Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2893 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1411 нь Улаанбаатарт,
  • 1482 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 13 хүн нас барлаа. Нийт нас баралт 1023 боллоо.

Сүүлийн 24 цагт 5392 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21497 хүн хэвтэн эмчлүүлж буй.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Их хүрээ цам” хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс жил бүр хурж ирсэн “Хүрээ цам 2021” шашин, соёлын үйл ажиллагаа “Батцагаан” дуганы өмнөх талбайд Тахиа сарын шинийн 12-ны өдөр 09:00 цагаас эхэллээ.

No description available.

Цам харайх ёслолын үйл ажиллагааг 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Цам хайрахаас өмнө балин тахил, цамын баг, хувцас хэрэглэлийг адислах болон “Жахар цам”-ын хурал ном эхэлж хурдаг.

Дашрамд дурдахад, Цам цамнах үйл нь VIII зууны үед Төвд орноо дэлгэрсэн байдаг. Монгол орноо анхны цамыг IV Богд Жавзандамба хутагтын тааллаар 1811 онд Их хүрээнд цамнасан аж. Олноо “Жахар цам” хэмээн алдаршсан “Хүрээ цам” нь Монгол түмнийг ивээгч Очирваань бурхны дүр, Цагаан өвгөн, Улаанбаатар хотын дөрвөн уулын эздийн дүр гардгаараа онцлогтой юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд сайд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон гадны зочид төлөөлөгчид оролцож, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй танилцсан юм.

Нээлтийн үеэр сайд З.Мэндсайхан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан бид “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2006 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт хугацааны хөгжлийн стратеги хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор олон талт болон түнш орнуудтай хамтран 2021 оны байдлаар нийт 72 төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнг танилцуулах, цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ чухал түлхэц болно гэж үзэж байна.

Мөн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой учраас энэ удаагийн арга хэмжээнд салбарын аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд B2B, B2G гэрээ хэлцлийг хийх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байгаа.

Энэ онд орчин цагийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, хоршоо үүсч хөгжсөний 100 жил, ахуйн үйлчилгээний салбарын 90 жилийн түүхэн ой тохиож байгааг цохон тэмдэглэж, эдгээр салбарын хөгжилд залуу насаа зориулсан ахмад үе болон нийт ажилтан ажиллагсдад баярын мэнд хүргэе.

Хүн амыг хэрэгцээт бүтээгдэхүүнээр хангах, хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг сайжруулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа салбарынхаа нийт хамт олон, урт хугацаанд хамтран ажиллаж буй гадаадын төсөл хөтөлбөр, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 300 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна.


Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон юм.

Арга хэмжээнд оролцож байгаа аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс 7 өдрийн турш өөрсдийн бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй танилцуулж, борлуулах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Харин хэрэглэгчдийн хувьд үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод суурин 37 цэгт 58 багийн 287 эмч, ажилтан ажиллаж, 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна

Хилийн цэргийн 88 жилийн ойн энэ өдөр үүргээ гүйцэтгэж байсан алба хаагч нь зам тээврийн осолд орж, үхэх сэхэхийн заагт байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч адуундаа явж байгаад автомашинд дайруулжээ.

Түүнийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж эхэлсэн байна.

Зарим эх сурвалж осолд орсон байлдагчийг мотоциклтой явж байсан хэмээж буй бол нөгөө хэсэг нь морь унан адуугаа ойртуулахаар явсан хэмээв.

Хилийн цэргийн анги салбарт энэ он гарсаар иймэрхүү осол, хэрэг 11 удаа гарч, алба хаагчийнх нь амь, эрүүл мэнд хохирчээ. Үүнээс өмнөх жилүүдэд жилдээ 4-5 осол, хэрэг гарч байсантай харьцуулахад ихэд өссөн үзүүлэлт юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяатай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хичээл сургууль цахимаар хичээллэсэн. Энэ үед сурагчдын сэтгэл зүй урьдынхаасаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Цар тахал бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахад нь саад тотгор болсон. Учир нь хүүхэд гэр бүлээсээ гадна нийгмээс сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг. Тоглох, суралцах, нийгэмших, өөрийгөө илэрхийлэхэд цар тахал саад болсон гэж хэлж болно. Хүүхэд энэхүү хэрэгцээгээ хангахгүй удсан тул стресс болон сэтгэл гутралд ордог. Харин танхимын хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдэд энэ хэрэгцээгээ хангахад бага ч гэсэн дэвшил гарч байгаа. Цахим хичээл нь хүүхэд гэлтгүй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн ачааллыг өгч байсан шүү дээ.

-Тэгвэл танхимын хичээл эхэлснээс хойш сурагчид биенээ дээрэлхэх, гадуурхах тохиолдол хэр их ажиглагдаж байна вэ. Энэ талаарх судалгааны үр дүнгээс ярихгүй юу?

-Танхимын хичээл эхлэхэд хүүхдүүдэд хамгийн их сэтгэл догдлуулсан зүйл бол ангийнхаа хүүхдүүдтэй уулзах. Тэдний өндөр болсон эсэх, турсан таргалсан гээд бие махбодод гарсан өөрчлөлтүүд их сонирхлыг нь татаж байгаа юм. Манай төв дээр ирж байгаа өсвөр насны арван хүүхдийн зургаа нь өөрийн бие махбодод гарсан өөрчлөлтөд санаа зовж, үүнээсээ ичиж байсан. Гэтэл хичээл ороод хүүхдүүд “Би таргалснаасаа болоод гадуурхагдах вий дээ, би хэт өндөр байх вий дээ” гэх мэт айдастай байсан ч бүгд адилхан болсон нь хөгжилтэй гэж ярьж байсан. Энэ нь танхимаар орохын хамгийн давуу тал. Сул тал ч байна, шинэ ангид шилжээд орчихсон, огт танихгүй хүүхдүүдэд хэрхэн өөрийгөө илэрхийлэхээ мэдэхгүйн улмаас хүүхдүүд дотогшоо дүр төрхийг илэрхийлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй.

-Коронавирусийн халдвар авсан ангийнхаа хүүхдийг гадуурхаж, шоолсон гэх албан бус мэдээллүүд цахимаар яваад байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Энэ тохиолдолд цэвэр эцэг эхчүүдийн хандлага харагдаж байгаа юм. Хүүхэд гэр бүлийн толь шүү дээ. Эцэг эх надтай хэрхэн харилцана, би яг л бусадтай харилцахдаа тэгж л харилцах болно. Тиймээс эцэг эхчүүд маань өөрсдөө ямагт болгоомжтой байж, бусдад юу ч тохиолдсон хүн чигээр нь үнэлж байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Хүүхдээ дээрэлхүүлж буйг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй шүү дээ. Дээрэлхүүлж байгаа хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хамгийн түрүүнд хүүхдийн сөрөг араншин илүү болж, сургуульдаа явах дургүй болно, хичээл хийх сонирхолгүй болно. Сөрөг араншин гэдэг нь уур уцаар ихсэх, дүү нартайгаа таагүй харилцах, ганцаараа байх илүү дуртай болох, хэн ч намайг хайхардаггүй, би хэнд ч хэрэггүй гэх мэт үгсийг хэлдэг болно. Ер нь гэр бүлдээ дээрэлхүүлдэг хүүхэд нийгмийг үзэн яддаг, харин нийгэмд дээрэлхүүлж гадуурхагдаж байгаа хүүхэд гэр бүлээ үзэн ядаж таагүй харилцаж эхэлдэг гэсэн үг л дээ.

-Эцэг эхчүүд хүүхдээ дээрэлхүүлж байгааг нь мэдсэн ч ямар арга хэмжээ авах, яаж таслан зогсоохоо мэддэггүй тал бий. Үүнийг яаж шийдэх вэ?

-Хүүхэдтэйгээ маш сайн найз байх, зөв харилцах хэрэгтэй. Та хүүхдээ хүндэлж хайрлаж харилцахгүй байхад, таны хүүхдийг нийгэм хайраар өлгийдөж авна гэж үү, үгүй шүү дээ. Учир нь хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл бага байдаг. Мэдээж их бага хэмжээгээр гадуурхагдлаа гэхэд эцэг эхтэйгээ маш сайн харилцаатай байдаг хүүхэд аав ээждээ тэр тухайгаа хэлдэг. Ингээд л тэд сэтгэл зүйч дээр ирэх, сургуульд нь мэдэгдэх зэрэг арга хэмжээ авдаг.

-Нэр хоч өгөх, энд тэнд муу сурдаг гэж бичих, хэн нэгэнтэй холбож дооглох зэргийг ихэнх хүмүүс арван жилийн дурсамж маягаар ярих нь элбэг. Гэтэл одоо огт өөр асуудал болж, цаашлаад сэтгэл санааны хямралаас шалтгаалаад гэмт хэрэг гарах магадлалтай болчихоод байна шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?

-Тухайн үед даван туулсан сэтгэлийн суурь тэнхээ сайтай хүмүүс л тэгж ярьдаг. Гэтэл энэ өөрийгөө илэрхийлэхдээ сайн биш, бүрэн гүйцэд чадвараа гаргадаггүй хүмүүс цөөнгүй байна. Ялангуяа ажлын байран дээр нэлээн ажиглагддаг. Цаашлаад энэ нь дутуугийн мэдрэмж үүсгээд гэр бүл зохиоход ч нөлөөлж болно. Тэгэхээр эцэг эхчүүд үүн дээр анхаарах хэрэгтэй. Илүү дэмий яриагаа л болих, буюу буруу зүйлийг өөгшүүлэн ярих хэрэггүй.

-Ер нь дэлхийн бусад улс орнууд сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалтыг хэрхэн яаж зохицуулдаг юм бол?

-Энэ оноос эхлээд сургуулийн сэтгэл зүйч сургуулиудаар ажиллаж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол сургуулийн орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг багасгах боломжтой хамгийн зөв шийдэл. Мөн ангийн багш маш сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Боловсролын салбар бол маш чухал салбар, үүнийг дэлхий нийтээрээ анхаардаг. Гэтэл Монгол Улсад л хаягдаад байна. Багш мэргэжилтний сэтгэл зүйн боловсролыг анхаарах хэрэгтэй. Ингэж байж хамгийн эхний шат болох багш хүн хүүхдэд илүү хүрч зөв нөлөөлж чадна. Дараа нь сэтгэл зүйч бид нөлөөлнө.

-Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай юу. Та мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Мэдээж шаардлагатай. Энэ миний хувьд маш хэрэгтэй, нүдээ олсон зүйл гэж харж байгаа. Цар тахал хөл хорионы үеэр хүүхдүүд их хүнд байсан. Яг энэ үед сургуулийн сэтгэл зүйчид хүүхдийг илүү нээх, тэднийг хөгжүүлэх, сэтгэл зүйн боловсролд нь анхаарч өгнө гэдэгт би итгэлтэй байна. Хүүхэд бүхэн аз жаргалтай, сэтгэл зүйн боловсрол өндөртэй зөв хүн болж хүмүүжихэд сэтгэл зүйч бид өдөр бүр хичээж байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин могой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 18, Санчир гариг. Билгийн тооллын 12, Тооно одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 06:33 цагт мандан, 18:59 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Антибиотикийн үр дүнгүй хэт хэрэглээнээс болоод түүнд тэсвэртэй нянгийн халдвар аюул учруулж байна

Сүүлийн үед ковидтой зэрэгцээд, идээт халдвар ихэсч байгаа талаар УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяртай ярилцлаа.


-Идээт халдвар ихэсч, эмчлэхэд маш төвөгтэй байдал үүсч байгаа тухай эмч нар их анхааруулах боллоо. Яг идээт халдвар гэж юуг хэлж байна вэ?

-Өвчин үүсгэгч нян цус, гэмтсэн арьс, салст, амьсгалын зам, бөөр шээсний зам, хоол боловсруулах зам, бэлгийн замаар дамжин хүний биед нэвтрэн үржиж олшрох, эрхтэн системийн үйл ажиллагааг гэмтээхийг халдвар гээд байгаа юм. Бидний нүдэнд үзэгдэж байгаа энгийн хэлбэр бол хатиг (үсний уут улайж хавдаж хөндүүр болох) шахахад цайвар өнгийн идээ гараад эдгэрдэг. Гэтэл зарим тохиолдолд идээ нянгийн хамт цус руу ордог (bacteremia), цусаар дамжин олон эрхтэнд очиж буглаж (sepsis) хүндрэл үүсгэх нь бий.

-Тэсвэртэй нян, идээт халдвар үүсгэгч бичил биетэн гэж юу вэ?

-Ер нь халдварын тухай ярихаас өмнө, хүний биеийн дархлааны тогтолцоо, антибиотикийн талаар ерөнхий ойлголттой байх хэрэгтэй л дээ. Нян буюу бактери, вирус, паразит шимэгчид, мөөгөнцөр гээд хүний нүдэнд үл үзэгдэх жижигхэн амьд биетнүүд бидний эргэн тойронд хэдэн тэрбумаараа байдаг. Тэд бидний амьдралын нэг хэсэг болдог учраас тэднийг бүрэн устгах, мөн тэднээс зугтах ямар ч арга байхгүй. Эдгээрийн дотроос нян, вирусийн халдвар нь хоруу чанар ихтэй, амархан тархах(пандем), олон зуун, сая хүнийг өвчлүүлэх(тахал), үхэлд хүргэх чадалтай. Сонирхуулахад, 1918-1920 онд Испани ханиадаар 20-40 сая, ДОХ-оор 2019 оны байдлаар 33 сая, коронавирусийн халдвараар одоогийн байдлаар 3 сая гаруй хүн нас бараад байна.

Нян(бактери) дангаараа үржих чадвартай, хэмжээгээр том, эсийн бүтэцтэй тул амьд биетэн гэж үздэг. Харин вирус нянг бодвол днх, рнх гэсэн генийн материал агуулсан, гадуураа уурган бүрхүүлтэй өөрөө дангаараа үржих чадваргүй хүний эсийн дотор орж, тэр эсийг ашиглан үржиж олширдог бичил биетэн. Нян, вирусийн халдварлах зам, бараг адил, агаар дусал, хоол боловсруулах, хүрэлцэх замаар халдварладаг. Ашигтай бичил биетнүүд биднийг хамгаалах, витамины нийлэгжилт болон бодисын солилцоо, хоол боловсруулахад оролцож байдаг.

-Гэхдээ бичил биетэн бүхэн өвчин үүсгэдэггүй гэдэг?

-Тийм ээ, хэрэв арьс, салст, хүний биеийн хамгаалах систем бүрэн бүтэн байхад өвчин үүсгэгч бичил биетэн хүний биед нэвтэрч чадахгүй, нэвтэрсэн ч өвчин үүсгэж чадахгүй. Учир нь бүх эрхтэн, систем өөрийгөө гадны халдвараас хамгаалах хүчтэй дархлааны системтэй.

Хүний биеийг гадна талаас арьс, дотор талаас салст бүхэлдээ хучиж байдаг. Арьсыг хүн бүхэн мэднэ. Харин салст бүрхүүл гэдэг нь хамар залгиураас эхлэн улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэс, шулуун гэдэс хүртэл мөн шээсний сүв, үтрээ, умайн хүзүүг бүхэлд нь дотор талаас хамгаалан хучиж байдаг маш нимгэн, чийглэг хальс юм.

Арьс, салст хоёулаа гадны халдвараас хамгаалах тогтолцоотой, дээр нь олон мянган бичил биетэн байх боловч, арьс, салст бүтэн тохиолдолд дотогш эд эс рүү нэвтрэн орж чаддаггүй. Ямар нэг хэлбэрээр нэвтэрсэн тохиолдолд хүний биеийн хамгаалах тогтолцоо түүнийг таньж устгана.

-Биеийн дархлаагаа сайн байлгах нь аливаа өвчин үүсгэгч нянг устгах чадвартай гэж боддог. Зөв үү?

-Тэгж ойлгож болно. Дархлааны систем төрөлхийн болон олдмол гэсэн хоёр хэлбэр байна.Олдмол(adaptive) буюу өвөрмөц дархлааны систем урьд нь бие махбодод халдаж байсан бичил биетийг дор нь таньж дахин халдвал, зөвхөн тэр биетийг устгах чадвартай байдаг. Вакцин нь энэ зарчим дээр тулгуурлаж бүтээгддэг. Өөрөөр хэлбэл, хоруу чанарыг нь авсан бичил биетийг бүхэлд нь (спутник, синофарма) эсвэл тодорхой нэг генийн дараалал агуулсан хэсгийг (астра-зенека, пфайзер) бие махбодод тарьж халдвар авахаас өмнө түүний өвөрмөц дархлааны системийг идэвхжүүлдэг. Энэ тохиолдолд тухайн бичил биетнийг орж ирэхэд бий болсон санах ойтой дархлааны эсүүд нь түүнийг өвчин болгож хүндрүүлэхгүй маш хурдан устгана. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан ч, хүндэрч үхэлд хүрэх нь, вакцин хийлгээгүй хүнээс маш цөөн байна гэдэг нь ийм учиртай. Харин төрөлхийн дархлаа(innate) эхээс бидэнд өвлөгдөн ирдэг. Бага насанд дархлаа тогтолцоо сайн хөгжөөгүй байдаг тул хүүхдүүд янз бүрийн халдварт өртөмтгий, өвчлөмтгий байдаг. Идэр насанд хамгийн сайн хөгжсөн байдаг тул барагтай л бол өвддөггүй, өтөл насанд дархлаа суларч мууддаг.

-Монголчууд өвдсөн үедээ шалтгааныг нь олохоосоо урьд тухайн өвчинд тохирох эсэхийг нь мэдэхгүй сургаар антибиотик уух нь түгээмэл байдаг. Нянгийн халдвараас үүдэлтэй идээт халдвар ихэсч байгаад антибиотикийн замбараагүй хэрэглээ нөлөөлж байгаа байх нь ээ?

-Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод юунд ч дийлдэхгүй тэсвэртэй нян үүссээр л байна. Хүний биеийн дархлаа устгаж чадахгүй нян биед орж өвчин үүсгэсэн тохиолдолд тэр нянгийн эсрэг антибиотик хэрэглэнэ. Бусад бичил биетний (вирус, мөөгөнцөр..) эсрэг антибиотик хэрэглээд ямар ч үр дүнгүй. Товчхондоо антибиотикийн үр дүнгүй, хэт хэрэглээнээс болоод түүнд тэсвэртэй нянгийн халдвар зөвхөн манайд биш, дэлхий нийтэд аюул учруулж байна. Мэс заслын эмч хүний хувьд ямар ч нөхцөлд хагалгааг үнэхээр төгс хийхийг бодож, хичээж ажилладаг. Гэвч дээрх халдвар илэрвэл бүх хийсэн зүйл маань үр дүнгүй болж төгсдөг. Ар гэр, нийгмээрээ эмч, эмнэлгийг л буруутгадаг, гэтэл шалтгаан нь нөгөө нянгийн халдвар байдаг. Бидэнтэй тохиолдож буй халдварын 50-60 хувьд дээрх нянгийн халдвар илэрч байна. Урьд нь хатиг, буглааг нээгээд л орхиход өөрөө эдгэрдэг байсан бол одоо дээр хэлсэнчлэн маш хүчтэй антибиотикууд хэрэглээд ч үр дүнгүй хүндрэлүүд гарч байна. Өөрөөр хэлбэл, тэсвэртэй нянгаар үүсгэгдсэн жижигхэн арьсны хатиг, буглаагаар амь насаа алдах эрсдэлтэй болоод байна.

Хүн төрөлхтөн бичил биетэнтэй олон аргаар тэмцэж байгаагийн нэг хэлбэр нь вакцин, нөгөө нь антибиотик, бусад нь халдвараас сэргийлэх аргууд юм. Дутуу болон хэт хэрэглээ хоёулаа антибиотикт тэсвэртэй нянг бий болгоно. Манайд бол бүр хэцүү, хөдөө орон нутаг, зарим дүүргийн эмнэлгүүдэд өвчин ямар нянгаар үүсгэгдэж байгаа, ямар антибиотикт мэдрэг эсэхийг мэдэх тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч дутагдалтай болохоор таамгаар өргөн хүрээний антибиотик зөвлөдөг. Дээр нь улирлын ханиад томууны үед эмч зөвлөсөн зөвлөөгүй өвчтөн, байшингийн орц бүрт байрлах эмийн сангуудаас антибиотикийг дур мэдэн авч хэрэглэнэ.

Антибиотикийг мал аж ахуйд шимэгчдийг устгах, халдвараас сэргийлэх, малыг таргалуулах зорилгоор замбараагүй хэрэглэнэ. Импортоор орж ирж буй тахиа, гахай мөн ижил. Өөрөөр хэлбэл, хэрэглэж буй хүнс тэжээлээрээ бид байнга антибиотик авч байна.

-Өвчин үүсгэгч бичил биетнүүдийн эсрэг анагаах ухаан ч хүчин мөхөстөж байх шиг санагдах боллоо. Эмч хүний хувьд та юу хэлэх вэ?

-Бичил биетний эсрэг хамгийн сайн антибиотикийг бүтээсэн ч, түүнд тэсвэртэй хэлбэр үүссээр байх болно. Вирус ч ялгаагүй олон хэлбэрт хувирч өөрчлөгдсөөр, олон сая хүний амь насыг авч одсоор байна. Монголд ямар тоо баримт байдгийг мэдэхгүй ч дэлхий нийтэд жилд 750.000 хүн үндсэн өвчнөөрөө биш, олон эмэнд тэсвэртэй нянгийн халдвараар нас барж байна. Энэ тоо 2050 он гэхэд 300 сая болно гэсэн Английн Засгийн газраас гаргасан судалгаа байдаг. Хүн төрөлхтний гаргаж авсан бүх антибиотик нянгийн эсрэг ямар ч хариу үзүүлж чадахгүй болж байна.

Шинэ антибиотикийг асар их зардлаар гаргасан ч жилийн дараа түүнд тэсвэртэй нян бий болж байгаа тул ихэнх том эмийн компаниуд шинэ антибиотик гаргаж авахаас илүү даралт бууруулах, сахарын эсрэг, өвдөлт намдаах, витамин зэрэг эмийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах болсон. Сүүлийн 20 жил шинээр нээсэн антибиотик дэлхий нийтэд байхгүй учир антибиотикийн дараах эрин ирлээ гэж дэлхий нийтээр анхааруулж байна. Учир нь аливаа амьд эд, эс гадны цочруулаас өөрийгөө хамгаалах, шинэ хэлбэрт шилжих, үржин олшрох чадвартай тул 1943 онд клиникт дөнгөж нэвтэрсэн пеницеллиний эсрэг 1945 онд тэсвэртэй нян, 1972 онд ванкомицин, 1985 онд имипеним антибиотикийг нээсэн боловч ердөө гуравхан жилийн дараа 1988 онд дээрх хоёр антибиотикт тэсвэртэй нян үүссэн байдаг. 2003 онд даптомицин гэдэг маш хүчтэй хамгийн сүүлийн үеийн антибиотик гарсан боловч 2004 онд үүнд тэсвэртэй нян бүртгэгдсэн.

1928 онд Александр Флеминг гэдэг нян судлаач залуу пеницеллин гэдэг нянгийн эсрэг антибиотикийг анх санамсаргүй нээж, 1943 онд олноор үйлдвэрлэн дэлхийн II дайны үеийн тэр аймшигт шархны халдвараас олон зуун сая хүний амийг аварч, гайхамшигийг бүтээсэн. Энэ үеэс эхлэн нянтай тэмцэх антибиотикийн эрин эхэлсэн. Үүнээс урьдах нянгийн халдвараар хүмүүс маш залуугаараа өнгөрч байсан үеийг антибиотикийн өмнөх эрин гэж нэрлэдэг. Нянгийн халдварыг цусан хордлого (blood poisoning) гэдэг байсан. Яг л хорт хавдарт эмчилгээ байхгүй нас барж байгаа шиг тэр үед нянгийн халдвараар хүмүүс ямар ч эмчилгээгүй нас барж байж.

-Ийм аюултай, ирээдүйд олон сая хүний амь насанд хүрч болох халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд шийдвэр гаргагчид, ард иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-XXI зуунд бид буу барьсан дайсантай бараг байлдахгүй байх. Харин бидний нүдэнд үл үзэгдэх, бидний эргэн тойронд орших жижиг биетүүдтэй техникийн дэвшил, бэлтгэгдсэн сайн мэргэжилтэн, анагаах ухааны ололт амжилтаар л тэмцэх болж байна. Иймд төр, засгаас нян, вирус судлаач нарыг бодлогоор дэмжиж гадаад, дотоодод сургах, судалгааны тоног төхөөрөмжөөр хангах, мөн энэ аюултай нянгийн хор нөлөөг хэвлэл мэдээллийн тусламжтай түмэнд маш сайн таниулах.

Уг нь ямар нэг өвчнийг үүсгэж байгаа арга зам, үүсгэгчийг мэдэж байвал эмчлэх боломж байдаг. Үүний нэг жишээ хорт хавдар. Одоог хүртэл хавдар хаанаас ямар замаар яаж үүсээд байгааг яг нарийн тодорхойлж чадаагүй байна. Анх коронагийн үүсгэгчийг, халдвар дамжиж байгаа замуудыг мэдэхгүй байхдаа улс орнууд олон хүнээ алдсан. Удалгүй үүсгэгч,халдвар дамжих зам, эмчлэх, хамгаалах (вакцин) аргуудыг олж нээсэн. ДОХ өвчний дамжих замыг олчихсон учир эмчилж чадахгүй ч сэргийлж болж байна.

Үүнтэй адил халдвар ямар нянгаар, ямар замаар үүсч байгааг бид дор нь олж тогтоож, түүнд мэдрэг антибиотикоор устгана. Гэтэл тухайн нян бүх антибиотикт тэсвэртэй. Өөрөөр хэлбэл, ямар ч хүчтэй антибиотик тухайн нянг устгаж чадахгүй байдал үүсээд байна. Тэгэхлээр тэсвэртэй нянгийн халдвараас сэргийлэх хамгийн чухал арга зам бол антибиотикийн замбараагүй хэрэглээг хязгаарлах. Антибиотикийг зөвхөн жороор олгож байх, хувь хүн антибиотикийг дураар авч хэрэглэхгүй байх. Эмчээс ямар антибиотик яах гэж өөрт чинь зөвлөж байгаа, хэд хоног,яаж уух зэргийг маш нарийн асууж яг эмчийн зааврын дагуу хэрэглэх.

Иргэд дархлааны тогтолцоогоо идэвхжүүлэх өөрөөр хэлбэл, архаг хууч өвчнөөс салах (сахар, зүрх судас, элэг бөөрний гэх мэт) дасгал хөдөлгөөн байнга хийж хэвших. Долоо хоногт 150-иас дээш минут дасгал хөдөлгөөн хийх нь ковидын халдвараас сэргийлж, өвчилсөн ч хөнгөн вакцин шиг үр нөлөөтэй байгаа тухай судалгаанууд батлагдан гарч байна. Үүнтэй адил ямар нэг архаг хууч өвчингүй, байнгын дасгал хөдөлгөөнтэй байвал хүний өөрийн дархлааны систем ямар ч халдвартай тэмцэх чадалтай гэж хэлмээр байна.

Д.ГҮНБИЛЭГ