Монгол Улсын шүүхийн бүх шүүгч оролцох Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд 2021 оны аравдугаар сарын 11-нд болно. Улсын Дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбалсүрэнтэй энэ талаар ярилцлаа.
-Монгол Улсын шүүхийн тухай хуульд Нийт шүүгчийн чуулган гэдэг нэр томьёо шинээр орж ирсэн. Шүүгчид ингэж нийтээрээ чуулахын ач холбогдол юу вэ. Нийт шүүгчийн энэ удаагийн чуулганаар ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн агуулга, шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуульд “Нийт шүүгчийн чуулган” гэдэг зохицуулалт орсон. Төрийн үйл ажиллагааны тодорхой үүргийг хэрэгжүүлэгч, бие даасан нэг засаглал гэдэг утгаар авч үзвэл Нийт шүүгчийн чуулган нь шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах ёсны хамгийн дээд тогтолцоо юм. Хууль тогтоогчийн зүгээс уг хуульд шүүхийн бие даасан байдлыг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан зохицуулалтуудын нэг нь Нийт шүүгчийн чуулгантай холбоотой заалт гэж ойлгож байгаа. Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг явуулна. Мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батална.
-Нийт шүүгчийн чуулган зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд хэрхэн бүрдсэн бэ. Ажлын хэсэг ямар ажлууд хийв?
-Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг хуульд зааснаар Улсын дээд шүүхийн зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн эрүү, иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүн, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажлын хэсэг гуравдугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, журмаа баталснаас хойш чуулганы бэлтгэлийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороонд нэрээ дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүх шүүгчид тэгш эдлүүлэхэд анхаарч, нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлж, асуулт, саналыг нээлттэй хүлээн авсан. “Нийт шүүгчийн чуулган” цахим хуудсыг нээн ажиллуулж, шүүгчдэд мэдээлэл өгч санал, сэтгэгдлээ илэрхийлэх боломжоор хангалаа. Мөн чуулганы хуралдааны дэгийн төсөл болон Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын төсөл зэргийг боловсруулж, шүүгчид болон сонирхогч этгээдийн санал авч тусгасан, шүүгчдийг чуулганд оролцуулах бэлтгэл ажлыг хангах зэргээр зохион байгуулалтын олон асуудлыг шийдвэрлэсэн.
-Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны хэдэн орон тоонд хэдэн шүүгч нэр дэвшсэн бэ, сонгох процесс хэрхэн явагдах вэ. Шүүгчид чуулганы хуралдаанд биечлэн оролцсон тохиолдолд санал өгөх юм байна гэж ойлгосон?
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр, нийт таван шүүгч гишүүн сонгогдох бол Сахилгын хорооны гишүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг, нийт дөрвөн шүүгч гишүүн сонгогдоно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд 18, Сахилгын хорооны гишүүнд 10 шүүгч нэрээ дэвшүүлсэн бөгөөд Нийт шүүгчийн чуулган нууц санал хураалт явуулж гишүүдийг сонгохоор хуульд заасан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажиллагааг биечлэн зохион байгуулж болохоор хуульчилсан. Иймээс хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Нийт шүүгчийн чуулганд шүүгч биечлэн оролцох үүрэг хүлээж байгаа. Чуулганд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй шүүгчийн хувьд цахимаар оролцож үг хэлэх, ил санал хураалтад оролцох боломжтой. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүн, Тооллогын комиссын гишүүнийг сонгох үйл ажиллагаа бүгд нууц санал хураалтаар явагдахаар хуульд заасан учир саналын нууцлалыг хадгалах, техникийн боломж зэргээс шалтгаалан биечлэн ирээгүй тохиолдолд санал хураалтад оролцох боломжгүй.
-Шинэ хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны талаарх зохицуулалт өмнөх явж ирсэн жишгээсээ юугаараа давуу юм бэ. Иргэдэд хэрэгтэй тал нь юу вэ гэдэгт танаас хариулт сонсмоор байна.
-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүрэг хүлээдэг шүүхийн захиргааны байгууллага юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаарх хуулийн зохицуулалт хэд хэдэн удаа өөрчлөгдөж, Хууль зүйн яамны харьяанд, эсхүл Улсын Дээд шүүхийн дэргэд, мөн түүнчлэн харьцангуй бие даасан бүтцээр ажиллаж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор заасан. Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн энэ агуулга Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусаж, Нийт шүүгчийн чуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдээ сонгох ажил анх удаа явагдах гэж байна. Дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа зохицуулалт учир энэ нь юугаараа өмнөхөөс илүү ач холбогдолтой вэ гэдгийг дүгнэж хэлэхэд эрт байх. Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийн тодорхой хувийг шүүгчид дотроосоо шууд сонгож, хэн нэгэн томилохгүйгээр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх нь шүүгчдийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад шүүх эрх мэдлийн өөрийнх нь оролцоо үүрэг чухал гэдэг талаасаа хууль тогтоогч бодож хийсэн, ач холбогдолтой зохицуулалт гэж үзэж байна.
Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг гурван шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус тусдаа санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байсан бол энэ удаад бүх шүүгч гишүүд нийт шүүгчдийн олонхын саналаар шууд сонгогдоно. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах нь шүүхийн эрхэм зорилго юм. Эрх зүй өндөр хөгжсөн орнуудын хувьд нийгмийн шударга ёсыг шүүхтэй шууд холбон ойлгож, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, эдийн засгийн болон бусад баталгаанд анхаарал тавьдаг. Шүүхийнхээ байгууламж, эдийн засаг, төсвийн асуудлыг онцгойлон авч үзэж шийдвэрлэх нь шүүхэд ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг шийдэх гэхээс илүүтэйгээр тухайн нийгмийнхээ шударга ёсыг бэхжүүлэх эрмэлзлийн илэрхийлэл, түүний төлөө хийгдэж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Шинэ хуульд шүүхийн бие даасан байдлыг агуулгын хувьд бэхжүүлэх чиглэлээр дэвшилттэй зохицуулалтууд тусгаснаараа хууль тогтоогч эрх мэдэл хуваарилах онолын дагуу хяналт тэнцлийг зөв байлгахаар зорьсон гэж харж байгаа.
Шүүхийг хүний нөөцөөр хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа багагүй шүүмжлэлд өртдөг нь нууц биш бөгөөд энэ хуулиар тухайн чиг үүргийг тодорхой болгох, хөндлөнгийн нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Шүүгчээр зөв, ёс зүйтэй хүн томилогдох нь хэргээ шийдүүлж буй иргэдэд ач холбогдолтойг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Сахилгын хорооны талаарх зохицуулалт өмнө нь Үндсэн хуульд байгаагүй. Шүүхэд оршиж буй алдаа дутагдал, шүүгчдийн сахилгатай холбоотой шүүмжлэлүүд нийгэмд өрнөж байгаагаас үүдэн шүүхийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгын хүрээнд хийгдэж байгаа бодлогын шийдэл гэж ойлгож байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тодорхой гишүүдийг УИХ нээлттэй сонгон шалгаруулахаар хуульд заасан бөгөөд олон нийтэд танилцуулан санал авч, өмнөхөөс өөр механизмаар сонгогдож байгаа учир нийгмийн хүлээлтэд нийцсэн, шалгуур хангасан, нэр хүндтэй хүмүүсийг гаргаж ирнэ гэж найдаж байна.
-Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын талаар тодруулахгүй юу. Сугалаагаар гэдэг нь ямар утгатай юм бол. Журамд шүүгчдийн санал тусаж чадсан уу?
-Ер нь шүүхэд хандаж буй иргэдийн хэрэг, нэхэмжлэлийг хэрхэн хуваарилах асуудлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэдэг, ингэхдээ санамсаргүй сонголтын аргаар, цахим программаар хуваарилдаг ажиллагаа хэдэн жилийн өмнөөс хийгдэж, хэвшил болсон. Харин хэрэглэгдэж буй программ хангамжийн сул тал, хүний хүчин зүйлийн оролцоог бүрэн хязгаарлаж чадаагүй, шүүхүүд өөр, өөр программ ашиглаж байгаа зэргээс шалтгаалан хэргийн оролцогчид эргэлзэх тохиолдол байдаг. Хууль тогтоогч хэрэг хуваарилах ажиллагааг улам сайжруулж, түүний нэгдмэл байдал, зарчмыг боловсронгуй болгох хэрэгтэй гэдэг үүднээс уг журмыг Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэхээр томьёолж оруулсан гэж үзэж байна. Журамд хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүнийг томилохдоо бүх шүүхэд мөрдөх ерөнхий зарчим, шалгуурыг тусгасан. Сугалаагаар гэдэг нь хуульд байгаа үг, хууль тогтоогчийн зүгээс сонгож хэрэглэсэн томьёолол юм. Хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт, бүрэлдэхүүнийг хуваарилахдаа цахим программ хангамж ашиглаж, урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлын аргаар хуваарилна гэж энгийнээр ойлгож болох юм. Ажлын хэсэг журмын төсөлд шүүгчдээс бичгээр санал авч тусган, төслийг чуулганаар хэлэлцэж, батлуулахад бэлэн болгосон байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Л.БАТБОЛД