Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Өвөрхангай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулна. .

Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна. Тус аймгийн хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарагддаг, хүн, малын халдварт өвчин их тохиолддог, тарваган тахал өвчний байгалийн голомттой, 16-28 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг зэрэг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг юм.

Мөн дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа нь сүүлийн үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аюул, ослын тоо, давтамж ихсэх хандлагатай байна. Тиймээс болзошгүй томоохон гамшгийн үед өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгааах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад сургалтын зорилго чиглэгдэж байна.

“Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургууль” нь “Гамшиг, онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

20.00 цагийн байдлаар ирц Хэнтий аймагт 31, СХД-т 33 хувьтай байна

УИХ-ын нөхөн сонгуулийн ирцийн мэдээг хүргэж байна. 20:00 цагийн байдлаар ирц Хэнтий аймагт 31, СХД-т 33 хувьтай байна. Санал хураалт дуусахад хоёр цаг үлдлээ.

Хэнтий аймагт санал өгөх сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 50,749, Сонгинохайрхан дүүргийн 7 – 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 хороодын, сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн үндсэн сонгогчдын тоо 113, 966 байна.

Үүнээс 20:00 цагийн байдлаар СХД-ийн 28-р тойрогт 33.76 хувь буюу 38,485 иргэн, Хэнтий аймгийн 18-р тойрогт 31.26 буюу 15,866 иргэн саналаа өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, “Токио-2020” олимпийн наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв.

Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов:


“Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна.”

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:



“Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар олон хүндрэл учирч байна. Ирэх сард Глазгоу хотод болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь ойн салбар юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих санаачилга цагаа олсон гэж үзэж байна.”

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский:

“Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улс дэмжинэ. Би хувьдаа энэ санаачилгыг талархан хүлээж авлаа. Манай хоёр улс байгаль орчин, ялангуяа ойн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ санаачилга зөвхөн мод тарих биш, байгаль орчныг хамгаалах тухай юм. Өнөөдөр бусад улсын Элчин сайдтай хамт мод тарьсандаа баяртай байна.”

БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бол маш сайхан санаа. Би Монголд ирээд тавхан долоо хонож байна. Монгол Улс маш үзэсгэлэнтэй, гэхдээ ой мод багатай юм байна. Мод таривал улам үзэсгэлэнтэй болно. Би анх удаа мод тарилаа. Тарьсан модоо эргэж тойрч байх болно оо.”

Дэлхийн банк групп /ДБГ/-ын Суурин төлөөлөгч Андрей Михнев:


“Мод тарих санаачилгад хүн бүр оролцож байна. Өргөн хүрээгээр нь авч үзвэл дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд оруулж буй хувь нэмэр. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад маш олон сорилт тулгарч байгаа учир илүү их чармайх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж байгаад баяртай байна.”

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж мод тариад байна.

Categories
мэдээ улс-төр

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын хуулиар ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулна

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Тус нэмэлт өөрчлөлтөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд гадаадын иргэн Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгийн хэмжээ нь 100 мянган ам.доллар буюу түүнээс дээш байснаар виз олгохоор зохицуулагдсан хөрөнгийн хэмжээг 50 мянган ам.доллар болгох талаар УИХ-д өргөн барьсан билээ. Энэ асуудал нь цахим орчимд ихээхэн шуугиан дагуулаад байгаа бөгөөд хуулийн төслийг өргөн барьсан гишүүд болох Д.Өнөрболор, П.Анужин нар тус хуулийн төслийг эргүүлэн татахыг Хуулийн төслийн ахлагч Х.Ганхуягаас шаардсан.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг байр сууриа илэрхийлээ.

Тэрбээр “Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна.

УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны есдүгээр сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50/50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим /Амчам/ болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.

Түүнчлэн энэ 100,000 ам доллар бодитоор МУ-ын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ.

Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.

Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ирэх 7 хоногт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх болно” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Большой театрт нэг жүжигчин амиа алджээ

“Садко” дуурийн үеэр нэг жүжигчин Большой театрын тайзнаа амиа алджээ.

Тайзны заслыг өөрчлөх үеэр жүжигчний дээрээс нүсэр чимэглэл унасан байна. “Талийгаач үзэгчид рүү алхах ёстой байсан ч буруу зүг рүү явсан. Улмаар бууж байсан чимэглэлд даруулчихсан” гэж хуулийн байгууллагын алба хаагчид мэдээлээд буй юм. Энэхүү эмгэнэлт үйл явдал тайзны ард болсон учир үзэгчдэд харагдаагүй байна

Дуурийн үеэр жүжигчин амиа алдсан учир тоглолтын шууд зогсоож, үзэгчдийг театраас гаргасан талаар Большой театрын захиргаанаас мэдээлэв. Амиа алдсан жүжигчин нь 2002 оноос хойш тус театрт ажиллаж байгаа 37 настай Евгений Кулеш байжээ.

Энэ нь дэлхий дахинд алдартай их театрт болсон анхны золгүй хэрэг биш юм.

2013 оны долдугаар сард тус театрт 40 орчим жил ажилласан ахмад хийлч Виктор Седов тайзнаас унаж амиа алдсан юм.

Мөн 2011 онд уран сайхны удирдагч Сергей Филиний нүүр рүү балетчин Павел Дмитриченког хүчил цацсан хэрэг гарч байсан аж. Сергей Филин харааны бэрхшээлтэй болсон бөгөөд Павел Дмитриченко зургаан жилийн хорих ял авсан аж.

Categories
мэдээ нийгэм

ХХЗХ: Facebook, instagram-ыг хаана гэдэг мэдээлэл ор үндэсгүй

Цагдаагийн Ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Facebook, Instagram зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.

Уг мэдээлэл нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг Харилцаа холбоо, зохицуулах хорооноос мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

300 өрхийн дунд шахмал түлшний нэг цэг ажиллуулахаар төлөвлөжээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 71.4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ гэсэн үг.

Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож байгаа аж. Мөн шахмал түлштэй холбоотой тулгамдаж буй асуудлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Иймд шахмал түлшний зохицуулалтад дүүргийн орлогч, төлөөлөгчдийг дайчлан ажиллуулахаар болоод байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлд шахмал түлшний борлуулалтын 412 цэг ажиллаж буй юм. Иргэдийн хувьд сайн картаар долоо хоногт зургаан шуудай нүүрс авах эрхтэй болохыг албаныхан мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Боксын ДАШТ-ийг зохион байгуулах хороонд Г.Бадрах урилгаар ажиллана

Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ аравдугаар сарын 22-ноос арваннэгдүгээр сарын 7-нд Серби улсад болно. “Белград-2021” тэмцээнд Монголын есөн боксчин оролцох эрх аван, бэлтгэлээ базааж буй.

Өнөө жилийн ДАШТ-ийг Зохион байгуулах хороонд Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч байсан Г.Бадрах уригдан ажиллахаар боллоо.

Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Олон улсын боксын холбооноос (AIBA) зохион байгуулсан “International Technical Official” буюу Олон улсын техникийн төлөөлөлөгчийн шалгалтад тэнцсэн. Ингэснээр Монгол Улсаасс AIBA-гийн төлөөлөгчаар ажиллах анхны хүн болсон юм.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Нөхөн сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар СХД-т 25 хувьтай байна

СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын 17:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг өглөө.

СХД-ийн 28-р тойрогт санал хураалтын ирц 25.20 хувь буюу 28720 иргэн, Хэнтий аймгийн 18-р тойрогт 22.33 буюу 11330 иргэн саналаа өгсөн байна.

Хэнтий аймгийн 18-р тойрогт саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь буюу 48 хувь нь 70-аас дээш насныхан, СХД-ийн 28-р тойрогт саналаа өгсөн иргэдийн 60 хувь нь 70-аас дээш насныхан байна.

Харин 25-29 насныхны ирц хамгийн бага буюу Хэнтий аймагт 12.46 хувь, СХД-т 13.70 хувийг эзэлж байна.

Сонгуулийн санал хураалтын ирц хангалтгүй байгааг СЕХ-ноос онцлон, иргэдийг саналаа өгөхийг уриалав.

Түүнчлэн залуус цахим орчинд сонгуулиа өгөхийг уриалж, идэвхтэй байдаг шигээ бодит оролцоотой байх хэрэгтэй байна гэдгийг СЕХ-ноос онцлов.

Categories
гадаад мэдээ

Хамгийн олон оронд аялах боломжтой паспортуудын жагсаалтыг гаргав

“Henley Passport Index”-ээс олон улсын агаарын тээврийн холбооны мэдээлэлд үндэслэн, дэлхийн хамгийн хүчирхэг паспорт буюу хамгийн их аялах боломжтой паспортуудын жагсаалтыг гаргав.

Дэлхийн 192 оронд визгүй зорчих боломжтой Япон, Сингапур улсын паспорт жагсаалтын эхэнд бичигдсэн бол 190 улсад визгүй зорчих боломжтойгоор Өмнөд Солонгос, Герман улсын паспорт удаалжээ.

Жагсаалтын гуравдугаарт Финланд, Итали, Люксембург, Испани (189), дөрөвдүгээрт Австри, Дани (188), тавдугаарт Франц, Ирланд, Нидерланд, Португал, Швед (187), зургадугаарт Бельги, Шинэ Зеланд, Швейцарь (186) улсуудын паспорт орсон байна.

АНУ, Их Британи Чех, Грек, Мальта, Норвеги улсын паспорт 185 оронд визгүй зорчих боломжтой гэдгээрээ жагсаалтын долдугаарт бичигджээ. Харин Австрали, Канад (184) наймдугаарт, Унгар (183) есдүгээрт, Литва, Польш, Словак (182) аравдугаарт тус тус жагссан байна.

Жагсаалтыг гаргагчид улс орнууд аялал жуулчлалын хязгаарлалтаа сулруулж байгаа ч паспортын хүчтэй, сул байдлаас шалтгаалан аялах боломж харилцан адилгүй байгааг онцолжээ. Тухайлбал, жагсаалтын сүүл хэсэгт бичигдсэн орны иргэд бүрэн вакцин хийлгэсэн ч жагсаалтын дээр бичигдсэн орнуудад зорчих боломжгүй хэвээр байна.

Хамгийн хүч султайд тооцогдож буй Афганистан, Ирак, Сири улсын паспорт эзэмшигчид 30 хүрэхгүй улсад визгүй зорчдог аж.

Паспортын жагсаалтыг санаачилсан “Henley & Partners”-ийн дарга Кристиан Каелин дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд хөнжингүй орнууд аялал жуулчлалыг хязгаарлах бус, дотоодын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхааруулжээ.

Дэлхийн улс орнуудын паспортын чансааг сүүлийн 14 жилийн турш эрэмбэлэн гаргаж байгаа юм. Энэ хугацаанд АНУ болон Европын орнууд жагсаалтыг тэргүүлж ирсэн ч 2018 оноос хойш Япон, Сингапур хоёр улс тэргүүлэх байраа хадгалж байна.