Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 09 сарын 19-ний 20 цагаас 09 сарын 20-ны 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.


2021 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэвэрлэх байгууламжийн нээлт боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сум хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний цэвэрлэх байгууламжтай боллоо.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, Л. Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б. Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, аймгийн ИТХ-ын дарга Г. Мөнгөнхуяг, Мөрөн сумын Засаг дарга Ш. Идэрбаясгалан, Төслийн удирдагч Б. Оюун нар тууз хайчилж албан ёсоор нээлт хийлээ. Энэхүү Цэвэрлэх байгууламж нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд баригдсан. Цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломжтой дэвшилтэт технологи бүхий Цэвэрлэх байгууламж юм.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн 22 ажилтныг онолын болон танилцуулах сургалтад хамруулж, ажиллуулж байна. Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Цэвэрлэх байгууламжийн барилгын гүйцэтгэгч “Набсан” ХХК болон “Эс Энд Эй Трейд” ХХК төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад орууллаа гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөлсөн газрыг автомашины зогсоол, ногоон байгууламж болгоно

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй газруудыг чөлөөлж ногоон бүс болгон тохижуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй олон жил болсон 1100 гаруй гарааш, чингэлэг, хашаа, хайсыг буулгахаар болжээ.

Тодруулбал, тус дүүргийн зургадугаар хороо хороо 136-р цэцэрлэгийн урд байрлах талбайд чөлөөлсөн газарт ямар тохижилт хийх талаар тухайн хорооны иргэдээс санал асуулга явуулжээ. Санал асууглаар ногоон байгууламж, авто зогсоол, цэцэрлэгийн өргөтгөл хийхээр болж , тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Африкт халдвар авсан хүний тоо 8.13 сая давжээ

Халдварын тохиолдол анх илэрснээс хойш Африкт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол бямба гаргийн байдлаар 8134511-т хүрлээ гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Түүнчлэн тивийн хэмжээнд халдварын улмаас нас барсан хүний тоо 206202-т хүрчээ. Мөн халдвар авсан 7454718 орчим хүн эдгэрсэн болохыг онцолсон байна.

Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиоп зэрэг улсад халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.

Халдварын тархалтыг газар зүйн бүсээр нь авч үзвэл, Өмнөд Африк, Хойд Африк, Зүүн Африкт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Төв Африкт халдварын нийт тохиолдлын тоо хамгийн бага бүртгэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Мах, ногооны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ

2021 оны 9 дүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10,906 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13,216 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 300 төгрөгөөр (2.2%), үхрийн цул махны үнэ 390 төгрөгөөр (2.6%) тус тус буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 11,000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16,000 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 184 (1.7%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 477 (4.2%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8,500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14,500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2021 оны 9 дүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1,500-1,800 төгрөг, 1-р зэргийнх 1,300-1,600 төгрөг, 2-р зэргийнх 969-1,100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1,500-1,600 төгрөг, 1-р зэргийн гурил 1,300-1,400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1,430-1,540 төгрөгийн үнэтэй байна. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1,430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетуудад хамгийн өндөр үнээр буюу 1,540 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2021 оны 9 дүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар буурч 859 төгрөгөөр, монгол лууван 1.1 хувиар буурч 2,321 төгрөгөөр, монгол хүрэн манжин 5.9 хувиар буурч 2,749 төгрөгөөр, сонгино 9.8 хувиар буурч 2,508 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эх нярайн Үндэсний төв 2” эмнэлэгт 1100 хүн ковидын эмчилгээ хийлгэж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт өчигдөр ажиллаа.

“Эх нярайн Үндэсний төв 2” эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм. Иргэдийн хэлж заншсанаар Нисэхийн 300 орт эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа ковид-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. 3 мянган жирэмсэн эмэгтэйд ковидын эмчилгээ хийж ковидоор өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Өнөөдөр тус эмнэлэгт 1100 хүн ковидын эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд ковидын эмчилгээний тусламжийг үзүүлж байна.

Хүнд цагт хүчин чадлаасаа 4 дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭХЭМҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө. Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөлт хийснээ Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм. ЭНҮТ-2 эмнэлэг нь Ковидын эмчилгээ үйлчилгээний тусламжийг 1100 хүнд үзүүлж буй хүчин чадлаа дахин боломжоороо нэмэхээр бэлтгэлээ хангаж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдаан зохион байгуулна

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тухайлбал,

  • МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан бөхчүүд, засуулуудын хандивын тоглолтыг 2021 оны есдүгээр сарын 25-нд телевизийн сувгаар дамжуулахаар тогтож, уг ажлыг хариуцах ажлын хэсгийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
  • МҮБХ-ны стратеги төлөвлөлт, бодлогын бичиг баримттай танилцаж, тэргүүлэгчдийн бүрэн бүрэлдэхүүнтэй ахин хуралдаж, хэлэлцэхээр боллоо.
  • МҮБХ-ны дэд тэргүүнээр Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Улсын аварга Одвогийн Балжиннямыг ажиллуулахаар батламжлав. МҮБХ-ны Дэд тэргүүнээр Соёлын гавьяат зүтгэлтэн П.Даваасамбуу, Д.Данзан, улсын заан Ц.Магалжав нар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МҮБХ-ны дүрмийн хүрээнд Дэд тэргүүн нь Тэргүүнийг эзгүйд орлон ажиллах ёстой байдаг.
  • Зарим аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох барилдаантай холбоотой ирүүлсэн гомдлуудыг барилдаанаа зохион байгуулаагүй аймгуудыг эцэслэсний дараа нэгдсэн байдлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
  • Үндэсний бөхийн лигийн шинэ хэлбэрийн барилдааныг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн сум, аймаг, улсын цолтнууд оролцох боломжийг ханган зохион байгуулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хүн амын 10 хувь нь вакцины III тунд хамрагджээ

Энэ сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1629, нийт 2009 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2861 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65197 (73.3 хувь), 16-17 насны 25729 (75.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Домогт шатарчин Нона Гаприндашвили “Netflix” компанийг шүүхэд өгчээ

Дэлхийн анхны эмэгтэй Их мастер, ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили “The Queen’s Gambit” цувралд түүний гаргасан амжилтын талаар буруу ташаа мэдээлэл дурдаж, нэр төрд нь халдсан хэргээр “Netflix” компанийн эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Тодруулбал, цувралын төгсгөлийн ангид тайлбарлагч Бет Хармоны тоглолтын үеэр ЗХУ-ын домогт шатарчин Н.Гаприндашвилийн талаар дурддаг хэсэг гардаг бөгөөд түүнийг “эрэгтэй шатарчидтай хэзээ ч тоглож байгаагүй” гэж хэлдэг байна.

Киноны үйл явдал 1968 оны үеийг харуулдаг бөгөөд Н.Гаприндашвили тухайн үед ойролцоогоор 59 эрэгтэй шатарчны эсрэг тоглож байсан түүхтэй ажээ.

Гүржийн Зугдиди хотод 1941 онд төрсөн Н.Гаприндашвили 13 настайгаасаа шатар тоглож эхэлсэн бөгөөд тэрбээр 20 настайдаа Дэлхийн аварга болж, Их мастер цол хүртсэн анхны эмэгтэй болж байжээ.

АНУ-ын “Netflix” компани гаргасан мэдэгдэлдээ, түүний нэхэмжлэлийг “ямар ч ач холбогдолгүй” болохыг дурдаж, түүний нэр хүнд, амжилтыг дээд зэргээр хүндэтгэсэн талаараа онцолжээ.

Лос-Анжелес хотын Дүүргийн шүүхэд пүрэв гарагт өгсөн 25 хуудас бүхий материалд, “Netflix” компани тус цувралын гол дүрийн баатрыг өөр ямар ч эмэгтэй шатарчид тэр дундаа Н.Гаприндашвилийн гаргаж байгаагүй амжилтыг гаргасан мэтээр харагдуулахын тулд Их мастерын гаргасан амжилтыг үл тоомсорлон санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон сая үзэгчийн өмнө нэр төрийг нь гутаасан. “Нона Гаприндашвили хэзээ ч эрэгтэй шатарчидтай нүүр тулж байгаагүй” гэсэн мэдэгдэл нь ор үндэсгүй, худал бөгөөд хүйсээр ялгаварлаж байна хэмээн тус компанийг буруутгажээ.

Тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсаны зэрэгцээ “Netflix” компаниас таван сая ам.долларын нөхөн төлбөр буюу 3.6 сая фунт стерлинг нэхэмжилсэн байна.

“The Queen’s Gambit” цувралыг Уолтер Тевисийн 1983 онд бичсэн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд гол дүр болох шатрын гоц авьяастан охин Бет Хармоны дүрийг Аня Тейлор-Жой бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдол 40-50 хувь буурчээ

Нийслэлийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Шахмал түлшний үр дүнд галлагааны улиралд хотын агаарын бохирдол 40-50 хувиар буурсныг холбогдох албаны хүмүүс мэдээлж буй.

Тиймээс агаарын бохирдлыг ойрын дөрвөн жилийн дотор 80 хувиар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад буй. Энэ хүрээнд нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.