Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“No Time To Die” кино 56 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ

“James Bond”-ийн цувралын сүүлийн анги “No Time To Die” кино орлогоороо тэргүүлж байна.

Амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн энэхүү киноны тасалбар Хойд Америкийн кино театруудад эрэлт ихтэй байжээ. “No Time To Die” кино АНУ, Канадын кино театруудаас 56 сая ам.долларын орлого олсон үзүүлэлтээр “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байна. Хэдий тийм боловч “Sony”-ийн “Venom: Let There Be Carnage” киноны нээлтийн орлого 90 сая ам.доллар байсантай харьцуулахад бага дүн болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулаад л өнгөрөх үү

Олон улсын охидын эрхийг хамгаалх өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан охидын эрх зөрчигдөж буй асуудлаар хуульч Р.Булгамаа болон бусад ТББ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үер Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг холбоо НҮТББ-аас УИХ-ын дарга Ш.Занданшатарт зарим хуульд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн юм.

“Хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны хохирлыг тооцон, нөхөн олговор олгодог хуулийн зохицуулалт хэрэгтэй байна”

Хуульч Р.Булгамаа

“Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол маш олон болсон. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг анхаарал татах болжээ.

Өдрөөс өдөрт аймшигтай, анхаарал татсан гэмт хэргүүд дараалан гарах боллоо. Ноцтой гэмт хэрэг гарах бүрд бид нийгмээрээ шуугиад л хэсэг хугацааны дараа мартчихдаг дүр төрх нийтлэг болж байгаад цэг тавих цаг ирсэн.

Өнөөдөр хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг анхаарч, үүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон мэргэжлийн байгууллагууд оновчтой шийдэл гаргаж чадахгүй байна.

Хүүхэд бол бидний ирээдүй. Тиймээс бид энэ асуудлыг нийгмээрээ анхаарч, гэмт хэргийн хохирогч болсон охидын сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай.

Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алдаж байна. Бараг л өдөр бүр бидний энхрийлэн ургуулсан цэцэг шиг охид бусдын гарт, бусдын эрхшээлд автан бие махбод, сэтгэл санаагаараа хохирч байгааг бид зүгээр харсаар л, хүлээн зөвшөөрсөөр байж болохгүй.

Тоо баримт дурдахад,

  • 2017 онд 137 охин
  • 2018 онд 309 охин
  • 2019 онд 350 охин
  • 2020 онд 328 охин
  • 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болоод байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн тавхан жилийн хугацаанд 1,400 гаруй хүүхэд ийм аймшигт гэмт хэргийн хохирогч болжээ.

Иргэд Та бүхэн энэ асуудлыг “Миний ойр, тойронд ийм асуудал гараагүй” гэж битгий хараарай. Ийм аймшигт гэмт хэрэгтэй бид тэмцэхгүй, хүлээн зөвшөөрөөд, дэмий сонсоод явсаар байвал нэг л өдөр бидний хаалгыг тогшиход ойрхон байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгээд орхиж байгаа нь харамсалтай. Тиймээс хохирогч охид өөрсдөө сэтгэл зүйч олж уулзах зэргээр ийм гэмт хэргийн хохирогч болсныхоо хор уршгийг даван туулах гэж хичээдэг.

Хүсэл мөрөөдөл, ирээдүй дээр нь сүүдэр буусан охидыг бид бодож, хүндэтгэж, нэр төрийг нь сэргээхэд анхаарч, тэдэнд итгэл хайрлахын зэрэгцээ гэмт хэрэгтэнд оноох хариуцлагыг чангатгах ёстой. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидыг гэмт хэрэг шийдвэрлэгдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг байх зохицуулалт Монголд үгүйлэгдэж байна.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлд Хүүхдийн байцаагчийн орон тоог би болговол хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурна гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ЦЕГ-т 150 гаруй Хүүхдийн байцаагч ажиллаж байгаа ч зүгээр л хэрэг бүртгэл нээгээд сандал дээрээ суудаг албан тушаалтны тоо нэгээр нэмэгдлээ гэж харж байна.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлд Хүүхдийн байцаагчийн орон тоог би болговол хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурна гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ЦЕГ-т 150 гаруй Хүүхдийн байцаагч ажиллаж байгаа ч зүгээр л хэрэг бүртгэл нээгээд сандал дээрээ суудаг албан тушаалтны тоо нэгээр нэмэгдлээ гэж харж байна.

150 гаруй хүүхдийн байцаагч өнөөдөр гудамж талбай, сургуулийн орчинд гараад хүүхэд гэмт хэрэгт өртөхгүй байх орчин нөхцөлийг бий болгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөлийн ажлыг хийвэл магадгүй үр дүн гарна.

Хохирогч охидын сэтгэл санаанд учирсан гэмтлийн зэргийг тогтоодог, гэмтлийг эмчлэхэд хэр хугацаа, хэр зардал орохыг тооцдог зохицуулалт буюу Сэтгэл санааны хохирлыг тооцон олгох журамыг шинэчилж, батлан ажил хэрэг болгохыг хууль тогтоогчдоос хүсэж байна” хэмээн ярив.

“Хүчиндэх гэмт хэргийн зарим нь Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл рүү орж, ял завшихад хүргэж байна”

Мөн тэрбээр “Миний хувьд, олон жил бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидод хууль зүйн үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. Энэ тоо огтхон ч буурахгүй байна.

Гэмт хэрэгтнүүд хорих ялаас огтхон ч эмээхгүйгээр ийм гэмт хэргийг үйлдсээр байгааг анхаарах ёстой. Ийм гэмт хэрэг сүүлдээ ураг төрлийн буюу ахуйн шинж чанартай болж байгаа нь хамгийн айдас дагуулсан асуудал.

Гэмт этгээдүүдийн малаас дор энэ мэт үйлдлийг бид харж, сонссоор байх зүй бус үйлдэлдээ цэг тавихыг уриалж байна.

Тиймээс охидын эрх, сайн сайхан ирээдүйн төлөө “Охидоо хайрлая” хөдөлгөөнийг аавуудтай хамтарч, аавуудыг уриалж эхлүүлж байгаагаа Охидын эрхийн хамгаалах энэ өдөр хэлье.

Мөн бид

  • Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах
  • 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар баталсан 12.5 дугаар зүйл заалтын өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлж байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар баталсан 12.5 дугаар зүйл нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг хамгаалахад ухралт хийсэн хуулийн зохицуулалт. 14-18 настай хүүхэд гэдэг эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд. Тиймээс хүүхдийн эрхийг зөрчсөн энэ заалтыг өөрчлөх ёстой.

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол торгууль төлнө гэсэн санкцийг хуульд одоо хүртэл байлгаад байгаа УИХ-ын гишүүдээс ичиж байна. Хүүхдээ хайрлаж, энэрэх төрийн бодлого үнэхээр алга.

Хүчиндэх гэмт хэргийн зарим нь Эрүүгийн хуулийн 12.5 руу орж, ял завшихад хүргэж байна. Энэ зүйл заалтыг хүчингүй болгож өгөхийг УИХ-ын гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүдээс хүсэж байна.

Хүчирхийллийн асуудал хүүхдээр ч хязгаарлагдахгүй охид, бүсгүйчүүдийн эрх ч өнөөдөр хөндөгдөнө.

Тодруулбал, Эрүүгийн хуульд “Бэлгийн дарамт учруулах” гэдэг зүйл заалт 2015 онд орсон ч 2017 оны парламент бэлгийн дарамт учруулах гэх зүйл заалтыг хассан. Тиймээс энэ өдөр мөн эрүүгийн хуульд байсан “Бэлгийн дарамт учруулах” гэсэн зүйл заалтыг сэргээхийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна.

Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгадаг стандарт бий болгож, хэргийг мэргэшсэн прокурорууд хянадаг тогтолцоог бий болгох шаардлагатай.

Өнөөдөр хохирогч, хохирогчоороо л үлддэг тогтолцоо Монголд үйлчилж байна” гэлээ.

Аавуудын төлөөлөл

“Бидний нийгэм үнэхээр ичмээр болчхоод байна. УИХ-ын зарим эмэгтэй гишүүн Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг санаалчаад явж байна. Гэтэл бодит байдал дээр тэд хамгийн түрүүнд ирээдүйн бяцхан үрсийнхээ төлөө хууль санаачлах ёстой юм.

Эрүүгийн хуульд байгаа тийм бусармаг зүйл заалтыг УИХ-ын гишүүд өөрчлөх ёстой. Тийм зүйл заалтыг ямар ч эрх мэдэлтэн гаргаж болохгүй. Тэр бол гэмт хэрэг.

Манай улсад хүүхдийг хүн болгох талаас нь анхаарсан төрийн бодлого байхгүй байна” гэв.

. Нандин нас киноны найруулагч

“Би сүүлийн 10 гаруй жил хүүхдэд зориулсан уран бүтээлээр дагнан ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байгаа мэдээллийг сошиал орчинд олон харсан. Би ялгаагүй эх хүний хувьд ийм зүйлийг сонсоод үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг.

Үүнийгээ уран бүтээлээрээ дамжуулж Нандин нас олон ангит киног хийсэн. Уг уран бүтээлдээ нийт 500 гаруй хүүхдийг оролцуулсан бөгөөд нийт 35 анги хийгдсэн. Киногоороо бид хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх нөлөөллийн ажлууд чухал болохыг илэрхийлсэн.

Охидын эрхийг хамгаалах энэ өдөр уран бүтээлч хүний хувьд, охид минь өөрсдөө эрхээ хамгаалах нь нэн тэргүүнд чухал гэдгийг хэлмээр байна. Зөв найзаа сонгон нөхөрлөх зэргээр зүрх сэтгэлийн боловсролтой байхыг уриалж байна. Харин эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг байгаасай” хэмээн ярив.

“ЕБС-д нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл хангалттай хэмжээнд орохгүй байна”

Нарны охид төслийн төлөөлөл

“Манай төсөл үндэсний хэмжээний өсвөр насны охидын хөгжил, боловсролд анхаарч, сургалтын арга хэмжээ явуулдаг. Дөрвөн жилийн хугацаанд манай төсөлд 4,000-5,000 охин хамрагдсан.

Манай улсын ЕБС-уудад 2018 оноос хойш Эрүүл мэндийн хичээл эргэн орж эхэлсэн ч уг хичээлээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл нь хангалттай биш байна.

Үүний нэгэн жишээ нь манай төсөлд хамрагдсан охид өсвөр нас гэдгээ ч мэдэхгүй байна. Тэдний ихэнх нь 15-16 гэж хариулдаг. Гэтэл ДЭМБ, НҮБ-аас 10-19 насны охидыг өсвөр насны охид гэж албан ёсоор тодорхойлсон байдаг.

Ядаж ийм зүйлийг нь ТББ ярих биш, Эрүүл мэндийн хичээлээр нь мэдлэг болгож орсон байх хэрэгтэй.

Өсвөр насанд биед нь ямар өөрчлөлт явагддаг вэ гэдгээ тэд ерөнхий боловсролын хичээлээрээ мэдэж авах хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдийн авто замаар нүүрс тээвэрлэн хоёр дахь Цагаан хад болгох гэж байгааг эсэргүүцэж байна


Замын-Үүд суманд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, улам хүндэрсэн талаар өнөөдөр улс хоорондын ачаа тээврийн жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Замын-Үүд суманд стандартын бус аргаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байгааг мэдээллийн эхэнд онцлов.

Энэ талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн төлөөлөл н.Эрдэнэбилэг “38 мянга гаруй иргэн амьдардаг Замын-Үүд сумын суурьшлын бүсэд авто замаар нүүрс тээвэрлэлт явуулах гэж байгааг сумын иргэд эсэргүүцэж, явуулахгүй байх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт уламжилъя. Ганц хилийн боомтоороо нүүрс тээвэрлэдэг болчихвол хоёр дахь Цагаан хад болж хувирна шүү дээ. Замын-Үүд сумын иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах хэрэгтэй. Манай суманд нүүрс тээврийг татах терминал ч байхгүй бөгөөд ямар ч боломжгүй” гэв.

Жолооч нарын төлөөлөл “Үнийн хөөрөгдлийн асуудлыг ярихдаа тээвэрчид үнэ өсгөж байна гээд буруу мэдээллийг нийгэмд өгч байгаа нь харамсалтай.

Бодит байдал дээр Замын-Үүд боомтоор иргэдийн тээврийн машинаас 25 машин л өдөрт ордог. Харин “Засгийн газар, онцгой газрын цохолттой нүүрс тээврийн машин” гэх нэрийдлээр өдөрт 40-50 машин орж байна.

Эрээн хот руу орох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийг бид шаардаж байгаа. Ингэвэл хүссэн хүсээгүй ачаа тээврийн үнэ бууна. Үнэхээр Эрээн рүү монгол жолооч авах боломжгүй байгаа бол Эрээнээс Өвөрмонгол жолооч нэмж гаргаж өг. Бид эндээс тээврийн хэрэгслээ 100-гаар нь чөлөөтэй гаргадаг болъё. Ингэж байж үнийн хөөрөгдөл бодитоор буурна. Энэ нь ч хамгийн зөв шийдэл.

Гацаа үүсэж байгаа шалтгааныг бид огт мэдэхгүй байгаа юм. Эрээний талаас л хориг тавиад байна гээд байгаа. Олон жилийн туршлагаас харахад уг нь Эрээнд 100 байтугай машин авах талбай, склад хангалттай байдаг. Энэ ойлгомжгүй асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Бид Засгийн газраас тавьсан гэрээний дагуу л ажиллаж байгаа. Иргэд бухимдаад ирэхээр энэ жолооч нар л тээврийн үнийг нэмээд байгаа мэтээр буруу тайлбарлаж явдаг.

Хоёрдугаарт гэвэл цар тахал гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Жолооч нар аль хэдийнээ өвчний талаар ойлголттой болчихсон. Тэгтэл яам, дарга сайд, харьяа агентлагийн нэрийг бариад Замын-Үүд дээр янз бүрийн компани орж ирээд зориулалтын бус үйл ажиллагаа явуулахаа болихыг хүсье” гэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Т.Доржханд: Иргэд сонгуульд оролцолгүйгээр эрх барьж байгаа намд бухимдлаа илэрхийлж байна


Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн дүнд бид нийтээрээ харамсаж байна. Сонгогчдын 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ.

Эрх баригчид машин машинаар иргэд, дүүрэг, хороод, төрийн өмчийн компанийн ажилтан, албан хаагчдыг зөөж ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байна. Маш олон хүнийг зөөсөн ч сонгууль ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явах юм бол ардчилсан сонгууль, ардчилал нуран унах нөхцөл байдалд байна.

Иргэдийн 60 хувь нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэжээ. Энэ бол эрх баригч болоод улс төрийн намуудад өгч буй маш том сануулга гэж бид харж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд бензины хомсдол үүсэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсэн олон жагсаал цуглаан боллоо. Иргэд маань эрх барьж байгаа намд бухимдлаа сонгуульд оролцолгүйгээр илэрхийлж байна.

Үнэндээ монголын ардчилал дүүрэг, хороо, сум, багийн дарга, тэдний дор ажиллаж байгаа албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна.

Иймд бид өчигдрийн сонгуулийн дүнг үндэслээд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авахыг эрх баригч болон бусад намуудад уриалж байна. Үүнд:

  • Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй.
  • Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруула, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгоё.
  • Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоё.

Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс хүсэж, уриалж байна. Мөн нэг намын тогтолцоог бий болгож байгаагаа өөрчлөхийг МАН-аас шаардаж байна.

Түүнчлэн саналаа өгөөгүй иргэдэд хандаж хэнийг сонсох нь хамаагүй, сонгуульдаа идэвхтэй оролцооч гэж хүсэж байна” гэв.

Хөдөлмөрийн үндэсний намын нарийн бичгийн дарга Д.Гантулга “Сонгинохайрхан дүүрэгт сонгууль болсонгүй. Нийт 113,993 иргэн сонгууль өгөх ёстойгоос 45,151 хүн буюу 39,6 хувь нь саналаа өглөө. Өчигдөр өдөржин МАН-ын зуу зуун машин хүн зөөж, санал авах байрны гадна тэдгээр хүмүүсийг түрүүлж бүртгээд, оруулсан. Үүнийг ардчилсан сонгууль гэх үү эсвэл төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэх үү. Үүнд МАН-аас хариу хариулт шаардаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр Монгол төрийн бүтэц бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг намын төлөө ажиллалаа

. Цагдаа, багш, эмч, тус дүүрэг дэх утааны хяналтын 1,200 гаруй байцаагч бүгд МАН-ын төлөө ажилласан. Багш нар сурагчдынхаа эцэг эх рүү “Хорооны сургуулиа бариулахын тулд Э.Батшугарыг дэмжээрэй” гэдэг мессеж бичлээ. Хорооны ажилтнууд иргэд рүү “Э.Батшугарыг дэмжихгүй бол хорооноос өгдөг гурил, будааг өгөхгүй шүү” гэж заналхийлсэн. Ингэж төрийн эрх барьж байгаа нам төрийн бүтэц, бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгааг эсэргүүцэж байна.

Залуучууд сонгууль оролцохгүй бол Монгол Улс буцаад нэг намын тогтолцоонд орлоо. Иймд залуучууд та бүхэн нэмэлт сонгуульд ХҮН-ний төлөө саналаа өгдөггүй юм гэхэд сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэлээ

Categories
гадаад мэдээ

Томоохон компаниудын татварын доод хэмжээг 15 хувь болгохыг 136 улс дэмжлээ

Үндэстэн дамнасан корпорацуудын татварын доод хэмжээг 15 хувиар тогтоох саналыг 136 улс дэмжлээ.

Ирланд зэрэг зарим улс хэлцлийг эсэргүүцэж байсан бол дэмжиж эхлээд байна. Ирэх долоо хоногт болон аравдугаар сарын эцсээр болох “Их 20”-ийн уулзалтаар дээрх төлөвлөгөөг батлах төлөвтэй байгаа аж. Ингэснээр 2022 он гэхэд олон талт хэлцлүүд хийж, 2023 оноос хэрэгжүүлж эхлэхийг зорьж байна.

Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр Засгийн газруудад жилд 150 тэрбум ам.долларын нэмэлт орлого орно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага тооцоолжээ

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэ талаар “Бид уйгагүй яриа хэлэлцээний хүчинд АНУ-ын болон дэлхий дахины өсөлт хөгжлийг олон 10 жилийн туршид хурдасгахаар боллоо” хэмээн өөрийн цахим хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн сургуульд суралцах II ээлжийн бие бүрэлдэхүүн ОХУ-ыг зорилоо

Энэхүү арга хэмжээнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү, хэлтсийн дарга Д.Содномдаржаа, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир нарын хүндэт зочид оролцлоо.

Суралцагчдын эцэг, эхийг төлөөлж БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Ганбат бие бялдар, хүсэл зориг, оюун ухаанаараа шалгарч, эрдэм сурахаар мордож буй залуустаа амжилт хүсээд “Хүний нутагт бие биедээ түшиг болж, ядарсан нэгнээ өөд татаж, задарсан нэгнээ засаж залруулж, эрдэм номдоо шамдаж, эрүүл мэндээ хичээж, эрдмийн их далайгаас сувдыг нь шүүрч, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, манлайлж явахыг эцэг хүний хувьд, Зэвсэгт хүчний офицер хүний хувьд хүсэн ерөөж байна” гэлээ.

Дараа нь БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү суралцагчдад хандсан Батлан хамгаалахын сайдын үүрэг даалгаврыг уламжилсан юм. Тэрбээр “Дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын улмаас та бүхний суралцах үйл ажиллагаа багагүй хугацаагаар хойшлогдсон ч Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласнаар өнөөдөр та бүхэн эрдмийн аяндаа мордож байна. Та бүхэнд бие биедээ дэмтэй байж, өөрийнхөө болон нөхдийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалж, өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга бат, сурлагаар бусдыгаа манлайлж, эх орныхоо, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, цэргийн эрдэмд шамдан суралцахыг үүрэг болгож байна” гэв.

Ийнхүү цэргийн академи, их, дээд сургуульд суралцах II ээлжийн бие бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоор аян замдаа мордсон юм. Монгол Улс болон ОХУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа нь тэртээ XX зуунаас эхэлж, хуучнаар ЗХУ-д цэргийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж ирсэн арвин түүхтэй бөгөөд 2007 оноос эхлэн ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд жил бүр 50-100 орчим цэргийн алба хаагчийг суралцуулахаар илгээж, өнөөдрийн байдлаар Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчин, Хил хамгаалал, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагчийг ОХУ-ын 14 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр суралцуулан бэлтгэж байна.

ОХУ-ын Воронеж хотын Нисэхийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан Б.Ганзоригийн аав, ээж хүүгээ үдэхээр хөдөө орон нутгаас ирээд байхтай таарлаа. Нисэхийн аэродромын инженер мэргэжлээр төгсөх хүүгээ зургаа дахь жилээ үдэж буй ээж “Анхны жил Төмөр замын буудлаас хүүгээ үдээд уйлаад зогсож байсныг бодвол цаг хугацаа хурдан юм аа, төгсөөд ирэх дөхсөн байна. Урьдын л адил хүүдээ “Олон түмэнтэйгээ эвтэй яваарай” гээд, эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа байнга дэмжиж явахыг хичээнгүйлэн захилаа даа” гэлээ.

ОХУ-ын Цэргийн их сургуулийн Цэрэг улс төрийн академийн сонсогч, ахмад Б.Уранбаатар эхний жил хэлний бэлтгэлдээ суралцаад ирсэн бөгөөд энэ жилээс Улс төрийн ажилтан-сэтгэл зүйч гэсэн үндсэн мэргэжлээрээ суралцахаар явж байна. Цаашид эзэмшсэн мэргэжлээрээ, ялангуяа сэтгэл зүйчийн ажлын хүрээнд Зэвсэгт хүчинд олон талын үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөл боломж их байгааг олж харж байгаа талаараа дурдаад, илүү өргөн хүрээнд хичээнгүйлэн суралцах болно гэж эрдмийн аяны өмнөх сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Воронеж хотын Нисэхийн дээд сургуульд Нислэгийн ашиглалтын инженерээр сурахаар анхны жилдээ явж буй дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Зэвсэгт хүчин жилээс жилд хөгжиж байгаа. Тиймээс би тэрхүү хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, алсаас удирдах зэвсэг, техникийг сонирхон судалж, сайн сураад, ирээдүйд аав шигээ сайн офицер болно. Миний аав Зэвсэгт хүчний хурандаа хүн” хэмээн үе дамжсан цэргийн хүүгийн сонголтоо бахархангуй өгүүлсэн юм.

Краснодар хотын Цэргийн нисэхийн дээд сургуульд нисэхийн инженер мэргэжлээр суралцахаар мордож буй дэд ахлагч Г.Сэргэлэнбаатар “Суралцах хуваарь авснаасаа хойш цар тахлын нөхцөл байдлаас бүтэн нэг жилийг тэсэж ядан өнгөрөөлөө. Маш их баяртай байна. Ихийг сураад, эх орондоо сайн боловсон хүчин болоод ирнэ” гэв.


Categories
амьдралын-өнгө мэдээ

Танк эсэргүүцэгч их бууны сум олжээ

Кабелын нүх ухаж байсан иргэд байлдааны зориулалттай сум олжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын долдугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан иргэд байлдааны зориулалттай сум олсон байна. Энэ тухай дуудлагыг 10-ны өдрийн 17:01 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээж авсан байна.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид очиход 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны нэг ширхэг сум байсныг тууз татан хамгаалжээ. Түүнчлэн тухайн газрыг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд авсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын охидын өдөрт зориулан “Бүүвэй-Бүү айг” суулт хийж байна

Олон улсын охидын өдөр өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхаглажээ.

Эл өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.

Цар тахлын улмаас суралцах, ажиллах, бусадтай харилцахын тулд хүмүүсийн цахим орчинд өнгөрүүлэх цаг эрс нэмэгдээд байна. Гэвч дэлхий дахинаа 25-аас доош насны 2.2 тэрбум хүн гэрээсээ интернэтэд холбогдох боломжгүй нөхцөлд амьдарч байгаагийн ихэнх нь охид байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлжээ. Охид технологийн салбарт ажиллах боломж, тус салбарыг сонгох нь хөвгүүдээс хэд дахин бага байдаг нь цахим хэрэгслийн хүрэлцээтэй холбоотой хэмээн НҮБ-ын Хүүхдийн сан тайлбарлажээ. Тиймээс охидыг цахим хэрэгслийг ашиглан бусадтай харилцах, асуудлаа шийдвэрлэх боломжийг олгохыг уриалан энэ жилийн Олон улсын охидын өдрийг “Бидний үе-Дижитал үе” гэсэн уриан дор зохион байгуулж байна.

Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос эл өдөрт зориулан бага насны охидын эсрэг үйлдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр “Бүүвэй-Бүү айг” суултыг төв талбайд хийж байна. Хаалттай хаалганы цаана бусдад мэдэгдэхгүй насан туршдаа хохирч, шаналж байгаа хэдэн мянган үрс аврал эрэн “Чимээгүй хашгирч” байж мэднэ гэдгийг ойлгуулахаар энэхүү суултыг зохион байгуулж буй юм.

Дэлхийн хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бэлгийн хамтрагчийнхаа үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд, таван эмэгтэй тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэсэн статистик тоо мэдээлэл бий.

No description available.

No description available.


Categories
мэдээ нийгэм

Засгийн газар танаж, тэвчиж болох зардлаа хэмнэх нэг ч заалт тусгаагүй байна

Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагынхан мэдээлэл хийлээ.

2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн ЗГ хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдсэн Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл нь МУ-ын Үндсэн хууль болон бусад маш олон хууль тогтоомж, ОУ-ын гэрээ, хүний эрх, нийтийн эрх ашиг сонирхлыг бүхэлд нь зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах, шударга ёс, хууль ёсыг үл хэрэгсэх зэрэг эрсдэл дагуулж байна гэв.

Тэд “Цар тахлын үеийн эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлж, дэмжих хуулийн төсөлд Засгийн газар танаж, тэвчиж болох зардлаа хэмнэх нэг ч заалт тусгаагүй, сөрөг нөлөөтэй хуулийн төсөл боловсруулж батлуулах гэж байгааг эрс эсэргүүцэж байна” гэсэн юм.

“Мөн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авч, олборлолт явуулахад тухайн аймаг, нэгж, ард иргэдээс санал авахгүй гэсэн байна. Ямар ч тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт байхгүй гэсэн үг. Одоо байгаа уул уурхайн компаниудынхаа замбараагүй үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байж ийм хуулийн төсөл хэлэлцүүлэх гэж байгаа нь шударга бус байна. Манай улсад ашигт малтмалын 920 зөвшөөрөл, гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 325, хамтарсан 141 лицензийг эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Уул уурхайн тусгай зөвшөөрөл бидэнд багадаагүй. Хяналтаа ч тавьж чадахгүй хэр нь ард түмний эрх ашгийг хөсөрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль батлах гэж байна. Уул уурхайн өрөмдлөг, газар ухсанаас болж манай улсад жилд 400-500 удаа газар хөдөлдөг болсон” гэлээ.

Тиймээс тэд Коронавируст цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийг эсэргүүцэхгүй ч нэгдүгээрт, бэлэнчлэх сэтгэлгээтэй буюу зөвхөн уул уурхай, байгалийн ашигт малтмалаа ашиглаж байгааг эсэргүүцэж, хуулийг эргүүлэн татахыг шаардаж байна. Хоёрдугаарт, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмж хүргүүлэх байдлаар хуулиа дахин боловсруулахыг шаардаж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Хүн төрөлхтөн коронавирустай хийх тэмцлийнхээ 60 хувийг туулж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ахлах эрдэмтэн Сумья Сваминатан хүн төрөлхтөн удахгүй коронавирусийн эсрэг тэмцлийнхээ 60 хувийг туулж байна гэж мэдэгджээ. Тэрээр коронавирусийн шинэ хувилбарууд бүртгэгдэхийг үгүйсгэсэнгүй. Мөн улс орнуудад вакцинжуулалтын ажлын явц маш их ялгаатай байгаа талаар дурджээ. Ялангуяа Африкийн орнуудад дархлаажуулалт хангалтгүй буюу 4 хувиас бага байгаа бол зарим хөгжилтэй оронд энэ үзүүлэлт 70-80 хувьтай байгаа гэсэн юм.