Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал, сэтгүүлч Ц.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр Үндэсний телевизийн улс төр, мэдээллийн “Долоо хоногийн тойм”, “Цагийн хүрд”, “Эвлүүлэггүй яриа”шууд нэвтрүүлэг хөтөлдөг байсныг манай уншигчид санаж байгаа буй за.
-Та “Эвлүүлэггүй яриа” хөтөлдөг байсан даа. Тэр үнэхээр эвлүүлэггүй явдаг байсан уу?
-Тийм. Эвлүүлэггүй шууд нэвтрүүлэг. Ээлжилж хөтөлдөг байсан. Нэг хэсэг би авч явсан. Тухайн үеийн төр засгийн тэргүүнүүд, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд оролцдог байлаа. ММ агентлагт “Цагийн хүрд”, “Долоо хоногийн тойм” “Эвлүүлэггүй яриа” гол гурван нэвтрүүлэг байсан шүү дээ. “Долоо хоногийн тойм” -ыг л хамгийн олон жил хөтөлсөн дөө.
-Ажилдаа их цаг зарцуулдаг байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Өглөө гараад, “Үдшийн мэдээ”-гээ уншчихаад 22:50 гэж дуусаад л харьдаг. Өглөөд аажуу очих үедээ очоод, шөнөдөө л харьдаг байлаа. Халуун залуу нас эфирт л өнгөрсөн. Ер нь насаараа ажиллаж байна даа.
-Тэр үед телевиз одоогийнх шиг олон биш. Та олны танил байсан. Гадуур явахад хүмүүс танина биз?
-Бүгд л танина. Тэр үеийн телевизийн нэвтрүүлэгч нар, гол гол нэвтрүүлгийн хөтлөгчдийг хүмүүс сайн таньдаг байсан. Хазгай гишгэж болохгүй. Нэр хүндтэй, xариуцлагатай, зарим үед ядаргаатай шүү дээ. Одоо Америкийн телевиздээ “Студийн цаг” нэвтрүүлэг хөтлөөд явж байгаа. Монголчууд дэлхийн хаа ч явсан таарна. Телевизэд ажилладаг хүмүүс алхам тутамдаа анхааралтай, хариуцлагатай явах шаардлагатай болдог.
-“Эвлүүлэггүй яриа”-ны үеэр хурц асуулт тавьдаг байсан уу?
-”Эвлүүлэггүй яриа” тухайн цаг үедээ асуудал хариуцсан хүнээс авах ёстой хариултаа авдаг нэвтрүүлэг байсан. Хурц асуудал хөндсөн нэвтрүүлэг ч бид хийж байсан. П.Очирбат гуайг Ерөнхийлөгч байх үед манай групп Буйр нуураас “Халуун цэг” нэвтрүүлэг хийсэн юм. Улсын ганц усан хилээ хамгаалах, цаанаас хүмүүс орж ирээд, загас зөвшөөрөлгүй агнаж байна гээд асуудал дэвшүүлсэн юм. Түүний дараа их шуугьсан. Ерөнхийлөгч асан П.Очирбат Буйр нуур руу явж ажилласан. Сүүлд нэг таарахдаа “Танай нэвтрүүлэг гарсны дараа би стратегийн гол объектууд руу явдаг боллоо” гэж хошигнож байсан. Эмэгтэйчүүдийн хорих ангиас бид бас нэвтрүүлэг хийсэн. 100 гаруй хүн эмэгтэйчүүдийн хориход хоригдож байсан юм. Бага насны хүүхдүүдтэй эхчүүдийг “өмөөрч” нэвтрүүлэг хийсэн. Дахиад л П.Очирбат гуай зарлиг гаргаад, 100 гаруй хүний 60 гаруйг нь суллаж байв.
-Тухайн үеийн удирдлагууд мэдрэмжтэй, чих зөөлөнтэй байжээ?
-Төр засаг хүчтэй, хэвлэлийнхнээ ч,ард түмнээ ч анхааралтай сонсдог байсан. Үзэгчид нэвтрүүлгийг уйлж үздэг байлаа. Байдал ямар байна гээд жилийн дараа хорих ангид эргэж очсон юм. Тэр хооронд маш олон захиа ирсэн. Шуудангаар захиа ирдэг үе байлаа. “Эмэгтэйчүүдийн хорих ангиас дүүгээс чинь” гээд захиа ирж байсан. Хөөрхий дөө, дотносоод тэгж бичиж байхгүй юу.
Найруулагчтайгаа хамт хоригдлуудтай нэг бүрчлэн уулзаж, ярилцахад дандаа л хүүхдээ санасан, халаасны хулгай хийгээд орсон гэж ярьж байсан. Циркийн хэдэн улс бас байсан. Билетний мөнгөө “идээд” орсон гэсэн. Тэднийг бүгдийг суллаж билээ. Бид ямар суллаач гэсэн биш. Асуудал ийм байна гэж тавьсан. П.Очирбат гуай л хөөрхий уяраад суллаж байсан. Нэг сонин нь жилийн дараа очиход суллагдсан 60 гаруй хүний ихэнх нь буцаад орсон байж билээ. Нэр усыг нь хэлээд яах вэ. Нэг хоригдол эмэгтэйн хүүхдийн сургууль дээр очиж уулзахад охин нь ээжийгээ санаад уйлж байсан. Тэгэхэд тэр эмэгтэй эргээд халаасны хулгайгаар шоронд орчихсон байв. “Даан ч яав даа” гэсэн чинь доошоо хараад, юу ч хэлээгүй.
-Та нэг удаа ярьсан байна лээ. Америкт ирээд “Долоо хоногийн тоймоо зүүдэндээ олон удаа хөтөлсөн” гээд.
-Аргагүй шүү дээ. Хүний нутагт шууд очоод нэвтрүүлэг хөтлөөд энээ тэрээ болчих биш. Дуулиант амьдралаас явсан шүү дээ. Сүүлд би ММ агентлагийн захирал, тухайн үед эрх барьж байсан Монголын Үндэсний Ардчилсан Намын хэвлэлийн албаны дарга байсан. Сонгууль гээд ядаргаанд ороод хоёр чих шуугьсан байлаа. Гэнэтхэн Америкийн нам гүм, зарим үед нэгэн хэвийн уйтгартай гэмээр амьдралд очиход хэсэг хугацаанд ажлаа санаад “Долоо хоногийн тойм”-оо зүүдэлж байсан. Харин xэдэн жилийн дараа өөрийн телевизээ байгуулж,санаа амарсан даа.
Америкийн тухай яривал дуусахгүй. Гэхдээ жинхэнэ чөлөөт амьдрал Монголд бий. Америкт 11 жил амьдарлаа. Орост зургаан жил сурсан. Томилолтоор ийшээ тийшээ явсныг оролцуулбал 20 орчим жилийг гадаадад өнгөрүүлсэн.
Монгол Улс их хөгжсөн гэж хэлэх гээд байна. Жинхэнэ эрх чөлөө байгаа газар шүү дээ. Тэр жил Америкийн нэг сэтгүүлч “Xорвоогийн хамгийн сүүлчийн сайхан нутаг” гэж Монголыг хэлсэн нь үнэхээр үнэн юм аа. Хүмүүсийн ухамсар, хувь хүнээс хамаарах юмнууд их байна.Үүнийгээ л бид засахсан. Цагийг үнэлж,гамнаж сурахсан.Тэгвэл ч оюун ухаан,боловсролоороо монгол хүн дэлхийн хаана ч газардахгүй дээ.
-Алдартай нэртэй телевизийн од, олны танил хүмүүс ч гадаадад очоод аяга таваг угаахаас авахуулаад янз бүрийн ажил хийсэн байдаг. Та америкийн монголчуудын амьдралыг цухас ч болов үзэв үү?
-Үзсэн.Том их дэлгүүрийн дор байдаг, манайхан машины гараж гэж ярьдаг даа, паркт хэдэн найзуудтайгаа кассан дээр зогсож байлаа. Нэг путкин дотор суугаад, хүнээс мөнгө хурааж аваад, билет өгдөг. Вашингтоны ойролцоох Арлингтон хотод монголчууд харьцангуй олноороо байдаг. Манайхан тэр их дэлгүүрээр их ордог. Билет таслаад өгөхөд гэнэт зарим нь “Цаг агаарын мэдээ, Цагийн хүрд” гэчихээд яваад өгдөг байсан. “Нөгөөх маань энд сууж байна” гэж боддог байсан байх даа. Кассын тэр ажилдаа дуртай байсан. Мөнгөний үнэ цэнийг мэдсэн. Сайхан хувцастай албаны байрын боловсон хүн өдөржин паркид тавьсан машиныхаа хөлсийг төлөхдөө “Үнэтэй байна, цагийг зөв тооцсон уу” гэж чичирч байхыг харсан. Цаг нь компьютер дээр гардаг. Гэтэл эгэл ажилчин байрын цагаач болов уу гэмээр хүн яг тийм хөлс төлөхдөө найрсаг харьцаад, гараад явах жишээтэй.
Би Америкт очоод удаа ч үгүй эмээ болсон. Хэсэг хугацаанд хүүхдээ харлаа. Гэр бүлээрээ явсан. Хүүхдүүд сурсан. Зарим нь ажилласан. Ар гэрийн ажлаа хариуцахгүй бол болохгүй. Дараа нь тэнд телевиз байгуулж болох юм байна гэдгийг олж мэдсэн юм. 2008 онд телевизээ байгуулсан шүү дээ. Одоо тэр ажлаа эрхлээд л явж байна.
Вашингтон хотод биднийг очиход “Newseum” гээд “Дэлхийн сэтгүүл зүй, шуурхай мэдээллийн музей” гэж орчуулаад байгаа юм, долоо, найман давхар байшингийн суурь тавигдаж байсан. Тэр хавиар найзтайгаа явж байгаад “Энэ сэтгүүлчдийн байгууллага юм байна. Энд ажиллах юмсан” гэж ярьж суулаа. Гэтэл яг намайг телевиз ажиллуулж эхлэх үед “Newseum”-д ажилд авна гэсэн зарлал гарсныг олж харлаа. Хэд хэдэн дарга нар нь суугаад нэг хүнтэй хэдэн минут ярилцаад шийдвэрээ дор нь гаргана. Эмэгтэй дарга нар голдуу ярилцлага авч байлаа. Эрэгтэй хүн дээр очвол илүү гайгүй ярьчихмаар юм шиг санагдаад байв. Оочер дөхсөн чинь нэг хүний дараа очвол тэр дарга дээр таарах гээд байдаг. Ар талын хүнээ ”Та түрүүлээд очооч, би дараа нь очъё” гэсэн юм. “Newseum”-ийг та яагаад сонгосон бэ гэдэг асуултад хариулах ёстой. Би чинь түрэмгий ч гэх юм уу, шулуун зантай хүн шүү дээ. Шууд л “Би энд ажилд орно. Би Монголын мэдээллийн том агентлагийн дарга байсан. “Newseum” надад маш их таалагдлаа. Би энд байх ёстой хүн гээд нөгөөхийг чинь бараг “нокдаун”-д орууллаа. Нөгөө хүн чинь юм асууж чадахаа байчихсан. Эмэгтэй хүнийг гомдоочихно. Энэ хүн орно гээд бодчихсон байна. Хэрэв болохгүй гэвэл ухаан алдчихна гэж бодсон байх аа. Тэгээд би тэнд орсон. Сүүлд мэдэхэд тэр хүн манай хамгийн том дарга байсан. Эхнэр нь ази хүн байсан юм билээ. Хэдэн жил тэнд сайхан ажилласан. Одоо ч сэтгэлд бодогдоостой байдаг. Монголчууд тэнд нэг их очоогүй ээ.Таван цагирагийн АНУ даxь сурвалжлагч Ц.Энхтүвшин харин Newseum-ээр өдөржин аялсан байсан. Түүнийгээ сониндоо бичээд, намайгаа дурдсан байв. Би тэр үед эзгүй байж таарсан.
-Сэтгүүлчдийн музей гэхээр юу үзүүлж харуулдаг вэ?
-Тэнд дэлхийн радио, телевиз, сонин, мэдээллийн агентлагуудын бүх цаг үеийн зузаан үүх түүх байдаг. Сонин дэлхийд анх яаж үүссэн юм, ямар сонин байсан, хэн хэн үүсгэсэн гээд бий. Монголтой холбоотой юм тэр бүр байдаггүй. Ханан дээрээ орон орны хэлээр мэдээ гэж бичсэн байдаг. Тэнд харин Монголоор “мэдээ” гээд ганц үг байдаг. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалын булантай. Тэр дотор 2000 онд Увс аймгийн Малчин сум руу явж байсан онгоцонд осолдсон япон,монгол сэтгүүлчдийн нэр ус зураг намтартайгаа байдаг. Манайхаас гэрэл зурагчин Ц.Батзоригийн нэр байдаг. Үндэсний телевизийн дарга байсан Ю.Эрдэнэтуяа Вашингтонд очих үеэрээ Newseum-ийг үзсэн. Дарга маань эрдэмтэн судлаач хүн болохоороо “Чи ийм сонин судалгааны газар ажиллаж байж, гаргасан юм юу байна” гэж зэмлэнгүй хэлж байсан. Одоо Newseum маань санхүүгийн байдлаас нийтэд түр хаагдсан байгаа юм билээ. Судлаач,сэтгүүлчдэд бол нээлттэй байх. Ю.Эрдэнэтуяа даргын хэлсний дагуу бодож төлөвлөсөн юм бий.
-Та бүхэн телевизээрээ Америкийн монголчуудад юуг онцолж хүргэдэг вэ?
-Нутгаа санасан улсууд биднийг телевиз нээж байхад клип хараад л уйлж байсан. Одоо бол Монголын бусад телевизийн нэвтрүүлгүүдээ үзэж байгаа. Миний дараа бас нэвтрүүлэг хийдэг улсууд гарч ирсэн. Нутгаа санасан улсуудад Монголын мэдээллийг түлхүү өгөх ёстой. Ах, дүүсийнх нь мэндчилгээг ч хүргэнэ. Манайхан хаана л явна тэндээсээ мэдээлэл хүргэдэг. Бид Америкийн телевизийн олон нийтэд зориулсан сувгаар 13 даxь жилдээ нэвтрүүлгээ цацаж байна. Мөн зарим вэб сайт, сошиалд байршуулдаг болохоор Америкийн монголчууд төдийгүй дэлхийн энгээр тархан суугаа нутаг нэгтнүүд маань үзэх боломжтой. Монгол хэлнээс гадна англи зэрэг бусад хэл дээр нэвтрүүлэг гаргаж болно.
-АНУ дахь монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбооныхоо тухайгаа ярьж өгөөч. Америкт байгаа монгол эмэгтэйчүүд ямархуу амьдралтай хүмүүс байдаг вэ?
-Би хар залуугаасаа Монголын Эмэгтэйчүүдийн холбоонд зүтгэсэн. Одоо 100 жилийн түүхтэй тэр сайхан байгууллагынхаа Удирдах Зөвлөлд нь байгаа. Ийш тийшээ явахдаа камераа үүрч яваад нэвтрүүлэг хийдэг. Тийм учраас эмэгтэйчүүдийн асуудлыг ойлгодог болсон. Тэр ажлаа санаад тэнд идэвх санаачилгатай ганц нэг улсыг нэгтгэж холбоо байгуулсан юм. Дараа нь Соёл холбоогоо Монголд бас байгуулсан. Америкт байгаа монгол эмэгтэйчүүд бусдын адил амьдрал хөөсөн хүмүүс. Монголдоо янз бүрийн ажил хийж байсан улсууд бий. Өндөр алба хашиж байсан улсууд ч байдаг. Тэнд амьжиргаа нь янз бүр. Хоёр нарны хооронд ажиллаж, мөнгө цуглуулж Монголд байгаа ар талаа тэжээдэг хүмүүс ч бий. “Эмээ харах” гэж настай хүн асардаг ажил байдаг. Бусад ажлаа бодвол цалин нь ахиу. Насны төгсгөл рүүгээ орсон хүнийг хараад гэрт нь амьдраад, асарч тойлдог ажил юм. Зарим нь ээж, аав шигээ ижил дасал болдог гэж найзууд ярихыг олон сонссон. Нутагтаа ирж чадахгүй “эмээ, өвөөгөө” хараад сууж байгаа хүн ч бий. Эмэгтэйчүүдийн маань дунд нутагтаа хүүхэд шуухдаа орхиод харь газар амьдрал хөөгөөд явсан хүн бишгүй олон. Дөрөв, таван настай үлдээгээд явсан хүүхэд нь хэдийнэ гэрлээд, ач гучтай болгосон ч тэдэнтэйгээ уулзаж амжаагүй, амьдын хагацал үзэж яваа хүмүүс ч байдаг. Харья гэхээр Монголд байгаа баахан хүмүүсийн амьжиргааг хэн даах вэ гэж байгаа юм. Нэг хүний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлчихдэг, буруутгаж болохгүй, зөвтгөхөд хэцүү амьдрал. Тийм дайчин бүсгүйчүүдээрээ бахархдаг. Нутагтаа ирэхэд нь сайхан амрааж баярлуулахсан гэж боддог.
-Та саяхан Соёлын элч болсон. Соёлын элч юу хийдэг юм бол?
-Соёлын элчийн томилгооноос болоод сэтгүүлчид маань ярилцлага авна л гэнэ,мэдээ гаргана л гэнэ. Чимээгүй суусан би ойрд од болов. Салбарынхандаа их зан гаргаж болохгүй. Монгол Улсын Соёлын элчийн ажил өргөн хүрээтэй. Бид Гадаад Xарилцааны Яамны Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийнх нь нэг. Сүүлийн жилүүдэд Зөөлөн хүчний бодлого гадаад бодлогын чухал ойлголт болоод байгаа. Соёлын харилцаагаар дамжуулан улсаа сурталчилна. Тодруулбал, урлаг соёл, спорт, хүмүүнлэг, түүх, шинжлэх ухааны чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Анх монгол судлаач эрдэмтэн гадаадын хүмүүсийг томилж байсан юм билээ. Дараа нь алдартай бөх, дуучид урлаг спортынхон томилогдож байсан байх. Гадаадад олон жил амьдарч байгаа улсуудаас ч томилогдсон. Сэтгүүлчдээс МОНЦАМЭ агентлагийн захирал байсан, Супер нэгдлийн онолыг нээсэн эрдэмтэн, судлаач Ч.Эрдэнэ 2019 онд Соёлын элч болсон байна лээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Соёлын элчийн гэрчилгээг гардуулахдаа “Сэтгүүлч хүн соёлын элч болсон юм чинь өнгө аяс оруулна биз дээ” гэж хэлсэн. Гоё өнгө аяс оруулахыг хичээлгүй яахав.
-Та Монголдоо ирэх үү, дэлхийн хаана ч байсан хамаагүй гэж боддог уу?
-Монголдоо ирчихсээн. Цахим хөгжсөн учраас дэлхийн хаанаас ч ажлаа хийгээд явах боломжтой. Хөдөөгүүр явсан ч,гадаадад явсан ч ажил амралт аяллыг хослуулж явдаг. Ингэж хослуулж болдгийг эх орны хөдөөгийн суманд ажиллахдаа ч, дэлхийн дээвэр Эверестэд онгоцоор аялахдаа биеэр мэдэрсэн. Дээр нь би бас Мета компанийн (Фэйсбүүкийн шинэ нэр) сурвалжлагч шүү дээ. (инээв) Ихэвчлэн гадаад мэдээ тавина. Энд тэнд явсан газрынхаа сонинг бас дуулгачих санаатай. Ядаж байхад 11 цагийн коронагийн мэдээллийг оруулах үүрэг авсан. Заримдаа мэдээгээ хоцроохоор “Сараа, нөгөө мэдээгээ тавиач” гэж чатаар ханддаг хүмүүс бий. Элгэмсэг шүү, монголчууд маань.