Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрын гадаад өрийн асуудлыг тодрууллаа.

Тэрбээр “Гадаад өр гэдэг бол үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Засгийн газрын өрийн хязгаар нь хуульд заасан хэмжээнд байна уу аль эсвэл түүнээс давсан уу. 2021 онд хэдэн долларын гадаад өрийг төлсөн бэ. 2022 онд хүлээгдэж буй гадаад өрийн төлбөр хэд байгаа вэ. Үүнийг төлж чадах уу” хэмээн Сангийн сайдаас асуулаа.

Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг. Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар. Сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн дээд хязгаар энэ жил 70, ирэх жил 65, түүний дараа жил 60 хувь гэж буураад явах ёстой. Одоо гуравдугаар улирлын байдлаар ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 61.8 хувьтай байна.

Энэ оны ДНБ-ий эцсийн тоо гарахаар ирэх оны нэгдүгээр улирлын байдлаар жилийн эцсийн дүн гардаг. Тэр үед дээд хязгаартаа буюу 70 хувьдаа барихаар төлөвлөж байна. Ирэх он 65 хувь хүртэл шат дараатай бууруулна. Хоёр төслийн хүрээнд нийтдээ 2 тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Тодруулбал өнгөрсөн онд 200 сая ам.доллар, энэ жил 190 сая орчим ам.долларыг төсөв дээрээс шууд төлж барагдуулсан. Төсөв дээр даах хэмжээгээр төлөөд явна” гэв.

Categories
мэдээ нийгэм

П.Бүрэнтөгс: “Бүрэн Монгол” төслийн хүрээнд 21 аймгийн 21 залуу гэр бүлд гэр өгнө

Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслөө өнөөдөр танилцууллаа. Төслийн хүрээнд 21 аймагт ажиллаж, амьдарч буй 21 залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай монгол гэр бэлэглэхээр болжээ.

Энэ талаар П.Бүрэнтөгс “Сайн сайхан амьдрахын төлөө хүсэл, тэмүүлэл дүүрэн яваа залуу гэр бүлийг дэмжихийн тулд гэр өгнө. Тусгай захиалгаар хийлгэнэ. Орон нутгийн удирдлагатай хамтарч, судлаж байгаад сонгоно. Үнэхээр ийм дэмжлэг шаардлагатай эсэхийг судална.

Гэр бэлэглээд л орхичихгүй эргэх холбоотой ажиллана. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө санхүүгээ гаргаад, зохицуулж ирсэн. “Бүрэн Монгол” төсөл 21 аймагт гэр бэлэглэхээс авхуулаад үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлнэ.

Нэмж хэлэхэд, ямар нэгэн сайн үйлсийн ард хардлага дагаж байдаг. “Зорилго нь юу вэ. Улс төрд орох гээд байгаа юм уу” гэж асуудаг. Би Монгол Улсын аварга цолтой хүн. Монгол түмний хайр, хүндлэл надад хангалттай. Тиймээс улс төрд орох бодол байхгүй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг: Вакцин авахаар нэг жилийн хугацаанд авсан зээл нэг тэрбум гаруй ам.доллар болж. Тэр мөнгө нь байгаа юу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр “КОВИД-19”-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээний төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нэг жилийн хугацаанд авч байгаа зээл нэг тэрбум гаруй доллар болж байгаа. Ямар хэмжээний вакцин авахаар тооцоолж байна вэ? Тэр мөнгө нь байгаа юу, дахиад зээл авах уу?

Эмийн компаниудыг тодорхой болгомоор байна. Ард түмнээ биш мөнгө л бодож байна. “КОВИД-19″-өөр өвдлөө гэхэд эмийн асуудал тодорхой биш байна” хэмээн асуув.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Вакцины төлөвлөлтийг эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагууд хамтран гаргадаг. Хоёр тун вакцин хийхэд дөрвөн сая нэг зуун гучин мянган тун шаардлагатай. 17 наснаас доош 1.3 сая хүүхэд байдаг.

Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалт хийсэн. Нөөцөд 1.7 сая тун “Pfizer” вакцин, 890 мянган тун “Vero Cell” вакцин байгаа. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна.

Эмийн хувьд өөрийн улсын эмнэлзүйн багаар давхар хэлэлцүүлж оношилгоо эмчилгээний удирдамжаа гаргадаг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна. Дөрөвдүгээр улиралд ирэх нэг сая гаруй тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээн авах хүсэлтээ өгөөд байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн санал авах байрын байршил

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт зохион байгуулна.

УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтад Сонгинохайрхан дүүргийн 7-19, 21, 23, 25, 27-31, 38-40, 42, 43 дугаар хорооны сонгогчид саналаа өгнө. Санал авах байрын байршлыг https://www.arcgis.com/apps/webappviewer/index.html… холбоосоор үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

​Оюу толгойн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлд Х.Амаржаргал захидал илгээжээ


Саяхан хэвлэлээр Оюу толгой компанийн Үйлдвэрчний эвлэлээс Рио Тинто группийн Монгол дахь захирал Х.Амаржаргалд хандан хариу шаардсан нэгэн захидал нийтлэгдсэн билээ.

Захидлын хариу болгож Х.Амаржаргал ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлдээ захидал илгээжээ. Захидалд “Оюу толгой төслийн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлаар “Хөндлөнгийн Шинжээчдийн Баг” (цаашид “ХШБ” гэх)-ийн боловсруулсан дүгнэлтэд Рио Тинто компаниас хүргүүлсэн албан бичигт дурдсан хариу байр суурийг өрөөсгөл байдлаар эшилж мэдээлэгдсэнд та бүхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Үүнд бид мөн адил харамсаж байгаа бөгөөд Оюу толгой төслийн удирдлагын багтай хамтран энэ талаар ярилцах уулзалтыг зохион байгуулах нь зөв зүйтэй болов уу. Рио Тинто компанийн хувьд Оюу толгойн ажиллах хүч аюулгүй ажиллагаа, бүтээмж болон бусад олон чиглэлд дэлхийд тэргүүлэх хэмжээнд тогтмол ажиллаж ирсэнд үргэлж бахархдаг. Үүнийгээ ч бид өмнө нь олон удаа илэрхийлж байсан билээ. Энэ удаад мөн адил Үндэсний боловсон хүчний нөөцтэй байх олон сайн талын нэг нь “Ковид-19” цар тахлын нөлөөг уурхайн үйл ажиллагаанд, төслийн явцад бууруулж чадсан ач холбогдолтой хэмээн тодотгосон юм. Албан бичигт зардлын хэтрэлт, хугацаа хойшлоход нөлөөлсөн олон хүчин зүйлийг хШБ дутуу үнэлсэн талаар дурдсан. Үүнд Рио Тинто ажиллах хүчнээ буруутгахыг огт зориогүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна” гэжээ.

Захидалтай холбоотойгоор Рио Тинто группийн Монгол дахь захирал Х.Амаржаргал Оюу толгойн ажилтнууддаа дэлгэрэнгүй тайлбар хийх уулзалтыг зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүнд болон нэн хүнд хүмүүсийн эмнэлэгт эзлэх хувийн жин нэмэгдэх хандлагатай байна” гэв

Нийслэлийн Онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж

“КОВИД-19” халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд болон нэн хүнд хүмүүсийн эзлэх хувийн жин нэмэгдэж байна. Эрсдэлтэй, зайлшгүй, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс эмнэлэгт 18 хувийг эзэлж байгаа.

Хүнд болон нэн хүнд хүмүүсийн эмнэлэгт эзлэх хувийн жин нэмэгдэх хандлагатай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1920 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 1920 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1053 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 867 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1424 болов.

Сүүлийн 24 цагт 6085 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 19574 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх санал дэвшүүллээ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллаж байна. Энэ үеэр Ганцмод, Мандал боомтын үйл ажиллагаатай танилцжээ.

Элчин сайд Т.Бадрал хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Гашуунсухайт, Ганцмод боомтод PCR шинжилгээний нэг стандарт мөрдөх, хүчин чадлыг нэмэгдүүлж, хамруулах жолооч нарыг тоог өсгөх, шинжилгээний мэдээллээ харилцан тогтмол солилцох, чингэлэг тээврийн терминалаас туршилтын тээврийг эхлүүлэх зэрэг тодорхой саналыг дэвшүүлэв.

Харин Ганцмод боомтын удирдлагын зүгээс хилийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх асуудалд Хятадын тал онцгой анхаарал хандуулж байгааг илэрхийлж, өдөрт 200 авто машин хилээр нэвтэрдэг байсныг өнөөдрийн байдлаар 350 хүртэл нэмэгдүүлснийг мэдээлсэн байна.

Мөн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам сайжруулсны үндсэн дээр ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтойг тэмдэглэжээ. Түүнчлэн Элчин сайдаас дэвшүүлсэн саналыг дэмжиж байгааг илэрхийлж, зарим асуудалд холбогдох байгууллагаас санал авч хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Элчин сайд Т.Бадрал Мандал боомтын үйл ажиллагаатай танилцаж, Бугат хотын дэд дарга Ван Руй болон Дархан Муумянган хошууны дарга Ши Зунчин нартай уулзав. Тэрээр хилийн боомтын дэд бүтцийг сайжруулснаар Ханги-Мандал боомтын хоёр улсын худалдаанд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломжтойг тэмдэглэв.

Дархан Муумянган хошууны дарга Бугат хот, Дархан Муумянган хошууны удирдлага коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд тогтмол мэдээлэл солилцох суваг бий болгох, Ханги-Мандал боомтын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, авто зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто замыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах асуудалд монголын талыг онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганаар 2022 оны төсвийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

• Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

• Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2019.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

• Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

• Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

• Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2021.05.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

• “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Монголбанк 2021.09.27-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

• Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

• Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/

• “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2021 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.12.08-ны өдөр ирүүлсэн, хаалттай/

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ болон ОХУ дэлхийн биологийн олон янз байдлын тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжиж байна

Хятадын Хармөрөн мужийн Хэндаохэзы ойн цэцэрлэгт хүрээлэн дэх Манжуурын барын бамбарууд.2021 оны 7 дугаар сарын 26-ны зураг.

Биологийн олон янз байдлын тухай конвенцид нэгдсэн улс орнуудын XV бага хурал буюу COP15-ын эхний үе шат БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Куньмин хотод болж байна. Уг хурал нь энэ сарын 11-нд эхэлсэн бөгөөд 15-нд өндөрлөх юм. Дэлхий дээр нэгдмэл амьд нийгэм байгуулах, биологийн олон янз байдал алдагдаж буйг таслан зогсоох, хүн төрөлхтөнд амьдрах илүү таатай орчин бүрдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэхийн төлөө илүү их хүчин чармайлт гаргахыг конвенцид нэгдсэн бүх улс оронд уриалсан агуулга бүхий Куньмины тунхаглалыг энэ бага хурлын үеэр батлах ажээ.

БНХАУ болон ОХУ-ын аль аль нь энэхүү конвенцид нэгдсэн бөгөөд хүн ам, газар нутгийн хэмжээний хувьд дэлхийн хамгийн том гүрнүүд юм.

Тус хоёр улс нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг болон байгаль орчин гэсэн гурван үндсэн чиглэлд тэгш, хүртээмжтэй, нээлттэй бөгөөдшинэлэг арга замаар тогтвортой хөгжлийг тэнцвэртэй бөгөөд уялдаа холбоотойгоор хангах үүрэг хүлээн ажиллаж байна.

БАР, ИРВЭС, АВАРГА ТОМ ХУЛСНЫ БААВГАЙ

“Жуйи” хэмээх хулсны баавгай Москвагийн амьтны хүрээлэнгийн ажилтнуудын бэлтгэсэн төрсөн өдрийн бялууг идэх гэж буй нь. 2021 оны 7 дугаар сарын 31-ний зураг.

БНХАУ болон ОХУ нь бие биенийхээ хувьд хамгийн том хөршүүд юм. Экологи, байгаль орчны салбарын хамтын ажиллагаань Хятад-Оросын шинэ эрин үеийн иж бүрэн түншлэлийн харилцаа болон хамтын ажиллагааны стратегийн чухал хэсэг.

Хоёр орны засгийн газрын тэргүүн нарын ээлжит уулзалтуудад бэлтгэх Хятад-Оросын Комиссын харьяа Байгаль орчны хамтын ажилагааны дэд хороо байгуулагдсанаас хойш хил дамнасан гол нууруудын усны чанар олон жилийн турш тогтвортой байгаа бөгөөд онцгой байдлын үед яаралтай холбоо тогтоох байгаль орчны хамтын ажиллагааны механизм нь жигд, үр ашигтай байж, хил орчмын бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч байна.

Мөн тус хоёр улс нь бүс нутгийн хамтын ажиллагааг олон талт зарчмаар ахиулж, бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал болон тогтвортой хөгжлийг хангах бат бөх үндэс суурийг тавиад байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ болон ОХУ нь ховор бөгөөд нэн ховордсон ан амьтан болон нүүдлийн шувуудын төрөл зүйл, тухайлбал Манжуурын /амурын/ бар болон Алс Дорнодын ирвэсийг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлж байна. Түүнчлэн хил дамнасан бүс нутаг дахь ховор амьтад, ялангуяа Манжуурынбар болон Алс Дорнодын ирвэсийн хөл хөдөлгөөнийг хамтран хянаж, эргүүл хийх, хилийн дагуух бүс нутагт эдгээр амьтан чөлөөтэй нүүдэллэж, идээших нөхцлийг хангах экологийн коридоруудыг байгуулахын тулд нягт хамтран ажиллаж байна.

Хоёр орны ард түмэн хоорондын найрамдлыг бэхжүүлэхийн тулд БНХАУ нь хоёр аварга том хулсны баавгайг Оросын талд хүлээлгэн өгсөн бөгөөд талууд хулсны баавгайг хамгаалах, үржүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, судалгаа хийж байна. Хоёр орны ховордсон амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх хамтын ажилллагааны түвшин тасралтгүй сайжирч байна.

БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Орос, Зүүн Европ, Төв Азийн хүрээлэнгийн ахлах судлаач Гүө Сяоцюны үзэж буйгаар, өнгөрсөн жилүүдэд хоёр талын хамтын хүчин чармайлтын ачаар БНХАУ болон ОХУ-ын экологи, байгаль орчныг хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь ихээхэн үр дүнд хүрсэн бөгөөд энэ чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоер орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой юм.

ШИНЭ ЭРЧ ХҮЧ, ШИНЭ ИТГЭЛ, ШИНЭ НАЙДВАР

Хятадын Зянсу мужийн Ляньюньган хот дахь Тяньванийн АЦС. 2018 оны 12 дугаар сарын 22-ны зураг.

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа нь Хятад-Оросын практик хамтын ажиллагааны хамгийн чухал, үр өгөөжтэй, өргөн цар хүрээтэй хэсэг байсаар ирсэн бол цөмийн эрчим хүч нь энэ хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэл юм. 2021 оны 5 дугаар сард Тяньванийн атомын цахилгаан станцын (АЦС) 7, 8-р эрчим хүчний блокуудыг барих ажил Хятадын зүүн нутгийн Зянсу мужин Ляньюньган хотод, “Сюйдапу” АЦС-ын 3, 4-р эрчим хүчний блокуудыг Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Хулудао хотод албан ёсоор барьж эхэлжээ. Эдгээр нь Хятад, Оросын цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны түүхэн дэх хамгийн том төслүүд юм.

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болохоо мэдэгдээд байгаа билээ. Байгаль орчинд ээлтэй, үр ашигтай гэгддэг цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулах, нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болох зорилгодоо хүрэхэд нь Хятад улсад ихээхэн дэм болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Дээр дурдсан АЦС-ын дөрвөн блокийг барьж дуусгаж, ашиглалтад оруулснаар тэдгээрийн цахилгаан үйлдвэрлэх жилийн хүчин чадал нь 37.6 тэрбум кВт.ц болох бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг жил бүр 30.68 сая тонноор бууруулсантай тэнцэнэ гэсэн үг.

Шинжээчдийн үзэж буйгаар, БНХАУ болон ОХУ нь цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ийн бэхжүүлж буй нь манай гарагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хоёр талын байр суурь хоорондоо нийцэж байгааг илтгэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд шинэ түлхэц өгч, шинэ итгэл, шинэ найдварыг төрүүлж байна.

“Ногоон” эрчим хүчний хөгжлийг ахиулахад чиглэсэн хоёр талын хамтын хүчин чармайлт нь их гүрнүүд хүлээсэн үүрэг хариуцлагаа тууштай биелүүлж буйг бүрэн илтгэн харуулж байна.

Нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах буюу “ногоон” эрчим хүч рүү шилжих дэлхийн нийтийн зорилтыг хөхиүлэн дэмжихэд хамтын хүчин чармайлт гаргаснаар цөмийн эрчим хүчний салбарт Хятад-Оросын хамтын ажиллагаа улам бүр бэхжих өргөн боломж нээгдэж байна.

ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ

Инновац нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, дэлхийн тогтвортой хөгжлийг хангах чухал хүчин зүйл юм. 2020 болон 2021 оныг Хятад-Оросын шинжлэх ухаан, техник, инновацийн хамтын ажиллагааны жилүүд болгон зарласан. Тус хоёр улс нь эл сэдвээр хамтын ажиллагааны жилүүдийг анх удаа зарлаж буй нь энэ юм. Үүний хүрээнд хоёр орон хоорондын сэдэвчилсэн жилийн хамтын ажиллагааны хамгийн урт агуулга бүхий жагсаалтыг гаргасан байна. Шинжлэх ухаан, техникийн салбарын инновацийн хамтын ажиллагаа нь одоогоор Хятад, Оросын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй салбаруудын нэг юм.

Ногоон хөгжил нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн урт хугацааны стратеги билээ. “Ногоон” буюу нүүрстөрөгч багатай хөгжлийн замаар замнах, хүн ба байгаль хоёр эв найрамдалтайгаар зэрэгцэн оршихуйг дэмжих нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах гарцаагүй арга зам мөн. Өдгөө дижитал эдийн засаг, ногоон эдийн засаг, хиймэл оюун ухаан, 5G технологи, том өгөгдөл болон бусад салбарт Хятад болон Оросын хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь хоёр орны ногоон хөгжилд хүрэх зорилтод түлхэц болж байна.

2021 оны эхний найман сарын байдлаар Хятад-Оросын бараа бүтээгдэхүүний хоёр талын худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 29 хувиар өсөн 88.5 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёр талын худалдааны хэмжээ энэ оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Цаашид тус хоёр улс “Шинжлэх ухаан, техник, инновацийн хамтын ажиллагааны жил”-ийг холбогдох салбаруудын хамтын ажиллагааны үр өгөөжийг гүнзгийрүүлэх, “хөнгөн хөрөнгө”-ийн давуу талуудыг бий болгох, хоёр талын худалдааны хэмжээг жилийн 200 тэрбум ам.долларт хүргэх зорилгодоо хүрэх боломж болгож ашиглах нь зүйтэй гэж шинжээчид үзэж байна.

Гүө Сяоцюны хэлсэнчлэн, Хятад улс нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болох, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтуудыг дэвшүүлсэн бол ОХУ нь “ногоон” хөгжлийг цар тахлын дараа технологийн шинэчлэлд ахиц гаргах, эдийн засгийн бүтцээ өөрчлөх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж болгон ашиглахыг эрмэлзэж байгаа юм.

Хятад-Оросын хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн нүүрстөрөгч багатай хөгжилд хувь нэмэр оруулж байна. Тус хоёр улс нь нүүрстөрөгч багатай технологийн хамтын ажиллагааны төслүүдийг түлхүү дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд бодит үүрэг гүйцэтгэх ёстой.

“Дэлхийн их гүрнүүдийн хувьд БНХАУ болон ОХУ нь эрчим хүчний чухал хэрэглэгч бөгөөд экспортлогчид юм. КОВИД-19-ийн халдварын тархалт, олон улсын нөхцөл байдал дахь нарийн төвөгтэй өөрчлөлттэй холбоотой нөхцөл байдлыг хэвийн болгох, уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлаар хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд байр сууриа идэвхтэй илэрхийлж, хамтран ажиллах нь байгаль орчинд ээлтэй, үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг бий болгоход хувь нэмэр оруулж, шударга, оновчтой байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар тодорхойлогддог дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Гүө Сяоцюн нэмж хэлэв.

Сибириэс Юньнань хүртэл: Амьтад Хятад-Оросын найрамдлын элч болж байна

Аравдугаар сар хэдийн гарсан ч Хятад улсын баруун өмнөд нутагт орших Куньмин хот нов ногоон хэвээр. Намрын сүүл сар гарсантай холбоотойгоор тус хотын “Цуйху” цэцэрлэгт хүрээлэн хөл хөдөлгөөн багатай байна.

Гэсэн хэдий ч тус хотын оршин суугч, 31 настай Чэн Зинжү эртний нөхдөө зах зухаасаа эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж сууна.

БАЙНГЫН УУЛЗАЛТ

Хятадын Юньнань мужийн Куньмин хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд жуулчид хар толгойт цахлайг хооллож буй нь. 2021 оны 2-р сарын 16-ны зураг.

“Жил бүр тэд өөр өөр цагт ирдэг. Хэрвээ хүйтэн байвал эрт, дулаан байвал арай хожуу ирдэг” гэж Чэн Зинжү ярилаа. Түүний тэсэн ядаж хүлээж буй эртний найзууд бол алс хойд зүгээс Куньмин руу нисэж ирж, өвөлждөг хар толгойт цахлайн сүрэг юм. Улаан хошуутай, 300 орчим грамм жинтэй, хэвлий хэсгээрээ цагаан энэ шувуу нь 1985 оноос эхлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Сибирь болон бусад газраас олноороо Куньминд нүүдэллэн ирж, өвөлжиж байна. Цуйху цэцэрлэгт хүрээлэн нь энэ нүүдлийн шувуудын Куньмин дахь гол амьдрах орчин юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд ажиллаж, амьдардаг Чэн Зинжүгийн хувьд эдгээр шувууг ажиглаж, өвөлдөө хооллох нь аль хэдийнээ амьдралынх нь нэгэн хэсэг болжээ. Эхэндээ энэ шувуудын тоо толгой хэдхэн зуун байсан бол 2000 он гэхэд 10 мянгыг давж, 2020 онд түүхэн дээд хэмжээнд буюу 41.6 мянга хүрчээ.

Хотын оршин суугчдын хүчин чармайлтын ачаар Куньминд ирж өвөлжих хар толгойт цахлайн тоо толгой жилээс жилд олширч байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, Куньмин нь хар толгойт цахлай өвөлжихөд маш тохиромжтой газар юм. Учир нь тус хот нь өвөлдөө дулаахан, Дяньчи болон Цуйху нуурууднь загас элбэгтэйгээс гадна хотын оршин суугчид шувуудыг байнга тэжээдэг аж.

Жил бүрийн 3 дугаар сард хар толгойт цахлай алс холыг зорихдоо бэлтгэн цуглаж эхлэхэд Чэн Зинжү тэргүүтэй Куньмин хотын оршин суугчид Дяньчи нуурын ойролцоох Хайген далан болон Цуйху цэцэрлэгт хүрээлэнд ирж, нүүдлийн шувуудыг алсын замд үдэхийн сацуу энэ шувууд тэдний хүсэл болон айсуй буй урин хаврын мэдээг Оросын Байгал нуур болон Вилюй мөрөн зэрэг газарт хүргэнэ гэж итгэж найддаг юм.

АЗ ЖАРГАЛЫН ЭЛЧ

Цагаан тогоруу Хятадын Зянси мужийн Юйгань
хошууны дээгүүр дүүлэн нисэж буй нь. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны зураг.

Хар толгойт цахлайтай зэрэгцэн цагаан тогоруун сүрэг жил бүрийн намар болон өвлийн улиралд Сибириэс дулаан орныг зорьдог. Хэдэн мянган километр замыг туулж, уулс, гол мөрнийг гаталсны эцэст тэд Хятадын Зянси мужийн Поян нуурын эрэгт хүрдэг. Сибирийн тогоруу буюу цагаан тогоруу нь дэлхий дээр 60 сая жил амьдарч буй юм. Дэлхийн хэмжээнд ердөө 3500-4000 тоо толгой цагаан тогоруу бий гэдэг.

Байгаль хамгаалах олон улсын холбоо цагаан тогорууг нэн ховордсон амьтдын тоонд оруулсан бол Хятад улс энэ шувууг улсын нэгдүгээр дэсийн хамгаалалтад байдаг зэрлэг амьтдын ангилалд хамруулжээ. Өнгөрсөн зууны 80-аад оны эхэн үед Сибирийн тогоруу нь мөхлийн ирмэгт хүрсэн бол харин одоо Поян нуурт энэ шувуу 4000-аараа ирж өвөлждөг болжээ. Хятадын засгийн газар болон ард түмний уйгагүй хүчин чармайлтын ачаар Поян нуурын эргийн ойролцоо цагаан тогорууны бүжиж буй сүрэг харагдах болсон нь өдгөө тийм ч гайхширахаар үзэгдэл биш болжээ.

Орос дахь Сибирийн тогорууны гол амьдрах орчин болох Бүгд Найрамдах Саха Улс/ Якут /-ын оршин суугч Мира Ушканова нь цагаан тогоруу бүжихийг өөрийн нүдээр хараад нулимс дуслуулж байв. “Би бүжиж буй тогоруу харлаа. Миний бага насны мөрөөдөл биеллээ” гэж тэрбээр ярьжээ.

Оросын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын Гадаад харилцаа, ард түмний асуудал эрхэлсэн яамнаас илгээсэн талархлын захидлыг Хятадын талд Мира дамжуулан өгсөн бөгөөд уг захидалд “Якутын ард түмэн Сибирийн тогорууг аз жаргал авчирдаг гэдэгт итгэдэг. Сибирийн тогоруу хамгаалахын төлөө хийсэн та бүхний гайхалтай ажил танд болон бүх Хятадын ард түмэнд аз жаргал авчрах болтугай гэжбид бүхэн чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

НӨХӨРЛӨЛИЙН ТҮҮХ

Байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаа нь Хятад-Оросын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал хэсэг юм.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын холбогдох газрууд Сибирийн тогорууг судалж, хамгаалах, Амурын бар, Алс Дорнодын ирвэс болон бусад газар нутгийг хамгаалах чиглэлээр олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд идэвхтэй хамтран ажиллаж байна.

2019 оны 2 дугаар сард Хятадын зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг болон Москвагийн амьтны хүрээлэн нь хулсны баавгайг хамгаалах, судлах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, түүнчлэн Хятад, Оросын ховордсон амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааны түвшинг ахиулах зорилгоор хулсны баавгайг хамгаалах, судлах чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 2019 оны 6 дугаар сард Москвагийн амьтны хүрээлэнд хулсны баавгайн павильон нээсэн байна. Тус павильонд байдаг “Диндин” болон “Жуйи” хэмээх хоёр хулсны баавгайг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд олон хүн онлайнаар болон биечлэн ирж үзэж сонирхсон бөгөөд баавгайнууд өдгөө тоо томшгүй олон шүтэн бишрэгчтэй болжээ. Энэ хоёр хулсны баавгай нь Оросын ард түмэнд, ялангуяа хүүхэд багачуудад баяр хөөр бэлэглэж буй бөгөөд хоёр орны ард түмний найрамдлын түүхэн дэх бас нэгэн гайхалтай хуудсыг нээж өгсөн юм.

Одоогийн байдлаар Хятад улс байгалийн нөөцийн харьцангуй цогц системийг бүрдүүлж, том хэмжээний байгалийн экосистемийг эмх цэгцтэй, бүрэн хамгаалахын зэрэгцээ зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр ихээхэн үр дүнтэй ажиллаж байна. Аварга том хулсны баавгайн тоо толгой нь өдгөө 1800 давсан учир энэ амьтныг хамгаалах статусын зэрэглэлийг “нэн ховордсон”-оос “эмзэг” болгож бууруулаад байна.

НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай Конвенцид /COP15/ нэгдсэн улс орнуудын 15 дугаар бага хурлын эхний үе шат Хятадын Куньмин хотноо 10 дугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд 15-нд өндөрлөх юм. Хар толгойт цахлайн эхний сүрэг “Хаврын хот” гэгддэг Куньминд ирэх үеэр уг конвенцийн гишүүн орнууд энэ бага хурлын хоёр дахь үе шатыг эхлүүлж, биологийн олон янз байдлын менежментийн дэлхийн шинэ стратегийг хэлэлцэх болно.

БНХАУ болон ОХУ-ын хооронд Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхийн шинэ үе эхэлж буйтай холбогдуулан тус хоёр улс экологи, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, хил дамнасан тусгай хамгаалалтай газар нутгийг бий болгох болон бусад асуудлаар хамтран ажиллахаар тохиролцоод байна. Цаашид илүү олон ан амьтан, хар толгойт цахлай хоёр орны хооронд нүүдэллэж, Хятад-Оросын найрамдлын элч болох нь дамжиггүй.