Categories
мэдээ эдийн-засаг

Ачаа тээврийн үнэ 3.1 дахин өссөн нь инфляцид нөлөөлжээ

Монголбанкнаас инфляц өсөж буй үндсэн шалтгааныг мэдээллээ. Мэдээлэлд, дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүн хомсдож, тээвэр ложистик гацсан зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв.

Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна гэжээ.

Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны 9 дүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.9 байв. Үнийн түвшний өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөтэй хэдий ч инфляцын дийлэнх хэсгийг цөөн бараа бүтээгдэхүүний үнэ хурдтай өсөж буйгаар тайлбарлаж байна. Тодруулбал:

  • Гадаад шалтгаантай буюу нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс дотоодын үнэ импортоор дамжин өсжээ,
  • Дотоодын зах зээл дээр мах болон махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт жилийн инфляцын 4 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
  • Эрэлт талаас эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбарууд бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал буурсан байгаа зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна.

Гадаад орчноос инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзвэл:

  • Эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө: Вакцинжуулалт нэмэгдэн, хөл хорио суларч эдийн засгууд нээгдэхийн зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор сэргэлтийг дэмжиж байгаа нь эрэлт талаас худалдааны түнш орнуудын инфляцыг нэмэгдүүлж байна
  • Түүхий эд, материалын үнийн нөлөө: Дэлхийн эдийн засаг сэргэн аж үйлдвэрлэл нэмэгдэж түүнийг даган түүхий эд, материалын их хэмжээний эрэлт үүслээ. Ирэх улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь үйлдвэрлэгчийн зардал нэмэгдэх, улмаар үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байна. Тухайлбал, Брент маркын газрын тосны дундаж үнэ энэ оны 9-р сард $78.5/баррель болж өмнөх оны мөн үеэс 92 хувиар өсжээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдсэн нөлөөгөөр дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, 9-р сард инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлэв.

Хүнсний инфляц: 2020 онд цар тахлын нөлөөгөөр улс орнуудын хүнсний бус инфляц буурсан боловч хүнсний үнэ цар тахлын өмнөх үеэс өндөр байж, инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй байв. Цаашид дэлхийн зах зээл дээрх гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Тээвэр, логистикийн түгжрэл: 2021 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар контейнер тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол БНХАУ-аас экспортолж буй ачаа тээврийн үнийг илэрхийлэх CCFI индекс 9 дүгээр сарын сүүлийн байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгджээ.

No description available.

Түүнчлэн, 1) цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэл болон эрэлтийн тэнцвэргүй байдал үүссэн, 2) далайн тээврийг орлох хямд өртөгтэй тээврийн хувилбар үгүй, 3) төлөвлөсөн далайн тээвэр цуцлагдах эсвэл хойшлогдсоноос шалтгаалж далайн боомтуудад бөөгнөрөл үүсэх, 4) “КОВИД-19” цар тахлын үед дэлхийн худалдаа харьцангуй богино хугацаанд эргэн сэргэж байгаа зэрэг нь ачаа тээвэр удааширч, үнэ нэмэгдсэн гол шалтгаан болж байна.

Эдийн засгийн дотоод орчинд инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг дэлгэрүүлж авч үзвэл:

  • Махны үнэ 7 дугаар сараас эхлэн улирлын хандлагаар хямдарч байгаа хэдий ч 9 дүгээр сарын байдлаар инфляцын 1.8 нэгж хувийг бүрдүүлж, нөлөө нь харьцангуй өндөр байв,
  • Хатуу түлшний бүлгийн үнэ инфляцыг 0.8 нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлэв. Үүнд түлшний модны үнэ жилийн 35 хувь өссөн нь нөлөөлөв,
  • Үйлчилгээний үнэ 9 дүгээр сарын байдлаар инфляцын 1.4 нэгж хувийг бүрдүүллээ. Үүнд, 1) боловсролын үйлчилгээ, тэр дундаа хувийн бага, дунд, их сургуулийн төлбөр нэмэгдсэн, 2) хот доторх такси үйлчилгээний үнэ нэмэгдсэн 3) нийтийн хоолны үйлчилгээний үнэ өссөн зэрэг нь нөлөөлөв.

Монголбанкны төсөөллөөр инфляц богино хугацаанд нийлүүлэлтийн шалтгаанаар зорилтот түвшнээс давах хэдий ч 2022 оны сүүлийн хагаст зорилтын орчимд тогтворжихоор байна. Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын багц үйл ажиллагаа нь эдийн засгийн сэргэлт, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжиж буй бөгөөд бодлогын одоогийн төлөв нь инфляцыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх зорилттой нийцтэй байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Шийлэгдамба хүнд өвчний улмаас таалал төгсчээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Шийлэгдамба хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Тэрээр 1975 онд Өвөрхангай аймгийн Баян-Улаан суманд төрсөн. 1996 онд гадаад хэлний “Цог” дээд сургууль, 1997 онд ИБУИНВУ-ийн Лондон хотын “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын институт, 2004 онд Голландын Мастрихтийн их сургууль, 2008-2010 онд Австрали улсын Melbourne хот дахь “Charles Sturt University” тус тус төгссөн шилдэг боловсон хүчний нэг байлаа.

Г.Шийлэгдамба нь 1997 онд “Баянговь” ХХК-ийн захирал, 2000-2004 Аялал жуулчлалын газрын дарга, 2004-2007 Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, 2007-2008 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2012-2015 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Эрүүл мэнд, Спортын сайд, 2018-2020 онд Өвөрхангай аймгийн МАХН-ын дарга, 2018 оноос өнөөдрийг хүртэл “Эх нутаг” ТББ-ийн тэргүүнээр ажиллаж байсан юм.

Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Categories
мэдээ нийгэм

Дэл уулын хадны зургаар үзэсгэлэн нээнэ

Соёлын яамнаас энэ сарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгосонтой холбогдуулан “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Дэл уулын чулуун судар” үзэсгэлэн гарна.

Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан болон “Дэл уулын гайхамшиг” ТББ, Сэмүүн студид хадгалагдаж буй Дэл уулын хадны зургийн гэрэл зураг, дардас, хадны зургийн хуулбарууд, хадны зургийг компьютер график ашиглан хийсэн 360° виртуал тур хэлбэрээр зохиомжилсон баримтат кино, Дэл уулын хадны зургийн дүрслэлээс сэдэвлэн зохиомжилсон ”Хөмөргөн гурвалжин” бүжгийн жүжгийн бичлэг, Дэл уулын хадны зургаас сэдэвлэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл болох бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийн загвар зэргийг олон нийтэд танилцуулна.

Үзэсгэлэнг Соёлын Яам, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв зохион байгуулж Дундговь аймгийн Өлзийт сум, “Дэл уулын гайхамшиг” ТББ зэрэг байгууллага дэмжигчээр оролцож байна.

Нээлтийн үеэр Дэл уулын хадны зургаас сэдэвлэн зохиомжлон тавьж ЮНЕСКО-гийн төв байранд тоглосон “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн хэсгээс үзүүлж, Дэл уулын дурсгалыг хамгаалах менежментийн төлөвлөгөө, хадны зургийг соёлын өвд түшиглэсэн бүтээлч үйлдвэрлэл болгох тухай танилцуулга, чөлөөт ярилцлага болно.

Үзэсгэлэнгийн нээлт Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 9-нд болно.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Бархасбадийн агаар мандлын анхны 3D дүрслэлийг бүтээжээ

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн судлаачид “Juno”, /Jupiter Polar Orbiter/ сансрын аппаратаар цуглуулсан мэдээллийг ашиглан Бархасбадь гаргийн агаар мандлын анхны 3D дүрслэлийг бүтээжээ.

NASA Бархасбадь гаргийг судлахаар гараг хоорондын энэхүү автомат станцыг 2011 оны наймдугаар сарын 5-нд хөөргөжээ. “Juno” аппарат 2016 онд Бархасбадь гаргийн тойрог замд орсон байна.

Уг аппаратаар хийсэн нээлтүүд нь гаргийн агаар мандлын онцгой шинж чанаруудыг хэлж өгөх гаргийн үүлний дор явагддаг үл үзэгдэх үйл явцын талаар бүрэн дүүрэн зураглалыг өгсөн байна. Үүний үр дүнд NASA-гийн эрдэмтэд Бархасбадь гаргийг тойрсон үүлэн бүслүүр, үүлэн бүслүүрийн дотоод бүрхүүл, мөн туйлын циклон, түүгээр барахгүй Аварга улаан толбыг нээж чаджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд мах худалдааны 30 цэг байгуулна

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг танилцууллаа.

Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн асуудлыг шийдвэрлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Ажлын хэсэг төв суурин газрын иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Иргэдэд үнийн нөлөөллийг хамгийн их үзүүлж буй хүнсний бүтээгдэхүүн бол мах юм. Тиймээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотод гучаас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэрийг гаргасан байна. Тус цэгүүдийг ойрын хугацаанд байгуулахаар болжээ. Улаанбаатар хотын хоёр захад бэлтгэгдсэн мал, махыг цөөхөн худалдааны төвөөр дамжуулан зах зээлд нийлүүлдэг байсан. Энэ төвлөрлийг сааруулах, худалдааны цэгийг нэмэгдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжийг бүрдүүлэх нь чухал.

“Энэ жилийн хувьд өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор аймгууд малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Ингэснээр махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан. Тэгэхээр аймаг орон нутаг болон махны бизнес эрхлэгчид дээрх цэгүүдээр дамжуулан махны нийлүүлэлтээ хийх хэрэгтэй. Мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байж байгаад эрсдэл учрах вий” гэдгийг сайд З.Мэндсайхан хэлж байлаа.

ГУРИЛ, ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ ДЭМЖИНЭ

Энэ жилийн ургацын төлөв байдлаас хамаараад улаанбуудайн илүүдэл тодорхой хэмжээгээр гарч байна. Гурил болон малын тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг бий болгох зорилгоор тодорхой шийдлийг гаргажээ. Тодруулбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн байна.

ГАШУУН СУХАЙТ, ХАНГИ БООМТООР ГОЛ НЭРИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАН АВНА

Эрээнд үүссэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалж Замын-Үүдээр орж ирэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд асуудал гарсан. Энэ нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж байгаа учир татан авалт хийх хил гаалийн гарцыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд Гашуун сухайт, Ханги боомтоор гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нөхцөлийг энэ 7 хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

ХААДС 63.8 мянган тонн улаанбуудай хүлээн авчээ

Энэ намрын ургацаас өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 184 мянган тонн элеваторт нийт 63.8 мянган тонн улаанбуудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар хүлээн авлаа.

Түүнчлэн тус сангийн элеваторт ОХУ-с импортлосон үрийн улаанбуудай 2.3 мянган тонн, 2020 оны ургацаас хүлээн авсан хүнсний улаанбуудай 8.5 мянган тонн, дамжуулангийн гэрээгээр хадгалуулсан хүнсний улаанбуудай 2.7 мянган тонн нийт 13.5 мянган тонн улаанбуудай хадгалагдаж байна.
Үүнээс гадна сэлгээнд авч үлдэх, ашиглалтаас гарсан нийт 49.1 мянган тонн силос /агуулах сав/ байгаа бөгөөд одоогоор сангийн элеватор 47 мянган тонн улаанбуудай хүлээн авах боломжтой байгаа юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Архангай аймгийн Хангай суманд дахин газар хөдөлжээ

Архангай аймгийн Хангай суманд давтан газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, өдөр буюу 14:59:16 цагт Архангай аймгийн Хангай сумаас баруун зүгт 26 километрын зайнд 3.9 магнитудын газар хөдлөлт болсон гэдгийг мөн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшилжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдрийн 10:00 цагт товлосон.

Гэвч шүүгдэгч Д.Жаргалсайхан Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ж.Болдбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй юм. Мөн шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.

Иймээс шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг нэгтгэн анхны хэлэлцүүлгийг явуулав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.11.03/ хуралдаан 11.15 цагт эхэлж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулга хийсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу:

1.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд,

2.УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нараас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

3.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4.Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан хэмээн танилцууллаа.
No description available.

Ажлын хэсэг хуулийн төсөл, тогтоолуудыг нэгтгэхдээ Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөлд суурилсан гэлээ.

Ажлын хэсэг нь:

1.Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарахаар Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд таван асуудал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нараас өргөн мэдүүлсэн төсөлд 11 асуудал, мөн түүнчлэн хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй есөн саналыг харгалзан, Засгийн газар болоод гишүүдээс тавьсан асуудлуудыг уялдуулж, бодлого, төлөвлөлт, эрхлэх асуудал нь Эдийн засгийн, хөгжлийн сайдын эрхлэх асуудалд хамаарч үлдэхээр зарчмын зөрүүтэй долоон саналыг боловсруулсан байна.

2.Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсөлд туссанаас гадна УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим асуудлыг тусгахаар зарчмын зөрүүтэй хоёр саналыг боловсруулжээ.

3.Мөн өргөн мэдүүлсэн төслөөр Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлаас жендэрийн хөгжлийн асуудлыг хасч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудалд нэмэхээр оруулж ирсэнийг Ерөнхий сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээх,

4.Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Сангийн сайдын эрхлэх асуудлын агентлаг болгохоор төсөлд оруулж ирсэнийг Шадар сайдын эрхлэх асуудалд хэвээр үлдээхээр зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулсан байна.

Энэхүү танилцуулгын үеэр Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Ажлын хэсэг дөрвөн төслийг нэгтгэн нэг төсөл болгохдоо Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд суурилсан гэдгийг тодотгоод энэ саналыг зөвшөөрч байгаа эсэхээр горимын санал хураалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан юм.

No description available.Ингээд “Төслийн 1 дүгээр зүйлийг “Улсын Их Хурлын гишүүний үндсэн чиг үүрэгтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад сонгуульт албан тушаал” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнээр төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусч, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг эцэслэн батлуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг явуулж, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулан, 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Байнгын хорооны тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 88 дугаар захирамжид заасан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар баталсан юм.

No description available.

Байнгын хороо 11 дүгээр сард , Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулахаар цаглавартаа тусгажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймгийн зарим сум цахилгаангүй байна

Цасан шуурганы улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах шугамын 287 дугаар тулгуур хугарчээ. Улмаар тус аймгийн Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болсон байна. Одоогоор гэмтлийг засварлахаар инженер техникийн ажилтнууд ажиллаж буй бөгөөд цахилгаан ирээгүй байгаа аж.

Энэ талаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Релей хамгаалалтын албаны дарга П.Давааням “Баруун аймгуудад өчигдрөөс эхлэн хүчтэй шороон шуургатай байна. Шуурганы улмаас өнөөдөр орон нутгийн цагаар 11:00 цагийн орчимд цахилгаан тасарсан. Манай инженер техникийн ажилтнууд агаарын шугамын үзлэг хийгээд, дамжуулах багана унасныг 13:00 цагийн орчимд мэдлээ. Одоогоор Гэмтлийг засварлахаар ажиллаж буй учир айл өрх, албан байгууллагууд цахилгаангүй байна. Харин нэгдүгээр зэргийн хэрэглэгчид болох сумын эмнэлэг, Онцгой байдлын газар дотоод нөөцөө ашиглаж байна” гэлээ.