Categories
гадаад мэдээ

Нобелийн шагнал хүртсэн сэтгүүлчид Владимир Путин анхааруулга өгөв

Өнгөрсөн баасан гаригт ОХУ-ын цөөхөн хараат бус хэвлэлүүдийн нэг гэгддэг Новая Газета сонины эрхлэгч Дмитрий Муратов мэргэжил нэгт Филиппиний сэтгүүлч Мариа Рессагийн хамт Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн билээ.

Нобелийн шагналын хороо тэднийг үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэж өргөмжилсөн юм. Тухайн үед Кремлийн хэвлэлийн алба Муратовт баяр хүргэж байжээ.

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар өчигдөр анх удаа ам нээхдээ Муратовт анхааруулга өгсөн байна.

Лхагва гаригт Москва хотод болсон Оросын Эрчим Хүчний Долоо Хоногийн арга хэмжээнд оролцохдоо Путин “Хэрвээ тэр Нобелийн шагналыг Оросын хуулийг зөрчихдөө бамбай болгон ашиглах гэвэл хариуцлага хүлээлгэх болно. Харин хууль зөрчилгүй, “гадаадын төлөөлөгч” ангилалд орох шалтгаан гаргахгүй бол яах ч үгүй” гэж хэлжээ.

ОХУ-д сүүлд мөрдөж эхэлсэн хуулийн дагуу Кремлийг шүүмжилсэн хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагуудад “гадаадын төлөөлөгч” (foreign agent) хэмээх нэр хаяг зүүлгэж, үйл ажиллагааг нь хориглодог болоод байгаа. Энэ он гарсаар олон арван сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага уг ангилалд орж, үйл ажиллагаагаа зогсоосон юм.

Путиний мэдэгдлийн дараа Муратов “Төр засаг хүссэнээ хийж болно. Гэхдээ бид шагналаасаа татгалзахгүй” гэж Интерфакс агентлагт ярьжээ.

Одоо 59 настай Дмитрий Муратов нь 1993 онд хэсэг сэтгүүлчдийн хамт Новая Газета сониныг үүсгэн байгуулж байв. Тус сониныг өнөөдөр ОХУ-д үлдсэн цөөхөн хараат бус хэвлэлүүдийн нэг гэдэг.

Муратов өөрт оногдсон Нобелийн мөнгөн шагналынхаа талыг бусдын гарт амиа алдсан зургаан сэтгүүлчийнхээ ар гэрийнхэнд хуваарилахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байна

Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага

Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)
  2. Үйлдвэрийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн гэрчилгээг хавсаргах)
  3. Бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгж нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож, бэлтгэх мал болон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн цахим гэрчилгээтэйгээр хүлээн авч бүртгэлжүүлэх нөхцөлөөр хангагдсан байх (Системд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх)
  4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан байх
  5. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)
  6. Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20 тонноос доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)
  7. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх

8.Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх

  1. Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, төлөвлөгөө гарган хавсаргаж ирүүлэх)
  2. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх /Фото зураг хавсаргах/
  3. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад албан ёсоор айлчлахыг урив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхсан байна.

Уулзалтын үеэр Казахстан Улсын Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны найдвартай стратегийн түнш гэж онцлоод манай хоёр ард түмэн түүхэн нягт холбоотой. Хоёр улс олон улсын тавцанд харилцан бие биеэ дэмждэг сайхан уламжлал тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Мөн Ерөнхийлөгч К-Ж. Токаев Монгол Улсад казах үндэстнүүд нь өөрийн хэл, соёл, ёс заншлаа хадгалахад маш таатай нөхцөлд оршин суудагт Монгол Улсын төр засаг, монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад албан ёсоор айлчлахыг урьсан байна.

Ирэх 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар талууд санал солилцов.

Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр орны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцож, ялангуяа худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр логистикийн асуудалд анхаарч ажиллахаар боллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсад албан ёсоор айлчлахыг урив

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас орно

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 10 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Одбаярын эхнэр Н.Өнөрчимэг: “No double standart” хөдөлгөөний кейс бодитоороо нөхөр дээр минь хэрэгжиж байна

Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг шаардсан “No Double standart” хөдөлгөөний Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуусыг цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байна. Э.Одбаярын хувьд өмнө нь үзэл бодол нэгдсэн залуусын хамтаар Хотын дарга С.Амарсайханы хэрэгжүүлсэн Хонхтой цэцэрлэгийг нурааж 3.2 тэрбум төгрөгөөр Усан оргилуур байгуулахыг эсэргүүцэн жагсаж байсан. Ковидын цар тахлын үед Улсын баяр наадам хийхийг эсэргүүцэн “No naadam” цуглаанд оролцсон. Сүүлд Дорнод аймагт залуус нэгнийгээ автомашинаар дайрсан ноцтой хэргийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан хэрэгт буруутгагдан шалгуулж байсан юм. Харин энэ удаа түүнийг “No Dou­ble standart” хөдөлгөөний жагсаалаар буруутган 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. Э.Одбаяр хууль хяналтын байгууллагын энэхүү үйл ажиллагааг хууль бус гэж үзэн долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа аж. Түүний эхнэр Н.Өнөрчимэгтэй ярилцлаа.


-Э.Одбаяр өмнө нь үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаа, шүүхээр нэлээд явсан, бүр цагдан хоригдож байсныг дуулсан. Харин энэ удаа цагдан хоригдоод зогсохгүй хорих ангид өлсгөлөн зарлаж байгаа юм байна. Танд ямар мэдээлэл байна, юу болчихов?

-Аравдугаар сарын 4-нд Э.Одбаярыг Эрүүгийн цагдаагийн албанаас Прокурорын тогтоолтой танилцуулахаар дуудсан. Маргааш нь 10:00 цагт тайлбар өгчихөөд ирнэ гээд явсан хүн. Тэгээд очтол өмнөх өдөр нь болсон “No Dоuble stan­dart” хөдөлгөөний жагсаал, Д.Монголхүүтэй холбоотой асуудлаар тэр өдөржингөө суулгаж байгаад ажлын цаг дуусахад 461 дүгээр хорих анги руу авч яваад цагдан хорьсон. Маргааш өглөө Э.Одбаярыг өөрт нь мэдэгдэхгүйгээр, эрх зүйн туслалцаа авах боломжоор хангахгүйгээр шүүх хурлыг явуулсан. Энэ хууль бус үйлдлийг манай хүн хүлээн зөвшөөрөөгүй учраас өлсгөлөн зарлаж эхэлсэн. Энэ сарын 6-ны өдөр өлсгөлөн зарлах хүсэлтээ хорих ангийнханд өгсөн. Гэтэл хүсэлтийг нь хүлээж аваагүй, эрүүл мэндийн шалтгаантай гээд. Уг нь манай хүн эв эрүүл хүн. Гэсэн ч өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байсан. Хүсэлтийг нь өчигдөр буюу 11-ний орой 18:00 цагийн үед албан ёсоор хүлээж авсан байгаа юм. Гэтэл манай хүн аль 6-наас өлсгөлөн зарлаад эхэлчихсэн байсан. Бүхэл бүтэн зургаа хоног юм идээгүй байсны дараа албан ёсоор хүлээж авсан болж таарч байгаа. Хүн юм идэхгүй долоо хоноход бие ямар болох вэ. Эрүүл мэндэд нь маш их санаа зовж байна. Залуу хүн эрүүл мэндээрээ хохирох нь ямар сайн байхав.

Та өөрөө биечилж уулзах боломж гарав уу?

-Өмгөөлөгчөөрөө дамжуулаад мэдээлэл авч байна. Долоо хоногийн мягмар, лхагва гаригт эргэлт оруулдаг юм байна. Тиймээс маргааш л уулзахаар цаг аваад байна.

-Шал өөр асуудлаар тайлбар хийхээр явсан болж таарлаа. Гэтэл цагдан хорих болоод сураггүй болчихоор ар гэрийнхэн нь сандарсан байх?

-Бид хоёр 2007 онд гэр бүл болсон хүмүүс. Манайх гурван хүүхэдтэй. Анх бид оюутан байхдаа үзэл бодлоороо нэгдсэн хэсэг залуустай “Эсгий туургатан” ТББ-аа байгуулж байсан. Сүүлд “Эсгий туургатан” ТББ-аа “Монгол туургатан төв холбоо” болгон өргөжүүлсэн. Манай хүн бүхий л хугацаанд нийгэмд болохгүй байгаа зүйлийг үнэн бодитоор нь хэпж ирсэн. Үнэхээр энэ нийгэмд хүний эрх зөрчигдөж байгаа нь үнэн, бид эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа нь үнэн. Яг л зөв зүйлийг дуугардаг болохоор би хорьж, шүүмжилдэггүй. Харин ч дэмжээд явдаг. Цагдан хоригддог 5-ны өдөр би 17:00 цагийн үед твиттерээс Э.Одбаярыг хорихоор авч явсан мэдээллийг уншсан. Тэгээд өмгөөлөгч А.Пүрэвдуламтай холбогдтол “Намайг өмгөөлөх эрхгүй гээд Э.Одбаярыг 461 рүү аваад явчихлаа” гэсэн. Шөнө 00:00 цагийн үед мөрдөгч н.Баттөр гэж хүнтэй би холбогдсон. Маргааш өглөө нь тэр мөрдөгчөөс очиж Э.Одбаярын биед явсан эд зүйлсийг нь хүлээж авсан. Тэр үед мөрдөгчөөс “Хэргийг хариуцаж байгаа прокурор нь хэн бэ. Шүүх хурал болбол өмгөөлөгч, ар гэрийнхнээс нь оруулах хүсэлт өгмөөр байна” гэхэд “Мэдэхгүй” гээд өнгөрсөн. Мэдээж надад сэжиг төрнө шүү дээ. Тэгээд шүүхийн туслахтай холбогдоод “Өмгөөлөгч солигдож байгаагаа хэлж, удахгүй шинэ өмгөөлөгчөө аваад шүүх дээр очсон. Очтол аль эрт шүүх хурал нь болоод 30 хоногоор таслаад аваад явчихсан байсан. Мэдээж эрх зүйн тусламж авч чадахгүй, ар гэрт нь мэдэгдэхгүй хоригдсон учраас нэг өмгөөлөгч маань аравдугаар сарын 7 буюу пүрэв гаригт, нөгөө нь аравдугаар сарын 8 буюу баасан гаригт шүүгчид гомдлоо гаргасан.

-Шүүх ямар хариу өгөх юм?

-Одоог хүртэл шүүгч хоёр өмгөөлөгчийн маань гаргасан гомдолтой танилцаж хариу өгөөгүй байна. Ингээд харахаар яг энэ “No double standart” хөдөлгөөний кейс чинь бодитоороо Э.Одбаяр дээр хэрэгжиж байна. Барьж цагдан хорих болохоор шуурхай авч яваад шүүх хурлыг нь хэнд ч хэлэхгүй хийчихдэг. Эргээд гомдол гаргаад шүүх хурлын цагийг дахиад товлоод өгөөч, эрх зүйн туслалцаа авч чадсангүй гэхээр таг. Гэтэл энэ хооронд шүүгч нарын зөвлөгөөн гээд 21 аймаг, есөн дүүргийн нийт шүүгч нарын цугларалт Улаанбаатар хотод болж байна. Хэдэн хүн цугларах вэ. Ковидын хуулиараа олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн цуглаан хийх нь хориотой биз дээ. Гэх мэтчилэн нийгэмд хууль нь тэгш бус, хүн бүхэнд ялгавартай үйлчлээд байгаагийн кейс өдөр тутамд хүн бүхэнд тулгарч байна. Тэр хүн хэл дээрээ хоол тавихгүй хэд хонож байна. Гомдол гаргаад хэд хонож байгаа билээ. Хүний эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэж байгаа шүү дээ, уг нь. Энд гэр бүлийнх нь сэтгэл зүй ямар байх нь ойлгомжтой.

-Танай хүн цагдаа руу явахаас өмнө юу гэж ярьж байв. Ямархуу байсан бэ?

-Ер нь иймэрхүү асуудал өдөр тутам болно доо, манайд. Э.Одбаярыг ямар нэг асуудлаар юм дуугарахад цаагуураа ар гэр, аж ахуйн нэгж рүү ямар нэгэн шахалт заавал ирдэг, тэр нь мэдрэгддэг. Ажил руу гэхэд янз бүрийн шалгалт оруулдаг ч юмуу. Байнга иймэрхүү асуудал үүсдэг болохоор би ч сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихоод байна даа. Цагдаагаас бичиг ирсэн гэхээр би “За, наад хүмүүс чинь ингэх нь дээ” гээд хэлж л байсан. Өөрөө бол “Маргааш 10 цагаас дуудсан. Очихгүй бол болохгүй” гээд л явсан хүн. Уг нь тэр цагдаагаас дуудсан учир нь Дорнодод болсон хэргийн бичлэгтэй холбоотой л прокурорын тогтоолтой танилцуулна гэж дуудсан. Прокурорын тогтоолтой танилцах гэж очсон хүн шал өөр хэрэгт холбогдоод хоригдчихлоо. Авч яваад араас нь тогтоол шийдвэрийг нь гаргадаг болчихож. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр биз дээ. Үнэхээр хэцүү байна.

Тэр нь иргэд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлсний төлөөх шийтгэл болоод явчихлаа, тийм үү?

-Бид нар чинь залуу хүмүүс. Яг л болохгүй юмыг үнэн бодитооор нь хэлнэ. Зөв. Бид чинь үр хүүхдээ ийм нийгэмд үлдээмээргүй байна. Бидний гурван хүүхэд ийм нийгэмд амьдарна гэвэл хэцүү байна. Хууль нь хүн бүрд тэгш үйлчилдэг, аюулгүй, дарамт шахалт байхгүй орчинд хүүхдүүд маань үлдээсэй гэж хүсдэг. Нөхөр маань хэзээ ч буруу юм хийж явах хүн биш. Хэзээ ч буруу зүйлд бусдыг турхираад зогсохгүй. Тиймээс ч би үзэл бодлыг нь хүндэлдэг, дэмждэг. Хэзээ ч би эсэргүүцдэггүй. Чадах хэмжээндээ тусалдаг. Бусдын төлөө ингэж дуугарах хүн ховор шүү. Манай Одко хүн бүхэнд байгаад байдаггүй тийм нэг хүн чанартай, зөөлөн, цайлган хүн. Хүн чанар гэдэг чинь хүн бүхэнд заяагаад байдаггүй ховор чанар байдаг юм байна. Гэтэл хүмүүс элдэв бусаар харлуулж байна.

Аав нь Монголын том улстөрч С.Эрдэнэ. Эцэг хүний хувиар хэр санаа тавьж байна. Найз нөхөд нь юу гэх юм?

-Мэдээж хүний эцэг хүн үр хүүхдэдээ санаа зоволгүй яах вэ. Өдөр бүр холбогдож байгаа. Аав, хүү хоёр нэгнийхээ үзэл бодолд маш хүндэтгэлтэй ханддаг. Би үүнд баярладаг. Аав маань хүүдээ үзэл бодлоо тулгаагүй, өөрийг нь бие даалгаж төлөвшүүлсэн. Намын нөхөд болон найз нөхөд нь ч холбогдох газруудад гомдол гаргах тал дээр хамтран ажиллаж байгаа.

-Том хүн учиртай. Хүүхдүүд харин хэцүү байна уу?

-Хүүхдүүддээ эхний өдөр хэлж чадаагүй. Гэтэл маргаашаас нь “Аав өнөөдөр ч ирэхгүй юм уу” гээд л асууцгаагаад эхэлсэн. Хүүхэд л юм болохоор сошиал дээрээс мэдчих вий, тэгээд хямарчих вий гэсэн үүднээс хоёр томдоо хэлэхээс аргагүй болсон. “Ийм асуудал болсон” гээд хэлсэн.Ингээд харахаар ар гэрийн сэтгэл зүйн хохирлыг яах вэ, хэн хариуцах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Ар гэр, аав ээж нь давхар хохирч байна шүү дээ.

-Цагдан хорих бол аливаа хэрэг зөрчлийн сүүлийн арга хэмжээ. Хууль хяналтын байгууллагууд болж л өгвөл цагдан хорихыг чухалчилдаггүй байх зарчимтай гэж хуульчид тайлбарлаж байгаа. Э.Одбаярын хувьд харахад Хонхтой цэцэрлэгээр 3.2 тэрбумыг зарцуулахад ч, “No naadam” ч тэр, сүүлд Дорнодод болсон хүний эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлсний төлөө алхам тутамд нь цагдаа шүүхээр далайлгаж, байнга л цагдаж хорихоор заналхийлж байсныг харж болохоор. Энэ удаад ч тэр. Цагдан хорих гэдэг арга ажиллагааг үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрд хэрэглэдэг болчихоод байна уу даа?

-Тэгж л харагдаж байна. Эрх баригчид өөрсдийнх нь буруу зүйлийг шүүмжилсэн хүн бүрийн амыг нь барих санаатай юм байна. Нэг нэгээр нь дуугүй болгох гэсэн ажиллагаа. Гэхдээ залуучууд өөр болсон. Болохгүй байгаа зүйлийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Яг хэлэх үед нь хэлдэг шударга болчихсон. Ингэж дуугарч байгаа хүмүүсийг эхнээс нь амыг барих санаатай айлгаж ичээж, дахиад ингээд дуугар гэсэн залхаан цээрлүүлэлт л явж байна. Энэ хэрэг дээр гэхэд зохион байгуулалттай ажилласан гэж харагдаж байгаа. Өглөө 9 цагт хэнд ч мэдэгдэхгүй шүүх хурлыг нь хийчихсэн. Мэдээж урьд өдөр нь худал хэлж дуудаж аваачаад хорьчихсон. Маргааш нь шүүх хурлын дараа Үндэсний телевизээр ЦЕГ-ын дарга өрөө яриад сууж байсан. Ямар ч ноцтой, олон нийтийг цочроосон хэрэг гарахад цагдаа нар тийм түргэн шуурхай мэдэгдэл хийгээд байдгийг санахгүй юм. Цаанаасаа зохион байгуулалттай. Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэгдэл хийхдээ Хорих анги руу зэвсэглэсэн гэмт этгээдүүд халдаж, үүд хаалгыг нь эвдэж ороод хүн аваад явчихсан юм шиг мэдэгдэл хийсэн байсан. Гэтэл ШШГЕГ-ынхан “Тийм явдал огт болоогүй. Зөвхөн шалган дээр үүссэн хүмүүсийн маргаан. Ноцтой зүйл болоогүй. Цагдаад мэдэгдсэн байгаа” гэсэн л тайлбар хийсэн байсан. Эх баригчдын буруу үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө өнөөдөр өөрөө эрүүл мэндээрээ хохироод сууж байгаад маш их харамсаж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Төсвийн алдагдлын цаана хувийн хэвшилд очих зээлийн хомсдол үүсч байдаг

Ирэх оны төсөв тойрсон асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Дэлхий нийт сүүлийн хоёр жил гаруй хугацаанд корона-вирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед манай улс ирэх жилийнхээ төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Ирэх оны төсөв ковидын эсрэг төсөв болж чадаагүй. Өнгөрсөн 2020 оны төсвийг хоёр их наядын алдагдалтай баталж, дараа нь төсвийн тодотголоор таван их наяд болгон өсгөсөн. Төсөв батлах үедээ ковидын жилийн төсөв хэмээн сүржигнэж байсан ч, яг бодит байдал дээр халдварын улаан бүсэд ажиллаж байгаа хэсэгт зориулсан санхүүжилтийг харахаар 220 тэрбум төгрөгөөс хэтрээгүй. Тэгэхээр ковидоор халхавчилж, тойргуудын усалгаанд зориулсан, сонгуульд зориулсан төсөв болсон. Ирэх оны төсөв ч мөн ялгаагүй. Ковидтой холбоотой гэж хэлэхэд хэцүү. Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа мөнгөн дүн нь асар бага.

Гэтэл соёлын салбарт их хэмжээний мөнгө зарцуулахаар тусгасан. Татварын нийт орлогыг дунджаар 25-30 хувиар өсгөхөөр тусгасан байна. Нийт дүнг нь өсгөнө гэхээр татвар төлдөг цөөн хэсэг дээрээ татварын ачаалал дарамтыг асар ихээр өсгөх юм байна гэж харагдаж байна. Гэтэл бусад орнуудад ажлын байр бий болгож байгаа татвар төлөгч нартаа аль болох татварын дарамтаас чөлөөлөх бодлого баримталж байна. Ковидын эдийн засаг гэсэн ойлголт бий. Уг ойлголтод эдийн засгаа, ажлын байраа, хувийн хэвшлээ, нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэндийг ч боддог. Гэтэл манайд аль алийг нь тавиад туучихлаа шүү дээ. Эдийн засагт ажлын байраа хадгалж үлдэх гэж байгаа компаниуд цөөхөн, ажилгүйдэл нэмэгдэх төлөвтэй байна.

Хоёрдугаарт, нэг сая иргэнд оногдох ковидтой иргэдийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Эрүүл мэндийн салбарынханд ирж байгаа ачааллаас үүдэн эмч, сувилагч нар ажлын байрнаасаа татгалзаж байна. Амьсгалын аппарат хүрэлцээгүй, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр татвар төлөгчид хэдэн их наядаар төсөвт мөнгө төвлөрүүлж байгаа хэдий ч яг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, улаан бүсэд ажиллаж байгаа холбогдох байгууллагуудад зарцуулах хөрөнгө оруулалт бага байна.

-Улсын төсвийнхөө дийлэнх хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг манай улсын хувьд ирэх жил 16.4 их наяд төгрөгийн орлого олох боломжтой юу?

-Энэ оны буюу 2021 оны төсвийн орлогыг 13 их наяд төгрөг, зарлагыг 15 их наяд төгрөг гэж хуульчилсан. Харин ирэх 2022 оны төсвийн орлогыг 16.4, зарлагыг 18.1 их наяд төгрөг гэж төсөөлжээ. Орлого, зарлагаа өнгөрсөн жилийнхээс даруй гурван их наядаар нэмчихэж. Ирэх оны төсвийн тодотголд зэсийн үнийг 8,900, алтыг 1,800, нүүрсийг 129 ам.доллараар таамаглажээ. Биет хэмжээний хувьд нүүрс 36 сая тонн, зэсийн баяжмал 1.2 сая тонн, алтыг 20 тонноор экспортолно гэж өөдрөгөөр төсөөлжээ. Бид энэ онд олон сая тонн нүүрс экспортлохоор төсөвтөө тусгасан боловч одоогийн байдлаар талыг нь ч гаргаж чадаагүй. Гэтэл ирэх жил 36 сая тонн нүүрс гаргах юм гэнэ. Одоогийн байгаа дэд бүтэц, хурдаар энэ ямар ч боломжгүй. Зэсийн үнийг ч мөн өөдрөгөөр төсөөлсөн байна. Гэтэл БНХАУ-ын орон сууцны банк бараг дампуурчихлаа. Тус улсын ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг ирэх онд 0 хувь байна гэж үзэж байгаа юм билээ. Цахилгаан эрчим хүчний хомсдолд орж, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан учраас ерөнхийдөө БНХАУ-ын талаас эрэлт бага байх болов уу. Дээр нь манай улсын боомтын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал байгаа ийм үед зохиомлоор хэмжээг нь өсгөж болохгүй. Тухайлбал, 1.2 сая тонн зэс гаргана гэж тооцоолсныг үнэхээр ойлгохгүй байна. Бодвол Оюу толгойн далд уурхай ашиглалтад орчихсон байх юм байлгүй дээ. Төсвийн орлого хэтэрхий өөдрөг байна. Мөн Хүн амын орлогын албан татварын нийт орлогыг 14 хувь, НӨАТ-ыг 20 хувиар тус, тус өсгөжээ. Харин бодит байдал дээр ажилгүйдэл ихэсч, иргэдийн цалин багасаж байна. Хэрхэн бүрдүүлэх юм бол доо. Ажил хийж байгаа цөөхөн хэдээ нэмж мөлжих гээд байх шиг.

-Төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлөх нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Эдийн засаг өндөр харагдахаар Засгийн газрын өр тавих боломж буюу өрийн тааз дагаад өндөр болдог. Засгийн газар нэмж өр тавихын тулд сууриа зохиомлоор өндөр харагдуулж байна. Энэ бол муухай заль. Ийм заль хэрэглэхийг хориглосон тогтолцоо бий. Дунд хугацааны төсөөлөл гэж баталдаг. Гурван жилийн төсвийн алдагдлын эдийн засагт эзлэх хувь тогтвортой байх ёстой гэдгийг зааж өгсөн. Гэтэл эд нар яаж байна гэхээр яг ирэх жил нь өндөр тавиад түүний дараагийн жилүүдэд бага дүнгээр тавьчихдаг. Тэгээд дундажлаад үзэхээр төсвийн хязгаараа бариад байдаг. Дараа жил болохоор тэр хатуу шалгуураа дахиад л хойшлуулчихна. Сүүлийн таван жил энэ байдал жишиг болсон. Зориуд өндөр алдагдалтай төсөв баталдаг. Алдагдлынхаа шалгуурыг дараагийн 2-3 жил рүү шилжүүлдэг. Дараа жил дахин хойшлуулдаг. Жишээ нь хүн тамхинаас гарахаар шийдлээ гээд өөртөө өдөрт гурван ширхгийг татъя. Маргааш, нөгөөдөр огт татахгүй гэж амлалт өгөг. Маргааш нь “За за өнөөдрөөс л эхэлье. Өнөөдөр арай олныг татчихаад маргааш цөөхөн татъя” гэж өөрийгөө хуурч байгаатай ижил. Өнөөдрийн Засгийн газар ийм л байдлаар ажиллаж, өөрсдийгөө хуурч байна.

-Алдагдсан төсвөө гадаад өр болон үнэт цаас гаргаж нөхөхөөр тусгасан харагдана лээ?

-Алдагдлыг хоёр эх сурвалжаар буюу гадаад зээл тусламж болон дотоодын бонд гэх сувгуудаар нөхнө гэсэн байна лээ. Өмнөх жилүүдэд ч ингэж ирсэн. Төсөв алдагдах нь иргэнд яаж мэдрэгдэх вэ гэвэл хамгийн наанадаж төлөх татвар нь ихэсдэг. Хойч үе маань илүү их ажиллаж, илүү их татвар, шимтгэл, хураамж төлөх замаар илүү олон дарга нарыг тэжээнэ гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд илүү их татвар төлнө гэсэн үг. Одоогийн байдлаар Засгийн газрын гадаад өр 7-8 тэрбум доллар болчихсон байна. Цаашид ч өснө. Тэгэхээр төсвийн алдагдал өснө гэдэг бол гадаад өр зээл өснө гэсэн үг. Энэ бол хоноцын сэтгэлээр хандаж байгаагийн илрэл. УИХ-ын гишүүд дахин сонгогдох сонирхолтой учраас тойрогтоо ахиухан төсөв батлуулчихвал сэтгэл нь ханадаг. Тэдгээр гишүүдэд урт хугацааны бодлого гэж байхгүй. Дөрвөн жилийн дараа нутаг руугаа буцаад очиход иргэдийн асуудаг зүйлс нь ч их сонин л доо. “Улс эх оронд хэрэгтэй юм хийсэн үү, төсвийн сахилга баттай байсан уу” гэдэггүй. Харин “Энд гүүр барьсан уу, тэнд гэрэлтүүлэг тавьсан уу” гэцгээдэг. Тиймээс 76 гишүүн өөрсдийнхөө эрх ашгийг боддог. Тэгэхээр талын нэг тараасан үрэлгэн төсөв нь дахин сонгогдох сонирхолтой УИХ-ын гишүүдэд л ашигтай. Тиймээс тэд тойрогтоо өндөр төсөв тусгах, тууз хайчлах талаар л бодохоос төсвийн алдагдал, төсвийн зарцуулалтад санаа тавих боловсролтой, мэдлэгтэй ч хүн алга. Энэ бол тогтолцооны гажуудал юм.

-Угтаа төсвийг алдагдалгүй батлах ёстой биз дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд алдагдалтай баталдаг жишиг тогтчихлоо шүү дээ?

-Тийм шүү дээ. Айлаар бодоод үзэхэд, айл гэрийн сарын зарлага нь орлогоосоо давчихвал өртэй болно. Сүүлдээ мөнгө зээлэх ч хүн олдохоо больдог биз дээ. Гэтэл манайх төсвөө байнга алдагдалтай баталж байна. Нөгөө талдаа төсвийн зардал жилд 30-40 хувиар өсч байна. Яагаад хэдхэн жилийн өмнө есөн их наяд төгрөгөөр болоод байсан хэр нь одоо 16 их наяд болгоод өсгөчихөөд байхад л хүрэлцэхгүй нэмж алдагдал батлаад сууна вэ. Энэ хэрээр манай улсын эдийн засаг өссөн үү гэхээр үгүй. Төрийн үйлчилгээний чанар сайжирч, иргэдийн амьдрал дээшилсэн үү гэхээр үгүй л байгаа байхгүй юу. Дотоодын эдийн засагт энэ мөнгө шингэхгүй байна. Гадагшаа урсаад байна. Ерөөсөө алдагдалгүй төсөв батална гэдэг бол нийгмийн хамгийн энэрэнгүй бодлого. Төсвийн алдагдал бүрийн цаана инфляци бий. Төсвийн алдагдал бүрийн цаана хувийн хэвшил дээр бий болох ёстой байсан ажлын байр устаж байгаа.

-Ажлын байр нэмэгдүүлэх, эргээд эдийн засагтаа үр өгөөжөө өгөх асуудал төсөвт хэр туссан байна вэ?

-Байхгүй шүү дээ. Тухайлбал, Хэнтий аймгийн сум бүрд 1-2 тэрбум төгрөгөөр соёлын ордон барьж байна. Сум бүрд иргэдэд үйлчлэх мэдээллийн төв 1-2 тэрбумаар барьж байна. Жилд нэг хоёр удаа ашигладаг, асар их мөнгө зарцуулдаг зүйлд хөрөнгө оруулж яах юм бэ. Тэр хэзээ үр өгөөжөө өгөх юм бэ. Дээр нь ХУР гээд систем гаргаж ирээд өчнөөн олон тэрбум төгрөг зоочихсон байна. Гэтэл ГЭРЭГЭ гээд хувийн систем түүнийг нь хийгээд л байгаа. Хувийн хэвшлийн өөрсдийн мөнгөөрөө хийж байгаа ажлын зах зээлийг булаан байж төрийн мөнгөөр хийх ямар хэрэг байгаа юм бэ. Энэ чинь улсын төсөв болохоос намын төсөв биш.

-Ер нь Сангийн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч сонгогдсон аймгуудад өндөр төсөв тавьдаг жишиг тогтоод байна уу?

-Тэгж хэлж болно. Ирэх жил Хэнтий аймагт харьцангуй өндөр төсөв тавигдлаа. Бусад аймгуудад З тэрбумын төсөвтэй яг ижил барилга дээр 300 саяыг өгч байхад Хэнтийд дунджаар 2 тэрбумыг хуваарилна. Коронавирусийн халдвар ойрын 2-3 жилдээ намжихгүй гэдгийг судлаачид хэлж байна. Тэгэхээр энэ хугацаанд манай улс хилээ нээж, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал биш болчихлоо шүү дээ. Гэтэл Хэнтий аймагт олон километр зам, байшин барилга барихаар төсөвлөсөн мөнгөн дүнгийн хэмжээ нь ижил төстэй байгууллагуудтай харьцуулахад хамаагүй өндөр байна. Яагаад Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйн улмаас гурван ээлжээр хичээллэж, ковид туссан өвчтөнүүд нь эмнэлгийн хүрэлцээгүйгээс тусламж авч чадахгүй гэртээ өнгөрч байхад Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд зам тавих асуудал нэн тэргүүнд тавигдаад байгааг ойлгохгүй байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ хэзээ юунд, хэдэн төгрөг зарцуулах эрэмбэ байх ёстой. Энэ бол ард түмнээ алагчилж байгаа, Үндсэн хуулиа зөрчиж байгаагийн нэг хэлбэр юм. Ерөнхий сайдын тойрогт 2024 оны сонгуулийн өмнө ашиглалтад орох олон барилга овоолох нь.Үүний тулд монголчууд илүү их татвар төлөхөөр байна. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн тухай хуулиа тогтвортой хөгжлийг хангасан тэгш шударга хуваарилсан гэж байгаа боловч задлаад уншвал тэгш байдал харагдахгүй байна. Дээр ярьсан Хэнтийн төсвийг Дорнодтой харьцуулбал тэнгэр, газар шиг ялгаатай. Сонгинохайрхан дүүрэг Хэнтий хоёрыг харьцуулаад үзэх хэрэгтэй. Үүнээс нь харвал Сонгинохайрхан дүүрэгт төрсөн хүүхэд хүн биш гэмээр. Төсвийг иргэдэд алагчилсан хуваарилж болохгүй. Энэ нь Үндсэн хуульд зааснаар хүний эрхийн зөрчил болно.

-Эдийн засгийн өсөлтөө 5.0 хувь гэж 2022-2024 онд тооцсон юм билээ. Хэдийгээр гадаад орчинд алт, зэсийн үнэ өсч байгаа ч манай улс энэ өсөлтийг ашиглаж чадах уу?

-Оюу толгойн далд уурхай 2022 онд ашиглалтад орно гэдэг төсөөлөл тавьж байгаа юм билээ. Тэгэхээр зэсийн хэмжээг өснө гэж харж байгаа байх. Тэр таамагласан 1.2 сая тонн нь баяжмалаар юмуу, эсвэл баяжмал дахь металлаар буюу цэвэр зэсээр юм уу гэдэг нь ойлгомжгүй. Тэгэхээр Засгийн газар хамгийн том төсөл дээрээ нэг байр суурьтай байж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуудал гараад ирж байгаа юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд нь Оюу толгой руу дайраад байгаа шүү дээ. Гэтэл Сангийн сайд нь Оюу толгойн далд уурхайгаас асар их хэмжээний мөнгө төвлөрүүлэх юм шиг төсөв оруулж ирсэн. Тэгэхээр үг үйлдэл нь зөрөөд байна. Яг яах гээд байгаа юм. Оюу толгойгоо дэмжих гээд байгаа юм уу, тэмцэх гээд байгаа юм уу. Төсвийг нь харахаар Оюу толгойгоос их хараат байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм. Тэгэхээр төсвийн орлогоо тооцохдоо томоохон төслөө яах нь ойлгомжгүй байна.

-Мөнгөний бодлогоо төсөвтэйгөө хэрхэн уяж өгөв?

-Аль ч улсын макро эдийн засгийн бодлогын хувьд төрөөс эдийн засагт шууд нөлөөлдөг хоёр бодлого байдаг. Нэг нь төсвийн бодлого, нөгөөх нь мөнгөний бодлого. Төсвийн бодлогын үндсэн үүрэг бол татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгөөр эргээд иргэддээ үйлчилгээ үзүүлэх, батлан хамгаалах, нийтийн боловсрол, эрүүл мэнд гэх зэрэгт зарцуулах ёстой байдаг. Харамсалтай нь манайд улсын төсөв улстөрчдийн төсөв болж хувирсан. Дандаа сонгуульд зориулна.

Мөнгөний бодлогын үндсэн чиг үүрэг төгрөгийн ханшийг тогтвортой байлгах байдаг. Төгрөгийн ханш дотроо хоёр янз. Нэг нь инфляци буюу үнийн өсөлт. Хоёрдуигаарт, валютын ханшийн тогтвортой байдал. Хэрэв төгрөгийн ханш тогтвортой байвал манай улсад хөрөнгө оруулагчид орж ирнэ. Манайх шиг хэрэглэгч улсын хувьд инфляци чухал нөлөөтэй. Төгрөгийн ханш сулрах тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд л байдаг. Ийм чөтгөрийн тойрогт орчихдог. Гэтэл манай төв банк маш бөөрөнхий бодлоготой. Төсөв мөнгөний бодлогыг уялдуулах, хариуцлага тавих, батлах үүрэг нь УИХ-д байдаг. УИХ ерөөсөө анзаардаггүй. Тэд тойрогтоо хэдэн цаас яаж тавиулахаа боддог. Төсвийн өндөр алдагдал мөнгөний бодлого явуулах орон зайг хумьдаг. Төсвийн алдагдлын цаана хувийн хэвшилд очих зээлийн хомсдол үүсч байдаг. Тэгэхээр яаж ажлын байр бий болгох юм бэ. Манайд ажлын байрны хамгийн том дайсан УИХ өөрөө болчихоод байна. Өөрөөр хэлбэл, ажлын байрыг устгадаг хамгийн том хортон шавж нь УИХ өөрөө болсон. Учир өнөөгийн гишүүд маань мэдлэггүй, чадваргүй, боловсролгүй, хийрхсэн популистууд байна. Үүнийг нь Сангийн яам, Монголбанкны зальтай түшмэлүүд мэддэг. Тэд нараар тоглоод сурчихсан учраас манай төр өөрсдийгөө хуурдаг системд орчихсон. Энэ нь эргээд нийт макро эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Хувийн хэвшилд ч маш том ачаа болж байна. Нэг талаасаа өндөр татвар төлнө. Нөгөө талаасаа зээл олдохгүй, дотоод үйлдвэрлэл хумигдана. Ингээд улам л импортоос хараат хэрэглээний эдийн засаг болно. Тэгэхээр төсөв мөнгөний уялдаа холбоо муу байна. Сангийн яамныхан, Монголбанкныхан өөрсдийгөө ажлаа тайлагнаад хамгаалах байх, УИХ бодлого боловсруулсан, батлуулсан гээд баяр цэнгүүн хийх байх. Гэхдээ макро эдийн засагт ямар том эрсдэл учруулж байгаагаа ойлгоогүй байна. Үүнийг нь иргэд биеэрээ мэдэрнэ, туулна.

-Эцэст нь сүүлийн жилүүдийн төсвийг дүгнээд хэлбэл?

-Манай улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн туршид 10-13 тэрбум доллар дотор хий эргэчихлээ. Гэтэл Вьетнамын эдийн засаг энэ хугацаанд 120 тэрбум доллар байснаас хоёр дахин томорч 250 тэрбум ам долларт хүрчихээд байна. Дэлхийн эдийн засаг томроод байхад манайх хий эргээд байгаа. Учир нь манайх эдийн засгийг өсгөдөг, баялаг бүтээдэг бий болгодог хүмүүсээ ховх сороод дарга ангид үйлчилдэг, улсын төсвийн тендер иддэг, түүгээрээ урд хөршөөс чанаргүй юм авч ирж төсөвт өндөр үнээр шахдаг паразитууддаа илүү үйлчилж байна. Тэгэхээр манай улсын эдийн засаг бодитоор өсч чадахгүй. Жил бүр манай улсын хүн ам өсч байна. Хэдэн мянган залуучууд хөдөлмөрийн зах зээл рүү орж байхад тийм хэмжээний ажлын байр бий болгож чадахгүй байна. Энэ ажлын байрыг хувийн хэвшлийнхэн бий болгодог. Гэтэл хувийн хэвшлээ дарласан төсөв батлаад байхаар эдийн засаг чинь томрохгүй байгаа. Тухайлбал, та хоол идэхэд тэр хоол таны бие махбодыг тэжээж байх ёстой. Гэтэл ходоод дотор чинь маш том шимэгч хорхой, хорт хавдар үүрлэчихээд хоол тэжээлийн шимийг нь сороод байвал яах вэ. Биед чинь юу ч очихгүй. Яг ийм байдал руу орчихоод байна. Тэгэхээр үүнийгээ засахгүй бол бид улсын төсвийн орлогыг хичнээн нэмээд ч цаад биедээ ямар ч нөлөөгүй. Харин ч нөгөө паразитууд нь өсч томроод байдаг. Монголчууд өттэй мал таргалдаггүй гэж хэлдэг дээ. Өтчихсөн малын өт нь олшроод язганаж байдаг. Манай улсын төсөв яг л ийм болчихоод байна. Ерөөсөө л тендерчид, дарга ангиа дагасан, паразитууд улам томроод баяжаад байдаг. Жижгүүд нь жижгэрээд байдаг. улсын төсвөө ийм байлгаж байна. Үүнийг зориуд санаатай хийж байгаа нь УИХ-ын гишүүд. Дахиад хэлье, ийм муу төсөв баталдаг учраас Монголын ажлын байрны хамгийн том дайсан УИХ өөрөө болчихоод байна.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин хонь өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 14, Бархасбадь гариг. Билгийн тооллын 9, Булаагч одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 7:10 цагт мандан, 18:07 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үүс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 1-3 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчимоор 8-10 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хориглож л аварна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт хуульч,
судлаач Л.Галбаатар Л.Галбаатар “Сэтгүүлч шүгэл
үлээж, түүний мөрөөр авч
хэрэгжүүлж буй бүх арга
хэмжээнд оролцох ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Тайван замаар үзэл бодлоо
илэрхийлж, жагсаал цуглаан
хийх хүний эрхийг хууль хүчний
байгууллагууд зөрчиж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Хориглож л аварна” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Н.Ялагдашгүй “Нүүрс тээвэр зогссоноор
159 компани сул зогсож, 4000 орчим
тээвэрчид ажилгүй болно. Улсын төсөвт
ч асар хор хохиролтой” гэв.

“Өдрийн сонин”-д Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ

С.Эрдэнийн хүсэлтийг Дээд шүүх хүлээж авсангүй

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.10.13/ боллоо.

Хуралдаанаар С.Эрдэнээс ирүүлсэн “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны найм дугаар сарын 7-ны ээлжит бус цахим хуралдааны долдугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах Иргэний хэргийн танхимын саналыг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлууллаа