Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д саатсан барилгын бараа материалыг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлэхээр боллоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн санаачилгаар дотоодын барилгын материалын нөөцийн хэвийн байдлыг хангах, хомсдол үүсэх нөхцөл байдлаас сэргийлэх үүднээс барилгын материал импортлогчид, барилгын салбарын мэргэжлийн холбоод болон ЗТХЯ, БХБЯ-ны төлөөллийг ГХЯ-нд урьж БНХАУ-ын боомтуудаас яаралтай татан авах асуудлаар зөвлөлдөх уулзалт хийв.

Уулзалтаар барилгын материал импортлогчдод Эрээн хотын “Ковид 19”-ийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, саатсан бараа бүтээгдэхүүнийг өөр боомтуудаар татан авах боломжийг танилцуулснаас гадна Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газар, Хөххотод суугаа Ерөнхий консулын газар зэрэг БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд бараа бүтээгдэхүүн импортлож байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай байнгын хэлхээ холбоотой ажиллаж, татан авалт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар хүйтэрч, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр, маргааш нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 11 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж зарим үед секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний цэгүүд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Түвшинтамир: Хуульчдын холбоо хэрэгт холбогдсон өмгөөлөгч бүрийг хамгаалаад байх хэцүү

МХХ-ны Хуульчдын нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны гишүүн Д.Түвшинтамиртай өмгөөлөгчийн эрхийг хамгаалах асуудлаар ярилцлаа.


-Монголын хуульчдын холбооны үйл ажиллагааны чиглэлд өмгөөлөгчийн эрх үүрэг, үнэт зүйлийг юу гэж үздэг юм бэ. Өмгөөлөгчийг хэн хамгаалах ёстой юм бэ?

-Өмгөөлөгч, шүүгч, прокурор гурав Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиараа хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, хуульчийн мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй хүмүүс. Хуульч гэж албан нэршлээр нэрлэсэн, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх эрхтэй гурван субьектийн нэг нь өмгөөлөгч. Хуульчдын холбооноос гадна Монголын өмгөөлөгчдийн холбоо гэж байгаа шүү дээ. Өмгөөллийн хууль батлагдаагүй байх үед өмгөөлөгчид Монголын хуульчдын холбоонд Өмгөөлөгчдийн хороонд харьяалагдаад явж байсан. Өмгөөллийн хууль өнгөрсөн жил батлагдсан. Одоо бол давхар гишүүнчлэлтэй явдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль маань УИХ-д өргөн баригдахаар шинэ хуулийн төсөл явж байгаа. Одоогоор 2013 онд батлагдсан хуулиар зохицуулагдаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Өмгөөллийн тухай хууль шинээр батлагдсанаар хуульчийн сонгон шалгаруулалтаа өгөөд хуульчийн тусгай зөвшөөрөлтэй этгээд нь дахиж шалгалт өгөөд Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгчийн тусгай зөвшөөрөл авдаг эрх зүйн зохицуулалттай явж байгаа.

Харин өмгөөлөгчийн эрх ашгийг хамгаалах газар нь Монголын хуульчдын холбоо ч хамгаалах ёстой, Монголын өмгөөлөгчдийн холбоо ч хамгаалах ёстой. Үүнийгээ задлаад ярих хэрэг гарах нь. Хуульчдын холбоон дээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар чиг үүргийн 13 хорооны нэг нь Хуульчдын хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хороо гэж байдаг. Энэ хороонд маань ганц өмгөөлөгч ч биш, хуулиар тодорхойлогдоод байгаа шүүгч, прокурор, бусад хуульч ч буюу заавал өмгөөллийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүйгээр консалтинг үйлчилгээ үзүүлээд явах боломжтой хуулийн зөвлөхүүд ч харьяалагддаг.

-Өмгөөлөгчийн эрх зөрчигдсөн талаарх судалгаа, кейс танай хороон дээр ямар байдаг юм бол?

-Хуульчдын холбоо одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа Мэргэжлийн хариуцлагын хороотой. Тус хороон дээр өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбогдсон гомдол ирдэг, түүнийг хэлэлцдэг. Энэ хороон дээр яригдаж арга хэмжээ авагдсан өмгөөлөгчид ч байгаа.

-Эрх нь зөрчигдсөн өмгөөлөгчид тусламж үзүүлсэн тохиолдол байдаг уу?

-Эрх нь зөрчигдсөн өмгөөлөгчдөд тусламж үзүүлсэн тохиолдлыг тодорхой нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь эрх зөрчигдлөө гэсэн асуудлаар, жишээ нь өмгөөлөгчийн нэр хүндэд халдаж байна, прокурорын байгууллага өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний дарамт учруулж байна гэсэн гомдлууд ирдэг.

Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэг цоорхой харагддаг юм. Хуульчдын нийтлэг ашиг сонирхол гэхээр нэг хүний гомдлыг авч үзэх юм уу, эсвэл нийтлэг хуульчдын эрх зөрчигдөөд байгаа эрх ашгийг хамгаалах уу гэдэг эргэлзээтэй агуулга явдаг учраас шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Яг л амьдрал дээр байдаг ийм асуудлыг нэг мөр болгоод хуульчлах хэрэгтэй болдог. Одоо шинээр батлагдах хуулийн төсөл дээр Хуульчдын хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хороо яг юу хийх вэ, чиг үүргийн хороод нь яах вэ гэдэг асуудлыг хэлэлцэх байх гэж харж байгаа.

-Жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэд, эсвэл ямар нэгэн асуудлаар хуулийн байгууллагад дуудагдаж байгаа иргэд өмгөөлөгчөөс хууль, эрх зүйн тусламж хүсдэг. Хууль зүйн тусламж үзүүлсэн өмгөөлөгч өөрөө хэрэгт татагддаг, иргэдээ өмгөөлж чадахгүйд хүрдэг тохиолдол гардаг боллоо. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зөрчигдөж байгаа асуудал дээр Хуульчдын холбоо хайнга байна гэх шүүмжлэл байна?

-Ер нь хуулиараа өмгөөлөгч бол ажиллаж байгаа хэрэг маргааных нь талаар мэдүүлэг авах, хэрэг маргаантай нь холбогдуулж тухайн өмгөөлөгчийг хэрэгт татаж байцааж шалгах нь хориотой. Харамсалтай нь өмгөөлөгч нарт ийм асуудал тохиолдсоор байна. Гэхдээ өмгөөлөгчийг хэрэгт татаад байгаа нь хуулийн дагуу юм уу, хууль бус юм уу гэдэг талаас нь бид Хуульчдын хууль ёсны нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах хороогоор хоорондоо ярилцаад хэлэлцэж байх үед ямар асуудал гардаг вэ гэхээр яг хэрэг маргаантай нь холбоотой асуудлаар байцааж, дуудаж, цагдан хорьж байгаа бол хууль бус. Харин нөгөө хуульч маань өөрөө хууль тогтоомжид заасан өмгөөлөгчийн үүргээ гажуудуулсан ч байдаг юм уу, ямар үндэслэл байгаа болоод энэ асуудлыг тогтоож шалгах болоод эрүүгийн хэрэг үүсгэх гээд байна вэ гэдэг асуудалд ялгамжтай хандах хэрэгтэй байдаг. Ингэсний дараа холбоод өмгөөлөгчөө хамгаалах асуудал яригдана. Холбогдсон болгоныг үндэслэлгүй байна гэж үзэх хэцүү.

-Хуульчдын холбоо Хууль зүй, дотоод хэргийн яамны малгайн дор явж байна. Засгийг шүүмжилсэн иргэд, тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчдөд Холбоо хөдлөхгүй гэх хатуу шүүмжлэлийг сайд асан Х.Тэмүүжин саяхан ярилаа. Энэ асуудлаар таны байр суурийг сонсмоор байна?

-Хуульчдын холбоо Засгийн газрын байгууллагад шууд харьяалагдана гэдэг бол учир дутагдалтай. Одоогийн хууль тогтоомжоор тийм зүйл байхгүй. Засгийн газраас оруулж байгаа шинэ хуулийн төсөл дээр Хуульчдын холбооны зөвлөлд төрийн байгууллагын төлөөлөл байхаар ч юм шиг агуулгатай заалт явсан. Түүн дээр Х.Тэмүүжин сайд шүүмжлэлтэй хандсан байна гэж ойлгож байна.

Ер нь өмгөөлөгч, прокурор, шүүгч нар бүгд хуульчдаас урган гарч байгаа. Тэгэхээр Хуульчдын холбоо бусад төрийн байгууллагуудаас хараат бус байсны дүнд нийгэмд шударга ёс тогтох ёстой. Тийм учраас энэ бол ганц миний үзэл бодол биш, хуульч гэж өөрийгөө нэрлээд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх хүмүүсийн санал гэж үзэж байна. Олон улсын практик ч ийм байдаг учраас Хуульчдын холбоо яагаад ч Засгийн газрын оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг байгууллага байх ёсгүй.

Нэмж хэлэхэд, Хуульчдын холбоо маань цаашид хуульчдаа сайхан мэргэшүүлдэг байх чиглэлд анхаарах ёстой. Дөнгөж хуулийн сургууль төгссөн хүүхдүүд хуульч болтлоо хоёр жил дадлага хийх ёстой. Мэргэжлийн дадлагыг хуулийн фирмд эсвэл шүүгчийн туслах хийдэг. Бүх хүүхэд тэнд очиж чаддаггүй. Ингээд баахан хуульчид бэлдээд байдаг, мэргэшүүлж чаддаггүй асуудал бий. Үүнийг Хуульчдын холбоо харуицах ёстой. Шалгалт авдаг, сургалтыг нь явуулдаг, хуульчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, зоригтой дуугардаг байгууллага байх ёстой гэж нийт хуульчид хүсдэг юм. Байгууллага маань үүн рүү төлөвших гээд, олон улсын жишигт хүрэх гээд хичээгээд яваад байгаа. Хангалттай ажиллаад сайн үр дүн гарахгүй л байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2021.11.05/ Улаанбаатар хотод суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Гантулга: Төр жолоочийн хариуцлагын даатгалыг авна гэнэ. Гэтэл төрд очсон бизнес хөгжсөн түүх бий бил үү

Эдийн засагч Д.Гантулгатай ярилцлаа.


-Авто тээврийн хэрэгслийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл шинэ зүйл заалтаараа батлагдвал нийгэмд ямар эрсдэлүүд үүснэ гэж харж байна вэ?

-Хүн болгон заавал даатгуулах ёстой даатгалыг албан журмын даатгал гэдэг. Тэтгэврийн, эрүүл мэндийн, үйлдвэр осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэх мэт таван төрлийн даатгал багтдаг. Үүн дээр нэмээд жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмын буюу нийгмийн даатгалтай ижил болгох гэж байгаа нь маш буруу. Хувьчлал гэж 1990 оноос хойш социалист төр байх үеийн бүх өмчийг хувийн секторт өгсөн. Түүний эсрэг үйл ажиллагаа явагдаж байна. Хүн бүрд даатгалтай холбоотой таагүй туршлага байдаг. Энэ туршлагад үндэслэн иргэдийн тархийг угаах гэж байна. Жолоочийн хариуцлагын хүрээнд жилд 35 орчим тэрбум төгрөгийн хураамж цуглардаг. Түүнээс 50 орчим хувийг буюу 17 тэрбумыг буцааж нөхөн төлбөрт зарцуулдаг. Тэгэхээр энэ хуулийг боловсруулж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй хүмүүс тал мөнгийг чинь авчихаад өгөхгүй байхыг эрмэлзэж байна. Төр энэ системийг авч сайжруулна гэсэн. Төрд очоод сайжирсан бизнес байгаа бил үү. Одоо хариуцаж байгаа нийгмийн даатгалын системээ зөв зохион байгуулж чадахгүй, өндөр насны тэтгэвэрт гарсан бүх монголчуудыг ядууралд хүргэж байна. Энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ гэдэгт санаа зовохын оронд дахин жолоочийн хариуцлагын даатгалыг сүйрүүлэх гэж байна. Мөн урамшуулал өгөхөөс гадна гарах зардлын тухай яагаад хөндөхгүй байгаа юм бэ. Ард түмэнд ташаа мэдээлэл өгөөд байх юм. Энэ хууль хэрвээ батлагдах юм бол албан журмын даатгалын холбоо төрийн нэг бүтэц болно. Харин энэ ажлыг сайжруулъя, иргэддээ өгөөжтэй болгоё, олон улсын жишигт нийцүүлье гэж байгаа бол төр эндээс бүрмөсөн гарах ёстой. Энэ өрсөлдөөнд төрийн оролцоо садаа болж байна. Олон улсад чөлөөт өрсөлдөөн болж байж зардал буурч, нөхөн төлбөрийн хэмжээ ч нэмэгддэг.

-Жолооч даатгалын хураамж жил бүр төлдөг ч эрсдэл үүсэхэд нөхөн төлбөрөө бүрэн дүүрэн гаргуулж чадаж байна уу, ер нь даатгалд төлсөн мөнгө бусдын бизнесийн өгөөж болоод яваад байна гэх нь бий. Ингэснээр төр оролцвол илүү өгөөжтэй юм шиг тайлбарлаад байна. Өгөөжтэй байдлыг төрийн оролцоогүй нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Зөвхөн Улаанбаатар хот л гэхэд 600 мянга орчим тээврийн хэрэгсэлтэй. Маш олон машин явж байгаа учир ихэнх тохиолдолд хоёр машин хоорондоо мөргөлдөх осол гардаг. Өөрөөр хэлбэл, онолын үүднээс энэ нь их тооны хууль хэрэгжиж эрсдэлээ тарааж болдог бизнес гэсэн үг. Гарч байгаа хохирлын давтамж олон нийтийг хамардаггүй, хоёрхон хүнийг хамардаг болохоор даатгалын компаниуд 100 хувь бие даан гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаа.

Харин төрийн оролцох ёстой үйл ажиллагаа бол нэг даатгалын тохиолдол гараад хохирол үүсэхэд олныг хамардаг, компани дийлэхээргүй хэлбэр юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд газар хөдлөлт, чичиргээ нэмэгдэх болсон. Төр энэ асуудалд газар хөдлөлтийн даатгалын системийг яаралтай оруулж ирэх шаардлагатай. Өмнө нь ийм том ажил байсаар байхад даатгалын компаниудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг булааж авах гэж байгаа нь их хардлага төрүүлж байна. Монгол Улс маань социализм руугаа буцах чиг ажиглагдаж байна. Даатгал шиг ийм жижиглэнгийн бизнест төрийн оролцоог багасгаж, машинтай хүн бүр заавал даатгуул, хэрвээ осол гаргах юм бол жолооч та хохирлоо барагдуул, ийм л журамтай.

-Нийт 35 тэрбум төгрөг цуглардаг гэлээ. Хэрэв энэ ажлыг төр хариуцвал төсөвт юмуу төрийн санд ийм хэмжээний мөнгө орж ирнэ. Тэгэхээр энэ мөнгөн дээр төрийн менежмэнт хийх шаардлага үүснэ. Гэтэл нийгмийн даатгалын тогтолцоо хэрхэн дампуурсан билээ. Уг асуудалтай жишиж болох уу?

-Нийт хураамжийн орлогын хэмжээнд л яриад байгаа. Мэргэжлийн үүднээс тайлбарлах юм бол орж ирж байгаа хураамжаас нөөц сан үүсгэнэ, нөхөн төлбөрт өгнө. Нөөц сан нь онцгой тохиолдолд чухал ач холбогдолтой. Нөөц сан нэмэгдэхийн хэрээр их хэмжээний эрсдэлийг даана. Одоогийн байдлаар 27 тэрбум төгрөгийн нөөц сан албан журмын даатгалын холбоон дээр үүссэн байгаа. Үүнийг шимтгэл, замын татварын даатгалаас төвлөрүүлсэн. Төрд энэ сангийн эзэн болох гэсэн хуйвалдаан явагдаж байна. Яригдаад байсан ЖДҮ-ийн сан гэдэг шиг дахин ийм сан үүсгэх гээд байна. Тэр сан ажиллаагүй шүү дээ. ЖДҮ-ийн сан гэхэд ЖДҮ эрхлэгчиддээ очоогүй. Хувийн өмчийг нийгмийн өмч болгодог үзэл суртал эхэлж байна. Монголчуудын 90 онд хийсэн чөлөөт зах зээл, ардчилсан нийгмээс ухрах гэж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалтай зэрэгцээд нийгмийн даатгалын багц хуулиуд орж ирж байгаа. Эдгээр хуулийн цаад агуулга Монгол Улсыг буцаагаад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу оруулж байна. Эдийн засгийн утгаар бүх бизнесээ нийгэмшүүлж төрдөө буцааж авч, үг хэлэх эрх чөлөөг хааж эхэллээ. Даатгалын компаниуд ашиг олоод байна гэдэг өнцгөөр биш, нухацтай бодох хэрэгтэй байна. Төгс өрсөлдөөнд ашиг гэж байдаггүй. Хэрэглэгчээ татахын тулд илүү сайн үйлчилгээг хүргэхийг зорьдог.

-Осол гаргаагүй бол урамшууллын систем үйлчилнэ гэсэн. Энэхүү ярианд хүмүүс их татагдаж байна. Энэ нь үнэхээр өгөөжтэй юм уу?

-Энэ бол жинхэнэ хүмүүсийн тархийг угааж байгаа хэрэг. Урамшууллын системийг даатгалын үйл ажиллагаа зах зээлийнхээ зарчмаар өөрөө нэвтрүүлчихдэг юм. Үндсэн санаа нь би энэ жил осол гаргаагүй учир дараа жил даатгал төлөхдөө урамшуулал авч бага хэмжээний хураамж төлнө. Гэтэл хураамжийг хэдий хэмжээний эрсдэлтэй вэ гэдгийг шинэ хуулиндаа тариф гаргачихсан байсан. Ийм тариф, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн арга хэмжээнүүдийг устгах хэрэгтэй. Энийг устгаад даатгалын компаниуд өөрсдөө мэд гээд орхих юм бол урамшууллын системийг утгаар нь хэрэгжүүлнэ. Тэр тооцооллыг хийдэг мэргэжилтэн ч байдаг. Зах зээл нь өөрөө ажилладаг механизм болохоос төр урамшуулдаг ажил биш. “Ковид тусаагүй хүмүүсийг урамшуулъя” гэдгээс ямар ч ялгаагүй. Хүмүүсийг ялгаварласан, ямар ч эдийн засгийн хөшүүрэггүй, захиргааны арга хэмжээгээр асуудалд хандаж байна.

-Нийт бүтцээрээ нэг намаас хамааралтай болох гэж бага багаар шат ахиж байна гэсэн хардлага байж болох уу?

-Төрийн хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэрүүдээс яг ийм байдал ажиглагдаж байна. Энэ улс цаашдаа төр нь бүх бизнесээ хийдэг, хүмүүс эсэргүүцэл, үзэл бодлоо илэрхийлэхээр барьж аваад хорьчихдог болж байна. Парламентын засаглалаа бэхжүүлнэ, үндсэн хуулинд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулна гэж ярьдаг ч бүх зүйл эсрэгээрээ байна.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.

Уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

“Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх нэрийг дэлхийн түүхэнд тамгалан үлдээсэн Мянганы суут хүн билээ.

Аугаа хүчирхэг өвөг дээдсийнхээ сүр хүчинд бид туурга тусгаар Монгол Улсаа мандуулж, бахдам түүх, байгуулсан гавьяагаар нь овоглон дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэн оршиж байна.

Өнөөгийн Монгол Улс төдийгүй дэлхийн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлт, ололт амжилтыг эзэн Чингис хаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг соёл иргэншил болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий ертөнцөд Нүүдлийн соёл иргэншил хэмээн нэрлэдэг.

Дэлхийн түүхэнд олон соёл байдаг боловч соёл иргэншил цөөхөн. Учир нь дэлхийн бүх үндэстэн, угсаатан тэр бүр соёл иргэншил бүтээж чадаагүй юм. Соёл иргэншил гэдэг бол олон угсаатан, овог аймгийг нэгтгэсэн өргөн уудам нутагтай, бичиг соёлтой, хууль ёс, төр засагтай, үзэл санаа, үнэт зүйлтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан өвөрмөц онцлогтой цогц ойлголт юм.

Чингис хааны цогцлоон хөгжүүлсэн нүүдлийн соёл иргэншил чухамхүү энэ бүхнийг багтааж чадсан билээ. Тиймээс даяаршлын давалгаанд ижилсэхээс гадна ондоошиж байгаа энэ цаг үед монголчууд бид олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай.

Чингис хаан болон түүний залгамжлагчдын бий болгосон монгол соёл иргэншил Евроазид энх тайвныг тогтоосон нь дэлхийн түүхэнд “Монголын их амар амгалан” буюу “Пакс Монголика” хэмээн нэрлэгдэн үлдсэн түүхтэй.

“Монголын их амар амгалан” бол дэлхийн түүхэн дэх “Ромын их амар амгалан”-гаас хойш олон жилийн дараа тогтсон гурав дахь их амар амгалан гэдэг. Эзэн хааны байгуулсан энэ “Их амар амгалан” Ази, Европ тивийг дамнасан асар өргөн уудам нутгийг эзэлж байсан бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн багаар бодоход хагас зуун жил үргэлжилсэн байдаг.

Урт удаан хугацаанд дайн дажингүй амар амгалан байсны хүчинд Ази, Европыг холбосон худалдаа наймаа, дипломат харилцаа хөгжөөд зогсохгүй хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

Тиймээс эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус харин амар амгаланг тогтоож, соёл иргэншлийг байгуулж, дэлхийн хөгжлийг түүчээлэгчид байсан юм. Өнөөдөр бид энэ үнэн бодит түүхийг хүн төрөлхтөнд сурталчлан таниулахын тулд соёл урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэн, холбогдох шинжлэх ухааны салбаруудаа олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлагатай байна.

Энэ ажлын хүрээнд “Чингис хааны өв соёлын хүрээлэн”, “Чингис хаан” музей байгуулж байгаа бөгөөд “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулахаар ажиллаж байна. Монголчууд бид өнгөрсөн зуунуудад ямар түүх бүтээснээ сайн мэдэж байж ирээдүйн түүхээ бүтээх үзэл санаа, урам зоригоо олж авах учиртай.

Бид өнгөрсөн түүхийг дахин бүтээхгүй ч түүнээс илүү аугаа түүхийг бүтээх өөдрөг ирээдүйг бэлгэдэн ерөөдөг уламжлалтай ард түмэн. Эрхэм хүндэт ард иргэд, элэг нэгт Монгол ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Ард түмнээрээ тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр” бол монгол түмэн эзэн Чингис хаан, аугаа их өвөг дээдсийнхээ үйл хэрэг, үүх түүхээр омогшин бахархаж, билиг сургаалыг нь санан дээдэлж, ой санамжаа сэргээдэг өдөр юм.

Их эзэн Чингис хааны тунхаглан тогтоосон амар амгалан Монгол соёл иргэншил үеийн үед дэлгэрэн хөгжиж, Монгол Улс мандан бадрах болтугай! Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.

Мөнх хөх тэнгэр монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай”

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин могой өдөр

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 1, Хонгорцог одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7:43 цагт мандан, 17:28 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн нэгэн буюу өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Үүнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсээр ес дэх жилдээ золгож байна.

Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай. Мөн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэн, хамт олныг “Чингис хаан” одонгоор шагнадаг. Харин энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй өнжихөөр шийдвэрлэсэн юм.

Ташрамд дурдахад, ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм. 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу “Монгол бахархлын өдөр”-үүд нь:

2012 он: 11 сарын 14

2013 он: 11 сарын 4

2014 он: 11 сарын 23

2015 он: 11 сарын 12

2016 он: 10 сарын 31

2017 он: 11 сарын 19

2018 он: 11 сарын 8

2019 он: 11 сарын 27

2020 он: 11 сарын 16

2021 он: 11 сарын 5

2022 он: 11 сарын 24-нд тохиож байна.

Categories
мэдээ нийгэм спорт

Белград-2021: ​Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр (13:0) яллаа. Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна.
Белградын дэвжээнд манай хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд 53 кг-ын жинд ОУХМ М.Мөнхгэрэл шөвгийн наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Екатерина Вербинад 0:10-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдана.