Сингапур улсын эрх баригчид өрнөдийн найман орны вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд тусгаарлалтгүй, чөлөөтэй зорчих аялал жуулчлалын корридор нээх болсноо өчигдөр зарлажээ.
Тус улс энэ оны гурвадугаар сараас эхлэн коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хилээ хаагаад байсан юм.
Аравдугаар сарын 19-ний өдрөөс нээгдэх корридорт хамрагдах улсууд нь АНУ, Их Британи, Канад, Итали, Франц, Нидерланд, Испани, Дани юм байна.
Өчигдөр Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лүүн телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ аялал жуулчлалын корридорын талаар анх мэдээлжээ.
Тэрбээр уг шийдвэрийг “Ковидтой зэрэгцэж амьдрах” ерөнхий төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болохыг тайлбарласан байна.
Хэдийгээр коронавирусийн халдвар тархалт, эндэгдэл нэмэгдэж байгаа ч Сингапур улс цаашид тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад суух боломжгүйг Ли Сянь Лүүн мэдэгджээ.
Ингэснээр Сингапур улс дэлхийн 11 улстай аялал жуулчлалын корридор нээхээр болж байна. Есдүгээр сараас эхлэн тус улс Герман, Брунейн вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хилээ нээсэн бол арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Өмнөд Солонгосын иргэдэд хилээ нээх болсныг өнгөрсөн Баасан гарагт зарласан юм.
Сингапурын хамгийн том худалдааны түнш 20 орны тоонд дээрх 11 улс багтдаг бөгөөд цар тахлаас өмнө тус улсад гадаадаас ирэгсдийн 10 хувийг бүрдүүлдэг байжээ.
Корридорт хамрагдсан улсуудын иргэд Сингапурт ирээд тусгаарлагдахгүй, харин ирмэгцээ болон буцахын өмнө хоёр удаа PCR шинжилгээ өгөх журамтай юм байна.
Корридороор ирэгсэд вакцинжуулалтад заавал хамрагдсан байх ёстой бөгөөд хүүхдүүд болон эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулаагүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй юм.
Сингапур улс энэ оны тавдугаар сарыг хүртэл халдварын цөөн тохиолдолтой байсан бол Дельта хувилбарын улмаас сүүлийн саруудад өвчлөл эрс нэмэгджээ.
Бямба гаригт тус улсад халдварын 3,703 шинэ тохиолдол бүртгэгдэж, 153 хүн нас барсан байна.
Сүүлийн нэг сар орчим хугацаанд бүртгэгдсэн 49,658 халдварын тохиолдлын 98.4 хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй өвчилсөн, 1.3 хувь нь хүчилтөрөгчийн хангамж муудаж аппаратаар эмчлүүлсэн, 0.1 хувь нь хүндэрч эрчимт эмчилгээ хийлгэсэн, 0.2 хувь нь нас баржээ.
Ням гаригаас эхлэн Сингапурын эрх баригчид шинээр халдвар авсан иргэдэд гэртээ хэвтэж, өөрийгөө эмчлэх журам хэрэгжүүлэхээр болсон байна.
Харин тав хүртэл насны хүүхдүүд, вакцинжуулалтад дутуу хамрагдсан болон огт хамрагдаагүй 50-аас дээш насны иргэд, вакцинжуулалтад бүрэн хамрагдсан 80-аас дээш насны иргэдийг эмнэлэгт хүлээж авахаар болжээ.