Categories
мэдээ нийгэм

“ITM-2021” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо болон Хэнтий аймаг хамтран “ITM-2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг гурван өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарын төр, хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулан, үйл ажиллагаа өргөжүүлэн, хамтын ажиллагаа тэлж, харилцан туршлага солилцсон юм.

Уг арга хэмжээ нь 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын 21 аймаг аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, Монголын аялал жуулчлалын өнгө төрх, өнөөгийн байдлыг тодорхойлох боломж олгодгоороо давуу талтай. Энэ удаагийн үзэсгэлэнгийн өнгө төрх, шинэлэг байдлаас дараах гурван үйл ажиллагааг онцоллоо.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын эмийн сангуудад эм хангамж, үнийн судалгаа хийж байна

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн алслагдсан хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж буй. Ингэхдээ эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмж ямар байгаа болон үнэ ханшийн талаарх судалгааг гаргаж, чанар, аюулгүй байдалд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллаж байна.

Шалгалтад нийслэлийн зургаан дүүргийн алслагдсан хороод, гэр хороололд байрлах эмийн сангуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулсан юм. Урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байлаа.

Өнөөдрийн шалгалт Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны алслагдсан эмийн сангаас эхэлсэн юм. Шалгалтын үеэр эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал “Хоёр асуудлын хүрээнд судалгаа, шалгалт хийж байна. Нэгдүгээрт, эмийн үнийн асуудал. Эмийн сангуудад зарж байгаа үнэ болон эм ханган нийлүүлэгч байгууллагуудын үнийн судалгааг гаргана. Мөн тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргаж, эмийн нөөц шалгана. Шалгалтад одоогоор 72 эмийн сан хамрагдаад байна. Харин өргөн хэрэглээний эмээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон эмүүд зарим эмийн санд тасалдсан байна” гэдгийг хэлж байлаа.

Хяналт, шалгалтыг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Хишигжаргал ахалж, тус хэлтсийн болон дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчид аравдугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 12-нийг хүртэл хийж гүйцэтгэх юм.

Categories
мэдээ нийгэм

Шинээр татагдсан 200 гаруй цэргээс “Ковид-19” илэрчээ

Ирэх оны төсвийн хуваарилалт, зарцуулалт, бодлогын талаар Засгийн газрын зарим сайд мэдээлэл өгөв. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг татлага, оюутан цэрэг, шинээр татагдсан цэргүүдийн дунд илэрч буй халдварын нөхцөл байдлын талаар ярьсан байна.

Тэрээр “Ковид-19″-ийн халдвар аваад эдгэсэн залуусийн уушги болон бусад эрхтэнд өөрчлөлт орсон эсэхийг үзэж, хянаад эмчилгээ шаардлагатай залуусыг цэргийн албанд татаагүй. Гэхдээ цэргийн эмнэлэг, цэрэг татлагын товчооны үзлэгээр эрүүл гарчихаад цэрэгт татагдсаны дараа халдвар илэрсэн тохиолдол бий. Цэргүүдийг ангид хуваарилсны дараа 200 гаруй цэрэг, цэргийн алба хаагчаас халдвар илэрсэн. Тэднийг харьяа аймгийн эмнэлэгт тусгаарлаад цээжний зураг авах, шинжилгээ, ажиглалт хийх зэргээр нарийн хянаж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

​Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдийн саналыг сонслоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Боловсрол, урлаг, биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ


УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нар тус тус танилцуулав.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгсөн талаар Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн Үндэсний аудитын дүгнэлтийн 6.1, 6.3, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.13-ыг нэг бүрчлэн танилцуулсан. Тухайлбал, 6.1-т Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15.8 их наяд төгрөг, нийт зарлага 18.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг онцолсон.

Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа, дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрснийг дурдаад Монгол Улсын Засгийн газар өөрийн боломжит бүх нөөцийг дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсний үндсэн дээр энэ оны эхний 6 сарын байдлаар 6.3 хувиар, жилийн эцсээр 4.1 хувиар өсөхөөр хүлээгдэж байгааг мэдэгдсэн.

Төсвийн зарлагыг шинэчлэхээр төлөвлөж байгаа

Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “Хөдөлмөр, бүтээмж, өсөлт”-ийг дэмжихэд чиглүүллээ. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг төсвийн зарлагыг шинэчлэхээр төлөвлөж байгаагаа дурдав.

Тухайлбал, Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжүүлэх, түүнчлэн, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг салбарын байгууллагуудыг төсвийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх замаар цомхон бүтэцтэй, хариуцлагатай төрийн албатай байх зорилт тавьсан байна.

Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг 2021 онд эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл урлаг, нийтийн биеийн тамирын байгууллагыг санхүүгийн хувьд хагас бие даалгаж, үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр тооцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлсөн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Сурагчдыг 100 хувь танхимаар хичээллүүлэхээр судалж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 100 хувь танхимаар хичээлүүлэх асуудлыг судлах ажлын хэсгийг өчигдөр Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ.

Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Г.Ганбаяр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 389 сургууль хэвийн горим руу шилжчихсэн байгаа. Энэ бол ихэвчлэн орон нутгийн сургуулиуд. Өчигдөр яаман дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулаад сургуулиудыг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг судлуулах ажлын хэсэг байгуулсан. Арваннэгдүгээр сарын 1-ээс соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэй явуулна гээд жаахан зөөлрүүлчихлээ. Тиймээс үүнтэй уялдуулаад танхимын сургалтын цагаа нэмэгдүүлье гэж байгаа. 5:9 зарчмаар хичээллэхээр багш нарын ачаалал нэмэгдэж байгаа учир аль болох танхимын сургалтыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцинд хамрагдана

Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа.

Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн вакцин хийлгэхээр иржээ. Тус цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.

Ингэхдээ дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр вакцин хийж буй юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Д.Мандахгэрэл “Манай дүүрэг дэх вакцинжуулалтын суурин цэгээр үйлчлүүлж буй иргэдийн 95 гаруй хувь нь III тунд хамрагдаж байна. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн дархлаажуулалтын вакцин хийлгэлээ. Эдгээр иргэнээс нэг иргэн хоёрдугаар тунд хамрагдсан бол үлдсэн 46 нь Вероселл болон Пфайзер вакцинаас сонгон III тунгаа хийлгээд байна. Мөн манай цэгээр БНХАУ, Тайвань, Вьетнам Улсын иргэд үйлчлүүлэн, дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ихэвчлэн нэг, хоёрдугаар тунгаа Монгол Улсад хийлгэсэн иргэд III тунгаа хийлгэхээр ханддаг. Эхний хоёр тунгаа өөр улсад хийлгэсэн бусад орны иргэдэд гадаад паспортынх нь дагуу шаардлагатай мэдээллийг бүртгэн, үйлчилж байна” гэв.

Дархлаажуулалтын вакцин хийлгэж болохгүй иргэд бий. Тухайлбал, тухайн харьяа дүүрэг, хорооныхоо өрхийн эмчийн тогтмол хяналтад байдаг, эмчийн үзлэгээр вакцин хийлгэж болохгүй гэсэн заалттай иргэдэд вакцин хийхгүй аж. Мөн дархлаажуулалтын вакцин хийхээс өмнө иргэдийн амин үзүүлэлт, цусны даралт, биеийн халууныг хэмжих бөгөөд биеийн байдал хэвийн тохиолдолд вакцин хийхийг зөвшөөрнө. Даралт ихтэй өндөр настнууд вакцин хийлгэхээс өмнө даралтын эмээ уун, цусны даралтаа тогтворжуулахыг эмч, сувилагч нар зөвлөж байлаа.

Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.

Нийслэлийн хэмжээнд III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Аравдугаар сарын 31-ний байдлаар III тунгийн хамрагдалт 20.9 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэн нэмэлт III тундаа хамрагдах боломжтой болсон. Ингэхдээ өвдөөд бүрэн эдгэрснээс хойш 21 болон түүнээс дээш хоногийн дараа сэргээх тунгаа хийлгэх юм. Мөн эхний тундаа хамрагдсанаас хойш коронавирусийн халдвар авсан эсвэл ямар нэг шалтгаанаар гурван сарын турш вакцинд хамрагдаагүй иргэн дараагийн тунгаа хийлгэн дархлаагаа сэргээх хэрэгтэй.

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас III тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Дархлаажуулалтын явуулын 39 багийг гарган байгууллага, аж ахуй нэгжүүдэд нэгдсэн журмаар дархлаажуулалт хийж байгаа. Олон албан хаагчтай байгууллага, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад хандсан тохиолдолд ажилчдынх нь тооноос хамаарч явуулын баг илгээнэ. Мэдээж вакцинжуулалт хийх байр, талбайгаа урьдчилан бэлтгэж байгаа.

-Оюутан, залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Оюутан, залуусыг нэмэлт III тунд идэвхтэй хамруулах чиглэлээр ажилласан. Тухайлбал, явуулын багууд маань их, дээд сургуулийн оюутны дотуур байр, сургуулиудад очин оюутнуудыг вакцинжуулалтад хамруулсан. УОК, НОК-ын нэгдсэн шуурхай штаб болон Эрүүл мэндийн яамнаас байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан тоот хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтнууд нэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн, нэгдсэн журмаар III тундаа хамрагдлаа.

-Суурин цэгт очин дархлаажуулалтад хамрагдах боломжгүй өндөр настай, хүнд өвчтэй иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ?

-Суурин цэгт очих боломжгүй иргэд хүсэлт гаргасны дагуу явуулын баг гэрт нь очиж вакцин хийж байгаа.

-Заавал харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хандаж вакцинжуулалтдаа хамрагдах ёстой юу?

-Тухайн иргэн аль өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой. Та гэр, ажлын байрныхаа ойр хавьд байрлах аль ч суурин болон явуулын цэгт хандан вакцинаа хийлгэж болно.

-Өчигдрөөс соёл, урлагийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаатай холбогдуулан иргэд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүн, хоёр цаг тутамд сольж хэвших, гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай. Вакцинжуулалт бол таныг болон таны хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олныг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ гэв.

Хүйтний улирал эхлэн, улирал солигдох үеэр биеийн дархлаа сулардаг тул иргэд дархлаа сэргээх III тундаа заавал хамрагдах шаардлагатайг мэргэжлийн эмч, сувилагч нар зөвлөж байлаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масагүцү Асакаватай уулзлаа

ИБУИНХУ-ын Глазгоу хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банк /АХБ/-ны ерөнхийлөгч Масагүцү Асакаватай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, АХБ хамтран ажиллаж эхлээд 30 жил болсныг цохон тэмдэглэж, ойн баярын мэндийг хүргэв. Монгол Улс, АХБ-ны 2024 он хүртэлх хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ногоон хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Монгол Улсад эрчимжүүлж, цөлжилт, шар шороон шуургыг сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж буй талаараа дурдав.

Түүнчлэн ногоон хөгжилд чиглэсэн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр АХБ-тай нягт хамтран хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

АХБ нь уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон гэдгийг ерөнхийлөгч Масагүцү Асакава тодотгов. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн бодлого, санал, санаачилгыг дэмжин ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улс, АХБ-ны хамтын ажиллагаа, түүний тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байнгын үйл ажиллагаатай болгох нь зүйтэй гэж үзжээ


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авч, байр сууриа илэрхийлж байв. Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан талаар Ц.Сэргэлэн гишүүн дуулгасан.

Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан тус ажлын хэсэг хуралдаж, зарчмын байр сууриа илэрхийлэх нь зүйтэй хэмээн үзсэн гээд тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт энэ оноор дуусгавар болно.

Цар тахал буюу онцгой нөхцөл байдлын үед л Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байх ёстой атал энгийн үед ч цар тахлын үеийн бүтцээ хадгалах зорилгоор эл төслийг оруулж ирсэн гэж харж байна.

Ердийн нөхцөлд хил, хяналтын байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тэднээс илүү эрх мэдэл бүхий бүтцийг бий болгох гэж байгааг анхаарах нь зүйтэй” гэлээ. Төслийн зохицуулалтаар цааш үргэлжилбэл хил, гаалийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрнэ гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлсэн.

Цар тахлын онцгой нөхцөлд нийцүүлэн Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд цаашид боомт дээр үүсэх асуудлуудыг шийдвэрлэх, байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөрш оронтой гадаад харилцаагаа нэг сувгаар ярилцах бололцоог бүрдүүлэхээр дээрх бүтцийг байнгын болгохоор Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тайлбарлав.

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа нь хил, гааль дээр бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин тэнд үйл ажиллагаа явуулж буй нийт байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, төсөл дэх Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны чиг үүрэгт нь боомтын хөгжил,

төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хяналтыг хариуцах талаар нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналыг боловсруулаад байгаа гэв. Харин “онцгой эрх”-ээ тухайн боомт дээр онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх заалт нэмэх байдлаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Чиг үүрэгт нь боомтын хөгжил, төлөвлөлт, дэд бүтцийн асуудлыг хариуцах, хэвийн үйл ажиллагааг хангах, боомт дахь өмчийн бүртгэл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хяналтыг хариуцах асуудлыг нэмж тусгах тохиолдолд төслийг дэмжихээ Ц.Мөнх-Оргил гишүүн илэрхийлсэн. Мөн төслийн хэлэлцүүлэгт хилийн байгууллагын төлөөллийг оролцуулах шаардлагатай гэдэг саналыг хэлж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт авсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн төслийн 2, 3 дугаар зүйлтэй холбогдуулан хэлэлцүүлэг явуулсны дараа санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Squid Game” криптовалют луйвар байсан нь илэрч, үүсгэгч нь олон саяыг өвөртлөөд зугтжээ


Аравдугаар сарын сүүлчээр Нэтфликсийн “Squid Game” цувралын нэртэй криптовалют зах зээлд нэвтэрч, үнэ ханш нь богино хугацаанд тэнгэрт хадаж байв.

Гэвч даваа гаригт үүнийг үүсгэгч нэр үл мэдэгдэх этгээд эзэмшиж байсан бүх койноо зарж, бэлэн мөнгө болгоод сураггүй алга болжээ.

Ингэхдээ төслийнхөө вэб сайтыг (squidgame.cash) хүртэл хаасан байна. SQUID койны ихэнх хувийг эзэмшиж байсан этгээд бүх нөөцөө зарсан тул ханш нь ч бараг тэгтэй тэнцүү болжээ.

Аравдугаар сарын 20-нд эхлэхдээ SQUID койны үнэ хэдхэн центтэй тэнцүү байв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ханш нь $40 орчимд хүрээд байжээ.

Харин уналтын дараа $0.005-тай тэнцэх болсон байна. Энэ тохиолдолд хамгийн анхны худалдан авагчид ч алдагдалд орж байгаа юм.

SQUID койны ханш ид өсөж байх үед CNBS, Forbes, BBC, Fortune зэрэг томоохон хэвлэлүүд гайхмаар хурдтай өсөлтийн тухай магтан бичиж байжээ.

Тухайлбал Fortune сэтгүүлд “Squid Game’ crypto is up more than 86,000% in a week” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдэж байсан юм.

Томоохон хэвлэлүүд ингэж мэдээлсэн нь хүмүүсийн эргэлзээг арилгаж, олноор хошуурах бас нэг шалтгаан болсон байна.