Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорнод аймгийн зарим сумдад цагаан зээр олноороо үхэж байна

Дорнод аймгийн зарим суманд цагаан зээр олноороо үхэж байгаа тухай нутгийн иргэд ярьж байна.

Тодруулбал, Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн, Чулуунхороот, Дашбалбар сумын нутагт зээрийн сэг зэм олноороо таарах болжээ. Энэ талаар аймгийн Мал эмнэлгийн газар “Зээр доголж байгаад үхэх байдал ихээр ажиглагдаж байгаа. Зээрийн сүрэгт шүлхий өвчин гарсан байх магадлалтай гэж үзсэн учир шинжилгээ авч дээжийг төв лабораторид илгээсэн” гэв. Гурванзагал суманд 270 зээрийн сэг зэмийг устгах ажлыг хийж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эх түүхээрээ аялахуй” өглөөний музей нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын уриалга, бодлогын хүрээнд “Эртэч, эерэг, эрүүл Монголын төлөө хамтдаа” уриан дор нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, өглөөний гудамж төслийг дэмжин Монголын Үндэсний музей нь соёл урлагийн байгууллагуудаа уриалан түүчээлж энэ удаагийн өглөөний музей үйл ажиллагаагаа “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд хийж, жил бүр цувралаар зохион байгуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлүүлж байна.

Өнөөдрийн үйл ажиллагааг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат хөтлөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Насанбат “Эртний сайхан” уртын дуугаар ая дууны мэндийн хадаг өргөж Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нээлтийн үг хэлж, Соёлын дэд сайд М.Батбаяр баяр хүргэн амжилт хүслээ.

Арга хэмжээний нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ, “Шинэ өглөөг бидэнтэй хамт угтахаар хүрэлцэн ирсэн Улаанбаатарчууд Та бүхэнд намрын дунд сарын шинийн 16-ны энэ тунгалаг өглөөний мэндийг хүргэе!

Соёлын яамнаас музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, шинэлэг агуулгаар баяжуулахад онцгой анхаарч, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ялангуяа цар тахлын энэ амаргүй цаг үеийг даван туулахад хүмүүст урам зориг өгөх, сэтгэл санааг нь өргөх, шинэ мэдлэг түгээхэд чиглэсэн арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар зорьж байгаа юм.

Манай соёл, урлагийн байгууллагын зүгээс салбарын яамны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Хэд хоногийн өмнө Чойжин ламын сүм музейгээс “Шөнийн музей” арга хэмжээгээ цар тахлын нөхцөлд тохируулан зохион байгууллаа. Өнөөдөр Монголын Үндэсний музейгээс “Өглөөний музей” сэдвийн хүрээнд энэ арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэ бол сайхан санаачилга, сайхан түүчээ…, Та бүхэн санаж байгаа, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотод “Өглөөний Улаанбаатар” арга хэмжээг саяхнаас зохион байгуулж эхэлсэн, өнөөдрийн энэ арга хэмжээ нийслэлийн бодлого, үйл ажиллагаатай ч агуулга, хэлбэрээрээ нийцэлтэй арга хэмжээ болж байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. “Өглөөний музей” арга хэмжээ бол хүмүүсийн амьдралын хэв маягт шинэлэг өнгө төрх, дурсамжийг бий болгон, эх түүх, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэгч, хүн бүхний хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадна гэж итгэж байна. Энэ арга хэмжээг санаачилж, хэрэгжүүлж байгаа Монголын Үндэсний музейн бүтээлч хамт олон болон энэ арга хэмжээг зохион байгуулахад нь музейг дэмжиж тусалсан бүх оролцогчдод ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Уг үйл ажиллагааны үеэр Гамма фото агентлагтай хамтран зохион байгуулж байгаа Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээж хүрэлцэн ирсэн зочдод бягтруулаар тоглуулсан уртын дууны аянд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Гамма агентлагийн захирал С.Цацралт өөрийн биеэр тайлбар, танилцуулгыг хийлээ.

Өглөөний музейн анхны өдөр Монголын Үндэсний музей, Америкийн Нэгдсэн Улсын Смитсоны хүрээлэнгийн хамтарсан археологийн малтлагаар илэрсэн олдвороор бэсрэг үзэсгэлэнг толилуулах, Монголын уламжлалт Халх, Буриад, Дөрвөд, Баяд болон язгууртны хувцас, гоёл чимэглэлийн тайлбар, танилцуулгыг хүргэх, үндэсний хувцасны загвар үзүүлж “Алтай ятга” хөгжмийн зэмсгийг танилцуулж хэрхэн хөгжимдөхийг зааж хөгжим, бүжгийн тоглолт хийх зэрэг хөтөлбөрийн дагуу явагдаж төгсгөлд нь “Алаг мэлхий”, “Үйчүүр” хэмээх ардын тоглоомоор тоглуулах зэрэг боловсрол, танин мэдэхүйн ажил, Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвөөс эрхлэн гаргасан ном, каталоги, эрдэм шинжилгээний цуврал бичиг, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүнийг сурталчлав.

Ирсэн зочид Ардын уламжлалт тойрон бүжгээр бүжиж өндөрлөсөн энэ удаагийн “Өглөөний музей” нь цаашид Мягмар, Пүрэв гарагуудад өглөө 7.00 цагаас тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал хэлсэн юм.

Categories
амьдралын-өнгө их-уншсан мэдээ туслах-ангилал

Увс, Ховд, Баян-Өлгийд гурав хоног цахилгаан хязгаарлана

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг 2021 оны есдүгээр сарын 20-22-ны өдөр 06:00-20:00 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Тодруулбал, ОХУ-ын улс хоорондын 110 кВ-ын С-458 “Улаангом-Чадан” цахилгаан дамжулах агаарын шугамын урсгал засварыг хийж байгаа аж.

Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас тодруулахад “Улаангом-Чадан” цахилгаан дамжуулах агаарын шугамыг засвар эхэлж, Орос талаас графикт агаарын шугамын урсгал засвар хийж байна. Энэ шугамыг хүчитгэх засварын ажлууд өнөөдөр 06:00 цагаас эхэлсэн. Гурав хоног үргэлжилнэ. Иргэдэд урьдчилж мэдээлэл хүргэсэн бөгөөд өмнө нь төлөвлөсөн байсан ажил учир хүндрэл үүсээгүй. Засварын ажил графикийн дагуу үргэлжилж байна.

Гэхдээ Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.

Засварын ажлын талаар хэрэглэгчдэд зар түгээж мэдээлсэн. Мөн бүх хүн мэдээлэлтэй байгаа эсэх талаар утсаар тодруулж буй. Засварын ажил товлогдсон хугацаанд дуусна гэлээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Crew Dragon” сансрын хөлөг амжилттай газарджээ

Сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн Америкийн томоохон хувийн компани болох “SpaceX ” компани сансрын анхны жуулчдаа задгай сансарт илгээгээд байгаа. Тэгвэл сансрын анхны жуулчдыг тээвэрлэсэн “Crew Dragon” сансрын хөлөг амжилттай газардсан байна.

Ийнхүү сансрын нисэгчид бус харин энгийн иргэдийг задгай сансарт аялуулсан анхны аялал амжилттай болсныг тус компанийн талаас мэдээллээ. “Crew Dragon” сансрын хөлөг Флорид мужийн эргийн бүсэд Атлантын далайд газардсан байна. Тэдгээр аялагчид задгай сансарт дэлхийгээс 590 км-ийн өндөрт гарсан юм. Харин дэлхийн тойрог замд орших олон улсын сансрын станц дэлхийгээс 420 км-ийн өндөрт оршдог юм. Тэд сансарт 3 өдөр аялах хугацаандаа шинжлэх ухааны судалгааны ажлыг явуулсан аж.

Сансрын хөлгийн багийн бүрэлдэхүүнд Мемфисийн хүүхдийн эмнэлгийн залуухан эмч Хейли Арсено, Геологийн профессор Сайен Проктор, Локхийд Мартин корпорацын сансар судлалын ажилтан Кристофер Семброски болон Америкийн тэрбумтан Жаред Айзекмэн нар багтжээ.

Тэрбумтан Жаред Айзекмэн нь 4 хүний сансрын аяллын зардлыг дангаараа даасан гэж мэдээлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сургуулийн автобусны жолооч, хүүхэд зохицуулагчдад сургалт зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтыг тусгасан. Уг зорилтын хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй аж ахуйн нэгжүүдэд хүүхдийг аюулгүй тээвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах талаар мэдлэг, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Түүний нэг нь цахим сургалт юм. Сургалт нь хүүхдийн эрхийг дээдлэх, хүүхэд хамгаалал, аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеэ аюулгүй орчинд амьдруулах, зөв дадал зуршлыг бий болгох ач холбогдолтой юм.

Өнөөдрийн сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 11 аж ахуй нэгж, байгууллагын 37 жолооч, сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавьж буй мөн тооны хүүхэд зохицуулагч нар хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлжид 168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэг барина

Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн 6 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болж байна.

Өнөөдөр тус ажлыг гүйцэтгэгч болох “Инерци” ХХК-ийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, ажлыг эрчимтэй эхлүүлэх чиглэлээр санал солилцлоо.

168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга 6 дугаар хорооны Шилжрээгийн хэсэгт баригдаж, 2022 оны 08 дугаар сард ашиглалтад орох юм гэж Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ цаг-үе

​Төв аймгийн хэмжээнд ургац хураалт 30 гаруй хувьтай байна

Төв аймгийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар үр тариа 3022.5 га-аас 5640.7тн, улаанбуудай 2069 га-аас 4013.9 тн, төмс 4802 га-аас 39769.1 тн, тэжээл 905 га-аас 3995 тн, хүнсний ногоо 433.2 га-аас 5857.8 тн хураасан байна.

Аймгийн тариаланчид энэ онд үр тариа 77.5 мянган га, улаанбуудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалалт хийсэн бөгөөд ургац хураалт 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа талаар Төв аймгийн Хүнс,хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 20-25 см давж, үерлэжээ

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

Тухайлбал, Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 20-25 см давсан байдалтай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр 78 жолооч согтуугаар жолоо барьж, 140 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1512, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 133, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 78, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 160, хүний биед халдсан 65, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 100, эрүүлжүүлэх байранд хоносон 140, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд Аи-92 шатахуун 16, дизель түлш 30 хоногийн нөөцтэй байна

2021 оны энэ сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин 16, дизелийн түлш 30, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.

Шатахууны импортын талаар:

2021 оны есдүгээр сарын 13-наас 2021 оны есдүгээр сарын 19-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2,468 тн, Аи-92 автоензин 4,186 тн, дизелийн түлш 19,061 тн, ТС-1 377 тонн, шингэрүүлсэн шатдаг хий 1 тн, бусад бүтээгдэхүүн 3,964 тн, нийт 30,057 тн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 61 тн, Аи-92 автобензин 61 тонн, дизелийн түлш 240 тн, нийт 362 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 446 тн, дизелийн түлш 327 тн, нийт 772 тн, Цагааннуур боомтоор А-80 автобензин 56 тн, Аи-92 автобензин 589 тн, дизелийн түлш 524 тн, нийт 1,170 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1,637 тн, бусад бүтээгдэхүүн 304 тн, нийт 1,941 тн, Монгол Улсад нийт 34,302 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.

Шатахууны хил үнэ болон жижиглэн борлуулалтын үнийн талаар:

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ аажим өссөнтэй уялдан шатахууны импортын хил үнэ 2021 оны 1 дүгээр сард хамгийн оргил үе буюу 445-595 ам.доллар/тн байсан бол 2021 оны есдүгээр сард шатахууны хил үнэ 669-819 ам.доллар болж 37-50 хувь хүртэл өсөөд байна. Үүнийг дагаад шатахууны жижиглэн борлуулалтын үнэ дээр тодорхой хэмжээний өсөлт явагдсан.

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин -2028 төгрөг, Аи-92 автобензин – 2053 төгрөг, Аи-95 автобензин 2628 төгрөг, дизелийн түлш – 2515 төгрөг тус тус байна.

Шатахууны нөөц, үлдэгдлийн талаар:

Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

Дэлхийн газрын тосны үнийн талаар:

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 537.60-552.39 доллар буюу баррель нь 70.46-75.67 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 74.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 70.72 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.21 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

“Comezrbank” олон улсын арилжааны банкны шинжээчид ОПЕК газрын тосны олборлолтыг нэмэгдүүлсэн ч дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт нь эрэлтийг гүйцэхгүй байгааг “The Wall Street Journal” сэтгүүлд мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч газрыг тосны үнийг буулгахын тулд олборлолтоо нэмэгдүүлэхийг ОПЕК-т уриалсан байна. Мөн тус улсын шинжээчид 2021 оны сүүлээр 1 баррелль газрын тос 75 ам.долларт хүрэх хэдий ч 2022 онд 70 ам.доллар орчим болох төлөвтэй гэсэн таамаглал гаргасан байна. Харин “Goldman Sachs”-аас 2021 онд брент төрлийн газрын тосны үнэ 80 ам.долларт хүрэх болохыг сануулсаар байгаа юм.


Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар