Categories
мэдээ нийгэм

Үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр худалдах өдөрлөг энэ сарын 12-14-ний өдөр болно

Үндэсний үйлдвэрлэлийн ноос ноолууран эдлэл, арьс ширэн болон эсгий ширмэл гутал хувцас, гэр ахуй, гоо сайхан, модон эдлэл гар урлалын бүтээгдэхүүнээс гадна өвлийн улиралд амин дэм нөхөж, дархлааг дэмжих төрөл бүрийн ургамлын цай, эмийн ургамлууд, цэвэр зөгийн бал, сүү цагаан идээ, үндэсний хэв маяг шингэсэн бэлэг дурсгалын зүйлс гэх Нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр буюу “Гараас-гарт” худалдан авах ховор боломжийг олгож буй нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 12-14-ний өдөр Сүхбаатарын талбайд болно.

Уг өдөрлөгт Улаанбаатар хотын есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй 130 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Мөн НЖДҮҮДТөвтэй хамтран ажилладаг Олон Улсын HIS mongolia ХХК, Монгол-Японы төв, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг JIZ зэрэг байгууллагууд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ба Оюуны өмчийн газар, Зээлийн батлан даалтын сан, Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮҮДТөвийн мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгнө.

Улаанбаатар хотод 1.5 сая гаруй иргэн ажиллаж, амьдардаг ба үүнээс нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэдний 70 хувь буюу 700 мянган иргэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгчид байдаг. Иймд иргэд та бүхэн ЖДҮҮ Эрхлэгчдээ дэмжин, эх оронч худалдан авалтыг хийж, хамтдаа “Ковид-19” цар тахлыг даван туулахыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн таван үйлчилгээг нэг дороос авах боломжтой

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой 5 нэр төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаанд нэвтрүүлжээ. Үүнд:

  • Импортын /шинээр/ бүртгэл
  • Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих
  • Улсын дугаар солих зэрэг үйлчилгээ орж байна.

Иргэн, хуулийн этгээд нь дээрх үйлчилгээг өөрт хамгийн ойр байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Баянгол” салбараас авах боломжтой аж.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаар тус төвийн дарга Б.Ууганбат танилцууллаа. Тэрээр юун түрүүнд төрийн үйлчилгээг авах иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбарыг үе шаттайгаар шинээр байгуулж байгааг мэдээллээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж байгааг танилцуулав.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл: Ардчилсан нам дахиад л ялагдал хүлээх нь илт боллоо

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т боллоо.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны сонгогчид оролцож, саналаа өгөв. 22 цаг санал хураалт дуусахад сонгуулийн ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 34 хувь, харин 28 дугаар тойрог буюу СХД 39 хувьтай байв. Ингэснээр энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл цахим хуудсандаа “АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү гурван сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйдэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд, төрд итгэх итгэлээ өдөр бүрээр гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа.

АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.

Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлэрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчдэдээ, Үүл баатартаа, асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхдөдөө баярлалаа.

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа” гэжээ.

Нөхөн сонгуулийн ирц хүрээгүй ч урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3544, 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл 4925 санал тус тус авчээ.

Categories
мэдээ нийгэм

​Энэ оны долдугаар сараас хойш улсын хэмжээнд 5766 өрх хүнсний талон авахаа больжээ


2021 оны долоо, найм, ес, аравдугаар сард нийт 5766 өрх хүнсний талон авахаа больсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Түүнчлэн хэд хэдэн аймаг болон нийслэлийн Баянгол дүүргийн нэг хорооны өрхүүд хүнсний талон авдаггүй болжээ.Тодруулбал,

  • 2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум Хүнсний талонгүй сум
  • 2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон
  • 2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан
  • 2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо, Өмнөговь аймгийн Хүрмэн
  • 2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ
  • 2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16-р баг, Улаанбаатар Баянгол дүүргийн 2-р хороо хүнсний талон авдаг өрхгүй болж, ажлын байранд зуучлагдсан байна.

“2022 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа илүү тэлнэ. Байгаа хөтөлбөрүүд дээр “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нэмэгдэнэ. Өрх дээр суурилсан “Төгсөлтийн аргачлал”-аар урт хугацааны туршилт хөтөлбөрийн төсөл эхэлж байна” хэмээн А.Ариунзаяа сайд бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: ХӨСҮТ-ийн засвар шинэчлэлийн төсвийг донор байгууллагуудын санхүүжилтээр шийдэхээр судалж байна

ХӨСҮТ-ийн барилга засвар үйлчилгээ хийгээгүй удсанаас эмнэлгийн дотоод орчин хүн ажиллах, өвчтөн эмчлүүлэхэд маш хүндрэлтэй байгааг цахим орчинд дэлгэж байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийг орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд сэтгүүлч сануулаад, ирэх оны төсөвт энэ эмнэлэгт ямар хөрөнгө оруулалт тусгасныг тодруулав.

Сайд Б.Жавхлан, ХӨСҮТ үнэхээр сэтгэл эмзэглүүлмээр юм билээ. Би өөрөө ковид тусаад тэнд хэвтэхдээ мэдсэн.

Ирэх онд ХӨСҮТ, ХСҮТ-д онцгой анхаарал хандуулна. ХӨСҮТ-д гэхэд 100 гаруй сая долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байгаа учир ирэх оны төсөвт тусгавал том дарамт болно. Тиймээс энэ асуудлыг гадны донор байгууллагуудын зээл тусламжаар нэг мөр дорвитой шийдэхээр ярилцаж, судалж байгаа. Улсын төсөвт суулгаад дийлэхгүй гэлээ.

Categories
мэдээ спорт

Монголын шатарчид Азийн шилдэг 10 багийн тэмцээнд өрсөлдөнө

БНХАУ-ын Чиндао хотын спортын хороо болон Хятадын Шатрын холбооноос хамтран зохион байгуулж буй Азийн шилдэг 10 багийн тэмцээн энэ сарын 14-16-нд болно. Тойргийн системээр хийх тэмцээнд Монгол Улсын баг өрсөлдөнө.

Манай багийн бүрэлдэхүүнд Их мастер Г.Мөнхгал, Д.Батсүрэн, олон улсын мастер Ү.Агьбилэг нар оюунаа сорино.

Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллахаар Арабыг зорилоо -  Аварга сургууль

Монголын багийг Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Их мастер А.Энхтуул ахална.

Categories
мэдээ нийгэм

Есөн дүүргийн ИТХ-ыг хамруулсан нэг сарын аяны үр дүнг хэлэлцлээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” төсөл болон Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба хамтран нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хамруулсан нэг сарын аяныг 2021 оны есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд зохион байгуулж, үр дүнгээ хэлэлцлээ.

Оролцогчид тогтвортой хөгжлийн зорилтын аль нэг зорилгын хэрэгжилтийн талаарх судалгааг өөрийн дүүрэгт хийж, түүнд хүрэх арга замыг тодорхойлсноо энэ сарын 8-ны өдөр танилцуулж, үр дүнгээ гаргав. “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан. Тодруулбал энэхүү хөтөлбөр нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

НҮБ-аас нийт 17 зорилгыг баталж, дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг дэмжих, чанартай боловсролыг дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, тэгш бус байдлыг бууруулах…зэрэг 17 зорилгоос дүүргүүд өөрийн дүүрэгт аль нэг зорилтыг хангах боломж, нөөцийг хэрхэн тодорхойлсноо бусад дүүрэг болон үнэлгээний багт хуваалцав. Улмаар Баянзүрх дүүрэг “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх”, Багануур дүүрэг “Төрийн албаар үйлчилүүлсэн сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа хүн амын эзлэх хувийг өсгөх нь” сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, хүрэх үр дүнгийн арга замыг тодорхойлсон шийдлээрээ тэргүүллээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтар ”Нэг сарын аяны маань хамгийн гол үр дүн нь шийдлээ тодорхойлох байсан. Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос сонгож авсан зорилгодоо хүрэх арга замыг дүүргүүд маань тодорхойллоо. Тиймээс үр дүнд хүрэх чиглэлд дүүргүүдийн ИТХ-ын байгууллагууд манлайлан ажиллаарай” гэв.

Түүнчлэн 2022 он бол дүүргүүд санхүү, төсвийн боломж бололцоо нэмэгдэх он жилүүдийн эхлэх болно. Өөрөөр хэлбэл эрх зүйн шинэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан гурван нэр төрлийн орлого дүүргийн төсөвт шууд орно. Тиймээс энд танилцуулсан зорилтуудаа үр дүнд хүргэх чиглэлээр орон нутгийнхаа төсөвт тусгаж ажиллах боломж бололцоо нээгдсэн гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ц.Долоонжин онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Дээд шүүхийг Хангарди ордон руу нүүлгэх чиглэл өгчээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж буй нийт шүүгчийн чуулганд оролцож үг хэлсэн.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Цар тахал, эдийн засгийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн хомсдол гээд хүндрэлтэй асуудал олон байгаа хэдий ч Монголын төр засаг шүүхийн байр, материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн байрыг шийдэх асуудал бол угтаа Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж буй асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал огт биш юм.

Иймээс Төрийн тэргүүний хувьд Улсын Дээд шүүхийг улсынхаа төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаагаа явуулаасай хэмээн хүсэж байна. Энэ талаар миний бие Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” хэмээсэн юм.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэн шилжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт өгөөд буй.

Нийслэлийн Засаг захиргааны шинэ байр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор “Хангарди” ордны барилгыг хувьчлах шийдвэрийг НИТХ-аас хоёр жилийн өмнө гаргасан. Шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах зар түгээсэн ч “Хангарди” ордны дараагийн эзэмшигч одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хангарди ордныг дуудлагаар худалдаалах шийдвэр гарч, 2020 онд зохион байгуулах ёстой байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас шийдэгдээгүй. Анхны үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Нийслэлийн одоогийн байр бол нийслэлийн өмч. Үүнийг хэрхэхийг НИТХ-аас шийдвэрлэнэ” хэмээж байв.

Нийт 9774.7 ам.метр талбайтай 15 давхар бүхий “Хангарди” ордны барилгад нийслэлийн 14 газар, агентлаг үйл ажиллагаа явуулдаг.

Categories
мэдээ нийгэм

Сайн дурын жолооч нарт 10 сая төгрөгийн шатахууны эрх хандивлалаа

Коронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 36 жолооч сайн дураараа ажиллаж байгаа юм. Эдгээр жолоочтой НЭМГ гэрээ хийн, өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрх өгч байгаа. Тэгвэл өнөөдөр “Юбикаб” ХХК-ийн зүгээс нэг сарын турш хэрэглэх 10 сая төгрөгийн шатахууны эрхийг сайн дурын жолооч нарт хандивлалаа.

“Юбикаб” ХХК -ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төлөөлөгч О.Билгүүн “Халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байгаа. Тиймээс иргэд өрхийн эрүүл мэндийн төвийнхөө хяналтад, гэртээ эмчлүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд цаг алдалгүй эм хүргэх ёстой учир тээврийн асуудал чухал юм. Тиймээс сайн дураараа ажиллаж байгаа жолооч нарт нэмэгдэл болгож, өдрийн 10 мянган төгрөгийн шатахууны эрх хандивлаж байна. Үүгээрээ бид бусад хувийн хэвшлээ цар тахлын эсрэг ажилд нэгдэхийг уриалж байна” гэлээ.

Мөн хандивлаж байгаа 10 сая төгрөгийн шатахууны зарцуулалтад хяналт тавьж ажиллана гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хурандаа Ж.Амгалан хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Х.Ганхуяг: Хамтран хууль санаачилсан гишүүдээ дайралтад өртүүлж байгаад уучлал хүсье

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна.

Үүнтэй холбогдуулан уг төсөлд гарын үсгээ зурж дэмжсэн П.Анужин, Д.Өнөрболор нар байр сууриа өөрчилж, төслөө эргүүлэн татахыг Х.Ганхуяг гишүүнээс шаардсан. Харин Х.Ганхуяг гишүүн дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Хүчин мөхөс эдийн засагтай байлгах хүсэл чухам хэнд ашигтай байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хольж хутгаж, холбож, харлуулах гэж хичээж байгаа үйлдлүүд нөхөн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн өнгөцхөн явуулга байж болох ч ард иргэдэд бодит байдлаас гажуудуулсан мэдээлэл өгч, эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжлийг сааруулсан хор хөнөөл дагуулах байдлаар үргэлжлүүлж байгаад туйлын харамсалтай байна. УИХ-ын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажлаа хүлээн авсан цагаас эхлэн салбар бүрийн төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзалт хийж, өнгөрсөн оны есдүгээр сард төрийн ордонд гадаад худалдаа хөрөнгө оруулалтын Roundtable форумыг нэр бүхий гишүүүдийн хамтаар санаачлан зохион байгуулж, 400 гаруй бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамддаг гол асуудал нь одоогийн хэрэгжиж буй хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган доллараас багагүй хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн заалтнаас болж хөрөнгө оруулалт авч чаддаггүй, тухайлбал 50:50 хувийн хамтарсан компани байгуулах тохиолдолд Монгол иргэн мөн адил 100 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсдэг талаар МҮХАҮТ, Америкийн худалдааны танхим болон олон бизнес эрхлэгчдийн зүгээс санал хүсэлтүүдээ илэрхийлж байсан юм.
Түүнчлэн энэ 100000 ам.доллар бодитоор Монгол Улсын эдийн засагт орж байгаа эсэх нь тодорхойгүй, цөөнгүй тохиолдолд компани байгуулах үед дансандаа байршуулж байгаад эргээд татдаг, төлбөр байршуулсан мэдээллийг тодорхой хэмжээний төлбөртэйгөөр гаргаж өгдөг зэрэг далд эдийн засагт шилжсэн сайнгүй жишгүүдийн талаар ч бизнес эрхлэгчдийн зүгээс маш олон санал хүсэлтүүд ирснийг үндэслэн тоо баримт, холбогдох судалгаа, оролцогч талуудын санал зөвлөмж дээр тулгуурлан хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болдог босго дүнг халж, хөрөнгө оруулагч статусын виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулах өөрчлөлтийг л тус хуульд оруулсан билээ. Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа хамгаалах тусгай хууль эрх зүйн зохицуулалттай. Хөрөнгө оруулалтын хуульд дээрх өөрчлөлт орсноор аливаа хөрөнгө оруулагчид иргэншил олгох, оршин суух эрхийг шууд олгох эрх зүйн ямарч үндэслэлгүй гэдгийг онцолмоор байна.

Бидэнд хонгилын улс төр, далд эдийн засаг, туйлдаж ядарсан иргэд биш цаг үетэйгээ уялдсан бодлого шийдвэр, түүний үр дүнд ард иргэдийн амьжиргаа бодитоор дээшлэх, олон олон үйлдвэрлэл эрхлэгчид дэлхийн зах зээлд гарах нээлттэй боломж юунаас ч чухал гэдгийг бизнесийн салбараас төлөөлөн гарсан гишүүний хувьд, хийж бүтээх зорилготой залуу хүний хувьд, Баянгол дүүргийн 232 мянга гаруй сонгогчдыг төлөөлж байгаагийн хувьд энэ мэт явуургүй үйлдлээс болж ухарч няцаж, бухаж чичлэх үйлдэл гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн төслийг хамтран санаачилсан бусад гишүүд, гэр бүл, үр хүүхдийг элдвээр заналхийлэх үйлдлүүд гаарч, маш их дайралтуудад өртөж байгаад уучлал хүсье” гэлээ.