УИХ-ын гишүүн Г.Ганболдтой ярилцлаа.
-Хаврын чуулганаар таны орж ажилласан хуулийн төслүүдээс ярилцлагаа эхэлье. Хичнээн хуулийн төсөлд орж ажиллав?
-УИХ-ын гишүүн болоод хоёр дахь чуулгандаа оролцож ажиллалаа. Энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор цахимаар хуралдсаныг та бүхэн мэдэж байгаа байх.
Цахимаар хуралд оролцохын сул тал байна аа. Тухайн хэлэлцэж байгаа асуудалд ач холбогдол өгч танхимд суух боломж бага. Хэлж байгаа үгээ хоёрхон минутад багтаах зэрэг хүндрэл байлаа. Хаврын чуулган түүхэндээ хамгийн удаан чуулсан. УИХ бие даасан 13 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болгосон хууль найм, олон улсын гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 52 тогтоол баталсан байна.Хаврын чуулганаар Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Хоршооны тухай хууль, НДШ-ийг бууруулах тухай хууль, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль гээд нэлээд олон томоохон хууль батлагдсан. Миний хувьд Хөдөлмөрийн хууль, Хоршооны хуульд ач холбогдол өгч ажиллалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн хувьд олон жил яригдаж биеллээ оллоо. Өмнөх Хөдөлмөрийн хууль дээр талуудын оролцоо бага тусгагдсан байсан. Ерөнхийдөө ажил олгогч талдаа давуу тал ихтэй.
Ажилтан, нийгмийн бусад оролцогчдын хувьд эрх нь зөрчигдсөн маягаар явж ирсэн. Хамгийн наад зах нь гэхэд ээлжээр ажилладаг хүмүүс, туршилтаар ажиллуулна гээд цалин өгдөггүй. Ажилд орсон л бол хөдөлмөрийн харилцаанд орсон гэж үзэхээр болсон. НДШ-ийг хоёр хувь бууруулах тухай хуулийг нэр бүхий гишүүд өргөн барилаа. НДШ-ийн хууль анх 1996 онд батлагдсанаас хойш тэр хэвээрээ 15 жил хэрэгжиж байгаа. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо эв санааны зарчим дээр тулгуурласан тогтолцоо. Энэ тогтолцооныхоо хүрээнд тухайн үедээ өнөөдрийн бидний бууруулах гээд байгаа шимтгэлийг 24.5 хувиар баталсан. Явцын дунд НДШ-ийг бууруулж, тэр нь эргээд НД-ийн санд нэлээд ачаалал өгсөн. Нийгмийн даатгалын сангийн шимтгэл хуримтлагдаад арвижаад явж байх байсан бол одоо банкинд алдсан зэргээ тооцвол алдагдалд орох хэмжээнд хүрчихээд байна. НДШ-ийг хоёр хувь бууруулснаар 2021 оны хувьд НДШ төлөгчдийн нуруун дээрээс 96 орчим тэрбум төгрөгийг хэмнэлээ. Төрийн албан хаагчдаас бусдыг нь НДШ-ээс чөлөөлсөн байсан бол одоо төрийн албан хаагчийг адилхан хамруулсан. Хоёрхон хувиар буулгаж байгаа нь бага юм шиг боловч нийт өртгөөрөө их дүн байгаа юм.
-Цаашид НДШ нэмэгдээд явах уу, буурах уу?
-Нэмэхгүй. Цаашдаа байнгын хоёр хувь буураад явна гэсэн үг.
-Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчид болон АТГ-ын даргыг томилох эрх мэдлээсээ татгалзлаа. ерөнхийлөгч татгалзсанаар томилох эрх хүчингүй болох эрх зүйн орчин бий юү?
-Шүүхийн хуулийн тухайд шүүхийн тогтолцоог өөрчлөх ёстой юм байна. Шүүгчид гаргасан шийдвэртээ хариуцлага тооцдог болох ёстой юм байна, шүүгчдийн ёс зүйг дэнсэлдэг бүтэц байх ёстой юм байна гээд Шүүхийн сахилгын хороог шинээр бий болгосон. Ерөнхийлөгч шүүхийн сахилгын хороонд орох хүмүүсийг нэр дэвшүүлэхээсээ татгалзсан. Ерөнхийдөө ямар ч хүн нээлттэй нэр дэвшин материалаа өгөөд УИХ-аас томилгооны сонсгол хийгдээд томилох боломжийг нээж байгаа юм. Ер нь Шүүхийн хуулийг гарсантай холбоотой хонгилын эзэн гэж ярьдаг, Ерөнхийлөгч бүх асуудлыг шийддэг, Ерөнхийлөгч бүх шүүгчдийг томилж байгаагаас бүх шүүгчдэд нөлөөлдөг гэдэг асуудал өөрчлөгдсөн гэдэг нь өнгөрсөн хавар өрнөсөн процессоор харагдаж байгаа байх. Шүүхийн тухай хуулиар шүүгчид нэг хэрэг дээр эрс тэс шийдвэр гаргадаг байдлыг халахыг зорьсон.
-Зөрчлийн тухай хуулийг намрын чуулганаар өргөн барих уу?
-Зөрчлийн тухай хуулийг гишүүдтэй боловсруулж Засгийн газраас санал авахаар өргөн барьсан. Засгийн газраас өргөн барьсан хууль, гишүүдээс өргөн барьсан хуулийг хамтатгаад явъя гэсэн саналтай байгаа. Зөрчлийн тухай хууль бол орон нутагт явж байхад хамгийн их тулгамдсан асуудал. Нэг зөрчил дээр шийтгэлүүдийг нь давхардуулдаг. Тиймээс энэ хуулиар үүнийг асар их байгаа учраас давхардлыг арилгах, зөрчлөө зааглаж оруулах шаардлага үүссэн. Зөрчил гэж үзэхээргүй зүйл олон байгаа юм.
Зөрчлийн хууль дээр сануулах санкцуудыг оруулж өгч, тэрхүү сануулах санкцаа бүртгэлжүүлээд явах зохицуулалт тусгах нь зүйтэй. Бусад улсад хуулиа хэрэгжиж эхлэхийн өмнө иргэддээ мэдүүлэх, сануулах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Ингэж байж иргэд тэр хуулийн талаар ойлголт авна. Нийгэмд ойлгуулах сурталчлах зүйлээ их хийдэг гэсэн үг. Засгийн газар Зөрчлийн хуулиа өргөн барина гэж ойлгож байгаа.
-НӨАТ-ын буцаан авалтыг нэмэгдүүлэх хуулийн төсөл дээр та ажиллаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Татварын ерөнхий газар дээр гишүүд ажилласан.Цаашдаа НӨАТ-ын сугалааг болиулах хуулийн төсөл өргөн барихаар хуулиа боловсруулж байна. НӨАТ-ын сугалаанд нэг нөхөр 33 удаа азтан болсон байгаа юм. Тэгэхээр сугалаа бол хуурамч байх нь ээ. НӨАТ-ын сугалаанд жилд 16,17 тэрбум төгрөгийг азтан болсон хүмүүс төгдөг юм билээ. Бидний хувьд НӨАТ-ын сугалаагаа болиод буцаан олголтоо нэмэгдүүлье гэж байгаа юм. Гэхдээ сарын худалдан авалт нь интервальтай. Сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүмүүс хоёр хувиараа буцаан олголтоо авдаг ч юмуу, бага худалдан авалттай иргэд буюу 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгадаг ч уу. Бага худалдан авалттай иргэдэд буцаан олголт нь их. Өндөр худалдан авалттай иргэдэд буцаан олголт нь бага байхаар тусгах саналтай байгаа. Ийм тогтолцоо бусад улсад ч хэрэгждэг юм байна. Тиймээс энэ чиглэл рүү явах нь зүйтэй болов уу.
-Намрын чуулганаар та ямар хуульд анхаарч ажиллахаар байна?
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Энэ хуулийг амилуулахаар олон хуулийн төслүүд өргөн барихаар төлөвлөж байна. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийн тулд дагалдах хуулиуд дээр өөрчлөлт орж байж нэгжийн хууль амилж цаашаа явах юм. Үүнийг дагаад төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг өөрчлөх, төрийн өмчит компаниудын тодорхой хувиудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр хувийн хэвшлийн хяналтад оруулах талаар түлхүү ажиллана.