Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “50 мянган ам.долларын айдас, нарийн царигийн айдастай яг адилхан!?” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Доржханд “Өнөөдөр МАН ялж болно. Харин маргааш үндэстнээрээ ялагдана” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Доктор, дэд профессор Д.Одгэрэл “Засгийн газар цар тахлын хуулиар
далимдуулж эрх мэдэл, мөнгө санхүүг
төвлөрүүлэн арван их наяд төгрөг
хувааж идлээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “50 мянган ам.долларын
айдас, нарийн царигийн
айдастай яг адилхан!?” хэмээн өгүүллээ.

Монгол
Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг “Сайн муугаа ил тод
ярьж байж улсын эмнэлгүүдээ
янзалж авмаар байна шүү дээ.
Түүний тулд л орилоод байгаа юм” гэлээ.

“Дуулианы эргэн тойронд” буланд Хуульч Д.Отгонбат “Иргэдийн мөнгөн хөрөнгийг
хадгалж байсан субьект нь“Хаан банк” учраас
иргэний хариуцагчаар татах боломжтой” хэмээн ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүдийн 41 хувьд эмчилгээний орны хүчин чадал хэтэрчээ

Коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч эмчилж байгаа 23 эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар эмнэлгүүдийн 41 хувь нь эмчилгээний орны хүчин чадал хэтэрсэн, 23 хувьд нь нэг эмчид 30-70, нэг сувилагчид 120-130 өвчтөн ноогдож байгаа бөгөөд эмнэлгүүдийн 41 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна.

Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувийнх нь биеийн байдал хүнд, маш хүнд байна. Иймээс нэг хүнд үзүүлэх тусламж үйлчилгээний үргэлжлэх хугацаа уртсаж, орны эргэлт удаашрах шалтгаан болжээ.

Ор зохицуулалтын багт дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, мөн хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохимолоор нэмэгдүүлж байна гэсэн юм. Тиймээс Нэгдсэн штабаас Ор зохицуулалтын баг, Дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийж, эмнэлгийн эмч, ажилтнуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонголоо

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор заасан. Анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн бөгөөд эдгээр шүүгчид нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар танилцуулга хийж, шүүгчдийн асуултад хариуллаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгов. Нийт шүүгчийн олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталлаа.

Нийт шүүгчийн Анхдугаар чуулганы үеэр Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, иргэн төвтэй, хариуцлагатай шүүхийн асуудлаар нийт шүүгчдэд хандаж, үг хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны оюутан, багш нарыг вакцины III тунд хамруулж байна

БШУЯ, ЭМЯ болон Монголын Оюутны холбоотой хамтран дотуур байранд амьдарч буй оюутнууд, их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр вакцины III тунд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд нийт 54 дотуур байранд 7900 гаруй оюутнууд бий.

Өчигдрийн байдлаар АШУҮИС-ийн оюутны байр, Оюутны өргөө 1, 2 дээр АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа.

Дотуур байрны оюутан, багш нарыг вакцины III тунд хамруулж байна

БШУЯ, ЭМЯ болон Монголын Оюутны холбоотой хамтран дотуур байранд амьдарч буй оюутнууд, их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр вакцины III тунд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд нийт 54 дотуур байранд 7900 гаруй оюутнууд бий.

Өчигдрийн байдлаар АШУҮИС-ийн оюутны байр, Оюутны өргөө 1, 2 дээр АШУҮИС, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудыг нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа.


Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын Шаньси мужид үер болж, нүүрсний фьючерс үнэ шинэ дээд түвшинд хүрлээ

БНХАУ-ын нүүрсний нийлүүлэлтээр тэргүүлэгч Шаньси мужид үер болж, нүүрсний фьючерс үнэ шинэ дээд түвшинд хүрч өсөөд байна.

Үерийн улмаас таван хүн амь үрэгдэж, 120 мянга орчим хүн орон гэргүй болоод байгаа төдийгүй далан нурж, 682 уурхайн 60 гаруй нь хаагдаад байгаа аж.

БНХАУ дахь эрчим хүчний нүүрсний үнэ 11.6 хувиар өсөж, тонн нь 1408 юань болоод байна.

Үүнээс гадна тус улсад үүсээд буй эрчим хүчний хямралтай холбоотойгоор Өвөр Монголын Өөртөө Засах орны Вухай, Ордос зэрэг 72 уурхайн гарцыг энэ онд 100 орчим тонноор буюу 55 хувиар нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.

Харин Монгол Улсын хувьд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар нүүрс тээврийн 500 гаруй автомашин гарч байсан бол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 400 орчим автомашин гарсан байна.

БНХАУ-д эрчим хүчний хямрал үүссэнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт, үнэ нь өсөөд байгаа юм.

Харин цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсаас гарах экспорт буураад байна. Одоогоор жолооч нарыг 40 хүртэл хүнтэй “битүүмжилсэн баг”-ийн зохион байгуулалтад оруулан тээвэрлэлтэд ажиллуулж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлсэн юм.

Баасан гарагийн байдлаар Цагаанхад суурьшлын бүсэд 124 битүүмжилсэн багийн 3402 жолооч байгаа юм байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу ирэх оны долоодугаар сард дуусна гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Прокуророос эрүүгийн 195 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны аравдугаар сарын 4-8-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 210 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 426 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2022 хэрэгт хяналт тавьж, 195 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

О.Дашпагма: Нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байна

Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна. Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа. Үүний 17 хувь буюу 184.753 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад байна.

-Цахим орчинд III тунд хамрагдаад дархлаа суларч, халдвар авлаа гэх мэдээлэл гараад буй. Дархлаажуулалтын хувь ийм бага байгаа нь тус мэдээлэлтэй холбоотой юу?

-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид 19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг тодотгоё. Бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусийн эсрэг тэмцэх дархлааны түвшин буурч байдаг. Тиймээс дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусээс хамгаалах түвшинд хүрдэг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн цаг үетэй давхцан вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэн халдвар авсан байх үедээ вакцин хийлгэсэн байх магадлалтай байдаг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн, дэгдчихсэн байгаа тул хаанаас ч, хэзээ ч халдвар авах боломжтой гэсэн үг. III тунгийн дархлаажуулалт нь дельта хувилбарын тархалт хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн цаг үетэй давхцаж эхэлсэн. Тиймээс олон нийтийг дельта хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гурав дахь тунгийн дархлаажуулалтыг өрсөж хийж байна.

-Гурав дахь тунгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай.

-“Ковид 19” халдварт өвчнөөр өвчилсөн хүн нэмэлт тунд хамрагдаж болох уу?

-Хоёр тундаа бүрэн хамрагдаад халдвар авсан хүмүүс тодорхой хугацаанд нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагагүй. Вакцин хийлгэсэн болоод халдвараар өвчилсөн иргэдэд дархлааны түвшин тодорхой хугацаанд өндөр байдаг гэх судалгаа гарсан. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хэсэг хугацаанд нэмэлт тунг хийлгэхгүй байж болно.

-Хотын харьяалалгүй иргэд нэмэлт тунд хамрагдахыг хүсвэл хаана хандах вэ?

-Нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, дүүрэг тус бүрд зохион байгуулалт хийгээд явж байна. Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа. Хэрвээ иргэн та харьяаллын бус газарт амьдарч байгаа, түр оршин сууж байгаа бол аль ч цэгт хандан нэмэлт тундаа хамрагдах боломжтой.

-III тунгийн вакциныг хийлгээд илэрч болзошгүй хариу урвалууд бий юү?

-Вакцин хийлгэсний дараа тодорхой хувьд нь хариу урвал илэрч болно. Хариу урвал нь 2-3 хоногт илрээд арилдаг. Вакцин хийлгэсний дараа халуурах, бие янгинаж өвдөх урвалууд илэрсэн тохиолдолд тухайн хүн өөртөө шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Шинж тэмдэг нь өөрт зовуурьтай байгаа тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, эрүүл мэндийн байгууллага нь урьдчилан сэргийлэх, эмчлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсээр байгаа. Хэрвээ иргэн та хоёр дахь тундаа хамрагдаад гурван сар болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө халдвараас сэргийлэх, өмнөх хоёр тунгийн нөлөөгөөр тогтсон дархлааг сэргээх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх болно. Тиймээс иргэн та нэмэлт тунгийн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

Categories
гадаад мэдээ

АНУ, Талибаны хооронд анхны яриа хэлэлцээ болов

АНУ Талибаны засаглалыг улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй ч эдийн засгийн уналтын ирмэг дээр байгаа Афганистаны нэн ядуу иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, талуудын анхны шууд яриа хэлэлцээ өнгөрсөн Бямба гаригт Катарын Доха хотноо амжилттай болж өндөрлөв.

Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр АНУ Афганистанаас хамгийн сүүлийн цэргээ татсанаас хойш талуудын хооронд өрнөсөн анхны яриа хэлэлцээ байв. Гэвч АНУ-ын талаас уг яриа хэлэлцээ Талибаны засаглалыг хүлээн зөвшөөрөх урьтал нөхцөл болохгүй гэдгийг онцолжээ. Мөн уулзалтын үр дүнгийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Харин уулзалтын талаар Талибаны улс төрийн хэвлэлийн төлөөлөгч Сухаил Шахин “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа “Талибанчууд Афганистаны газар нутгийг бусад орны эсрэг дайралт хийх түшиц газар болгохгүй гэдэг амлалтыг өгсөн” гэжээ. Мөн Афганистанд үйл ажиллагаа нь улам бүр идэвхжиж буй Исламын улс бүлэглэлийг таслан зогсоох тухай асуудал уулзалтын чухал сэдэв байв.

Тус бүлэглэл хамгийн сүүлд Баасан гаригт халдлага үйлдсэнээр Исламын шашны Шийт урсгалын 46 шүтлэгтэн амиа алдсан билээ.

Гэвч Талибан энэ асуудлаар Вашингтонтой хамтран ажиллахаас татгалзсан бөгөөд өөрсдөө бие даан шийдвэрлэх бүрэн боломжтой гэжээ. Зэвсэгт бүлэглэлийг илрүүлэн устгах зорилготой “Ардчилсан орнуудыг хамгаалах сан”-гийн ахлах ажилтан Билл Рожжио Талибанчууд Исламын улс бүлэглэлийг устгахад Вашингтоны туслалцаа хэрэггүй гэдэгт санал нэгдсэн байна.

Тэрбээр талибуудад тус бүлэглэлийг устгах хангалттай хэмжээний мэдлэг туршлага, нөөц бололцоо байгааг онцолсон юм. Үүнээс гадна Исламын улс бүлэглэл Пакистан, Иранд аюулгүй орогнох давуу эрх эдэлдэггүй нь сайн тал болж байгаа ч бүлэглэлийг бүрэн устгана гэдэг урт хугацаа шаардсан ажил болохыг Талибанчуудад анхааруулжээ.

Цаашлаад, Талибанчууд Аль-Каида бүлэглэлийг удаан хугацаанд дэмжиж ирсэн нь АНУ талибуудтай терроризмын эсрэг түншийн харилцааг тогтооход хүндрэл учруулж байгааг онцлов. Талибанчууд есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль-Каида бүлэглэлд орогнол олгож байсан нь 2001 онд АНУ-ын цэргүүд Афганистан руу нэвтрэх суурь шалтгаан болж байв.

Рожжио хэлэхдээ “Аль-Каида бүлэглэлийг тууштай дэмжиж ирсэн Талибанчуудыг терроризмын эсрэг түншээ болгох нь АНУ-ын хувьд галзуурсан үйлдэл байх болно” гэсэн юм.

Уулзалтын үеэр АНУ-ын албаны хүмүүс Афганистанаас хараахан гарч амжаагүй байгаа гадны орны иргэдийг хэрхэн шилжүүлэх тухай асуудлыг хамгийн их сонирхсон гэхэд болно. Талибанчууд энэ талаар мэдэгдэхдээ “гадаадын иргэдийг шилжүүлэх асуудалд дэмжлэг үзүүлнэ” гэхээс өөр зүйл хэлээгүй аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Казахстанд хийх айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердигийн урилгаар Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцож байна.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаевт бараалхана. Мөн тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Б.Тлеубердитай албан ёсны хэлэлцээ хийж, Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Энэхүү айлчлал манай улс 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2021” хөтөлбөр зарлагдлаа

Засаглалыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр Бодлогод залуусын хяналт ТББ-аас “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ удаад

Хөтөлбөрийн зорилго: Энэ хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох, дэмжиж, хараат бус бие даасан сэтгүүл зүйн салбарыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар: Засаглал, иргэдийн оролцоо, хууль, эрх зүйн хүрээнд чадавхжуулах сургалтуудад хамрагдах,

Сэтгүүл зүйн ур чадварын сургалтууд,

Хууль болон засаглалын чиглэлээр мэргэшсэн экспертүүдийн зочин лекцүүдийг сонсох,

Багаар бүтээл туурвих зэрэг цогц үе шат бүхий чадавхжуулах үйл ажиллагаануудад оролцогчид хамрагдана.

100 гаруй залуу сэтгүүлчдийн гишүүнчлэл бүхий “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо”-ны гишүүн бол үеийн залуусаас суралцах, хөгжих боломжтой.

Элсэгчдэд тавигдах шаардлага: Сэтгүүл зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй 25-40 хүртэлх насны сэтгүүлч, редакторууд,

Засаглал, иргэний оролцооны чиглэлээр мэргэшиж сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуу сэтгүүлчид,

Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсийн оюутнууд,

Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа, ажиллаж байсан, бичих сонирхолтой мэргэжлийн бус цөөн тооны оролцогч авах боломжтой. (өөрийн бүтээлийг хавсралтаар ирүүлэх нэмэлт шаардлагыг хангаж байвал),

Цахим өргөдөл бөглөх линк: https://forms.gle/wC5c8xEBvJTP7qRi9 ,

Хөтөлбөрийн 5 дахь элсэлт 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс 12 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Жич: Бямба, Ням гаригуудад сургалт, лекцүүдийг зохион байгуулж, багаараа сэтгүүлзүйн бүтээлийг бэлтгэж, олон нийтэд хүргэнэ.

“Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2021” хөтөлбөрийн талаарх мэдээллийг Journalistsalumni@gmail.com мэйл хаяг болон 96034774, 91001015 утсаар лавлах боломжтой.