Categories
мэдээ нийгэм

​Томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө өгөх эрүүл мэндийн байгууллагуудын утасны жагсаалт

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн 61.6 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Тэр дундаа 0-4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдсэнийг ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа мэдээлсэн.

Тиймээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүд томуу, томуу төст өвчин, “КОВИД-19” халдварын үед хүүхдийн эмчилгээ, асаргааны талаар тогтмол зөвлөгөөг утсаар өгч байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр 2021 оны эхнээс өссөн дүнгээр нийт 15 тонн үнэт металл худалдан авчээ.

Харин 2020 оны есдүгээр сартай харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь хэлтэс 97.8 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156 килограмм үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны есдүгээр сард 162,906.07 төгрөг байжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр хангах “Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай. “Сэлбэ” дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажиллажээ. Харин ерөнхий гүйцэтгэгчээр “Хүрд” ХК ажилласан байна. “Сэлбэ” дулааны станц ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллагууд төвлөрсөн дулаанаар хангагдаж буй.

“Дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн. Нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй. Нүүрсний тээвэрлэлт, бусад технологийн ажиллагаа бүхэлдээ иргэдийн болоод орчны эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн технологитой цахилгаан станц юм” гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.

Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд бий болох 7000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг “Сэлбэ” дулааны станцаас хангахаар тооцжээ. Мөн дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангахаар тооцсон.

Цаашид станцын ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хариуцах бөгөөд хэрэглэгчид тус байгууллагад холбогдож, журмын дагуу хүсэлтээ гарган, төвлөрсөн дулаанаар хангагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Багануур дүүрэг төрөх эмнэлэгтэй боллоо

Багануур дүүрэгт олон жил хүлээгдээд байсан 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орж, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ өнөөдрөөс албан ёсоор үзүүлж эхэллээ.

Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү төрөх эмнэлгийг өнгөрсөн 6 сарын хугацаанд Ковидын халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс ийнхүү зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг, оношлогоо, шинжилгээг нэг дор төвлөрүүлэн үзүүлэх боломж бүрдлээ.

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэдэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хэсэг байдаг. Ялангуяа цар тахлын энэ эгзэгтэй цаг үед халдвартай жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэл их байгаа учраас эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг илүү чанартай бөгөөд хүртээмжтэй болгож, шинэ шатанд гаргахын төлөө Шадар сайдын хувьд, тойргоос сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа С.Амарсайхан гишүүн энэ үеэр илэрхийллээ. Шинэ төрөх эмнэлэгт Монгол Улсын Засгийн газраас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж шийдэж өгөхөөр болсны зэрэгцээ өнөөдөр хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 аппарат, түргэвчилсэн оношлуур 1000 ширхгийг нийлүүлсэн юм. Эмнэлгийн нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон эрүүл мэндийн ажилчид албан хаагчид оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт 10 хувиар буурсан үзүүлэлтэй байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар тус зөвлөлийн энэ оны гуравдугаар улирлын гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал болон төлөвлөгөөний гүйцэтгэлтэй танилцаж, гишүүн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв.

Тэр дундаа энэ удаагийн хуралдаанаар нийгэм залуу үеийнхэнд түгшүүр төрүүлж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ, тээвэрлэлтийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл сонсов.

Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан. Хар тамхитай тэмцэх газар нь орчин үеийн дэвшилтэт техник, хэрэгслээр бүрэн хангагдан ажиллаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 11,12 дугаар ангийн сурагчдын эцэг эх, сургуулийн нийгмийн ажилчдад мэдээлэл өгөх зэргээр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зорилтот бүлгүүдэд чиглэн зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.

Түүнчлэн нийслэлийн цагдаагийн удирдах газраас ирүүлсэн мэдээгээр 2021 оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11,132 буюу 64,1% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 1,218 хэрэг буюу 9,9%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Ж.Батбаясгалан: Аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг
Нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүн гарч байна. Тухайлбал гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 10 орчим хувиар буурсан сайн дүн мэдээтэй байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцож байгаа нийт иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд, судалгааны байгууллагууд ялангуяа салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын оролцоо, хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн гарч байна гэж үзэж байгаа.
Монгол улс төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээ, эргэлтийн асуудал, энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх, хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаад бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой. Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээний хор аюул энэ цагт төдийгүй ирээдүйд асар хор уршигтай үр дагавар үүсгэх эрсдэлтэй байгааг бид ард иргэддээ, үр хүүхэд, ирээдүй хойчдоо тайлбарлан таниулах, соён гэгээрүүлэх, зөв бодитой мэдээ мэдээллээр хангаж ажиллах нь чухал.
Тийм учраас бид энэ удаагийн нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурлыг хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм эмийн хэрэглээ, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцлээ. Аливаа гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажил, иргэдийн оролцоо, хяналт хамгийн чухал. Ер нь агаар орчны бохирдол, цар тахлын аюул, гэмт хэрэг, зөрчил зэрэг аливаа гамшигтай тэмцэхэд урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан нэг төгрөг ирээдүйн хор аюулыг арилгахад шаардагдах олон сая төгрөгийг хэмнэдэг ” гэдгийг онцолсон юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХХ
Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшигчдийг зарлалаа

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүд ирэх даваа гаригт болох Нийт шүүгчийн чуулганаар сонгогдоно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгохоор хуульчилсан. Нэр дэвшигч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Тус шаардлагыг хангасан анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч нийт 16 шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлжээ.

Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно. Нэр дэвшигч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Анхан шатны шүүхээс дөрөв, давж заалдах шатны шүүхээс тав, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч, нийт 10 шүүгч нэрээ дэвшүүлсэн байна.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу бүх шатны шүүхийн шүүгчид Нийт шүүгчийн анхдугаар чуулганд биечлэн оролцох аж.

Categories
мэдээ улс-төр

Улстөрийн намууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улстөрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.

Өнөөдрийн үйл ажиллагаанд МАН, АН, ХҮН, Монголын ногоон нам, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцлоо.

Нам, эвслүүд үүн дээр санаа, зорилго нэг байж, нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжихээ илэрхийллээ. “Монгол Улс хөгжиж буй орон. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирогч болж, жилдээ хоёр хэмээр дулаарч байна. Цаашид ирээдүйд амьдрах бидний үр хүүхдүүдийн амьдрах өртөг өсөхөөс эхлээд олон сөрөг тал бий болно. Тиймээс улс төржихгүй нэгдэх ганц сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, мод тарих ажил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам болсон” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Ирэх оноос хэрэгжиж эхлэх хуулиудыг сурталчлан таниулжээ

Монгол Улсын Их Хурал 2020-2021 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хуулиудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж эхлэх юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дээрх хуулиудыг сурталчлан таниулах, зөв хэрэглэхэд нь туслах зорилгоор нийслэлийн харьяа 82 байгууллагын албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Нийт найман удаагийн сургалтад 3000 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ихээр зорчдог байршлуудад нийтийн бие засах газар байрлуулж байна

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл тухтай орчинд зорчих нөхцлөийг бүрдүүлэх зорилгоор иргэд ихээр зорчдог нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Нийтийн бие засах газрыг үе шаттайгаар байрлуулах ажлыг хийж байна.


Өнөөдөр СХД-ийн 29-р хороо “Драгон” худалдааны төвийн орчимд орчин үеийн шийдэл дизайнтай нийтийн бие засах газрыг байрлуулж цэвэр, бохирын шугам сүлжээний холболтын ажлыг хийж байна. Дараагийн байршил Хан-уул дүүргийн 2 дугаар хороо “Ажилчны алдар” талбайд аравдугаар сарын 15-ны өдрийн дотор байршуулж холболтуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш зөөврийн хайрцгаар санал авна

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны ням гаригт 07:00-22:00 цагт явагдана.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн СХД-ийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм

Харин коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна. Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг аравдугаар сарын 9-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулахыг СЕХ-ноос мэдээллээ. Хоёр тойрогт нийт 2,774 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ.