Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Ханзат хотын туурь

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт “Ханзат” хэмээх нэгэн хотын туурь бий.
Нэрт археологич Х.Пэрлээ абугайн “Монгол ард улсын эрт, дунд үеийн хот суурины товчоон” зохиолын он цаг нь тодорхойгүй дурсгалын хэсэгт “Ханзат. Хэрлэн голд Батхаан уулнаас баруунтай Улаанбаатар, Чойбалсангийн замын урд талд бий. Тойрсон шороон хэрэм байсан ором байна. Хэрэмний голд том том засмал боржин баганын ивүүр олон байна. Өнгийн паалантай чимэглэл бүхий барилга байжээ” (Пэрлээ, 2012: 242) хэмээн анх тэмдэглэсэн байна. Харин малтлага судалгааны ажил хийгээгүй ба холбогдох он цагийг дурдаагүй ажээ.
“Ханзат хот”-ын туурьд Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн баг 2017, 2018, 2019 онуудад малтлага судалгааг явуулсан байдаг.
Уг дурсгал нь 220 х 160 м шороон хэрэмний дотор жижиг хэмжээтэй давхар хэрэмтэй, түүний дотор талд том жижиг дөрвөн барилгын нуранги шороон овгор бүхий дурсгал юм. Эдгээрээс хэрэмний хойд, гол хэсэгт байрлах хэд хэдэн баганын суурь чулуу ил гарсан, томоохон барилгын тууриар “Ханзат хот” хэмээн нэрлэж ирсэн байна. Гадна хэрэм нь зүүн болон баруун, хойд талдаа гарах хаалгатай байсан ор мэдэгдэх ба харин урд талын хэсэг голын усанд автаж эвдэрчээ.
Ханзат хотын туурь нь хойд болон урд талдаа гарах хаалга бүхий ором мэдэгдсэн бөгөөд модон баганатай байжээ. Бид 2018 онд хойд талдаа 10 ш, баруун талд 7 ш баганын суурь чулуу илрүүлсэн бол энэ 2019оны малтлага судалгаагаар шинээр 20 ш баганын суурь чулуу илрүүлсэн билээ. Ингэснээр нийт 36 ш суурь чулуу ил болж, хотын туурь нь нийт 42-46 ш баганатай байсан болов уу хэмээн таамаглаж байна.
Судалгааны үр дүнд тус барилгыг барихдаа 1 чи нь 31.6 см хэмжээсээр тооцон барьсан гэж үзэж буй бөгөөд энэ нь Алтан улсын үед ашиглаж байсан хэмжээс юм. Монголын эзэнт гүрний үеийн дурсгалаас Өгэдэй хааны үеийн барилгын туурь ийм хэмжээсээр хэмжиж барьдаг байсныг тогтоосон билээ.
Энэ хэмжээсээр үзэхэд “Ханзат”-ын барилгын гадна талын хэмжээ зүүн болон баруун тал нь 700 чи, хойд болон урд тал нь 500 чи хэмжээтэй баригдсан байна
Бид 2018 онд 7 ш дээжинд он цаг тогтоох шинжилгээ хийсэн бөгөөд эхний гурван дээж XI зууны эхэн үеэс XII зууны дунд хагаст хамаарахаар гарсан хэдий ч зөвхөн модны нүүрсэнд хийсэн шинжилгээ учраас дахин нягтлах шаардлагатай байв. Иймээс 2019 оны малтлагаар барилгын шалны хэсгээс илэрсэн малын ясны дээжинд он цаг тогтоох судалгаа хийлгэхэд 1260 -1280-аад онд хамаарахаар гарсан нь илүү бодитой хэмээн үзэж байна.
1237 онд баригдсан хэмээн үздэг Өгэдэй хааны “Гэгээ цагаан орд” буюу Дойтын балгасын барилгын хэмжээ нь 130 чи байдаг. Энэ нь “Ханзат”-ын туурьтай хэмжээний хувьд ойролцоо байгаа юм. “Ханзат” нь хаан эсвэл хан хүүгийн зиндааны дээд язгууртны ордон байсан хэмээн урьдчилсан байдлаар үзэж болохоор байна. Малтлагын явцад зөвхөн хаад язгууртны орд өргөөний хийц чимэглэлд хэрэглэгддэг байсан өнгөлгөөтэй, дээврийн нөмрөг, тосгуур болон луун хээтэй нүүр ваарын томоохон хэсгүүд олноор гарсан юм. Малтлага судалгааг үргэлжлүүлж, бүтэц, зохион байгуулалт, он цагийн хамаарлыг улам бататган, орд өргөөний “эзэн”-ийг Монголын дундад зууны үеийн түүхэн үйл хэргийн учир холбоонд үндэслэн, сурвалжийн мэдээ баримтаар тогтоох нь ойрын зорилт болж байна.

May be an image of text that says 'A 50m contour 10cm'

May be an image of text that says 'B 8 10m contour 10cm'

May be an image of sculpture

No photo description available.No photo description available.

No photo description available.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 168 зорчигч эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй “Чингис хаан” нисэх буудалд газардлаа.

Зорчигчдын 36 нь “Дрийм”, “Вайт хаус” зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 80, дагаж гарсан хүүхэд 14, нийт 94 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.

Нийт 87 хүнээс ХӨСҮТ-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан бөгөөд нийт 7 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй ажиллав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Өнөөдөр ажиллах PCR шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр /2021.09.19/ Улаанбаатар хотод суурин 33 цэгт 52 багийн 244 эмч, ажилтан ажиллаж, 3876 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах аж.

Шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан


“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч МУГЖ Дамбын Отгонбаяртай ярилцлаа.


-Таны өсөж төрсөн нутаг, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн уугуул билээ?

-Аав, ээж маань баруун аймгийн улс. Аав минь Баянхонгор, ээж минь Завхан аймгийнх. Тэртээх 1950-иад оны эхээр илгээлтийн эзэд гэдэг шиг төмөр замын бүтээн байгуулалтад нутаг нутгаас залуучууд цугларч байжээ. Тэр үед Улаанбаатар төмөр замын точка дээр аав, ээж хоёр минь танилцаж, 1957 оноос ижий аав хоёр минь гэр бүл болсон. Дамбынх хэмээх арван хүү, нэг охинтой өнөр бүлийн ес дэх хүү нь болж Д.Отгонбаяр миний бие Улаанбаатар төмөр замын төрөхөд 1973 онд мэндэлсэн юм. Улсын хөгжлийн ган судас нь болсон энэ л төмөр замыг дагаж миний амьдрал өрнөсөн юм даа. Монгол Улсад төмөр замаар дамжин орж ирсэн чихэр, боорцгийг идээгүй, хувцсыг өмсөөгүй хүн гэж цөөн байх.

-Хүүхэд ахуй наснаасаа л урлагийн хүн болох зорилго, мөрөөдөлтэй байв уу?

-Хүүхэд бүр гэгээлэг мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Би яг л тэдний адил байсан. Мэдээ орсон цагаасаа л ах нарынхаа гитар тоглож, пянз, хөгжим хангинуулж байгааг сонсож хөгжимтэй их ойр өссөн. 1981 онд Төмөр замын 38 дугаар бага сургуульд элсэн орж урлагийн наадмаар “Сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү” гээд банзан гитартай дуулж байлаа. Тэр үеэс миний хөгжмийн мэдрэмж илүү хөгжиж, дотоод сэтгэлийн их хүчээ асаахын тулд хөгжимтэй ойртсон болов уу. Тэгээд дөрөвдүгээр ангиас эхлэн 20 дугаар сургуулийн “Ганзам” чуулгын дуу хөгжмийн Чүлтэмдорж багш намайг сонгон авсан. Багш маань над руу хараад чи Дамбын шар уу гэж асуухад нь би толгой дохин нүдээ бүлтгэнүүлээд л хөгжмийн өрөө рүү багшийгаа даган орж байлаа. Тэр өрөөнд бөмбөр, гитар, цахилгаан гээд л бүх хөгжмүүдтэй танилцаж, эндээс миний нөгөө л дотоод сэтгэлийн мэдрэмж бүр их асаж, дурлаж, сургуульдаа улам хайртай болсон. Тэгээд л тэр өдрөөс эхлэн хөгжмийн өрөөндөө амьдардаг болсон доо. Чүлтэмдорж багш маань олон зүйлийг зааж сургаж, намайг бүр гурван хоног өрөөндөө түгжчихээд явчихдаг байсан. Тухайн үед гомдоод зугтаж болох л байсан. Гэхдээ хэзээ ч зугтаж байгаагүй ээ. Найзууддаа системийн гуурсаар ус дөхүүлээрэй гэж хэлчихээд л өрөөндөө хөгжмөө сурдаг байлаа. Хэсэг хугацааны дараа багш орж ирээд л шалгана шүү дээ. Багш маань “Чи өөрөө сур, чи үүнийг чадна, чиний дотор байгаа” гэж их хэлнэ. Сүүлдээ пянз тоглуулагчийг нүдээ аниад сонсоход тоглож байгаа хүний гар нүдэнд харагддаг болж билээ. Тийм их бясалгаж хөгжмийн гараагаа эхэлсэн юм. Багш минь тэгж л намайг хөгжмөөр дамжуулан дотоод сэтгэлийн их хүчтэй болгосон. Багшдаа одоог хүртэл маш их талархаж, хайрлаж, хүндэлж явдаг. Нас ахих тусам улам л их хайрлаж, хүндэтгэж байна. Миний сэтгэлийг бадрааж, чангалж, уйлуулж, дуулуулж, энэ хөгжимтэй холбосон хүн бол яалт ч үгүй багш минь. Мэдээж гэр бүлийнхний минь нөлөө байлгүй яахав. Ах нар маань банз хөрөөдөж зүлгүүрдээд, өсгөгчний ар талыг задалж дуу дамжуулагчийг зэсээр ороогоод л цахилгаан гитар хийчихдэг байсан.

– Амьдралын тань хамгийн үнэ цэнэтэй дүрэм журам, зарчим юу вэ?

– Ах нартайгаа дотуур байранд амьдардаг байлаа. Аав, ээж минь ажилтай учир хичээлд нь шамдуулах гээд тэр. 21, эсвэл 45 хоноод гэртээ харьж ирнэ. Дотуур байрны хүүхдүүд их догь шүү дээ. Багаасаа хувцсаа угаагаад, гэрээ цэвэрлээд, ер нь их биеэ даачихдаг. Дамбын гэр бүл үргэлж тэргүүний тасаг болдог байлаа. Цагаан хөвөнгөөр цонх арчихад л тоос гардаггүй байсан. Ээжийн минь айхавтар хүмүүжил юм даа. Үргэлж цэвэрч, орой эрт унтаад өглөө эрт бос. Хамгийн гол нь өөрөө бүх юмаа хий, арчаатай бай. Эр хүн хүнээр юмаа хийлгэх хамгийн муу шүү гээд л. Хэдий гэр бүлтэй болсон ч одоог хүртэл өөрийнхөө бүх зүйлийг өөрөө цэвэрлэдэг, цэгцэлдэг. Тиймээс монгол гэр бүлийн, ах захтай байх, ижий аавыгаа, найз нөхдөө хүндэл, цэвэрч нямбай бай хэмээн сургадаг хүмүүжил үнэхээр чухал. Нийгэм солигдсоноос хойш энэ хүмүүжил бага багаар алдагдаж байна. Гэр бүлийн хүмүүжил алдагдаж эхэлснээс хойш өнөөдрийн бидний байгаа байдал энэ. Хүмүүсийн сэтгэлийн тэвчээргүй, ажилгүй байгаа бүгд үүнтэй холбоотой. Тийм л учраас монгол хүмүүжлийн арга ухаан гэдэг асар чухал. Амьдралд ижий, ааваас өгсөн хүмүүжил бол ямар ч дээд боловсролоос илүү байна. Миний хувьд сая л нэг СУИС- иа төгсөж авлаа. Тухайн үед боломж ч байсангүй. Ижий, аав хоёрын минь цалин бидний оймс, гутал, сурлагын дэвтэр болоод л дуусдаг байсан. Хоёр замчны цалин хүрэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл саруул, бүрэн бүтэн төрүүлж өсгөж өгөхөөс илүү ижий аавын хайр энэрэл гэж байхгүй. Одоо бид ачийг нь хариулахын тулд зөв сэтгэж, зөв явах хэрэгтэй. Үр хүүхэд минь эрүүл саруул, зөв хүмүүжилтэй л бол боллоо. Тэртэй тэргүй өөрсдийн гэсэн ертөнцтэй, өөрсдийгөө аваад л явна. Би ийм л зарчимтай.

-Цар тахлын үед таны ажил, амьдрал хэрхэн өрнөж байна?

-Дэлхий нийт болоод Монголыг шалгаж буй нэг шалгуур болов уу. Үүнийг бид хамтын хайрын сэтгэлээр, хүндэтгэлийн сэтгэлээр давах ёстой. Гарцаагүй давна. Давахын тулд бид ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх биш шүү. Төр засаг тодорхой арга хэмжээгээ авч л байна. Гэсэн хэдий ч ковид бол хувь хүний сахилга бат, амьдралын дадал, ёс зүй, өөр ийгөө хамгаалах чадварыг шалгаж байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л өвчин зовлонтой тэмцсээр ирсэн. Бидний эргэн тойронд ковид байтугай л өвчин байгаа шүү дээ. Энэ бол юу ч биш. Хэн арчаатай, зохион байгуулалттай байна, тэр л нийгмээрээ даван туулж чадсан нь амьд үлдэнэ. Тиймээс бид зүгээр л маскаа зүү, зайгаа барь, гараа сайн угаа, үр хүүхдийнхээ найз шиг нь бай, гэртээ хайр түгээ. Ингээд л болоо. Ковидын дараа өөр нэг өвчин гарвал бүгд сөхрөөд унах уу, үгүй шүү дээ. Бүх зүйл гэр бүл бүрийн хариуцлагатай шууд холбоотой боллоо. Харин миний хувьд нэг талаараа ковид их боломж олголоо. Дуулалт, бүх хөгжимдөлтөө дуусгалаа. Дуусгаж амжихгүй байсан “Хурд” хамтлагийн “Долоон тэрбум” гээд шинэ альбом, пянзыг Германд хэвлүүллээ. Энэ сарын дундуур Германаас улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн “Долоон тэрбум” гэдэг пянз ирэх гэж байна. Энэ бол хамтлагийнхаа 30 жилийн ойг угтаж бүтээсэн пянз.

– Хоёр жилийн дараа “ Хурд” хамтлагийн 30 жилийн ой болно.

-Тийм, хамгийн анх “Хурд” 1987 онд Төмөр замын Вагон депогийн дэргэдэх ажилчин залуусын хамтлаг байсан. Тус бүрэлдэхүүнээс Д.Ганбаяр ах маань тасарч 1993 онд Д.Төмөрцог (Цогоо) цэргээс халагдаж ирээд “Хурд” хамтлаг үүссэн. 1993 оноос хойш өдийг хүртэл нэг жил, нэг сар, нэг хоног, нэг цаг, нэг минут ч энэ тайз энэ хөгжмөөс холдолгүй 30 жил үргэлжилсэн байна. Эргээд харахад цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрчээ. Гэхдээ одоо л би яг утга учраа ойлгож, залуу болж, бүх зүйл эхэлж байгаа юм шиг санагдаж байна.

-Эдгээр он жилүүдэд “Хурд” яг л анх мэндэлж байсан шигээ гал шиг дүрэлзэж, од шиг гялалзаж байдгийн нууц нь юу юм бэ?

-Урлагийн хүн сэтгэлээрээ их өнгөлөг байх ёстой. Урлагийн хүн шүү дээ, Хурд ч гэлтгүй. Бусдад үргэлж тусалж, ивээж, хүндэтгэж, дандаа хайр байх ёстой. Хурдын нэг нууц нь гэр бүлийн агуу их хайр байсан юм болов уу даа гэж эргэн дүгнэж байна. Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан. Маш их буян заяаг бидний дээрээс асгаж байна. Магадгүй гурван том ах минь цэл залуугаараа бурхны оронд мордсоны учиг үлдсэн буянаа дүү нар дээрээ асгасан юм болов уу л гэж… Би сэтгэлдээ бодож, хайрлаж, шүтэж, биширч явдаг юм. Надад нууц хүч гэж байхгүй ээ. Юм бүхэн барилдлагатай. “Хурд”-ын бүх цаг үед гаргасан дуу бүр хит болдгийн учир ч үүнтэй салшгүй холбоотой. Бид өөрсдийнхөө хэмжээнд монгол ахуй амьдралыг, монгол аав, ээжийг дуулж түүнийгээ хүний зүрх сэтгэл рүү сум мэт зоож чаддагаараа өнөөдөр оршин тогтнож байгаа юм. Ард түмний хайр хүндлэл бол маш хэмжээлшгүй их буян заяа.

– Т а н ы ш и н э у р а н бүтээлийн тухайд?

-Сүүлийн үед уран бүтээл маш их хийж байна. “Монгол бичиг минь” гэдэг дуу хийсэн, цоо шинэ. Монгол бичгийн цаана бидний өв соёл, маш их юм бий. Энийг одоо л ярьж эхэлж байна. Монгол бичиг гэдэг бол дэлхийд ганцхан тэнгэрээс газарт буудаг бичиг. Үүнийг хайрлах цаг болсон. Бид юутай үлдэх юм бэ, Монгол гэдэг нэр, нэрний цаана өв соёлтойгоо л байвал хамгийн хүчтэй. 500, 1000 жилийн өмнөх АНУ гэж сонссон уу, үгүй шүү дээ. Харин 500 жилийн өмнө бидний Монгол Улс байсан юм шүү. Бид өв соёлтойгоо байна гэдэг дархлаатай байна гэсэн үг. Дархлаатай байна гэдэг нь алсдаа маш том гүрэн болж чадна аа гэсэн үг. Дэлхий дээр хэн их өв соёл, өөрсдийн гэсэн ёс заншил, газар нутагтай байна тэр л баян. “Монгол бичиг минь” дуу соён гэгээрлийн маш том төлөөлөл болно, “Эх орон” дуу шиг минь дахин нэг тамгалах байх гэж найдаж байгаа.

-“Хурд”-ын дараагийн хүсэл, зорилго юу вэ?

-Хийх ажлууд маш их байна. Уран сайхны кино, 30 хит дуугаа эх орныхоо 30 үзэсгэлэнт газарт очиж дуулмаар байна гээд л хийх ажил дуусдаггүй шүү дээ, ер нь дуусах ч үгүй байх. Алтай Таван богд, Шилийн богд, Буйр нуур, Хөвсгөл нуур гэх мэт хангай дэлхийдээ дуулж өгмөөр байна шүү дээ /инээв/. Уул ус савдагууд минь баярлаг. Намайг энэ ертөнцөөс явахад миний болоод бидний хийсэн бүтээснийг илүү баяжуулан дараагийн залуучууд хийж бүтээхэд ер нь хязгаар үгүй ээ. Хурд лаг, гоё доо биш, энэ Монголын өв соёл, Монголын рок попын түүхэнд зөв үлгэр дуурайлал болмоор байна шүү дээ. Гучин жил болсон хамтлаг юу хийсэн байх ёстойг би үзүүлмээр байна. Өнөөдөр төрж байгаа хүүхэд хөгжимчин болвол 30 жилийн дараа юуг бүтээгээд явж байх ёстойг үлгэрлэмээр байна. Ингэж байж миний Монгол үеийн үед өнө мөнх оршино.

-Яагаад хамтлагаа “Хурд” гэж нэрлэсэн юм бэ?

– Тухайн үед хамгийн хурдан нь галт тэрэг байлаа. Хэмнэлтэй, гоё нэр өгмөөр байна гээд л. Галт тэрэгний хурдаа бодож “Хурд” гэж нэрлэсэн. “Хурд” гэдэг нэр дархлагдаад гучаад жил боллоо. Харин одоо бодоход хурд гэдэг үг их олон утга агуулсан юм шиг санагддаг. Амьдралын хурд, зөөлөн хүчинд ч хурд байдаг, тэртээх XIII зууны үед Чингис хаан их л хурдан дэлхийг эзэлсэн юм байна шүү дээ гэх мэт ургаад л байна. Хурд гэдэг нэрэндээ дэндүү их хайртай даа.

-Та “The Voice of Mon­golia” шоуны шүүгчээр ажиллаж байсан шүү дээ. Шоу дахин үргэлжлэх үү, энэ талаар яриач?

-Тийм ээ, гурав дахь “The voice of Mongolia” шоу он гараад цацагдаж эхэлнэ. Монгол түмний минь үзэх дуртай шоу болсон. Монголчуудад их тохиромжтой контент гэж боддог. Бид чинь их гэр бүлсэг, элэгсэг хүмүүс шүү дээ. Энэ телевизийн шоугаар дамжуулж бүх монгол гэр бүлийг халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, баяр баясгалан, аз жаргалаар бялхуулах, умбуулахыг хүсдэг. Хүн ер нь идэхийн нэр биш, сэтгэл амар, баяр баясгалантай, эрүүл энх байх шиг сайхан юм үгүй гэдгийг л ойлгуулаад байгаа юм шиг санагддаг. Шүүгчийн хувьд шинэ үеийн ирж яваа залуустай танилцах, ажиллах нь маш сайхан. Өөрийгөө цэнэглэх, шинэчлэх боломж юм уу даа.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ тухай?

-Дуу төрөх маш гоё. Яг л хүүхэдтэй болсон юм шиг. Уран бүтээл болгон минь өөрсдийн түүхтэй. Би бүх дуундаа хайртай, бүгд амьтай байдаг. Тэр дуучин Цогоотой маань ч холбоотой. Анх гэр бүлтэй болоод эхнэртээ зориулан “Чи минь байгаа болохоор” дуугаа зохиож байлаа. Тэрэндээ л хамгийн их хайртай байх даа. Газар дээр ганц эхнэртэй, түүндээ ганц дуу зориулж зохиосон юм /инээв/. Гадуур явж байхад, хажуугийн машинд миний дуу явж л байдаг. Би маш их баярладаг. Магадгүй надаар дамжуулан өвөг дээдсийн маань бодол, ухаарал дуу болон гардаг байх.

-Цогоо гэснээс Цогоо ах ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Анх гаргаж байсан дуунуудаа залуучуудтай хамтран дуулахад хүмүүст маш их хүрж байна. Орчин цагийн хүүхдүүд “Хурд” гэж нэрийг нь л сонссон болохоос ямар дуу гаргадаг, ямар хүмүүс байдгийг нь мэдэхгүй байж болно. Тийм учраас “The voice of Mongo­lia” шоуны шилдэг оролцогч Э.Дашнямтай “Бүсгүй” дууг дуулсан. Мөн шоуны шилдэг оролцогч Б.Оюутай “Буцааж нэхэхгүй хайр” дууг гаргахаар бэлтгэж байна. Шинээр миний зохиож байгаа, “Хурд”-ын хийж байгаа дуунуудыг мэдээж Цогоо дуулна. Ер нь л бүгдээрээ 30 жилийн ойдоо бэлтгэж байна даа.

-“Хурд” яагаад эх орон, ээж, аавын тухай дуулдаг юм бэ?

-“Хурд” дуулахгүй бол хэн дуулах юм. 2000 онд “Эх орон” дуу гараагүй байсан бол гээд төсөөл дөө. Би лав харамсана аа. “Хурд Монгол газар шороон дээр монгол ижий ааваас мэндэлсэн болохоор Монгол эх орноо, ээж, аавыгаа, бүсгүйчүүдээ магтан дуулдаг юм.

-Ярилцсанд баярлалаа, эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа, ажлын амжилт хүсье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй

УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Шүүхийн тухай хуулийн талаар ярилцлагаа эхэлье. Шүүхийн хуулийн багц хуулийг баталснаар хамгийн гол нь шүүх болон шүүгч хараат бус ажиллах боломж бүрдсэн үү?

-Сүүлийн жилүүдэд шүүх улс төрөөс хараат болсон, эрх мэдэлтний халаасанд орсон, хонгил бий болсон гэх мэт шүүмжлэл олон нийтийн зүгээс их гарах болсон. Шүүгч алдаа гаргасан ч тэрхүү алдааг нь шүүгчид өөрсдөө хаацайлан өнгөрдөг байдал ч газар авсан гэхэд болно. Энэ нь эргээд шүүх засаглалын нэр хүнд нийгэмд унах гол шалтгаан болсон шүү дээ. Бид Үндсэн хуульдаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж бичсэн хэдий ч амьдрал дээр энэ заалт алаг цоог хэрэгжиж байгааг амтай болгон л хэлж ярьж байлаа. Шүүгч хонгил үүсгээд эрх, мэдэл, албан тушаалд үйлчлээд байна гэдэг шүүмжлэл хоосон яриа биш болохыг дээр дооргүй л мэдэж байсан. Ийм асуудал байгааг мэдсээр байж засахгүй яваад байвал ардчилал шударга ёсонд харш хэрэг болно. Аливаа нийгэмд иргэдийн хамгийн сүүлд итгэлтэй нь очдог газар нь шүүх. Гэтэл иргэдийн итгэлийн эцсийн тулах цэг болсон шударга шүүх байхгүй бол нийгэмд тогтворгүй, эмх замбараагүй байдал. Энэ ч үүднээс шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор УИХ-аас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж шүүхийн шинэчлэлийг эхлүүлсэн.Тодруулбал, шүүгчийн эдийн засаг, улс төр, нийгмийн баталгааг нь энэ хуулиар хангаж өглөө. Шүүх, шүүгч хэнээс ч хараат бус байх Үндсэн хуулийн тулгуур заалтыг хоосон тунхаг биш бодит зарчим байлгахад энэ хууль шийдвэрлэх үүрэгтэй. Эрх зүйн хувьсгалыг, шударга ёсны хүсэмжлэлийг Шүүхийн хуулийг шинэчлэхгүйгээр гүйцэлдүүлэх ямар ч боломжгүй. Шүүхийн шинэ хуулиар төрийн өндөр албан тушаалтнууд болон улстөрд нөлөө бүхий хүмүүс шүүгчтэй албан ажлаар уулзсан бол заавал тэмдэглэл хөтлөн баталгаажуулж байгууллагын нууцын ажилтанд өгдөг боллоо. Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан. Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэлээс бүрдэхээр зааж өгсөн. Нийгмийн баталгааг нь хангаж өгсөн шигээ шүүгчээс хариуцлага, ёс зүйг хуулиар хатуу шаардаж өгсөн.

Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Шүүхийн Ерөнхий Зөвлөл даруй хуралдаж Үндсэн Хуулийн Цэцэд хандан шийдвэрлүүлэх зохицуулалтыг тусгаж өглөө. Шүүгчид хуулиас өөр ямар ч дарга байх ёсгүй.

-Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, гишүүнийг томилох журам, тавигдах шаардлагыг энэ хуульд хэрхэн тусгав?

-Шүүх эрх мэдлийн нэр хүнд бол ерөөсөө шүүгчийн ур чадвар, мэргэшил, албандаа хандах хандлага дээр тогтдог. Зөвхөн хуулийн дагуу шийдвэр гаргадаг шүүгчийн шийдвэрээс шүүх засаглалын дархлаа хамаарна гэдэгт би итгэдэг. Ийм ч учраас шүүгчийг шилж олдог байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа тогтвортой, хэнээс ч хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. Бид 1993 онд Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагатай болсон.Өнгөрсөн 28 жилийн хугацаанд энэ байгууллагыг олон газарт харьяалуулж ирсэн. Мэдээж тэр болгонд ололттой тал бий ч алдаа хийдэл түүнээс дутахгүй их байсан. Үүнийг олон улсын сайн туршлагад нийцүүлж, өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг засаж залруулах нь УИХ-ын үүрэг юм. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны таван гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг УИХ олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулж томилох учиртай. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.11-д “Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, УИХ-ын цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Шүүхийн тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах олон талын оролцоог хангасан ажлын хэсгийг байгуулах ёстой.

Өөрөөр хэлбэл, тус ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн Их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар томилсон УИХ-ын гишүүн ахлахаар тодорхой хуульчилсан.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан шүүх эрх мэдэлтэй холбоотой зохицуулалт Шүүхийн тухай хуулийн төсөлд хэрхэн тусгалаа олсон бэ. Иргэний шударга шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах баталгааг яаж хангаж өгч байгаа вэ?

-УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэхдээ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай хангах, шүүгч хэнээс ч хараат бусаар зөвхөн хуульд захирагдаж шийдвэр гаргадаг байх, шүүгч алдаа гаргасан бол хариуцлага зайлшгүй байх тогтолцоог бий болгох зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн түүнийг хэрхэн сонгох асуудлыг маш тодорхой тусгасан. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж, “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэсэн зохицуулалтыг оруулсан. Энэ үзэл баримтлалыг Шүүхийн тухай хуульд илүү дэлгэрүүлж, бүрэн гүйцэд тусгасан гэхэд болно.

-Шүүхийн үйл ажиллагаа гэхээр л хаалттай, ил тод, нээлттэй байж чаддаггүй гэж шүүмжилдэг. Энэ талын зохицуулалтууд хэр туссан бэ?

-Шүүхийн тухай хуульд энэ асуудлыг тодорхой зохицуулсан. Шүүх бол үнэн мөнийг дэнсэлдэг учраас тухайн асуудлыг яагаад, юуны учир ийнхүү шийдвэрлэснээ тайлбарладаг байх нь зүй ёсны хэрэг юм. Энэ ч үүднээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлээр шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх асуудлыг зохицуулсан. Түүнчлэн олон нийтийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэхээр заасан. Шүүхийн үйл ажиллагааны хамгийн гол зүйл бол шүүхийн шийдвэр байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч гаргасан шийдвэрээ албажуулахдаа талуудын маргаж байгаа асуудлыг дэлгэрэнгүй тодорхой бичих нь иргэдийг мэдээллээр хангахад чухал үүрэгтэй. Шүүгчид шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлийг бичдэггүй тохиолдол урьд нь түгээмэл байсан. Иймд үүнийг зохицуулах зорилгоор Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батлахаар хуульд заасан. Ингэхдээ шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал нь шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгөх арга зүйг агуулсан байна” гэж тусгайлан зохицуулсан. Энэ бол шүүх нээлттэй, ил тод байх зарчмын өөрчлөлт болсон гэж үзэж байгаа. Шүүгч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг заавал тайлбарладаг байх нь хуулийг яаж хэрэглэв, хэрэг маргааныг хэр шударга шийдэв гэдгийг нь ил тод харах боломжийг олон нийтэд олгож байгаа юм.

-Улсын дээд шүүхийн шүүгчдийн тооны асуудал дээр нэлээд маргаан үүсч байсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Олон улсын жишгээс харахад, Улсын дээд шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг онолын шүүх байдаг. Бүх хэргийг Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлдэгээс иргэн алдсан хохирлоосоо ч илүү зардал гаргасан тохиолдол байдаг юм билээ. Цаашид Улсын дээд шүүхийг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангадаг онолын шүүх рүү явах тэр хандлагыг хуульчилсан. Тодруулбал, Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн гурван үндэслэлээр л хяналтын журмаар хянан шийдвэрлэж байх юм. Хэрэв энэ гурван үндэслэлийн аль нэг нь байгаа бол иргэн хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй. Хэлэлцүүлгийн явцад дээд шүүхийн шүүгчдийн тооны талаар нэлээдгүй мэтгэлцээн өрнүүлж байсан ч Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөн шүүгчээс бүрдэхээр тогтсон.

-Шүүгчид хариуцлага тооцохтой холбоотой ямар зохицуулалтууд тусгасан бэ. Учир нь нийгэмд шүүгч нарын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн алдаануудтай холбоотой шүүмжлэлүүд үеийн үед яригдсаар ирсэн шүү дээ.

-Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн гол өөрчлөлтийн нэг нь яг таны наад асууж байгаа асуудал шүү дээ.Шүүгч хараат бус байна гэдэг нь хариуцлагаас бултах халхавч байж хэрхэвч таарахгүй. Хуулийн засаглалыг тогтооход шүүгч нар манлайлах чиг үүрэгтэй хүмүүс. Тиймээс “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана” гэж зааж өгсөн. Иргэн хуульд заасан эрх нь зөрчигдсөн, түүнчлэн шүүгч зөвхөн хуульд захирагдан шийдвэр гаргаагүй гэж үзвэл Шүүхийн сахилгын хороонд хандан шийдвэр гаргуулах боломж нээлттэй болсон. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглох 40 төрлийн үйл ажиллагааг маш тодорхой зааж өгсөн. Хэрэв зөрчил гаргасан бол шүүгчид заавал хариуцлага оногдуулахаар заасан. Тухайлбал, шүүгч тодорхой шалтгаангүйгээр товлосон хурлаа цуцалдаг, шүүх шийдвэрээ гаргасан хэдий ч олон хоногоор шийдвэрээ албажуулдаггүй байсан зэрэг асуудлыг хуульд нарийвчлантов тодорхой тусгаад байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг зохицуулалт одоо ч маргаан дагуулсаар байгаа. Энэ талаарх хуулийн зохицуулалт хэвээр байгаа юу?

-Урьд нь зарим шүүгчийн хариуцлагагүй, ёс зүйгүй байдлаас шалтгаалан шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх, эрх чөлөө зөрчигдөх явдал түгээмэл байсан талаар түрүүн би дурдсан. Хуулийн дээгүүр давж алхсан тийм шүүгч нарыг дээд шатны шүүх нь хаацайлдаг асуудал ч удаа дараа гарч байсан учраас тухайн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргаж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлдэг зохицуулалтыг Улсын Их Хурал баталсан байсан. Энд нэг зүйлийг онцлон дурьдахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг ажил, албан тушаалаас нь шууд чөлөөлөх мэт буруу ойлголт нийгэмд байсан. Өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл нягтлан үзээдхэрвээ үндэслэлтэй гэж үзвэл холбогдох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэн асуудлыг шийдвэрлүүлэх тийм л зохицуулалт байсан. Одоо Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уг асуудлыг бүрэн зохицуулсан тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргадаг тэр зохицуулалтыг хүчингүй болгосон.

-Шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгч хөндлөнгийн нөлөөнд автсан, автаж болзошгүй гэсэн хардлага байдаг. Үүнийг зохицуулсан уу?

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч УИХ-ын дарга, гишүүн /Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хянадаг. Энэ ч утгаараа шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон бол Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандах эрхийг нь Шүүхийн тухай хуульд тодорхой тусгасан. Хуулийн ийм хамгаалалт хийж өгөөд байхад өөрсдөө сайн дураараа эрх мэдэлтний өрөө рүү гүйж очиж хармаанд нь ороод байж болохгүй гэдгийг хэлчихье. Дахин хэлье. Шүүгчид хуулиас өөр дарга байхгүй.

-Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээсээ татгалзлаа. Хууль зүйн ийм боломж бий юм уу. Ерөнхийлөгч татгалзлаа гээд шууд томилохоо болих эрх зүйн орчин бий юү?

-Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч шүүгчийг томилох эрх мэдлээсээ татгалзаж байгаа талаар нэлээд бичлээ. Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг ШЕЗ-ийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилох зохицуулалттай учраас татгалзана гэсэн ойлголт байхгүй. Харин шүүгчийг шилж сонгодог, шүүгчид хариуцлага тооцдог, шүүгчийг томилдог бүхий л асуудалд Ерөнхийлөгч оролцдог асуудал нь өөрөө зохимжгүй учраас үүнээсээ татгалзаж улс төр, хууль зүй, шударга ёсны манлайлал гаргалаа гэж харж байна. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөн Ерөнхийлөгч болоод ч шүүхийн шинэчлэлийн асуудлыг тууштай дэмжсээр ирсэнд талархаж байна. Авлигатай тэмцэх газрын даргын тухайд өмнө нь Ерөнхийлөгч УИХ-д санал болгосноор УИХ томилдог байсан. Үндсэн хуульд заасны дагуу гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын асуудал. Тийм учраас Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ нээлттэй сонсгол хийж томилдог шинэ жишиг тогтоод байна. Энэ нь ч зөв байх.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан морь өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 19, Адъяа гариг. Билгийн тооллын 14, Чөдөр одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 06:35 цагт мандан, 18:57 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгэээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2021 оны 09-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2021 оны 09 сарын 18-ны 20 цагаас 09 сарын 19-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 хэм, бусад хэсгээр 10-12 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, 21-нд Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна

Categories
гадаад мэдээ

Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав

Дэлхийн алдартай хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин Элтон Жон Дэлхийн аялан тоглолтоо 2023 он хүртэл хойшлуулав. Шалтгаан нь дуучин түнхний хагалгаанд орж, биеэ тэнхрүүлэх шаардлагатай болсон хэмээн “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ мэдээлжээ.

Өдгөө 74 настай тэрбээр Их Британи, Европ тивийн хэд хэдэн хотноо аялан тоглолт хийхээс гадна ирэх жил мөн аялан тоглолтоо АНУ-д үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ.

Дуучин энэ зуны сүүлээр газарт бүдэрч унасны улмаас түнхэндээ бэртэл авсан.

“Эрчимжүүлсэн, нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэсэн ч өвдөлт ер багасахгүй байгаа учраас хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байгаа. Эргээд хуучин хэвэндээ орж, бүрэн эрүүл болохын тулд аль болох хурдан хагалгаанд орохыг надад зөвлөсөн” гэж Элтон Жон мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн хамгийг шилдэг холбоо болох UFC-д тулалдаж буй анхны Монгол тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа.

Тэрбээр Америкийн нэгдсэн улсын тулаанч Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүссэн аж.
Түүнийг төлөөлдөг “Phoenix MMA & K1 Management” байгууллагын гаргасан мэдэгдэлд “АНУ виз авах хугацаа нь хойшилсон тул Д.Батгэрэлийн Жексонтой хийх тулаан цуцлагдлаа. Шинэ өрсөлдөгч болон тулааны товыг удахгүй зарлана” гэжээ.