УИХ–ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
–Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг та ахалж ажиллаж байгаа. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах улс төрийн тогтолцооны гол хуулиудын нэг бол улс төрийн намын тухай хууль. Өнөөдөр үйлчилж байгаа улс төрийн намын тухай хууль 2005 онд батлагдсан. Түүнээс хойших хэдэн жилийн хугацаанд Монголын улс төрийн үйл явц, улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөө, авлигын индекс зэрэг олон асуудлаар томоохон өөрчлөлт гарч улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Улс төрийн намын тухай хуулийн энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 19 дүгээр зүйлд заасны дагуу улс төрийн намууд дотооддоо ардчилсан, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт нь ил тод, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг намууд болох ёстой.
–Улсын төсвөөс тухайн намд олгосон санхүүжилтийг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан бэ?
-Улс төрийн намд олгож байгаа санхүүжилтийг дэлхийн улс орны жишгээр зарцуулалтыг нь тодорхой зааж өгч байгаа. Улс төрийн намд олгож байгаа төрийн санхүүжилтийг ил тод тайлагнаж, санхүүжилтээ зориулалтынх нь дагуу зарцуулж байх ёстой. Төрөөс олгож байгаа санхүүжилт төдийгүй, тухайн улс төрийн намын өөрийн орлого, түрээсийн болон бусад байдлаар олсон орлого, хандив, гишүүдийн татвар зэрэг намын санхүүжилттэй холбоотой бүх тайлан, мэдээлэл ил тод байх ёстой. Улс төрийн намын тухай шинэ хуулийн төсөлд намын санхүүжилтийн бүх процессыг нарийн зааж өгч, тайлагнах хугацаа, тухайн намын санхүүжилтийн иж бүрдэл, тухайн тайлант хугацаанд санхүүжилтээ мэдүүлээгүй бол, сонгуулийн төв байгууллагуудад мэдүүлээгүй бол хариуцлага тооцох санкцуудыг тодорхой зааж өгсөн. Дэлхийн олон улсын жишгээр хэрвээ намд төсөл санхүүжилт өгч байгаа тохиолдолд зарцуулалтыг нь хувь заан нэрлэж өгдөг. Тиймээс манай улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тухайн намд олгосон санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг гишүүд болон иргэдийн улс төрийн боловсрол дээшлүүлэх үйл явцын үйл ажиллагаанд, 20-иос доошгүй хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн улс төрийн тэгш оролцоог нэмэгдүүлэхэд зарцуулна гэж заасан. Улс төрийн нам нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг институци. Одоо байгаа улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намд ямар нэгэн хариуцлага болон үүрэг ногдуулдаггүй. Шинэ хуулийн төслөөр улс төрийн намд тодорхой үүргүүдийг ногдуулж байгаа.
–Тухайлбал?
-Шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь Үндсэн хуульд байгууллага, ардчилсан тогтолцооны зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг гэсэн томьёолол оруулсан. Нам гэдэг бол ард түмний улс төрийн хүсэл зориг олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх төр ард түмний хооронд байнгын идэвхтэй харилцаа холбоо үүсгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, жендерийн тэгш оролцоог хангах, хариуцлагатай иргэнийг бэлтгэх, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх гэх үүргүүдийг улс төрийн намд хүлээлгэсэн. Европын намуудын жишгээр улс төрийн нам нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь төрөөс хэсэгчилсэн санхүүжилт олгоно гэж заасан. Улс төрийн намыг төлөвшүүлэх, намын тогтолцоо бүхэлдээ хариуцлагатай байхад аливаа улс орны ардчиллын үйл явцад чухал дэмжлэг үзүүлдэг. Тиймээс УИХ-ын сонгуулиар иргэдийн тодорхой хувийн дэмжлэг авсан намууд төсвөөс дэмжлэг олгож, тухайн намуудад гарааны тэгш байдлыг бий болгох, цэвэр өрсөлдөөнийг дэмжих, улс төр дахь бохир мөнгө буюу тодорхой цөөн компани олигархиудын мөнгөний нөлөөнөөс ангижруулах үүднээс УИХ-ын сонгуулиар суудал аваагүй ч тухайн сонгуулиар нийт сонгогчдын нэг хувиас доошгүй санал авсан намд улсын төсвөөс хүчинтэй санал тутмыг тооцож мөнгөн дүнгээр дэмжлэг олгохоор заасан. Сонгогчдын нэг хувь гэдэг 2020, 2021 оны сонгуулийн дүнгээс үзэхэд 2.1 сая сонгогч санал өгөх ёстойгоос ойролцоогоор 21-25 мянган сонгогчийн санал авсан намд төсвөөс дэмжлэг олгоно. Гэхдээ тухайн нам төсвөөс олгосон дэмжлэгийн хариуд намын бүх ажиллагаа тайланг ил тод болгох, санхүүжилтийг хагас жил тутам мэдээлж байх, намын үйл ажиллаагааны тайлан болон санхүүжилтийн тайланг олон нийтэд нээлттэй тавих үүрэг хүлээж байгаа. Мөн тухайн нам хуулиар хориглосон ямар нэг эх үүсвэрээс санхүүжилт авах, намын дотоод сонгууль намаас дэвших үйл явцад нэг дэвшигчдээс болон хувь хүнээс хуульд заагаагүй хэмжээний мөнгөн хандив авах, нэр дэвшигчээс дэнчин шаардах зэрэг санхүүгийн хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд төсвийг хязгаарлах буюу зогсоох арга хэмжээ авна. Энэ хуулиар намуудын үйл ажиллагааг шилэн байлгах үүрэг ногдуулж байгаа. Улс төрийн намуудад нийгмийн өмнө үүрэг хүлээлгэж тухайн нам сонгуульд оролцож бодлого үйл ажиллагаагаа ард түмэндээ танилцуулах гишүүд дэмжигчид улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байгаа. Тухайн эдгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд намын үйл ажиллагаа нь идэвхгүй болох бөгөөд намд олгох санхүүжилтийг зогсоох санкцуудыг оруулж өгсөн. Тухайн нам хэн нэгэн улстөрчийн нөлөөллөөс ангижрахын тулд гишүүдийнхээ бага дүнтэй татвараас санхүүжих байдлыг хуульчилж өгсөн. Өнөөдрийн байдлаар ихэнх нам гишүүдээсээ татвараа авч чаддаггүй.
–Улс төрийн намыг “бодлогын нам” болгох үзэл санаа, зохицуулалтыг хуульд тусгасан гэсэн. Бодлогын нам болгохын тулд хууль эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Улс төрийн хуульд орсон шинэ концепци бол бодлогын нам байх ёстой. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нам үндэсний хэмжээний бодлого явуулах ёстой. Тиймээс нам цаг уурын шинжтэй, популист, нэг хүний нөлөөн дэх нам биш урт хугацааны бодлого дэвшүүлж сонгуульд өрсөлддөг, намын мөрийн хөтөлбөр сонгуулийн мөрийн хөтөлбөр нь харилцан уялдсан, Монгол Улсын хөгжлийн бодлого үнэт зүйл нь Үндсэн хуульд нийцсэн байхаар зохицуулагдаж байна. Бодлогын нам байна гэдэг нь намаас гарч буй шийдвэрүүд шинжлэх ухааны үндэстэй, бодлого судалгаанд үндэслэсэн байна. Үүний тулд нам дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнг дэргэдээ ажиллуулах ёстой. Тухайн бодлогын судлалын хүрээлэнд уг намд төсвөөс олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувийг хүрээлэн зарцуулж ажиллана. Бодлогын судлалын хүрээлэн нь намын бодлого үйл ажиллагаанд мэргэжлийн судалгаа зөвлөмж өгдөг, гишүүдрүүгээ болон иргэд рүү чиглэсэн хүний эрхийн боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн намын бүх үйл ажиллагаанд нийгмийн сонирхлын бүлгүүдийн тэгш ажиллагааг хангах зорилгоор намын бодлогын судалгааны хүрээлэн үйл ажиллагаа явуулна.
–Улс төрийн намын гишүүнчлэлийн талаарх зохицуулалтыг нэн тодорхой болсон уу?
-Намын хатуу гишүүнчлэлийг сул хэлбэр лүү шилжүүлж байгаа. Одоо хүчин төгөлдөр хуулиар намын гишүүн гэдэг ганцхан субьект байдаг. Тэгвэл шинэ хуулийн төслийн дагуу тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж, үйл ажиллагааг дэмжиж гишүүнээр элсэж, бодлогын оролцож татвар төлдөг хүнийг гишүүн, харин татвар төлөхгүй намын үйл ажиллагаанд дэмжин оролцдог иргэнийг дэмжигч гишүүн гэдэг ангилалаар ялган өгсөн байгаа. Нэг иргэн хэд хэдэн намыг дэмжигч байж болно. Тухайн намаас намын сонгуульд өрсөлдөх, намаас нэр дэвших хүсэлтэй байвал татвараа төлөөд намын өмнө тодорхой хариуцлага хүлээж, намын гишүүн болох боломжтой. Ингэснээр намын гишүүдийн татвар төлөлтийг урамшуулах, нам нь гишүүдийнхээ бага хэмжээний санхүүжилтээр санхүүжилтээ бүрдүүлэх ийм зарчим руу орж байна.
–Намыг ямар үед татан буулгах вэ?
-Намыг татан буулгах нэг эрх зүйн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн. Намын эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, терроризм үйлдэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нацист буюу фашист нам болсон тохиолдолд олон улсын хүний эрхийн конвенцууд, олон улсын жишгийн дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр нам татан буугдана. Үүнээс бусад тохиолдолд нам татан буулгахгүй.
–Улс төрийн намыг томоохон хандивлагчдын нөлөөнөөс гаргах уу?
-Улс төрийн нам энэ хуулийн дагуу томоохон хандивлагч, хөрөнгө мөнгөтэй цөөн хүмүүсийн нөлөөллөөс гарах ёстой. Үүний тулд намд олгох хандивын дээд хэмжээ, хандивын зарцуулалтыг хатуу зохицуулж өгч байгаа. Тухайлбал, Монгол Улсын иргэн жилд нэг удаа аль нэг улс төрийн намд хандив өгч болно. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй буюу таван сая төгрөг дотор багтааж хандив өгөхөөр хуульчилж байна. Хуулийн нэгж буюу корпорациудын хандивыг хязгаарласан. европын намуудын чиг хандлагаас үзэхэд жил ирэх тутам томоохон компани, корпорациудын намд олгох хандивын хэмжээ эрс буурч байгаа. Үүний оронд төсвийн санхүүжилт нэмэгдэж, тухайн намд олгох иргэдийн маш бага дүнтэй санхүүжилт буюу иргэдийн хувийн бага дүнтэй хандив нэмэгдэж байгаа нийтлэг чиг хандлага ажиглагдаж байна. Энэ зарчмыг хуульд тусгаж өгсөн. Нам хандив өгсөн хүмүүсийг нэг бүрчлэн ил болгоно. Зарцуулалтаа тайлагнана. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа оролцсон иргэн тухайн тендерийн үйл ажиллагаанд оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглож байгаа. Энэ нь төрөөс зарлагдаж байгаа тендер худалдан авалтад оролцохын тулд эвсэл оролцсоны дараа улс төрийн намд шан харамж болгож хандив өгөх буюу авлигын шинжтэй үйлдэл хийхийг хориглож байгаа. Тухайн намд хандив өгч байгаа иргэн хууль зүйн эрхтэй эсэхийг хуулийн дагуу тодорхойлно. Хандив өгөх эрхгүй этгээдээс хандив авсан тохиолдолд улсын орлого болгоно. Намд олгох хандивыг мөнгөн ба мөнгөн бус хэлбэртэй байж болно. Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд зах зээлийн дундаж ханшийг үндэслэн үнэлнэ.