Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Оцукаре сама дэсү Хакухо ёкозуна

Намрын шаргал өдрүүд налайсан, корона цар тахлын үргэлжилсэн хатуу хөл хорио зөөлрөх энэ үед Их аварга ёкозуна хакухо М.Даваажаргал хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зодог тайлахаа мэдэгдлээ. “Оцукаре сама” гэж Японоор гарчиглахын учир гэвэл “Хичээнгүйлэн их зүтгэсэнд талархан мэхийе” гэсэн утгатай үг билээ. Японы ард түмэн, хүн болгон түүнд энэ үгийг давтан давтан хэлж байна. Яахын аргагүй л түүний сумогийн хорин жилийн замнал тэр чигээрээ хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн хөлс, нулимс, тэсвэр тэвчээрийн замнал байлаа. Саяхан болж өнгөрсөн хэвлэлийн бага хуралд багштайгаа хойморт сууж, хэвлэл мэдээллийнхэн цугларч, асуултад нь хариулж суугаа тэр тогтуухан бөгөөд тов тодорхой хариулж байгаа нь нэг бодлын сэтгэл нь амарсан ч юм шиг харагдана. Сүүлийн хоёр жил өвдөгний бэртэл гэмтэлдээ шаналан, хоёр ч удаа хүнд мэс засалд орж, эмчийн хатуу анхааруулга, хяналтад байлаа. Арван дөрвөн жил ёкозуна хэмээх алдрын цаана өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй, үг хэлээ цэнэх, дохёон дээр ялагдаж болохгүй зэрэг олон хариуцлага, нөр их хараа хяналт дор явж ирсэн дэндүү гялбан гялалзах хэрнээ хатуу, бие сэтгэлээ хянах өргөс ихтэй зам мөр байсан юм. Ерөөсөө л Сумогийн холбооны бамбар болон асах, бүх хариуцлагыг нуруундаа үүрч явсан их аваргын замнал байлаа. Тэрбээр анх 2000 онд Японд хөл тавьж, туранхай жаал хүүг авчих дэвжээ олдохгүй, гологдсоор буцахын урьд орой нь Мияагино дэвжээний багш утасдсанаар түүний хувь заяа орвонгоороо эргэж, сумод эргэлт буцалтгүй орох зам мөр нь шулуудсан юм. Тэр сумогийн түүхэнд байж болох бүхий л рекордыг эвдэж, зуун зуунаар дурсагдах их аваргын мөрийг тод томруунаар үлдээж чадлаа. Хаа ч явсан энэ их гүрэнд бидний цөөхөн монголчууд өөрсдийгөө танилцуулахад л ёс юм шиг сумо бөхийн яриа өрнөдөг. Тиймээс монгол хүн л бол сумо үздэг үгүй нь хамаагүй сумогийн талаар тодорхой ямар нэгэн мэдээлэлтэй байх шаардлагатай ч юм шиг хааяа санагддаг. Түүний дотны сайн анд найз, одоо менежерээр нь ажилдаг Рюүо Санчирболд анх уулзаж байсан тухайгаа ийнхүү хуучилдаг билээ. Түүний халуун дулаахан дурсамжийг хуваалцахад “Нэг өдөр багшийн эхнэр, “Маргааш нэг монгол хүүхэд ирж байгаа, юу гэж бодож байна” гэв. Би ч монгол хүний сураг сонсоод л баярладаг хүн цуг нэг дэвжээнд монгол хүнтэй хамт байна гэж бодохоор л баярлаж, хөөрөх сэтгэл дүүрээд ирэв. Маргааш ирнэ гэхэд нэг л итгэж өгөхгүй байв. Өглөө нь ах нарын угаалгыг хийж дуусгачихаад дэлгүүр рүү зарагдана. Угаалга гэдэг нь ах нарынхаа дотуур өмднөөс эхлээд оймс, хувцас бүгдийг нь угааж, дэлгээд, хатсаныг нь өнгө өнгөөр ялган эвхэж, далд хийхийг хэлнэ. Ах нар заавал тэр дэлгүүрээс тийм ундаа авч ир гэнэ. Тийм хоол ч гэдэг юмуу зараалд нь их гүйнэ дээ. Маргааш өглөө бэлтгэлд өмсөх хувцсыг нь бэлдэж тавина. Хатаана. Өвөл бол өглөө өмсөхөөс нь өмнө брезэнтэн хатуу маваши хайрдаг учир пааранд ээж дулаацуулж байгаад өмсгөнө. Борви бохисхийхгүй дээ. Харумафүжитай уулзчихаад иртэл нэг давхрын зочны өрөөний хаалга хаалттай. Хүн ирсэн бололтой гүнгэр гангар яриа сонсогдож байв. Манай нэг ах, “Нөгөө монгол чинь ирсэн” гэж шивгэнэв. Гүйдэг хаалгыг үл ялиг онгойлгоод хартал том хүн харагддаггүй, нэг жижигхээн хүүхэд сууж байна. За энэ арай барилдахгүй байлгүй дээ. Арай ч дээ гэсэн шүү юм бодогдлоо. За энэ биш байх аа. Нойлын өрөө энэ тэр явсан байлгүй дээ гэж бодоод хүлээгээд зогсов. Гэнэт багшийн дуу гарч, “Санчир ирсэн үү, ороод ир” гэлээ. “Энэ хүүхэд манай дэвжээнд ирж байгаа. Дүүдээ сайхан хандаж, найрсаг сайхан найзууд болоорой. Сайн асраад, дэвжээний дэг журмыг нэгд нэгэнгүй зааж өгөөрэй” гэв. “Аль хүн бэ” гэж асуутал нөгөө жаахан хүүхдийг заав. Хав халзан толгойтой, үс сахал нь ургаагүй, хөмсөг ч үгүй жижигхэн шар банди байв. Тэгээд багшийн эхнэр хоолонд дагуулж гараад, дэвжээний амьдрал эхэлсэн дээ. Удахгүй миний төрсөн өдөр болно доо гэтэл Хакухо “Минийх ч гэсэн болно шүү дээ” гэлээ. Яг адилхан өдөр. Гуравдугаар сарын 11. Үнэмшихгүй, паспортыг нь хүртэл үзэж байв. Надаас хоёр дүү. Сумогоор холбогдсон цаанаасаа тохиосон учрал, хувь тавилан гэлтэй. Энэ хүн үгүй бол би өдий зэрэгтэй ингээд яваа ч бил үү. Хоёуланг нь л тааруулах орон зай, цаг хугацаа цаанаасаа бүрдсэн байсан юм болов уу даа. Хакухог орж ирэхээс өмнө багш биеэр очиж Хахухог хараагүй. Осакагийн “Сэцүзоко” дэвжээнд тав зургаан хүүхэд байна. Тэндхийн Асай багш нэгийг нь авахгүй юм уу гэж л дээ. Багш бол монгол хүүхэд дэвжээнд нь байдаг болохоор учиргүй сонирхохгүй байж. Тэнд долоон хүүхэд ирснээс шилэгдсээр байгаад гурван хүүхэд л үлдэж. Багш нэг л болзол тавьсан гэсэн. Санчираас залуу байвал л авъя. Одоо Санчир нэг жил болчихлоо. Хэл усандаа ч гайгүй, дэвжээний ерөнхий дэг жаяг мэддэг болчихсон, зааж зөвлөх хүн байгаа тул дахиад нэг монгол хүн байсан ч яахав дээ гэж бодсон гэсэн. Надад анх зааж, сургаж байхад хэл усгүй, дэг жаяг огт мэдэхгүй хүнд ойлгуулах гэж түвэгтэй хэцүү байсан юм шиг байгаа юм. Даваа маргааш явах гэж байгаа гээд хэдэн чихэр боов боочихсон, үг дуу цөөтэй хүүхэд байлаа. Гэтэл гэнэт дэвжээн дээр аваад ирчихсэн. Маргааш нь аав, ээж нь онгоцны буудал дээр тосох болчихсон. Багш надад “Гэрийнхнийг нь битгий тос. Дэвжээнд үлдсэн гэж утасдаж хэл” гэв. Гэрийнх нь утсыг өөрөөс нь аваад залгалаа. Одоо бодоход Тамир эгч утас авсан байх. “Даваажаргал гэж хүүхэд манай сумогийн дэвжээнд ирсэн. Санаа зоволтгүй. Хэд хоногоос өөрийг нь яриулах байх аа” гэв. Маргааш харихгүй ээ л гэлээ. Гэтэл сонсож байгаа хүн ч бас гайхна шүү дээ. “Юу гэнээ? Яаж байгаа юм бол” гээд л. За юутай ч ирэхгүй юм байна гэдгийг ойлгуулаад л харилцуураа тавив. Тэр үед би Мөнхбат аваргын хүүхэд ч гэж мэдээгүй. Хоёр, гурван өдөр хоёулаа танилцах маягтай, ганц хоёр үг солилцоод л өнгөрөв. Би түүнд цэвэрлэгээ яаж хийдгээс эхлээд дэвжээний дотоод дүрэм, барилдаан ингэдэг тэгдэг хэмээн зааж эхэлсэн юм. Ойр зуурын юмыг нь зааж, орчуулж хэлж өгөөд л. Харин ах нар бол цэвэрлэгээ буруу ч юм уу дутуу байвал намайг л загнана. “Чи ах нь, адилхан монгол байж энэ хүүхдэд олигтой зааж өгсөнгүй” гээд өмнөөс нь загнуулж байсан. Түүнийг дэвжээнд орсон цагаас би л их зүйл зааж өгөөд байсан юм шиг хэрнээ цаагуураа бол Даваа надад их юм зааж мэдрүүлсэн хүн дээ. Хожим зодог тайлж байх үедээ улам мэдэрсэн дээ. Даваа хоолоо зөв иддэг, биеэ маш сайхан зөв амраадаг. Амжилтын үндэс болсон үндсэн гурван дасгал болох теппог (бэлтгэлийн өрөөний буланд бэхэлсэн гуалинг гараар алгадах, эсвэл мөрөөр түлхэх дасгал) 500 удаа, шиког (хөлөө дээр өргөж байгаад газар хүчтэй буулган дэвсэх дасгал) 500 удаа, сүриашиг (хөлөө чирж алхах) 100 удаа гээд яс хийдэг. Надад хэлэхгүй ч гэсэн зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байсан. Тухайн үед би ч өөрөө балчир учраас нэг их тоохгүй. Энэ нэг тэнэг юм ингээд унтаад л байдаг юм гээд л гадуур хааяа шар айраг уугаад тэнэчихдэг байв. Даваа зөв дэглэмтэй, зөв бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг байсан учраас өдийд ингэж их аварга болоод сумогийн энэ их том рекордуудыг ээлж дараагаар эвдэж байна. Сүүлд би дээд зиндаанд гарахдаа л ойлгосон юм. Хүн биеэ зөв авч явна гэдэг амжилтын үндэс байдгийг. Бэлтгэл сургуулилтыг бол бид хоёр сайн хийсэн дээ. Өглөө болгон кейконы үеэр зодолдоод ана мана үзэлцээд л хамар амнаасаа цус гаргаад л багшийг болиоч гэтэл нь ноцолддог байсан. Давааг ирэхэд би суурьшаад жил илүү, жин бяр нэмээд томорчихсон 100-аад кг байлаа. Давааг надад хариуцуулсан болохоор би түүнээс заримдаа шалтгаална. Өмнөөс нь загнуулж, зодуулна. Уур хүрээд, хоёулаа хэрэлдэнэ. Тэгээд сүүлдээ пижигнэтэл зодолддог боллоо. Ах нар ч болиулж чадахгүй, байшин нураалаа, гарч зодолд гээд хөөнө. Тэгээд гадаа хоёр тийшээ харж хэсэг суугаад, “Орох уу, зүгээр үү” гээд ордог. Ингэж байтал мань эр маш хурдан сайжраад, бие нь томроод ирсэн юм. Багш “Юу идээд байна аа? Долоо хоноход л кимоно нь багадаад байх юм” гэж гайхна. Даваа идэхээсээ илүү маш бөх унтаж, биеэ амрааж чаддаг. Арван хоёр цаг нам унтчихна. Ах нар ирж өшиглөж үзээд “Энэ чинь амьд юм уу? Цэвэрлэгээгээ хийгээч ээ” гээд л намайг загнана. Манай хүн сайхан нам унтаж л байна. Улам өндөр болоод л, хөнжил нь багадаад хоёр хөл нь гараад ирнэ. Орой дээшээ хараад унтана, өглөө яг тэр хэвээрээ л байна, огт хөдөлгөөнгүй. Би бол хөлбөрнө, элдэв юм бодно, зурагт үзнэ, нойр хүрэхгүй бол орж гарна. Би цохиж барилддаг. Даваа барьж барилддаг. Барилдаан бас таарахгүй. Хоёр биедээ дайсан шахуу улс явах. Зодолдож, барилдаж, өрсөлдөж тулж явсаар хоёулаа ач нач үзэлцдэг байлаа. Зодолдсоор бэлтгэлийн гурав, дөрвөн цаг дороо өнгөрдөг байв. Багш бүр аргаа бараад, “Та хоёр ингэж зодолдох юм бол дуусга” гэдэг байв. Даваа маш их хор шартай. Би ч гэсэн намхан болоод тэр үү, сөхөж ороод цуппари хийдэг. Даваа болохоор цээжээрээ дараад, авч шиддэг. Би давж, гаргахаараа хананд түлхэж, хавсраад толгойг нь доргитол түлхдэг. Даваа намайг давахаараа газар унагаагаад дээрээс нидэрч, чирдэг, хорлонтой. Шарандаа уйлаад суудаг байлаа, дийлэхгүй болохоороо. Даваа байгаагүй бол тэр их хор шарыг би хэзээ ч гаргахгүй байсан байх. Бид хоёр нэг нэгнийгээ үнэхээр их хурцалж байлаа. Нөгөө хэдэн бүдүүн ах нартайгаа барилдаад л байсан бол энэ их хор шар, дийлдэхгүй гэсэн улайрал, махруу хүч гарахгүй байсан юм. Миний хүчийг зуун хувь гаргаж өгсөн. Цолтой бөхчүүд эрх чөлөөтэй, дуртай газраа явж байхыг харчихаад, хоёулаа хурдан дээшээ гарч, цолтой болчихоод гоё газар бие биенээ дагуулж, амттай сайхан хоол идэж явна даа гэж ярьдаг байлаа. Чи эхлээд гарчих. Үгүй ээ. Чи эхлээд гарчих гээд л хоёр биеэ нудраад их ярьдаг байсан юм. Сэтгэл дотроо бол би заавал түрүүлж гарна даа гэсэн бодол тээгээд байдаг. Даваа аливаа юманд их няхуур, хүлээцтэй хандаж, тунгаан боддог. Бид хоёр хааяа шатар тоглоно. Би ч аль ойр идчихмээр байгаа нүдэнд өртсөнийгөө л түлхэнэ. Даваа бол их бодно оо. Би хурдлаач гэж шавдуулж, тэвчээргүй болохоор нүүх болоогүй юу гээд л хүлээж байх хооронд утсаа харна. Даваа хараад л байна. Хэвтэнэ, сууна. Тэгж байж, байж ганц нүүдэл хийгээд л намайг хожчихно. Хакухог 2006 оны тавдугаар сарын башёд анх удаа түрүүлэхэд хажууд нь туг барьж явснаа санаж байна. Өөрөө 50 хувиа ч хийж чадаагүй, гундуухан байхад анд минь тугаа өгсөн юм. Сумогийн ордноос гараад машин дээр суухад цугласан хүмүүсийн алга таших, баяр хүргэх, аппарат, камерын гэрэл гялсхийх нь нисч байгаа мэт, амьсгаа ч авч чадахгүй, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байлаа. Өөрөө түрүүлсэн юм шиг болж билээ. Андынхаа туг нь болж, эрвэлзэн дэрвэлзэж хамт байя гэсэн сэтгэл оргилж байсан юм. Анд нөхөртэй байхын жаргалыг хамгийн их мэдсэн, мэдэрсэн, золтой хүн юм аа, би. Андтайгаа өрсөлдөж, муудаж, зодолдож бас урам зориг, эрч хүч авч, андаараа бахархаж, түших багана нь, хамтрагч нь, шүүмжлэгч нь байж үзсэн. Даваа маш их хүлээцтэй, амгалан, тулхтай. Уучлахааргүй юмыг ч уучилж өршөөдөг. Би харин тэвчээр муутай, дургүйгээ хүрвэл хаяад гардаг. Хүнтэй муудвал уурлаад цохих гэдэг. Хоолны газар хүнтэй муудаад ширээгээ авч шидэх гэсэн яг тэр мөчид Даваа миний өөдөөс бултахын аргагүй нэг сайн харж байгаа юм даа. Надад түүнээс сурсан зүйл маш их. Одоо бид харцаараа нэгнээ ойлгодог болж. Хааяа бас зөрөлдөнө. Хэсэг маргаад, өөрийнхөөрөө зүтгээд байсан ч ихэнхдээ Даваагийн зөв байна. Миний зөв байх үед тэр дуугаа хураачихна. Их зөрүүд. Бурууг нь хэлвэл инээгээд өнгөрнө. Мэдэж байна аа л гэсэн үг. Өдөр бүхэн нэгэн хэвийн, нэг давтамжтай амьдралаас ер төвөгшөөхгүй, аварга. Байнгын дасгал сургуулилтыг амьдралаа болгож чадсан. Гадаад руу амрахаар явахдаа ч буудлын өрөөнд ч, хээр майханд ч хөлсөө гартал дасгалаа хийж л байна. Ямар ч үед үл тасална. Өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. Сэтгэлийн их тэнхээтэй. Зорьсондоо заавал хүрдэг. Туйлбартай, үнэнч. Энэ бол аварга хүний л мөн чанар юм” хэмээн бахархан өгүүлж суусан юм. Тэрбээр үүрийн таван жингээр босч, өглөө бүрийн үндсэн дасгал болох кейког ягштал хийдэг уйгагүй их хичээл зүтгэл, чөлөөтэй байлгаж, өөрөөр нь бодуулдаг багшийн их хайр, итгэл нь өнөөдрийн энэ их амжилттай нь холбоотой. Багш нь энэ тухай өгүүлэхдээ “Би хэзээ ч дасгал сургуулилтаа хий гэж хэлж үзээгүй. Харин одоо болно. Боль оо гэж хэд хэдэн удаа хэлж байсан” гэлээ. Их аварга “Би их азтай хүн. Гэхдээ тэр аз гэдэг нь зөвхөн нөр их хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг” гэж нэгэнтээ хэлж байсан. Сумогийн хорин жилийн замналд түүнд олон ч зүйл тохиолдсон. Цунами газар хөдлөлт, сумогийн эргэн тойронд болж өнгөрсөн олон явдал, корона цар тахал зэрэг үзэж туулсан, мэдэрсэн зүйл тоолж барашгүй. Бас 26 настайгаасаа эхлүүлсэн “Хакухо цом” олон улсын хүүхдийн сумогийн тэмцээнийг санаачлан зохион явуулж аль хэдийнэ 10 жилийн нүүрийг үзжээ. Тэрбээр залуу үеийн залгамж халааг бэлтгэж, мөрөөдөл хүслийг нь бадрааж, жигүүрлэн нисгэх гэсэн халуун хүсэл, сэтгэл түүний дотор дүрэлзэж яваа. Жинхэнэ сумоч бөх байх алдар нэрийг өргөж явсан түүний ард халуун ам бүл, дотны найз нөхөд, ах дүүс, ачлалт аав ээж нь байдаг. Их аварга “Агуу эр хүний ард ухаантай эмэгтэй байдаг” гэсэн үгийг онцлон хэлж, гэргийдээ талархлаа илэрхийлж байв. Хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн тод сэтгэлд үлдсэн барилдаанаа дурдвал гэхэд анхны кинбоши (Алтан од) хүртсэн Аварга Асашёорюүг давсан, нөгөөдөх нь үргэлжилсэн 63 давааг зогсоосон Кисеносатод унасан барилдааныг онцлов. Тэр барилдаанаас хойш Кисеносато улам намайг хурцалж, хүчирхэг болгоход тусалсан гэлээ. Эх орон болох Монголын ард түмэндээ юу гэж хэлэх вэ гэсэн асуултад “Аавыг минь хүндлэн хайрладагтай адил намайг ч бас хайрладаг монгол ахан дүүстээ баярлалаа” гэсэн юм. Сумоч болоод Ёкозуна болсон хувь хишигтээ гэхээс илүү багштайгаа учирсан зол заяандаа илүү их талархаж байна. Хуримтлуулж ирсэн туршлага өв хөрөнгө минь билээ. Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн, энэрэнгүй зөв, шударга сумочдыг төрүүлэх багш болмоор байна гэв. Залуустаа захихад би олон мэхтэй бөхөөс айдаггүй. Олон сэлэм, зэвсэг агссан бөхөөс л айдаг. Үндсэн дасгалаа ягштал хийдэг. Түүнийгээ дайтах зэвсэг болгож чаддаг. Тэрхүү гаршсан зэвсгээ ахин нэг үйрүүлж, нураагаад дахин цоо шинэ зэвсэг болгож явах ёстой гэж л залуу бөхчүүддээ захимаар байна гэлээ. Одоо Их аваргын замналаас Магаки ояагата хэмээх багш, дасгалжуулагчийн зам түүний урд нээгдэж, сумогийн цоо шинэ түүхийг бүтээж эхлэх нь. Оцукаре сама дэсү. Хакухо ёкозуна.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хамгийн олон хүн идсэн араатны тоонд баавгай багтдаг” гэв

Сүүлийн үед суурьшлын бүсэд баавгай үзэгдэж, мал амьтан руу дайрах тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгдлээ. Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутагт баавгай адуу идсэн тохиолдол гарчээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс 20 гаруй километрийн зайд намаржиж байсан айлын хоттой хонь руу оройн цагаар баавгай дайрсан байна. Энэ талаар тус аймгийн Цагаан-Уул сумын Засаг дарга С.Гончигням хэлэхдээ “Манай аймгийн Цагаан-Уул суманд хорхойтсон баавгай айлын хашаа хороо руу орж, мал барьсан тохиолдол гарсан. Тодруулбал, сумын төвөөс 10 километрийн зайд орших малчин айлын хоттой хонь руу дайрсан байгаа юм. Улмаар дуудлага мэдээллийн дагуу биднийг очиход нэг хонь идэж байсан. Тиймээс баавгайг хоёр машинаар доод хөндий рүү бараг цаг гаруй хөөж, эцээгээд айлын хаваржааны хашаа руу оруулж, хашсан. Ингээд аймгийн мэргэжилтнүүд рүү залгаж нөхцөл байдлыг хэлэхэд “Алж, устгаж болохгүй. Эзгүй газар руу тууж явуул” гэж зөвлөсөн л дөө. Одоогийн байдлаар аймгийн ОБЕГ-ын зүгээс нутгийн иргэдэд анхаарал болгоомжтой байхыг үргэлж сэрэмжлүүлж байгаа” гэв.


БААВГАЙ ӨВЛИЙН УЛИРАЛД ИЧЭЭНДЭЭ ОРЖ ЧАДАХГҮЙ ЯВАХ НЬ МАШ АЮУЛТАЙ

Баавгай суурин бүсэд нэвтэрч, мал амьтан руу дайрсан үзэгдлийн талаар иргэн Г.Амарсанаагаас тодрууллаа.


-Баавгай айлын хот руу дайрч, хонь барьж идсэн тохиолдол цөөнгүй гараад байна. Хүний хөл хөдөлгөөнтэй газраас дайжин зугтаж явдаг энэ амьтан яагаад суурьшлын бүсэд нэвтрээд байна вэ?

-Манайхан үүнийг хорхойтсон баавгай гэдэг юм л даа. Ерөнхийдөө тарга тэвээргээ аваагүй учраас ичээндээ орж чадахгүй, улмаар хүн, мал руу дайраад эхэлдэг. Ингэж баавгай өвлийн улиралд ичээндээ орж чадахгүй явах нь маш аюултай. Нэг бол өлсөж үхнэ, эсвэл хүн амьтан барьж идэх ч аюул бий. Миний мэдэхийн 1980-аад оны идэш тэжээлийн дутагдалд орсон баавгай хүн, мал руу дайрсан айхавтар хэрэг болж байсан юм. Улмаар тухайн үед радиогоор “Шууд бууд” гэж зарласан байдаг. Ингээд анчдын отог улсын төлөвлөгөөг хэрэгжүүлдэг байлаа. Одоо болохоор манайхан үүнийгээ мэдэхгүй байна. Нэг ёсондоо Байгаль орчны яам ажлаа мэдэхгүй байна л даа.

-Нэгэнт хүн, мал руу дайрсан араатан дахин ийм үйлдэл гаргах эрсдэлтэй гэсэн үг үү. Тиймээс сэрэмжлэх нь чухал байх?

-Хүн, малд ойртсон махан идэшт амьтад ноцтой аюул учруулж мэднэ. Хамгийн олон хүн идсэн араатан амьтад дотор баавгай багтдаг. Жишээ нь: 187 хүн идсэн ирвэс байна. Мөн 100 гаруй хүн идсэн бар байна. Тэгээд чоно гуравт нь ордог. Үүний дараа хамгийн олон хүн идсэн араатны тоонд баавгай багтдаг. Тиймээс ч олон улсад эдгээр араатныг тэжээхийг хорьдог байхгүй юу. Тэгэхээр аюулт үзэгдлээс сэрэмжлэхийн тулд яаралтай буудаж л арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Энэ хорхойтсон баавгайн тухай “Ямбуя уулын догшин савдаг” гээд Оросын кино хүртэл байдаг. Сибирьт нефть, газрын уурхайг нээсэн геологичдыг иддэг байсан баавгайн тухай гардаг. Нөгөө л хорхойтсон баавгай байхгүй юу. Тэгэхээр энэ бол жинхэнэ аюултай байгалийн үзэгдэл юм.

-Хүнээс айхгүй байгаа учраас л баавгай хот айл руу дайрч байгаа болов уу. Тиймээс дахин суурьшлын бүсэд үзэгдэх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Угаас хүнд ойртсон амьтныг алахаас өөр арга байдаггүй эсвэл амьтны паркт өгдөг. Ерөөсөө буцааж тавьдаггүй учиртай. Яагаад гэвэл тэр араатан чинь буцаад хүнээс айхаа больчихдог юм. Тэгээд нэг л хүний мах идвэл, амтших аюултай. Тийм ч учраас олон улсын дүрэм журмаа баримтлах хэрэгтэй байна.

ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮСЭД ҮЗЭГДСЭН ХЭД ХЭДЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН

Завхан аймгийн ОБГ-ын Ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Ганзоригоос тодрууллаа.


-Завхан аймгийн Баянтэс сумын Бужир баг, Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг дэсгэрт өнгөрсөн сарын 25-нд баавгай мал амьтан идсэн гэх мэдээлэл бий. Одоогийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байна вэ. Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол дахин гарсан уу?

-Манай аймгийн гурван суманд баавгай харагдсан. Хамгийн сүүлд гэхэд есдүгээр сарын 27-нд баавгай суурин бүсэд харагдсан байдаг. Завхан аймгийн Баянтэс суманд баавгай дөрвөн удаа үзэгдээд байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр Баянтэс сумын Бужир багийн малчин н.Даваадоржийн адуунаас идсэн байгаа юм. Ингээд есдүгээр сарын 27-нд малчин н.Пүрэвдоржийн хот руу орж ирсэн. Гэрийн хүн нь тугалаа гаргах гээд хашаа руугаа ороход хотонд баавгай байсан юм билээ. Тэгээд хажуу айлынх нь хүмүүс машинаа асааж, сигналь дуугарган байж үргээсэн гэсэн мэдээллийг өгсөн. Мөн Завхан аймгийн Сонгино суманд хоёр бамбарууш орж ирсэн байгаа. Тухайн бамбарууш эхтэйгээ хамт явж байсан гэх мэдээллийг иргэд өгсөн. Гэхдээ одоогоор эх нь харагдахгүй байна гэсэн. Тиймээс эх, бамбарууш хоёр төөрсөн эсэхийг Сонгино сумын байгаль орчны мэргэжилтнүүд судалж байгаа. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд нэг баавгай үзэгдээд дахин харагдаагүй гэх мэдээлэл бий. Тосонцэнгэлд үзэгдсэн баавгай нь нэлээд том биетэй мөртлөө эцэж турсан байсан гэж байна лээ. Баавгайг харсан гэх малчин үргээгээд ой мод руу оруулсан гэсэн. Зайлуул идэш хоол эрж яваа баавгай болов уу. Одоогийн байдлаар баавгай хүн рүү халдсан зүйл байхгүй.

-Баавгай суурьшлын бүсэд үзэгдэх болсонтой холбоотойгоор аймгийн ОБГ-ын зүгээс иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа болов уу?

-Аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд хүргэсээр байна. Хэрэв баавгайтай таарсан бол айлгаж цочоож болохгүй гэж малчдад анхааруулж байгаа. Түүнчлэн бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өндөр настай хүмүүсийг малд битгий явуулаарай. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангаад модондоо явж байгаа хүмүүс ойд хонож өнжиж болохгүй гэх чиглэлийг өгч байна.

-Баянтэс сумын хоёр малчин айлын хот руу баавгай дайрсан гэж дээр дурдсан шүү дээ. Тэдгээр айл хэр хол зайтай намаржиж байсан юм бол?

-н.Даваадоржийн бэлчээрлэж явсан адуунаас бага насны адууг нь идсэн юм билээ. Харин н.Пүрэвдорж гэдэг айлд бас баавгай үзэгдсэн. Тэр хоёр айл 30-40 километрийн зайтай байдаг л даа. Ер нь баавгай идэш хоол эрж хайгаад л нэг бүсдээ суурьшихгүй яваад байна. ОХУ-д их хэмжээний түймэр гарсантай холбогдуулаад идэш тэжээл хайж яваа амьтан болов уу гэж бидний зүгээс үзэж байгаа. Улаан номонд орчихсон нэн ховор амьтны үр төл учраас иргэддээ алж айлгаж болохгүй шүү гэж хэлсэн. Ер нь бол ард иргэдийн амь насанд халдсан тохиолдол гараагүй. Гэхдээ аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг хүргэсээр байна.

-Энэ жил Завхан аймагт жимс ногоо, самар хэр элбэг ургасан бэ?

-Баавгай чинь дан ганц махаар хооллодоггүй, жимс жимсгэнэ, самар иддэг. Тэгэхээр тэр хоол хүнс нь дутагдаад хайж яваа болов уу. Завхан аймгийн хэмжээнд 16 ой бүхий сумтай. Энэ жилийн хувьд самар ховор ургасан.

П.САЙНЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин туулай өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 10, Адъяа гариг. Билгийн тооллын 4, Онгоц одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7:04 цагт мандан, 18:14 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирнэ
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчимоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод шөнөдөө 4-6 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө зүүн аймгуудын зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуурагтай, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.

2021 оны 10 сарын 09-ны 20 цагаас 10 сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Афганистаны сайдын хүү 20 сая доллараар харш худалдан авчээ

АНУ-ын арми нутаг буцах хүртлээ 85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан ч афган цэргүүд огт байлдалгүйгээр талибуудад бууж өгсөн билээ. Тэгвэл өдгөө хуучин засгийн газрын батлан хамгаалахын сайд асан Абдул Рахим Вардакийн хүү Даоуд Вардак 20.9 сая ам.доллараар АНУ-ын Беверли Хиллсийн тансаг зэрэглэлийн харш худалдан авчээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Даоуд 1977 онд төрсөн, “паштун ястны дүрвэгч” гэх бүртгэлтэй бөгөөд Флорида мужийн Майамид төвтэй “AD Capital” группийн захирал гэнэ. Мөн тэрбээр Майамид 5.2 сая ам.долларын амралтын газар эзэмшдэг аж. Харин шинээр худалдан авсан тансаг харш нь минималист хэв маягтай, шилэн ханаар нь Лос-Анжелес хотын тэнгэрийн хаяа жигтэйхэн сайхан харагддаг “Carla Ridge Residence” юм байна.

Даоудын аав Абдул Рахим Вардак бол Афганистаны үндэсний армийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн мужахид дайчдын нэг агаад 2004-2012 онд батлан хамгаалахын сайд хийсэн хүн. Гэвч тэрбээр АНУ-ын цэргүүд нутаг буцахаас ч өмнө аль хэдийн Нэгдсэн улсад оччихсон байжээ.

Пентагон өнгөрсөн 20 жилд афган цэргүүдийг зэвсэглэж, арчилж, цалинжуулахын тулд 85 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг. Гэвч зарим албаныхан афганы удирдагч нарыг цэргүүдийнхээ тоог худлаа мэдүүлж, илүү олон хүний цалин авч шамшигдуулдаг байсан гэж сэжиглэдэг юм.

Харин Даоудын ах Хамед АНУ-д цэргийн гэрээний “NCL Holdings” гэх компанитай бөгөөд Афганистанд хангамж хүргэх замыг аюулгүй байлгасныхаа төлөө Пентагоноос санхүүждэг байжээ. Мөн тэрбээр Майамид “Ludus Athletics” гэх брендтэй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд сайн дураараа вакцины III тунд хамрагдаж байна

Коронавируст халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд оюутны 54 дотуур байр бий. Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг сайн дурын үндсэн дээр нэмэлт дархлаажуулалт буюу вакцины III тунд хамруулж эхлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг III тунгийн вакцинд хамруулаад байна.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч дарга Ж.Отгонболд нар нэмэлт вакцинжуулалтын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Тэрбээр, “Орон нутгийн зарим оюутнууд дархлаажуулалтын цэгийн байршлыг мэдэхгүй байх тохиолдол гарч байна. Тиймээс оюутны дотуур байранд дархлаажуулалтын явуулын баг ажиллах нь үр дүнтэй байна” хэмээв.

2021-2022 оны хичээлийн жилд Дотоод хэргийн их сургуульд 500 орчим хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр сурагчаас сайн дурын үндсэн дээр вакцины III тунд хамрагдах 450 гаруй сонсогчийг нэмэлт дархлаажуулалтад өнөөдөр хамрууллаа. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 12 хүний бүрэлдэхүүнтэй гурван баг ажиллаж, оюутнуудыг III тунд хамруулж байгаа юм. Мөн Монголын оюутны холбооноос оюутнуудыг сайн дураараа нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Морьтой явсан 13 настай хүүг хайж байна

Говь-Алтай аймаг, Дэлгэр суманд 13 настай хүү орой 20 цагийн орчимд айл руу морьтой яваад сураггүй алга болсныг Онцгойгийн алба хаагчид хайж байна.

Тодруулбал, Гуулин багийн “Цахир саравч” гэдэг газарт 10.07-ны өдрийн 20 цагийн орчим иргэн Д /13 настай, эрэгтэй/ гэрээсээ гурван км зайтай айл руу морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр /10.08/ 18:10 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн 21:00 цагт түр зогсоогоод байна.

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт бүх сумдад халдвар бүртгэгдэв

Сүүлийн 24 цагт тус аймгийн бүх суманд буюу 13 суманд халдварын 356 тохиолдол шинээр бүртгэгдснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8353 боллоо. Баруун-Урт, Сүхбаатар сумдад хамгийн олон халдвар бүртгэгдсэн бөгөөд аймаг даяар халдварын тархалт эрчимжиж байгааг ЭМБ-аас анхаарууллаа.

Ялангуяа бага насны хүүхэд халдварт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Одоогоор ЭМБ-т хэвтэн эмчлүүлж байгаа 537, гэрийн эмчилгээнд 1310 иргэн байгаагаас жирэмсэн эмэгтэй 41, 0-18 насны хүүхэд 213 байгаа аж.

Халдварын тохиолдол нэмэгдэх тусам хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна. Мөн үүнийгээ дагаад нас баралт ч өсөх хандлагатай байна гэлээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авах, ЭМБ-д хандахыг анхаарууллаа. Учир нь шинж тэмдэг илэрсэн ч хөнгөн байна гээд үл тоон олон нийтийн харилцаанд орох, ажлаа хийх зэрэг нь бусдыг эрсдэлд оруулж, халдвар тарааж байна гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК, НОК хамтран ор зохицуулалтын асуудлаар хуралдаж байна

Коронавирусийн халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа билээ.

Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа юм.

Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг удирдлагууд онцоллоо.

УОК-т ор зохицуулах ажлын хэсэг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.