Categories
мэдээ нийгэм

ЗГ: МИАТ-ийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхийг Сангийн сайдад даалгажээ


Өнөөдөр /2021.10.13/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тэгвэл хуралдаанаар МИАТ ТӨХК-д холбогдох асуудлыг хэлэлцсэн байна.

Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд тус компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс шийдвэрлэхийг Сангийн сайд болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Италийн хөрөнгө оруулалтаар томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) дэд ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн улс орнууд цар тахлын сорилтыг даван туулахын төлөө хичээж буй энэ амаргүй цаг үед Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, манай улсад айлчилж байгаад нь ноён Этторе Росато тэргүүтэй Италийн парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Ноён Этторе Росато цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт хариу талархал илэрхийлээд, Бүгд Найрамдах Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Роберто Фикогийн мэндчилгээг уламжиллаа.

Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн болон улс төр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын парламент хоорондын ойр дотно харилцаа Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг. Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд Та бүхний энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Түүнчлэн Монгол Улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын чанараар Азийн бүсийн тэргүүлэгч орны нэг болохыг зорьж, хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх зорилтыг парламентын энэ удаагийн чуулганаас дэвшүүлсэн хэмээн онцоллоо.

Тэрбээр “Европын улс орнуудаас Итали Улс нь манай улсын худалдааны чухал түнш, ялангуяа манай самнасан ноолуурын Европ дахь гол зах зээлийн нэг. Тухайлбал, 2020 онд нийт самнасан ноолуурын экспортын 80 орчим хувийг Итали Улсад нийлүүлж, Италийн ноолуурын хэрэгцээний 22 хувийг дангаар хангасан гэсэн статистик мэдээ байна. Тиймээс энэ салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг Монголд байгуулах, Италийн зах зээлд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой гэж үзэж байна.

Италийн талын дэмжлэгтэйгээр “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг талууд хамтран байгуулж байгаа. Энэхүү төвөөр дамжуулан Италийн өндөр технологийг эзэмшиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаад таатай байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн юм.

Ноён Этторе Росато манай хоёр орон түүх, соёлын өвөрмөц, арвин баялаг уламжлалтай. Хамтын ажиллагаа маань түүхэн хэлхээ холбоо, ард түмнүүдийн илэн далангүй, дотно нөхөрлөлд суурилдаг. Энэ хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт улам өргөжүүлэх нь чухал юм. Бид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр МҮХАҮ-ийн танхимын удирдлагуудтай уулзлаа. Маргааш яамд, аж ахуйн нэгжүүдээр зочилно. Энэ үеэр хамтын ажиллагааны шинэ боломж, чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр эдийн засгийн хамтын ажиллагааг эрчим хүч, уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл зэрэг Монголын тэргүүлэх салбаруудад өргөжүүлэхийг бид сонирхож байна. Италийн томоохон хөрөнгө оруулагч Монголд үйл ажиллагаа явуулж эхлэх цаг хугацаа удахгүй тохионо гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас тодорхой томоохон төсөл, хөтөлбөрүүдэд Италийн талыг оролцуулах санаачилга гаргавал бид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Ийм шинэ хэлбэрийн хамтын ажиллагааг УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахыг хүсье гэв.

Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, улмаар экспортлогч орон болохыг зорьж байгаа тул ноос ноолуур, арьс ширний боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээрх Италийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, Европ болон Италийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Уулзалтын үеэр соёл, боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэх, сонгодог урлагийн чиглэлийн харилцаагаа идэвхжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, итали мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах сонирхолтой байгаагаа тэрбээр онцлов.

Хоёр тал хөндөж ярилцсан асуудлуудыг харилцан дэмжиж, бодит үр дүнд хүргэх, хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд гаргах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн бүлгийн гишүүн Г.Ганболд, Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Марко Ди Маёо, Никола Карэ, БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Ботта нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

Categories
мэдээ нийгэм

Урт хугацааны ковидын шинж тэмдэгт вакцин сайнаар нөлөөлж байна

Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн олон сая хүмүүст халдварын үеийн шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байгаа. Халдвар авсан хүмүүсийн 10-30 хувьд нь урт хугацааны ковидын шинж тэмдэг илэрч ядарч сульдах, амьсгал давчдах, зүрх дэлсэх, нойргүйдэх зэрэг асууудлуудтай тулгарч байна. Энэ нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа юм.

Сүүлийн үеийн судалгаагаар вакцинжуулалт нь коронавирусийн дараа илрэх шинж тэмдэгт эерэгээр нөлөөлж, халдвар авснаас хойш хэдэн сарын турш шинж тэмдэг үргэлжилж, шаналж байсан хүмүүс вакцин хийлгэснийхээ дараа сайжирч байгаа талаар мэдээлжээ. Мөн вакцинжуулалт нь урт хугацааны Ковид19-ийн шинж тэмдэг үүсэх магадлалыг бууруулж болохыг харуулсан байна. Тухайлбал, халдвараар өвчилсний дараа илэрч буй удаан хугацааны эрүүл мэндийн асуудлууд вакцины бүрэн тунтай хүмүүст харьцангуй бага илэрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 21 сая ам.долларын зээл авах төслийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Засгийн газраас энэ сарын 1-нид өргөн мэдүүлсэн уг төслийн санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт энэ оны долоодугаар сарын 21-нд гарын үсэг зурсан. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрсөн КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх юм. АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй юм.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “ДЭМБ-аас яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл өгсөн 10 төрлийн вакцинаас манай улс дөрвийг нь татан авч иргэдээ вакцинжуулж байна. Нийтдээ 7 431 490 тунг татан авсан. Вакцины хадгалалт, хамгаалалтын горимыг чанд мөрдөж байгаа. Бүх аймаг орон нутагт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай, хэвийн ажиллаж байна” гэлээ. Мөн одоогоор нийт хүн амын 69.3 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин дархлаа тогтоох нэмэлт тунд 350 230 гаруй хүн хамрагджээ. Цаашдаа хүүхдүүдээ дархлаажуулах үүднээс Файзер вакциныг түлхүү авахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгсөн юм.

Уг төслийг байнгын хорооны гишүүдийн 58.3 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхэрэ товлоод байна.

Мөн хуралдаанаар Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн зөвшилцөх, хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулсан юм.

Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй статустай хэмээн 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр зарласан. Мөн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг 1969 онд, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1997 онд тус тус соёрхон баталсан билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу зохион байгуулсан 2017 оны долоодугаар сарын 7-ны Бага хурлын үр дүнд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний төслийг гишүүн улсууд баталжээ. Уг гэрээ нь 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар 86 улс гэрээнд гарын үсэг зурж, 56 улс гэрээг соёрхон батлаад байгаа аж.

Энэхүү гэрээгээр цөмийн зэвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх, бэлдэх болон өөр бусад хэлбэрээр худалдаж авах, эзэмших, хадгалах, цөмийн зэвсгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, өөрийн газар нутаг дээр байршуулах, суурилуулахыг гэрээний Оролцогч улс бүрт хоригложээ. Манай улс энэхүү гэрээг соёрхон баталснаараа цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх чиглэлээр баримталж ирсэн байр сууриа бататгах, энэ чиглэлийн яриа хэлэлцээ, олон улсын хуралд идэвхтэй оролцоход чухал ач холбогдолтойг сайд илтгэлдээ онцлов.

Төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхэрэ товлоод байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ирэх онд түүх, соёлын өвийг хамгаалахад 7.4 тэрбум төгрөг зарцуулна

Ирэх онд Соёлын яам түүх, соёлын дурсгалыг хамгаалах, соёл урлагийг дэмжихэд 7.4 тэрбум төгрөг зарцуулна. Тодруулбал

  • Богд хааны ордон музейг сэргээн засахад 2.6 тэрбум
  • Чойжин ламын сүм музейг сэргээн засахад 1.7 тэрбум
  • Улсын драмын эрдмийн театрыг сэргээн засахад 1.2 тэрбум
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг сэргээн засахад 1.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна.

Соёлын сайд Ч.Номингийн ирэх оны нийт багц 263 тэрбум төгрөг байхаар улсын төсвийн төсөлд заасан. Үүний 114 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 148 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардал зарцуулна.

Ирэх онд Соёлын яам дээрх сэргээн засах болон бусад төслүүдийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр тооцжээ.

  • Соёл урлагийн байгууллагаар үйлчлүүлэгчийн тоо /хүн амд эзлэх хувь/ 75 болгох,
  • Нийтийн номын сангийн байнгын уншигч /хүн амд эзлэх хувь/ 15 болгох,
  • Музейн үзэгчийн тоо /хүн амд эзлэх хувь/ 21 болгох,
  • Жилийн эцэст хүрсэн байх музейн үзмэрийн тоо /мянгаар/ 245 болгох,
  • 10 мянган хүнд ногдох номын тоо /мянган ширхэг/ 28
  • 10 мянган хүнд ногдох соёлын төвийн суудлын тоо 300
  • Улсын хэмжээнд хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрийн тоо 3-аас доош доошгүй байх,
  • Мэргэжлийн урлагийн байгууллагын үзэгчдийн тоо /давхардсан тоогоор, сая хүн/ 3.6 болгох үүрэг хүлээжээ.
Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ-ноос допингийн шинжилгээний хариу бүгд ирэхээр олон нийтэд мэдээлнэ гэв

Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авч наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан билээ.

Эхний шинжилгээний буюу 17 бөхийн хариу МДЭҮБ-д өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ирсэн бөгөөд үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу энэ сарын 11 болон 13-нд илгээжээ.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлэх аж.

Иймд бүгд ирсэн даруйд МҮБХ-ноос олон нийтэд нээлттэй хүргэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

СЗХ: 99.9 тэрбум төгрөгийн түрээсийн орлогоор баталгаажсан үнэт цаасыг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ээлжит хуралдаан өнөөдөр болж салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн биенесийн үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-нд “Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоонд өрсөлдөөн бий болгож, Нийслэлийн орон сууцны корпораци болон бусад холбогдох хуулийн этгээдэд шинээр шаардлагатай тусгай зөвшөөрөл олгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх талаар холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх”-ийг даалгасан.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан компаниудад холбогдох тусгай зөвшөөрлийг олгож, “Носк нэг ТЗК” ХХК, “Носк хоёр ТЗК” ХХК, “Носк гурав ТЗК” ХХК-уудын гаргасан нийт 1,030 төрийн албан хаагчдад хамаарах 87.8 тэрбум төгрөгийн түрээсийн орлогоор баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэсэн. Харин энэ удаагийн хуралдаанаар “Носк дөрөв ТЗК” ХХК-ийн гаргаж буй 15 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, нэг бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 120,703 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр дөрвөн багцын хүрээнд нийт 1,177 төрийн албан хаагчдад хамаарах 99.9 тэрбум төгрөгийн түрээсийн орлогоор баталгаажсан баталгаат үнэт цаасыг бүртгэж, цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажилласан төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцаар хангах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Хуралдаанаар “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 817,768,643 ширхэг энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Энэ нь энэ оны хамгийн анхны IPO бөгөөд тус компанийн нийт хувьцааны 16.87 хувийг олон нийтэд санал болгож гаргах замаар 28.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Мөн “БКО капитал” ХХК-д үнэт цаасны брокерийн брокерийн үйл ажиллагаа эрхлэх, “Смарт мони” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх, “Новел-Инвестмент ҮЦК”-д үнэт цаасны андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх, “Таван богд капитал ҮЦК” ХХК-д үнэт цаасны дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нэмж олгохоор шийдвэрлэлээ. Түүчлэн “Парита энд партнерс” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдээр бүртгэхийн зэрэгцээ “МИК актив хорин зургаа” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгож, гаргаж буй 30 жилийн хугацаатай, нэг бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,050,061 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэв.

Үүний зэрэгцээ мөн нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, гурван компанид банк бус санхүүгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор тус тус шийдвэрлэсэн. Түүнчлэн дээрх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан нэг компанийн тусгай зөвшөөрлийг сэргээхээр боллоо.

Хуралдаанаар даатгалын нэг компанид даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх, зургаан компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэр бүхий гурван иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор нэг хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооны тусгай зөвшөөрлийг сэргэхээр шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт дархлаажуулалтад 198 мянга гаруй хүн хамрагдаад байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

-Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунгийн хамрагдалтад 198.317 хүн хамрагдаад байгаа. Энэ нь зорилтод бүлгийн 17.6 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтад I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.

-Жирэмсэн эхчүүд болон хүүхдийн дархлаажуулалт ямар байна вэ?

-Хүүхдийн дархлаажуулалтын I тунгийн хамрагдалт 87.7 хувь, II тунгийн хамрагдалт 76.3 хувьтай байна. Харин жирэмсэн эхчүүдийн 35 хувь I тунд хамрагдсан бол II тунд 25 хувь нь хамрагдаад байгаа юм. Иргэн та өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай.

Categories
гадаад мэдээ

Бээжин нүүрснээс гарсан эрчим хүчний үнийг 20 хүртэлх хувиар нэмэхийг зөвшөөрөв

БНХАУ-ын эрх баригчид хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчний үнээ 20 хүртэлх хувиар нэмэхийг нүүрснээс цахилгаан гаргаж авдаг ААН-үүдэд зөвшөөрчээ. Тус улс эрчим хүчний дутагдлыг арилгахын тулд Өмнөд Монгол болон Шаньси мужийн уурхайнууддаа олборлолтоо нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Гэсэн ч Шаньси мужид үер бууж нүүрсний хомсдол хэсэг хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон учир ийм шийдвэр гаргасан байна. Тус улсын эрх баригчид өмнө нь нүүрснээс гаргаж авсан цахилгааны үнийг 10 хувиар нэмэхийг ААН-үүддээ зөвшөөрөөд байсан билээ.

Ингэснээр тус улсад эрчим хүчтэй холбоотой асуудал цэгцэрчихгүй. Харин ч эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй. Эрчим хүч нь суурь үнийг бүрдүүлдэг тул компаниудын зардал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ өсөх нигууртай аж.