Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Цаашид соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээтэй танилцлаа. Энэ үеэр олон нийтийн шүүмжлэл дагуулсан “Digital Nation-2021” үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас ААН, хувийн хэвшлүүдээ дэмжиж оролцсон. Тэд томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэд, залуучуудад ойлгуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж огт болохгүй гэж бодож байна. Хамтарч ажилласан ААН-үүд алдаа гаргасан, олон хүн цуглахыг дутуу тооцсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаах арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн.

Монгол Улсын эдийн засаг 1992 онд хасах баланс руу орсон. Энэ оны дөрөв, тавдугаар сард дахин нэг удаа хасах руу орлоо. Улсын төсөв 23 хувиар тасалдсан зэрэг амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Тийм учраас цаашид эдийн засгаа нээх бодлого барина” гэлээ.

Мөн тэрээр “Засгийн газар цар тахлын амаргүй үед ажиллаж байна. Ер бусын цаг хугацаа учраас эдийн засагт ч ер бусын шинж тэмдэг илэрч байна. Зөвхөн Монголд бус дэлхий даяар ийм байна.

Засгийн газар дөрөвдүгээр сараас эхлээд аль болох нээлттэй байх бодлогыг барилаа. Амьдрал энгийн хэмнэлдээ орж эхэлж байна. Засгийн газраас гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно” гэсэн тайлбар өглөө.

Categories
мэдээ нийгэм

НҮБ ойрын жилүүдэд дэлхийд хэт халж магадгүй гэж үзжээ

Дэлхийн засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах амлалтуудыг өгч байгаа юм. Гэсэн хэдий ч дэлхий аюултай түвшинд халах эрсдэл тун ойрхон байгааг НҮБ-аас мэдэгдлээ. НҮБ-ын мэргэжилтнүүд 100 гаруй орноос цаг уурын урьдчилсан мэдээллүүдийг хүлээн авч, дүгнэлт хийсэн бөгөөд 2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 45 хувиар бууруулах шаардлагатай аж.

Хэрэв 45 хувиар бууруулаагүй тохиолдолд ойрын 10 жилд манай дэлхий, аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 2.7 хэмээр дулаарна гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр баталсан дүрмийн дагуу улс орнууд хүлэмжийн хийг бууруулах төлөвлөгөөгөө таван жил тутамд шинэчилж байх ёстой. Энэхүү хэлэлцээрт 191 улс оролцож байгаагийн 113 нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна.

Энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж арга хэмжээ авахгүй бол далайн түвшин дээшлэх, хар салхи дэгдэх, хэт халалт, ган гачигт гэх мэт байгалийн гамшиг тасрахгүй. Мөн байгалийн гамшигт өртөмтгий байдаг ядуу буурай орнууд хамгийн түрүүнд хүнд сорилтууд тулах болно гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх эрдэмтдийн зөвлөлийн тайланд онцолжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно

2021 оны 09 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ШХАБ-ын хуралдаанд Монгол Улс ажиглагчаар оролцов

2021 оны 9 сарын 16-18-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдаан амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Хуралдаанд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Душанбе хотноо очиж биечлэн оролцлоо. Тус уулзалт хуралдааны хоёрдох өдөр буюу 9 сарын 17-ны өдөр Душанбе хот дах “Кохи Навруз” ордонд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг нээж Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай даван туулж, өдгөө 20 жилийн ойтой залгаад байна. Өнгөрсөн 20 жилийн түүхэн цаг хугацаанд ШХАБ нь гишүүн орнуудынхоо ашиг сонирхлыг хүндэтгэсэн, бүс нутгийн эдийн засгийн болон бусад олон талт хамтын ажиллагааны үр дүнтэй механизмыг төлөвшүүлэн ажиллаж байгааг онцлов.

Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэж, “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв.

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд манай улсын хувьд ажиглагчийн статустай оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг дурьдаад Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгааг мөн мэдэгдлээ.

Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов. Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав.

2022 онд ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалт, хуралдааныг Узбекистан Улс даргалан зохион байгуулахаар тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 19:30 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Өнөөдрийн тохиролд 2021 оны наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийж, Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд орох юм.

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байна.
Categories
гадаад мэдээ

Техасын гүүрэн дор 10 мянган цагаач цугларчээ

АНУ-ын Техас мужийн Дел Рио хотыг Мексикийн Сьюдад Акуна хоттой холбодог гүүрний дор 10 мянга гаруй дүрвэгч цугларчээ.

Тэд Латин Америкийн орнуудаас АНУ-ыг зорьж ирсэн хүмүүс юм. Дүрвэгчдийг байрлуулах, хоол хүнсээр хангах хүнд асуудал орон нутгийн эрх баригчдад тулгараад байна.

АНУ-ын засаг захиргаа өнөөдөр буюу Ням гарагаас эхлэн дүрвэгчдийг эх оронд нь буцаах нислэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ дүрвэгчдээ улс орнууд хүлээн авахыг зөвшөөрөх эсэхээс бүх зүйл шалтгаалахаар болоод байна.

АНУ-ын хил, гаалийн хамгаалалтын алба өнгөрсөн долоо хоногт 400 орчим ажилтныг Дел Рио хотод нэмж илгээжээ.

35 мянга орчим оршин суугчтай тус хотын дарга Бруно Лозано дүрвэгчдийн нүүдлийг “урьд өмнө үзэгдээгүй явдал” гэж нэрлээд хотдоо онц байдал зарласан байна.

Дүрвэгчдийн ихэнх хэсэг нь Хайти улсын иргэд бол бас Куба, Перу, Венесуэль, Никарагуагийн иргэд байгаа гэнэ.

2010 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Хайти улсаас маш олон хүн Латин Америкийн орнууд руу дүрвэсэн юм. Тэдний зарим хэсэг өнөөдөр АНУ-Мексикийн хил дээр ирээд байгаа ажээ.

Энэ он гарсаар Мексикээр дамжин ирэх дүрвэгчдийн тоо үлэмж нэмэгдсэн нь ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа цагаачлалын бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлттэй холбоотой. Зөвхөн долдугаар сард АНУ-Мексикийн хил дээр баривчлагдсан дүрвэгчдийн тоо сүүлийн 21 жилийн хугацаанд анх удаа 200,000 давсан юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Замын-Үүдэд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ

Замын-Үүд суманд 20:00-06:00 цагийн хооронд явган зорчигч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Тодруулбал, тус суманд өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 20:00-06:00 цагаас 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон байна. Улмаар Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Амралтын өдрүүдэд гарах үзвэрийн хуваарь

Кино театруудын дэлгэцнээ амралтын өдрүүдэд гарах үзвэрийн хуваарийг танилцуулж байна.


Prime Cineplex театрын дэлгэцнээ:

Тасалбар Захиалга: 7510-0000


Тэнгис кино театрын дэлгэцнээ:

Тасалбар захиалга: 76053131

Өргөө 1, 2, 3 кино театрын дэлгэцнээ:

Тасалбар захиалга: 77117711

  • Hostage: Missing Celebrity
  • Өргөө 1,2, 3
  • Цасан хүн
  • Галзуу хурд 9
  • Dont Breathe 2
  • Гайхамшигт Ертөнц
  • Shang-Chi and the Legend of the
  • Free Guy уран сайхны кинонууд гарч байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралт 1035 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2777 хүнээс халдвар илэрч, ковидын нэн хүнд хэлбэрээр 12 хүн нас барлаа. Нийт нас баралт 1035 боллоо.

Батлагдсан тохиолдлын 1357 нь Улаанбаатарт, 1417 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт 6566 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар хүн 21391 хэвтэн эмчлүүлж буй.

  • Хөнгөн: 12764
  • Хүндэвтэр: 6352
  • Хүнд: 1904
  • Нэн хүнд: 371 хүн байна.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 2777 тохиолдол бүртгэгдэж, 6566 хүн эдгэрчээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2777 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн:

  • 1357 нь Улаанбаатарт,
  • 1417 нь хөдөө орон нутагт
  • Зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 12 хүн нас барлаа. Нийт нас баралт 1035 боллоо.

Сүүлийн 24 цагт 6566 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар хүн 21391 хэвтэн эмчлүүлж буй.

May be an image of map and text