Categories
мэдээ нийгэм

Э.Батболд: Барилгын материалын үнийн өсөлтийг дагаж орон сууцны үнэ өссөн

Барилгын материалын үнэ дагаж орон сууцны үнэ өссөн талаар БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд мэдээллээ.

Тэрээр “Орон сууцны үнэ барилгын материалын үнэ дагаад өсөж байна. Мөн ипотекийн зээл олгогдож эхэлснээс хойш эрэлт нэмэгдсэн. 2021 оны 8-р сарын байдлаар 822 тэрбум төгрөгийн зээлийг 10 мянган зээлдэгчдэд олгосон нь өнгөрсөн үеийн мөн үеэс 2.4 дахин их юм. Энэ онд нийт 12 мянган зээлдэгч байх болов уу гэсэн таамаглал байна. Эрэлт их байгаагаас гадна эрэлтийг давсан орон сууцнууд бий.

Барилгын материалын үнэ 40 хувь нэмэгдэхэд шинэ орон сууцны үнэ 20 хувь нэмэгдэж байна. 2020 онд орон сууцны нэг метр квадратын үнэ 2.5 сая төгрөг байсан бол энэ жил 2.7 сая төгрөг болсон нь материал дагасан өсөлт юм.

Орон сууцны нийлүүлэлтийн судалгааг хийхэд 2021 оны есдүгээр сард гэхэд 13560 байр ашиглалтад орсон ба одоо баригдаж байгаа 32 мянган орон сууц байгаагаас 2022 онд 12 мянга нь ашиглалтад орно.

Мөн улсын хэмжээнд төрийн өмчит 5000 айлын түрээсийн орон сууц байдгаас 3000 нь нийслэлд бий. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг метр квадратыг иргэд 6000 төгрөгөөр түрээсэлдэг. Дунджаар 40 м.в байрын сарын түрээс 240 мянган төгрөг байдаг” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны 87 хүүхэд Өршөөлийн хуульд хамрагджээ

Прокурорын байгууллага энэ оны гуравугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50,651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгажээ.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,671-р буюу 8.4 хувиар буурчээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 42,249 хэрэгт хяналт тавьснаас 78,814 буюу 18.5 хувийг нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 108,934 буюу 25.9 хувийг нь хааж шийдвэрлэсэн байна.

Хэрэг бүртгэлт явуулсан хэрэг өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар буурсан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэг 0.6 хувиар өссөн байна.

Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 15,662 хэрэгт хяналт тавьснаас 56.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8.4 хувийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэрэгсэхгүй болгосон 1,309 хэргийн 1,051 буюу 80.2 хувийг Тулгар төр байгуулагдсаны 2,230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан, коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1,051 хэргийн 1,212 яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд өсвөр насны буюу 14-17 насны 87, 18-30 насны 454, 31-44 насны 524, 45–аас дээш насны 198 яллагдагч тус тус хамрагджээ. Хүйсийн хувьд эрэгтэй 1,010, эмэгтэй 202 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гараашнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.

ӨМНӨ НЬ ОДОО

25 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанцэцэг “Голден парк-1” хотхоны ард байрлах 43 гараашийг буулган, газрыг чөлөөлснөөр хоёр эгнээ авто зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг цогцоор нь шийдэж байна. Өмнө нь тус хотхонууд руу орж, гарахад хүндрэлтэй, оршин суугчид маш бухимдалтай байдаг байсан. Уг хэсгийн газрын зөрчлийг арилган, бүтээн байгуулалт хийж байгаад 25 дугаар хороо, тэр дундаа “Голден парк” хотхоны оршин суугчид маш сэтгэл хангалуун, хүлээлттэй байгаа” гэв. “Голден парк” хотхоны оршин суугчид ч хотхон руу орох орц, гарц хүндрэлтэй байсныг хэлээд тус бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Гарааш чөлөөлсөн байршилд 1.5 метр өргөнтэй явган хүний зам, хоёр урсгалтай авто зам, 120 машины авто зогсоол, борооны ус зайлуулах шугамын бүтээн байгуулалтууд хийж байна. Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугамын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчээр ажиллаж буй “DYKB” ХХК-ийн замын инженер А.Мөнх-Эрдэнэ ярьж байв.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “2021 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 500 орчим тоосгон гарааш, төмөр чингэлгүүдийг буулган, тохижилтын ажлыг хийж байгаа. Гараашнуудыг буулгахдаа эзэмшигчдэд нь хоёр болоод түүнээс олон удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. “Голден парк” хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооны Арктай шар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан. Мөн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг буулгасан. Ийнхүү авто замын зорчих хэсгийн өргөнийг зургаан метр хүртэл тэлж, хоёр метр өргөнтэй явган хүний замыг шинээр тавин, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд байрлах 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг чөлөөлөн хорооны цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна. Уг барилгыг барьснаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хорооны оршин суугчдад хүрч ажиллах боломж бүрдэх юм” хэмээв.

ӨМНӨ НЬ ОДОО

Арктай шар байрны урд тал

Ийнхүү нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан, хуучин тоосгон гараашийг буулган, нийтийн эдэлбэр газрыг иргэдэд хүртээмжтэй байдлаар тохижуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Гэр шатаж, хоёр хүн амиа алджээ

Гэр шатаж, хоёр иргэн түлэгдэж, хоёр иргэн амиа алджээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 12-ны 05:18 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид очиход таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ.

Уг гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтсэн байна. Харин иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар галд өртөж нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана. Бараа материалын нөөцийг бодитоор тооцоолохоос гадна эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Уулзалтын үеэр дүүргийн онцгой комиссын гишүүдээс eruul.gerege.mn системийн ажиллагааг хэвийн болгох, нэмэлт тунгийн талаарх мэдээлэл, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх амбулаторийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүн хүчний асуудлыг зөв хуваарилах зэрэг саналууд гарч байлаа. Эдгээр асуудлуудыг зөв менежментээр удирдаж, зөвхөн цар тахалтай тэмцэх биш учирч болох бүх гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд хамтран ажиллана гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд онцоллоо.

Categories
мэдээ спорт

Германы шигшээ баг 2022 оны ДАШТ-д орох эрхээ авлаа

2022 онд Катар улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна.

Европын орнуудын урьдчилсан шатны “J” хэсэгт өрсөлдөж буй Германы шигшээ баг өчигдөр Умард Македоныг талбайд нь хожсоноор ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

Ийнхүү зохион байгуулагч Катарын шигшээ багаас гадна ДАШТ-д оролцох эрхээ авсан анхны улс Герман болсон юм.

Умард Македоныг 0-4 харьцаагаар хожсон тоглолтод Кай Хаверц, Тимо Вернер, Жамал Мусиала нар гоол оруулав.

Германы араас Дани, Англи, Бельгийн шигшээ багууд эрхээ авах өндөр магадлалтай байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1566 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1566 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1107 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 459 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1392 болов.

Сүүлийн 24 цагт 6709 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 19826 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

  • Хөнгөн- 10613
  • Хүндэвтэр- 6665
  • Хүнд- 2198
  • Нэн хүнд- 350

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

​Жилийн өмнө Тэрэлжээс ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцос өчигдөр жорлонгоос олджээ

Жилийн өмнө буюу 2020 оны долдугаар сард Налайх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвд бясалгал хийж байсан 25 настай эмэгтэй алга болоод өнөөг хүртэл олдоогүй байсан.

Түүнийг алга болсон тухай дуудлага ОБЕГ-т долдугаар сарын 31-ний 22:35 цагт ирж, яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Ингээд ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийн хоёр иргэн, цэргийн ангийн албан хаагчид “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-ийн ойр, орчмоос эхлээд Тэрэлж хавиар хайсан ч олоогүй бөгөөд ар гэрийнхний хүсэлтээр нь эрэн хайх ажиллагааг эхлүүлж өнөөдрийг хүртэл хайсаар байсан.

Тэгвэл ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцос өчигдөр жорлонгоос олджээ. Тодруулбал, Налайх дүүргийн 6 хороонд Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өчигдөр 17.00 цагийн үед иргэн өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажиллахад 25 настай эмэгтэй О-гийн илжирж муудсан цогцос модон жорлонгоос олджээ.

Хэргийн тухайд тодруулахад, охин шөнө Тэрэлжид байдаг бясалгалын төвөөс харина гээд гарч яваад сураггүй болсон байдаг. Алга болохоосоо өмнө аав руугаа залгаад “Миний утасны цэнэг дууслаа, ирж аваач” гэж утсаар яриад холбоо тасарсан байдаг юм.

Энэхүү харамсалтай хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

​Монгол Улс НҮБ-ын Терроризмтой тэмцэх албатай санамж бичиг байгуулав

Монгол Улс НҮБ-тай олон улсын терроризмын болон үндэстэн дамнасан гэмт хэргийн аюул заналыг бууруулах зорилгоор “Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын Терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ 2021 оны аравдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотод, НҮБ-ын төв байранд болов.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Терроризмтой тэмцэх албаны дарга Владимир Воронков нар санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын “Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-т хамрагдаж буй 48 дахь гишүүн улс болж байна.

Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны нэгэн чухал санаачилга бөгөөд Нидерландын Хаант Улс, Европын Холбоо, АНУ, Катар, Австрали Улс, ХБНГУ, Япон Улс, БНЭУ, Унгар Улсын хувь нэмэр, дэмжлэгтэйгээр 2019 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм.

“Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр” нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2178 (2014), 2396 (2017), 2482 (2019) тогтоолуудын хэрэгжилтийг хангах, олон улсын стандарт, зөвлөмж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн олон улсын мэдээлэл солилцох чадавхыг сайжруулах зорилготой.

НҮБ-ын Терроризмтой тэмцэх албаны тэргүүн зорилтуудын нэг нь түншлэлийг бэхжүүлж гишүүн орнуудын терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг дэмжих юм. НҮБ-ын Терроризмтой тэмцэх хорооны ажлын алба, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн алба, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагатай хамтран НҮБ-ын Терроризмтой тэмцэх албанаас удирдан зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь хамрагдаж буй гишүүн орнуудад иж бүрэн, тухайн улсад нь зохицохуйц туслалцаа үзүүлдэг.

Манай улс дээрх санаачилгад нэгдсэнээр террорист этгээд, онц ноцтой гэмт хэрэгтнийг зорчигчийн урьдчилсан мэдээлэл, зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдөл, тогтоогдсон болон сэжиглэгдэж буй террорист этгээд, гэмт хэрэгтний талаарх Интерполын, олон улсын болон үндэсний өгөгдөл, мэдээллийн сангуудыг ашиглан илрүүлэх, саатуулах чиглэлээр Монгол Улсын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг НҮБ-аас хэрэгжүүлж эхлэхээр болж байна.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Ноён В.Воронков “Монгол Улс терроризмтой тэмцэх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил, санаачлагуудыг идэвхтэй гарган ажиллаж байгаа. Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх энэхүү хөтөлбөр нь НҮБ-аас Монгол Улсыг хууль, эрх зүй; үйл ажиллагаа; тээврийн салбарын оролцоог хангаж; техникийн дэмжлэг үзүүлэх гэсэн 4 чиглэлд төвлөрөх бөгөөд энэхүү түншлэл нь “НҮБ-аас бүх талаар дэмжих” зарчмын хүрээнд хэрэгжинэ. Монгол Улс өөрийн Зорчигчийн мэдээллийн нэгж байгуулах, хамтран ажиллаж буй НҮБ-ын хамтрагчдаасаа мэдлэг, мэдээлэл, туршлага солилцоход гаргаж буй идэвх санаачилга, үлгэр жишээ, шийдэмгий байдалд баяр хүргэе” гэжээ.

Харин Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2178, 2396, 2482 тогтоолын дагуу зорчигчийн урьдчилсан мэдээлэл, нэр бүртгэлийн өгөгдөл ашиглан террорист этгээд, онц ноцтой гэмт хэрэгтнийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр НҮБ-ын Ази, номхон далайн бүсийн “Террорист этгээдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-тэй нягт хамтран ажиллаж, зорчигчийн мэдээллийн нэгж байгуулах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх ажлын хэсгүүдийг сургах зэрэгт тус зөвлөлөөс бүх талаар дэмжлэг үзүүлж байгаад гүнээ талархаж байна.

Цаашид Монгол Улс нь хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад НҮБ-тай нягт түншилж, зөвлөгөө, зөвлөмжид нь тулгуурлан ажиллахаа илэрхийлэн, энэхүү хөтөлбөрийг агаарын тээврийн салбарт нэвтрүүлсний дараа хилийн боомтуудад нэвтрүүлэн ажиллахад хүчин чармайлт гаргах болно” гэдгээ илэрхийлсэн юм

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Ганчимэг: Сайн муугаа ил тод ярьж байж улсын эмнэлгүүдээ янзалж авмаар байна шүү дээ. Түүний тулд л орилоод байгаа юм

“Ковид-19” цар тахлын вирус Монгол Улсад дэгдээд хоёр жил шахам болж буй энэ цаг үед манай эрүүл мэндийн салбар ямархан өнгө төрхтэй байгааг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг эмнэлгийн өрөөнөөс хөндөн бичсээр байгаа билээ. Энэ салбарын хүнд суртал, эмнэлгийн зутруу орчин нөхцөлийг ил болгож эхэлснээр засч сайжруулах өөрчлөлтүүд хийгдэж байгаа аж. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцлаа.


Халдварын нөхцөл байдал улс орон даяар хүндхэн байгаа цаг үед хэвлэлийн фронтод ажиллаж буй мэргэжил нэгтнүүд маань өртөх тохиолдол олон байна. Тэр дундаас монгол түмэн нийтлэл, ярилцлагыг та хүлээн уншдаг сэтгүүлч таныг эмнэлэгт хүргэгдсэн мэдээ дуулаад сэтгүүлч бидний зүгээс ч, уншигчдын зүгээс ч сэтгэл зовниж байна. Бие тань яаж байна?

-Надад санаа тавьсан та нартаа маш их баярлалаа. Би их хичээсэн юм аа. Дэндүү их хичээж яваад аргагүй сая өртчихлөө.

Хамгийн сонирхолтой нь би ханиалгаж эхлээд л түргэвчилсэн тестээр хоёр өдөр дараалан шалгахад хариу сөрөг л байсан. Гурав дахь өдөр нь гэр бүлээрээ PCR өгсөн. Мөн л сөрөг. Гэвч бие маань огцом муудсан. Тэгэхээр нь дахиад түргэвчилсэн тестээр шалгатал хариу эерэг гарсан. Гэртээ дөрөв хоног өөрийгөө эмчлэх гэж хичээсэн ч үнэхээр хүндэрсэн. Ингээд УОК-т хандаж байж тандалтын дуудлагын машинаар өнгөрсөн баасан гаригийн орой ХӨСҮТ-д ирсэн л дээ. Халуунтай, хөлстэй байсан. “Гадаа гараад ир” гэхээр нь гараад иртэл ирдэггүй. 30 минут цасан хялмаан дунд хүлээж зогсоод сая л нэг машин ирж, эмнэлэг бараадаж байгаа юм. Тэр өглөө нь Улсын Хоёрдугаар төв эмнэлэг рүү бас дуудлага өгсөн. Түргэний эмч ирээд “Ковид биш байна” гээд явсан л даа. Үнэндээ л төөрөлдүүлээд хаячихсан.

-Ийм хүнд цар тахлын үеийн гол найдвар, улсын төв эмнэлэг нь ХӨСҮТ. Манайд өвчин дэгдээд хоёр жил шахам болж байна. Гэтэл тэр том эмнэлэг халдвар хамгааллын наад захын орчин нөхцөлгүй байгааг таны сошиал сүлжээнд тавьж буй мэдээллүүдээс харж байна. Олон нийтэд ил гаргаагүй нь ч байгаа байх. Анх очиход орчин нөхцөл, үйлчилгээ ямар байв?

-За, тэгээд эмнэлэг л бараадаж байвал бурхны аврал гээд цүнхээ чирээд орж ирж таарна. Бурхан минь, өрөөнд ороод иртэл хоёр эмэгтэй хэвтэж байна. Ирээд хоёр хонож байгаа улс гэнэ. Тэр ор хөнжил мөнжил үнэндээ л хэцүү юм. Нүдээ аниад л авчирсан даавуугаа углаад ороо засаад сууж байгаа юм. Дэр мэр ч өгдөггүй. За яахав. Эмчилгээ гэж яав аа. Жижүүр эмч нь орж ирээд үзсэн ч үгүй. Харьцаа марьцаа бол үнэн доромж, үл тоосон хандлага. Сувилагч нь витамин C, витамин D, аспирин өгөв. Би хоёр хоног ганцхан цефотаксим гэж булчин тарианаас өөр эмчилгээгүй, амьсгаа өндөр, даралт өндөр хэвтээ босоогийн завсар шаналсан. Гурав дахь өдөр нь буюу бүтэн сайнд анх удаа намайг эмч шиг эмч орж ирж үзлээ. С.Хишигдэлгэр эмч нуруун дээр чагнуур тавихад л би асгараад явчихсан. Ингэж би эмч шиг эмчтэй уулзсан. Даралтаа гуйж үзүүлтэл 190:100 болчихсон байсан. Тархи хагарах гээд, хамар ам битүү хоёр хоног тэссэнийхээ дараа би уйлаад тэр эмчид хэлсэн. “Ингэж болдог юм уу, хүнд ингэж хандаж болно гэж үү” гэж. Тэгээд тэр эмч эмчилгээ бичсэн. Тэдний нэг сувилагч ажлаа хийж яваад халдвар аваад бас л хажууд орж ирж хэвтэж байгаа юм, намайг ирээд нэг хоносны дараа. Тэр сувилагч дээрээ бүгд сүнгэнэлдэж орж ирээд л язганатал эмчилгээг нь хийж байгаа байхгүй юу. Тэгэлгүй яахав. Улаан бүсэд нуруугаа бөгтөртөл ажиллаж яваад өвдчихөж байгаа хүн. Би юу гэж тийм хүнтэй барьцах юм. Гэхдээ яг адилхан хүн хажууд нь эмчилгээ авч, ядаж амьсгалаа уужруулж ч чадахгүй аясыг нь хүлээгээд бөглөрчих гээд бүлтгэнээд хэвтэж байхад мораль нь харагдаж л байгаа юм. Тэр сувилагч ч өөрөө санаа нь зовоод байгаа нь илт байсан.

-Өвдсөн хэрнээ таныг эмнэлгийн орчин нөхцөл, хүнд суртлын талаар хүчтэй дуугарч байгааг харж байна. Бид бол “мэргэжлийн өвчин” гэдгийг мэдэж байгаа. Харин зарим уншигчид “Эмнэлэг олдсон нь болоо юм биш үү” гэх хандлагатай байна уу даа?

-Над руу аймшигтай дайрсан. Дайруулж ч байна. Чатаар маань “Чи хуцалгүй байгаач. Чи яг өвчтөн мөн үү. Дуугүй хэвт”, “Манай эмнэлгийг муулан барин та хэвтэх шаардлагагүй ш дээ” гэх мэт мессэжээр нүдсэн байна. Ой гутмаар болжээ, манай зарим иргэдийн урамсар, аливаад хандаж буй хандлага. Ийм болоод л толгой дээрээ хогийн юмнуудаар угаадас цацуулаад, сонголтоо худалдаад ар өврөө ч бодохгүй мунхагийн мананд живж байна. Нэг муу ахлах махлах гэх мэт ажилтай, тэр нь даргаас нь хамаарч байдаг ажилтнуудын зарим нь л ингэж тавиул нохой шиг намайг урж зууж байгаа шүү дээ. Түүнээс биш эндхийн нийт олонх тэгээгүй. ХӨСҮТ-д энэ эмнэлгийг арван хэдэн жил жонхууруулсан Д.Нямхүү даргыг хүндэтгэдэг хүн ховор байх аа. “Яана аа, одоо эргээд ирэх юм биш биз дээ” гэж шивнэлдэж байна. Тэгэхэд тавхан сар цар тахлын хурц өрнөлийн үед эмнэлгийг удирдаж ажиллаад, учир битүүлэг золиослогдоод явсан Л.Баттөр захирлыг эмнэлийнхэн санан дурсаж байх юм. Хийж бүтээх чин зүтгэлтэй хүнд таван сар ч багаддаггүй юм билээ. Энд тэр хүн маш том ул мөр, гэрэл гэгээ үлдээгээд явсан шүү гэж над руу ажилтнууд нь зурвас бичиж байна. “Таны наад шүүмжлээд байгаа жорлонгуудыг Л.Баттөр захирал солиод явж байсан юм. Тэр ажил одоо хийгдээд явж байгаа юм аа” гээд дөнгөж сая таныг надтай холбогдохоос өмнө нэгэн залуу ажилтан зурвас бичсэн байх жишээтэй.

-Асуудлыг нь олон нийтэд ил гаргаад ичээгээд эхлэхээр танд ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу?

-Би сэтгүүлч хүн. Ерөөсөө нүд минь хөдөлж байгаа цагт тархи толгой, яс цусанд энэ нэг ажлын онцлог шигдээстэй байх юм шиг байна. Хэн л өөрийгөө эрсдэлд хийн барин, доромжлуулж зүхүүлэн байж газар газрын ялзмагтай ноцолдож явах дуртай байх юм бэ.

Манай ах, нөхөр энэ тэр намайг эмнэлэгтэй муудлаа гээд үзэн ядаад сүйд болдог. Өнгөрсөн бүтэн сайнд би Эрүүл мэндийн сайд руу мессэж бичсэн юм. Наад захын харилцаа байхгүй дурак байна билээ. Тэгээд наашаа хэлсэн юм шиг байгаа юм. Эмнэлгийн орлогч дарга нар гээд хоёр гэтсэн хүүхэн орж ирээд гарсан. Орлогч дарга эмэгтэй бол миний дэргэд сурцтай дарганцар байна билээ. “Тайван байх хэрэгтэй, тайван л байх чухал” гэх мэт хэнд ч хэрэггүй нэг тийм худлаа үг хэлээд л ( инээв). “Бид сошиал ордоггүй” ч гэх шиг, юу ч гэх гээд байгаа юм. Үнэхээр инээдтэй, гадагшаа хөөрхөн царайлаад л, “Харин тийм ээ, бид ч тахлын үед хэцүү л байна” гэсхийгээд гарна лээ. Гурав дахь өдрөө хэвтэж байж эмчилгээ авч, судсаар тариа авч, амьсгаа арай тавигдаад байж байсан маань тэр л дээ. “Зөвхөн судас тариа л эмчилгээ гэсэн үг биш л дээ” ч гэх шиг. Амьсгал нь хаагдчих гээд, цээж нь шатаад, булчин задарчих гээд байгаа хүн шүү дээ, би. Бас юм юмныхаа зах зухыг мэднэ шүү дээ. Одоо иймэрхүү л юмнууд дарга хийж байгаа шүү дээ. Тэдний л нийтлэг төрх харагдаад инээд хүрч байлаа. Би бас энэ Засгийн газрын бүтцэд байдаг нэг агентлагийнх нь захирал хүн. Бидний ялгаа нь би нийгэм дагасан карьертай. Эд маань дарга дагасан, нам дагасан карьертай. Би бол уншигчдын дунд гучаад жил амьдарсан, насан турш иймэрхүү дүр эсгэсэн юмнуудын арьсыг хуулж явсан фигур. Надад ерөөсөө нэрээ хичээн гэтэж, ар өврөө бодож, аятайхан царайлж явах хэрэг байхгүй. Орж ирэхээс нь биеийн хэлэмжээс нь л би нэвт уншина. Үүднээс л нэг муу ахмад сувилагчаа загнасаар орж ирж байгаа юм. Тэр сувилагчид хамааралгүй шахам том том ёс зүй ярьсаар орж ирсэн. Энд нэг ор байна шүү дээ. Яагаад хэлээгүй юм. Сул ор яагаад байж байгаа юм гээд л. Яг үнэндээ орыг тэр сувилагч эгч мэдэхгүй л дээ. Эгдүү хүрээд гоё цагаан халаатных нь хормойгоор ханыг нь арчаад харуулчихмаар л санагдсан.

Өвдсөн хүн ямар л олигтой харагдах вэ дээ, намайг их сонжиж байна билээ. Хүний толгойн доторх, цээжний цаадахтай харьцаж мэддэггүй. Өнгө зүс, ядруу маягийн гадаад байдал мэтэд жигтэйхэн ихэрхчих гээд л, хөөрхөн сургаад л… Надад өрөвдөлтэй, гэнэн харагдсан.

-Та гадаад улсаар нэлээд явсан байх. Бичдэг сэдвийнхээ талаар ч харж явсан болов уу. Гадны улсын эмнэлэгтэй улсаа харьцуулахад ямар байх юм?

-Би хятадад Бээжингийн их сургуулийн харьяа эмнэлгүүдэд олон жил эмчлүүлсэн. Сүүлд Бээжингийн Япон-Хятадын эмнэлэгт хагалгаанд орсон. Японд Токиогийн их сургуулийн харьяа эмнэлэгт үзүүлж байлаа. Парист, Орост, Өвөр Монголд гээд эмнэлгүүдээр явсаан явсан. Хойд Солонгост ч муудаад эмнэлэгт үзүүлсэн. ( инээв) Би эрүүл мэндийн хувьд жаахан асуудалтай хүн л дээ. Эмчилгээндээ явж чадахгүй л хоригдоод байж байна.

Стандартыг хүнтэй хүн ёсоор харьцахаас нь эхлээд харьцуулах хэрэгтэй. Бусдыг нь орхиё. Зүгээр л этик, харилцаан дээр л тэнгэр газар шиг ялгаа байдаг. Соёлтой нийгэмд эмнэлгийнхэн өвчтөн, үйлчлүүлэгч нарынхаа дарга нь байдаггүй юм. Манайд бол шууд өвчтөнийхөө дарга шүү дээ. Тачигналдаад л явчихна. ХӨСҮТ-ийн хамгийн том бахархал нь сувилагч нар дээрээ явдаг ч байж мэднэ. Ямар мундаг юм бэ. Чадалтай, тэр их ачаалал дунд харилцааны таагүй, өө сэв ч үзүүлэхгүй. Тэднээр үнэхээр бахархаж байна.

-Таны ил болгосон зураг дээр ариун цэврийн суултуур, орны хөшиг гээд л харахад нүд хальтрам дүр зурагтай байсан. Харин өнөөдрөөс шинэчлэгдэж байгаа бололтой. Нэг талдаа сайн мэдээ. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарын хувьд ичгэвтэр зүйл болж байх шиг?

-Одоо энэ сайд багаа аваад буумаар юм. Үнэхээр салбар нь хүлээж авахгүй байна. Дээшээ таалагддаг, доошоо новшийн ул мөр үлдээж явдаг хүн эрүүл мэндийн салбарын зүтгэлтэн байх миний хувьд лав маш хэцүү санагддаг. Том эмчийн ард том хувь хүн байдаг л даа. Тийм эмч нартай учирч явсаан, явсан. Сул хүн сул баг л бүрдүүлдэг. Нэг тийм юм туршлагаас харагддаг.

-Ийм нөхцөл байдал өмнө нь ч байсаар л ирсэн. Бусад олон өвчтөн харж л байсан. Гэхдээ ил гаргаж хэлж байгаагүй, шүүмжилж байсан нь тун ховор. Тэдгээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байсан айдас юу юм бэ?

-Орж ирсэн эмч нар бол надтай ер нь хөгийн харьцаж байна. Маш хагас дутуу. Цаанаасаа зэвүүрхээд л… Тэдний энэ жишиг нь л өвчтөнүүдийг айлгадаг байлгүй дээ.

-Та аль ч том эмнэлэгт очоод эмчлүүлчих хүн. Гэтэл яагаад заавал ийм орчин нөхцөлтэй эмнэлгийг бараадах болов?

-Надад эмнэлэг олдоогүй. Би муудаад арга буюу УОК руу залгасан. Ер нь үхэх гэж байж за, одоо хэвтэж, хэрэлдэж үзээгүй тэр эмнэлэгт нэг очоод үзье гээд онилоод суух уу.

Би эрүүл мэндийн салбарыг маш их шүүмжилдэг. Одоо ийм хүнээс бүгд залхана шүү дээ. Миний нэг том дарга найз байдаг юм. Бүр харьцахаа больсон байна лээ. Би найзаа гэж бодож явсан юм. Түүнд “Би бие муудлаа, үхэх нь ээ” гээд бичихгүй юү. Намайг бүр үзэн ядаж байдаг болсон байна лээ. Жаахан тайвшраад бодож байхад миний инээд хүрч байна. “Зөвхөн Монголд“ гэж хөгтэй ном бичих юмсан. Надад тунчиг марзан юм их тохиолдож байна аа.

-Та эрүүл мэндийн салбар, эмнэлгийн хүнд суртлын талаар олон жил дуу хоолойгоо өргөж, нийтлэл ярилцлага бэлтгэж ирсэн хүн. Тав, арван жилийн өмнөхөөс манай эрүүл мэндийн салбар өнөөдөр дээрдэж байна уу?

-Үүд хаалга, угтан авах цэгүүд өөрчлөгдсөн. Мөн цахим хувьсгал учиргүй төгс биш ч хийгдэж байгаа шүү. Залуу эмч нар маш мундаг болсон. Тэд бол өөр үеийнхэн. Жаахан хүйтэн, хүний зовлонгоос хол л төлөвшиж байж мэднэ.

-Эмнэлгийн орчин нөхцөлөөс гадна эмч, ажилтнуудын хүнд суртал гэж нэг том асуудал бий. ХӨСҮТ-д ийм байдал ямар байх юм?

-Ачаалал бол аймаар. Ер нь улсын эмнэлгүүд бүгд ийм байна. Хувийнхан яахав дээ, гаднаа нэг их гялгар маск, хөдлөөд л бөөн мөнгө. Ийм зовлонг тэд нуруун дээрээ авахгүй байгааг бид бүгд л харж байгаа. Тийм ч учраас сайн муугаа ил тод ярьж байж улсын эмнэлгүүдээ янзалж авмаар байна шүү дээ. Түүний тулд л орилоод байгаа юм, тэмцээд байгаа юм. Үүнийг яагаад эрүүлээр ойлгож хүлээж авч чадахгүй байгааг л гайхах юм. Одоо болтол тасгийн эмч маань надтай хүн ёсоор уулзаж, “Танд ийм, ийм эмчилгээ өгч байна. Ийм ийм учиртай, өвчин тань ийм явцтай байна” гэж танилцуулаагүй байна. Эртээд нэг жижүүр эмч залуугаас асуусан юм. “Эмч ээ, би ямар төрлийн вирус авснаа мэдмээр байна. Корона дотроо нөгөө дельта нь уу, юу нь вэ” гэж “Мэдэхгүй. Гадагшаа лобарторид очихгүй юу” гэчихээд гараад явсан.

-Өнөөдөр суултуур, хөшиг, цонхоо солиод өнгөрөх нэг хэрэг. Анхнаасаа ийм бохир заваан, бодлогогүй, уруу дорой биш байх боломж байсан, энэ салбарт. Яавал монголчууд эрүүл мэндийн үйлчилгээг хүнд сурталгүй, тав тухтай орчинд авах вэ?

-Гэрэл чийдэнгүүд бүгд өрөөл татанхай. Тааз нь нурж байна. Шороо татсан ханан дээр нь хуруугаараа юм бичмээр дагширчихсан. Энэ олон жил төсөв аваагүй явна гэж юу байх вэ дээ. Удирдлагын цэвдэг байдал. Төсвийн үргүй зарцуулалт, хулгай л байгаа шүү дээ, энэ бүх ялзралын ард.

Д.Нямхүү үндэслэлгүй ажлаас халагдлаа гээд шүүхдэж явна. Ичих хэрэгтэй, тэр хүн. Шалгуулах хэрэгтэй. Хүмүүс энд үхэж үрэгдэж байна. Яг одоо би цонхоор гурван эмэгтэй ажилтан носилктай талийгаачийн цогцсыг дааж ядан өргөж явааг зүрх шимшрэн харж зогсоно. Ойр дотны хүнээ алдаагүй гэр бүл гэж алга. Миний ч гэр бүлд тохиолдоод шаналал гунигаасаа салаагүй л явж байна. Над дээр орж ирж сонжиж гараад худлаа арьсаа хамгаалсан юм цаашаа яриад сууж байгаа дарга эмэгтэй хэзээ ч энэ гурав шиг шарил зөөхгүй шүү дээ.

Үнэтэй бенцээ эмнэлгийн үүдэнд хөндөлсүүлээд тавьчихдаг байсан гэх Д.Нямхүү ийм ачаа үүрээгүй юм. Үнэхээр энэ эмнэлгийн хана туурга их юм хүүрнэх юм даа.

-Хүнд нөхцөлд бодит байдлыг таниулж ярилцлага өгсөнд баярлалаа. Хурдан эдгэх болтугай.

Б.ЭНХЗАЯА