Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Ангар: Өрхийн амьжиргаа энэ оны эцсээр, ирэх онд улам доройтох нь ажиглагдаж байна

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Эдийн засаг хүндхэн байна. Өрхийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өссөөр байна. Үйлдвэрлэл багатай улсын зовлон энэ цаг үед гарч байх шиг.

-Дэлхийн эдийн засагт коронавирусийн сөрөг нөлөө тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ Монгол Улсын хувьд сүүлийн 30 жилд буруу бодлогоор явсны үр дүн гарч байна. Аливаа улс үйлдвэрлэгч байх ёстой. Бүх зүйлийг биш юм гэхэд улсынхаа өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 70-80 хувийг өөрсдөө үйлдвэрлэх ёстой. Гэтэл харамсалтай нь сүүлийн 30 жилд манай улсын Засгийн газар үйлдвэрлэлийг нугачан дарж, худалдаа, нөгөө талдаа зээлийн өндөр хүүлэлтийг дэмжсэн. Энэ нь улсын эдийн засгийг бүхэлд нь гадны хяналтад оруулж байгаа хэрэг. Гадны хараанд орсон учир цар тахлын үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий боллоо. Гэхдээ ковид бол сүүлийн хоёр жилийн л асуудал. Үйлдвэрлэлээ дарсан нь Монголын төрийн сүүлийн 30 жилийн алдаа. Гучин жилийн алдаа нь ковидын үр нөлөөгөөр тодорч гарч ирлээ.

-Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдол үүсч байна уу?

-Манай улс идэж уух, өмсөж зүүх, унах, амьдрах гээд л өдөр тутмын бүх хэрэглээгээ гаднаас импортолж авдаг. Үүний 70-80 хувь нь Эрээний боомтоор орж ирдэг. Ингээд урд боомт дээр дараалал, түгжрэл үүссээр удаж орж ирж байна. Энэ нь явсаар ард иргэдийн нуруун дээр үнийн өсөлт, эрэлт болон унаж байгаа юм. Тодорхой зүйлийг бол гадны улс орноос импортлох нь зөв. Гэхдээ импортын мэдээг харахад гаднаас авах ямар ч шаардлагагүй барааг авч байна. Жишээ нь өндөг, гахай, тахианы мах импортолж авдаг улс гэж дэлхий дээр байх уу. Бидэнд үйлдвэрлэл байхгүй болохоор эдийн засаг маш хэврэг, бие даан оршин тогтнох ямар ч чадваргүй, тэжээвэр маягаар амь зогоож байна.

-Засгийн газраас эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг оновчтой гэж харж байна уу?

-Маш оновчгүй. Товчхондоо газраа ухаж алт, зэс, нүүрсээ зараад олсон орлогоороо өндөг аваад идчихдэг, үлдсэнийг нь халамж болгоод цацчихдаг төрийн бодлоготой. Цацсан халамжаараа эргээд импортын бараа хэрэглэнэ, ийм л байна. Төрийн бодлогыг тодорхойлж байгаа дарга, сайд нар зөвөөр ойлгоосой. Одоо бүх зүйлийг ковид, гаднах нөхцөл байдал руу чихэхээ болих цаг болсон шүү дээ. Өнөөдөр нийгэмд ажилгүйдэл, ядуурал өссөөр байна. Өрхийн амьжиргаа энэ оны эцсээр, ирэх онд улам доройтох нь ажиглагдаж байна.

-Өрхийн амьжиргаа улам муудна гэж байна. Цаашид хэрхэх бол. Ямар арга хэмжээ үгүйлэгдэж байна?

-Жижиг, дунд, том хэмжээний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Монголын төр энэ бодлогыг өнөөдрийг хүртэл дэмжсэнгүй. Дор хаяж өндөгөө ОХУ-аас худалдаж авахаа болимоор байна. Улс даяар өндөг тасрахад Монголын төрөөс өндөгний үйлдвэрлэлийг дэмжих ганц ч арга хэмжээ авсангүй. Эдийн засгийн хямрал бол яаж буруу явж ирснийг, төрийн бодлого ямар алдаатай байсныг, өндөр албан тушаалтнууд ямар харалган байсныг тодоор харууллаа. Дарга нар маань үүнээсээ ичихгүйгээр бид ямар ч алдаа хийгээгүй, бид дэлхийн хамгийн шилдэг удирдагчид, бидний хийсэн бүхэн зөв, алдаа нь ард түмэнд байгаа гэсэн үзэл дээрээ бат зогсож байна. Ялихгүй юм хийчихээд “Миний гавьяа” гэж цээжээ дэлддэг төрийн удирдагчидтай болохоор Монгол Улс хөгжихгүй байна.

-Ард түмэн өнөө маргаашийн талхаа яая гэж байхад байрны талаар бол бодоод ч дэмий биз…

-Тийм шүү дээ, ганц ширхэг хадаасаа ч үйлдвэрлэдэггүй улс яаж байрны үнэ дийлэхэв. Арматур, хадаас, шрупээ хүртэл гаднаас авдаг юм болохоор гааль дээр оочерлоод, материал хомсдож үнэ хөөрөгдсөн. Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн өмнө хүрэл боловсруулж түүгээрээ хутга хийгээд ан агнаж байсан. Гэтэл өнөөдөр 2021 онд Монгол Улс төмрийн үйлдвэргүй, арматураа гаднаас хүлээгээд сууж байгаад үнэндээ харамсаж явдаг. Эрээн дээр ганц асуудал үүсэхэд бүхэл бүтэн улсын барилгын ажил зогсдог гээд бод доо.

-Халамжийн тогтолцооноос болж эдийн засагт хүндрэл үүсч байна уу?

-Үүсэлгүй яахав. Индианчуудыг устгасан Америкийн бодлого шиг л халамжийн бодлого бол Монгол Улсыг сүйрүүлж байна. Халамж ихсэхээр хүн архи л уудаг. Энэ бол байгалийн зүй тогтол. Иргэдийг ажил хийлгэхгүй төсвийн мөнгөөр угжиж байна. Иргэд халамжийн мөнгөөр хоол хүнсний хэрэгцээгээ зохицуулж л байгаа байх. Гэхдээ энэ мөнгөний тодорхой хэмжээг архинаас өгч байна. Энэ нь эдийн засгийн үр ашиггүй зардал. Монгол Улс 3,4 сая иргэнтэй, тэдний 70 хувь нь халамж авч байна гэсэн тооцоолол гарсан. Халамж хавтгайрснаар аж ахуйн нэгжүүдэд ажилчин олдохоо больсон, халамжинд байгаа хүний толгой ажиллаж, гар хөдлөхөө больдог. Байгалийн баялгаа зарж олсон мөнгөөрөө архи уудаг үндэстэн боллоо. Энэний дараагийн алхам бол сүйрэл. Хамгийн гол нь улс төрийн намууд иргэдээс санал авахын тулд халамж тарааж иргэдийг ажил хийх сонирхолгүй болгож байна. Халамжийн бодлого гэдэг зорилтот түвшний хүмүүстээ хүрэх ёстой. Хүүхдийг мөнгө нэмснийг буруутгахгүй ч айл бүрд өгөх шаардлагагүй. Сарын таван саяын орлоготой айлын гурван хүүхдэд 100 мянган төгрөг өгөх хэрэг байхгүй. Энэ дарамтыг улсын төсөв өөрөө дийлэхгүй.

-Эдийн засгийг тогтвортой байлгахын тулд засгийн газраас ямар арга хэмжээ авах ёстой гэж харж байна?

-Ерөөсөө л дорвитойхон арга хэмжээ аваач ээ, хүний нүд хуурсан, аргацаасан шинжтэй бодлогууд хэрэгжиж байна. Одоо Монгол Улс үйлдвэрлэлийг шүтсэн, ажлын байр бий болгосон, нэмүү өртөг бүтээсэн улс болох ёстой. Энэ байгаа бодлогоороо явбал 20, 30 жилийн дотор үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо алдана. Үндэстэн гэхэд хэцүү болно. Гол нь үүнийг төрийн түшээд огт ойлгохгүй байна. Эдийн засгийн хамгийн том дархлаа бол яах аргагүй аж ахуйн нэгж. Гэтэл сүүлийн хоёр жил ковидтой холбогдуулан аж ахуйн нэгжүүдээ бүтэн сөхрүүллээ. Том, жижиг, дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн дорвитой алхам огт хийсэнгүй. Эдийн засгийг дэмжих хөтөлбөр гэж 10 их наяд төгрөг баталсан. Энэ мөнгө аж ахуйн нэгжүүд рүү очоогүй, хэдэн арилжааны банкинд очиж угаагдаад, арилжааны банкуудын тэнцвэрийг цэвэрлэж өгөөд л өнгөрсөн. Монголын төр арилжааны банкуудыг л авардаг. Ковид бол магадгүй жилийн дараа дуусна, харин бидний эдийн засгийн хямрал хэзээ ч өөрөө дуусахгүй. Хийе гэвэл төрд бүх боломж байгаа. Гуравхан сая хүний өмнө ямар ч үр дүн, ашиг тусгүй зүгээр л зарласан, тунхагласан, дүр үзүүлсэн, бэлгэ тэмдгийн шинжтэй арга хэмжээнүүдийг авч байгаад сэтгэл дундуур байна. Бид дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний голд ийм унхиагүй юм яриад сууж байх боломжгүй. Ийм байлгаж чадаж байгаа нь төр ажлаа огт хийхгүй байгаагийн илрэл. Төрд гарсан хүмүүс хэт сэтгэлгүй, хэт чадавхгүй байна. Иргэдийн одоогийн нөхцөл байдал киногоор бол трейллер. Энэ нөхцөл байдал улам хүндэрнэ. Эм, тариагаа ч авч чадахгүй, ер нь Монгол Улс мөнгөгүй болчихсон. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгойд хэдэн төгрөг байсныг улс аваад идчихлээ. Ингээд төрийн өмчит компанид ч мөнгө байхгүй, төсөвт ч мөнгө байхгүй. Маш хэцүү дүр зураг харагдаж байна. Ковидын үеийн эдийн засгийн бодлого үнэхээр буруу явсан. Бидэнд үүнийхээ горыг амсах үе ирж байна. Урт хугацаандаа манай улс өрсөлдөх чадваргүй, баялаг бүтээх сонирхолгүй иргэдтэй боллоо. Халамжийн бодлогыг яаралтай өөрчлөх хэрэгтэй.

А.ГАНТУЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 9, Санчир гариг. Билгийн тооллын 3, Хонгорцог одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 7:03 цагт мандан, 18:16 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 1-3 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна

Коронавирусийн тархалт өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч халдвар авч байгаа. Мөн томуугийн улирал эхэлж байна. Томуу болон “Ковид-19”-ийн шинж тэмдэг төстэй учир эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэхээр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Хүүхэд, өсвөр үеийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есүтэй ярилцлаа.

-Коронавируст халдвараар өвчилж байгаа хүмүүсийн хэдэн хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна вэ?

-Манай улсад халдвар авч буй нийт хүмүүсийн 20 орчим хувийг, хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 7-8 орчим хувийг хүүхэд эзэлж байна. Өвчлөлийн байдал хүүхдийн дархлааны систем болоод бие махбодийн онцлогтой холбоотой хүнд, хөнгөн хэлбэрээр илэрдэг. Өсвөр насны хүүхэд, эсвэл хоёроос бага насныхан хүнд, хүндэвтэр хэлбэрээр илүүтэй өвчилж, хүндрэх, уушгины хатгалгаа болоод бусад хүндрэл үүсэх эрсдэл өндөр байгаа. Ер нь хүүхэд хэт туранхай, эсвэл жингийн илүүдэлтэй, рахит сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэггүй, өөр эрхтэн тогтолцооны архаг хууч өвчингүй, эрүүл буюу дархлалын систем хэвийн өсөж байгаа тохиолдолд амьсгалын замын болоод бусад өвчлөлд өртөх нь харьцангуй бага байдаг. Өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвчлөөд, хүндрэлгүйгээр эдгэрдэг.

-Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн хяналтад, гэрээр эмчлүүлж байгаа хүүхдэд ямар эмийн багц хүргэж байна вэ. Халдвар авсан хүүхдийн эцэг, эхчүүдэд юуг анхааруулах вэ?

-ӨЭМТ-өөс хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр янзын эмчилгээний багцыг олгож байгаа. “Ковид-19” халдвартай хүүхдийн эмчилгээг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дугаар тушаалаар зааж өгсөн. Гэрээр эмчлүүлж байгаа хөнгөн хэлбэрийн оноштой хүүхдэд дархлаа дэмжих, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Шингэнийг ердийнхөөс их уулгах, насанд нь тохирсон хоолоор хооллох, халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол эсвэл ибупрофен эмийг эмчийн заавраар уух, С витаминыг 250-1000 мг-аар өдөрт нэг удаа, 400-1000-тай Д витаминыг олон улсын нэгжээр өдөрт нэг удаа ууна. Харин ӨЭМТ-өөс хүүхдийн биеийн байдалд өдөрт хоёр удаа хяналт тавин, тогтмол үнэлэх шаардлагатай.

Эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх заалттай хүүхдүүд бас бий. Тухайлбал, ханиалга нь нэмэгдэн бөгшүүлж, хөхүүлж ханиах, халуунгүй үед амьсгалын тоо олширч, хоёр сар хүрээгүй хүүхэд минутад 60 ба түүнээс олон, 2-11 сартай хүүхэд минутад 50 ба түүнээс олон, 1-5 настай хүүхэд минутад 40 ба түүнээс олон амьсгалж байвал, цээж хонхолзох, цустай цэр гарах, хүндрэх магадлалтай хүүхдийг онцгой анхаарах ёстой. Түүнчлэн эрсдэлт бүлэг болох чихрийн шижин, багтраа, зүрхний дутагдал, уушгины архаг өвчин, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан, тураал, сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэгийн хүнд хэлбэртэй хүүхдүүд халдвар авбал зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг анхааруулъя.

Зарим эмийг хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн заалттай байдаг. Мөн насаар зааглан ялгах нь ч бий. Хүүхдийн биеийн жинг кг-аар тооцон эмийн тунг эмч тогтоож өгдөг онцлогтой тул ямар ч өвчний үед заавал эмчийн заалтаар эмчилгээ хийж байгаарай гэж зөвлөе. Мөн шаардлагагүй тохиолдолд антибиотик эмчилгээ хийх нь дархлаа сулрах шалтгаан болдог тул эмчийн зааваргүй бүү хэрэглээрэй.

-Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн томуугийн тархалт нэмэгддэг. Анхааруулах зүйл юу байна вэ?

-Манай улсад жил бүрийн хүйтэн сэрүүний улирал буюу аравдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарыг дуустал амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үе тохиодог. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг бид аравдугаар сар гэхэд улс орон даяар хийж, эрсдэлт бүлгийн хүмүүс болох бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүсийг хамруулаад хэвшсэн. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас есдүгээр сард хамруулсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбоотой дэлхий даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт бага байлаа. 2019 оноос хойш төрсөн хүүхдүүд томуугийн хүрээний ямар ч вируст байгалийн болон вакцины дархлаагүй байгаа гэсэн үг юм. Энэ жил 2-3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжгүй, гэртээ байгаа. Тэдэнд ах, эгч, аав, ээж, насанд хүрэгчид халдвар дамжуулдаг гэдгийг санаж, дор бүрнээ өндөр хариуцлагатай байх шаардлагатай байна.

Хүүхдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгнө үү?

-Хүүхэд суурь эмгэггүй л байвал өвчлөлд бага өртдөг, хөнгөн өвчилдөг тул хамгийн гол зөвлөгөөг өгье. Хүүхдийг гэр, сургууль, цэцэрлэг дээр нь ч өөрийн гэсэн тусдаа аяга, таваг, усны сав, алчуур, саван хэрэглүүлж байх хэрэгтэй. Сүүлийн үед манай эцэг, эхчүүд энэ талын ойлголт, эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа нь сайшаалтай. Аяга, тавгийг нь тусад нь хэрэглүүлж байгаа ч гэрийн бусад гишүүнийхтэй холиод нэг дор угаачихвал энэ огт үр дүнгүй гэдгийг анхаараарай. Аяга тавгийг тусад нь байлгаснаар ходоодны хавдар үүсгэх хеликобактери, томуу, ковид гээд бүх л халдвараас та хүүхдээ хамгаалж чадна.

Мөн хүүхдийг насанд нь тохирсон хоолоор хооллох, улиралд нь тохируулан хэт бэгнэхгүй, дааруулахгүй, хөлөргөхгүй хувцаслах, боломжит насны хүүхдийг амны хаалт тогтмол зүүлгэх, эрт унтуулж амраах, шингэн хангалттай уулгах, давс, содын уусмалаар хоолойг нь зайлуулж сургах, өдөр бүр хувцсыг нь солиулж, усанд оруулж байх, өвдвөл дор бүр нь эмчлүүлэн, эрүүлжүүлэх зэрэг энгийн юм шиг хэрнээ эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой дадал зуршлыг хэвшүүлээрэй. Тухайлбал, нэг настай 10 кг жинтэй хүүхэд өдөртөө хоолноосоо гадна нэг литр хүртэл шингэнийг уух физиологийн хэрэгцээ байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэдээ шингэн бага уулгадаг, уулгаж байгаа шингэнээ буруу сонгодог. Чихэрлэг ундаа, жүүс хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж дархлаа сулрах, жингийн илүүдэл үүсгэдэг бол элдэв цай нь ходоодонд төмрийн шимэгдэлтийг бууруулж, цус багадалт үүсгэдэг, хүүхдэд зохисгүй. Шингэн гэдэгт буцалсан ус, шингэн хярам зэргийг л ойлгож болно. Шингэн сайн уудаг хүүхдийн дархлааны систем сайн ажиллаж байдаг. Хүүхэд орой 22:00 цаг гэхэд гүн нойроор унтаж байх ёстой ба 22:00-02:00 цагийн хооронд дархлааны болоод өсөлтийн даавар ялгарч байдаг маш чухал үе юм.

Насанд нь тохирсон хоол гэдгийг сайтар анхаарч үзэх хэрэгтэй. Хүүхдэд томчуудын хоолноос өгөх, мах, гурил, бантан, кааш гэх мэт нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь, эсвэл чихэрлэг бүтээгдэхүүн, түргэн хоол хэтрүүлэн идэх нь хүүхдийг эрдэс, амин дэмийн дутагдал, эсвэл жингийн илүүдэл, цус багадалтад өртүүлдэг. Гэтэл бага насны хүүхэд өдөрт 2-3 удаа чанартай хооллож байх шаардлагатай. Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж заншсанаар ягаан дэвтэр дээр дэлгэрэнгүй заасан байгаа.

Иргэд амны хаалтыг буруу зүүж байна, зүүж байгаад авч халаасандаа хийчихээд эргэн зүүх, амны хаалтны гадна талд хүрэх, солихгүй удах нь их ажиглагддаг. Энэ нь таныг халдвараас огт хамгаалахгүй байгаа хэрэг. Хүүхдэд нүүрний хэмжээнд нь таарсан амны хаалт сонгох, хичээл, цэцэрлэгт нь солих амны хаалтыг цэвэр уут, саванд хийж явуулах, амны хаалтаа солихын өмнө болон дараа гар ариутгагч хэрэглэж байхыг анхааруулж байгаарай.

Хүний нийлэгждэггүй буюу хүнс, тэжээлээс нөхөгддөггүй амин дэм болох А, Д амин дэмийг заавал нэмэлтээр уулгах шаардлагатай. А амин дэмийг жилд хоёр удаа ӨЭМТ-үүдээр дамжуулан 6-59 сартай хүүхдүүдэд тогтмол олгож байгаа бөгөөд Д амин дэмийг өдөр тутам урьдчилан сэргийлэх тунгаар уухыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Заалтаараа 12-оос доош насны хүүхдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх зорилгоор хийх вакциныг одоогоор ДЭМБ-аас зөвшөөрөөгүй, судалгааны шатандаа явж байгаа тул хүүхдийг халдвараас сэргийлэх арга бол амны хаалтаа тогтмол зөв зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа тогтмол угаах, хувийн ариун цэврээ сайтар сахих юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар энэ сарын 10-14-нд Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж, Казахстаны нийслэл Нур-Султан хотноо болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцоно.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаевт бараалхана. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийж, Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Энэхүү айлчлал нь манай улс 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улс, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах талаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, тус уулзалтад оролцож буй бусад орны Гадаад хэргийн сайд нартай уулзана.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол, саналыг 1800-1200 утсаар хүлээн авч, шийдвэрлэж байна

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Есдүгээр сарын 23-29-ний хооронд дээрх тусгай дугаарт нийт 1024 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авлаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.39 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 42 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 33 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ковидын шинжилгээ авах үйл ажиллагааг өргөжүүлж есөн байршилд шинжилгээний цэгүүдийг ажиллуулж байна. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар авлига, хүнд суртлыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус Ажлын хэсэг нь төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албаны хүнд суртал, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын дээшлүүлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн барагдуулж, шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажлын явц, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.

Иргэд төрийн албаны хүнд суртал, авлига, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гомдол, саналаа Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мянганы Сорилтын Корпорац “Усны тухай түүхүүд” кино уралдааны ялагчдад шагнал гардууллаа

Мянганы Сорилтын Корпорац “Усны тухай түүхүүд” кино уралдааны ялагчдад шагнал гардууллаа

Монголын кино институт болон АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорац (МСК) Улаанбаатар хотын хувьд усны ач холбогдлыг харуулсан “Усны тухай түүхүүд” кино уралдааны ялагчдыг зарлалаа.

АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй урлаг, соёлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж хэлэхдээ “Монголын Усны Компакт гэрээ нь өндөр чанартай усны хангамжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаатай адил Усны Тухай Түүхүүд кино уралдаан нь ч мөн өндөр чадвар бүхий кино найруулагчдыг нэмэгдүүлэхийг зорьсон.”

Ноён Мэй гурван кино найруулагчдад шагнал гардуулсан бөгөөд Ч. Хулангийн “Амин-Эрдэнэ” богино хэмжээний киног шүүгчдийн зүгээс “усны өнөөгийн тулгамдсан асуудал болон үлгэр домгийг, бодит зураг авалт болон хүүхэлдэйн киноны хэлбэрийг чадварлагаар нэгтгэсэн бүтээл” хэмээн дүгнээд тэргүүн байрны шагнал олгожээ.

Тусгай шагналын эзнээр Б.Санжаабалдангийн “Ус” кино шалгарч, энэхүү бүтээл нь усны хэрэглээний дадал зуршлаа өөрчлөхийг уриалсан санаагаа “ус мэт тунгалаг”, ойлгомжтой өгүүлсэнд шүүгчдийн зүгээс бүтээлийн эзэнд талархсан байна

Залуу кино найруулагчийн ангилалд М.Мандухайгийн “Талон” кино шалгарч хязгаарлагдмал нөхцөл байдлыг бүтээлчээр ашиглан орон сууц болон гэр хорооллын оршин суугчдын усны хэрэглээний тэгш бус байдлыг хөндсөн агуулгаараа шагнал хүртсэн байна.

Энэхүү уралдааныг МСК-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монголын усны компакт гэрээтэй уялдуулан зохион байгуулжээ. Компакт гэрээ нь Улаанбаатар хотын усан хангамжийг дэмжихэд шаардлагатай чухал дэд бүтцийг бий болгон Монгол Улсын хүн амын 55 гаруй хувьд эерэгээр нөлөөлөх юм.

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э. Содонтогос “Сүүлийн гуч хүрэхгүй жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өссөн боловч усны хангамж хэвээр байгаа нь усны ноцтой хомсдолд орох нөхцлийг бүрдүүлж байна” хэмээн ёслолын үеэр хэлэв.

Тэргүүн байр ялагч – “Амин эрдэнэ” – Найруулагч Ч. Хулан

Тусгай байр – “Ус” – Найруулагч Б. Санжаабалдан

Залуу кино найруулагчийн ангилал ялагч – “Талон” – Найруулагч М. Мандухай


Categories
мэдээ нийгэм

“1000 жимсний мод” аян эхэллээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хамтран Улаанбаатар хотын айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой 1000 жимсний мод тарих аяныг Баянзүрх дүүргийн 257-р цэцэрлэгээс эхлүүллээ.

Аяны хүрээнд үхрийн нүд, улаалзгана, монос, интоор гэсэн дөрвөн төрлийн жимсний модны 1,000 суулгацыг тарих аж. Эдгээр суулгац нь 1-3 жилийн дараа жимсээ өгч эхлэхээс гадна тухайн тарьсан орчиндоо эх ургамал болон ургах юм.

Тухайн суулгацуудыг өрх, цэцэрлэг бүр зөв тарьж ургуулах зааварчилгаа өгөх, хянах, цаашид эх ургамлаас жимс хураах, ногоон мөчир болон яст жимсээр үржүүлэг хийж сургах зэрэг тогтвортой үргэлжлүүлэх ач бүхий ажлыг “Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэх юм байна.

Арга хэмжээний үеэр НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Энэхүү аян маань хүрээлэн буй орчин, шим тэжээлийн зэрэг олон талын ач холбoгдолтой. Түүнчлэн “Жимс жимсгэнэ”, “Өрх бүрийн хашаанд мод тарья” зэрэг үндэсний хөтөлбөртэй уялдаж байгаа” гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Баянзүрх дүүрэгт нийслэлийн дөрөвний нэг хүн ам төвлөрөн оршин сууж байна. Энэхүү хотыг ногооруулах, тэр дундаа хүүхэд багачууд руу хандсан үйл ажиллагаа НҮБ-ын Олон улсын жимс, хүнсний ногооны жилийн хүрээнд хийгдэж байгаад баяртай байна. Энэ 1,000 мод төдийгүй цаашлаад өрх бүр идэвх зүтгэлтэй оролцож аянд нэгдээсэй гэж хүсэж байна” хэмээн уриаллаа.

Монголчуудын хувьд жимс жимсгэний хэрэглээ зөвлөсөн хэмжээнээс даруй 5-6 дахин бага, жилдээ 18-22 мянган тонн жимс, жимсгэнийг импортоор авч байна. Өрх бүр өөрийн хэрэгцээний жимс, жимсгэнийг тариалах боломж бүрдэх нь маш чухал юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 2021 оныг Олон улсын Жимс, Хүнсний ногооны жил болгон зарласан бөгөөд жимс жимсгэнэ, хүнсний ногоог өргөнөөр хэрэглэх, түүний ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах, хүнсний ногооны үйлдвэрлэл явуулж буй өрх, аж ахуй нэгжүүдийн туршлагыг танилцуулах олон үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. Илүү мэдээллийг Food and Agriculture Organization of the United Nations (FAO) фэйсбүүк хуудсаар дамжуулан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжийг устгаагүй, Энхтайваны өргөн чөлөөнд шилжүүлэн суулгажээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг То вангийн гудамж буюу АПУ ХХК-ийн байрнаас 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам дагуух модыг шилжүүлэх ажлыг аравдугаар сарын 7-ны өдөр хийсэн. Үүнтэй холбоотойгоор мод, бут, сөөгийг хяргасан гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд тус зам дагуух 78 метр урт ургамлан хашлага, дөрвөн шинэс, 14 бут, сөөгийг шилжүүлж, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу суулгажээ.


Мод, бут, ургамлан хашлагыг шилжүүлэн суулгахад оролцож буй “Эко ирээдүй мөнхийн хөгжил” ТББ-ын тэргүүн М.Эрдэнэтуул “Нэхмэлийн шар байруудыг буулгаж, шинээр барьсан барилгын гадна тохижилтын зурагт дээрх ногоон байгууламж бүхий газарт машины зогсоол, инженерийн шугам сүлжээ, орц, гарц байгуулахаар тусгасан. Тиймээс ногоон байгууламжийг устгахгүйн тулд шилжүүлэн суулгаад байна. Мод, бут, ургамлан хашлагыг Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбайгаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын хоёр талаар суулгасан” гэлээ.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар мод, бут, ногоон байгууламжийг зун ургаж буй үед нь шилжүүлж болдоггүй бөгөөд намар ийн шилжүүлэн суулгасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орос, Филиппиний сэтгүүлчид Нобелийн Энхтайвны шагнал хүртлээ

Мария Ресса, Дмитрий Муратов нарт “Филиппин, Орост үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө зоригтой тэмцсэнийх нь төлөө энэхүү шагналыг олголоо” гэж Норвегийн Нобелийн хорооны тэргүүн Берит Рейсс-Андерсен хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тэд ардчилал, хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж энэ цаг үед үзэл санааны төлөө тэмцэж буй бүх сэтгүүлчдийн төлөөлөл юм. Чөлөөт, хараат бус, баримтад суурилсан сэтгүүл зүй нь эрх мэдлээ урвуулан ашиглах, худал мэдээлэл, дайны суртал ухуулгаас хамгаалах үүрэгтэй” гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурджээ.

Нийт 329 нэр дэвшигчээс сонгогдсон шагналтнууд 10 сая швед крон (1,1 сая доллар) -ыг хувааж хүртэнэ.
Мэдээллийн Рапплер сайтыг үүсгэн байгуулагч хатагтай Ресса эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийг хүчирхийлэн захирах авторитар дэглэм тогтоож буй Филиппиний эрх баригчдыг шүүмжилсэн нийтлэл, сурвалжилгаараа олны талархлыг хүлээжээ.

Харин “Новая газета” сонины үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Дмитрий Муратов олон жилийн турш ОХУ-д үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж байгаа хүнд нөхцөлд ажиллаж ирсэнийг шагналын хороо тодотголоо.

Ноён Муратов шагнал хүртсэн талаар сэтгэгдлээ илэрхийлээгүй ч Кремлийн зүгээс түүнд баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Тэр өөрийн үзэл санааны төлөө тууштай зүтгэдэг, авьяаслаг, зоригтой” гэж хэлжээ.