Categories
мэдээ нийгэм

Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн бүтээн байгуулалт урагштай байна

Нефть боловсруулах үйлдвэр, Монголыг дайран өнгөрөх хийн хоолой, Замын-Үүдийн чөлөөт бүс гэсэн гурван том төсөл биеллээ олбол улсын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэхээр байгаа. Тэгвэл эдгээр төслийн явц ямар байгаа талаар албан эх сурвалжаас өгсөн мэдээллийг хүргэе.


Хийн хоолойн барилгын ажил ирэх оноос эхэлнэ

Оросоос Хятад руу хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан тавих асуудал яригдаад 20 гаруй жилийн нүүр үзэж байна. Монгол-Орос-Хятадын өндөр дээд хэмжээний уулзалт бүр дээр уг асуудал яригддаг ч бодит биеллээ олж чадаагүй. Иймд олон нийт уг төсөл хэрэгжих эсэхэд итгэл алдрах болсон.

Тэгвэл хариуцсан албан тушаалтнуудын өгсөн мэдээллээр хийн хоолойн төслийн ажил урагшилж байгаа аж. Оросын талаас холбогдох төлөөллүүдтэй уулзсан. Яриа хэлцэл амжилттай явагдаж байгааг хэлсэн. Оросын талаас хийн хоолойн ТЭЗҮ-ийг энэ жил дуусгана хэмээн мэдэгджээ. Одоогийн байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 80 хувьтай яваа юм байна. Улмаар ирэх жил багтаж хийн хоолойг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Монголын аль нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршрутыг эцэслэн тогтоожээ. Ирэх сард хоёр талын ажлын хэсэг Санкт-Петербургт уулзаж, ажлын явц болон бусад асуудлаар санал солилцох юм байна. Хийн хоолойг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах тооцоотой аж. Хэрэв ирэх жил багтаж ажил эхэлбэл, 2024 онд багтаж манай улс хийн хоолойг дамжуулан өнгөрүүлэх орон болно. Хийн хоолой ашиглалтад орсноор Монгол Улсын төсөвт жил бүр 1-1.5 тэрбум ам.долларын орлого төвлөрнө.

Өөрөөр хэлбэл, энэ нь улсын төсвийн орлогод томоохон жин дарах аж. Монголын нутгаар дайруулан тавьсан хийн хоолойноос дотоодын зарим хэрэгцээнд зориулан хий авч, агаарын бохирдлыг бууруулах зэргээр үр дүнтэй ашиглах бололцоо бий эсэхэд албаныхан “Одоогоор энэ асуудал тусгагдаагүй. Гэхдээ бид хүсэх юм бол ийм бололцоо бий. Хийн хоолой ашиглалтад орсны дараа дотоодын хэрэгцээнд зориулж суваг нээхэд технологийн хувьд асуудалгүй” гэсэн тайлбарыг хэлж байна.

Нефть боловсруулах үйлдвэрийн төсөл 18 хувийн гүйцэтгэлтэй байна

Монголчуудын дунд хамгийн том хүлээлт үүсгээд байгаа төсөл бол газрын тос боловсруулах үйлдвэр юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, автобензин 95, 98, дизель түлш, ахуй болон авто тээврийн шингэрүүлсэн хийг зах зээлд гаргахаас гадна авто зам барихад шаардлагатай битум зэрэг түүхий эдээр хангана. Тиймээс үндэсний аюулгүй байдлыг хангах, стратегийн бүтээгдэхүүний найдвартай хангамж зэрэг олон үзүүлэлтээр нэн шаардлагатай төслийн тоонд зүй ёсоор багтаж байна. Анх үйлдвэрийг 2020 онд багтааж ашиглалтад оруулах тухай танилцуулж байсан. Гэвч цар тахлын улмаас гадаадын мэргэжилтнүүдийг авчрах, зарим татан авалтын тээвэрлэлт саатсан тул энэ хугацаа сунасан. Хариуцлагатай албан тушаалтны тайлбарлаж байгаагаар 2023 оны гуравдугаар улирал гэхэд үйлдвэр ашиглалтад орох аж. Гадаадаас мэргэжилтнүүд ирсэн. Нэлээн шахаж ажиллаж байгааг хэлсэн.

Төслийн явц одоогийн байдлаар 17-18 хувьтай яваа аж. Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход жил бүр 1.5 сая тонн түүхий эдийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн гол асуулт байгаа. Өнгөрсөн жилийн байдлаар манай улс 850 мянга орчим түүхий тос олборлож, экспортолсон. Гэхдээ уг тосны урсгалыг дотоодын үйлдвэр рүү чиглүүлэхийн тулд Монголын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан урд хөршийн компанитай хэл амаа ололцох асуудал үүснэ. Энэ мэтээр олон асуудал эргэлзээ үүсгэж байгаа юм. Тэгвэл албаны хүмүүсийн тухайд бүс нутгийн хэмжээнд газрын тосны хайгуулыг идэвхтэй хийж, нөөцийн асуудлыг шийдвэрлэх болно гэв. Мөн үйлдвэр өөрийн өртгөө бүрэн нөхөж, импортын шатахуунаас хямд үнэтэйгээр зах зээлд нийлүүлэгдэнэ гэлээ.

Замын-Үүдийн чөлөөт бүсэд 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна

Цар тахлын энэ үед хилийн боомтын хүндрэлтэй байдлаас болж манай улс олон боломжоо алдаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарлуулж байна. Тухайлбал, өмнө нь 3-3.5 сая төгрөгийн ханштай байсан ачаа тээврийн өртөг хамгийн багадаа дөрөв дахин өсөөд байна. Тээвэрлэгч нарын хувьд “Бид өмнө нь сард дор хаяж 3-4 удаа явдаг байсан. Одоо хилийн боомтын асуудлаас болоод ганц удаа л гарч байна. Тиймээс явж чадаагүй алдагдлаа нөхөхийн тулд тээврийн хөлсөө нэмэхээс өөр аргагүй болсон” гэх тайлбарыг хийж байгаа аж. Иймд тээвэрлэгч нартай тээврийн хөлс 10 сая төгрөгөөс хэтрэхгүй, хэрэв хэтэрвэл зөвшөөрлийг нь цуцална гэсэн гэрээ хийсэн байна. Хэдийгээр гэрээ хийсэн ч wechat-аар төлбөр мөнгөө авах зэргээр нууц далд байдлаар үнэ өсгөж байгааг хэлсэн. Иймд засгаас Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлж, байнгын ажиллагаатай болгох чиглэлд анхаарал хандуулж эхэлсэн.

Уг бүс нийт 900 га эзэмшил талбайтай. Өнгөрсөн хугацаанд 300 гаруй га газарт нь ариутгал татуурга гэх зэргээр дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ. Үүнд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Саяхан Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгож, уг хөрөнгийг Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт руу шингээхээр болсон. Уг санхүүжилтийн үр дүнд үлдсэн 600 га-д дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж дуусгах юм байна. Хэдийгээр өмнө нь 200 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн ч тоног төхөөрөмж, өмч хөрөнгийг дутаасан, алдсан, шамшигдуулсан асуудал их байгаа аж.

Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсийн хамгийн чухал бүтээн байгуулалт бол дулааны станц юм. Уг станцыг 58.8 сая ам.долларын өртгөөр дөрвөн жилийн турш барьж, 2015 онд ашиглалтад оруулсан. Тэгвэл сүүлд байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр дулааны станцад бүртгэлтэй дугуйт ачигч хоёр, гинжит бульдозер нэг, бага оврын өөрөө буулгагч машин гурав, аюулгүйн нөөц чингэлэг хоёр алга болсныг тогтоосон байна.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 118 хэргийг хянав

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шийдвэрлэх ажлын хэсгээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 118 хэргийг хянажээ.

24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсон 32 хэргийг хааж, хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 43 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, 31 иргэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлээгүй бусад хэргүүдийг шуурхай шалгуулж дуусгахад анхаарна гэж Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг хаах хуваарь

Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг 2021 онд хаах хуваарийг танилцуулж байна.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу:

-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр);
-Цагаан сар (билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр);
-Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (3 дугаар сарын 8-ны өдөр);
-Бурхан багшийн Их дүйчин өдөр (билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу 5 дугаар сарын 26-ны өдөр);
-Хүүхдийн баяр (6 дугаар сарын 1-ний өдөр);
-Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр (7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр);
-Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу 11 дүгээр сарын 5-ны өдөр);
-Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр (11 дүгээр сарын 26-ны өдөр);
-Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр (12 дугаар сарын 29-ний өдөр);

БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу:

-Шинэ жил (1 дүгээр сарын 1-ний өдөр);
-Хаврын баяр (билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2 дугаар сарын 12, 13, 14-ний өдөр);
-Ханш нээх баяр (4 дүгээр сарын 4-ны өдөр);
-Олон улсын хөдөлмөрчдийн баяр (5 дугаар сарын 1, 2, 3-ны өдөр);
-Луут завины баяр (6 дугаар сарын 14-ний өдөр);
-Намрын дунд сарын баяр (9 дүгээр сарын 21-ний өдөр);
-Үндэсний баярын өдөр (10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7-ны өдөр) тус тус хаана.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ өвөл 600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулна

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Түлшний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Э.Батцэцэгээс сайжруулсан шахмал түлшний нөөц болон зарим зүйлийн талаар мэдээлэл өглөө.


-Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний нөөцийг хэрхэн хангасан бэ?

-Нийслэлийн Засаг даргын 382 тоот өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу сайжруулсан түлшний нөөцийг энэ оны зургаадугаар сараас эхлэн бэлтгэсэн. 2021 оны галлагааны улирлаас өмнө 60 мянган тонн түлшний нөөц бүрдүүлэх зорилт тавьснаас 52 мянган тонныг нь бүрдүүлчихээд байна. Нийслэлд 20 орчим агуулах түрээслэн нөөцөө хадгалж байгаа. Агуулахын хувьд машин ороод түлшээ ачиж, буулгах боломжтой, бороо, цасны чийг нэвтрэхгүй, агааржуулалт сайтай байх ёстой. Түлш нөөцлөлтөд мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьдаг.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар чиглэлийн хяналт тавьдаг вэ?

-Түлшийг стандартын дагуу хадгалж буй эсэхэд хяналт тавьдаг. Түлшийг 16 үеэр өрж, хадгалдаг. Хэт өндөр, таазанд тултал өрвөл доогуур тавьсан түлш хагарч, бутрах, түлэхэд хүндрэл үүсдэг. Стандартын шаардлага хангаагүй түлш түлбэл галлагааны үед эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтмол хяналт тавьж байгаа.

-Борлуулалтын цэг хэр хүртээмжтэй байгаа вэ. Иргэд заавал борлуулалтын цэгээс худалдаж авах уу. Эсвэл агуулахад ойр айлууд агуулахаас авч болох уу?

-Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК хариуцан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд ч мөн тус компани хариуцсан. Энэ жилийн хувьд есдүгээр сарын 3-наас эхлэн судалгаа явуулж, нийтдээ 600 гаруй цэгт борлуулалт хийхээр болсон. Агуулахын хувьд нөөц бүрдүүлж, хадгалах зориулалттай учир шууд худалдах боломжгүй. Тиймээс иргэд борлуулалтын цэгээс худалдаж авах учиртай.

-Өнгөрсөн онд сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж хэр байсан бэ?

-2019-2020 оны хувьд бид 75-90 мянган тонн түлшний нөөц бүрдүүлж, хангалттай нөөцтэй, өвлийг өнтэй давсан.

-Сайжруулсан шахмал түлш илч сайтай ч долоо хоногт зургаан шуудай нүүрс хараахан хүрэлцэхгүй байна гэсэн саналыг иргэд хэлж байсан. Түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай. Түүхий нүүрснээс хоёр дахин их илчлэгтэй. Өглөө галлаад орой болтол дулаанаа барих боломжтой. Гэхдээ айл өрхүүдийн дулаалгаас бас шалтгаална. Гэр, байшин нь дулаан алдагдалтай бол үр дүн муутай байх нь мэдээж. Харин зургаан шуудай нүүрсийг нэмэгдүүлэх тухайд “Таван толгой түлш” ХХК-д асуудлаа тавьж шийдүүлэх юм.

-Өвөл их хүйтэрвэл шахмал түлшний нөөц хэр байх бол?

-Сайжруулсан шахмал түлшний нөөцийг 60 мянган тонн орчимд байлгаж чадвал ямар ч хүйтэнд ажрахгүй. Нийслэлийн хэмжээнд нэг өдрийн түлшний хэрэглээ 3-4 мянган тонн байдаг. Тэгэхээр 60 мянган тонн түлш нөөцөлбөл эрсдэл үүсэхгүй.

-Сайжруулсан шахмал түлш түлдэг айл өрхүүд өвлийг өнтэй давахын тулд юунд анхаарах ёстой вэ?

-Юун түрүүнд гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг анхаараад, зуух пийшингийнхээ битүүмжлэлийг сайн хангах ёстой. Галлагаа эхлэхээс өмнө “Өнтэй өвөлжье” аяныг зохион байгуулсан. Тэрхүү өдөрлөгөөс сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа, дулаан алдагдлын талаар мэдээлэлтэй болсноос гадна сэргээгдэх эрчим хүч, хийн халаалт, утаа бууруулах төслүүдийн талаар мэдээлэл авсан гэдэгт итгэлтэй байна.

-Борлуулалтын цэгийн ажиллагааг хэрхэн хянах вэ?

-Борлуулалтын цэгийн хувьд ид ачааллын үед түлш тасалдах тохиолдол мэр сэр гарч иргэд бухимдах нь бий. Тээвэрлэлт, түгжрэлээс гадна машин механизмын эвдрэл, гэмтэлтэй холбоотой гомдол, санал гардаг. Тиймээс энэ мэт эрсдэл, алдааг давтахгүй байхаар ярилцаж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх сард тогтворжино

Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна.

АИ-92 шатахууны 18 хоногийн нөөцтэй байгааг Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлээд байна. Мөн АИ-92 шатахууны нийлүүлэлт ирэх аравдугаар сард тогтворжино гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлжээ.

Одоогоор АИ-92 шатахууны үнэ нэмэгдээгүй, харин АИ-95 шатахууны үнэ литр тутамдаа 150-300 төгрөгөөр нэмэгджээ.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гашуунсухайтын хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.

Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.

Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан.

Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа.

Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орно. Мөн холбох терминал байгуулна.

Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хилийн боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулна. Шивээхүрэнгийн хилийн боомтод ийм терминал байгуулахаар Засгийн газрын тогтоол гарч, бүтээн байгуулалт эхэлсэн” гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8,100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” гэлээ.

Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан “УХААЛАГ ГАРЦ”-ын систем нэвтрүүлэн бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр терминалаас ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдэх юм. Мөн уртын (20:30-7:30) болон богинын (8:00-20:00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар харилцаа үүсэхгүйгээр терминалаар дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Энэ хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм.

Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод ПГУ шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөх, хилийн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах зэрэг асуудлыг тавьсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх үүрэг өглөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Батдаваа: Экспорт, инфляци хоёр эрсдэл үүсгэж мэдэхээр байна

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.


-Танайхаас иргэдийн дундаж цалин гээд нэг сая гаруй төгрөг гэсэн тоо зарлачихдаг. Яг ачир дээрээ ийм хэмжээний цалин авдаг нь цөөхөн гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг. Дундаж цалингийн хэмжээг яаж гаргадаг юм бэ?

-Иргэдийн зүгээс тэнгэрийн тоо хэллээ гэсэн шүүмжлэл гардаг л даа. Жишээ нь, манай ҮСХ-ны ажилтны цалингийн дундаж нь нэг сая төгрөг байдаг. ҮСХ-ноос улсын хэмжээний дундаж цалинг 1.3 сая төгрөг гэж зарладаг. Бид НДЕГ-аас мэдээлэл авдаг юм. Нийгмийн даатгал төлж байгаа 680 орчим мянган хүн бий. Тэдний цалинг хүний тоонд нь хуваагаад дундажлахаар 1.3 сая гэсэн хэмжээ гарч ирдэг. Иргэдийн шүүмжлэлийн тухайд юуны түрүүнд дундаж гэдэг үгийг ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Өндөр, бага гээд бүх түвшний цалинтай хүмүүсийг дундажлахаар ийм тоо гараад байгаа юм. Гэтэл нийгмийн даатгал төлж яваа нийт хүмүүсийн 60-70 хувь нь 1.3 сая төгрөгөөс бага цалин авдаг. Үүнээс гадна даатгал төлдөг 680 мянган хүнийг хамгийн багаас нь хамгийн их цалин авдгаар нь жагсаагаад 340 мянга дахь хүний цалин хэд вэ гэдгийг харж зарладаг. Ингээд харахаар 900 мянга гэсэн тоо гардаг. Өөрөөр хэлбэл, голч цалин ийм хэмжээтэй байна гэсэн үг.

-Хамгийн бага цалин гэвэл хэчнээн төгрөг байгаа бол?

-600-700 мянган төгрөг. Үйлчилгээний салбарынхан голдуу ийм хэмжээний цалин авч байгаа. Нийт ажилчдын 50 орчим хувь нь үйлчилгээний салбарынхан. Хамгийн их ажилчидтай салбарын цалин хамгийн бага учраас иргэд 1.3 сая гэсэн тоо сонсоод бухимдах нь аргагүй л дээ.

-Сүүлийн үед боомт дээр ачаа гацсан нь том асуудал болоод байна. Хил дээр бараа гацчихаар импортын хэмжээ буурч таарах байх, ямар бүтээгдэхүүнүүдийн импорт буурсан зурагтай байна?

-Гаалийн ерөнхий газраас эхний найман сард гаргасан импортыг харахаар өсөлттэй харагдаж байгаа. Импорт 30 орчим хувиар буюу нэг тэрбум ам.доллараар өссөн. Импортын өсөлтөд нөлөөлсөн гол шалтгаан нь уул уурхайд ашигладаг машин механизм гэх мэт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд. Хоёр дахь шалтгаан нь газрын тос. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр 2.2 дахин өссөнтэй холбоотойгоор манай улсын импортолдог дизель, Аи-95 гэх мэт бүтээгдэхүүний үнэ өссөн. Бас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн өсөлт ч нөлөөлж байна.

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт импортын өсөлтөд нөлөөлсөн гэсэн үг үү?

-Үнийн өсөлт нөлөөлснөөс гадна биет хэмжээний өсөлт ч бий. Ноднин ургац муу байсантай холбоотойгоор улаанбуудайн импорт их хэмжээгээр өссөн. Мөн ковидтой холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгслийн импорт нэмэгдсэн байгаа.

-Иргэдийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний импортын тоо хэмжээ буураагүй гэж ойлголоо…?

-Хэмжээний хувьд тэгтлээ багассан зүйл харагдахгүй байна. Үнэ өртгийн хувьд нэмэгдэж байгаа асуудал бол бий. Инфляцийг саяхан 8.9 хувь гэж зарлалаа. 8.9 хувиар хэмжигдсэн инфляцид импортын нөлөө хэр вэ гээд харахаар 4.4 хувь байгаа. 1.4 хувь нь шатахуун, үлдсэн хувийнх нь тухайд импортын бусад бараа нөлөөлсөн. Төгрөгийн доллартай харьцах ханш сүүлийн нэг жилд сулраагүй, тогтвортой байсан. Нөгөө талд экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөлттэй яваа. Тээврийн үнэ өсч буйтай холбоотойгоор үнийн өсөлт инфляцид нөлөөлж байна л даа. Тодруулж хэлбэл, импортын нөлөөгөөр инфляци өсч байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, хил гаалийн гацаанаас болж нэмэгдсэн тээврийн үнийн өсөлтийн нөлөө орж ирж байна. Дэлхийн зах зээлийг харахад цар тахалтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд дунджаар 33 хувь өссөн гэх статистик бий. Бараа бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлт, тээврийн үнийн өсөлт ч дэлхийн зах зээлд асуудал болж яваа. Хорио цээрээс шалтгаалаад дэлхийд контейнерийн эргэлт муудчихсан. Хятад, Америкийн гол портууд дээр түгжрэл үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн далайн тээврийн голлох арван чиглэлийн портуудын контейнерийн үнэ ноднин дундаж нь 2500 ам.доллар байсан бол одоо 15 мянган ам.доллар болж өсчихөөд байна.

-Компаниудаас аль салбарынхан илүү хэцүүдээд байна вэ?

-Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг харахаар нийт 200 гаруй мянга орчим бүртгэлтэйгээс 94 мянга орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан юм, түрүү жил. Энэ оны нэгдүгээр улиралд 91 мянга руу уруудсан. Салбараар нь харахад худалдаа, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд хамгийн том цохилт авчихаад байна л даа. Шалтгаан нь мэдээж цар тахал.

-Гадаад ертөнцөд байдал ийм байгаа нөхцөлд импортын барааны үнийн өсөлт ирэх саруудад ч инфляцид нөлөөлөх эрсдэл өндөр юм байна даа?

-Магадгүй. Тийм эрсдэл харагдаж байгаа.

-Экспортын хувьд зэсийн баяжмал дажгүй, нүүрс тээвэр гацсан байгаа. Төмрийн хүдэр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнүүдийн гаралт хэр байна вэ?

-Эхний найман сарын байдлаар экспортын нийт өсөлт 25 орчим хувьтай байна. Үнийн дүнгийн хувьд 1.2 тэрбум ам.доллараар өссөн. Өсөлттэй юм шиг харагдаж байгаа ч биет хэмжээгээр нь задлаад харвал газрын тосноос бусад экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн хэмжээ буурчихсан. Тухайлбал, 2019 оны эхний найман сард 25 сая тонн нүүрс экспортолж байсан бол ноднин 15 саяыг гаргасан. Гэтэл энэ оны эхний найман сарын байдлаар 11.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Зэсийн баяжмалын хувьд ноднин өдийд 900 гаруй мянган тонныг гаргаж байсан бол өнөө жил 890 орчим мянган тонныг гаргасан байна. Дэлхийн зах зээл дээр энэ хоёр бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа учраас олсон мөнгөний хувьд түрүү жилийнхээс өссөн гэсэн эерэг тал бий. Алтны тухайд ноднин өдийд 20 тонныг экспортолж байсан бол өнөөдрийн хувьд дөрөв, таван тонн орчмыг гаргасан байна. Төмрийн хүдэр 5.6 саяыг экспортолж байсан бол энэ жил 5.3 сая тонныг гаргасан байгаа. Гэхдээ экспортын үнийн дүн нь түрүү жилийнхээс бараг хоёр дахин нэмэгдчихсэн. Төмрийн хүдрийн үнэ өндөр байгаа учраас. Ингээд харахаар манай улсын хувьд оны эхний дөрвөн сард экспортын хэмжээ маш сайн байснаа 5-8 дугаар саруудад ковидоос шалтгаалаад гаралт нь багассан. Уг нь дэлхийн зах зээл дээр үнэ ийм өсөлттэй үед экспортоо сайн хийж байсан бол эдийн засагт их хэрэгтэй байлаа.

-Хятадын талаас их хатуу дэг бариад байх шиг…?

-Яг үнэн. Хятад дотооддоо ковид алдахгүй гэдэг маш хатуу бодлого барьж байна л даа. Дэлхийн улсуудаас хамгийн хатуу бодлоготой орон болчихлоо. Дараа жилийн хоёрдугаар сард өвлийн олимп болно, аравдугаар сард Коммунист намын их хурлаа зохион байгуулна гэж бэлдэж байгаа. Тэр утгаараа ковид гарсан засаг захиргаандаа маш хатуу арга хэмжээ авч, хөл хорио тогтоож байна. Манай экспорт муудсаны цаана ийм шалтгаан бас бий.

-Ийм байдал удаан үргэлжилбэл, нүүрсний экспорт энэ хэвээрээ гацсаар байвал оны эцэст экспорт ямархуу байдалд хүрэх бол?

-Хэрвээ таны болгоомжилсон шиг байдал үүсвэл экспортын үнийн дүнгийн 25 хувийн өсөлтийн тухайд буурах эрсдэл бий. Ингэвэл төлбөрийн тэнцэл дээр дарамт болно. Төлбөрийн тэнцэл гэдэг маань Монгол Улсын дэлхийтэй хийж байгаа бараа, үйлчилгээ, зээл гээд бүх юмны тэнцлийг харуулдаг. Төлбөрийн тэнцэлдээ дарамт болчихоор гадаад валютын нөөц дээр эрсдэл болоод ирнэ. Цаашлуулаад харвал татварын орлого дээр ч асуудал үүснэ гэсэн үг.

-Нөхцөл байдлаа харахаар инфляци оны эцэст хоёр оронтой тоо руу орох эрсдэл харагдаад байх юм…?

-Монголбанкны саяхан хийсэн бодлогын мэдэгдлээс харахад нийлүүлэлтийн чанартай буюу нэг удаагийн шинж чанартай инфляци давамгайлж байна гэчихлээ. Эрэлт талаасаа буюу эдийн засаг халснаас үүссэн инфляци бага байна гэсэн үг. Мөнгөний бодлогын тухайд бодлогын хүүгээр дамжуулж эрэлт талыг нь л удирдаж чаддаг. Тэр утгаараа төв банк сая бодлогын хүүгээ өсгөсөнгүй. Уул уурхай, худалдааны салбараас бусад нь уналттай хэвээр байгаа. Эдийн засаг ийм эмзэг үед бодлогоо чангаруулчихвал эрсдэл үүснэ гэж харсан учраас Монголбанк бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн байх. Бусад орнуудын төв банкууд ч бодлогын хүүгээ өсгөхгүй байна л даа. Солонгосын төв банк л бодлогын хүүгээ өсгөсөн. Гэхдээ импортын барааны үнийн өсөлт, хил гаалийн асуудал энэ хэвээр удаан үргэлжилбэл инфляци дээр дарамт орж ирээд байна л гэсэн үг. Эдийн засагт үүсч мэдэх эрсдэлийг багцлаад харвал экспорт, инфляци хоёр л байна.

-Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас жиптэй, хаустай, өчнөөн малтай иргэд хүнсний талон авч байгааг тоо баримттай нь дэлгэлээ. Тэр статистикийг танайхаас гаргасан уу?

-Манайхаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч хийсэн л дээ. Манай дээр байгаа Өрхийн мэдээллийн сантай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүнсний талон авдаг иргэдийн мэдээллийг холбосон юм. Хүнсний талон авдаг хүмүүсийг мэдээллийг мал, орон сууц, машин эзэмшлийн мэдээлэлтэй нь холбочихоор гараад ирсэн тоо л доо. Үүнийг цааш нь баяжуулаад банкны болон газар өмчлөлийн мэдээлэлтэй нь холбовол бүр ч нарийн мэдээлэл гарч ирнэ. Ийм нарийн мэдээлэлтэй болчихвол нийгмийн халамж авах шаардлагагүй хүмүүсийн тоог гаргаж ирэх асуудал биш. Ингэвэл төсөв хэмнэгдэнэ, хэмнэсэн мөнгөө хэрэгтэй хөрөнгө оруулалт болгоод явчихна. Эдийн засагт өгөөжөө өгнө гэсэн үг.

-Ганц хүнсний талон ч биш маш олон төрлийн халамжийг хумих боломж бүрдчихжээ…?

-Тэгж ойлгож болно. Яг өнөөгийн технологийн маань боломж гэвэл мэдээллүүдээ гараар зөөж холбож байгаа. Гараар зөөнө гэдэг маань нууцлалыг хангаж, нууцлалтай компьютерт холбож байна гэсэн үг. Ингэж ажиллахад цаг их ордог. Бид нэг зүйлд зорьж яваа. Үндэсний дата төв дээр төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж, тэнд нь холбодог байнгын орчин үүсгэе гэсэн зорилго байна. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ мэдээллүүдийг сар бүр, долоо хоногт тутам, өдөр болгон хараад хэн шаардлага хангаж байна вэ гэдгийг олж мэдээд хийдээд явчихна.

-Төрийн яамд, агентлаг, банк санхүүгийн байгууллагаас мэдээлэл авч нэгтгээд нарийвчилсан статистиктай болчихвол эзнээ олоогүй хавтгайрсан халамж гэх мэт ойлголт алга болох сайн талтай ч хувь хүний нууцлал гэсэн том асуудал сөхөгдөх нь ээ?

-Тийм асуудал бий. Нууцлалын асуудалд онцгой анхаарах ёстой.

-Та түрүүн боловсролын чанарыг харуулсан статистик үгүйлэгдэж байгаа гээд ярьчихсан. Нээрээ төчнөөн хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэх мэт ерөнхий хуурай тоонууд л дуулддаг юм байна шүү?

-Боловсролын статистик гэхээр таны хэлж байгаачлан хангамж яриад байдаг л даа. Нийт хүүхдийн төчнөөн хувь нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдлаа гэх мэт юм яриад яваа. Чанарын үзүүлэлтүүд нь орхигдчихсон. Өрхийн мэдээллийн санг нийгмийн даатгал, орлого гээд бүх зүйлтэй нь холбоод өндөр, бага орлоготой өрхийн хүүхдүүдийн сурлага ямар байна гэх мэтээр илүү нарийн үзүүлэлтүүд гараад ирнэ. Тэр үзүүлэлтийг Боловсролын яам хараад бодлого, шийдвэрээ гаргах учиртай. Хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм бол хүн бүрд тэгш боломж олгох учиртай. Эмзэг бүлгийн орчин нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад илүү хөрөнгө оруулалт хуваарилах, чадвартай багш нарыг ажиллуулах, үдийн хоолыг нь чанаржуулах гэх мэт шийдлүүд гаргаад явбал боловсролын чанарт эерэг үр дүн гарна. Олон улсын нэг судалгаа байдаг юм билээ. Хоол хүнсний хүртээмж муу орчинд сурсан хүүхдийн насанд хүрээд гаргах амжилт хүнсний хангамж сайн орчинд өссөн үеийнхнээсээ 20 хувиар бага байдаг гэсэн судалгаа. Өөрөөр хэлбэл, статистикийг боловсролын салбарт ингэж нарийвчилж байж бид үе дамжсан ядуурал гэсэн асуудлыг шийднэ.

-Хангалуун амьдралтай хэрнээ хүнсний талон авч байгаа хүмүүсийг ил тод болгосон нь олон талын мэдээллийг холбосны өгөөж байж. Ийм нарийн статистикийг Их өгөгдөл гэж тодотгоод байна гэж ойлгосон, зөв үү?

-Статистикийн байгууллагууд статистикаа хоёр төрлийн мэдээлэл дээр тулгуурлаж гаргадаг л даа. Нэг нь албан ёсны статистик. Тодруулж хэлбэл, Статистикийн хороо өөрсдийнхөө хийдэг түүвэр судалгаанаасаа нийт иргэдийн амьдралыг төлөөлөхүйц тоон мэдээллийг гаргадаг. Монголд 900 мянган өрх байлаа гэхэд 16 мянган өрхийг нь сонгоод өрхийн нийгэм эдийн засгийн, ажиллах хүчний гэх мэт судалгаа хийхийг түүвэр гэж тодотгоод байгаа юм. Хоёр дахь төрлийн мэдээллийн хувьд захиргааны мэдээлэл буюу Монголбанк, Сангийн яам, НДЕГ, яамд, агентлагуудаас ҮСХ-ноос баталсан маягтийн дагуу мэдээлэл авч өнөөхөө ахиж хянаад олон нийтэд зарлаад явж байгаа. Товчхондоо үүнийг их өгөгдөл гээд байгаа юм. Түүвэр судалгаа хийхэд их цаг ордог, боловсруулах гэсээр байтал хагас сар өнгөрчихдөг учраас мэдээллийн ач холбогдол нь бүдгэрчихдэг сул талтай. Бүх зүйл маш хурдацтай өөрчлөгдөж яваа ийм үед мэдээлэл хугацаандаа гарахгүй байхаар статистикийн мэдээллийг хэрэглээ, бодлогын шийдвэр гаргахад ашиглахад учир дутагдалтай болоод байна л даа. Захиргааны мэдээллүүдээс авахаар хэт нэгтгэчихсэн мэдээлэл өгдөг сул тал бий. Гэтэл бодлогын шийдвэр гаргахад илүү нарийн мэдээлэл хэрэгтэй байдаг. Жишээ нь, НДЕГ-аас ирдэг цалингийн мэдээлэл гэхэд 1.3-1.5 сая төгрөгийн цалин авдаг төчнөөн хүн байна гээд ирүүлчихдэг. Энэ мэдээллийг Боловсролын яамны мэдээлэлтэй холбох боломжтой. 1.3-1.5 сая төгрөгийн цалин авч яваа хүмүүсийн боловсрол нь ямар вэ, яг ямар мэргэжлийнхэн түлхүү байна гэдгээр нь гаргаад ирвэл илүү нарийн мэдээлэл болох гээд байгаа биз. Дээрээс нь үүнийг хүн ам, өрхийн мэдээллийн сантай холбочихвол ямар байр, орон сууцанд, хаана амьдардаг хүмүүс илүү цалинтай байна гэх мэтээр бүр нарийн мэдээллүүд гарч ирнэ. Дээрээс нь банкны мэдээлэлтэй холбочихвол энэ хүмүүсийн хадгаламж, зээлийн мэдээлэл тодорхой болно. Ингэж олон хэмжээстээр үзүүлэлтүүдийг харах боломж гараад ирвэл бодлогын шийдвэр гаргалт илүү, бодитой, оновчтой болно гэсэн үг.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Энэ хүрээнд ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлэв. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлэв.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн “Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн” байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа тодотгов.

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгааг хэлэв. Энэ дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа.

Мөн НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэж, НҮБ Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв.

Тэрбээр “Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой” гэж тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцож байгаа юм.

Энэ үеэрээ НҮБ-тай хамтарч ажиллах чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр, бүс нутгийн хэмжээнд туршлагаасаа хуваалцах, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогод суурилж гаргасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн түүхтэй. Бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2543 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.


Сүүлийн 24 цагт 2543 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1342 нь Улаанбаатарт, 1201 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 13 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1059 боллоо.

Сүүлийн 24 цагт 4883 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21397 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас

  • Хөнгөн: 12329
  • Хүндэвтэр: 6729
  • Хүнд: 1959
  • Нэн хүнд: 380 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗХЖШ: Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан

Тодруулбал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож, түүхэн гавьяаг байгуулсан ахмад дайчдад ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм.

Энэхүү хүндэтгэлийн ёслолыг цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр ахмад дайчдынхаа амьдарч буй орон сууцны орцны гадна болон гудамжинд нь зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж, сошиал орчинд өндөр үнэлгээ авсаар байна.

Ёслолын үеэр дайнд оролцсон нэгтгэл, ангийн Байлдааны тугийг ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дор хүндэтгэлтэйгээр залж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон үлээвэр найрал хөгжимчид урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн ахмад дайчин маань нэгтгэл, ангийнхаа Байлдааны тугт хүндэтгэл үзүүлсэн ба түүнд дурсгалын зүйл гардуулж, ёслолд оролцож буй цөөн тооны бүрэлдэхүүн хөгжимтэй жагсаалаар явсны дараа азай бууралдаа эрүүл энх, аз жаргалыг бэлгэдэн ерөөв.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, өнөө цагийн амар тайван амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан эрхэм Таны байгуулсан гавьяа, хатан зориг, туулж өнгөрүүлсэн амьдрал, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэн цаг ямагт санаж, бахархан дээдлэх болно.