Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Халдвар авсан нийт иргэдийн 0.3 хувь нь тус бүр 8 сая төгрөгөөр эмчлүүлжээ

Коронавирусийн халдвар авсан нэг иргэний эмчилгээний зардал 8 сая төгрөг болж байна гэсэн тооцоог ЭМЯ-наас 2020 оны нэгдүгээр сард гарган, олон нийтэд мэдээлж байна. Халдварын тархалт газар авснаар одоо эмнэлэгт хүнд, маш хүнд болон хүүхэд, жирэмсэн эх, ахмадууд, архаг суурь өвчтэй иргэдийг хүлээн авах болсноо мэдэгдэж байгаа юм. Энэ үед халдвар авсан нэг иргэний эмчилгээнд ямар төсөв зарцуулж байгааг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид салбарын сайдаас тодруулсан юм.

ЭМ-ийн сайд С.Энхболд, 2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу хүнд, нэн хүнд өвчтэй хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмж, энэ санхүүжилтээр ковидоор хүндэрч эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед 8 сая төгрөгийн зардал гарч байна гэж тооцсон. Энэ 8 сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор хоног, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон.

Коронавирусийн халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байна. Маш хүнд учир уушги орлуулах ЭКМО аппаратад орж, 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй өвчтөн ч бий гэлээ.

Сайдын хариулт дээр ЭМЯ-ны төсөв хариуцсан мэргэжилтэн Мөнхжаргал тодруулга хийсэн бөгөөд тэрбээр “2021 оны эхний найман сарын байдлаар нийт эмчлүүлсэн 400 мянга орчим иргэдийн 0.3 хувь нь U-07 оношоор санхүүжилтээр эмчилгээ хийлгэсэн байна” гэж хариулав.

Ковидын халдвар авсан нийт иргэдийн 10 хүрэхгүй хувийг хүнд болон маш хүнд хүн эзэлж байгаа. Энэ бол Сэхээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар /2021.10.12/ улсын хэмжээнд маш хүнд 500 орчим, хүнд 2500 орчим хүн байна.

Categories
гадаад мэдээ

БНХАУ-д сургуулийн сурагчдын харааг тогтмол хянадаг тогтолцоо бий болгохыг уриалжээ

БНХАУ-д бага, дунд сургуулийн сурагчдын харааг тогтмол хянадаг тогтолцоо бий болгохыг тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос уриалжээ.

Тодруулбал, уг хорооноос гаргасан удирдамжийн дагуу хүүхэд, өсвөр насныхны холын болон ойрын хараа муудахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын нүдний харааг жил тутамд дор хаяж хоёр удаа шалгаж байх ёстойг онцолсон байна.

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг нүдний хараа муудахаас урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар санал, зөвлөмжийг сурагчдад хүргэж ажиллахыг уриалжээ.

Мөн сурагчдын нүдний хараанд өөрчлөлт орсон эсэхийг мэдэхийн тулд янз бүрийн хугацаанд хийсэн шалгалтын үр дүнг шинжлэх шаардлагатай бөгөөд ингэснээр харааны бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, хараа муудахаас урьдчилан сэргийлэх боломжтой болно хэмээн тус хорооноос гаргасан удирдамжид дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн тухай богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” зорилтын 11, 13, 15 дэх зорилгыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийтэд цөлжилтийн хор уршиг, өнөөгийн нөхцөл байдлыг таниулах,

Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ашгийн бус зорилгоор олон нийтэд толилуулах.

СЭДЭВ:

“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, экосистемийн доройтол Монгол Улсад үзүүлэх нөлөө”

ШАГНАЛЫН САН:

30 сая төгрөг:

Шилдэг кино- 10 сая төгрөг

Шүүгчдийн нэрэмжит шагнал- 5 сая төгрөг

Шилдэг анимейшн- 5 сая төгрөг

Шилдэг баримтат кино- 5 сая төгрөг

Шилдэг зохиол- 2.5 сая төгрөг

Шилдэг зураг авалт- 2.5 сая төгрөг

БҮРТГЭЛ:

Бүртгэлийн хураамж төлөхгүй. Бүртгэлийг https://president.mn/kino/… холбоосоор илгээнэ. Дүрсний өндөр чанартай файл, кино бүтээлийн зурагт хуудас, кино найруулагчийн фото зургийн хамт WeTransfer, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглана.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

2021 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Зарлагдсан сэдэв, агуулгын хүрээнд хийгдсэн байх

Бүтээлийн үргэлжлэх хугацаа 3-10 минут

Бүтээлийн төрөл, жанр хамаарахгүй

Кинонд ашигласан дүрс, зураг, дуу, хөгжим зэрэг нь оюуны өмчийн зөрчилгүй байх

Заасан хугацаанд бүтээлээ ирүүлэх

2021 оны 1 сарын 01-нээс хойш бүтээсэн, шаардлагад нийцсэн, урд өмнө олон нийтэд толилуулаагүй, цахим орчин болон телевизийн сувгаар түгээгээгүй бүтээлээ ирүүлж болно.

УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдаанд ирсэн бүтээлүүдийг цахим орчинд түгээж, олон нийтэд толилуулна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тодорхой хугацаанд цахим орчинд үзэгчдийн хүртээл болгоно. Тэрхүү хугацаанд бүтээлд авсан хандалтын тоо, сэтгэгдэл зэргийг шүүлтийн тодорхой хувьд харгалзаж үзнэ.

Шүүгчдийн баг шилдэг бүтээлүүдийг тодруулна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс шалгарсан бүтээлийн талаарх мэдээллийг бүртгүүлсэн цахим хаягаар мэдэгдэнэ.

САНАМЖ:

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сэдвээр уралдаанд ирүүлсэн бүтээл нь бүх насныхан үзэхэд зориулагдсан байна.

Кино бүтээгч нь уралдаанд ирүүлсэн бүтээлээ “өөрийн бүтээл мөн” гэдгийг батлан даах шаардлагатай.

Уралдаанд ирүүлсэн бүтээл нь олон улсын зохиогчийн эрхийн тухай хуулийг чанад мөрдөх ёстой.

Бүтээлд бусдын хөгжим, бичлэг, утга зохиолын бүтээлийг ашигласан бол зохиогчоос зөвшөөрөл авснаа нотлоогүй тохиолдолд шалгаруулалтад оролцуулахгүй. Зөвшөөрлийг хавсралтаар ирүүлнэ.

Уралдаанд бүтээлээ ирүүлснээр зохиогч нь бүтээлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын кино архивд хадгалуулах ба олон нийтэд ашгийн бус зорилгоор толилуулахыг зөвшөөрч байгаа болно.

Кино уралдааныг зохион байгуулах хороо нь бүтээл болон түүнд хамаарах бусад мэдээллийн нууцыг хадгалах үүрэг хүлээнэ. Харин бүтээлийн санаа болон бусад элементтэй адил төстэй материалыг бусад уран бүтээлч бүтээсэн тохиолдолд хороо хариуцлага хүлээхгүй. Адил төстэй бүтээл гарсан тохиолдолд санамсаргүй байдлаар давхацсан гэдгээ кино бүтээгч өөрөө хүлээн зөвшөөрнө.

Ирүүлсэн бүтээлтэй холбоотой, кино бүтээх явцад гарсан зохиогчийн эрхийн болон нөхөн төлбөр, хохирол зэрэг аливаа асуудалд зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй.

Кино уралдааныг зохион байгуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас уралдааныг цуцлах эрхтэй.

Та киногоо бүртгүүлснээр бүтээлээ уг уралдаанаас татахгүй, Кино уралдаан зохион байгуулах хороонд киногоо гаргах эрхийг олгосон, дээрх шаардлага, заалтыг хүлээн зөвшөөрч байгаагаа батлах юм.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам

ХАРИЛЦАХ УТАС:

88066167

Categories
мэдээ нийгэм

МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөл хуралдана

Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн хурал энэ сарын 29-нд болно.

Уг хурлаар хэлэлцэх асуудлын талаар өнөөдөр тус холбооны 5 дэд ерөнхийлөгч, Нарийн бичгийн дарга нар хэвлэлийн хурал хийлээ.

Үндэсний зөвлөлийн хурлаар МЗХ-ны ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох, Үндсэн дүрмийг өөрчлөх тухай болон тус холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх аж. Энэ талаар Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Батбаатар, “МЗХ 8 жил Үндсэн дүрмээ өөрчлөөгүй. Сүүлийн гурван сард үүсээд буй асуудал ч үндсэн дүрэмтэй холбоотой. Тиймээс дүрмээ өөрчилж Монголын залуучуудын эрх ашгийг хамгаалах бодитой үйл ажиллагааа явуулна” гэлээ.

Үндэсний залуучуудын зөвлөлд МЗХ-ны 21 аймаг, есөн дүүрэг дэх салбар, клубуудын 339 төлөөлөгч багтдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар мэдээлэл ирүүлсэн билээ.

Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хийхээр товлосон байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд 123 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн байгаагаас 6239 нь хөдөлмөр эрхлэгч

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байгааг Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.

Тодруулбал

  • албан хэргээр 351
  • хөрөнгө оруулах хэлбэрээр 1,834
  • хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6,239
  • гэр бүлийн зорилгоор 4,293
  • суралцахаар 476
  • цагаачлах хэлбэрээр 1,921
  • түр ирэгчээр 402 гадаадын иргэн байгаа аж.

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын 9,584 иргэнд визийн зөвшөөрөл, 3,110 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 832 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1,060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийжээ.

Эдгээр тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 14.9 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 72.6 хувиар тус тус өсөж, визийн зөвшөөрөл олголт 14.2 хувь, оршин суух зөвшөөрлийн хасалт 47 хувиар тус тус буурлаа хэмээн Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй. Татварын 10 хувийг нэмж магадгүй

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2 хувийг 10 хувь болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг. Тэгвэл энэ хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг тэрбээр хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130 хувь, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн аж.

Хэргийн бодит байдлын тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцээх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан болохоо Б.Энхбаяр гишүүн хэлсэн.

Хуулийн төсөлд шүүхийн анхан шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон эсхүл хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тухай талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөл үүсэн тохиолдолд шүүх хэрэг хэлэлцэхийг нэг удаа 30 хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тухай нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсан цөөн хэдэн тохиолдлоос бусад үед хэргийг шүүхээс буцаахыг болиулах заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Ингэснээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэгдэхгүй өнгөрдөг байсан асуудлыг бодитоор хэлэлцэх боломж бүрдэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Мөн шүүх, прокурорын байгууллагад улс төрд нөлөө бүхий этгээдээс дарамт үзүүлэх, авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх, шүүгчдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж, гэм буруутай этгээдэд ял завших боломж олгож буй хуулийн хийдлийг залруулах ач холбогдолтой гэж үзсэн байна.

Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4,988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1,359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл гэж хууль санаачлагч хэлэлцүүлгийн явдад танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн явцад үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ‑ын гишүүн Н.Учрал: Нотлох баримтаа бүрэн дүүрэн үнэлээгүй хэргүүдийг шууд шүүх рүү шилжүүлдэг. Шүүх дээр хайна хагалдаг. Буцаах гэхээр болдоггүй. Тэгээд шүүх шууд шийдвэр гаргадаг байдал үүснэ.

Уг нь прокурор хэргийг заавал шүүх рүү шилжүүлэхгүйгээр хэрэгсэхгүй болгож болно. Гэтэл хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шүүх рүү шилжүүлдэг. Шүүх үүнийг шийд гээд хаячихдаг. Энэ талаас нь харахгүй бол зөвхөн хүний эрх талаас нь яриад байж болохгүй.

Давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэрэг буцаахгүй байхыг зөв гэж үзэж байна. Харин анхан шатны шүүхээс хэргийг буцаадаг байх ёстой. Тэгэхгүй бол прокуророос хэргийг шүүх рүү шууд шилжүүлээд, шүүх хэргийг буцааж болохгүй учир алх цохиж байна. Хууль санаачлагчид анхан шатны шүүхээс хэрэг буцаах тохиолдолд 30 хоногийн хугацаа тавьж байгаа юм байна. Гэвч 30 хоног заах нь үр дүнд хүрэхгүй. Прокурорууд яагаад заавал хэргийг шүүх рүү шилжүүлээд байгаа юм. Шаардлагатай бол хэрэгсэхгүй болгож болно шүү дээ.

Өнөөдөр практик дээр анхан шатны шүүх дээр хэрэг хэрэгсэхгүй болж байгаа тохиолдол олон байна. Энэ нь прокурор ажлаа муу хийсэнтэй холбоотой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улс хэргийг нотло, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчмыг 1926 оноос эхлэн үндэсний хууль тогтоомждоо нутагшуулж ирсэн байдаг. 1926-1936 он хүртэл энэ зарчим үйлчилсэн. Гэтэл шүүхээс буцаадаг зарчим 1936 оноос хуульд орж ирсэн. 1936 он гэдгийг анхаараарай. Хэлмэгдүүлэлтийн үе. Хэлмэгдүүлэлттэй хамт энэ зарчим хуульд орж ирээд 1963 он хүртэл үргэлжилсэн.

Түүний дараа 1994 оны Эрүүгийн байцаан шийдвэрлэх хуулиар шүүхээс хэрэг буцаадаг байдлыг болиулсан. Ингэж явсаар 2002 оны “хар” хуулиар шүүхээс буцаадаг болсон. Ингээд шорон дүүрсэн гэж ярьдаг.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед буюу 2013 онд шүүхээс буцаадгийг халах тухай хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Д.Дорлигжав Хууль зүйн сайд болоод шүүхээс буцаадгаар хуулийн төсөл оруулж ирсэн.

Тэгээд 2015 онд шүүхээс буцаадаг байдлаар хуулиа баталсан ч ёсчилж чадаагүй. Ингээд 2016 онд С.Бямбацогтыг ХЗДХ-ийн сайд байхад шүүхээс буцаадгийг халах тухай хуулийн төсөл оруулж ирж, батлуулсан. Гэтэл 2019 онд буцаадаг байх заалтыг оруулж ирсэн. ХЗДХ-ийн сайд нь Ц.Нямдорж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бид нэг зүйлийг буруу ойлгож ирсэн. Бүх шатны шүүийн шийдвэр эцсийнх байх ёстой. Гэтэл манайхан тэгж ойлгодоггүй. Давж заалдах, хяналтын шат гэдэг бол эрх зүйн үндэслэлийн талаас нь хянаж байгаа болохоос биш тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх гээд байгаа зүйл биш юм. Хамгийн гол нь ял завшуулахгүй байхад анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүхээс буцаасан хэргүүд хэрхэн шийдэгдсэн бэ гэдэг дээр судалгаа хийж үзсэн. 2019-2021 оны байдлаар харахад 267 хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Энэ бол анхан болон давж заалдах шатны шүүх 267 хүнийг хэрэг хийгээгүй байхад нь ял өгчихсөн байсан гэсэн үг.

Хэргийг буцаадаг байдал нь дээр мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийг авлигын сүлжээнд оруулаад байна. Үүнийг нийлүүлээд хуулийн мафи гэж хэлмээр байна. Сүүлдээ бүр ийм яриа гарсан байна “Энэ нөхөр нэг тийм хэмжээний хөрөнгөтэй юм билээ. Энэнээс авах юм бараг болчихлоо. Одоо энийг больё доо” гэж ярьж байна. Энэ бол хуулийн байгууллагынхны авлигын тухай яриа.

Хэргийг буцаадаг байдал нь хүнийг ингэж хохироож, хуулийн байгууллагынхан бие бие рүүгээ шидэж байна.

Прокурорууд яагаад дутуу хэрэг шийдээд шүүх рүү шилжүүлээд байна гэхээр шүүхээс чиглэл авах гэж шилжүүлж байгаа юм. Уг нь шүүгч аль нэг талд орох ёсгүй. Гэтэл шүүхээс хэрэг буцаадаг байдал нь шүүгчийг яллагч болгочихоод байна. Тухайн хүний хэрэг нотлогдохгүй байна. Гэтэл шүүгч прокурортой үгсээд үүнийг нотлоод ир гэж явуулдаг. Ийм зарчим дэлхийд байхгүй. Одоо Орост л ганцхан байх шиг байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Энэ хууль давуу тал ч ихтэй, сөрөг зүйл ч ихтэй. Дутуу мөрдөөд ял завшуул эсвэл дутуу мөрдөөд ялтан болго. Ийм л зарчим яваад байх шиг байна.

Энэ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр Улсын дээд шүүх, прокурорын байгууллагаас хүмүүс байлцуул. Бидэн дунд хэрэг мөрдөж, хянаж, шүүж байсан нэг ч хүн алга. Тэр зовлонг нь мэдэхгүй.

Олны анхаарал татсан хэргүүд шүүх рүү шилжихгүй байх вий дээ. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг замхраад алга болдог болох вий гэдэг зүйл ажиглагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн сахилгын хороо шүүгчийн ёсзүйн зөрчлийг хянана

Нийт шүүгчийн анхдугаар чуулган өчигдөр /2021.10.11/ Төрийн ордонд болсон. Чуулганаар хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж байна.


Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар шүүгчид товлосон асуудлаа хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгосон.

Нийт шүүгчийн олонхын саналаар,

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар,
  • Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг,
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр,
  • Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн сахилгын хороо ажиллахаар заагдсан. Тус хороо шүүгч сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хянаж тогтоох үйл ажиллагаа явуулна. Нийт шүүгчийн анхдугаар чуулганд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 421 шүүгч биечлэн 58 шүүгч цахимаар оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Репо арилжаагаар банкуудад 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олголоо

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк 2021 оны 4 дүгээр улирлын ээлжит репо арилжааг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Төв банкнаас 285 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж, 4 банкнаас нийт 160 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүллээ.

Уг санхүүжилтээр банкууд 1) жижиг, дунд үйлдвэрлэл, 2) уул уурхайн бус экспорт, 3) үйлчилгээ, 4) боловсруулах үйлдвэрлэл, 5) хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.

Репо санхүүжилтийн зээлийг ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банканд хандаж авах боломжтой.

Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна уу.