Categories
мэдээ нийгэм

Кино театрууд гурав хоног ажиллахгүй

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ний ням гаригт 07:00-22.00 цагт болно.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:

70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.

Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажилладаг. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргасан байна.

Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ. Иймд амралтын өдрүүдэд кино театрууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноо мэдэгдэв.

Ташрамд мэдээлэхэд энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Увс аймгийн Малчин суманд 29 см зузаан цасан бүрхүүл тогтжээ

Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болжээ.

Энэ нь өнөөдрийн байдлаар Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон үзүүлэлт болж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж.

Шөнийн агаарын температурын хувьд, нутгийн баруун хагаст хасах градус, зүүн хагаст нэмэх градустай хонолоо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Т.Доржханд: Нүүрс түүхэндээ байхгүй өндөр үнэд хүрлээ. Гэтэл бид хоногт 100 машин гаргаж байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.

Асуулгын хариуг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Асуулгын хариулттай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ жилийн нүүрс тээвэрлэлтийн төлөвлөгөө тасалдаж байна. Сүүлийн 3 сарын хугцааанд 2021 оны төлөвлөсөн хэмжээнд хүргэх боломж байгаа юу. Үүн дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Хоёрдугаарт жолооч нарын шинжилгээний асуудал үүсэж байна. Энд сөрөг гардаг мөртлөө Хятадын талд очихоор эерэг гарч байгаа нь ямар учиртай юм вэ. Баахан мухар төмөр замтай боллоо. Баригдаж байгаа төмөр замууд ашиглалтад орох вэ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нүүрс гаргах асуудал үнэхээр санаа зовоож байна. Халдвар хамгааллын дэглэм Гашуунсухайт болон Цагаан хад боомтод идэвхжсэн. Хятадын тал үүн дээр бас анхаарч байгаа. Хятадын талд очихоор эерэг гардаг асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан. Тоног төхөөрөмжийн хувьд адилхан байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өнөөдөр эдийн засаг маш хүнд байдалд орсон. Нүүрсний үнэ түүхэндээ байхгүй өндөр үнэд хүрээд байхад бид хоногт 100 машин гаргаж байна. Үүнийг хариуцах хүн алга. Бид нар нүүрсээ зарж чадахгүй байна. 500 жолоочийг тусгаарлаад явууллаа гэхэд ковидтой хүмүүс дундуур нь шургаж байна. Хятадын талаас та нар ажлаа зохион байгуулж чадахгүй байна гэдгийг хэлсэн шүү дээ. Хоёрдугаарт төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр чиглэлээр зам тавьж байгаа. Ямар компанитай гэрээ байгуулсан гэдгээ нууцалсан. Энэ мэдээллийг авмаар байна. Зах зээлийн үнээс 10 дахин өндөр үнээр бараа оруулж ирсэн гэсэн мэдээлэл ирсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Нүүрс тээвэрлэдэг жолоочдыг бөөнөөр нь байлгах эрсдэлтэй юм байна. Цагаан хад суурьшлын бүсийг тодорхой хугацаанд хаалттай бүс болгон хамгаалалт оруулах зохицуулалт хийх гэж байна.

Categories
гадаад мэдээ

Японд 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 20 хүн хөнгөн гэмтжээ

Японы баруун хойд нутгийн Чиба мужид өнгөрсөн шөнө 5.9 магнитудын газар хөдөллөө. Газар хөдлөлтөөс үүдэлтэй чичирхийлэл Токио хотод 30 секунд орчим хүчтэй мэдрэгджээ.

Ерөнхий сайд Фүмио Кишида газар хөдлөлтөөс болж хохирсон хүмүүст шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхийг холбогдох албаныханд үүрэг олголоо. Зарим хэсэгт төмөр зам, метроны шугам ажиллахгүй болсон тул гэртээ харьж чадалгүй гацсан хүмүүст туслах үйлчилгээ үзүүлэхийг тээврийн компаниудаас хүсжээ. Мөн зарим бүсэд усны хангамж тасалдаад байна.

Газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байжээ. Одоогоор байгалийн гамшгийн улмаас цунамийн түгшүүр зарлаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын III улирлын төлбөрийн баримт бүртгэх хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна

2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна.

Тиймээс гуравдугаар улирал буюу долоо, найм, есдүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дээрх системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас дахин санууллаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг улирал тутамд буцаан олгодог. Энэ оны хоёрдугаар улиралд 1.166.880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Categories
мэдээ нийгэм

“Альфа” хувилбараар өвдөөд “дельта”-гаар өвдсөн 16.000 хүн байна

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдвараар өвдөж байгаа гэлээ. Мөн “альфа” хувилбарааар өвдсөн хүмүүс ч “дельта”-гаар өвдөх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.БИЛЭГТСАЙХАН:

-Цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрсэн. Тиймээс нэн хүнд байгаа хүмүүсийг эхэлж эмнэлэгт хэвтүүлж байна. Ачаалал их байгаа учраас эмнэлэгт хэвтсэний дараа эрэмбэлэх тохиолдол бий. ЭМЯ-наас гаргасан журмын дагуу шинж тэмдэг илэрсэн хүнд 8-10 хоногт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол гэрийн тусгаарлалтад оруулж байгаа. “Covid-19”-өөс шалтгаалж нас барсан иргэдийн тоон мэдээг долоо хоног тутамд ХӨСҮТ-өөс гаргадаг. Тусгайлан шинжилж байж дүн мэдээг гаргадаг учир тоо зөрөх асуудал байхгүй.

Хамгийн гол анхаарах зүйл бол вакцины тунгаа хийлгэх. “Альфа”-аар өвдсөн хүмүүс ч “дельта”-гаар өвдөх эрсдэлтэй байна. Одоогоор ахиж халдвар авсан 16.000 хүн байна гэлээ.

Тиймээс иргэд халдвараас урьдчилан сэргийлэх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа нэмэлт тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бөгөөд дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсч байгаа. Иргэд “Вероселл”, “Файзер” вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунгаа сонгож хийлгэж болно.

Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны ням гаригт 07-22.00 цагт болно.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдаад байна. Сонгуулийн үеэр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлийг хангав. Саналыг хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийх бөгөөд сонгуулийн санал авах үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийж, хяналт тавихаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн нийт 1271 ажиглагч ажиглахаар бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайд жолооны үнэмлэх, торгууль зэрэгтэй холбоотой мэдээлэл өгч байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/746 дугаар захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы нэг сар” өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Энэ өдрийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт Тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн оролцон иргэдэд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, жолооны үнэмлэх шинээр авах болон солиулах, торгуультай холбоотой асуудлаар иргэдэд мэдээ, мэдээлэл өгч байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагад орох хүсэлтэй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм.

Тус өдөрлөг өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Дэлхийн улс орнуудад эрчим хүчний хямрал нүүрлэсээр байна

Дэлхийн 100 гаруй орны удирдагч ирэх арваннэгдүгээр сард болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд бэлтгэж, улс орнуудын Засгийн газарт сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шахалт үзүүлж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор

Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, газрын тосны үнэ баррель нь 100 долларыг давсан хямрал дэлхийн олон оронд үргэлжилсээр байна. Өвлийн улирал дөхөж, халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд цахилгааны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж байгаа ч үнийн хязгаарлалтыг цаашид барьж чадахгүй хэмээн түгшиж байгааг олон улсын хэвлэлүүд нийтэлсээр байгаа юм.

Эрчим хүчний хямрал одоогоор Европыг бас Азийн хэд хэдэн оронд нөлөөлж эхэллээ. Тухайлбал, БНХАУ оршин суугчдынхаа цахилгааныг хязгаарлаж, хүнд үйлдвэрүүдийнх үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй тулгарсныг CNN агентлаг өмнө нь мэдээлж байсан юм. Харин өнөөдөр Азийн гурав дахь том эдийн засагтай улс Энэтхэгт эрчим хүчний хямрал нүүрлээд байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолсоор байна.

Энэтхэг улсад нүүрс ховордож өнөөдрийн байдлаар нүүрс түлдэг 135 цахилгаан станцын 63-т нь ердөө ганц өдрийн нөөц үлдээд байна. Энэтхэгийн Эрчим хүчний захиргааны төвийн мэдээлснээр 17 цахилгаан станц огт нөөцгүй болсон гэлээ. Нүүрсний хомсдолд орсон эдгээр цахилгаан станцууд тус улсын 70 орчим хувийг эрчим хүчээр хангадаг байна. Харин зарим эх сурвалжууд нүүрсний хомсдол нь цар тахал болон байгалийн гамшгуудаас үүдэн тээвэрлэлт удааширсантай холбоотой хэмээн мэдэгдэж байгаа ч мэргэжилтнүүдийн дийлэнх нь дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж эхэлсэн сэргээгдэх эрчим хүчтэй холбон тайлбарлаж байна.

Мөн байгалийн хийн үнэ зөвхөн Европыг хамарсангүй. Зүүн Азид байгалийн хийн үнэ есдүгээр сараас хойш 85 хувиар өсч, газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 204 доллар болжээ. Байгалийн хий экспортлогч АНУ-д байгалийн хийн үнэ бусад орныг бодвол харьцангуй тогтвортой байгаа ч сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн хэвээр байна. Тэгвэл дэлхийн жишиг хэрэглээ болох “Brent” маркийн газрын тосны үнийг баррель нь 100 доллароос давж магадгүй гэж саяхан Bank of America таамаглаж байсан нь биеллээ олоход ойрхон байна.

Харин Европт байгалийн хий нэг баррель нь 230 долларт хүрсэн нь есдүгээр сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс найм дахин өндөр үнээр арилжаалагдаж байна гэсэн үг. 2020 оны эхээр Европт ихээр хүйтэрсэн нь байгалийн хийн нөөцийг нь шавхсан.

Мөн ОХУ-ын хийн экспорт буурч, салхин станцууд нь салхи нөөцөлж чадахгүй байгаа нь Европын эрчим хүчний хямралд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн хямралын нөхцөл байдал Европын орнуудын төв банкууд болон хөрөнгө оруулагчдын сэтгэл зовних гол асуудал болж байгаа юм. Энэ хямрал ирэх өвөл бүр дордох төлөв ажиглагдаж байна. Харин Серби тэргүүтэй зарим улсууд ОХУ-аас Европ руу шууд хий тээвэрлэх “Умардын урсгал-2” хийн хоолойн төслийг Германы эрх баригчид аль болох хурдан баталснаар энэ хүндрэлийн хөнгөвчлөх болно гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэг, эмийн сангийн байршлыг гар утаснаасаа харах боломжтой боллоо

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ингэснээр иргэд гар утаснаасаа өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа төлөвлөх боломжтой болж байна.

Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой.

Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэх юм гэж Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.