Categories
гадаад мэдээ

АНУ болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид хэлэлцээ хийнэ

АНУ-ын холбогдох албаны төлөөлөгчид амралтын өдрүүдэд Катарын нийслэл Доха хотноо очиж, Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөний өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Төрийн департамент баасан гарагт мэдэгджээ.

“Энэхүү уулзалт нь АНУ-ын үндэсний ашиг сонирхлын асуудлаар “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийсэн прагматик хэлцлийн үргэлжлэл юм” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдаад, “Энэ нь хүлээн зөвшөөрөх, хууль ёсны байдлыг олгох тухай биш юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн энэхүү уулзалтаар АНУ болон бусад улсын иргэдийг Афганистанаас аюулгүй гаргах, мөн эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийг хүртээмжтэй Засгийн газар байгуулах, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөллийг тус улсын хэрэгцээтэй газруудад чөлөөтэй нэвтрүүлэхийг уриална хэмээн тэрбээр нэмж дурджээ.

Албан ёсны эх сурвалжуудад үндэслэн Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тагнуулын төв газар, Төрийн департаментын ажилтнууд, тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид багтаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын цахилгааныг хязгаарлана

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-аас 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул

  • 2021 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, авто оношлогооны төв орчим,
  • 2021 оны аравдугаар сарын 12, 13-ны өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 20, 21, 22, 32 дугаар хороо, Тахилт, Мал бордох, Баруун туруун, Эмээлт, Рашаант, Төмөр замын 361-ийн гарам, Жаргалант тосгон, Партизан, Ар гүнт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасалдах болсныг мэдэгдэж байна.
Categories
гадаад мэдээ

АНУ-ын дипломат, тагнуулын 200 гаруй ажилтан халдлагад өртжээ

“Хаванагийн синдром” гэж нэршсэн хэт авианы халдлагад Берлинд суугаа АНУ-ын албаныхан өртсөн байж болзошгүй гэж сэжиглэн Германы цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Дэлхий даяар байрлан ажиллаж буй АНУ-ын элчин сайдын яам болон тагнуулын албаны нийт 200 гаруй ажилтан ижил шинж тэмдэгтэй үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Эх сурвалжийн мэдээлснээр ажилтнуудад толгой эргэх, дотор муухайрч, бөөлжих, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн нь “Хаванагийн синдром” гэж нэрлэгдсэн хэт авианы халдлага гэж хардаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр энэхүү халдлагад өртсөн дипломат ажилтнуудад санхүүгийн тусласж үзүүлэх хуульд гарын үсэг зуржээ.
Анх Кубын Хавана хотод бүртгэгдсэн тус халдлагын улмаас зарим тохиолдолд хохирогчид богино хугацааны ой санамжаа алдах хүртэл шинж тэмдэг илэрдэг байна.

Categories
мэдээ нийгэм

“Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээн эхэллээ

“Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн ХЗС, Шихихутуг их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Билиг дээд сургууль, Их засаг их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Монголын үндэсний их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Чингис Соосэ олон улсын харилцааны сургуулийн 25 баг оролцож байна.

Уг тэмцээн нь хууль зүйн их дээд сургуулийн оюутнуудыг бодит тохиолдолд дээр ажиллуулж мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3000 мод тарина

Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3,000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон оролцож, нийтдээ 500 мод тарьж суулгажээ.

Мөн цагдаагийн алба хаагчид, Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш ажилтнууд, Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнууд, МОНЦАМЭ агентлагийнхан хамт олноороо оролцсоны сацуу иргэд сайн дураараа, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарихаар ирсэн байлаа. Нийт 70 гаруй аж ахуй нэгж байгууллага, 50 гаруй гэр бүл 3,000 мод тарихад хувь нэмрээ оруулж байна.

Мод тарих үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилчдын 80 хувь нь салбартаа мэргэшсэн албан хаагчид. Бид моддоо жилийн дөрвөн улиралд арчилдаг. Тухайлбал дөрөвдүгээр сараас арван нэгдүгээр сар дуустал бүх мод сөөгөө усалдаг, жилд хоёр удаа бордож, хортон шавьжтай тэмцдэг. Мөн жилд хоёр удаа хэлбэржүүлэх, залуужуулах огтлолт, таналт, шуулт хийдэг. Мөн “Хөрс сайн байна гэдэг өөрөө төлөвлөлттэй,цэгээ сайн хатгаад , нүхээ зөв ухаад, чанартай сайн суулгац суулгана гэдэг энэ мод амжилттай ургахын хамгийн гол эх үндэс юм” гэдгийг онцолж байлаа.

Мод тарьж суулгах нь нэг хувийн ажил бол арчилгаа тордолгоо нь 99 хувийн хөдөлмөр шаарддаг ажээ.

Тиймээс хавар, намрын улиралдаа очоод тарьсан модныхоо тогоог цэвэрлээд, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тарьсан моддоо арчлахыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид иргэдэд уриалав.

Тус цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 142 мянган мод, бут, сөөг бүртгэлтэйгээс 98.5 хувь ургаж, төлжжээ.

Иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө 100 болон түүнээс дээш тооны мод таривал төгөл байгуулах эрх өгдөг ажээ. Мод тарих аян өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Канадад ажилгүйдлийн түвшин буурчээ

Канадад ажилгүйдлийн түвшин буурах хандлага үргэлжилж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ажилгүйдлийн түвшин 0.2 пунктээр буурч, 6.9 хувь болсон нь цар тахлын дэгдэлтээс хойших хамгийн бага үзүүлэлт гэж тус улсын Үндэсний статистикийн товчооноос баасан гарагт мэдээлжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байдал энэ оны есдүгээр сард өмнөх оны хоёрдугаар сарын түвшинд хүрч, 157 мянган ажлын байр шинээр бий болсон нь 0.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 60.9 хувь байсан нь өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад 0.9 пунктээр бага үзүүлэлт юм.

Ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны есдүгээр сард 65.5 хувь байсан нь өнгөрсөн оны хоёрдугаар сард ажиглагдсан түвшинтэй тэнцсэн байна.

Төрийн болон хувийн хэвшилд ажиллагчдын тоо өнгөрсөн оны хоёрдугаар сартай харьцуулахад нэмэгдсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх үеийн түвшинтэй харьцуулахад 8.4 хувиар буурчээ.

Үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдал энэ оны есдүгээр сард цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх үеийн түвшнээс давсан бол бараа үйлдвэрлэдэг салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдал өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад 3.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн гэрээсээ ажилладаг хүмүүсийн тоо өмнөх оны дөрөвдүгээр сарын байдлаар 5.1 сая байсан бол энэ үзүүлэлт энэ оны есдүгээр сард 4.1 сая болон буурчээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ирцийн мэдээг 13:00, 17:00, 21:00 цагуудад олон нийтэд мэдээлнэ

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр /10 дугаар сарын 08-ны өдөр/ цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн захирал Х.Баясгалан, хэлтсийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Т.Оюунчимэг, Хэнтий аймгийн сонгуулийн хорооны дарга Ж.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Ирээдүй, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг, Хэнтий аймаг дахь Монгол Ардын нам, Ардчилсан намын удирдлагууд болон Иргэний Зориг Ногоон нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Зөв хүн-Электорат эвсэл зэрэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцлоо.

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл, танилцуулга хийлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан сонгогчдын бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцдаг. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан хугацаанд нь хэсгийн хороодод хүргүүлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 51,495 сонгогч, 28 дугаар тойрогт 122,974 сонгогч бүртгэгдсэн. Санал авах өдөр сонгогчийн бүртгэл хийхэд ашиглах техник хэрэгслийг зохих нөөцтэйгөөр тооцож, нийт 246 компьютер, техник хэрэгслийг хэсгийн хороодод хүргүүлж, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудыг сургалтад бүрэн хамруулсан тухай мэдээллийг УБЕГ-аас өглөө.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад нөхөн сонгуультай холбоотой 27 гомдол ирснээс 22 нь Сонгинохайрхан дүүрэгт, 5 нь Хэнтий аймагт хамаарах хэрэг зөрчил байна. Хуурамч цахим хаяг ашиглаж, сурталчилгаа явуулсан, хулгайлах болон бусдын өмчид халдах, зурагт самбаруудыг урж, сүйтгэх зэрэг хэрэг зөрчил бүртгэгджээ.

Хэсгийн хороодын гишүүд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид, ажилтнуудтай хамтран зохион байгуулж, “улаан бүс” буюу эмнэлэг, гэрийн тусгаарлалтад байгаа сонгогчийн саналыг авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2774 сонгогч хүсэлтээ ирүүлсэн байна. Сонгууль зохион байгуулах ажилд нийт 1931 төрийн албан хаагч ажиллаж байна.

Ийнхүү энэ ням гарагт буюу 10 дугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан гэж дүгнээд Сонгуулийн ерөнхий хорооноос дараах үүрэг, чиглэл өгөв. Үүнд, санал авах өдөр үүсэж болзошгүй гэнэтийн эрсдэлд бэлэн байж, бэлтгэл ажлыг сайтар хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөх, сонгогчдыг саналаа өгөхөд нөлөөлж болзошгүй байгаль, цаг уурын болон бусад эрсдэлийг тооцох, гэрэл цахилгааны доголдол үүсэхгүй байхад анхаарч, санал авах байрны ариутгал, цэвэрлэгээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллахыг нийслэл, аймаг, дүүргийн сонгуулийн хороодод, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгогчдыг чирэгдүүлэхгүй байх, ялангуяа сонгогчийн бүртгэлийн систем, техник төхөөрөмжийн ажиллагааг сааталгүй явуулах, гэмтэл саатал үүссэн тохиолдолд яаралтай мэдэгдэж, шуурхай арга хэмжээ авах зэрэгт онцгойлон анхаарч, хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээг санал авах өдөр 13:00, 17:00, 21:00 цагуудад олон нийтэд мэдээлэх болно.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Бөртэ-Үжин Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн Мисс”-т оролцоно

“Дэлхийн Мисс-2021” тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагч А.Бөртэ-Үжин оролцохоор болжээ. Энэ жилийн Дэлхий Мисс тэмцээн нь АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт 123 улсын мисс өрсөлдөнө.

Монгол Улсаас Ану овогтой Бөртэ-Үжин тус тэмцээнд оролцохоор тодорсон. Тэрээр Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-г Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.

\

Дэлхийн Мисс тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог бөгөөд оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. Дэлхийн миссийн финалийн тэмцээн нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үздэг.

Монгол улс 2005 оноос албан ёсоор Дэлхийн Мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтуудаас дурдвал Мисс А.Сарнай шилдэг 25 мисс, Мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, Мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч дэлхийн тайзан дээр соёлоо сурталчилсан бөгөөд түүний Сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж 100 мянган юанийн хандив өргөсөн юм.

Categories
мэдээ улс-төр

Зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар эхэлж байна.

Өнөөдөр 09:00-20:00 цагт Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны 2774 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгнө.

УИХ-ын 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороо 114 чиглэлд 1511 сонгогч, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 89 хэсгийн хороо 178 чиглэлд УИХ-ын нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулна.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгост хүнсний хомсдол ноцтой түвшинд хүрчээ

НҮБ-ын ажиглагчдын мэдээлж байгаагаар Хойд Солонгос дахь хүнсний хомсдол маш ноцтой түвшинд хүрсэн бололтой. Тухайлбал, ургац алдаж, Хятадаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч байгааг эх сурвалжууд баталсан байна.

Засгийн газар орлогоо буруу зарцуулсан, олон улсын хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, цар тахал, хилийн хатуу хяналт зэргээс болж Хойд Солонгосын хүнсний хомсдол удаан хугацаанд аюултай түвшинд байсаар байна.

Пёньян ихэвчлэн ургац багатай үедээ Хятадаас авсан тусламжаараа гол зогоодог боловч цар тахлаас сэргийлэх зорилгоор өөрсдөө хилээ хааснаас болоод тусламж авч чадахгүйд хүрсэн юм. Түүнчлэн цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хориг арга хэмжээнүүдээс шалтгаалж мөн бусад боломж ч хаагдсан нь энгийн ард иргэдийг өлсгөлөнгийн ирмэгт аваачжээ.

Хэдий тийм ч БНАСАУ үүнийг үл тоон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, энэ онд л гэхэд зургаан ч шинэ зэвсэг туршсан билээ.