Categories
мэдээ нийгэм

“Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” боллоо

ЭМЯ, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Томуугийн Үндэсний Төвөөс “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон судлаач, эрдэмтэд оролцлоо.

Тус зөвлөгөөнөөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал дэлхий дахинд болон Монгол Улсад ямар түвшинд байсан, өвчлөлийн цаашдын хандлага, явц, эрүүл мэндийн салбарт тулгарч болох хүндрэл, бэрхшээлүүд болон бэлэн байдлыг ханган ажиллах талаар хэлэлцэж байна.

Categories
мэдээ спорт

Монгол шүүгчид “K” хэсгийн тоглолтуудыг дэнсэлж дуусаад эх орноо зорилоо

Монгол шүүгчид Ази тивийн төдийгүй, дэлхийн тавцанд өндрөөр үнэлэгддэг. Тиймээс ч манай шүүгч нарт олон улсын тоглолтыг дэнслэх томилгоо түгээмэл ирдэг юм.

Эдгээр өдрүүдэд АХБХ-ны 23 хүртэлх насны “Азийн цом”-ын тэмцээн явагдаж байгаа бөгөөд Азийн Хөлбөмбөгийн Холбооны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ болон ОУХБХ-ны туслах шүүгч Э.Ариунболд нар Япон улсад явагдсан “K” хэсгийн тоглолтуудыг дэнсэлж дуусаад эх орноо зорилоо.

4 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Олон улсын цэргийн наадмын 30 гаруй тэмцээн 15 улсын нутаг дэвсгэрт болно

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнгийн хурлыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулав.

Тус хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр тэргүүтэй албан тушаалтнууд цахимаар оролцлоо.

Хурлын үеэр ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Александр Перязев “АрМи-2021” олон улсын цэргийн наадмын дүнг танилцуулж, тус наадмын хүрээнд зохион байгуулагддаг зарим төрлийн тэмцээнүүдийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан улс орнууд болон тэмцээнд оролцсон нийт цэргийн алба хаагчдад талархал илэрхийлсэн юм.

“АрМи-2021” олон улсын цэргийн наадмын хүрээнд зохион байгуулагдсан нийт 34 тэмцээнд 42 орны 277 баг, тамирчид оролцсон ба 11 улс өөрийн нутаг дэвсгэрт зарим төрлийн тэмцээнийг зохион байгуулсан байна.

Хошууч генерал Александр Перязев олон улсын цэргийн наадамд оролцож буй цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэл, мэргэжлийн ур чадвар жилээс жилд нэмэгдэж, өрсөлдөөн улам ширүүсч байгааг онцлов.

Тэрбээр хэлсэн үгэндээ “АрМи” олон улсын цэргийн наадмын хүрээнд зохион байгуулагддаг төрөл тэмцээнүүдийн дээд амжилтыг 2021 онд БНХАУ, Беларусь, ОХУ, Узбекистан, Энэтхэг зэрэг улс 33 төрлөөр эвдэж, шинэчлэн тогтоосныг тодотголоо.

Мөн энэхүү хурлын үеэр олон улсын цэргийн наадмыг 2022 онд зохион байгуулах төлөвлөлтийн асуудлыг хөндөж, ярилцав. Тодруулбал, ирэх жилийн олон улсын цэргийн наадмыг 2022 оны 8 дугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба 30 гаруй тэмцээнийг 15 улсын нутаг дэвсгэрт явуулах төлөвтэй байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Бакугийн “Их дуулга”-д манай улсаас 22 жүдоч оролцоно

IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жүдочид барилдана.

Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долдугаар байрны жудоч 260 оноо цуглуулна.

Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 оныхт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв.

Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараахь байдлаар танилцуулж байна.

Эрэгтэй

60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд

66 кг Г.Галмандах, Б.Нармандах

73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис

100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг Б.Хорлоодой

57 кг Л.Энхрийлэн

63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам

70 кг Ц.Энхчимэг,

78 кг Б.Эрдэнэт-Од

+78 кг А.Адъяасүрэн

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс анх удаа цахим визээр гадаадын иргэн нэвтрүүлэв

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож буй. Тэгвэл өнөөдөр Монгол Улс анх удаа цахим визээр гадаадын иргэн нэвтрүүллээ.

Цахим визээр нэвтэрсэн анхны гадаадын иргэн нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Тэеk Хээ байсан бөгөөд 2021 оны аравдугаар сарын 25–ны өдөр жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, ийнхүү өнөөдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр Монгол Улсад ирж байна.


Тухайн иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаадын харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Алтансүх, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, консул Ким Тэ Ван нар угтан авч, хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр түүний сэтгэгдлээс хуваалцахад, Ким Тэек Хээ: Би анх удаа Монгол Улсын виз мэдүүлсэн. Өмнө нь материалаа бүрдүүлэх, БНСУ дахь Монгол Улсын Консулын хэлтсээр дамжуулж виз мэдүүлдэг зэрэг нь жаахан төвөгтэй гэж сонсож байсан. Харин цахим виз олгож байгаа гэж сонсоод, цахим виз мэдүүлж үзэхэд маш амар, хялбар байлаа. Хариу ч хурдан ирсэн. Монголд аялахаар ирэхэд үнэхээр таатай байлаа. Монгол Улсад 10 гаруй хоног аялна. Анх удаа ирэхэд маань маш сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Анхны сэтгэгдэл ийм сайхан байгаа учир цаашдаа ч Монгол Улс миний хувьд их утга учиртай, чухал улс орон байх болно” гэсэн юм.


Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг Монгол Улс цахимаар олгож байна.

Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний ногооны үнэ 2.9-6.4 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргав.

Махны дундаж үнэ

2021 оны 10 дугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10974 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13322 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 241 төгрөгөөр (1.8%), үхрийн цул махны үнэ 224 төгрөгөөр (1.5%) төгрөгөөр тус тус өссөн байв.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 22 (0.2%) төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ 126 (1.1%) төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2021 оны 10 дугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй байна.

“М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны 10 дугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсч 893 төгрөгөөр, монгол лууван 6.4 хувиар өсч 2518 төгрөгөөр, монгол байцай 2.9 хувиар өсч 1966 төгрөгөөр, монгол хүрэн манжин 3.7 хувиар өсч 3118 төгрөгөөр, сонгино 4.2 хувиар өсч 2658 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Халловины баярт “Squid Game”-ийн хувцас өмсөхийг хоригложээ

“Netflix”-ийн алдартай шоу энэ жилийн Халловины хувцасны маргааныг өрнүүлж байна.

“Squid Game” нь Netflix-ийн үзэгчдийн дээд амжилтыг эвдэж магадгүй ч Нью-Йоркийн зарим сургуульд Халловины баяраар хэрцгий кинон дээр гардаг хувцсыг ангидаа өмсөхийг хоригложээ.

Зарим сурагчид завсарлагааны үеэр алдартай шоуны тоглоомуудыг дуурайж байгааг сургуулийн удирдлагууд анзаарсны дараа ийнхүү шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн гэжээ. Мөн бага сургуулийн захиргаа эцэг эхчүүд рүү цахим шуудан илгээж, хувцасны зөвлөмжийн талаар мэдээлэл хүргүүлжээ. Тэд “Squid game”-ээс сэдэвлэсэн Халловины хувцастай ирсэн хүүхдийг сургууль руу оруулахгүй гэдгийг уламжилжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Цэнхэр дэлгэц” наадамд “Хувь тавилан цэцэн” бүтээлээр багаараа Гран При хүртжээ

МҮОНРТ -ийн уран бүтээлчдийн дунд уламжлал болгон зохиогддог “Цэнхэр дэлгэц” наадам боллоо.

Тус тэмцээнд яруу найрагч Н.Минжинсайхан “Хувь тавилан цэцэн” бүтээлээр багаараа Гран При хүртжээ.

Мөн Болор цомын эзэн О.Цэнд-Аюушдаа Радио, Телевизийн төрөлд хоёуланд нь дэд байр эзэлсэн байна.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

3 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эхийн эндэгдэл өмнөх оныхоос 3 дахин нэмэгджээ

Монгол Улсын Засгийн Газраас эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдэвт нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний IV зөвлөгөөн өчигдөр болжээ. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр танхим болон цахим хэлбэрээр Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооноос зохион байгуулсан энэ зөвлөгөөнд ЭМЯ-ны хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, НҮБ-ын ХАС, Хүүхдийн сан, ДЭМБ, АХБ зэрэг олон улсын байгууллагууд, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, ЭМХТ, НЭМҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, эх барих, эмэгтэйчүүд, өрх, сум, нарийн мэргэжлийн эмч нар, засаг захиргаа, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий нийт 180 хүн оролцсон байна.

Эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 89.7 болж өнгөрсөн оныхоос 3 дахин нэмэгджээ

Дэлхийн шинэчлэгдсэн стратегийн гурван гол зорилт нь Эсэн мэнд амьдрал, эрсдэлгүй хөгжил, эргэлтгүй шинэчлэл юм. Энэ асуудлыг дэмжигч улс орнууд “Эмэгтэй хүн бүр, Хүүхэд бүр” хөдөлгөөнийг дэмжин ажилласны үр дүнд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр үеийнхэн тэд хаана хэрхэн амьдарч байгаагаасаа үл хамааран сэргийлж болох эрсдлээс ангижрах болно гэж үзэж байна. Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Алсын хараа-2050, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэгт эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар дэвшүүлсэн зорилт, арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнгээс үзэхэд нярай болон 1, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн үзүүлэлт Тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан түвшинд хүрсэн байна. Харин эхийн эндэгдлийн хувьд харьцангуй бууж байсан хэдий ч сүүлийн хоёр жилд нэмэгдэж, 2021 оны 9 сарын байдлаар 45 эх эндэж, эхийн эндэгдэл 100,000 амьд төрөлтөд 89,7 болж өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл өсөхөд улс оронд үүсээд буй цар тахлын асуудал нөлөөлж байгаа хэдий ч, хүний нөөцийн бэлэн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сул, орны хүрэлцээ дутмаг зэрэг нь зохих нөлөө үзүүлсээр байна.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.1.1.3 дах заалтад тусгагдсан “эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, Эрүүл мэндийн сайдаар батлуулан хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох шаардлага тавигдаж байна. Энэхүү арга хэмжээний төлөвлөгөөг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах эрсдэлт хүчин зүйлийн тархалт, өвчлөл нас баралтын байдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар нотолгоонд тулгуурласан бодлого, шийдвэр гарсан байх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.


Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим байна.

Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

ЦАГ АГААРЫН ТӨЛӨВИЙГ БҮС НУТГААР НЬ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Баруун аймгуудын нутгаар. (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар олон жилийн дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Энэ сард агаарын дундаж температур Дорнодын нутаг болон Сүхбаатарын зүүн хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, зарим үед түр зуур 10–12 м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим газраар түр зуур 12–14 м/с, ялангуяа нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.