Categories
мэдээ нийгэм

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах ​үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулав

Монголын бизнесийн зөвлөл ээлжит уулзалтаараа Монголбанкны холбогдох удирдлагуудыг урьж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа УИХ-д өргөн барихаар боловсруулж буйТөрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулан илтгэл тавьлаа.

Хэлэлцүүлэгт ерөнхий Модератороор Монголын Бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дэд дарга Б.Бямбасайхан, Панелистаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Залуу Судлаачдыг Дэмжих Сангийн Тэргүүн Д.Жаргалсайхан нар оролцлоо.

Ирэх онд Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтоо биелүүлж цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, сэргэлтийг дэмжих, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын арга, хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд дэлхий нийттэй хөл нийлүүлэн тэмцэх, уул уурхайн бус салбарын экспортын хөгжлийг эрчимжүүлэх, дижитал шилжилттэй уялдуулан их тоон өгөгдлийг бүрдүүлэх зэрэг шинэлэг зорилтуудыг биелүүлэх хүрээнд төрийн холбогдох байгууллага болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа онцолж байна.

Энэ жилийн хувьд уг хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчид болон олон улсын байгууллагын төлөөллүүдийг түлхүү оролцуулан мөнгөний бодлогын ирэх жилд дэвшүүлсэн зорилтуудын талаар илүү нарийвчилсан мэдээлэл авч, санал бодлоо хуваалцлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Сөрөг хүчнийхнийг хориглосон Оросын сонгууль үргэлжилж байна

Оросын парламентын доод танхим болох Төрийн думын 450 гишүүнийг сонгох сонгууль гурав дахь өдрөө үргэлжилж байна. ОХУ-ын газар нутаг дахь цагийн 11 бүсчлэлийн дагуу санал авах байрууд өөр өөр цагт нээн, цахим болон биечилсэн хэлбэрээр санал авч байна. Тус сонгуульд Кремлийг шүүмжлэгч сөрөг хүчний олон хүнийг нэр дэвшихийг хориглосон юм.

Санал хураалтын хоёр дахь өдөр ирц 31.5 хувьд хүрснийг ОХУ-ын сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллэсэн. Түүнчлэн цахимаар санал өгөх хүмүүсийн ирц 70 хувьд хүрсэн аж.

Оросын сонгуульд камераар бичлэг хийхийг хориглосон боловч санал өгч буйгаа бичсэн бичлэг цахим ертөнцөд таржээ. Түүнчлэн сонгуулийн үеэр гадаадаас гурван удаа цахим халдлага хийх оролдлого илэрсэн талаар албаныхан мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​НӨАТ: Гурван сая төгрөгийн хоёр, 1.5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны наймугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 34,464,352 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 78960991

  • 30 мянган төгрөгийн азтан – 31,008
  • 100 мянган төгрөгийн азтан – 3,134
  • 500 мянган төгрөгийн азтан – 319
  • 1.5 сая төгрөгийн азтан – 24
  • Гурван сая төгрөгийн азтан – 2
  • 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 40 сая төгрөг байсан юм.

Супер тохирлын дугаар 75392911 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.

Categories
гадаад мэдээ

Индонезийн ерөнхийлөгчийг агаарын бохирдолд буруутай гэж үзжээ

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд Индонез улс буруутгагдсаар ирсэн. Тухайлбал Пүрэв гарагт Индонезийн шүүхээс ерөнхийлөгч Жоко Видодо болон зургаан өндөр албан тушаалтанг иргэдийн цэвэр агаартай байх эрхийг үл тоомсорлосон хэмээн буруутгажээ.

Ингээд Жакарт хотын дүүргийн төв шүүхээс иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлж, агаарын чанарын үндэсний стандартыг чангатгахыг ерөнхийлөгч болон бусад албан тушаалтнуудад үүрэг болгожээ. Зөвхөн нийслэл Жакарт хотод гэхэд л 30 гаруй сая хүн амьдардаг бөгөөд тус хотын иргэд албан тушаалтнуудынхаа эсрэг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.

Жакарт хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь хөрш зэргэлдээх Бантен, Баруун Ява мужийн автомашинуудын утаа, том үйлдвэрүүд, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас үүдэлтэй гэж Эрчим хүч, цэвэр агаарын төвийн 2020 оны тайланд дурджээ. Тус улсын агаарын бохирдол нь гол мөрөн болон хотыг ундны цэвэр усаар хангадаг гүний усны нөөцийг бохирдуулсан байна.

Харин Жакарт хотын замын түгжрэл Индонезийн эдийн засагт жилд 6.5 тэрбум долларын хохирол учруулдаг гэсэн тооцоо байдаг.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Эрдэнэт аймагт хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн олборлолтын зардлын 45 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн дундаж зай уртасч, тэр хэрээр зардал байнга өсөн нэмэгддэг. Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэхээр өнгөрсөн хавар ХБНГУ-ын “3В TEC AUFBEREITUNGSSYSTEME” компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр гэрээ байгуулснаар эхэлсэн юм.

Уулын цул тээвэрлэлтийн зардлыг 37 хувиар, хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хувиар бууруулах энэхүү ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах ажил өнөөдрийн байдлаар бүрэн дуусч, үйлдвэрлэлийн шатандаа шилжээд байна. Удахгүй барилга угсралтын ажил эхлэх бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад хүлээн авна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хонхор, Налайх орчимд шинэ суурьшлын бүс байгуулна

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй.

Эдгээрийн дотор хотын зүүн хэсэг Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” нэртэй шинэ суурьшлын бүс байгуулах юм. “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс нь Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг буюу Налайх, Хонхорын хилийн заагт Налайхын зам дагуу байрлах юм.

Шинэ суурьшлын бүсийг 252 га талбайд барих бөгөөд нийт 4725 өрхийн 16.065 хүн оршин суухаар төлөвлөж байна. Мөн байгаль орчин, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн үндэслэлүүд дээр тулгуурласан, нийгмийн зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй, тохилог суурьшлын бүс байх юм. Төлөвлөж байгаагаар жишиг суурьшлын бүс байгуулахдаа хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах аж.

Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийг байгуулах ТЭЗҮ болон барилгажилтын төслийг дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан байна

2021 оны 09 сарын 19-ний 20 цагаас 09 сарын 20-ны 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм, бусад хэсгээр 5-7 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

Катар улс Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Катар улсаас Афганистанд илгээсэн хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэсэн онгоц Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа гэж Катар улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.

Уг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 20 тонн хүнсний тусламжийг илгээсэн бөгөөд Афганистаны эрх бүхий удирдлагууд холбогдох газрууд руу хүргүүлжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Катараас тус улсад нийт 138 тонн эмнэлгийн хэрэгсэл болон хүнсний бүтээгдэхүүний тусламж илгээжээ. Энэ удаад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж нь тус улсад үзүүлсээр байгаа дэмжлэгийн нэг хэсэг хэмээн онцолсон байна.

Талибанхөдөлгөөн наймдугаар сарын дунд үеэр Афганистаны засгийн эрхийг гартаа авсны дараа 33 хүний бүрэлдэхүүнтэй түр Засгийн газар байгуулснаа зарлаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Намрын ногоон өдрүүд” гурав хоногт 214.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд 4 дэх өдрөө үргэлжилж байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.

Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж нийт 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдан борлуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв.

Үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо тарьж ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтай байгааг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж, илүү гарсан ногоогоо нөөцлөх бодлого барьж байна.

Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь сав байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барих ажлыг зохион байгуулж байгаа юм.

Хонины нэхийгээр гутал хүрэм үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Орхон хонийг олноор нь үржүүлэхэд анхаарсан бодлого хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 78.9 сая, 18-нд 110.8 сая, нийт 214.5 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар болон иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хуучин талбайг шинэчлэн тохижуулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулжээ. Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон хот тохижилтын санхүүжилтээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч, шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3386 ам метр талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм. Тохижилт, угсралтын ажлыг “Топ универсал констракшн” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад оруулжээ.