлнэ” гэх боломжтой. Орон сууцны хорооллын гудамж талбайг төрөөс, нийслэлээс санхүүжүүлж гэрэлтэй, замтай, тоглоомын талбайтай байдаг бол гэр хороололд амьдардаг иргэдэд ч ийм боломж олгох ёстой. Ингэж байж иргэддээ тэгш хандах төрийн бодлого хэрэгжинэ. Эрх зүйн зохицуулалт, орчин нь байхгүй бол хэрэгжих боломжгүй. Гэр хорооллын нөхцөл байдлыг сайжруулахын тулд ийм шинэ хуулийн төсөл санаачлах ёстой гэж би үздэг. Гүнжийн нүдэн нуур орчмыг жишиг болгож ажиллая гэж бодож байна.

-Гүнжийн нүдэн нуурыг яаж олсон бэ?

-”Нэг хашаа, нэг мод” төслийн ажлаар гэр хорооллын гудамжуудаар явж байхдаа энэ нуурыг олж харсан.

-Та Гүнжийн нүдэн нуурын орчимд нийслэлийн жишиг гэр хороолол, эко бүс бий болгоно гэсэн. Эко, жишиг гэдгийг хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Гүнжийн нүдэн нуур гэр хороолол дунд байдаг. Гэр хорооллынхон хамтдаа ямар сайхан амьдарч болохыг харуулвал бусад нь ч үлгэр жишээ авах байх гэж найдаж байна. Судалгаа хийдэг, хүмүүст бодит зөвлөгөө өгдөг орчинг бий болгохоор мөрөөдөж байгаа. Өвөлдөө агаар бохирдуулахгүйгээр дулаанаа хангадаг, жорлонгийн асуудал нь шийдэгдсэн байхаар төсөөлж байна. Гүнжийн нуурыг судлах хэрэгтэй байна. Улаанбаатарт байгаа цорын ганц байгалийн тогтоцтой нуур гэдэг. Ойр орчмын хүмүүс нь нуурандаа хайртай болж байна. Өмнө нь нуур руу хогоо хийдэг, өмхий нуур гэж нэрлэгдэх үе ч байсан. Орчин нь сайхан бол хүмүүс улам л гоё болгох гэж хичээдэг юм билээ. Тэнд ургамал судлаач, замаг судлаач, нуур судлаач, шувуу судлаач аваачиж үзүүлсэн юм. Зарим судлаач хэлэхдээ нуурын хамгаалалтын ажлыг хийхдээ шинжлэх ухааны үндэстэй хандаагүй, нуурын хөрстэйгээ харьцдаг хэсгийг цементэлж, явган хүний зам тавьсан байна гэсэн. Гэтэл нуур орчмынхоо хөрс, ургамал, хорхой шавьж, чулуу мод энэ бүхэнтэй харьцаж байж өөрийгөө цэвэршүүлэх боломж нь нэмэгддэг юм байна. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч бас анхаарч байгаа юм билээ. Б.Жаргалмаа гишүүн мод тарих үеэр ирсэн л дээ. “Нуурын усыг цэвэршүүлэх мөнгө төсөвт суулгасан” гэж ярьсан. Иймэрхүү ажлуудаа нэгтгээд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэд хамтарвал амжилтанд хүрч болохоор байгаа юм.

-Эко соёл сан, СХД-ийн VIII хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан гэсэн. Оршин суугчид яаж хүлээж авч байгаа вэ?

-Засаг дарга Х.Эрдэнэтуяа баяртайгаар хүлээж авсан. Төсвөөс хөрөнгө гаргаад, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж эхэлсэн байсан. Гэхдээ тэр хүмүүсийн гэрээ нь дуусаад, цаашид яах вэ гэж байх үед нь манай Эко соёл сангийнхан хорооны Засаг даргатай уулзсан байгаа юм. Манай Эко соёл сангийнхан ч хөрс, агаар, усны бохирдлыг шийдвэрлэхэд хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах гол зорилго маань нэг цэгт төвлөрөн хэрэгжих боломж гарсанд сэтгэл хангалуун байгаа.

-Гүнжийн нүдэн нуур гэж яагаад нэрлэх болсон юм бол. Гүнжтэй ямар холбоотой вэ?

-Хүмүүс янз бүрээр ярьж байна. Бас Алтанхундага гэдэг нэртэй ч байсан гэнэ. Маршал Х.Чойбалсан энэ хавьд зусдаг байсан. Адуутай хүмүүс гүү барьдаг байсан ч гэдэг. Ингээд бодохоор энэ нуурын усаар хүн, мал ундаалдаг байж. Тэр байтугай энэ нуурыг тойроод долоон жижигхэн цөөрөм байсан гэх юм билээ. Манжийн хааны гүнж Монголд богтлогдож ирээд, нутаг усаа санаад жижигхэн тойрмын усан дээр ирж, уйлж суусаар нулимс нь нуур болсон гэсэн домог яриа ч явдаг. Нуурын дэргэд орос хос бас олон жил амьдарсан гэнэ. Нууранд сэлж байгаад эрсдэх шахсан олон хүний амийг тэр орос аварсан гэдэг. Түүхийг нь судалбал олон сонирхолтой зүйлс гарч ирэхээр юм билээ.