Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ойн салбарын үндэсний чуулган эхэллээ.
Month: November 2021
Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт “Их хуралдай” танхимд хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо 10-р сарын 13-15-ны өдрүүдэд Евразийн Эмэгтэйчүүдийн 3- р дугаар чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.Тив тивийн эмэгтэйчүүд цугларсан өргөн цар хүрээтэй хөтөлбөртэй чуулганд гурван өдрийнтурш зөгийн үүр шиг зайгүй өрнөсөнүйл явц дундаасзарим санааг та бүхэнтэйгээ хуваалцая.
Анх 2015 оны намар эхэлсэнЕвразийн эмэгтэйчүүдийн форум зургаан жилийн дотор хууль тогтоох болон гүйцэтгэх шатны удирдагч эмэгтэйчүүд, нийгэм, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар бүрийн дэлхийн лидер эмэгтэйчүүдийг нэгтгэсэн,уулзалтын том платформ болж өсжээ.
Уг чуулганыг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко анх санаачилж, XXI зууны сорилттой тулгарч буй эмэгтэйчүүдийн шинэ үүрэг, боломжуудын талаар ярилцах, энх тайван, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны нэгдмэл зорилго, сонирхлын төлөө эмэгтэй удирдагчдыгнэгтгэх олон улсын статустай бүтцийг ОХУ-д бий болгохоор зорьсон нь өнөөдөр ийм амжилтад хүрсэн байна.
Парламентын болон гүйцэтгэх засаглалын эмэгтэйчүүд, тэдний манлайлал, нийгэм, улс төр, эдийн засгийн үйл явцад гүйцэтгэх үүрэг ба оролцоонд онцгой ач холбогдол өгчОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр оролцож мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн форумд оролцогчдод хандан видео мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Миний бие Монгол Улсын Парламентыг төлөөлж тус чуулганы нэгдсэн хуралдаан дээр Парламент хоорондын яриа хэлэлцээ хүрээнд “Энх тайван, итгэлцлийн дипломат харилцааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо” хуралдаанд үг хэллээ.
Холбооны зөвлөлийн дарга, Евразийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хатагтай Матвиенко хоёр ч үндсэн хуралдааныг өөрөө хөтлөж явуулсан ба түүний хэлсэн, олон улсын эмэгтэйчүүд санал нэгтэй дэмжиж, уухайлж байсан хэд хэдэн чухал санааг тусгайлан дурдмаар санагдлаа. ТэрээрОлон улсын нөхцөл байдлыг сайжруулах, дэлхий даяараа эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн хөгжил дэвшилд хүрэхэд эмэгтэйчүүдийн хүчирхэг нөөцийг бүрэн ашиглах цаг иржээ. Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт бол энэ зорилгод хүрэх эхний алхам юм.Эмэгтэйчүүд бие даасан байдалтай, чадалтай байдаг. Бид “хүлэмжийн”, тусгайлан бэлдсэн нөхцөлгүйгээр, өөрсдөө их зүйлийг хийх чадамжтай. Үүнд гагцхүү төр шударга өрсөлдөөний нөхцөлийг л бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн үүнд өрөөсгөл ойлголт, хуучинсаг үзэл байж болохгүй. Эмэгтэйчүүд асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар өөрийн гэсэн алсын хараатай байдаг. Эмэгтэй хүн өөрийн зөн совин, мэргэн ухаанаар, хүчээр биш зөөлнөөр, яриа хэлэлцээний аргаар аливаа асуудалд ханддаг. Тиймээс эмэгтэйчүүдийн төрмөл шинж чанар “зөөлөн хүчний бодлого”, хүч нөлөө, нөөц боломжийн талаар илүү их ярих болсон.Улс төрд ч, засаглалд ч жендерийн ач холбогдлыг хэтрүүлж болохгүй гэдгийг би өөрийн туршлагаасойлгосон. Удирдах, манлайлахын гол зүйл бол мэргэжлийн ур чадвар, үйл ажиллагаа, өөрийн давуу шинж чанараар шийдэлд хүрэх. Эдгээр нь эмэгтэйчүүд, эрчүүдэд адилхан хамаарах нийтлэг шалгуур юм.Оросод мал шиг зүтгэх ажил, албан тушаалд эмэгтэйчүүдийг томилдог. Тэргүүн байруудыг эрэгтэйчүүд эзэлдэг, орлогч, гүйцэтгэгч даргаар эмэгтэйчүүдийг болгодог гэх мэтээрэмэгтэйчүүд бидний талаар сүүлийн хорь гаруй жил ОХУ-ын улс төрийн тэргүүн магнайд нь явж буй нэр хүндтэй, чадварлаг удирдагч эмэгтэйн амнаас ийм оновчтой үгсонсох нь содон байлаа.
Энэ удаагийн чуулга уулзалтын арга хэмжээний хөтөлбөрийг 5 үндсэн сэдэвт платформ хэлбэрээр зохион байгуулж, системчилсэн байсан нь сонирхолтой мөн шинэлэг байв.Эдгээр платформ “Энх тайван ба итгэлцлийн шинэ мөрийн хөтөлбөр”, “Эрүүл нийгмийг бүрдүүлэх нь”, “Эдийн засаг ба дижитал хөгжил”, “Эх дэлхийгээ хайрлах” болон “Нийгмийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх” зэрэг сэдвүүдийг онцолж, нийгэм, эдийн засгийн үйл явцууд дахь эмэгтэйчүүдийн үүрэг ба оролцооны талаарх нэгдсэн хуралдаанууд, стратегийн хэлэлцүүлэг, шинжээчдийн платформ, төр, хувийн хэвшил болон бизнесийн яриа хэлэлцээнүүд, бизнес өглөөний цай уулзалтууд, олон нийтийн ток-шоу зэрэг ярилцаж санал бодлоо солилцсон 300 гаруй арга хэмжээг зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээнд дэлхийн 111 улс, олон улсын 20 гаруй томоохон байгууллагын төлөөлөл болох нийт 2.5 мянга гаруй хүн оролцож, үүнээс 1500 гаруй хүн биечлэн, 1000 гаруй нь цахим хэлбэрээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсонюм. Мөн дэлхийн өнцөг бүрээс 3 сая гаруй хүн Форумын хуралдаан, хэлэлцүүлгийн цахим талбаруудтай интернэтээр холбогдож600 орчим илтгэл, 300 гаруй арга хэмжээндинтерактив хэлбэрээр оролцож, нийтдээ форумын долоо хоногийн арга хэмжээнүүдэд 10 сая гаруй хүн оролцсон байна. Чуулганы үндсэн 3 хуралдааны үеэр гэхэд л бодит болон цахим хэлбэрээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг, ток шоу, ворк шоп, шинжээчдийн платформ, үзэсгэлэн зэрэг 90 гаруй арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тус Форумд олон улсын нэртэй хүндтэй, мэргэжлийн байгууллага, холбоод НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO), “G20” буюу “Эмэгтэйчүүдийн 20”,Дэлхийн банкны чуулган, БРИКС-ийн орнуудын эмэгтэйчүүдийн бизнесийн холбооны чуулган хамтарсан хуралдаанууд мөн амжилттай боллоо.Эдийн засгийн интеграцийг дэмжих АПЕК-ийн бүс нутаг дахь эмэгтэйчүүд ба АПЕК-ийн ажлын хэсгүүд дэх эмэгтэйчүүдийг дэмжих үйл ажиллагааг зохицуулах Эмэгтэйчүүд ба Эдийн засгийн бодлогын түншлэл буюу Policy Partnership on Women and the Economy (PPWE) 2011 онд байгуулагдсан байгууллага мөн оролцлоо. Чуулганы үеэр APEC-ийн орнуудын эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо ба чөлөөт өрсөлдөөнийг нутагшуулах төслүүдийн шалгаруулалт, олон улсын хамтарсан төслүүдийг эхлүүлэх (эхнийх нь Орос-Өмнөд Солонгосын төсөл байв), эдийн засгийн чиглэлийн хүүхдийн төслүүдийг дэмжих зэрэг саналуудыг дэмжсэн, хэлэлцсэн APEC BEST AWARD уралдааны ялагч, оролцогчдын олон улсын клуб анхны хурлаа мөн хийв.
Манай улсын анхаарлыг зайлшгүй татах ёстой нэгэн онцгой арга хэмжээ болсон юм. Евразийн эмэгтэйчүүдийн форумын зөвлөл, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага ЮНИДО-той хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, манлайллын чиглэлээр Оросын төрийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшил олон улсын түншүүдтэй хамтран төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, бүх Оросын жижиг, дунд үйлдвэрүүдийн олон нийтийн байгууллага “OPORA RUSSIA”-ийг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй. Үүнд манайх идэвхитэй оролцоогоо хангаж ажиллах нь зүйтэй. “Эдийн засаг ба дижитал хөгжил”дижитал платформ дээр Орос болон гадаадын 20 гаруй илтгэгч “эмэгтэйчүүдийн бизнесийг дижитал болгох арга хэрэгсэл” болон өөрсдийн үнэтэй туршлагаас хуваалцлаа. Мэдээллийн технологийн салбарын эмэгтэйчүүдийн шилдэг төслүүдийг танилцуулж, дэлхийн 5 орны төлөөлөгчдийг оролцуулсан теле хурал зохион байгуулж, дижитал платформын бүх арга хэмжээ 1.5 сая гаруй үзэгчдийг цуглуулсныг харах сайхан байлаа. Дижитал эдийн засагт эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн мэдлэгийг тэлж, санхүү ба борлуулалтын зах зээл, олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэвтрэх боломжийг олгож байгаа юм. Манай улс энэ тал дээр анхаарах шаардлагатай санагдлаа. “Эмэгтэйчүүдийн эрхэм зорилго-Эрүүл мэндийн төлөө хамтдаа” платформын хүрээнд анагаах, эрүүл мэндийн салбарын олон улсын тэргүүлэх шинжээчдийн илтгэлүүд,шинжлэх ухаан, практикийн семинар, нээлттэй хэлэлцүүлэг, инновацын төслүүдийн танилцуулгууд хийгдэж, энэ үеэр ажиллуулсан “Ирээдүйн анагаах ухаан” виртуал эмчийн кабинет Форумын томоохон шинэлэг, онцлог зүйл байсан юм. Байгаль орчны асуудал жил ирэх тусам улам бүр чухал болж, “ногоон” технологи, байгаль орчны талаарх ойлголт бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байна. Үүнд эмэгтэйчүүдийн байгаль орчны старт-апууд чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар ярилцав.
ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга, Евразийн Эмэгтэйчүүдийн Форумын Зөвлөлийн тэргүүлэгч, чуулганы зохион байгуулах хороог удирдан ажилласан хатагтай Галина КареловаОросын төрийн бодлогын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө үйл ажиллагааны үндэсний стратегийн шинэчилсэн төслийг боловсруулж, шинээр баримт бичиг боловсруулан батлуулахаар зэхэж байгаа тухай мэдээлсэн юм. Тус стратегийн баримт бичгийн дагуу төрийн байгууллага, яам, олон нийт болон олон улсын байгууллагуудтай хамтран боловсруулсан Евроазийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн багцад хэрэгжүүлэхэд 23 төсөл бэлэн байгаа ажээ. Үүнд хөдөө орон нутгийг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, тэлэх, сайн дурынхны хөдөлгөөнийг дэмжих, эмэгтэйчүүдийн инновац, эрдэмтдийг дэмжих гэх мэт олон чиглэлийн төслүүд багтсан байна.
Эцэст нь, “Евразийн эмэгтэйчүүдийн гурав дахь чуулга уулзалт өндөрлөсөн нь бидний хамтын ажил дууслаа гэсэн үг биш. Үнэндээ, энэ ажил хэзээ ч дуусдаггүйюм. Бид байнгын харилцаатай байж, шинэ төсөл, зорилтын талаар ярилцсаар байдаг” гэсэн хатагтай Матвиенкогийн хэлсэн үг тодхон санагдаж байна.
Монгол Улс дэлхийн улс орнуудын харилцаанд эрчимтэй хөгжиж байгаа санал санаачилгуудад нэгдээд, оролцоод, сонсоод орхих биш, зорилго, тэмүүлэлдээ хүрэхийн төлөө идэвхитэй оролцоогоо хангаж, үр дүнтэй ашиглах механизмаа боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе. Эмэгтэй удирдагчид зөн совин, мэргэн ухаан, өрөвч нинжин сэтгэлээс гадна хүчээр биш зөөлнөөр, мэдрэмжтэй, яриа хэлэлцээний аргаар, уян хатан зохицуулалт, өөрийн гэсэн алсын хараагаар ажилдаа хандаж, хамгийн гол нь мэргэжлийн ур чадвар, эрдэм боловсрол, хичээл зүтгэл, амьдралын, ажил хөдөлмөрийн туршлагатай болж байж үр дүнд хүрдэг болохыг Евроазийн эмэгтэйчүүдийн энэ чуулган дээр дэлхийн эмэгтэй удирдагчид онцолж байгааг Монголын мянга мянган эмэгтэйчүүддээ хандаж хэлье. Хүн төрөлхтний сайн сайхан, энх тайван хөгжил дэвшлийн төлөө, дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд олон улсын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн Евроазийн эмэгтэйчүүдийн чуулах энэхүү талбар улам бүр өргөжин тэлж, даян дэлхийг хамарч, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Антионины тахал
Хятадын Ухань хотод 2019 оны арванхоёрдугаар сард анх илэрсэн амьсгалын замаар халдварладаг SARS-CoV-2 коронавирус асар богино хугацаанд дэлхий даяар түгж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд онц аюултай “Ковид-19” цар тахал дэгдсэнийг зарлахад хүрсэн билээ. “Ковид-19”-ийн улмаас одоогийн байдлаар 250 сая шахам хүн өвчилж, таван сая хүн нас бараад буй. Иймээс ч “Ковид-19” нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хөнөөлтэй цар тахлуудын нэг болоод байна.
Тэгвэл түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн хамгийн анхны тахал Эртний Ромд Марк Аврелий Антонины хаанчлалын үед МЭ 165-180 онуудад дэгдэж, халдварлагчдын дөрөвний нэг нь буюу нийт таван сая орчим хүн амь насаа алджээ. Антонины гэх нэр авсан энэ тахлыг Эртний Ромын цэргүүд дорно зүгт хийсэн аян дайнаас буцаж ирэхдээ тархаажээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар, энэ нь салхин цэцэг өвчин байх магадлал их аж.
Антонины тахал Газрын дундад тэнгис (Эртний Ром) болон Энэтхэгийн соёл иргэншил хоорондын анхны харилцаанаас үүдэлтэй гэж үздэг байна. Мөн үед Энэтхэгтэй холбогдож эхэлсэн Хятадад ч ижил төрлийн тахал дэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Эртний Ромд ч, Хятадын Хань гүрэнд ч энэ нь цоо шинэ өвчин тул ард иргэдэд нь үүний эсрэг дархлаа байсангүй.
Антонины тахлаар Эртний Ромын зарим мужийн хүн амын гуравны нэг нь нас барснаар хөдөлмөрлөх хүч дутагдан эдийн засаг уналтад орж, армийн бие бүрэлдэхүүн хорогдсоноор хойд зүгээс довтлох варваруудыг тогтоон барих нь улам хүндрэлтэй болжээ. Хэнийг ч хамаагүй хайр найргүй ниргэх тахлаас айж цочирдсон, үймж самгардсан хүмүүс уламжлалт бурхаддаа итгэх нь эрс багасав. Энэ үед тахлаар үхэхээс үл айх христийн шашинтнууд нигүүлсэнгүй үйлс хийж өвчлөгсдийг халамжлан асарч, эмнэлгүүд барьж эхэлжээ.
Иймээс ч “авралын” гэгдэх болсон христийн шашин төд удалгүй Эртний Ромын албан ёсны шашнаар өргөмжлөгдсөн юм. Хятадад ч мөн ижил шалтгааны улмаас буддын шашин ихэд түгэн дэлгэрчээ. Ер нь энэхүү тахлын дараа өрнөдийн төдийгүй дорнын ертөнцөд шашин шүтлэг бэхжин ёс суртахуунд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарсан байна. Антонины тахалд нэрвэгдсэн Эртний Ром, мөн Хятадын Хань гүрэн өмнөх сүр хүчээ сэргээж чадалгүй бутран задрахад хүрсэн түүхтэй.
Харин анхны булчирхайн тахал Эртний Ромыг хоёр хуваагдсаны дараа зүүн хэсэгт нь үүссэн Византийн гүрний хаан ширээнд I Юстиниан заларч байхад МЭ 541 онд дэгджээ. Тэр үеийн зарим эх сурвалжид тахал Египетийн Пелусий хотоос эхэлсэн гэж тэмдэглэсэн учир ихэнх түүхч, судлаачид Юстинианы тахлыг Африкаас гаралтай гэж саяхан хүртэл үздэг байв. Гэвч 2017 онд хийсэн филогенетикийн шинжилгээ Юстинианы тахлыг үүсгэгч нь Хятад дахь мэрэгч амьтдын байгалийн голомтоос гаралтай гэх онолыг баталжээ.
Тэр үед Византийн гүрэн Персийн Сасанидын хаант улстай байсхийгээд дайтан нэг нэгнийхээ хүчийг ихээхэн сулруулдаг байв. Үүнийг ашиглан аль аль руу нь монголчуудын өвөг хүннү нар хойд зүгээс уулгалан довтолсон нь цөөнгүй. Иймд хүннү нараар дамжин Юстинианы тахлыг үүсгэгч нь Хятадаас Газрын дундад тэнгисийн зүүн эрэгт хүрсэн байж тун ч болзошгүй.
Юутай ч, Юстинианы тахалд Византийн гүрэн ба Сасанидын хаант улс хоёул нэрвэгдэж, Газрын дундад тэнгисийн зүүн эрэг, Бага Ази, Хойд Африкийн асар уудам газар нутаг хүн амгүй шахам болжээ. Хоёр зууны турш дахин дахин дэгдсэн булчирхайн тахлаар энэхүү бүс нутагт 66 сая хүн амь үрэгдэж, үүссэн улс төр, хүн ам зүйн хоосон орон зайг арабууд ба лалын шашин эзэлсэн юм. Юстинианы тахлын түүхэн үр дагавар гэвэл тус бүс нутагт Арабын улс үүсч хүчирхэгжин Византийн гүрний газар нутгаас үлэмж булаан авч, Сасанидын хаант улсыг бүрэн эзэлж, лалын шашныг зүг бүрт түгээн дэлгэрүүлж эхэлсэн явдал байв.
Хар тахал, Лондон
Үүнээс найман зууны дараа Хар үхэл (латинаар Atra mors) нэр авсан булчирхайн аймшигт тахал янз бүрийн тооцоогоор Европын хүн амын гучаас жаран хувийг хиаруулжээ. Оргил үе нь Европт 1346-1353 онуудад тохиосон энэ тахал олон сэжмээр Монголтой холбоотой.
Юуны түрүүнд Хар үхэл Монголын говь дахь байгалийн голомтоос эхэлсэн гэж үзэх нь бий. Говьд 1320-иод онуудад ган гачиг үргэлжлэн уур амьсгал эрс хуурайшихад хоол хүнсний хомсдолд орсон тарвага, зурам гээд мэрэгч, туулайн бүлгийн олон амьтан олноор нүүдэллэн малчдын аж төрөх газар руу ойртож багшралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд тахал үүсгэгч Yersinia pestis савханцрыг нэг нэгэндээ болон хүмүүст анх халдаасан гэх таамгийг судлаач эрдэмтэд дэвшүүлсээр ирсэн байна.
Хятадын эх сурвалжид, 1331 онд говиос зүүн өмнөд зүгт орших Хэбэйн хүн амын 90 хувь нь хачирхалтай өвчнөөр нас барсан тухай дурджээ. Тэгвэл XIV зууны Арабын түүхч, газар зүйч Али Аль-Макризи, “Их хаан зургаан хүүхдийнхээ хамт үл мэдэгдэх өвчин тусч нас баржээ. Мөн хааны удмын 16 хүн өөд болсон байна. Хятадад үй олон хүн гэнэт өвчнөөр үхэж, харин Энэтхэг хавьгүй бага хохирол амсчээ” гэж тэр үеийн тухай бичсэн аж. Али Аль-Макризи “их хаан” гэж Монголын Юань гүрний Төвтөмөр Заяат хааныг хэлсэн байж болох юм.
Юу гэвэл, Төвтөмөр Заяат хаан 1332 оны есдүгээр сард 28 насандаа нийслэл Дайду (одоогийн Бээжин) хот дахь Их амгалан харшдаа учир битүүлгээр нас баржээ. Үүнээс жилийн өмнө түүний том хүү, хаан ширээг залгамжлагч хунтайж Алтандара мөн л үл мэдэгдэх өвчнөөр нас барсан билээ. 1332 оны аравдугаар сарын 23-нд Юань гүрний хаанаар өргөмжлөгдсөн долоон настай Ринчибал хоёр сар ч хүрэлгүй мөн л өвчнөөр өөд болсон байдаг. Төвтөмөрөөс өмнө 1328 оны наймдугаар сарын 15-нд Есөнтөмөр хаан Юань гүрний зуны нийслэл Шанд хотод 51 насандаа мөн л өвчний улмаас цаг бусаар таалал төгссөн бөгөөд гадаадын зарим түүхч түүнийг Хар үхэлд анхлан өртөгсдийн нэг байж болзошгүй гэж таамагладаг аж.
Тив дамнасан Монголын эзэнт гүрэн байгуулагдсаны дараа өрнө, дорныг холбосон Торгоны зэрэг худалдааны олон замыг төрийн хамгаалалтад авч шуурхай холбоо харилцааны морин өртөөнүүдийг байгуулснаар асар уудам нутагт бараа таваар, соёл, шашин, технологийн гээд бүх төрлийн солилцоо эрс идэвхжжээ. Үүний сацуу халдварт өвчнүүд ч хурдацтай тархаж эхэлсэн байна. 1497 онд үйлдсэн Оросын он цагийн бичигт дэлхийг бүтээснээс хойших 6854 он буюу 1346 онд аюулт тахал Дон, Ижил мөрөнд хүрч Алтан ордын нийслэл Сарай болон ойр зуурын хотуудын хүн амыг олноор хөнөөсөн тухай тэмдэглэжээ.
Тэр үед Алтан ордыг захирч байсан Чингис хааны удмын Жанибек хаан Крымийн хойг дахь Италийн Венецийн Тана, Генуйн Каффа боомт хотуудын эсрэг дайн зарласан ба тэдгээр хотуудаас Хар үхэл хөлөг онгоцуудаар Европт хүрсэн гэж үздэг.
Харх, нохой бөөсөөр дамжин эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй томоохон хотуудад бөөгнөрөн амьдрах явдал ихэссэн, байнгын дайн дажинд нэрвэгдсэн Европт Хар үхэл маш хурдан тархжээ. Говиос гаралтай булчирхайн, манайхаар бол тарваган тахал Европын түүхэнд асар том ул мөр үлдээж, эдийн засаг, сэтгэл зүй, соёл, амьдралын хэв маяг, тэр байтугай хүн амынх нь удамшлын генийн бүтцэд маш ихээр нөлөөлсөн төдийгүй нийгмийн тогтолцоо, шинжлэх ухаан, урлаг, техникийн үсрэнгүй хөгжлийн угтвар нөхцөл болсон гэж үздэг билээ. 1492 онд Испанийн далайчин Христофор Колумб шинэ тивийг нээснээр Европоос эд баялаг, үржил шимт газар эзэмшихийг эрмэлзэгчид Америкийг үй олноор зорихдоо салхин цэцэг, улаан бурхан, хумхаа гээд олон халдварт өвчнийг тээн уугуул иргэдийн дунд тархаажээ. Тэдгээр өвчнөөс дархлаагүй уугуул хүн амын бараг 95 хувь нь ихэвчлэн салхин цэцгийн тахалд нэрвэгдэн устсан гэх тооцоо байдаг аж. Үүний улмаас л ацтек, инкийн соёл иргэншил үгүй болжээ.
Америкийн хоёр тивийн уугуул иргэдийг салхин цэцгийн тахал хиаруулснаар Европынхон богино хугацаанд эзлэн авч эд баялгийг нь зөөж капитализмын хөгжлийг хурдасган даяар худалдаа, Европын колоничлол үүсэхэд хүргэсэн аж. Хойд Америкт салхин цэцгийн тахлаар индианууд үй олноороо үхэж үрэгдэх болсны дараа Европоос, гол төлөв Их Британиас ирэгсэд суурьшиж эхлэн хожим АНУ-ыг байгуулжээ.
ХХ зууны эхэн гэхэд хөгжингүй орнуудад үндэсний эрүүл мэндийн тогтолцоо бий болж, эмнэлгийн ажилтнуудын нэр хүнд ч өссөн байв. Олон төрлийн вакцин боловсруулж салхин цэцэг, холер (булчин урвах тахал), улаан бурхан, хумхаа гээд аюултай халдварт өвчнүүдийг хурдан устгаж эхэлжээ. Ард иргэдийнх нь материаллаг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага чангарч, хувийн ариун цэвэр сахих явдал ч хэвийн үзэгдэл болсон байв.
Хэдий тийм ч энэ бүхэн 550 саяас доошгүй хүн (дэлхийн хүн амын 30 орчим хувь) өвчилсөн цар тахлаас сэргийлж чадаагүй юм. 1914 онд дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээр байлдааны ажиллагаа өрнөх бүх газар нутагт хижиг, улаан бурхан, тэр ч бүү хэл булчирхайн тахал дэгдэвч эмч нар тэмцэх аргаа мэддэг болсон тул цаг тухайд нь хурдан дарж чадаж байлаа. Гэвч дайн дууссаны дараа 1918 онд амьсгалын замаар дамждаг H1N1 ханиадны вирус дэлхий даяар тархаж эхэлжээ. Цар тахлын голомтыг одоо хэр тогтоогоогүй бөгөөд дайны үеийн эрүүл ахуйн хангалтгүй байдал, хоол хүнсний дутагдал, цэргийн ба дүрвэгсдийн хуарангууд дахь хүмүүсийн хэт бөөгнөрөл өвчин маш хурдан газар авахад хүргэсэн аж.
Дайнд оролцогч орнууд арми ба ард иргэдийн дунд дэгдсэн тахлын талаар мэдээлэхийг хориглон цензур тогтоосон тул энэ тухай хамгийн түрүүнд төвийг сахисан Испани улс албан ёсоор зарлажээ. Ийм ч учир энэ цар тахлыг испани ханиад гэж нэрлэх болсон байна. 1918 оны тавдугаар сар гэхэд Испанийн хүн амын 39 хувь буюу найман сая хүн халдвар авчээ. Хүндээр өвчлөгсдөд амьсгал давчдах уушгины хатгаа, биеэр улаан толбо туурах шинж тэмдэг илэрч байв.Өвчний сүүлийн үе шатанд вирус нь уушгины доторх цус алдалт үүсгэж, үүний үр дүнд өвчтөн өөрийн цусандаа хахдаг байсан аж.
Өвчлөгсдийн дунд нас баралтын үзүүлэлт өндөр байсан нь H1N1 вирусийн омог уушгины үрэвссэн эдийг хурдан устгаж уушгийг шингэнээр дүүрэхэд хүргэдэг онцлогтой холбоотой ажээ. Иймээс ч ялангуяа дархлаа сайтай залуу хүмүүсийн дунд нас баралт илүү тохиолдсон байна.
Испани ханиад
Испани ханиадны эхний давлагаа 1918 оны хавар, намар тохиож нас баралт харьцангуй бага байсан ба мөн оны наймдугаар сар гэхэд өвчлөгсдийн тоо эрс багасахад цар тахал өндөрлөх нь хэмээн эндүүрчээ. Гэвч 1918 оны намраас нас баралт маш ихтэй хоёрдугаар давлагаа, 1919 оны нэгдүгээр сард нас баралтын хэмжээ мөн л өндөр гуравдугаар давлагаа эхэлжээ. Энэ нь вирус мутацид орон өөрчлөгдөж байсантай холбоотой гэнэ. Испанийн ханиадны цар тахал 1918-1920 онуудад үргэлжлэн 17.4 саяас доошгүй хүний аминд хүрчээ.
Ер нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хөнөөлтэй тахлуудын дараа хөгжлийн шинэ мөчлөг эхэлж хуучин юм ул болж, шинэ юм зул болж байсан нь ажиглагдана.
Өнөөгийн “Ковид-19” цар тахал бараг хоёр жил үргэлжилж буй ч хэзээ бүрмөсөн арилах нь одоо хэр тодорхойгүй. Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар даяарчлагдсан дэлхийд цаашид ч янз бүрийн цар тахал дэгдэх ба тэдгээрт бэлэн байж тэр бүрийд амьдралын хэв маягаа өөрчлөн дасан зохицохоос өөр аргагүй гэдэг ч бараг ортой юм уу даа. Тэгэхээр, хүмүүсийн амьд харилцаа улам бүр багасч, зайнаас буюу интернэт зэргээр харилцах нь улам бүр нэмэгдэх төлөвтэй байх шиг…
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2021 оны 11 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд Халх голын сав газраар, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 9, 10-нд тал, хээрийн нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 2-7 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ–ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд “Монголын сүүний нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн О.Амарцэнгэлтэй ярилцлаа. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэж байгаа тухай шүүмжлэл дагуулаад байгаа юм.
–Худалдааны аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ намрын чуулганаар орно. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эрх мэдлийг нэг байгууллагын дор зангидахад чиглэж байгаа тухай шүүмжлэл газар аваад байна. Энэ асуудал дээр таны байр суурийг сонсъё.
-Эрх мэдлийг хэт төвлөрүүлэх чигтэй боловсруулсан нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, Худалдаа аж үйлдвэрийн танхимыг яаж байгуулах вэ гэдэг дээр явцуу хүрээгээр маш тодорхой зааж. Заавал төв танхимдаа харьяалалтай байх тухай заалтыг тусгажээ. Нэг бол ААНүүд заавал төв танхимын гишүүнээр элссэн байна гэж заасан байна. Эндээс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх үзэгдлийг захиргааны шинжтэйгээр хумьсан агуулга харагдаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг гэсэн долдугаар зүйл, үүнийг дэлгэрүүлсэн 8, 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасан чиг үүргүүдийн олонх нь зөвхөн танхим биш, бусад төрлийн төрийн бус байгууллагуудын гүйцэтгэх боломжтой чиг үүргүүдийг зөвхөн танхим явуулах эрхтэй гэж ойлгогдохоор найруулга орчихсон байна.
Тухайлбал…
7.1.5д мэргэжлийн боловсрол, сургалт, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих гэж байгаа юм. Үүнийг задлахдаа 12 дугаар зүйлд “Аж ахуй эрхлэгчдэд эрэлттэй мэргэжилтэн, боловсон хүчний судалгааны үндсэн дээр хүний нөөцийн сургалт, судалгаа зохион байгуулах” гээд бичсэн байгаа юм. Иймэрхүү заалтуудыг зөвхөн танхим биш бусад төрийн бус байгууллагууд бүгд л хийдэг. Хуулийн ерөнхий үзэл санааг ажиглахад энэ үйл ажиллагааг зөвхөн танхим хийх эрхтэй мэт харагдахаар оруулсан байна.
Зөвхөн танхим гүйцэтгэх эрхтэй зарим нэг үйл ажиллагаануудыг танхимаас бусад байгууллагууд гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаатай нэг дор бүлэглээд хийчихсэн байгаа юм. Сургалт судалгаа, инновацийг дэмжих, гадаад хамтын ажиллагаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэх ч юмуу. Энэ бүгдийг нэг тогоонд бичиж. Үүнийг агуулгаар нь харахад бусад төрийн бус байгууллага гардан гүйцэтгэдэг, экспортын барааны гарал үүслийн гэрчилгээ олгох ч гэдэг юм уу, энэ бүгдийг нэг тогоонд байгааг харахаар зөвхөн Худалдаа аж үйлдвэрийн танхим гүйцэтгэх гээд байгаа ч юм шиг. Ийм ойлголт төрөхөөр оруулжээ.
Магадгүй саалийн фермийн чиглэлээр ажилладаг сүүний холбоо сургалт зохион байгуулахад Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх рүү халдаад ч байгаа юм шиг. Ийм ойлгомжгүй заалтууд оржээ.
–Танхимыг ямар зарчмаар байгуулах нь ааН–үүдэд ээлтэй вэ. Олон улсад ямар зарчим үйлчилдэг юм бол?
-Танхим байгуулахад олон улсын жишиг ихэнхдээ орон нутгийн зарчмаар байгуулагддаг. Европын холбоо, АНУынхыг анзаарахад муж, дүүрэг, хот гэсэн тогтолцоогоор байгуулагдсан байх юм. Миний санал бол хүмүүс эвлэлдэн нэгдээд байгуулж л байг. Заавал үүнийг хуульчилж, хязгаарлах шаардлага байхгүй. Харин байгуулагдсан танхим үндсэн худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх, үүргийг хуваалцахын тулд үндсэн гишүүн байх гэсэн агуулгаар хуульд оруулбал зүгээр болов уу.
–Таны хэлж байгаагаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын эрх үүргийг хэрэгжүүлэхийн тулд л гишүүнчлэл шаардлагатай байх нь…
-Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухайлсан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, түүнд хамран оролцохын тулд л гишүүн байх хэрэгтэй. Дахин онцлоход, танхим байгуулах зарчмыг хуульчлах шаардлага байхгүй. Саналаараа байгуулдаг нь байгуулаад, орон нутгаараа байгуулдаг нь байгуулаад яваг. Танхимын үйл ажиллагаанд оролцох сонирхолтой бол танхимын гишүүн болоод явж болно.Тухайн орон нутагт нь үндсэн танхимын эрх үүргийн хэмжээний үйл ажиллагаа явуулах эрхээ гишүүн байгууллагууд нь эдлээд явна биз. Гишүүн биш бол үндсэн танхимын эрх үүргийг хэрэгжүүлэхгүй л явж л байг л дээ. Тэд тус тусын орон нутгийн төр захиргааны байгууллагатай харьцахдаа үндсэн танхимаас зөвшөөрөл авдаг хатуу зохицуулалт оновчтой биш.
–Хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал ааН–үүдэд ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-ААН-үүд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж, эвлэлдэн нэгдсэн хүрээгээрээ төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай харьцах нь чөлөөтэй байх тухай асуудал хумигдах гээд байна.
Гэхдээ энэ хуулийг бүхэлд нь үгүйсгэж байгаа асуудал биш гэдгийг энд онцлох нь зүйтэй. Зарим нэг хатуу заалтыг нь өөрчлөх шаардлагатай байгаа юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль байх ёстой. Арбитр ч юм уу, барааны гэрчилгээ олгох, Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн санаа бодлыг зангидаж төрд танилцуулах гэх мэт үүрэг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх ёстой. Тухайн салбарын нийтийн эрх ашгийг нэгтгэж зангидаад төрд танилцуулах үүрэг Худалдаа аж үйлдвэрийн танхимд байх ёстой. Тухайлбал, түүхий сүүний үнийг тогтворжуулах тухай асуудал тавихад нэг талаас шууд засагтай харьцдаг байхад, нөгөө талд Худалдаа үйлдвэрийн танхимаар дамжаад харьцахад “Хэрэглэгч талаасаа түүхий сүүний үнийг ийм байлгах нь ийм ашигтай, эдийн засагт ийм ач холбогдолтой, тухайн салбарын хөгжилд ач холбогдол нь ийм” ч гэдэг юмуу асуудлыг цөмөөр нь харж төртэй харьцдаг байвал зөв. Явцуугаар өөрийнхөө эрх ашгийг дөвийлгөж тавьж асуудалд хандах нь бий. Худалдаа аж үйлдвэрийн танхим маань улсын эдийн засгийг бүхэлд нь харж байгаа учраас тэр бүр тухайлсан явцуу эрх ашиг, дөвийлгөсөн байр суурийг илэрхийлж төрд хандаж болохгүй. Үндэсний танхим олон талаас нь харж ажиллах ёстой. Зөвхөн худалдаа гэхээс илүү энэ өөрчлөлтийн ард хэрэглэгч талд ямар сөрөг нөлөө гарч болох вэ ч гэдэг юм уу. Магадгүй хүнсний нэг чиглэлийн худалдааг ярьж байхад нөгөө чиглэлийн хүнсний худалдаа хоорондоо зөрчилдөөд хэт монополь байдал үүсдэг ч юмуу энэ талаас нь Худалдаа аж үйлдвэрийн танхим том дүр зургаар нь харж, нийтлэг эрх ашгийн үүднээс тухайн салбарын хөгжлийг анзаарч том ажиллах хэрэгтэй.
Нэг аймгийн худалдааны танхимын эрх ашгийг үндэсний танхим бариад туг эргүүлээд гүйж болохгүй. Монгол Улс 21 аймагтай. Бусад аймгийн эрх ашгийг хохироодоггүй юм аа гэхэд тодорхой хэмжээгээр хойш тавих нөхцөл байдал үүсгэж Үндэсний танхим яваад байж болохгүй. Тухайн аймгийн танхим яг өөрийнхөө эрх ашгийг урдаа бариад явах нь зүй ёсны асуудал. Тэгж байж тухайн асуудлыг онцгойлж гаргаж ирж шийднэ. Үндэсний танхим бол хэт явцуурч болохгүй учраас нийгэм эдний засгийн талаас улсын хүрээнд харах ёстой. Ийм утгаар бүх зүйлийг үндэсний танхимаар дамжуулна гэдэг хуулийн хатуу зохицуулга дор монополь шинж чанартай зохион байгуулалт үүсгэх юм бол төрийн бус байгууллагууд уян хатан байж, бусад ажлаа хийхдээ төр засагтай харьцах асуудал нь нээлттэй үлдэх юм болов уу гэж харж байна.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-нд Улаанбаатар хотод явуулын 42, суурин 43 цэгт 94 багийн 367 эмч, ажилтан ажиллаж, 5628 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөв.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, Бакугийн их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Тус тэмцээнийг манай улсын 22 тамирчин зорьсноос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр наймдугаар байр эзэллээ.
Тодруулбал
- эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгө
- эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгө
- эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл
- эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл
- эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медалийг тус тус хүртлээ.
Мөн
- эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар тав
- эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг тав
- эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн тав
- эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоо
- эмэгтэй -78 кг жинд Б.Эрдэнэт-Од долоодугаар байрыг тус тус эзэллээ.
Медалийн дүнгээр Япон улс 5 алт, 1 мөнгө 4 хүрэл медальтайгаар Бакугийн их дуулгад тэргүүллээ.
УИХ–ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
–Энэ оны төсвийг хэрхэн дүгнэж байна?
-2022 оны төсөв нэлээн өөдрөг төсөөллөөр хийгдсэн төсөв гэж дүгнэж байгаа. Ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан байна л даа. Нэгдүгээрт, төсвийн зарлага 2.4 их наяд төгрөгөөр өмнөх оныхоос нэмэгдэж, түүхэндээ анх удаа Монгол Улсын төсөв 18 их наяд төгрөгт хүрлээ. Хоёрдугаарт, Засгийн газраас “Хөгжлийн төсөв өргөн барилаа” гэж мэдэгдсэн. Зам тээвэр, эрчим хүчний салбарт оруулах төсөв нэмэгдсэн учраас нэлээн өөдрөг төсөв гэж үзэж байгаа юм. Гуравдугаарт, экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа нүүрсний экспортыг 20 орчим тонноор нэмэгдүүлж 36 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Өнгөрсөн сарын 1-ний байдлаар 16 сая тонн нүүрс экспортоор гаргасан гэсэн мэдээ байна. Одоогийн гүйцэтгэлээс харахад ирэх онд 20 сая тонноор нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ гэж төсөвт төлөвлөсөн байна. Үүнээс үзэхэд нэлээн өөдрөгөөр төсөөлсөн төсөв гэж дүгнэж болохоор байна.
Ер нь Засгийн газраас төсөв боловсруулахдаа баримталсан зарчмыг нь дэмжиж байгаа. Тэр дундаа төсвийн хөрөнгө оруулалтаар оффисын барилга барихгүй, зураг төсөвгүй объектод хөрөнгө оруулалт тусгахгүй гэсэн. Үүнээс гадна тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагууд төсвийн мөнгөөр албан хэрэгцээнд автомашин авахгүй, урсгал болон гадаад томилолт, үргүй зардлыг хэмнэх зорилт дэвшүүлж байгааг нь дэмжиж байна.
–Өөдрөгөөр төсөөлсөн төсвийн юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна?
-Наймдугаар сараас хойш нэмэгдсэн халдварын голомт, нас баралтын тоо олон улсад ч тэр, манай улсын хувьд ч тэр буурахгүй байна. Цар тахлын нөхцөл байдал амаргүй, цаашид ч энэ байдал үргэлжлэх дүр төрх анзаарагдаж байхад нүүрсний экспортыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хэрэгжих боломжтой эсэхэд эргэлзэж байна. Түүнчлэн Хятадын хил залгаа бүсүүдэд халдварын голомтын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Замын-Үүд-Эрээний хил хаалттай, хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна. Энэ мэтээр ковидын нөхцөл байдал амаргүй байхад тээвэр логистикийн нөхцөл сайжрах уу, импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний татан авалт хэвийн горимд шилжих эсэх нь одоо ч эргэлзээтэй байна. Тиймээс 18 их наяд төгрөгийнхөө төсвийг нийлүүлэлт нь хангаж чадах уу гэх болгоомжлол байгаа юм. Үүнээс гадна иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн амьжиргааны түвшин доогуур үзүүлэлттэй байна.
Энэ улирлын статистик мэдээллийг харахад ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 20 хувиар нэмэгдсэн, өргөн хэрэглээний барааны индекс 9.6 хувьд хүрсэн. Хил хаагдсантай холбоотойгоор үнийн индекс нэмэгдэх, хоёр оронтой тоо руу орох нөхцөл байдал үүсч байна. Ийм нөхцөл байдалд иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бага анхаарсан төсөв юм уу гэж бодож байна. Хоёрдугаарт, цар тахал үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед иргэдийн ажлын байрыг дэмжих, орлогыг нь одоо байгаагаас дордуулахгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээ зогсохоор байна. Тухайлбал, халамжийн тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байсныг зогсоосон. Хүүхдийн мөнгөний 50 хувийг бэлнээр, 50 хувийг нь хуримтлал хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн.
Түүнчлэн аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байгаа цахилгаан, дулааны хөнгөлөлтийг зогсоох нь. Цар тахал үргэлжлэх нь тодорхой байхад иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг нь дэмжсэн эдгээр бодлогуудыг зогсоож, өрхийн орлогыг дэмжих чиглэлд тодорхой арга хэмжээ авахгүй байх нь хэр зөв бодлого вэ гэдэгт би эргэлзэж байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцыг харахад дэмжмээр бодлого ч байна, мөн тээнэгэлзэж, эргэлзэж, болгоомжилж байгаа асуудал ч байна.
–Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэх цаг нь одоо мөн үү. Та ХНХ–ын сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ зорилтыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Зарчмын хувьд дэмжиж байгаа. Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ёстой. Гэхдээ “Халамжаас хөдөлмөрт” гэж яриад байгаа атлаа үүнд чиглэсэн ямар бодлого төсвийн төсөлд харагдахгүй байна. Яахав, ХНХ-ын сайдын ярьж байгаагаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 104 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвт тусгасан. Энэ мөнгөөр ажилгүй, халамж хүртэж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх бодлого хэрэгжүүлнэ” гэсэн. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Улсын төсвөөс нэг ч төгрөг очихгүй, зөвхөн гадаадаас авч байгаа ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Хил гааль нээгдээгүй, цар тахал үргэлжлэхээр байгаа нөхцөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гадаадаас ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр орлого бүрдүүлээд үүгээрээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого явуулна гэдэг учир дутагдалтай. 2021 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд гадаадаас авах ажиллах хүчний төлбөрөөс 34 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн байгаа юм. Гэтэл одоогийн гүйцэтгэл нь 17 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 50 хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр гадаадаас ажиллах хүч авах төлбөрөөс ирэх жил 104 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэдэг нь бараг боломжгүй харагдаж байна шүү дээ. Нөгөө талд улс орны эдийн засаг, төсөв санхүү,цар тахлын нөхцөл хүнд байгаа энэ үед халамжийн бодлогыг хэт үгүйсгэх нь орлого багатай хэсгээ ширвэх, амьжиргааг нь улам дордуулах талтай. Хэдийгээр “Халамжаас хөдөлмөрт” гэсэн зорилт дэвшүүлэх нь зөв ч үүнийг хэрэгжүүлэх цаг үе нь өнөөдөр мөн үү гэдгийг бодох л асуудал.
–Засгийн газраас төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлнэ гэдэг бодлого баримтлах нь одоогийн нөхцөлд хэр оновчтой вэ?
-Засгийн газрын өргөн барьсан төсөвт төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэж орсон. Үүнд 50 орчим мянган албан хаагч буюу хамгийн бага цалинтай үйлчлэгч жижүүр, жолоочийн ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэсэн үг юм билээ. Эдийн засаг, цар тахлын амаргүй байгаа энэ үед ийм бодлого явуулах нь тийм ч оновчтой биш. Эдийн засаг тогтворжсон, төсөв санхүүгийн боломжтой үед төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ үү гэхээс биш өнөөгийн нөхцөлд хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлснээр төрийн үйлчилгээний бага албан тушаалын бага цалинтай иргэдийн ажлын байрыг хадгалж чадахгүй л болов уу. Нийгмийн хамгааллыг одоогийн байгаагаас дордуулахгүй байх нөхцөл боломж бүрдэх үү гэдгийг эргэж харах ёстой.
–Банкны хүү буурчихаад байхад зээлийн хүү буурахгүй байна. Банкны хууль бус үйлдлийг УИХ–ын гишүүд харсаар суугаад байх уу гэдэг шүүмжлэл нийгэмд байна л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, 2024 он гэхэд зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулж, бууруулах стратеги УИХ-аас баталсан. Энэ стратеги хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрчихсөн байна. Нэг үеэ бодоход зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурсан ч дорвитой буухгүй байна. Монголбанкны гаргаж байгаа үнэт цаас 2016 онд 1.6 их наяд төгрөг байсан. Гэтэл энэ оны хагас жилийн дүнгээс харахад Монголбанкны үнэт цаас 9.6 их наяд болоод зургаа дахин нэмэгдчихсэн байна. Энэ тоо юуг харуулж байна гэхээр арилжааны банкууд бизнесийн болоод хэрэглээний зээл гаргах сонирхол бага байна. Банкныхаа эрсдэлийг бодоод Монголбанкны үнэт цаас худалдаж авах сонирхол их өндөр байгаагаас бизнесийн болон хэрэглээний зээл хумигдаад байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол байна.
Энэ жил Засгийн газраас Монголбанктай хамтарч эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажлын байр, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Монголбанкнаас өгсөн мэдээллийг харахаар нийтдээ 2.5 их наяд төгрөгийн бага хүүтэй зээл олгосон байна лээ. Бага хүүтэй зээл олгож эхлэхэд 8.3 их наяд төгрөг байсан Монголбанкны үнэт цаас бага хүүтэй зээл олгочихоод байхад хэвээрээ байна.
Хоёрдугаарт, Монголбанкнаас бидэнд өгч байгаа мэдээллийг харахаар арилжааны банкууд дахь төгрөгийн харилцах хадгаламжийн хэмжээ хоёр их наяд хүрч, өнгөрсөн оныхоос 43.8 хувиар өссөн байна гэсэн статистик байна. Энэ юуг хэлж байна гэхээр дээр дурдсан хүү багатай зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй өндөр хүүтэй хадгаламж болгочихоод байгаа юм биш биз дээ. Тэгэхээр хүү багатай жижиг зээлийнхээ гүйцэтгэлд нь тавих хяналтаа сайжруул. Яагаад хадгаламж 43 хувиар өмнөх оноос өсчихөв гэдэг асуудлыг хөндөж байгаа.
10 их наядын хөтөлбөрийг үр дүнтэй олгоё гэвэл хоёр арга хэмжээг авах ёстой. Нэгдүгээрт, зээл олгох нөхцөлийг сулруулах хэрэгтэй. Ядаж муу зээлийн түүхгүй байх гэдэг шалгуурыг өөрчилмөөр байгаа юм. Хоёрдугаарт, хүү багатай зээл олгохдоо банк нэг хувийг нь суутгадагаа болих хэрэгтэй гэсэн саналаа хэлэлцүүлгийн үеэр хэлсэн. Сангийн яамныхан “Хэдийгээр хүүгийн зөрүүг Засгийн газраас өгч байгаа ч гэсэн зээлээ эргэн төлүүлэх нь банкны үүрэг. Банк өөрөө эрсдэлээ дааж байгаа. Тиймээс ердийн зээл олгохдоо тавьж байгаа шалгуурыг тавихгүй бол болохгүй байгаа юм” гэдэг хариулт өгсөн. Гэхдээ Засгийн газраас онцгой нөхцөл зориуд хэрэгжүүлж байгаа онцгой арга хэмжээ шүү дээ. Тиймээс зээл олгож байгаа нөхцөлөө өөрчлөх хэрэгтэй. Мөн эргэлтийн зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгох замаар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай.
–Улсын төсвийг олон жил дараалан алдагдалтай батлах нь ямар эрсдэл дагуулдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд манайх төсвөө тэлээд л байдаг тэлээд л байдаг гэтэл хүндээ наалдаж хүрч байна уу гэхээр маш бүрхэг байна. Ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахгүй, өрхийн орлого, зарлага амаргүй байна. Манайх эдийн засаг, төсвийн том реформ хийх цаг нь болсон. Зөвхөн уул уурхайгаас хамаарсан төсөвтэй байхаар цаашдаа амь зуулгад их хүнд байна. Тиймээс улс орны эдийн засгийг солонгоруулах, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Эдийн засагт нөлөөлдөг хэдэн зүйл байдаг. Улс орноо хөгжүүлье гэвэл төмөрлөгийн үйлдвэртэй болох ёстой. Хоёрдугаарт, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Бүх түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргадаг нөхцөл байдлыг цаашид халах хэрэгтэй байна. Энэ мэтчилэн төсөв, санхүү, эдийн засгийн суурь бүтцийн томоохон өөрчлөлт хийж байж төсвийн шинэчлэлт хийнэ.
Тиймээс дорвитой томоохон өөрчлөлт хийж төмөрлөг, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэртэй болох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж нэмүү өртөгтэй болгох, импортоос хэт хараат байдлаас гарах бодлогыг бид авч хэрэгжүүлэхгүй бол төсөв тэлээд байгаа ч улс орны хөгжилд наалдахгүй байна.
–Таны хэлсэн шийдлүүдийн эхлэлүүдийг тавих санхүүжилт энэ жилийн төсөвт тусгагдсан байна уу?
-Импортын хараат байдлаас гарах чиглэлд нэлээн анхаарсан байна лээ. Өмнөх Засгийн газрын үед нефть боловсруулах үйлдвэртэй болох зорилт дэвшүүлж, ажлаа эхлүүлсэн. Энэ бол нэг том алхам. Түүнчлэн энэ жилийн төсөвт зам, эрчим хүчний төслүүдэд нэлээн хөрөнгө тавьсан байна лээ. Эрчим хүчний хараат байдлаас гарах нь зөв гарц. Энэ мэтчилэн нэг үеэ бодвол эерэг, хөгжил рүү чиглэсэн төсөв болсон байна. Гэхдээ хүний хөгжилд анхаарах, эдийн засгийн хүнд үед ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих асуудлыг орхигдуулж болохгүй. Үүнийг хаа хаанаа бодох хэрэгтэй байна.
–Гишүүд улс орны том эрх ашгийг харсан төслийг бус өөрсдийнхөө тойргийн жижиг зүйлд төсөв зараж байна гэх шүүмжлэл их гардаг…
-Нэг зовлон байна. Манай улсын сонгуулийн тогтолцоо нь тойргоос сонгогддог. Гишүүдэд тойргийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, төрийн бодлого болгохын төлөө, хот хөдөөгийн ялгааг арилгах, иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хүсэл эрмэлзэл байдаг.
Тойргийн иргэд нь хөдөөд хөрөнгө оруулалт хийхийг, хот хөдөөгийн ялгааг арилгахыг шаарддаг. Энэ мэт зовлон байгаа учраас төсвийн хөрөнгө оруулалт нэрээр тойргоо усалж байна гэх шүүмжлэл үнэний ортой. Сонгуулийн тогтолцоо нэгэнт тойргийн зарчимтай учраас тойргийнхоо иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зорих нь зүйн хэрэг. Иргэд ч сонгосон гишүүнээсээ шаардах нь ч мөн л зүйн хэрэг. Тиймээс тойргийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэх аргагүй. Улсын эрх ашиг, тойргийн эрх ашиг хоёрыг яаж эрэмбэлэх, уялдуулж зохицуулах нь бодлогын том асуудал байх ёстой гэж бодож байна.
Р.ХИШИГЖАРГАЛ
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 4, Гар одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7:48 цагт мандан, 17:24 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.