УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны ням гаригт явагдана.
Нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.
ЗАХИРАМЖ: /Бүрэн эхээрээ/
2021 оны 10 сарын 04-ний өдөр Дугаар А/753 Улаанбаатар хот
Монгол Улсын Их хурлын сонгуулийн
тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах (зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд), хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.
2.Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авахтай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:
2.1.соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газар (Ж.Дамдинцэрэн), нийслэлийн Спортын хороо (Ж.Ганболд), холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад;
2.2.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;
2.3.холбогдох хууль, журам, Сонгуулийн Ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), дүүрэг, хорооны Засаг дарга нарт;
2.4.сонгуулийн хороо, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ (Д.Одбаяр)-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т;
2.5.сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (Р.Дагдан), “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК (Ч.Золбаяр), “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ (Ц.Төрхүү)-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т;
2.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан нийслэл, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар)-т;
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай.