ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.
Өнөөдөр болсон Засгийн газрын хурлаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барих зөвшөөрлийг өгчээ.
А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын хуульд нийт 30 гаруй удаа өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өөрчилсөн.
Шимтгэлийн хувийг бууруулснаар сангийн алдагдал нэмэгдэж, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэтэл манай улсын хүн амын насжилт өссөөр байна. Алсын хараа-2050 бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх талаар тусгасан. Мөн олон давхарга бүхий тогтолцоо руу шилжинэ. Санг алдагдалгүй болгох шаардлагатай. Иргэд бодит хуримтлалтай болох шаардлагатай. Шинэ хуульд НДШ-д өөрчлөлт оруулаагүй. Санхүүгийн зах зээлийг дэмжих заалт мөн бий.
Онцлох заалтууд:
- Тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлнэ. Одоогоор энэ санд зөвхөн бичилт хийж, бодит мөнгөн хөрөнгө байхгүй. Хуваарилалтын буюу өнөөгийн тогтолцооноос хагас хуримтлалтай дараа нь бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ. Мэргэжлийн хороодыг ажиллуулна.
- Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмнэ.
- Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн тэтгэмжийг 20 хоногоор нэмнэ.
- Үйлдвэрлэлийн осолд орсон бол тэр хугацаанд НДШ-ээс чөлөөлнө.
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд зааснаар иргэд нэмэлт даатгалд даатгуулах, хуримтлал үүсгэх, цаашлаад хөрөнгө оруулалт хийх боломжтой. Иргэд нэмэлтээр цуглуулсан тэтгэврээ өвлүүлэх боломжтой.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад эдгээр төсөл улам сайжирна гэж найдаж байна.
Капитал банкнаас Нийгмийн даатгалын сангийн 95 тэрбум төгрөгийн авлага үлдсэн. Үүний 22 тэрбум төгрөгийг эд хөрөнгө худалдан барагдуулахаар ажиллаж байна. шүүхэд маргаан дуусаагүй байна гэв.