Монгол Улсад Ковид-19-ийн халдвар дотооддоо алдаад нэг жил гаруйн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд цар тахалтай дасан зохицох, хичээл сургалтыг танхимаар хичээллүүлэн хүүхэд, залуусын сурч боловсрох эрхийг хангахаар ажиллаж байгаа билээ. Иймээс цахим, танхим хосолсон сургалтын аргыг хэрэглэн 2021 оны есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэж эхлээд байна. ЕБС-иуд халдвар хамгааллын дэглэмээ яаж баримталж байна, цар тахалын үеийн сургалт ямаршуухан явж байгаа талаар сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн ЕБ-ийн 131 дүгээр сургуулийг зорив. Тус сургуулийн хувьд 2015 онд ашиглалтад орсон шинэхэн сургуулийн нэг юм. 1-5 дугаар ангийн арван бүлэгтэй бага сургууль гэдгээрээ онцлог. 361 сурагч, 31 багш ажилчинтай, Хангай хотхоныг даган байгуулагдсан ажээ. Тус сургуулийн эмч Д.Амармэндээс халдвар хамгааллын дэглэмийн талаар ярилцав.
-Сургуульд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байна вэ?
– Улсын онцгой комиссын “Гамшгаас хамгаалах хуулийн түр журам” 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр батлагдсан. Мөн боловрол шинжлэх ухаан, эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 19-нд хамтран гаргасан тушаал, Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын ЕБ-ын өмнөх боловсролын байгууллага коронавируст халдвар илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний тухай зааврын дагуу халдвар хамгааллыг сахиулан, зөвлөмж өгч ажиллаж байна. Жишээ нь: Манай сургуулийн хувьд сүүлд баригдсан болохоор анги бүр гаднаасаа хаалгатай. Таван анги хоорондоо холилдохгүй гаднаасаа ороод, буцаад гадагшаа шууд гардаг. Хүүхэд бүрийн халууныг хичээл эхлэхээс өмнө үзнэ. Гаднаас орж байгаа хүмүүсийн халууныг үзээд, халуун үзсэн цаг минут, үзүүлэлтүүдийг байнга тэмдэглэж авна. Тухайн хүний утасны дугаарыг бичиж авч дараа нь үүсэх эрсдэлээс сэргийлж байгаа. Багш ажилчдын хувьд ажлын байран дээр маскаа авахгүй, багш нар хоорондоо бөөгнөрч суухгүй, зайгаа барих эдгээр арга хэмжээг байнгын хэрэгжүүлдэг.
-Есдүгээр сарын 1-нд танхимаар хичээллэж эхэлснээс хойш хүүхдүүд халуурсан болон өөр шинж тэмдэг илэрсэн тохиолдол бий юу?
-Хичээл эхлэхээс өмнө хүүхэд бүрийн халууныг үеээд 37.1 градусаас дээш халуунтай хүүхдийг буцаадаг. Хичээлийн эхний цагт бүх ангиар тойрч үзээд ханиасан, суулгасан, нум гоожих шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдийн эцэг эхийг дуудаад хариуцуулан өгдөг. Ар гэрээс шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон тохиолдлыг мэдээлэл авсан даруйд цахим хэлбэрт шилжүүлэн сургаж байгаа.
-Багш нараас хавьтал болсон, өвчилсөн тохиолдол бий юу?
-Багш нараас халдвар илэрсэн тохиолдол байхгүй. Дөрвөн хүүхэд ар гэр нь хавьтал болсон тохиолдол илрээд цахим хэлбэрт шилжсэн байгаа. Халдвар сургууль дотор бол дамжаагүй. Тэр дор нь тусгаарлаад цахим хэлбэрт шилжүүлсэн.
-Танайх бага сургууль болохоор вакцин хийлгээгүй эрсдэлтэй бүлгийн хүүхдүүд сурч байгаа юм байна. Хүүхдүүдэд болон ар гэрийнхэнд ямар зөвлөгөө өгч байна вэ?
-Эцэг эхчүүдэд цахимаар байнга зөвлөмж өгч байгаа. Ковидын шинж тэмдэг ямар нэгэн байдлаар илэрвэл хүүхдээ сургууль руу явуулахгүй байх, дааруулахгүй байх, халуун бүлээн зүйл байнга уулгах, үдийн хоол цайг тогтмол чанартай хүнсээр хийх гэх мэтээр байнгын цахим зөвлөгөө өгч байгаа. Эцэг эхтэй биечилж уулздаггүй.
-Эцэг эх, багш, хүүхдийн харилцаа холбоо хэр байна вэ?
-Манай сургууль дунд болон ахлах ангигүй учраас харьцангуй эцэг эхийн хараа хяналт, өгсөн үүрэг даалгавар биелүүлэх, харилцаа холбоо сайтай. Эцэг эхчүүд байнга багш хүүхдүүдтэйгээ хамтран ажиллаж, хүүхэд багшийн үйл ажиллагааг сайн дэмждэг. Сургууль орох, тарах бүрт хүүхдүүдийг эцэг эхийн гарт хүлээлгэн өгөх “Гараас гарт” хөтөлбөрийг сайн хэрэгжүүлдэг гэлээ.
131 дүгээр сургуулийн хувьд цөөн сурагчтай. Тэр хэрээр хөл хөдөлгөөн бага байв. Сургуулиас гарахад хүүхдээ тарахыг хүлээн зогсож байгаа эцэг эхчүүдтэй таарлаа. 131 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагчийн ээж Л.Нямцэцэг хэлэхдээ “Манайх Хангай хотхоны 517 дугаар байранд амьдардаг. Хүү минь энэ сургуулийн нэгдүгээр ангид элсэн сурч байна. Ковидын үеийн сургалтын онцлог нь цахим, танхим хосолсон хэлбэрээр явж байгаа. Цахим сургалтыг цаг тухай бүрт нь эхлүүлдэг. Гэхдээ хичээл орох цаг нь арай богинохон санагддаг. Хүүхдүүдээ бүртгэж, энэ байна уу, тэр байна уу гэсээр байтал хичээлийн цаг заримдаа дуусчихдаг. Цахим хичээлийн цагийг арай уртасгамаар байна” гэв. Мөн сургуулийн гуравдугаар ангийн сурагч Х.Итгэлт ярихдаа “Өмнө жил юу ч сурч амжаагүй байхад хичээл орохоо больчихсон. Зарим үсгээ мартсан уншиж чадахгүй байгаа. Гэхдээ дахин сэргээж үзээд санаад уншдаг болсон. Цахим хичээлтэй өдрөө гэртээ хичээлээ хийдэг. Заримдаа ойлгоно. Заримдаа ойлгохгүй. Ойлгоогүй зүйлээ дараа нь багшаас асууна. Багш асуусан болгоныг сайн хэлж өгнө. Ээж ихэнхдээ миний хичээлийг хийлгэдэг. Аав хааяа л зааж өгнө. Гэхдээ өөрөө хэлээд өгчихдөг гээд ээж ааваар хийлгүүлэх дургүй байдаг юм. Цахим хичээлээ ч яахав дараа нь багшаас асуучихдаг болохоор ойлгочихно. Харин теле хичээлийг ойлгохгүй үед хэнээс асуухаа мэддэггүй” гэсэн юм.
Дараагийн зорьсон газар Сүхбаатар дүүргийн ерөнхий боловролын 16 дугаар сургууль.Энэ сургуулийн хувьд 2021-2022 оны хичээлийн жилд 52 бүлэгт 2234 хүүхэд суралцаж байгаагаас бага ангид 1268, дунд ангид 776, ахлах ангид 188 сурагчтай юм байна. Багшлах боловсон хүчин, удирдах болон арын албаны ажилчид нийлээд 107 хүнтэй.
16 дугаар сургуулийн сургалтын менежэр Ц.Батбаартай тахалын үеийн сургалтын талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Цар тахалын үеийн халдвар хамгааллын дэглэмийг 16 дугаар сургуульд яаж баримталж байна вэ?
-Бид энэ онцгой үед эрүүл мэндийн яам болон боловсрол шинжлэх ухааны яамнаас хамтран гаргасан тушаалын түр журмыг ягштал ёсчлон биелүүлж ажиллаж байна. Өглөө хүүхдүүдээ анги ангиар нь зай бариулж хоёр хаалгаар зэрэг халууныг нь үзэж оруулдаг. Тарахад нь мөн хоёр хаалгаар зэрэг гаргана. Сургууль дотроо зай барих тэмдэг тэмдэглэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн журмуудыг бүгдийг байрлуулсан байгаа.
-Есдүгээр сарын 1-нээс хойш хавьтал болсон, илэрсэн тохиолдол бий юу?
-Өнөөдрийн байдлаар манай сургуулиас таван багш, долоон сурагч халдвар авсан. Бусад нь бол анги танхимаас биш гэрээсээ, гадуур явж байгаад хавьтал болсон тохиолдол бий. Бид тахалын үеийн түр журмаа баримтлаад ажиллаж байна.
-Өвчилсөн багш хүүхдүүд эдгэрч хичээл, ажилдаа орсон уу?
-Бид 5:9-ийн зарчмаар ажиллаж байгаа. Таван өдөр танхимаар есөн өдөр цахимаар хичээллэж байна. Хичээлийн явцын дундуур халдвар авсан хүүхдүүд эмчилгээгээ хийлгээд үзлэг шинжилгээндээ хамрагдаад халдваргүй гэсэн магадлал гарсан үед нь танхимын хичээлд суухыг зөвшөөрч байгаа.
-Анги дүүргэлт 20-25 хүүхэдтэй байх ёстой гэсэн журам бий шүү дээ. Тэгэхээр нэг ангийг 2-3 хувааж байгаа. Багш ажилчдын хүрэлцээ хэр байгаа вэ?
-Багш нарын хүрэлцээ боломжийн байгаа. Манай сургууль 56 ангийг нийт 108 дэд бүлэг болгон хичээллэж байна. Багш нар гаргасан цаг, хичээлийн хуваарийн дагуу хичээлээ орж байгаа.
-Эцэг эхчүүддээ халдвар хамгааллын ямар зөвлөмж өгч байна. Хамтран ажиллах уялдаа холбоо хэр байна вэ?
-Бид түр журамтайгаа нийцүүлээд багш ажилчид, сурагч, эцэг эхчүүдийн мөрдөх дэгийг гарган ажиллаж байгаа. Үүнд хүүхдийг хичээлд нь явуулахдаа өдрийн цайг нь тогтмол сайн уулгах, гэр-сургууль-гэр гэсэн маршрутыг баримтлах, чөлөөт цагаараа хүүхдээ гадуур сэлгүүцүүлэхгүй байх, гэрээс сургууль хүртэлх замдаа халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах зэрэг шаардлага зөвлөмжийг анги удирдсан багшаар нь дамжуулан эцэг эхчүүдэд өгч байна. Мөн сургуулийнхаа цахим хаягаар дамжуулан халдвар хамгааллаа баримтлах, зөвлөмж, анхааруулгыг байнга өгч байна.
-Хичээл эхлээд дуусах хүртэл анги дотроо хүүхдүүд халдвар хамгааллын дэглэмээ яаж сахиж байгаа вэ?
-Өглөө хичээл ирэхэд нь бүх хүүхдийн халууныг үзээд хоёр хаалгаар зэрэг оруулна. Орсон чиглэлийн дагуу зүүн хаалгаар орсон хүүхдүүд зүүн тийшээ, баруун хаалгаар орсон хүүхдүүд баруун чиглэлээр явж ангидаа орно. Хичээл тарахаар хоёр өөр хаалгаар гарна. Сургууль дотор урсгал сөрөх болон бие биетэйгээ зөрөхгүйгээр зохион байгуулсан. Жижүүр багш нарыг өдөр бүр гарган тарах, орох үед хүүхдүүдийн зайг бариулж, бөөгнөрөл үүсгэхгүй, урсгал сөрүүлэхгүй байлгах, хараа хяналтыг сайн тавьж байна. Манай сургууль дотроо 55 ширхэг хяналтын камертай. Тиймээс камерын хялналтыг мөн тогтмол хийдэг.
-Анги бүр дотроо ариутгагч болон гараа угаах угаалтуур бий юу?
-Угаалтуур бол нийтийнх. Завсарлагаан болгоноор бүлэг бүлгээр нь ээлжлэн зохион байгуулж, хүүхдүүдийг бие засуулан гарыг угаалгаж байна. Гар ариутгагчийн хувьд анги бүрт бий. Зарим анги дотроо халуунаа үзээд гар ариутгадаг юм тавьчихсан байна. Зарим нь нэг удаагийн ариутгагчтай. Боломжийнхоо хэрээр эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаагаар ариутгалын бодисуудыг шийдчихсэн байгаа гэв.
16 дугаар сургуулийн бага ангийн багш Х.Цэрэнханд ярихдаа “Ангиа хоёр хувааж цахим, танхим хослуулан хичээллэж байна. Ажлын ачаалал их нэмэгдсэн. Өглөө цахим хичээлээ орно. Дараа нь танхимын хичээлээ заана. Хүүхэд бүрт хүрч ажиллахын тулд тараах материал хийнэ. Даалгавруудаа шалгана. Хүүхдүүдийнхээ халууныг хэмжинэ. Үдийн хоолыг нь идүүлнэ гээд ажил их. Багш нарын ачаалал маш их нэмэгдэж байгаа. Харин цар тахалын үеийн нэг давуу тал нь эцэг эхчүүд багш нартай хамтран ажиллах харилцаа холбоо сайжирсан. Эцэг эхчүүдийн хариуцлага бас нэмэгдэж байна. 2-3 дугаар ангийн хүүхдүүд хоцрогдол их байгаа. Урдны хичээлүүдээ сэргээн санах, дараагийн хөтөлбөрөө гүйцэж орох гээд хүүхдүүдийн ч ачаалал ихэссэн. Манай ангийн хувьд 4-5 сурагч бага зэргийн хоцрогдолтой яваа. Тэдэнд хичээлээс гадуур давтлага өгч хоцрогдлыг арилгахаар ажиллаж байна” гэв. 16 дугаар сургуулийн хувьд тусгаарлалтын хоёр ортой өрөө бэлтгэж, түргэвчилсэн тест, нэг удаагийн хувцас, малгай, бээлий, маск зэргийг хангалттай хэмжээгээр нөөцөлсөн байна. Зайлшгүй тохиолдол илрэн тусгаарлагдсан бол тусгаарлалтын өрөөнөөс гаргахгүй био нойлыг ч зориулалтын бодисын хамт бэлтгэн тавьсан байлаа. Цар тахалын үед хичээл сургуулийг танхимаар явуулснаар эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмж, багш сурагч эцэг эхчүүдийн харилцааг сайжруулж, багш нар ямар их ачаалал үүрч байгааг бага ч гэсэн мэдэрч байгаа сайн талтайг багш нар хэлж байлаа.