Categories
мэдээ нийгэм

УОК: Арваас дээш хүн цугласан газар очихгүй байхыг анхаарууллаа

Хүн амын бөөгнөрөл ихтэй газраар явсан бол вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тухайлбал: Амны хаалтаа зүүх, Хүн хоорондын зай барих, Гараа угаах, халдваргүйжүүлэх, Байнга агааржуулах, 10-аас дээш хүнтэй уулзалтанд оролцохоос зайлсхийхийг анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Хүн олноор цуглуулж, цаг хэтрүүлэн ажилласан “Element’s” клубыг хаалаа

Цар тахал эхэлснээс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт тавих хяналтад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэлх арга хэмжээг авч байна.

9 дүгээр сарын 01-нээс эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү шалгалтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд суудлын хүчин чадлыг хэтрүүлэх, агааржуулалт хангалтгүй, халдваргүйтгэл хийгээгүй, гар халдваргүйжүүлэх бодис болон халуун хэмжигч байхгүй зэрэг зөрчлүүд илэрч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Element’s баар тусгай зөвшөөрөлгүй атлаа согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн, /халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй/ цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчилтэй байсан учир тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

БШУЯ-аас “9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Ковидын нийт өвчлөлийн 19.5 хувийг 0-18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Хичээл эхлэхээс өмнө энэ үзүүлэлт 19.8 хувьтай байсан. Хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн нь халдварын тархалтад нөлөө үзүүлээгүй, өвчилж байгаа хүүхдүүдийн 77.4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ гэсэн дүгнэлт хийсэн”-ээ мэдээлсэн. Иймд иргэн та хариуцлагтай байж халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Куба улсад 2-10 настнуудыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэллээ

Куба улсад 2-10 настнуудыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн тухай “Ассошэйтэд пресс” мэдээлж байна. Тус улсад эх орны үйлдвэрийн “Абдала”, “Соберана” вакциныг хүн амаа дархлаажуулахад ашиглаж байгаа юм.

Их Британид коронавирусийн эсрэг вакцины бүүстер буюу 3 тунг хийж эхэлжээ. Италид харин ирэх сарын 15-наас эхлэн грин буюу эрүүл мэндийн паспортыг ашиглахаар товложээ. Энэ тухай болон коронавирусийн олон улсын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн онцолж буй мэдээллийг нэгтгэн хүргэе.

Кубын тухайд тус улсын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт 11-18 настнууддаа коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлсэн. Харин өчигдрөөс 2-10 настнуудыг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ. Ингэснээр тус улсын хүн амын коронавирусний “дельта” хувилбарын халдварын тархалтыг тогтоон барих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.

Кубад хоногт бүртгэгдэж байгаа халдварын батлагдсан тохиолдлын тоо сүүлийн үед байнга өсч байгаа нь эрүүл мэндийн салбарынхны ачааллыг эрс нэмж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ч улам хурцатгах болсон байна.

Энэ хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өндөр хөгжилтэй орнуудын эрх баригчдад бүүстер тун хийхээ хойшлуулж хүрэлцээ хангамж муутай ядуу буурай орнуудад вакцин хандивлахыг уриалсаар байна. Гэвч Их Британид л гэхэд өчигдрөөс эрүүл мэндийн салбарынхан, 50-иас дээш настнууд, эрсдэлтэй бүлгийнхнээ нэмэлт вакцинд хамруулж эхлээд байна. Намар, өвлийн улиралд халдвар ихээр тархаж өвчлөл нэмэгдэхээс сэргийлж нэмэлт тунг хийж байгаагаа тус улсын эрүүл мэндийн сайд зарласан юм.

БНХАУ-д нийт 1 тэрбум орчим хүн коронавирусний вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа нь нийт хүн амынх нь 70 орчим хувь болж байгаа юм байна. Мөн тэдгээрийн 95 сая нь 12-17 насныхан, 200 сая нь 60-аас дээш настан байна. Харин нийт 2.16 сая тун вакцин тус улсын хүн амд хийгээд байгаа юм байна. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлжээ.

Харин “Блүүмберг”-ийн статистик мэдээллээр дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 5.8 тэрбум тун вакциныг хийгээд байна. Мөн хоногт 31.1 сая тун вакцин хийгдэж байна.

Италид ирэх сарын 15-наас эхлэн “грин пасс” ашиглаж эхлэхээр товлоод байна. Энэхүү тусгай бичиг баримтад коронавирусний эсрэг вакцинд хамрагдсаныг, пи си ар шинжилгээний хариу, өвдөөд эдгэсэн гэх тодорхойлолт зэрэг мэдээлэл багтсан байх юм байна. Ийм паспортыг өндөр настнууд, ажилгүй иргэдээс бусад нь заавал авсан байх шаардлага тулгарч байна. Учир нь ийм паспортгүй иргэдийг ажил руу нь оруулахгүй байх, 400-1000 хүртэлх еврогоор торгох журам үйлчилж эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж байна

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газар бүртгэгдэх нь ихэсч байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Сүүлийн үед хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилж буй аж.

Улсын хэмжээнд санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатжээ. Энэ онд улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна. Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас сургуулиудад сэтгэл зүйч ажиллана

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд сургуулиуд дээр ажиллах 23 сэтгэл зүйч өчигдөр /2021.09.17/ сертификатаа гардан авлаа.

Мэргэшүүлэх сургалт цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоног цахимаар, 14 хоног танхимаар зохион байгуулагдсан байна. Түүнчлэн 14 хоног мэргэжлийн байгууллагууд дээр биечлэн хийж турших дадлага ажил болжээ.

Мэргэшсэн сэтгэл зүйчид даваа гаригаас хүүхдүүдтэйгээ ажиллаж эхлэх юм. Тэд сертификат авахаас гадна иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүн, жишиг өрөө тасалгааг хүлээн авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын 2021 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.

2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч А.Штайнер болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Х.Фортой есдүгээр сарын 17-ны өдөр цахим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноор Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд хийх Ерөнхийлөгчийн албан уулзалтууд эхэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ

Хоёр ч суудал нь суларсан УИХ-ыг нөхөх сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Хэнтийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцохоор СЕХ-д бүртгүүлсэн.

Нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүст өнөөдөр үнэмлэхийг нь олгож, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэхээр хуульд заажээ.

Уг сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцоно.

Тодруулбал, эрх баригч намын Бага хурлын гишүүдийн 95 хувийн саналаар Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр батламжилсан юм. Харин Хэнтийн 18 дугаар тойрогт МАН-аас одоогийн Засаг дарга Ц.Идэрбат нэр дэвшихээр болсон.

Харин хоёр хуваагдаад буй Ардчилсан нам нөхөн сонгуульд ч тусдаа оролцох хүсэлт илгээсэн. Гэвч Сонгуулийн Ерөнхий хороо М.Тулгат даргатай АН-ыг бүртгэсэн юм. Тус намын ҮБХ хуралдаж 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхээр сонгосон. Харин өмнөх сонгуулиар энэ тойрогт өрсөлдөөд ялагдсан Улсын баатар Э.Бат-Үүл Сонгинохайрханд өрсөлдөхөөр болсон.

2020 оны сонгуулиар парламентад суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийн хувьд Сонгинохайрханы 28 дугаар тойрогт ХҮН-ын УЗ-ийн дарга, эдийн засагч Б.Найдалааг дэвшүүлэхээр болсон юм. Харин Хэнтийн 18 дугаар тойргийг алгасаад буй юм.

Түүнчлэн парламентад суудалтай улс төрийн гурван хүчнээс гадна УИХ-ын гаднахь намуудаас хэд хэдэн улс төрч нэр дэвшинэ.

Аль тойрогт хэн нэр дэвшихийг дэлгэрүүлбэл:

18 дугаар тойрогт гурван нам, нэг бие даагч нэр дэвшинэ

  • Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  • Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  • Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  • Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрогт найман нам, нэг эвсэл, нэг бие даагч нэр дэвшинэ

  • Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  • Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  • Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  • “Зөв хүн-Электорат” эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  • Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  • Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  • Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  • Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  • Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
Categories
мэдээ нийгэм

НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог “Digital nation” уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж буй тус арга хэмжээний нээлт өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй болж, цар тахлын үед иргэдийг олноор нь цуглуулсан гэх шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл тус арга хэмжээг НОК-оос зөвшөөрөөгүй юм байна.

НОК-оос энэ сарын 1-ний өдөр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн албан бичигт “Цахим үндэстэн-Digital Nation 21” арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгджээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж төрийн болон ААН, иргэний аливаа арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаа НОК-оос албан бичгээр мэдэгдсэн байна.


Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ

МҮБХ-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал есдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Уг хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээлжээ. Тодруулбал,

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, МУГД, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр хөдөлмөрийн баатар, ардын багш, улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. Жич: МҮБХ-ны Дэд тэргүүнээр СГЗ П.Даваасамбуу, СГЗ Д.Данзан, у/з Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллана.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.