Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“BMW”-ийн III улирлын ашиг 50 хувиар өсөв

“BMW” компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамгийг давлаа. Тайлант хугацаанд тус компанийн татварын өмнөх ашиг 2020 оны мөн үеэс 50 хувиар өсөж, 3.3 тэрбум ам.доллар хүрсэн байна.

Хагас дамжуулагчийн хомсдолын улмаас “BMW”-ийн үйлдвэрлэл саараад байсан юм. Харин тус компанийн өндөр үнийн дүнтэй загваруудын борлуулалт өссөн нь дэмжлэг болсон байна.

“BMW” III улиралд 600 мянган автомашин нийлүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн нийлүүлэлтийн хямрал ирэх онд ч үргэлжлэхээр байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ улс-төр

“Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье” гэв

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар гаргав. Албан даалгаврын дагуу холбогдох алба, агентлаг, ажилтан, албан хаагчид хичээнгүйлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа. Үндэсний хорооны хуралдаанаар зарим асуудалд нэгдсэн шийдвэрт хүрч, Засгийн газрын хуралдаанд оролцуулж танилцуулахыг үүрэг болгов. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, Богдхан төмөр зам, Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон тойрог замын ТЭЗҮ-ийг яаралтай хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.

Түүнчлэн цагийн зөрүүтэй ажлын цагийг судлах, машины импортын бодит байдал, нүүлгэх шаардлагатай объектын жагсаалт зэрэг асуудлыг Улаанбаатар хотын иргэдийн саналыг сонсож, шаардлагатай бол нийт иргэдээс төлөөллийн түүвэртэй санал асуулга явуулах тухай саналыг Ерөнхий сайд дэвшүүлэв. Шууд ардчиллын зарим аргыг хүнд шийдвэр гаргахын өмнө ашиглахаас аргагүй гэдгийг мөн тодотгож байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цааш нь хэлэхдээ:

-Жилд 50-60 мянган автомашин импортоор орж ирж байгаагийн 60 орчим хувь нь Улаанбаатарт зорчдог. Нийслэл Улаанбаатар хот стандарттай байх ёстой. Хэдэн байшингийн дунд нэг зогсоол, спорт төв байх юм, нийслэлийн хэмжээнд хэдэн машин зорчих боломжтой юм, ногоон байгууламж нь ямар байх юм гэхчлэн стандартыг тогтооё. Бодит байдлыг ард нийтэд мэдээлье, сурталчилъя. Бодит байдлаас илүү үнэн гэж байхгүй.

Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болоод УИХ-ын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа, тогтоол, шийдвэр хэрэгтэй байгааг танилцуул. Эрх зүйн түвшний шаардлагатай шийдвэрийг Засгийн газар бүрдүүлж өгье. Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан, хотод эрх мэдэл өгч байгаа. Ер нь Улаанбаатар хот эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч байгаа газар. Тиймээс Үндэсний хороо ажиллаж буй энэ цаг мөчид холбогдох яамд, сайдтай хамтран ажиллаж, асуудлаа шийдүүлээрэй.

Ерөнхий сайдын хувьд би хүсэж буй зүйлээ ойлгуулахад тань дэмжлэг үзүүлье, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулъя, ТЭЗҮ-ээ гаргаад ирвэл санхүүжилтийг нь шийдүүлж өгч чадна. Дээрээс нь би та бүхнийг хамгаалж чадна, улс төрийн хувьд. Бусад зүйлсээ та бүхэн хий. Гол өрсөлдөгч чинь цаг хугацаа. Тиймээс жижиг эгогоо гээж, яам тамгаар хуваагдалгүй, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг шийдье гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ спорт цаг-үе

Тамирчид дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдлаа

ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм.

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай салбар хоёр жилийн хугацаанд гацаанд орлоо. Дотоодод спортын ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тиймээс хүнд байдлаас гарах боломж бол III тун гэж харж байна. Тамирчид болоод спорт сонирхогчдын хувьд нэмэлт тун хийлгээд спортын тэмцээн уралдаанд оролцох, үзэж сонирхох боломжтой болж байна. Тиймээс спортын салбарынхан вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн. Мөн ирэх даваа гарагаас Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, багш нар вакцинаа хийлгэнэ. Нийт спорт сонирхогчдодоо хандаж III тундаа хамрагдаарай гэж уриалж байна” гэлээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч Ц.Даваажав “Ковид-19”-ийн халдвар авч, өвчилсөн бол эдгэрээд 21 хоносны дараа III тундаа хамрагдаж болно. Баянгол дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 23 явуулын баг ажиллаж байна” хэмээв.

Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Би хэвийн амьдралдаа шилжихийн тулд III тунг өнөөдөр хийлгэж байна. Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаад, урлаг, спортын арга хэмжээ, бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна. Хүн бүр өөрийн хариуцлагын хүрээндээ, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай” хэмээн уриаллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Lil Thug E-ийн эмчилгээний зардалд 501 сая төгрөг цугларчээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.

Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй билээ. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 78 хувь буюу 501 сая төгрөг бүрджээ. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:

  • ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
Categories
мэдээ эдийн-засаг

Тээвэр, логистикийн түгжрэл инфляцид нөлөөлж байна

Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж, инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны есдүгээр сард улсын хэмжээнд жилийн 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.9 байв. Үнийн түвшний өсөлтөд эдийн засгийн сэргэлт нөлөөтэй хэдий ч инфляцын дийлэнх хэсгийг цөөн бараа бүтээгдэхүүний үнийн хурдтай өсөлт тайлбарлаж байна. Тодруулбал:

Гадаад шалтгаантай буюу нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болох тээвэр логистикийн түгжрэл, түүнийг дагасан тээврийн өндөр зардал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс дотоодын үнэ импортоор дамжин өссөн байна. Дотоодын зах зээл дээр мах болон махан бүтээгдэхүүн, хатуу түлш, зарим төрлийн үйлчилгээний үнийн өсөлт жилийн инфляцын 4 нэгж хувийг бүрдүүлжээ. Эрэлт талаас эдийн засгийг тогтворжуулах төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ сэргэлтийг дэмжиж буй ч ажиллах хүч ихээр шингээдэг үйлчилгээ, барилга зэрэг салбарууд бүрэн сэргээгүй тул өсөлт жигд бус, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул, өрхийн хэрэглээ сүүлийн 3 улирал буурсан байгаа зэрэг нь эдийн засаг эмзэг хэвээр, халалтын шинж тэмдэг үгүйг илэрхийлж байна.

Гадаад орчноос инфляцад нөлөөлж буй гол хүчин зүйлсийг авч үзвэл:

Эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө: Вакцинжуулалт нэмэгдэн, хөл хорио суларч эдийн засгууд нээгдэхийн зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор сэргэлтийг дэмжиж байгаа нь эрэлт талаас худалдааны түнш орнуудын инфляцыг нэмэгдүүлж байна

Түүхий эд, материалын үнийн нөлөө: Дэлхийн эдийн засаг сэргэн аж үйлдвэрлэл нэмэгдэж түүнийг даган түүхий эд, материалын их хэмжээний эрэлт үүслээ. Ирэх улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь үйлдвэрлэгчийн зардал нэмэгдэх, улмаар үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байна. Тухайлбал, Брент маркын газрын тосны дундаж үнэ энэ оны есдүгээр сард $78.5/баррель болж өмнөх оны мөн үеэс 92 хувиар өсжээ. Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом нэмэгдсэн нөлөөгөөр дотоодын шатахууны үнэ нэмэгдэж, 9-р сард инфляцын 1.7 нэгж хувийг дангаараа бүрдүүлэв.

Хүнсний инфляц: 2020 онд цар тахлын нөлөөгөөр улс орнуудын хүнсний бус инфляц буурсан боловч хүнсний үнэ цар тахлын өмнөх үеэс өндөр байж, инфляцыг нэмэгдүүлэх нөлөөтэй байв. Цаашид дэлхийн зах зээл дээрх гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Тээвэр, логистикийн түгжрэл: 2021 оны 9-р сарын эцсийн байдлаар контейнер тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол БНХАУ-аас экспортлогдож буй ачаа тээврийн үнийг илэрхийлэх CCFI индекс 9-р сарын сүүлийн байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд болно

Нийслэлийн Прокурорын газраас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн хоёрдахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бөхийн барилдаан цуцлагдлаа

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан бөхийн барилдаан цуцлагджээ.

Энэ талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос”Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулдаг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллалаа.
Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье.
Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно” гэв.
Categories
мэдээ эдийн-засаг

Чингэлэг тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өсчээ

Инфляцын өсөлтөд голлон нөлөөлж буй хэд хэдэн зүйлсийн нэг нь Тээвэр, логистикийн түгжрэл нөлөөлж байгаа. Ингэхдээ,

2021 оны есдүгээр сарын эцсийн байдлаар контейнер тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн бол БНХАУ-аас экспортлогдож буй ачаа тээврийн үнийг илэрхийлэх CCFI индекс есдүгээр сарын сүүлийн байдлаар өмнөх оны мөн үеэс 3.1 дахин нэмэгджээ. Түүнчлэн,

  • Цар тахлын нөлөөгөөр үйлдвэрлэл болон эрэлтийн тэнцвэргүй байдал үүссэн
  • Далайн тээврийг орлох хямд өртөгтэй тээврийн хувилбар үгүй
  • Төлөвлөсөн далайн тээвэр цуцлагдах эсвэл хойшлогдсоноос шалтгаалж далайн боомтуудад бөөгнөрөл үүсэх
  • “КОВИД-19” цар тахлын үед дэлхийн худалдаа харьцангуй богино хугацаанд эргэн сэргэж байгаа зэрэг нь ачаа тээвэр удааширч, үнэ нэмэгдсэн гол шалтгаан болж байгаа талаар Монгол банкнаас мэдээллээ
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа.

Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин боомтод хүлээгдэж буй ачаа тээвэрт л гэхэд 50 мянган автомашин бий. Тиймээс цаашид автомашины эрэлт, нийлүүлэлтийг олон улсын хэмжээнд зохицуулдаг аргыг нэвтрүүлж болох юм гэсэн саналыг Хотын даргын орлогч хэлж байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн зорчилтын эргэлтийг зохицуулах бас нэгэн аргыг олон улсад хэрэглэдэг аж. Хотын замуудыг бүсчлэлд оруулах, зорчилтыг бүртгэх, зорилгогүй зорчилтыг багасгах, түгжрэлийг индексжүүлэх зэрэг ажлын хүрээнд 11 арга хэмжээ хийгдэх юм байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээний автомашины зогсоолын төлбөр, хураамжийг боловсронгуй болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлд ажиллаж, амьдарч буй иргэдийн 52 хувь нь ажилдаа автомашинаар ирж, буцдаг гэсэн судалгаа бий. Өглөөнөөс орой болтол зогсоол эзэгнэдэг эдгээр автомашиныг цэгцлэх арга нь зогсоолын төлбөр юм. Замын хөдөлгөөний дүрэм нь осол авааргүй зорчих, соёлтой зорчиход зориулагдсанаас гадна замын хөдөлгөөнийг зохицуулж, түгжрэлийг бууруулах боломж гэдгийг Москва хотын жишээнээс харж болно. Зам засвар, арчлалтыг шинэ түвшинд гаргана. Улаанбаатар хот 1.4 их наяд төгрөгийн замын сангийн хөрөнгөтэй. Замын засвар, арчлалтыг сайжруулж шинэчилснээр замын чанар сайжирч, шинэ технологи нэвтрүүлнэ.

Гол гудамж замыг 14 байршилд нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байна. Тухайлбал, Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай гүүр барин холбож, цаашлаад Энхтайваны өргөн чөлөөтэй холбох босоо чиглэлийн зам, Ард Аюушийн гудамж буй Толгойтын замыг III, IV хорооллын эцсийн замтай холбож, хойд чиглэлийн зам бий болгож, нийтийн тээврийг хөгжүүлнэ. Мөн Нарны замыг есөн км-ээр уртасгаж, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг бууруулах юм. Ингэснээр Улаанбаатар хотын баруунаас зүүнд чиглэсэн гурван замаар нийтийн тээвэр зорчдог болно. Нягтаршил ихтэй замуудад орц, гарцыг нээж, холбоос замуудыг барьж байгуулах ажлыг 2022-2024 онд хийх юм.

Түүнчлэн Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно. Сангийн яамны дэргэдэх Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарцыг байгуулна. Замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэдэг уулзвар олон бий. Зарим уулзвар 3800 автомашин нэвтрүүлэх чадвартай байхад өөр уулзварт энэ чадвар 2000 машины хэмжээнд хүрч буурах нь бий. Үүнээс үүдэн түгжрэл үүсэж байгаа. Тиймээс 161 уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх загварчлалын тооцоо гаргаж буй аж.

Нөгөөтээгүүр Улаанбаатар хот замын хөдөлгөөний ухаалаг системтэй болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулснаар зорчилтыг бүртгэж, хариуцлагын тогтолцоог сайжруулж, зогсоол болон шалган нэвтрүүлэх пост дээрх төлбөр тооцоог цахимжуулах боломж бүрдэх юм. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд энэ сардаа багтаан Засгийн газарт танилцуулахаар ажиллаж буй аж.

Удаах чухал зорилт нь нийтийн тээврийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, сүлжээ төлөвлөлтийг боловсронгуй болгож, зорчилтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд цахилгаан автобус, дүүжин тээврийн үйлчилгээ нэвтрүүлж, парк шинэчлэлт хийхээр төлөвлөгөөнд тусгажээ.